Сансарын Имарт руу ороход хамгийн түрүүнд нүдэнд тусдаг тасаг бол хувцас, цахилгаан барааны тасаг билээ. Тэдгээр хэсгүүд дээр нэмээд гэр ахуйн бараа, гоо сайхан, тоглоом, бичиг хэрэг, өргөн хэрэглээний ахуйн тасаг гээд бүхий л хүнс бус бүтээгдэхүүнийг хариуцан ажилладаг хүн бол Ч.Мөнхчулуун.
Тэрээр салбартаа 23 жил ажиллаж байгаа туршлагатай бөгөөд деталь бүрийг нарийн анзаарч, хувцасны хээ, загвар, тренд, материалаас авхуулаад тэдгээрийг хаана байршуулах, хэзээ оруулж ирэх, хэзээ зарж дуусгах хүртэл бүхий л үйл явцыг зангидан ажилладаг. Ингээд түүний худалдааны салбарт орсон түүх мөн ажлын нэг өдрийн хэмнэл, сурч ойлгосон зүйлстэй энэ нийтлэлээс танилцаарай.
Байршил: Имарт Чингис салбар, 7-р давхар, Имарт төв оффис
Эрхэлдэг ажил: Захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro max
Хэрэглэдэг компьютер: MacBook Air M1
Сошиал хуудас: Чулуунбат Мөнхчулуун /Facebook/
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Би Баянхонгор аймагт төрж өссөн юм. Сумын төвд 7-р анги хүртлээ сурч дараа нь аймгийн төвийн анхны хувийн сургууль болох Өсвөрийн зохион бүтээгч авьяастны сургууль руу шилжин сурч төгсөж байлаа.
1996 онд СЭЗИС-д бизнес удирдлагаар сурахаар элсэн орсон. Бизнесийн удирдлагыг сонгосон шалтгаан аавтай маань холбоотой. Хүүхэд байх үед манай аав сумынхаа худалдаа бэлтгэлийн агентын даргаар ажилладаг байсан юм. Аавынхаа ажлаа хийж байгааг харж өсөхдөө худалдаа хийх, бизнес эрхлэх, тоо бодож толгойгоо ажиллуулахын гоёыг олж харсан болов уу.
Сургуулиа төгсөөд шууд мэргэжлээрээ ажиллах нь зүйтэй гэж бодож байсан ч яг тэр үед орохыг хүссэн компани болон ажлын байр байгаагүй. Гэхдээ л ямар ч ажил хийж байсан хийж эхлэх нь зөв гээд ажлын гараагаа бичиг хэргийн ажилтнаар хөдөө орон нутагт очиж эхлүүлэхээр болсон юм.

Харин худалдааны салбарт ажилласан түүх маань 2002 онд Скай Трейдинг ХХК-д ажилд орсноор эхэлсэн. 2014 онд компанийн зүгээс Имартын шинэ төслийг эхлүүлэхээр болж, төслийн баг бүрдүүлэх шаардлагатай болсон юм. Энэ үед би Скай Хайпермаркетийн төслийн багт орж, улмаар шинэ төсөлд шилжин өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Нийтдээ худалдааны зөвлөх, бараа хариуцсан нярав, категори менежер, худалдааны ахлах менежер, хувцас хариуцсан менежер, хүнс бус бараа хариуцсан хэлтсийн дарга, хүнс бус барааны газрын захирал гээд долоон өөр албан тушаалд ажиллажээ.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Би өглөөг аль болох эрт эхлүүлэх дуртай. Хүн үдээс өмнө хамгийн эрч хүчтэй байдаг учраас тухайн өдрийн ажлынхаа хамгийг нугалахыг хичээдэг.
