“Би хэрхэн ажилладаг вэ” булангийн ярилцлагаараа бид салбар салбарын төлөөллийг урьж, тэдний ажиллах арга барил, цагийн менежмент, амьдралын зарчмаас уншигчиддаа хуваалцдаг билээ. Энэ удаад технологийн ертөнцөд хуримтлуулсан мэдлэг туршлагаа бусдад түгээхээр өөрийн зөвлөх компанийг байгуулсан хатагтай Н.Энхсайхан оролцож байна. Түүний карьерын замнал, ажиллах арга барилтай нь танилцсаныг ийнхүү хүлээн авна уу. 

Байршил: Централ Парк Тауэр, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: EM Consulting ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Ашигладаг гар утас: iPhone 16 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Thinkpad Carbon X1
Cошиал хаяг: Enkhsaikhan Narangerel

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Багадаа би их сониуч хүүхэд байсан, тоглоом, дугуйгаа задалж үздэг, түүнийгээ буцааж эвлүүлчихдэг тийм ч учраас энэ сонирхолдоо хөтлөгдөн технологийн салбарыг сонгосон болов уу.

2007 онд Хөвсгөл аймгийн 1-р сургуулийг төгсөхдөө тухайн үед мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжиж, тус салбарын мэргэжилтний эрэлт их байгаатай холбоотойгоор Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд программ хангамжийн ангид орсон. Их сургуулийнхаа жилүүдэд илтгэх урлагийн уралдаан, эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцож, өөрийгөө олон талаас нь хөгжүүлдэг байв.

Карьерын замналаа эхэлсэн газар маань Петровис компани. 2010 онд 3-р курсийн оюутан байхдаа Петровис компанийн цалинтай дадлагажигчийн хөтөлбөрт хамрагдаж, мэдээлэл технологийн албанд нь харьяалагдан ажиллаж байсан юм. Цаашлаад мобайл систем нэвтрүүлэлтийн ажилд хуваарилагдсан нь карьерыг маань тодорхойлсон юм болов уу гэж одоо боддог шүү.


Үүний дараа үндсэн мэргэжлээрээ буюу Dynamics ERP-ийн системийн нэвтрүүлэлтийн төсөлд техник талын ажлыг хариуцан ажилласан. 2013 онд “Big Four” компаниудын нэг Deloitte компанид ажилд орсон юм. Deloitte компани нь татвар, зөвлөх үйлчилгээ, аудит гэх үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ба миний бие зөвлөх үйлчилгээний багт ажиллаж байлаа.

Харин өнгөрсөн хугацаанд олж авсан туршлага, мэдлэг дээрээ үндэслэн 2018 онд Deloitte компанид ажлын хамтрагч байсан Мөнхтүшигийн хамт өөрийн компаниа байгуулсан нь одоо EM Consulting-ийн маань суурь болжээ. Манай компани Microsoft-ийн түнш компани ба Microsoft-ийн бүтээгдэхүүнүүд буюу бизнес аппуудын ERP (Enterprise Resource Planning), CRM (Customer Relationship Management), HRMS (Human Resource Management System) гэх мэт системийг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Түүнчлэн, бид саяхан Microsoft-ийн Solutions Partner for Business Applications-аар бизнес апп чиглэлийн чухал итгэмжлэлийг авсан. Энэ нь биднийг Монголд зөвлөх үйлчилгээний чиглэлээр итгэмжлэгдсэн анхны компани гэдгийг маань илтгэж буй. Үүгээрээ Microsoft-ийн бүхий л давуу боломжийг хүртэж, харилцагчдадаа илүү инновац бүхий бүтээгдэхүүнийг санал болгох боломж бүрдэж байгааг онцлох нь зүйтэй.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Бидний өдөр тутмын ажил дээр дурдагдсан системүүдийг байгууллагуудад нэвтрүүлж өгөх төслүүдэд голчлон хуваагддаг. Ажил дээрээ ирээд хамгийн эхэнд одоогийн хэрэгжиж буй төслүүдийн явц, тулгарч буй бэрхшээл гэх мэт бүх мэдээлэлтэй танилцдаг.

