Имарт сүлжээ дэлгүүрийн хамгийн халуун цэг яах аргагүй нэгдүгээр давхар буюу хүнсний тасаг билээ. Уг хэсгийн хүнс бүрийг чанартай, шинээр нь түгээн борлуулах бүхий л үйл ажиллагааг хариуцан ажилладаг хүмүүс бол хүнсний барааны хэлтсийнхэн. Харин тэр бүгдийг зангидан төлөвлөдөг нь харж төлөвлөдөг хүн бол барааны хэлтсийн захирал. 

Энэ удаагийн ярилцлагадаа бид худалдааны салбарт их сургуулийн төгсөх курсээсээ татагдан орсон Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрээр солонгос хүмүүстэй ажилласнаар сурч авсан мэдлэг, туршлага, ажиллах арга барилаасаа бидэнтэй хуваалцсаныг энэ нийтлэлээс хүлээн авна уу. 

Байршил: Имарт Чингис салбар, 7-р давхар, Имарт төв оффис
Эрхэлдэг ажил: Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 17 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Samsung Notebook 9 Pro
Сошиал хуудсууд: Oyunchimeg Ulziibayar (LinkedIn)


1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Би МУИС-д олон улсын харилцаагаа элсэн орж олон улсны эдийн засгийн харилцаа мэргэжлээр сурч төгссөн юм. Бага насандаа математикийн хичээлд сонирхолтой хүүхэд байсан болохоор худалдааны салбарт ороход дөхөм байсан байх. Харин дөрөвдүгээр курстээ Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн патент, барааны тэмдгийн товчоонд дадлага хийснээр худалдааны салбартай холбогдсон доо.

Дадлагаа дуусгаад Скай трейдингт жижиглэн худалдааны чиглэлээр цаашлаад маркетинг хэрэглэгчийн үйлчилгээ, худалдааны менежер, ахлах менежер гэхчлэн албан тушаалуудад ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ШУТИС-д олон улсын бизнес менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан 2014 онд Имартын төсөл эхэлж байв. Тухайн үед төслийн бүр эхэн үеэс нь хувь нэмрээ оруулах боломж олдсон нь олзуурхууштай. Энэ үедээ чанар, стандарт, бараа, хэрэглэгчийн тренд гээд нэгэн зэрэг олон талын судалгаа хийж байлаа. Ийм олон салбарын нарийн туршлага хуримтлуулсан баялаг төсөл байсан учраас Имартын төсөл намайг маш их өөрчилсөн юм шиг санагддаг.


Анх хэлтэс байгуулагдаж байх үеийн баг хамт олноороо Солонгостсарын хугацаанд сургалтад суух боломж олдсон юм. Буцаж ирээд монголын жижиглэн худалдааны зах зээлийн талаар судалгаа хийхэд салбар маань олон улсаас 15-20 жилээр хоцорч яваа гэсэн дүгнэлт гарж байлаа шүү дээ. Харин манай төсөл хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд монголын өргөн хэрэглээний барааны зах зээлд өрсөлдөөн бий болж, улмаар монголын жижиглэн худалдааны салбарын хөгжлийг бараг 10 жилээр урагшлуулжээ.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Манай компани уян хатан цагийн хуваарьтай учраас ажлын цагаа өөрөө төлөвлөж болдог. Миний хувьд өглөө 07:30-аас босоод 9:00-9:30-ийн хооронд ажлаа эхлүүлнэ. Зуны цагт бол аль болох эрт буюу 08:00 гээд ирнэ. Ажил дээрээ ирээд хамгийн түрүүнд борлуулалтын төлөвлөгөө, гүйцэтгэл болон мэйлээ шалгадаг.

3. Таны ажлын нөү-хау?

Худалдааны салбар тэр дундаа жижигдэн худалдааны зах зээлийн онцлог гэвэл тухай бүрд нь хурдтай шийдвэр гаргах шаардлагатай болдог явдал. Үүнийг би анх солонгос хүмүүстэй хамт ажиллаж эхэлснээс хойш ёстой л “яс махандаа шингэтэл” гэдэг шиг ойлгож авсан юм. Зах зээлийн болон салбарын мэдлэгээ ашиглаж нөхцөл байдлыг зөв үнэлж, оновчтой шийдвэр гаргаж сурах гэж олон л зүйл дээр алдаж, онож явсан.

Харин баг удирдаж байгаагийн хувьд айдасгүй, ойлгомжтой орчин бий болгох нь чухал. Багийн тань хүмүүс алдаа, асуудал, санал бодлоо илэн далангүй илэрхийлдэг байхгүй бол асуудал даамжрах нь бий.


