Жижиглэн худалдаа, үйлчилгээний салбар үргэлж буцалж байдаг онцлогтой. Хэдэн мянгаараа тоологдох бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх энэ бүх ажлын ард олон улсын стандартыг мөрдүүлж, мянга мянган ажилтныг нэгэн зүгт чиглүүлэн удирддаг хүний нөөцийн алба, хамт олон бий.
Манай энэ удаагийн зочноор энэ чиглэлд, тэр дундаа "Скай хайпермаркет" буюу Имарт (Emart) дэлгүүрийн Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн дэд захирал Э.Халиун оролцож байна. Тэрээр мэдээллийн технологи, олон улсын эдийн засаг, нийтийн удирдлага зэрэг олон өөр чиглэлээр боловсрол эзэмшиж, төрийн болон хувийн хэвшлийн томоохон байгууллагуудад ажилласан арвин туршлагатай нэгэн юм.
Ингээд 1500 орчим ажилтнуудыг чиглүүлж буй түүний карьерын замналтай танилцъя.
Байршил: Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн дэд захирал
Хэрэглэдэг гар утас: Samsung S25
Хэрэглэдэг компьютер: Dell
Сошиал хуудсууд: Khaliun Enkhbold (LinkedIn)
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Аав маань намайг бага байхад “Инээмсэглэл” хамтлагт бөмбөрчин, сэтгүүлч, харин ээж маань орос, англи хэлний багш байлаа. Багаасаа дуу, хөгжимтэй ойр, нэлээн чөлөөтэй, нээлттэй өссөн болохоор тэр үү, их нүүрэмгий хүүхэд байсан.
Бүрэн дунд боловсролоо Орос, Монголын хамтарсан 3-р сургуульд суралцаж төгссөн. Тухайн үедээ нийгмийн ухаан, орос, англи хэлний хичээлдээ илүү сонирхолтой хүүхэд байлаа. Мэргэжлээ сонгох үед би уг нь СУИС-д орж жүжигчин, нэвтрүүлэгч болох, эсвэл дүрэмт хувцас өмссөн генерал болох мөрөөдөлтэй байсан ч эцэг эх маань зөвшөөрөөгүй.
Одоо бол залуучууд юу хүсэж байгаагаа ойлгодог, түүнийгээ ч зоригтой сонгож чаддаг болсон байна. Бидний үед бол эцсийн шийдвэрийг эцэг эх л гаргадаг байлаа. 2000-2001 оны үед мэдээллийн технологи ид мандаж байсан тул тэднийхээ зөвлөснөөр ШУТИС-д мэдээллийн технологийн чиглэлээр элсэж орсон юм. Харамсалтай нь дөрвөн жил суралцаж төгсөөд мэдээллийн технологийн салбарт нэг өдөр ч ажиллаагүй.
Гэхдээ хий хоосон дөрвөн жилийг өнгөрөөгөөгүй л дээ. Ээж аав маань итгээд сургуульд сургаж байгаа юм чинь яадаг ч байсан сайн сурна гэж бодоод төгссөний эцэст "инженер сэтгэлгээ" суусан юм шиг санагддаг. Аливаа асуудлыг логик дэс дараатай боддог, шийдлийг нь зөв олж харж, шийдвэр гаргаж чаддаг болсон нь одоо ч хэрэг болдог.

ШУТИС-ийг төгсөөд Москва хотын Дипломатын академид олон улсын эдийн засаг чиглэлээр магистрт суралцахаар элсэж, мэргэжлээ сольсон. Орост сурч байхад гаднын олон оюутнуудтай харилцаж тэр чинээгээрэ сэтгэлгээ ч тэлж, аливааг илүү томоор сэтгэж сурсан гэж боддог. Ингээд амжилттай сургуулиа төгсөж, Монголдоо буцаж ирээд төрийн албанд орохоор шийдэж, гадаад харилцаа сайтайг нь бодоод Газрын тосны газрыг сонгон тэндээ 10 орчим жил ажиллажээ.
