Өнөөдрийн зочин маань уул уурхайгаас эхлээд технологи, даатгал, санхүү хүртэлх олон салбарт туршлага хуримтлуулсан нэгэн бөгөөд өдгөө Монголын жижиглэн худалдааны тэргүүлэгч сүлжээ дэлгүүр Имартын санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж буй.
Манай редакц Имартын 10 жилийн ойг угтан Монголын худалдааны салбарт шинэ жишиг нэвтрүүлж яваа тус хамт олны удирдлагуудыг цувралаар онцолж байгаа билээ. Уг ярилцлага нь тус цувралын 7 дахь дугаар нь болж буй.
Байршил: Имарт Чингис салбар, 7-р давхар, Имарт төв оффис
Эрхэлдэг ажил: Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 17 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Dell, Macbook Pro
Сошиал хуудсууд: Bayar Nermunkh (Facebook)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би 2009 онд Эхлэл математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгссөн юм. Дунд сургуульд байхдаа математикийн хичээлдээ сонирхолтой, олимпиадад ч их ордог хүүхэд байсан, дээр нь тооцоолол, логик сэтгэлгээ шаардсан зүйлд сонирхолтой байсан нь хожим санхүү, технологийн чиглэлээр ажиллахад нөлөөлсөн болов уу. Ахлах сургуулиа төгсөөд цаашид олон чиглэлд хөрвөх боломжтой гэж тооцоод МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр орж байв.
Карьерын гараа маань 2011 онд оюутан байхад маань эхэлсэн. Анх Оюу толгой компанид дадлагажигчаар орж, цаашлаад үндсэн ажилтан болж нийт найм гаруй жил ажилласан юм. Ажиллах хугацаандаа Рио Тинтогийн олон улсын стандарт, комплайнс, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн хяналт зэрэг чиглэлд ажилласан. Олон улсын төслүүд дээр ажиллахад байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, хариуцлагын тогтолцоо маш чухал. Үүнийг яг орчинд нь сурч олон улсын байгууллагын ажиллах арга барил, стандарт, шийдвэр гаргалтаас нь суралцсандаа олзуурхдаг.
Тийнхүү компанийн санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр илүү мэргэших зорилгоор МУИС-д санхүүгийн чиглэлээр дахин суралцахаар шийдсэн. Суралцах хугацаандаа "CFA Institute Research Challenge" тэмцээнд багаараа түрүүлж, Монгол улсаа төлөөлөн бүсийн шатанд өрсөлдсөн нь санхүүгийн шинжилгээ, үнэлгээ, хөрөнгө оруулалтын судалгааны чиглэлээр өөрийгөө сорьсон, мэргэжлийн маань хувьд маш чухал туршлага болсон л доо. Хөдөлмөрийн зах зээл санхүүгийн шинжилгээ, математик болон программчлалын мэдлэгийг хослуулах нь маш том давуу тал болдог. Тийм ч учраас би санхүүгийн мэдлэг, туршлага дээрээ нэмээд технологийн салбарын чадвараа тэлэхээр "Pinecone Academy"-ийн программчлалын хөтөлбөрийг мөн дүүргэсэн юм.

Энэ бүх сурч мэдсэн зүйлсийг маань “эрчилж, өнгөлж” өгсөн үе нь Английн Лондон хотод мэргэжлээрээ ажилласан гурван жил байлаа. Лондонд очоод даатгалын систем хөгжүүлэгч "CDL" компанид программ хангамжийн инженерээр ажиллаж, цаашлаад санхүүгийн зах зээлд тэргүүлэгч "Moody's" компанийн Лондон дахь оффист бүтээгдэхүүн хариуцсан туслах захирлаар ажиллаж байсан юм. Лондоны санхүүгийн салбар өрсөлдөөн ихтэй, тэр чинээгээрээ мэдлэг, туршлагаас гадна аналитик чадвар, “төгс” гүйцэтгэл шаарддаг. Англид байх хугацаандаа өөр өөр туршлага, үзэл бодолтой хүмүүстэй хамтран ажиллахаас авхуулаад аливаа шийдвэр, санал дүгнэлтийг заавал бодит өгөгдөл, судалгаанд үндэслэн гаргах соёлыг нь сурч авсан.
Өнгөц харахад уул уурхай, технологи, санхүүгээс эхлээд жижиглэн худалдаа гээд тэс өөр салбаруудад ажилласан юм шиг харагдаж байгаа байх. Гэхдээ энэ бүх салбарт дата мэдээлэлд түшиглэж шийдвэр гаргах, эрсдэлийг ухаалаг удирдах, хөрөнгө оруулалтын оновчтой бодлого гээд нэг л суурь зарчим яваад байгаа. Тийм ч учраас би санхүүгийн удирдлагыг төсөв хянаж, тайлан нэгтгэдэг бүртгэлийн хэлтэс байдлаар огт хардаггүй. Харин компанийн алсын харааг нь чиглүүлж, урт хугацааны үнэ цэнийг бүтээхэд оролцдог стратегийн маш чухал нэг хэсэг нь гэж итгэж ажилладаг.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өглөө хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа ирдэг. Ирээд хамгийн түрүүнд и-мэйл, мессежүүдээ шалгаж, систем дээрх гол үзүүлэлтүүдтэй танилцаад дараа нь тухайн өдрийн ажлуудаа эрэмбэлдэг.