Үдээс хойш төслийн болон борлуулалтын хурлуудад оролцож, харилцагчидтайгаа уулзалт хийдэг. Ийнхүү хэрэглэгчдэд үзүүлдэг зөвлөх үйлчилгээний үе шат руу орж ажиллана. Дэлгэрүүлбэл, бид хэрэглэгчидтэйгээ үндсэн таван үе шатын дагуу хамтран ажилладаг. Хамгийн түрүүнд анализ буюу шинжилгээний үе шатаар тухайн харилцагчийн хэрэгцээ шаардлага системтэй нийцэж буй эсэх, ямар нэг зөрүү гарч байгаа эсэхийг шинжилнэ. Дараа нь илрүүлсэн зөрүүтэй байдлыг дизайны үе шатаар дамжуулан шийдэх тал талын шийдэл боловсруулдаг. Тухайн шийдлийн дизайн дээр хөгжүүлэлт хийх нь гуравдугаар үе шат. Дизайн дээр тодорхойлогдсон ажлуудад хөгжүүлэлт хийнэ гэсэн үг.

3. Таны ажлын нөү хау?


Ямар ч үед системтэй бодож сэтгэхийг чухалчилдаг. Учир нь бидний нэвтрүүлж буй системүүд хоорондоо асар нарийн логик холбогдолтой ажилладаг. Иймд аливаа асуудлыг тэр даруй шийдэх гэж яарахаас илүүтэй хэрхэн урт хугацааны, үр дүнтэй шийдэл боловсруулахад илүүтэй анхаарал хандуулдаг. Түүнчлэн, зөв асуулт асуух маш чухал. Ялангуяа зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаагийн хувьд харилцагчдаасаа оновчтой асуулт асууж байж системийг боловсруулахад хэрэгтэй мэдээллээ олж авна.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Манай компани өөрөө Microsoft-ийн экосистемийн идэвхтэй хэрэглэгч. Тэр дундаа Microsoft Teams платформыг дотоод үйл ажиллагаанд болон харилцагч байгууллагуудтай хамтран ажиллахдаа ашигладаг. Төлөвлөгөө гаргах, уулзалт архивлах, үүрэг даалгавар оноох гэх мэт ажилд тус болдог хэрэг. Хамгийн чухал ажил, тэмдэглэлийг OneNote аппад оруулдаг. Би хувийн төлөвлөгөөгөө ч тус апп дээр хийдэг. Тайланг мэдээж Power Bi ашиглан хардаг.

Манай ажилтнууд бизнес аналист, программ хөгжүүлэгч хэмээх хоёр чиглэлд хуваагддаг. Иймд шинэхэн технологиудыг ашиглан уг хоёр чиглэлийг хооронд нь холбож, харилцагч талдаа ч үр дүнтэй төсөл удирдах аргачлалыг хэвшүүлэхээр зорьж байна. Технологи асар хурдтай хөгжиж буй учир бид аль болох хойш суулгүй тэдгээрийг туршиж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэж оролддог.

Харин хамгийн их ашигладаг сошиал медиа гэвэл LinkedIn-ийг дурдах байна. Мөн хувийн зорилгоор хамгийн их ашигладаг апп нь гүйлтээ хэмжих зорилгоор Strava апп байна.


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Цаг хэмнэх, ажлын механик ачааллыг бууруулахад Microsoft Copilot хиймэл оюуны программыг онцлож байна. ChatGPT-тэй жишиж болох ч Microsoft-ийн экосистемтэй илүү уялдаатай ажилладаг гэдгээрээ давуу талтай. И-мэйлд хариу өгөх, лавшруулан сануулах, Excel дээрх өгөгдлийг тайлан хэлбэрт хөрвүүлэх, хэрэглэгчтэй холбоотой шийдэл боловсруулах, хөгжүүлэлтийн багийнхан маань зарим нэг кодоо бичүүлэх гэх мэт үйлдэлд тус программыг ашигладаг. Өөрийн гэсэн туслахтай болчихсон мэт дэмтэй байдаг шүү.