Тухайн үед сурах хүслээ огт хаяагүй тул дахиад ажиллах хугацаандаа Австралийн Засгийн газрын тэтгэлгээр дахин хоёр жил нийтийн удирдлага, төрийн бодлогын чиглэлээр магистр хамгаалахаар явлаа. Австралиас ирээд нэг чухал карьерын шилжилт хийсэн нь төрийн албаа орхих явдал байв. Төрийн албанд ажиллаж байх хугацаанд ер нь энэ салбар карьер хөөх хүсэлтэй, амбицтай эмэгтэй хүнд төдийлөн ээлтэй биш санагдсан тул хувийн хэвшилд орж ажиллах шийдвэр гаргасан юм. Гэхдээ төрийн албанд ажиллаж байсан хүн шууд яг тэр салбартаа ажиллаж болохгүй л дээ, ашиг сонирхлын зөрчлийн улмаас. Тэгээд төрийн албанаас гарснаас 5 жилийн дараа "Магнай трейд ХХК"-д Хүний нөөцийн хэлтсийн даргаар орж, улмаар "Магнай трейд" болон "Жи мобайл"-ын хүний нөөцийг давхар хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн түүхтэй.
Харин 2020 онд Имартад Захиргаа, хүний нөөц эрхэлсэн дэд захирлаар ажилд орж, одоог хүртэл ажиллаж байна. Би хүний нөөц, хууль, чанар хяналт, хөдөлмөр болон галын аюулгүй байдал, тогтвортой хөгжил, дотоод үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Өнөөдөр би олон чиглэл хариуцаж байгаа ч тэдгээрийг тус тусдаа функц гэж харахаас илүү байгууллагын тогтвортой ажиллагааг хангах нэг тогтолцоо гэж хардаг.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө ажил дээрээ ирээд цахим шуудан, Teams болон дотоод ERP программуудаа шалгадаг. Товлосон хурал зөвлөгөөнүүддээ оролцож, хэрвээ амжихгүй бол орлох хүнээ оруулна. Орой ажлаас гарахдаа яаралтай ажил гарсан байж магадгүй гээд программуудаа заавал дахин шалгадаг дадалтай. Гэхдээ ихэвчлэн өмнө нь төлөвлөөгүй гэнэтийн ажлууд гараад ирдэг учраас төлөвлөгөөний дагуу яг таг өнгөрнө гэж бараг байхгүй дээ.
3. Таны ажлын нөү-хау?
Аливаа асуудлын гол шалтгаан, суурь нөхцөл байдлыг нь олж тогтоох чухал юм билээ. Үүссэн асуудал дүрэм журам, процесс, байгууллагын соёл эсвэл хүнээс үүдэлтэй юу гэдгийг сайтар судалж, шинжилж, ярилцаж байж шийдвэрлэдэг. Хүнээс үүссэн асуудлыг заавал дүрэм журмаар шийдэх гээд байвал утгагүй. Эсхүл процессоос үүссэн асуудлыг соёлоор шийдэх гэж оролдох утгагүй. Гэнэтийн өөрчлөлтөд мөн уян хатан, тайван хандаж, хурдан дасан зохицож сурах хэрэгтэй.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?


Outlook болон гар утасныхаа календарийг ашигладаг. Сүүлийн үед санаа авах, зарим асуултын хариуг олохын тулд ChatGPT-г ашиглаж байна, зөв асуултаа тавьж чадвал хэрэгтэй мэдээллээ авч болдог шүү дээ.
