Энэ удаагийн ярилцлагад Монгол хүн бүрийн үйлчлүүлж дадсан Имарт-ийн дэлгүүр хөгжүүлэлт эрхэлсэн дэд захирал М.Доржлхагва оролцлоо. Тэрээр 2006 онд ажлын гараагаа нягтлан бодогчоор эхэлж цаашлаад санхүү, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт гээд олон өөр салбарт арвин туршлага хуримтлуулжээ. Анх 2015 онд Имарт-ийн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өдийг хүртэл буюу зургаа дахь салбараа нээх хүртэл төслийн удирдагчаар ажилласан юм. Санхүүжилт, гэрээ хэлэлцээр, газар шороо, барилга барихаас дэлгүүр нээх хүртэл бүхий л хэсгийг зангидан ажилладаг түүний ажлын арга барилтай уг нийтлэлээс танилцаарай. 

Байршил: Имарт Чингис салбар, 7-р давхар, Имарт төв оффис
Эрхэлдэг ажил: Дэлгүүр хөгжүүлэлт эрхэлсэн дэд захирал
Хэрэглэдэг гар утас: Samsung Z Fold 7
Хэрэглэдэг компьютер: Surface Pro 10
Сошиал хуудсууд: Dorjlkhagva Munkhbaatar (Facebook)

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Одоо харахад карьер маань санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, барилга гээд олон салбарын огтлолцол дээр бүтжээ.

2006 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийг бизнесийн удирдлага, нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд, төгсөх курстээ “Алтай кашмир” ХХК-д дадлага хийж байсан юм. Тухайн үе бол санхүү, үйлдвэрлэлийн тооцооллоо Excel-ээр хийдэг байснаа тусгай програм руу оруулдаг болж эхэлсэн үе. Би яг тэр үед нь очиж таарсан тулдаа их зүйл сурсан юм шиг санагддаг. Учир нь дадлагаараа түүхий эдээс эхлээд туслах материал, цалин, дуусаагүй үйлдвэрлэл гэх мэт бүхий л шатны өртгийг тооцож, нэг бүрчлэн програмд оруулдаг байсан юм. Ингэхээр үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд өртөг хэрхэн шингэж байгааг сайн ойлгож авдаг юм билээ. Ингээд сургуулиа төгссөн хавар хэд хэдэн газраас надад ажлын санал ирж, тэр дундаас Алтай кашмирийн брокер, дилер, андеррайтерийн “Батс инвест” орж ажилласан нь миний урт хугацааны карьерын замналд маш чухал нөлөө үзүүлжээ.


Тэнд би уул уурхай, банк санхүү, харилцаа холбоо, хөнгөн үйлдвэр гэх зэрэг маш олон салбарын M&A, IPO, Бонд гаргах төслүүдэд оролцох завшаан олдсон. Туршлагажих тусам салбар бүрийн онцлог, бизнесийн концепц гээд бизнесийг системийн хүрээнд том зургаар нь ч харж чаддаг болов. Ингээд дөнгөж 30 гаруй насанд маань Алтай кашмирийн гүйцэтгэх захирлаар ажиллах санал ирж 2015 он хүртэл тус албыг хашсан. 350 гаруй ажилтантай байгууллага удирдана гэдэг тухайн үед басгүй сорилт болж байсан шүү.
Харин 2015 онд Имартын төсөл эхэлж би санхүүжилт дээр нь орж ажиллаж байв. Улмаар 2018-2019 онд Хан-Уулын Имартыг барих төсөл эхэлж энэ үед 38000 м2 талбайг бид 16 сарын хугацаанд ашиглалтад оруулж байсан. Миний хувьд төслийн удирдагчаар ажилласан ч дандаа бичиг цаастай ноцолдох ажил хийдэг байсан болохоор гэнэт барилгын салбар луу орох үед анхандаа сурах зүйлс их байсан л даа. Харин хийх тусам энэ салбарын онцлог, хийх ажил нь таалагдаж эхэлсэн юм. 2023 онд 10-р хорооллын Имарт салбарыг ашиглалтад оруулж, цаашлаад Драгон дээр нэг салбар, мөн өнгөрсөн 12 сард бас хуучин Тэнгэр Плаза байсан дээр Имартын шинэ салбарыг нээсэн.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Миний өдөр эхнэрийн “Хань аа, сэрээрэй” гэж дуудахаас эхэлдэг. Өглөөний цайгаа уугаад эхнэр, хүүхдүүдээ ажил сургуульд нь хүргэж өгдөг. Сүүлийн 23 жил өглөө бүр ийм “хүргэлтийн ажил”-ыг хийж байна.