Сүүлийн үед “Getting to yes” гээд ном дээр гардаг “Soft on people, Hard on problem” зарчмыг ажилдаа баримтлахыг хичээж байгаа. Ажил дээр маргаан үүсэх үед ажилчид бие бие рүүгээ дайрах бус хоёр тал хоёулаа тулгамдаж буй асуудалдаа төвлөрөх нь зүйтэй. Ингэснээр хувийн харилцаагаа ч сэвтээхгүй, асуудлаа ч шийдэхэд дөхөм болдог юм билээ.

Яг практик дээр хэрэгжүүлэхдээ ямар ч хүнийг шууд буруутгах биш нийтэд нь асуудлыг ярих хэрэгтэй. “Чи яагаад ийм алдаа гаргачхав?” гэж нэг хүн рүү шууд дайрах бус “‘үүнээс болоод төслийн явц удааширч байгаад жаахан санаа зовоод байна хэдүүлээ одоо яавал зүгээр вэ?” гэвэл нөгөө хүнд ч тэр анхнаасаа өөрийгөө өмгөөлөх өнцгөөс бус яг асуудалд төвлөрч ярилцахад тусалдаг.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?


Ажлын шугамаар WhatsApp-ийг хамгийн их ашигладаг. Мөн би өөрөө хэл сурах сонирхолтой учраас Duolingo-г ашигладаг. Харин алхалтаа хэмжихдээ Health аппаа ашиглана.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Ажлуудаа чухлаас нь эрэмбэлэх Эйзенхауэрын матрицын аргыг төлөвлөгөөндөө ашигладаг. Хэлж байсанчлан яльгүй жижиг зүйл дээр хүртэл анхаарал хандуулах шаардлага гардаг тул ажилдаа эрэмбэ дараалал гаргахгүй бол тийм ч чухал биш зүйлсэд хэт их эрч хүч зарцуулах гээд байдаг талтай.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?


Манай компанийн хувьд ажлаа төлөвлөхдөө Able программыг ашигладаг. Би өөрөө сүүлд хаанахын “Төлөвлөлт хэрхэн хийх вэ” гээд сургалтад сууж үзсэн. Тэндээс амьдралаа нийт есөн талбарт хуваан төлөвлөх нь нэлээн үр дүнтэй байсныг анзаарсан шүү.

Өмнө нь төлөвлөлт гэхээр to-do list шиг бодож хийх ёстой ажлуудаа л цаг тухайд нь хийж явдаг байж. Жишээ нь, өнөөх есөн талбарын эрүүл мэнд талбарт зүгээр нэг тийм болно доо гээд хүслээ бичээд үлдээх биш яг тодорхой хийх ёстой ажил болгож задалж бичихээр төлөвлөгөөндөө хандах хандлага өөр болдог юм билээ.

Тухайлбал хувь хүний хөгжлийн талбар дээр гэхэд, өглөө бүр ажил эхлэхээс өмнөх 30 минутыг салбарын тренд, мэдээлэлтэй танилцахад зарцуулж, түүнийгээ өдрийн хамгийн эхний хийх ажил болгож хэвшүүлэх гэх зэргээр яг ажил хэрэг болгохоор бодит өөрчлөлт гардаг юм билээ. Ингэж талбар бүрийг тодорхой цаг хугацаа, үйлдлээр нь чиглүүлж өгөхөөр завгүй гэх шалтаг хайх нь багасахын сацуу бүтээмж ч нэмэгддэг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Би машин барьдаггүй учраас ажлаа тараад тогтмол алхдаг. Өдөрт хамгийн багадаа 7000 алхам хийдэг. Мөн жилдээ нэг удаа хаа нэг тийшээ заавал аялахыг хичээдэг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?


Сүүлийн үед контент хийж сурах төлөвлөгөөтэй байгаа. Хийж байгаа ажилтайгаа холбоотой бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах зорилгоор хиймэл оюуныг ашиглаад ч юм уу сошиал контент бүтээх бодол бий.

Цаг зав гарвал монголын түүхийн талаар ном уншдаг болоод байна. Ажлын шугамаар гаднын олон хүмүүстэй уулзаж, ярилцах шаардлага гардаг юм. Ингээд ярилцах үед монголынхоо түүхийг бага мэддэгээсээ ичих үе бишгүй олон тохиолдож байсан учраас түүхээ судлахын чухлыг ойлгож авсан юм.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?

Энэ салбарт нарийн детальд анхаарах шаардлага байдаг учраас илүү эмэгтэй хүмүүст тохирохуйц санагддаг. Мөн үр дүнгээ шууд тоон байдлаар харах боломжтой учраас маш урамтай.