Хэрэгслийн хувьд дэвтэр, үзэг, тамга л хамгийн их ашигладаг.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Манай ажлынхан миний хамгийн их хэлдэг үгийг "delegation" гэж хэлэх байх. Бүх зүйлийг өөрөө хийх гэж дайрах нь цаг ч үрнэ, энерги ч үрнэ. Тиймээс хэлтсийн дарга, хамт олондоо итгэл хүлээлгэж ажлыг нь хуваарилж өгөх хэрэгтэй. Тэр хүмүүс ч гэсэн тэнд хөгжих гэж, ажлаасаа юм сурах хүсэлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр итгэл хүлээлгэх хэрэгтэй, заримдаа бүр хийж чадахаас нь ч давсан ажлыг өгч сурах нь чухал.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Хуучинсаг арга барилаар дэвтэр дээр бичиж тэмдэглэдэг. Ингэхдээ ажлаа хамгийн чухлаас нь эхэлж эрэмбэлэх хэрэгтэй. Одоо би зургаан чиглэл хариуцаж ажиллаж байгаа тул маш олон яаралтай шийдэх асуудлууд гарч ирдэг. Гэлээ гээд бүгдийг нь яг тухай бүрд нь заавал өөрөө шийдэх гээд байх шаардлагагүй. Чухлын зэргээр эрэмбэлээд хамгийн чухлаас нь эхлээд шийднэ гэсэн үг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Баасан гаргийн орой эсвэл өглөө нь эртлэн хотоос гарч, салхинд гарах дуртай. Гол усны дэргэд 1-2 хоног амраад ирэхэд бүтэн долоо хоног ажиллах эрч хүчээ бүрэн нөхөж чаддаг. Залуудаа бол ном унших, бичвэр бичих, спортоор хичээллэх зэрэг олон хоббитой байсан ч одоо бол байгальд гарах л дуртай болжээ.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Амралтын өдрүүдээр салхинд гарахдаа хогийн уут, бээлийтэй очиж хүмүүсийн хаясан хогийг цэвэрлэдэг болоод байгаа.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Бид Солонгосын Имарт брэндийн франчайзийг нарийн стандартынх нь хамт нэвтрүүлж чадсандаа их олзуурхдаг. Франчайз эзэмшигчдийн зүгээс төлөөлөгчөө энд байнга ажиллуулж, стандартын хэрэгжилтэд чанд хяналт тавьдаг юм. Хэрэв ийм шаардлага, тогтмол хяналт байгаагүй бол бид аливааг өөрсдийнхөөрөө хялбарчлан "монголчилсоор" байгаад өнөөдрийнх шиг тогтовртой үйл ажиллагаагаа явуулахгүй байсан болов уу. Тэгэхээр олон улсын стандартын дагуу ажиллаж, түүнийг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд нутагшуулах нь миний ажлын онцлог юм.
Бас нэг онцлог нь миний хариуцдаг ажлуудын үр дүн нь тэр бүр харагддаггүй. Томоохон маргаан гараагүй, ноцтой осол болоогүй, эрсдэл буурсан, ажилтнууд маань тогтвортой ажиллаж байгаа бол энэ ч бас ажлын үр дүн. Заримдаа хамгийн сайн ажилласан өдөр гэдэг нь хамгийн том асуудал гараагүй өнгөрсөн өдөр байх нь бий.

Бэрхшээлтэй тал нь үйлчилгээний салбар тул хүний гар ажиллагааг автоматжуулах боломж бусад салбараас арай бага. Жишээ нь, манай 700-800 худалдааны зөвлөхүүдээс буюу хүнээс шууд шалтгаалж үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн Монгол Улсад хүний нөөцийн хомсдолтой байгаа тул эргэц хөдөлгөөн ихтэй байдаг. Ийм нөхцөлд үйлчилгээний стандартыг хадгалж байхын тулд ажилтнуудаа тасралтгүй сургах шаардлага гардаг.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Бид энэ он дуустал "No Brand" брэндийн 5-7 дэлгүүрийг шинээр нээх ажилд төвлөрөн ажиллаж байна. Мөн компанийнхаа хэмжээнд ХАБЭА, Байгаль орчны ISO стандартуудыг нэвтрүүлсэн бөгөөд 2026 онд борлуулалтын 70%-ийг эзэлдэг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын ISO22000 стандартыг нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Цаашид компани улам өргөжиж, 100 дэлгүүртэй болох үед өнөөдрийн бүтэц, арга барилаар ажиллах боломжгүй болно.Тиймээс бүтэц, засаглалын тогтолцоог хэрхэн өргөжүүлж, хүнээс хэт хамааралгүй болгох вэ гэдэгт төвлөрч байна.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Сүүлийн үед Coursera зэрэг платформ дээрх богино хэмжээний сургалтуудад хамрагдаж байна. Багадаа орос сургуульд сурчихсан учраас Монгол түүхээ төдийлөн сайн мэдэхгүй өссөн. Тийм ч учраас монголын нууц товчоог тайлбартай нь уншиж байгаа.