Ажил дээрээ ирээд хамгийн түрүүнд багийнхантайгаа чөлөөтэй ярилцдаг. Ажил дээрээ ирээд эхний нэг цагийг тухайн өдрийн яаралтай ажлуудаа шийдэхэд зарцуулна. Дараа нь ихэвчлэн гаднын болон дотоодын уулзалтууд, тайлан гүйцэтгэл хянах ажлуудаа хийнэ. Харин оройдоо илүү ганцаараа төвлөрч, төлөвлөгөө гаргах, тооцоолол хийх ажлуудаа амжуулдаг. Өдөрт ихэвчлэн 12 цаг ажилладаг.


3. Таны ажлын нөү-хау?

Би асуудлыг хойшлуулах дургүй, асуудалтайгаа шууд нүүр тулчихвал хойшдоо гарах өөр олон асуудлуудыг намжаахын сацуу цаг хугацааг ч хэмнэдэг. Түүнчлэн ажил болгон эзэнтэй байх хэрэгтэй гэж боддог. Өөөрөөр хэлбэл тухайн ажлыг хэн, хэзээ дуусгах нь тодорхой байх хэрэгтэй. Ингэж байж ажил хурдтай, хариуцлагатай, зөв голдирлоороо явдаг болов уу. Дээрээс нь баг хоорондоо маш сайн ойлголцдог байх ёстой. Ойлголтын зөрүүтэй эсвэл хэн нэгэнд нь асуудал гарчихсаныг мэдэхгүй явсаар байвал хэцүү шүү дээ. Магадгүй улам даамжирч том асуудал болохыг үгүйсгэхгүй. Тиймээс аль болох ажилтнуудтайгаа найз нь юм шиг харилцдаг.

​​4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?


Өдөр тутмын ихэнх ажил Microsoft 365 дээр өнгөрдөг. Нотебүүк, компьютер дээрээ PowerPoint, Excel, Word дээр түлхүү ажиллаж, Teams, Outlook, OneNote, ToDo. Calendar-ыг гар утсаараа илүү их хэрэглэнэ. Зураг төсөл, төлөвлөлтийн ажлуудаа Autodesk-ийн Autocad, Revit-ийг өөрийнхөө хэмжээнд ашигладаг.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?


Дэлгүүр хөгжүүлэлт, барилгын салбар оргүй хоосноос бүтээн байгуулалт бий болгодог учраас маш нарийн төлөвлөгөө шаарддаг. Тиймээс ажлуудаа аль болох олон талаас нь харж, хоорондын уялдаа холбоог нь ойлгож, бодит нөхцөлд нийцүүлэн төлөвлөх гэж хичээдэг. Нөгөөтээгүүр тооцоолоогүй, гэнэтийн өөрчлөлт, сорилтууд олон гарч ирнэ. Тэр нь цаг ч их авна, тийм учраас аливаа зүйлд маш хурдан дасан зохицож тухай бүрд нь шийдэж чаддаг байх ёстой юм билээ.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Төслийн менежментийн хувьд гэвэл critical-path буюу хамгийн чухал, хойшлуулж болохгүй ажлуудаа төлөвлөсөн хугацаанд нь амжуулахыг зорьдог. Ингэж системтэй төлөвлөх нь олон ажлыг зэрэг хийхэд их тусалдаг.

Хувьдаа ажлаа төлөвлөхдөө Айзенхаурын матрицын аргыг ашигладаг. Ажлуудаа эрэмбэлж, ангилдаг арга л даа. Миний хувьд чухал мөртөө яаралтай биш ажлууддаа төвлөрөхийг хичээдэг.


7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

1996 оны үед буюу дунд ангидаа хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байсан юм. Тэнд төгөлдөр хуур тоглож сурсан нь одоо ч мартагдаагүй. Хааяа нэг гэртээ төгөлдөр хууран дээрээ шинэ ая сурах гэж оролддог юм. Мөн амралтын өдөр аль болох гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөнө. Би чинь ажлын өдөр өглөөнөөс авхуулаад орой 22:00-23:00 хүртэл ажилладаг. Харин сүүлийн үед 22:00 цагаас өмнө ажлуудаа дуусгаад гарна гэсэн зорилттой ажиллаад байгаа.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Чөлөөт цаг гарвал Монголын түүх эсвэл бизнес менежмент, аялалтай холбоотой подкаст, ярилцлага сонсох дуртай.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
 


Барилгын төсөл хийх нь маш урамтай ажил. Саяхан л цаасан дээр байсан ажил нэг мэдэхэд нүдэн дээр сүндэрлээд босчихсон байдаг болохоор ажлынхаа үр дүнг шууд бодитоор харах боломжтой. Жишээ нь Хан-Уулын төсөл дээр бид саяхан л газар дээрээ очоод гортиг татаад зогсож байсан. Тэгэхэд одоо очиход бүхэл бүтэн үйлчилгээний төв болсныг харах сайхан байдаг.