Ажил дээрээ өглөө 08:00 цагт ирээд хамгийн түрүүнд өчигдрийн борлуулалт хэрхэн хийгдсэн байгааг шалгадаг. Борлуулалт дагасан бүхий л тоогоо уншина, үүссэн асуудал, алдаа оноо бүрийн учир шалтгааныг бодож өөрийнхөө дүгнэлтийг гаргана. Дараа нь и-мэйлээ шалгаж, хариу илгээгээд, тухайн өдрийн төлөвлөсөн ажлын дараалал, уулзалтын цагаа шалгах, товлосон уулзалтууддаа оролцсоор ажлын цаг дуусчихдаг. Ажил тарахаас өмнө хийгдсэн ажлуудаа нэг нягталчхаад, гэртээ очоод чадвал хөнгөн хөдөлгөөн хийчхээд унтдаг.
3. Таны ажлын нөү-хау?

Хүнс бус барааны газрын гол онцлог нь өөр өөр төрлийн, улирлын шинж чанартай, төрөл бүрийн бараатай ажилладаг учраас тэр чинээгээр олон талын мэдлэг, мэдээллийг нэгтгээд том зургаар харах шаардлагатай. Түүнийгээ ажил хэрэг болгоход хэлтэс хоорондын харилцаа холбоо маш чухал учраас би ажилтнууддаа итгэл даалгахыг эрхэмлэдэг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Ажилдаа бол Teams, Able ашиглана. Хувьдаа гэвэл хамгийн их ашиглаж байгаа нь алхалт тоолох Health апп, гүйлтээ хэмжих Strava байна.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Уг нь зөв төлөвлөсөн бол хийх үйлдэл маань тодорхой байна гэж боддог хэдий ч худалдааны байгууллагын үйл явц бусдаас хамаарах тохиолдол их бий. Төлөвлөсөн цагтаа, ярих ёстой ажлаа л ярьж дуусгая гэдэг өгүүлбэрийг хуурлууд дээр хамгийн их хэлдэг юм байна. Бас аливаад түрүүлж хөдөлсөн нь хожно гэдэг шиг аливаа ажлыг эрт эхлүүлэх нь мэдээж цагийг хэмнэнэ.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Чухал ажлуудаа эрэмбэлэх аргыг ашигладаг, ялангуяа яаралтай биш ч гэсэн чухал ажлуудыг төлөвлөгөөндөө оруулж, тооцоолж байх нь зөв. Хувьдаа би төлөвлөлтийн хичээлд суугаад нэг дэвтэртэй болж авсан юм. Тэр дэвтрээ хувийн төлөвлөгөөнүүд гаргахдаа илүүтэй ашигладаг болсон. Ер нь ажлуудаа төлөвлөдөг системтэй хэр нь өөрийн хувийн төлөвлөгөөгөө орхигдуулчихсан байсан болохоор дэвтэртэй болсноос хойш хувийн зорилго, төлөвлөгөөнүүдээ илүү нарийн төлөвлөж сурсан шүү.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Ажлын өдрүүдэд ажил тарсны дараа аль болох эрт унтахыг хичээдэг. Амралтын өдрийн цагаа өөртөө бас гэр бүлдээ зарцуулж, эрүүл мэнддээ хэрэгтэй зүйлс хийхийг зорино. Тиймээс иогоор хичээллэх, алхах, гүйх, ууланд гарах гэхчлэн эрч хүчээ сэлбэдэг.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Одоогоор цохож хэлэх төсөл байхгүй юм байна. Сүүлийн үед шинээр хэд хэдэн зүйлс бодсоноос шууд эхэлж болох нь дата аналист чиглэлээр суралцах.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Монгол Улс хүнс бус барааны 85-90%-ийг 30 гаран улсаас импортолдог. Имарт-ын хувьд 15 улсаас 48,000 орчим нэр төрлийн хүнс бус барааг импортолдог. Импортлох үйл явцаас худалдааны менежерүүд маань олон талын мэдлэг хуримтлуулсныг харах, хөгжүүлсэн бараа маань хэний ч тайлбаргүй шууд зарагдахыг харах, сэтгэл зүрх гарган хийсэн бүтээгдэхүүний борлуулалтын тоо, зорьж ирэх хэрэглэгчийн тоо өссөн үр дүнг харах нь ажлаасаа авдаг хамгийн эерэг мэдрэмж.