Үдээс өмнөх цагийг аль болох төвлөрч ажиллахад зориулж, уулзалтуудаа үдээс хойш төлөвлөхийг хичээдэг. Ер нь өдрийн хамгийн бүтээмжтэй цагаа нухацтай бодож, шийдэх шаардлагатай ажлуудад үлдээх нь чухал санагддаг. Ажил тарсны дараа аль болох гэр бүлдээ цаг гаргаж, шаардлагатай яаралтай ажлуудаа утсаараа зохицуулдаг даа.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Миний хувьд хоёр зүйлийг чухалчилдаг. Нэгдүгээрт, аливаа процесс болон системийг маш энгийн, ойлгомжтой байлгах. Яг л гар утасны аппын UI/UX амархан байвал ашиглаж байгаа хүндээ ойлгомжтой байдаг шиг, компанийн шат дараалал тодорхой, автомат байх тусмаа ажил хурдан явдаг. Тиймээс ямар нэг процесс нүсэр байвал түүнийг яаж системчилж, программ ашиглаж автоматжуулах вэ гэдэгт анхаардаг.
Хоёрдугаарт, хамтран ажиллагсадтайгаа шууд харилцахыг хичээдэг. Олон шат дамжлагаар мэдээллээ солилцохоор цаг их алдаад байгаа юм шиг санагддаг. Тиймээс зүгээр өдөр тутмын яриа дундаа ажил дээр ямар асуудал байна, юу нь эрсдэлтэй байна гэдгийг мэдээд авчих нь бүр том асуудал болохоос нь өмнө шийдвэрлэхэд тусалдаг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Ажил дээр өдөр тутамдаа Office 365-ийн программуудыг ашиглаж байна. Харин бусад үед хамгийн их ашигладаг нь гар утасны Calendar болон Google Keep. Өглөө оройны түгжрэлд подкаст болон дуу сонсож стрессээ тайлах зорилгоор Spotify-ийг байнга ашиглаж байна. Мөн манайх Солонгосын Имарттай хамтарсан компани учраас Солонгос ажилтнуудтайгаа эх хэлээр нь ойлголцох зорилгоор Tomko хэл сурах аппыг сүүлийн үед нэлээн идэвхтэй ашиглаж байгаа.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Дээр дурдсанчлан харилцааны олон шат дамжлагыг багасгаж, хүмүүстэй шууд нээлттэй харилцах нь цаг хэмнэх маш сайн арга болдог. Мөн өмнөх ажлууд дээрээ өөрөө код бичиж зарим дата мэдээллийг нэгтгэх ажлыг автоматаар хийдэг болгож цаг хэмнэж байсан. Одоо бол хиймэл оюуны хэрэгслүүдийг компанийн системд хэрхэн аюулгүй нэвтрүүлж, ажлыг хөнгөвчилж болох талаар туршилтууд хийгээд явж байна.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Холын болон урт хугацааны том төлөвлөгөөнүүд ихэвчлэн толгой дотор явж байдаг. Мэдээж компанийн хувьд бол 1-5 жилийн стратеги төлөвлөгөөний бичиг баримтуудтайгаа уялдуулна. Харин ойрын хугацааны буюу өдөр тутмын бүх төлөвлөлтөө шууд Google Calendar дээр оруулчихдаг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Амралтын өдрүүдээ аль болох байгальд алхах, гүйх зэргээр өнгөрүүлэх дуртай. Мөн найз нөхөдтэйгөө сагсан бөмбөг, волейбол тоглох зэргээр дасгал хөдөлгөөн хийж эрч хүчээ нөхдөг, харин сүүлийн үед хананд авиралтын спортыг оролдож үзье гэсэн бодол төрөх болсон шүү.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Одоогоор шинэ ажилдаа ороод удаагүй байгаа тул яг төвлөрч хийж буй хувийн төсөл бол байхгүй. Сүүлийн үед хүүтэйгээ хамт математикийн олимпиадын бодлого бодох дуртай болоод байгаа. Нэг талаараа надад тархины дасгал болоод байгаа.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Эерэг тал нь Имарт маань Солонгосын франчайзыг Монголд нэвтрүүлсэн том компани учраас олон улсын стандартыг хэрэгжүүлэх шаардлагатай. Тиймээс тэр чинээгээрээ маш их дата мэдээлэлтэй тэрхүү датад суурилан хамгийн оновчтой шийдвэр гаргах боломжтой байдаг нь санхүүгийн хэлтэст маш их хэрэг болдог.
