Өнөөдрийн ярилцлагын зочин бол Physical Asia шоуны Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулж, гэрээ хэлцэл, зураг авалт гээд бүхий л үе шатыг хариуцан ажилласан Spark маркетингийн агентлагын үүсгэн байгуулагч Э. Дөлгөөн. 

Тэрээр Сагсан бөмбөгийн үндэсний Дээд Лигт тасралтгүй 16 жил тоглож, 3 удаа аваргын цом өргөж байсан шилдэг тамирчин бөгөөд өнгөрсөн жил зодог тайлжээ. 2013 оноос хойш бүтээлч салбарт тасралтгүй ажиллаж, 2019 оноос эхлэн спорт, маркетингийг уялдуулсан цогц шийдэл хөгжүүлэх зорилгоор Spark агентлагаа байгуулсан юм. Ингээд түүний ажлын нэг өдөр, ажиллах арга барилтай танилцъя. 

Байршил: Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Avenue Residence 3 давхарт 304 тоот
Эрхэлдэг ажил: “Spark Agency”-гийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Promax
Хэрэглэдэг компьютер: MacBook Air
Сошиал хуудсууд: Dulguun E /LinkedIn/


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Арван жилээ гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18-р дунд сургуулийг төгссөн. Багаасаа аливааг туршиж үзэх дуртай, нисгэгч болох мөрөөдөлтэй хүүхэд байсан тул сургуулиа төгсөөд ОХУ-ын нисгэгчийн сургуульд хуваарилагдаж байлаа. Гэсэн ч сагсан бөмбөгийн спортод илүү дурлаж, спортоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ маркетингийн салбарыг сонгон суралцахаар шийдсэн юм. Ингээд 2008 онд МУИС-ийн эдийн засгийн сургуульд маркетингийн ангид элссэн. Их сургуульд элссэн жилдээ сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт тоглож эхэлсэн бөгөөд нийт 16 жилийн турш мэргэжлийн тамирчнаар тоглож, өнгөрсөн жил зодог тайллаа. Багийн спортоос гадна 2014 оноос хойш ганцаарчилсан төрлийн спорт болох туялзуур сэлмээр давхар хичээллэн тив, дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон юм.

Их сургуулийн 2, 3-р курстээ маркетингийн олимпиадад түрүүлж маш их урам зориг авч байлаа. Аливаа тогтсон хэв маягт баригдах дургүй, сониуч зан минь маркетингийн салбар луу хөтлөсөн болов уу гэж боддог.



Төгссөнөөсөө хойш жилийн дараа ангийн найзуудтайгаа нийлэн Viral маркетингийн агентлагаа үүсгэн байгуулсан. Тухайн үед маркетингийн агентлагууд цөөн, ихэвчлэн менежмент, судалгааны чиглэлийн байгууллагууд маркетингийн үйлчилгээ үзүүлдэг байсан ба томоохон групп компаниуд, брэндүүдийн хувьд ч маркетингийн агентлагтай ажиллах соёл, ойлголт харьцангуй сул байсан.

Харин 2019 оноос үйл ажиллагаагаа илүү төрөлжүүлж, спорт ба маркетингийг уялдуулсан цогц шийдэл хөгжүүлэх зорилгоор Spark агентлагийг үүсгэн байгуулсан. Өдгөө Spark агентлаг 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, хэрэгжүүлж буй төслүүдийн маань ойролцоогоор тал хувийг олон улсын байгууллагуудын төсөл эзэлж байна.

Үүнээс гадна би нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, сайн дурын JCI, LEAD Alumni Association зэрэг ОУ-ын болон сайн дурын байгууллагуудад ажиллаж салбар бүрийн төлөөлөл болсон манлайлагч залуустай нэгдсэн. Одоогоор үндсэн ажлын хажуугаар Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.


2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?


Төлөвлөх, төлөвлөхдөө дэвтэр дээр гараар бичиж тэмдэглэх дуртай. Тиймээс өглөө бүрийн 7:00-8:30 цагийн хооронд өөртэйгөө ажиллаж, өдрийн ерөнхий төлөвлөгөөгөө гаргадаг. Уулзалтуудаа аль болох үдээс өмнө төвлөрүүлж төлөвлөхийг хичээдэг бөгөөд үдээс хойш төслийн баг, ажлын хамт олон, төслийн менежерүүдтэй хийх хурлуудаа хийдэг.

