11 жил тасралтгүй үргэлжилж буй ярилцлагын булангийн ээлжит зочноор бид Имарт дэлгүүрийн борлуулалт, үйлчилгээний дэд захирал Баасанжаргалыг оролцууллаа. Анхлан усны барилга байгууламжийн инженер мэргэжил эзэмшсэн ч удалгүй худалдааны салбарт хөл тавьсан тэрээр Имарт дэлгүүрийг санаа байхаас нь эхлэн өдийг хүртэл ажиллаж буй. 

Нийт 1000 орчим ажилтан удирдан ажилладаг түүний уг салбарт орсон түүх, ажиллах зарчимтай энэ нийтлэлээс танилцаарай. 

Байршил: Имарт Чингис салбар, 7-р давхар, Имарт төв оффис
Эрхэлдэг ажил: Борлуулалт, үйлчилгээний хэлтсийн захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Dell
Сошиал хуудсууд: Baaska Zorigo (Facebook)

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Ээжийн маань ах Монголдоо нэр хүндтэй усны инженер хүн байсан юм. Тиймээс энэ мэргэжилд намайг ах маань уруу татсан гэж хэлж болно. 1996 онд ШУТИС-ийн Барилгын инженерийн сургуульд элсэн орж усны барилга байгууламжийн инженерийн чиглэлээр ШУТИС-д бакалавр, магистрын зэргээ хамгаалсан.

Тухайн үед миний мэргэжлээр төгссөн бол Монголд ажиллах газар нь УСУГ (Ус сувгийн удирдах газар) байлаа. Очоод уулзтал дөнгөж төгссөн байсан учраас хамгийн доороос буюу машинистаас эхэлж ажиллах хэрэгтэй болсон. Тухайн үед би диплом удирдсан багш дээрээ очоод "Би ингээд хоёр диплом авчхаад ийм ажил хийж чадахгүй ээ" гэхэд багш маань ч бас ОХУ-д төгсөж ирээд машинист хийж байсан, ажлыг голж ерөөсөө болохгүй гэж зөвлөж байсан. Ингээд багшийнхаа үгэнд ороод ажиллая гэж бодож байсан ч тухайн үед сул орон тоо оны сүүлээр гарна гээд хүлээх хэрэгтэй болсон л доо.

Би 10 хүүхэдтэй айлын доороосоо гурав дахь хүүхэд. Дээрээ олон ах, эгч нартай. Тухайн үед эгч маань жаахан хүүхдүүдтэй байсан болохоор ажлаа хүлээх хугацаандаа эгчийнхээ хүүхдийг харж тусалж байлаа. Энэ үед манай хоёр эгч "Скай Их дэлгүүр гээд нэг цэгийн үйлчилгээтэй, урсдаг шаттай гоё дэлгүүр нээгдсэн байна лээ, тэнд ажиллах хүмүүс шалгаруулж авна гэж байна" гээд нэг цухас дурдахад нь зүгээр суухаар очиж ярилцлагад оръё гэж шийдсэн.


Тэгээд л 2003 онд очиж ярилцлагад оров оо. Тухайн үедээ 40-50 хүнээс тав зургааг нь л сонгож авч байсан санагдаж байна. Шалгарсан хүмүүсээ бас шууд ажилд авахгүй цааш нь 45 хоногийн сургалтад суулгаад үүнээсээ тэнцэж чадвал ажилд авч байсан юм. Солонгосын хувь эзэмшигчтэй учраас үйлчилгээний соёл, наад зах нь хүнтэй 45 градус бөхийж мэндлэх соёлыг хүртэл ягштал мөрдүүлдэг байв. Ингээд худалдааны зөвлөхөөр ажилд ороод хамгийн хүнд хэсэг гэж хэлж болох шингэн хүнсний тасагт хүйтэн хөргүүрт ундаа өрөх ажил дээр хуваарилагдаж байлаа. Ажлаа мэрийж хийж байсныг маань анзаарсан бололтой долоо хоногийн дараа Билэгт гээд хүний нөөцийн дарга намайг касс руу шилжүүлж, тэндээ гурван сар ажиллаад төв оффист хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан, улмаар менежер бүр цаашлаад ерөнхий хэлтсийн дарга болтлоо дэвшин ажилласан юм.