Бэрхшээлтэй тал нь бүх оролцогч талуудыг нэг ойлголттой болгох явдал. Нэг чигт харуулахаас гадна хэзээ, хэн, юуг хийсэн байх ёстой, эргүүлээд бид ямар үр дүн хүлээх ёстой гээд бүх зүйл маш тодорхой байх ёстой. Нэг төсөл дээр барилга, дотоод засал, дэлгүүр гээд тал талаас хүмүүс орж ирж ажилладаг учраас анхнаас нь аль болох бүгдийг нь нэг ойлголтын дор нэгтгэхийг зорьдог.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Одоогоор Имарт-ийн шинэ концепцыг боловсруулах, боломжит байршлууд сонгох, төлөвлөх ажилд төвлөрч байна. Тодруулбал худалдааны салбартаа шинэ бенчмарк тогтоох, ирээдүйд илүү үр ашигтай, хэрэглэгчдэд ойр байх форматыг тодорхойлох зорилготой ажиллаж байгаа гэсэн үг.

Мөн нийслэлд хэрэгжихээр төлөвлөгдөж буй томоохон хэмжээний хоёр төслийн судалгааны ажлууд бас зэрэг явж байгаа. Нөгөө талаар борлуулалтын сувгууд нэмэгдэж, хэрэглэгчдэд хүрэх боломж өргөжихийн хэрээр барааны нөөц, логистикийн зохион байгуулалт бүр илүү чухал болж байгаа. Тэгэхээр үүнтэй уялдуулаад агуулахын хүчин чадал тодорхойлох, төлөвлөлт хийх, тоног төхөөрөмж сонгох зэрэг ажлыг мөн эхлүүлээд явж байна.

11. өрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?


Өөр өөр салбарт орж ажиллаад ирэхээр маш олон мэдэхгүй, чадахгүй зүйлс гарч ирдэг. Гэхдээ тийм үед бол нэг их онолдоод л арга барил өөрчлөөд байх завдал олдохгүй. Тухай бүрд нь л суралцаж тэндээсээ хөгжинө. Жишээ нь, дэлгүүрийн төсөл дээр ажиллахад гал тогоо, хоол үйлдвэрлэл тал дээр эрүүл ахуйн ямар дүрэм, стандарт байдгийг судална гэхчлэн ажлаа хийж байх явцдаа л сурна.

Харин сүүлийн үед хиймэл оюуныг ажлын бүтээмж, шийдвэр гаргалтад хэрхэн илүү үр дүнтэй ашиглаж болох талаар сонирхож байгаа. Энэ талаар ойрын үед илүү системтэйгээр судалж эхлэх төлөвлөгөөтэй байна.

12. Санал болгох ном, хөгжим, кино? 

1992-1996 онд ХБК-д суралцсан нь урлагийн мэдрэмж, уян хатан сэтгэлгээ суулгаж өгсөн гэж боддог. Хөгжмийн хувьд нэг жанрын уран бүтээл санал болгохоос илүүтэй Монголын уламжлалт хөгжмөө сонсохыг санал болгоё. Ялангуяа морин хуур, цуур, лимбэний аялгуу, уртын дуу зэргийг сонсож, сонирхож, дараагийн үедээ уламжлуулах нь бидний хийх ёстой зүйлсийн нэг болов уу. Харин киноны хувьд “Inception”, “Interstellar” зэрэг шинжлэх ухааны сэдэвтэй кино мөн “A Beautiful Mind”, “The Pursuit of Happyness” “Peaky Blinders” зэрэг бүтээлүүдийг санал болгоё.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
 


“Хийж буй зүйл чинь зөв бол үр дүн нь тэр дороо биш ч, хэзээ нэг цагт заавал гардаг” гэж яг хэн хэлснийг нь сандаггүй ч толгой дотор их бодогддог. Заримдаа хүнд хийж байгаа ажил, гаргаж байгаа шийдвэрийнхээ үр дүнг шууд харж чадахгүй үе байдаг. Тэр үедээ өөртөө эргэлзэх, шантрах нь ч бий. Гэхдээ зөв гэж итгэсэн зүйлээ тууштай хийж чадвал цаг хугацаа өнгөрөх тусам тэр нь аажмаар ямар нэг үр дүнд хүрдэг.

14. Бусдад шидэх санаа?

Өөрийгөө хөгжүүлж, боломжоо ахиулахыг хүсэж байгаа ямар ч хүн comfort zone-оосоо эхлээд гарах хэрэгтэй юм билээ. Шинэ сорилт шаардсан, өмнө нь хийж байгаагүй ажлыг зоригтойгоор барьж хийх тусам хүн өөрийгөө илүү их нээж эхэлдэг юм шиг санагддаг. Сорилттой эсвэл тодорхойгүй байдал дунд орж ажиллахаар хүний ур чадвар ч тэр чинээгээрээ тэлнэ.