Бэрхшээлтэй тал нь гэвэл хэрэглэгчдийн хүсэл хязгааргүйн зэрэгцээ худалдааны салбарт зөв бүтээгдэхүүнийг сонгож, хугацаанд нь тааруулж импортолж ирнэ гэдэг хүндрэлтэй. Зарим бүтээгдэхүүн хэрэглэгчдэд шууд таалагддаг бол заримыг нь хэрэгцээ, сонирхолд нь илүү нийцүүлэн сайжруулах шаардлагатай байдаг. Тиймээс өнөөгийн өрсөлдөөнтэй зах зээлд, ялангуяа хүнс бус бүтээгдэхүүнийг илүү сайн судалж, оновчтой төлөвлөх нь чухал юм.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
2026 онд бид шинэ форматын жижиг салбаруудаа нээн ажиллах зорилт тавьсан. Энэ хүрээнд шинэ салбаруудын төлөвлөлтийн ажилд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Мөн энэ онд Скай хайпермаркет ХХК-ийн маань 10 жилийн ой тохиож байгаатай холбоотой хэд хэдэн арга хэмжээний бэлтгэл ажлыг хийх төлөвлөгөөтэй байна.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Бидний ажил дэлхийн бараа бүтээгдэхүүний хөгжил, чиг хандлагаас ихээхэн хамаардаг болохоор олон улсын үзэсгэлэнгүүдээр явж чиг хандлага, технологи хаана явж байгаагаас их зүйл суралцдаг. Хувьдаа салбарын хүмүүсийн яриа, ном, подкастуудаас суралцаж байна.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Ихэвчлэн монгол сонгодог ая илүү сонирхдог. Ном унших нь нэг үеэ бодвол цөөрсөн учраас сүүлийн үед подкаст их сонсож байгаа. Номын хувьд “Сайнаас агууд” “Гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл” мөн Ө. Ганзоригийн “Strategy is Attitude” номыг санал болгоё. Киноны хувьд надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн кино бол Chanel брэндийг үндэслэгч Коко Шанелийн тухай “Coco before Chanel”.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Компанидаа 23 жил ажиллахдаа нийт долоон албан тушаал дэвшин ажилласан байна. Албан тушаал солигдох бүрд тулгарч буй бэрхшээл, сорилтууд өөр өөр байсан. Хамгийн хариуцлагатай нь мэдээж удирдах албан тушаал учраас ялт ч үгүй бусад удирдах түвшний арвин туршлагатай хүмүүсийн үг их хэрэг болдог юм билээ. Жишээ нь, солонгос зөвлөх маань надад “өөрийгөө эхлээд тань тэгээд дараа нь бусдыг тань” гэж хэлж байсан нь их нөлөөлжээ.
Удирдах албан тушаалд ажиллах нь хүмүүсийн үзэл бодол, үнэт зүйлийг ойлгохын сацуу шударга байж, шаргуу ажиллах олон чадвар шаарддаг. Гэхдээ хүн дүр эсгэж чадахгүй, гагцхүү өөрийнхөө мөн чанар, үнэт зүйлийг ойлгож чадсан цагт л бусдынхыг ч гэсэн тэгж хүндэтгэж чаддаг болдог юм билээ.

14. Бусдад шидэх санаа?
14. Бусдад шидэх санаа?
Өөрийнхөө өдийг хүртэл суралцаж мэдсэн зүйлсээс гадна өөр маш олон сонирхолтой зүйлсийн тухай мэдэх боломж хүн бүрд байдаг. Тэдгээрийг сонирхож, зориглож судлах цаг гаргаж байгаарай гэж хэлье. Мөн өөрийн ажил, мэргэжлээ бүр илүү сайжруулж, өөр салбартай хоршиж ажиллах боломжийг эрэлхийлэх, технологийн салбарын хөгжлөөс хоцрохгүй байх, одоо байгаа чадвараа төгс болгох замд тэмүүлээрэй гэж хүсье.

Сэтгэгдэл бичих