Жижиглэн худалдааны амин сүнс нь бараа байдаг. Тийм ч учраас бараа судлах, хэрэглэгч, трендээ мэдрэх, улирлын онцлогийг ойлгох, тээвэр, үнэ, хил гаалийн тухай гээд олон талын мэдлэг ур чадвар шаарддаг нь хувь хүнийхээ хувьд өсөж дэвших боломж их гаргана.

Түүнчлэн жижиглэн худалдаа ашигтай байхад барааны зөв сонголт, нөөцийн оновчтой удирдлага их чухал. Бараагаа зөв удирдаж чадахгүй бол борлуулалт биш шууд алдагдал болох эрсдэлтэй.

Үүн дээр нэмээд бэрхшээл гэвэл Монголд худалдааны хууль гэж байхгүй, зохицуулалт маш багатай, татварын орчин харилцан адилгүй байдаг. Бүх юм импортоос хамааралтай тул тээвэр логистикийн эрсдэлүүд үүсэж, валютаас хамаарч бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэх гээд цаг тухайд нь шийдэх шаардлагатай асуудлууд олон.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?


2026 оны төлөвлөсөн чухал ажлууд олон бий. Тухайлбал энэ жил манай компанийн 10 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбоотой шинэ салбарын төслөөс авхуулаад олон ажлууд төлөвлөж байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Өнгөрсөн жил миний бие Германы GIZ буюу Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс зохион байгуулдаг “Business partnering in Germany,” хуучнаар олон улсын менежер бэлтгэх гурван долоо хоногийн сургалтад хамрагдаад Герман Улсын бизнес орчин инновац, хамтын ажиллагааны соёлыг судлаад ирсэн.

Мөн сүүлд “Имарт Академи”-ийнхаа сургагч багшийн сургалтад сууж мэргэжлийн
сургагч багш болсон байгаа. Цаг зав гарвал мэргэжлийнхээ хувьд өөрийгөө үргэлж хөгжүүлж байхыг эрмэлздэг. Сүүлийн үед технологийн талын мэдлэгтэй болохоор зорьж байгаа учраас технологийн подкастууд сонсож байна.

12. Санал болгох ном, хөгжим, кино?


Карьерийн хувьд ч тэр хувийн амьдралд маань ч тэр нэлээн гүнзгий нөлөөлж байсан нэг ном бол Рэй Далиогийн “Ажил, амьдралын зарчмууд.”

Хөгжмийн хувьд The Weekend , Billie Eilish-ийн дуунуудад дуртай. Мөн миний бүх цаг үеийн хамгийн дуртай хамтлаг бол Солонгосын Big Bang хамтлаг, тэр дундаа GD-ийн улаан фен. Тиймээс GD-гийн Untitled, Drama гээд дуунуудыг санал болгоё.

Киноны хувьд гэвэл “When Life Gives You Tangerines” хамгийн сүүлд гүн сэтгэгдэл үлдээсэн. Мөн “Lion” гээд кино шууд санаанд орж ирж байна. Энэ кино нь технологийн дэвшил ашиглаад амьдарч байсан гэрээ, гэр бүлээ хайж олж байгаа бодит амьдралаас сэдэвлэсэн юм билээ.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?


Аав, ээжээсээ зөвлөгөө гэхээс илүү их итгэл мэдэрдэг юм шиг санагддаг. Тэдний маань надтай харьцаж буй хандлага, итгэл, дэмжлэг зэрэг нь өөрөө өөртөө итгэх суурийг сайн тавьж өгсөн болов уу. Энэ нь шийдвэр гаргалтууд дээр нэлээн анзаарагддаг.

Ажлын орчинд гэвэл манай захирлуудын хэлсэн үг маш жинтэй нөлөөлдөг. Нэг захирал маань ямар ч нөхцөл байдалд өөрийн зарчим, ёс суртахууны хэм хэмжээг чанд баримталж, ашиг сонирхлоос илүү зөвийг дээдэлж шийдвэр гаргадаг байгаарай гэж хэлж байсан юм. Тэрийг одоо хүртэл байнга бодож явдаг.

14. Бусдад шидэх санаа?

Хүн зөвхөн уншиж, судлаад байвал сурах ёстой зүйлийнхээ 30 хувийг нь л сурдаг гэдэг. Харин үлдсэн хувийг нь туршиж үзэхээс гадна алдаж, засаж, дахин сайжруулж байж олж авдаг. Тиймээс ямар ч ажил мэргэжил байсан зөвхөн сургуульд нь сурахаас гадна тэр чиглэлийн олон өөр зүйлсэд өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй гэж л хэлье.

Худалдааны салбарт гэвэл орчин үед POS систем, дата анализ болон маркетингийн ур чадвар хүртэл чухал болжээ. Тиймээс Shopify, Square POS зэрэг хэрэгслүүдийн үндсийг ойлгоход илүүдэхгүй.