Үүний дараа 2015 онд манай компанийн Имарт төсөл эхлэхэд салбарын удирдлагын багт орсон. Анх Чингис салбарыг нээгдэхэд үйл ажиллагааны менежерээр, дараа нь хоёр дахь салбар буюу хороолол салбар дээр салбарын даргаар ажиллаж байгаад 2019 оноос хойш өнөөг хүртэл борлуулалт үйлчилгээ хариуцсан дэд захирлаар ажиллаж байна.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө 6:00 цагт босдог. Хүүхдийнхээ цайг бэлдэж, сургуульд нь хүргэж өгөөд ажил дээрээ 07:30 гэхэд орж ирнэ. Ажилдаа ирээд хамгийн түрүүнд бүх салбар дэлгүүрийнхээ өмнөх өдрийн борлуулалт, үйлчилгээний гүйцэтгэлийг шалгадаг.

Борлуулалт сул хэсгүүдэд ямар арга хэмжээ авах чиглэлийг багийнхандаа холбогдох мэдээллийн сувгуудаар мэдээлж ажилладаг. Дараа нь и-мэйлээ шалгаж, хариу илгээгээд, тухайн өдрийн төлөвлөсөн ажлын дараалал, уулзалтын цагаа шалгах, товлосон уулзалтууддаа оролцсоор ажлын цаг дуусдаг.

Ажил тарахаас өмнө хийгдсэн ажлуудаа нэг нягталчхаад, гэртээ очоод хүүхдийнхээ хичээлийг хийлгэх, маргаашийн бэлтгэлийг нь хангаад, хүүхдүүдээ ядраахгүйн тулд аль болох 21:00-22:00 цаг гэхэд унтуулахыг хичээдэг.

3. Таны ажлын нөү-хау? 

"Retail is detail" буюу худалдаа, үйлчилгээ жижиг деталь зүйлсээс бүрддэг гэдгийг үргэлж өөртөө ч тэр багийнхандаа ч тэр сануулахыг хичээдэг юм. Мөн худалдааны салбар үйлчлүүлэгчгүй бол оршин тогтнохгүй шүү дээ. Тиймээс үйлчлүүлэгч юу хүсэж байгаа, асуудал гарсан бол яаж шийдүүлэхийг хүсэх байсныг бодож ямар нэг асуудлыг эрт илрүүлж, хариу арга хэмжээ тэр дор нь авч ажиллахыг зорьдог.

Түүнчлэн 1000 орчим ажилтан удирдаж байгаагийн хувьд аливаа ажлыг тодорхой эзэнтэй, хугацаатай байлгах, багийн гишүүдийн мэдээллийн урсгал, уялдаа холбоог ойлгомжтой байлгах дүрмийг өөртөө баримталдаг.



4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ? 

Ажилдаа Microsoft 365, Outlook болон Teams-ийг түлхүү ашигладаг. Хувьдаа бол Instagram, Threads, Facebook ашиглаж байна. Мөн салбар дэлгүүрүүдээр өдөр тутам ажиллахдаа хэрэгтэй зүйлсээ бичиж тэмдэглэх жижиг тэмдэглэлийн дэвтэр байнга ашигладаг.


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Ажлуудаа чухал, яаралтай гэж эрэмбэлээд нэн яаралтайг нь эхэлж дуусгадаг. Миний хувьд салбар дэлгүүр, түгээлтийн төв, инженер техникийн ашиглалтын албыг хариуцаж ажилладаг учраас маш олон групп чатад байдаг. Тэр бүгдийг нэг бүрчлэн уншина гэдэг худлаа шүү дээ. Тиймээс өглөө, оройдоо, эсвэл өдрийн тодорхой цагт бүгдийг нь гүйлгэж хараад, шаардлагатай чиглэлийг нь өгч ажиллах нь цаг хэмнэдэг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Оны эхэнд ажлын жилийн төлөвлөгөөгөө гаргаад, түүнийгээ сар, долоо хоногоор нь задлан төлөвлөдөг. Гол ажлаа Teams-ийн календариар хөтлөөд явдаг. Хувийн амьдралын хувьд жижиг дэвтэр дээрээ он гаргаад 5-10 зорилт бичдэг. Түүнийгээ өөрийгөө хөгжүүлэх, гэр бүл, санхүү, аялал зэрэг хэсгүүдэд хувааж жагсаагаад биелэлтээ хянаад явна.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Амралтын өдрөөрөө аль болох хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, зуслан дээрээ гарч уул руу алхах дуртай. Боломжтой үедээ 1996 оны төгсөгчдийн групптэйгээ хамтарч волейбол, гар теннис тоглож спортоор хичээллэхийг хичээдэг. Мөн жилдээ нэг удаа аялалд явж нэг орчноо сольж сэргэдэг дээ.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ? 