Компанийн хувьд цаашдаа менежментээ бэхжүүлж, гүйцэтгэх захирлаас хамаарах хамаарлыг аажмаар бууруулах зорилготой. Оодоогийн байдлаар энэ хамаарал харьцангуй өндөр байгаа учир төсөл бүр дээр өөрөө шууд оролцож, гүйцэтгэх ажлуудад ч цаг гаргах шаардлага гардаг.

Өдрийн дундуур дасгал хөдөлгөөнд заавал нэгээс хоёр цагийг зориулдаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ ХАУ?

Паззл эвлүүлэхдээ эхлээд хүрээг нь бүрдүүлдэгтэй адил төлөвлөгөөгөө цаг хугацааны хувьд дэс дараалалтай гаргаж чадвал бусад зүйлс аяндаа илүү ойлгомжтой, асуудал багатай болдог гэж боддог.

Хэрвээ манай хамт олноос “Дөлгөөний хамгийн их хэлдэг үг юу вэ?” гэж асуувал ихэнх нь “хандлага” гэж хариулах байх. Спорт ч бай, бизнес ч бай хүмүүсийн хооронд хамгийн хурдан дамждаг зүйл бол хандлага. Тиймээс залуустаа үүнийг байнга захидаг. Мөн бүхнийг ганцаараа хийх гэж зүтгэхээс илүү, зарим зүйлд итгэж сурах, чаддаг хүнд нь чаддаг ажлыг нь даатгах нь багийн ажлыг илүү үр дүнтэй болгодог гэж үздэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Сүүлийн найман жилийн турш тогтмол тэмдэглэл хөтөлж байгаа. Цаашдаа хүүхдүүд маань уншихад сонирхолтой дурсамж, мөр үлдэх юм болов уу гэж боддог. Нөгөө талаар зорилго, төлөвлөгөөгөө бичиж үлдээхээр эргээд харахад ихэнх нь биелчихсэн байдаг нь бичих дадлыг улам хэвшүүлсэн байх.

Ажлын онцлогоосоо шалтгаалаад шинэ, соргог мэдээлэлтэй байнга ойр байх хэрэгцээ үүсдэг. Рекламын хорхойтон гэж хэлж болно. Тиймээс контент судалгаа талаасаа Apple TV болон Netflix, Youtube тогтмол үздэг. Харилцаа холбоо тал дээр WhatsApp, Viber тогтмол ашиглана. Ажлын гүйцэтгэлүүд, төслийн явцуудаа Slack, Trello ашиглан хянаж байна.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Спортоос надад суусан хамгийн чухал дадлуудын нэг бол цаг барих. Жишээ нь 10:00 цагт уулзалттай бол толгойдоо 09:30 гэж төлөвлөж гарна. Өгөгдсөн хугацаанд, өгөгдсөн ажлыг аль болох бүтээмжтэй гүйцэтгэх гэж боддог. Гэхдээ ажил дээр байгаа хүн бүр ижил хэмжээнд бүтээмжтэй байдаг уу гэвэл мэдээж үгүй. Тийм ч учраас манай агентлаг уян хатан ажлын хуваариар ажилладаг. Үр дүнг чухалчилдаг соёл бид нарт илүү тохирдог юм шиг санагддаг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Би хийх ажлаа жил, улирал, сар, долоо хоногоор нь задалж төлөвлөдөг. Аль болох нарийн төлөвлөхийг хичээдэг нь том зургаас эхлээд өдөр тутмын жижиг гүйцэтгэл хүртэл уялдуулж харах боломж олгодогтой холбоотой байх. Ингэж төлөвлөхөөр аль шатанд хэр их хугацаа, анхаарал хэрэгтэй вэ гэдгийг тодорхой харж чадна.

Аль болох хий эргэлгүй, шийдэж чадахаас нь эрэмблэн гараасаа гаргаад явах нь ажлын бөөгнөрөл үүсэхээс сэргийлдэг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?