12. Санал болгох ном, хөгжим, кино?

Хэлсэнчлэн "Монголын нууц товчооны тайлбар" гэх номыг санал болгоё. Энэ номын гол онцлог нь Монголын түүхийг бусад улс орны судлаачид, монгол судлаачид маань ингэж үздэг гэхчлэн олон талаас нь тайлбарлаж бичсэн бөгөөд дээр үеийн хэллэгүүдийг тайлбартай нь оруулсан болохоор ойлгоход илүү амар. Тиймээс нэг суугаад уншаад дуусгах биш барин тавин уншсаар байгаа ном маань байгаа юм.
Хөгжим гэвэл мэдээж бага ахуйдаа аавынхаа сонсдог “The Beatles” “Bee Gees” “Pink Floyd” хамтлагийн дуунуудыг сонсож өссөн. Одоо бол "Mamma Mia!" киног охидтойгоо үзэж, АBBA-гийн дууг сонсох дуртай.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Бага байхаас л ээжийн хэлдэг байсан "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэх үг амьдралын маань туршид хамт явсаар иржээ. Хэн ч надад өргүй, амьдралаа би өөрөө л авч явах учраас хүн өөрөө хичээж л байвал үр өгөөж нь заавал ирнэ гэдгийг маш сайн ойлгосон доо.
Ажил мэргэжлийн хувьд бол төрийн байгууллагад ажиллаж байхад манай дарга "Ажлаа хуваарилж сур, заримыг нь хая, заримыг нь өөр хүнээр хийлгүүл” гэж их хэлдэг байсан юм. Тухайн үедээ бүх юмыг заавал өөрөө хийх гээд, их ажил амжуулах гээд зарим шаардлагагүй зүйлсэд хэтэрхий их цаг зарцуулаад байсан тул дарга маань тэгж хэлсэн байх. Одоо өөрөө удирдах албан тушаалд очихоор энэ зөвлөгөөний үнэ цэнийг эрхгүй ойлгож сурч байна. Нөгөө л өмнө яригдсан delegation буюу өөрөө чухал ажилдаа төвлөрөхийн зэрэгцээ бусдад хариуцлага өгч, хөгжих боломж олгох тухай юм.
14. Бусдад шидэх санаа?

Эмэгтэй захирлуудын нэг зан байдаг нь яг л нөгөө ээж хүний зангаар хүүхдийнхээ өмнүүр орж юмыг нь хийх гээд байдаг талтай. Үүний адилаар өөрөө хийчихвэл хурдан мэт харагдаад ажилтныхаа өмнөөс ажлыг нь хийх гээд байдаг. Ингэхээр аль аль талдаа ямар ч ашиггүй. Богино хугацаанд амар мэт боловч ур хугацаанд хүнээ хөгжүүлэх боломжийг нь хаадаг. Тиймээс хүнд итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлж, ажил даалгах нь чухал.
Сэтгэгдэл бичих (4)


O Ok 66.181.185.95
Hariltsahad tuvuggui, hurdan shuurhai shiidel gargadag, yag bgaagaaraa, huniig uramshuulj unelj chaddag super hun shv.
D Dek 59.153.112.15
Шулуун шудрага шийдвэртэй ажилладаг даа Хүн голохгүй харицдаг зарчимч цагын юмыг цагт нь гэдэг ажилчдаа ойлгож алдаа дутагдал гаргавал түүнд 1 удаа боломж олгодог хүн дээ Цаашдын ажилд нь амжилт хүсие.
C CR7 202.55.180.215
Залуучуудад боломж олгож, хөгжих үүдийг нь нээж өгдөг шилдэг удирдагч шүү. Э.Халиун захирлаас суралцах зүйл маш ихтэй үлгэр жишээ хүн. Танд амжилт хүсье
B Boloroo 202.55.180.215
Mundagshu mini zaxiralaaa, unen goy neelttei xairltsaxad amar yaltcgul ym uzej nud tailsn hunshude <3