1996 оны төгсөгчдийн байгуулсан нэгдэл, ТББ-ын зохион байгуулдаг үйл ажиллагаанд нь тогтмол оролцохыг хичээдэг.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд? 

Салбар дэлгүүрийн хэмжээнд бид үйлчлүүлэгч эхэнд зарчмыг баримтална. Чанартай шинэлэг бараа бүтээгдэхүүн, найрсаг үйлчилгээ, цэвэр цэмцгэр ая тухтай орчныг стандартын дагуу дэлгүүрийн бүх хэсэгт жигд байлгах шаардлагыг ханган ажилладгаараа их бахархдаг. Тийм ч учраас шинэ дэлгүүр нээх, баяр ёслолын ачаалалтай үеийг давах тэр үе хамгийн гол нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байгааг харах нь хамгийн их урам зориг өгдөг.

Нөгөө талаараа манай салбар хэрэглэгчтэй шууд харьцдаг онцлогтой учраас хэцүү хэрэглэгчтэй таарах үе бишгүй олон тохиолдоно. Тэглээ гээд "болохгүй, чадахгүй" гэж хэлэх эрхгүй, аль болох гомдол, санал сэтгэгдлийг аливаа ажлаа сайжруулах боломж гэж хардаг. Нэмээд хэлэхэд одоогийн нөхцөлд ажиллах залуу боловсон хүчин, хүний нөөцийн хомсдол их байгаа нь зөвхөн манай салбарт гэлтгүй бусад салбарт тохиолдож байгаа нийтлэг бэрхшээл болов уу.


10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Ирэх оны бизнес төлөвлөгөө болон шинэ төслийн ажлууд дээр илүү төвлөрөн ажиллаж байна. Мөн салбар дэлгүүр, нэгдсэн түгээлтийн төв, ашиглалтын албаны өдөр тутмын гол ажлуудыг хангах чиглэлд ажиллаж байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Ажиллах явцдаа суралцахыг чухалчилдаг. Шинэ нөхцөл байдал, шинэ асуудал бүрд суралцах боломж бий. Мөн эрүүл, зөв зохистой амьдралын хэв маягийг сонирхдог болсон тул машин барьж явахдаа эрүүл мэндийн чиглэлийн подкастууд их сонсдог.

12. Санал болгох ном, хөгжим, кино? 

Хоолны дэглэмтэй холбоотой “Carnivore” хэмээх номыг авч уншаад нэлээн таалагдсан тул уг номыг санал болгоё. Хөгжмийн хувьд оюутан байхдаа рок сонсдог байсан ч одоо тайвшрах зорилгоор Lionel Richie их сонсож байгаа бас трендээ дагаад Болдбаатарын дуунуудыг их сонсож байна. Хамгийн сүүлд телевизээр гарсан "Хубилай хаан" гээд Хятадын олон ангит түүхэн киног санал болгоё.


13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

Оюутан ахуй насанд диплом удирдагч багш маань хийж буй зүйлдээ тууштай байвал үр дүн заавал гардаг гэж захидаг байсныг үргэлж бодож явдаг.

14. Бусдад шидэх санаа?

Ямар ч салбарт ажилласан бай, аливаа ажлыг багаас нь эхэлж, тууштай хийж сураарай гэж хэлье. Мөн шинэ боломж, сорилтоос айхгүйгээр өөрийгөө сорьж сураарай.