Амралтын өдрүүдээр аль болох гэр бүлдээ цаг гаргахыг эрмэлздэг. Үүний зэрэгцээ сонирхлоороо спортын сэтгүүлч, сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тайлбарлагчаар ажилладаг тул амралтын өдрүүд маань нэлээд идэвхтэй өнгөрнө. Сагсан бөмбөгийн спортод 20 жилийн турш тууштай хичээллэсэн хүний хувьд тамирчны өнцгөөс ч, спортын менежмент, маркетингийн талаас ч энэ салбарыг нэлээд сайн ойлгодог, зовлон жаргалыг нь гадарладаг гэж өөрийгөө хардаг. Тиймээс Premier Sports ТВ-д сүүлийн нэг улирал сагсан бөмбөгийн дээд лигийн тайлбарлагч, мөн Hoops Notes нэвтрүүлгийн хөтлөгчөөр давхар ажиллаж байна.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Миний хобби, ажил мэргэжил гээд бараг бүх зүйл спорттой салшгүй холбоотой. Сагсан бөмбөгийн спортоос би хувь хүнийхээ хувьд асар ихийг сурч, олж авсан болохоор буцаад салбартаа өөрийнхөө хэмжээнд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэл надад бий. Энэ утгаараа Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Мэдээж тамирчин бүр спортын сэтгэл зүйчтэй ажиллах боломж бодит байдал дээр хязгаарлагдмал. Гэхдээ үүнийг системтэй байдлаар, шат дараатай шийдэх бүрэн боломжтой гэж хардаг. Тухайлбал дасгалжуулагчдад чиглэсэн сургалтууд зохион байгуулах, шигшээ багууд болон спортын хороод дээр сэтгэл зүйчдийг томилж ажиллуулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Спортын салбар өөрөө шинжлэх ухааны өрсөлдөөн болоод байна шүү дээ.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?


Бүтээлч салбарт ажиллахын давуу тал маш олон. Ялангуяа агентлагийн орчин бол хүнийг маш хурдан өсгөж, дэвшүүлдэг газар гэж боддог. Манайх шиг агентлагуудын хувьд групп компаниудад очоод ахлах түвшний менежерийн үүрэг гүйцэтгэх чадвартай хүмүүсийг “бэлтгэж өгдөг” газар болчихсон ч гэж хэлж болно. Энэ нь бид нэг дор олон салбарын төсөл, хөтөлбөрүүд, контент дээр ажилладагтай шууд холбоотой болов уу.

Нөгөө талаас 2019 оноос хойш маркетингийн агентлагууд борооны дараах мөөг шиг олширсон. Гэхдээ үүний нэг сул тал нь “бүхнийг чадна” гэсэн хоосон амлалт өгөх, эсвэл тэгэх гэж зүтгэсээр “түүхий” бүтээлүүд их гарах болжээ. Миний хувьд бол бүхнийг чадагч агентлаг гэж байхгүй, өөр өөрийнхөө хамгийн сайн чаддаг бүтээгдэхүүн үйлчилгээгээр дагнавал илүү амжилттай явна гэж хардаг.


Ялангуяа аливаа төслийг дэлхийн түвшинд гаргах, олон улсад таниулах зорилготой бол агентлагууд жижиг зах зээл дээрээ хоорондоо өрсөлдөхөөс илүү хамтарч ажиллах нь үр дүнтэй. Үүнийг дотоодын компаниуд ч хийж чадаж байгаа. Тухайлбал өнгөрсөн жилийн сүүлээр GS25 болон CU-гийн хамтарсан нийгмийн кампанит ажлыг манай агентлаг хамтран хэрэгжүүлсэн. Хэдий зах зээл дээр өрсөлдөгч байгууллагууд боловч үнэт зүйл, зорилго нь нийцэж байвал хамтрах боломжтой гэдгийг харуулж чадсан.