Ер нь хүмүүсийг илүү үр бүтээлтэй ажиллуулах арга бол механик ажлыг халах явдал гэж хардаг. Тухайн ажилтан цаг их авах механик ажлыг гүйцэтгэхийн оронд бүтээлч санаа, шинэлэг шийдлийг боловсруулахад төвлөрч, гэр бүл, өөртөө өнгөрөөх цаг нь нэмэгдэж байж илүү үр бүтээмжтэй ажилладаг гэдэгт итгэдэг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Ач холбогдол багатай ажилд хамаг анхаарлаа төвлөрүүлэх нь эрч хүчийг тарамдуулдаг учир хийх ажлын чухлын эрэмбэд ач холбогдол өгдөг. Тэр дундаа надаас хамаарч үр дүн нь тодорхойлогдох ажлуудад илүүтэй төвлөрнө. Зарим нэг ажил үүргийг багийнхандаа даалган шилжүүлдэг. Мөн цагийн блок үүсгэж, ажлаа төлөвлөхийг хичээнэ.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Би сүүлийн нэг жил усанд сэлэлтээр хичээллэж байгаа. Бага байхын усанд дуртай хүүхэд байсан ч нөхцөл нь бүрдэхгүй явсаар сүүлийн жил л яг эрчимтэй, тогтмол бассейнд явж эхэлсэн. Усанд сэлэлт удаан хугацаагаар сууж ажилладгаас үүдсэн нурууны асуудалд ээлтэй спорт юм билээ.

Үүнээс гадна гэр бүлдээ чанартай цаг зориулахыг хичээдэг. Хүүхдүүдтэйгээ тухайн өдөр цэцэрлэг, сургуульд нь болсон үйл явдлын тухай асууж ярилцах, хамтдаа тоглох, хичээлд нь туслах гэх мэтээр цагийг хамтдаа өнгөрүүлнэ. Бас гэр бүлээрээ ууланд алхаж, агаар салхинд гарах дуртай.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Сүүлд онлайнаар dj-ийн сургалтад сууж эхэлсэн, цаашид энэ чиглэлээр яг ганцаарчилсан сургалтад хамрагдах хүсэлтэй байгаа. Хөгжим хэрхэн хүний зүрхний хэмнэл, оюун тархинд нөлөөлж, стрессийг бууруулж буйгаараа бясалгалтай төстэй санагдсан.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?


Хамгийн сэтгэл ханамжтай тал нь харилцагчийн асуудлыг шийдэж, үр дүнг нь харах юм болов уу. Бид харилцагчийнхаа ажлын ихэнх цаг, эрч хүчийг нь авдаг асуудлыг шийдэж өгдөг учраас ажилчид нь илүү чухал асуудалдаа анхаарал хандуулах цагтай болж буй нь эерэг мэдрэмж төрүүлдэг.

Хүндрэлтэй тал гэвэл харилцагчдад тухайн системүүдийн талаар ойлголтыг бодитой тавьж өгч байж мэдэх юм. Төсөл эхлэхийн өмнө ямар асуудлыг, хэр өргөн цар хүрээнд, ямар аргаар шийдэх гэж буйг хэрэглэгчдэдээ ойлгуулахад бэрхшээл тулгарах нь бий. Салбар бүр өөрийн онцлог, процесстой тул тэдгээрийг тус бүрчлэн ойлгохын зэрэгцээ асар хурдацтай хөгжиж буй технологийн салбартай мөр зэрэгцэн алхах нь сорилт ихтэй. Үүн дээр нэмээд харилцагчид хэт өндөр хүлээлт тавьдаг нь эргээд хүлээлтэд хүрэхгүй байх ойлголтын зөрүү үүсдэг нь бэрхшээлтэй. Иймд бид тухайн байгууллагад ямар нэг систем нэвтрүүлэхдээ өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэглэж үзсэн системээ санал болгох зарчмаар ажиллаж байна.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Сүүлийн жилүүдэд EM Consulting-ийн маань гол зорилт бол дотооддоо хуримтлуулсан мэдлэг, туршлага дээрээ суурилан бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ эрчимжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц шийдлүүдийг бий болгох явдал байсан. Энэ зорилгын хүрээнд бид Microsoft-ийн Solutions Partner болж, бизнес аппликэйшн чиглэлээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо энэ итгэмжлэл дээрээ үндэслэн Microsoft AppSource-д бүтээгдэхүүнээ байршуулах, мөн

Сингапур дахь салбарын үйл ажиллагааг тэлэх зэрэг ажилд түлхүү төвлөрч байна.
Эдгээр зорилтыг илүү хурдтай, тогтвортой хэрэгжүүлэх стратегийн чухал алхам бол MCS Technologies компаниас авсан хөрөнгө оруулалт байсан. Уг хөрөнгө оруулалт нь зөвхөн санхүүгийн дэмжлэг биш, харин ч манай бизнесийн дараагийн шатанд хүрэх түлхүүр болж өгсөн гэж хэлж болно.