Харин сорилттой тал нь худалдааны салбар дахь гадаад нөлөөлөл. Уул уурхай, технологийн салбартай харьцуулахад улирлын нөлөөлөл, шатахууны үнэ, инфляц, эдийн засаг болон геополитикийн нөхцөл байдлын өөрчлөлт бизнесийн үйл ажиллагаанд илүү мэдрэгддэг. Хэрэглэгч төвтэй бизнес учраас энэ бүх өөрчлөлтөд хурдан дасан зохицож, өөрчлөлт хийх шаардлага гардаг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Ажлын хувьд бол яг одоо ирэх жилийнхээ төлөвлөлтийн ажил дээр хамгийн их анхаарч байна. Хувийн төлөвлөгөө гэвэл сая дурдсан Солонгос хэлнийхээ хичээлийг ямар ч байсан эхний түвшнээ дуусгаад “чихээ онгойлгох” хэмжээний хэлээ сайжруулах зорилготой байна. Мөн салбарынхаа хэмжээнд харилцаа холбоогоо тэлж, жижиглэн худалдаа болон санхүүгийн чиглэлийн арга хэмжээнүүдэд компаниа төлөөлөн идэвхтэй оролцох төлөвлөгөөтэй байгаа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Олон улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал, технологийн хөгжлийн талаар тогтмол ном, товхимол, нийтлэлүүд уншиж судалж, салбарын өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглахыг хичээдэг. Яг одоогийн байдлаар бол ажлын байран дээрээ суралцаад явж байна.
Худалдааны салбартаа 20 гаруй жил ажилласан маш туршлагатай, ур чадвартай хүмүүстэй хамт ажиллаж байгаагийн хувьд тухайн хүмүүсийн ажлын арга барилыг ажиглах, хэрхэн удирдаж шийдвэр гаргаж байгааг нь сонсож суралцахыг илүүд үздэг дээ.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Англид ажиллаж байхдаа үзсэн кинонуудаасаа санал болгоё. Санхүүгийн мэдлэг гэхээсээ илүү энэ салбарт ажилладаг хүмүүсийн амьдрал, харилцааг харуулсан бүтээлүүд их сонирхолтой санагддаг. Тухайлбал Industry гээд цуврал байна. Английн санхүүгийн салбарт дөнгөж орж ирж буй залуучуудын тухай маш сонирхолтой цуврал байгаа. Мөн Berkshire Hathaway компанийн дэд ерөнхийлөгч, алдарт хөрөнгө оруулагч Чарли Мунгерийн "Poor Charlie's Almanack" номыг санал болгоё.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Маш олон хүнээс олон хэрэгтэй зөвлөгөө сонсож байсан, бүгд л амьдралд маань тодорхой хэмжээнд эерэг нөлөө авчирсан. Тэр дундаас байнга санаж явдаг нь Оюу толгойд ажиллах байхад менежер маань “Ямар нэгэн асуудал олж харсан л бол зөвхөн өөрт ногдсон хэсгээ хийгээд орхих биш, шийдэгдтэл нь араас нь хөөцөлдөж сур” гэж хэлж байсан юм. Мэдээж тухайн үед надад аливааг бие даан шийдвэрлэх эрх мэдэл, боломж дутах үе гардаг байсан ч удирдлагуудын зүгээс байнга нээлттэй хүлээж авч, дэмждэг байсан л даа.
Одоо би өөрөө удирдах түвшинд ажиллахдаа энэ зарчмаа бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийг хичээж байгаа. Багийнхаа гаргасан санал санаачилга бүрийг урамшуулж, асуудлын гарцыг хайж, шийдэхийн төлөө зүтгэж яваа ажилтнууддаа яг л өмнө нь надад тусалдаг байсан удирдлагууд шиг бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, чиглүүлж ажиллахыг зорьдог.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Технологи хөгжих тусам мэдээлэл олж авах, зарим ажлыг гүйцэтгэх нь илүү хялбар болж байна. Тиймээс аливаа мэдээллийг ойлгож, зөв дүгнэлт хийх чадвар түүнээс ч илүү чухал болж байх шиг. Жишээ нь хиймэл оюун хэдхэн секундэд маш итгэлтэй сонсогдох хариулт өгч чадна. Гэхдээ тэр хариулт зөв эсэхийг үнэлэхэд хүний өөрийн мэдлэг, логик сэтгэлгээ хэрэгтэй хэвээрээ байгаа шүү дээ. Иймээс хүн өөрийн мэдлэг, тунгаан бодох процессоо хиймэл оюунд даатгаж болохгүй, харин ч эсрэгээрээ улам сайн хөгжүүлж, аливаа хариултыг давхар нягталж хэвших хэрэгтэй байх.
Сэтгэгдэл бичих