Нэг компани нь стратеги талдаа сайн, эсвэл 3D-дээ сайн байж болно, нөгөө нь motion graphic, branding талдаа давуу байж болно. Эдгээр давуу талуудыг нэгтгээд хамтарч ажиллавал илүү чанартай бүтээл гарна шүү дээ. Тэгэхээр бүтээлч салбарт хамтын ажиллагаа гэдэг өрсөлдөөнөөсөө илүү үнэ цэнтэй зүйл гэж хардаг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Өмнө нь дурдсанаар манай хэрэгжүүлж буй төслүүдийн ойролцоогоор тал хувь нь олон улсын байгууллагууд, үлдсэн тал нь дотоодын групп компанийн төслүүд байдаг. Дэргэдээ өөрсдийн продакшин багтай тул төлөвлөлтөөс гүйцэтгэл хүртэлх бүхий л ажлыг хийдгээрээ давуу талтай. Төрөлжиж буй нэг үйлчилгээ маань Спортын маркетинг бөгөөөд бид сагсан бөмбөгийн дээд лиг, волейболын дээд лиг, мөн Монгол Улсад зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээн, уралдаанууд, талент менежмент тал дээр төвлөрч байна.

Үүний зэрэгцээ Netflix-ийн Physical Asia шоу нэвтрүүлэгтэй холбогдсоноос хойш олон улсын түвшний контентын төслүүд дээр илүү идэвхтэй ажиллаж эхэлсэн. Нэгэнт Солонгосын Netflix рүү ийм жим гарсан юм чинь үүнийг цаашид улам өргөжүүлж зам болгох, зөвхөн спортын контентоор хязгаарлахгүйгээр кино урлаг, тэр дундаа баримтат кинонуудыг Netflix дээр гаргах зорилго тавьж байна. Одоогоор амжилттай үргэлжилж буй гэрээ, хэлцлүүд байгаа бөгөөд цаг нь болохоор албан ёсоор зарлана.


Spark агентлагийн хувьд энэ жил спортын маркетингийн чиглэлээр Монголын зах зээлд нэлээд суурь, системтэй ажлууд хийх төлөвлөгөөтэй байгаа. Сүүлийн үед бидний хамгийн тодорхой ойлгосон нэг асуудал бол Монголын өв соёлыг гадаад зах зээлд таниулах ажил маш дутмаг байгаа явдал юм. Physical Asia-тай холбоотой сошиал мониторинг дээр ажиллах явцад Монголын тухай хайлт хийхэд 90 орчим хувь нь Өвөр Монголын контент гарч ирж байгааг анзаарсан. “Монгол бөх” гэж хайхад л Өвөр Монголын бөхийн контент гарч ирдэг байх жишээтэй. Тиймээс энэ чиглэлд бодитой, системтэй ажлууд хийх шаардлагатай гэж үзэж байна.

Мөн бид “Дайчид мориндоо” албан ёсны мерчийг худалдаанд гаргахаар оюуны өмчийн бүх зөвшөөрлүүдээ авч, бэлтгэл ажлуудаа хангаад явж байна. Мөн Physical Asia-д оролцсон найман орны оролцогчийг ирэх зун Монголд авчирч бэсрэг наадам зохион байгуулахаар төлөвлөсөн. Монгол Улс дэлхийн анхаарлын төвд орж ирээд байгаа энэ цаг үеийг ашиглан гадагшаа чиглэсэн, Монголын онцлог, үнэ цэнийг харуулсан контентуудыг идэвхтэй бүтээх зорилготой байна.

Нөгөө талаас спортын шинжлэх ухааны чиглэлээр сүүлийн дөрвөн жил тасралтгүй ажиллаж байгаа хүний хувьд спортын сэтгэл зүй, спортын хоол зүй, спортын хөдөлгөөн засал, гэмтэл бэртэл зэрэг салбар шинжлэх ухаануулыг нэгтгэсэн цогц төлөвлөгөө боловсруулсан. Энэхүү төлөвлөгөөгөө Лос Анжелесийн Олимп хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх зорилготой байна. Учир нь сүүлийн Олимпын тайлангуудаас харахад спортын өрсөлдөөн зөвхөн биеийн хүч, хурдны тэмцээн биш, харин шинжлэх ухаан, тактик, сэтгэл зүйн өрсөлдөөн болж өөрчлөгдсөн байгаа юм. Монгол Улс өөрчлөлтөөс хоцорч болохгүй.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Дотоод, гадаадын шинэ зар сурталчилгаануудыг аль болох цаг алдалгүй үзэж, таалагдсан санаануудаа тэмдэглэж авдаг. Тухайлбал Ads of the World, Cannes Lions, The Drum дээрх ажлуудыг тогтмол хардаг.