Группын зүгээс бидэнд стратегийн чиглэлд зөвлөгөө өгөх, хамтын ажиллагааны боломжуудыг тэлэхэд итгэлцэл, туршлага, хурдасгуур болж буй. Мөн технологийн дэд бүтэц, хүний нөөц, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт хийх бололцоог нэмэгдүүлсэн. Энэ нь бидний хувьд зөвхөн Монголын биш, Ази, Номхон далайн бүс нутагт бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хүртээмжийг тэлэх боломжийг нээж өгч байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Хөгжиж, суралцахад хязгаар үгүй гэдэг дээ. Тэр дундаа технологийн салбарт бүрэн мэргэшиж, мэдлэг ханана гэж байхгүй. Иймдээ ч бид шинээр ажилд авах хүнээ сонгохдоо суралцах хүсэл эрмэлзлийг нь чухалчилдаг. Миний хувьд сул цагаараа салбарынхаа цаг үеийн мэдээг уншиж судалж, шинэ санаа эрж хайдаг. Үүний хажуугаар төслийн удирдлагын ур чадвараа дээшлүүлэхэд анхаарч байна.

12. Санал болгох ном, хөгжим, кино?


Киноны хувьд “Life is Beautiful” киног санал болгоно. Үзэх бүрд эерэг хандлагын хүчийг надад дахин сануулдаг юм шиг санагддаг. Ажил, карьерт ч гэсэн ур чадвараас илүү хандлага чухалд тооцогддог шүү дээ. Миний хувьд шинэ ажилтан авахдаа юу мэддэг, ямар ур чадвартай гэдгээс өмнө ажлаа хэрхэн гүйцэтгэж, багийнхантайгаа хамтран ажиллаж, суралцахад нээлттэй хандаж байгааг нь анхаардаг. Зөв хандлагыг өөртөө төлөвшүүлж чадсан хүн ур чадварыг бол дадлагажих хугацаандаа хангалттай эзэмшиж чадна.

Хэлсэнчлэн саяхнаас dj сетүүд сонирхож эхэлсэн. Тиймээс ажлаа хийж байхдаа dj сетүүд их сонсож байгаа, нэг хэмнэлтэй хөгжим сонсохоор анхаарал ч илүү төвлөрч байгаа юм шиг санагддаг шүү.

Ном гэвэл би эмэгтэй удирдагчид манлайлал, карьераа хөгжүүлэх боломжийн тухай Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” бүтээлээс их урам зориг авдаг юм.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Хуучин захирлынхаа өгсөн зөвлөгөөг онцолмоор санагдлаа. Deloitte-д ажиллах үедээ “Аливаа зүйлийг туршиж үзэхээс битгий ай. Хийсэн ажил чинь бүтсэн ч, бүтэлгүйтсэн ч үр дүнг нь харсан бол харамсах зүйлгүй.” гэх зөвлөгөөг авч байсан юм. Энэ зөвлөгөө намайг зоригтой алхам хийхэд их урам өгсөн.

14. Бусдад шидэх санаа?


Дижитал шилжилт гэдэг зөвхөн шинэ технологи нэвтрүүлэх тухай биш юм билээ. Сэтгэлгээний өөрчлөлт, одоогийн процессыг илүү сайжруулах үйлдлүүд, хандлага, мэрийлт. Тодорхой системийг нэвтрүүлэх явц нь зөвхөн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй компаниас бус, захиалагч байгууллагаас ч ихээхэн шалтгаална. Захиалагч талын сэтгэлзүй, нээлттэй хандлага маш чухал. Харин технологи бол зөв процессын дагуу хэрхэн ажиллахыг чиглүүлдэг хэрэгсэл. Хамгийн гол нь түүнийг амжилттай нэвтрүүлэхийн үндэс нь сэтгэлгээ гэдгийг онцолмоор байна.