Харилцагч байгууллагууд брэндийн үнэ цэнээ нэмэгдүүлэх, борлуулалтаа өсгөх, эсвэл тодорхой контент бүтээх зорилгоор хандаж ирдэг. Харин тэр хийсвэр санааг бодит, хэрэгжихүйц шийдэл болгох нь маркетер хүний гол үүрэг. Тиймээс байнга шинэ санаа эрж хайж явдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Дууны хувьд мэдээж янз бүр. Spotify mix-ээ харвал хамгийн их сонссон дуунууд маань Kendrick Lamar, SZA - All The Stars, Travis Scott - Butterfly Effect мөн хүүхдүүдээ дагаж сонссоор байгаад Stray Kids сонсдог болчихож.

Түүнчлэн төслийн шаардлагаар гэх юм уу монгол дуу ялангуяа HU хамтлагийн дуунууд мөн тууль хайлах, хөөмий зэргийг нэлээн сонсож байна. Бидний одоо ажиллаж байгаа төсөлтэй холбоотойгоор туульсыг их нарийн судлаад байгаа. Жишээ нь сая л гэхэд туульсад нэг ч үг давтагддаггүй, бараг шашин, соёлын шинж чанартай зүйлс олон байдгийг ойлгож байгаа юм.

Киноны тухайд бол Netflix-ийн цуврал контентууд үзэх дуртай. Уйддаггүй кино гэвэл Money Ball байна. Харин номны тухайд ихэвчлэн ажилтайгаа холбоотой юмнууд уншдаг. Саймон Синекийн “Leaders Eat Last” ном нь ялангуяа стартап удирдаж байгаа байгууллагын соёлыг бий болгож залуу манлайлагчдад хэрэгтэй болов уу. Мөн Дэвид М. Келли болон Том Келли нарын “Creative Confidence” гээд ном байна. Бүтээлч байдал бол цэвэр авьяас биш тогтмол хичээл зүтгэл байдгийг сонирхолтой тайлбарласан байдаг. Авинаш Дикситийн “The Art of Strategy” гээд бас нэг гоё ном бий. Шийдвэр гаргалт, хэлэлцээр түншлэл талын ойлголт өгдөг.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Аав, ээж, багш нар маань “Өөрийгөө таньж мэдээрэй” гэж их захидаг байсан. Юунд дуртай, юунд дургүй, одоо хаана байгаа, хааш зорьж байгаа, юунаас айдаг, юуг мөрөөддөг гээд энэ бүхнийг өөрөөсөө асууж бас хариулж чаддаг байх хэрэгтэй. Тийм ч учраас багаасаа өөрийгөө таних дээр л хамаг энерги, хөдөлмөрөө зарцуулсан. Тэр маань ч гэсэн үр дүнгээ өгсөн.

Нэг менторын маань хэлсэн гоё үг бас санаанд их ойрхон байдаг. “Хүн тууштай бөгөөд зорилготой хөдөлмөрлөж чадвал бидний хүрэх газар хүсэл мөрөөдлөөр л хязгаарлагдана”. Энэ үг миний тэмдэглэлийн дэвтэр болгоны толгой хэсэгт байдаг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Энэ салбарт хөл тавих гэж буй залууст хандаж хэлэхэд, хамгийн түрүүнд ёс зүй, ёс суртахуун хоёр л чамайг үнэ цэнтэй мэргэжилтэн болгож чадна гэдгийг ойлгоорой. Учир нь итгэл, нэр хүндийг нэг л алдвал буцааж бүтээхэд тун хэцүү. Ур чадвар бол цаг хугацааны явцад тогтоно.

Аливаа ажилд сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандаж, судалгаанд суурилсан стратеги, төлөвлөгөө боловсруулах нь чухал. Контент, сэтгэл зүй, бизнесийн уулзах тэр цэгийг анзаарч, бүхий л асуудлуудад шинжлэх ухаанчаар хандаж, түүнд тохирсон шийдлийг хийж чаддаг байх нь энэ салбарт урт хугацаанд тогтвортой ажиллах гол суурь болно.