Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон гоо сайхан, эрүүл мэндийн хэрэглээг илүү чанартай, баталгаатай болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буй нэгнийг бид энэ удаад онцолж байна. Тэр бол Монголын зах зээлд эмчилгээний гоо сайхан болон органик хүнсийг таниулан ажиллаж буй Грийн Гэйт Интернэйшнл компанийн гүйцэтгэх захирал Т.Уранжаргал.
Грийн Гэйт Интернэйшнл нь Монос группээс анх 10 ажилтантайгаар өрх тусгаарлан гарч байсан бөгөөд өдгөө 140 гаруй ажилтантай, 20 гаруй олон улсын брэндийг албан ёсоор төлөөлдөг импортын томоохон байгууллага болж өргөжжээ. Ингээд түүний ажиллах хэв маягтай танилцацгаая.
Байршил: Урт цагааны гудамж, Pearl Tower
Эрхэлдэг ажил: Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook M2
Сошиал хуудас: Heidy Uranjargal Tumurbaatar (Facebook), heidy_uranjargal (Instagram)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Аав маань цэргийн хурандаа хүн байдаг. Намайг тавдугаар ангид орох жил Дархан хот руу томилогдоод бид гэр бүлээрээ Улаанбаатар хотоос Дархан руу нүүж байлаа. Ингээд тэндээ гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19-р сургуулийг суралцаж төгссөн. Багаасаа ер нь их хөдөлгөөнтэй, нээлттэй, хүн болгонтой учраа олчихдог хүүхэд байсан.
Ахлах сургуулиа төгсөөд гадаадад их сургуульд суралцах зорилго тавьж, завсар жил авч англи хэлний шалгалтдаа бэлдэхийн зэрэгцээ гадаадын их сургуулиудад тэтгэлгийн материалаа илгээж эхэлсэн юм. Ийнхүү Япон улсын Ritsumeikan Asia Pacific University-д 100 хувийн тэтгэлгээр суралцах урилга авч, бизнесийн удирдлага болон байгаль орчин судлалын хос мэргэжлээр суралцсан.
Намайг суралцаж байх хугацаанд манай сургуульд дэлхийн 72 орны оюутан байсан нь улс орны соёлын ялгаа, харилцах арга барилын талаар ойлгож авахад түлхэц болсон юм шиг санагддаг. Үүнээс гадна дэлхийн хаана ч очсон их сургуулийн найзуудтайгаа уулзах боломжтой байдаг нь их гоё.
Их сургуулиа төгсөөд Монголдоо эргэн ирж, Таван Богд группээс ажлын гараагаа эхэлж байлаа. Ажиллаад удалгүй тушаал дэвшиж Францын алдарт L'Occitane брэндийн брэнд менежер болж дэвшснээр брэндийн концепц, стандартын дагуу дэлгүүрүүдийг нээхээс эхлээд маркетинг, үйл ажиллагаа, татан авалт, борлуулалт зэрэг брэндтэй холбоотой бүхий л ажлыг хариуцан ажилладаг болсон юм. Хэдий богино хугацаа байсан ч дэлхийн хэмжээний брэндүүд яаж ажилладаг, ямар зарчим, стандарт баримталдгийг суралцсан нь одоогийн карьерийн суурь болсон байх.

Цаашлаад 2014 онд Монос Эмийн сангийн компанид төслийн менежерээр ажилд орсон.
Монос эмийн сан Монголдоо тэргүүлэх эмийн сангийн сүлжээ гэдгийг ч хүмүүс мэдэх байх. Миний хувьд Монголд тогтчихсон байсан зөвхөн эм авах гэж эмийн санд ордог уламжлалт ойлголтыг өөрчилж, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн олон улсын “Health & Beauty” концепцийг Монголд нутагшуулах зорилготой ажилласан. Төслийнхөө хүрээнд бид үндсэн гурван чиглэлд онцгойлон анхаарч, эмийн сангийн ажилтнуудыг зөвхөн бүтээгдэхүүн борлуулагч бус, хэрэглэгчдэдээ мэргэжлийн бөгөөд найрсаг үйлчилгээ үзүүлдэг зөвлөх байдлаар чадавхжуулахыг зорьсон юм. Түүнчлэн үйлчилгээний соёлоороо ялгарч, хэрэглэгчид тав тухтай, найдвартай үйлчлүүлэх орчныг бүрдүүлэхэд анхаарч байлаа. Тухайн үеийн ихэнх эмийн сангуудын орчин нэгэн хэвийн байлаа шүү дээ. Дотоод интерьер, өнгө төрх хоорондоо бараг ив ижил. Харин бид эмийн санг илүү орчин үеийн, өнгөлөг, хэрэглэгч орж ирээд айдас биш тав тух мэдрэх байдлаар шинэчлэхээр зорьсон юм.
Мөн эмийн сангууд ижил төрлийн бүтээгдэхүүнтэй, ялгарах онцлог багатай байсан учраас “зөвхөн Моносд байдаг бүтээгдэхүүн”-тэй болъё гэх бодлогоор онцгой эрхт брэндүүдийг нэвтрүүлэхэд илүүтэй төвлөрч байв. Олон улсын жишгээр эмчилгээний гоо сайхан, нүүр будалт, эх хүүхдийн бүтээгдэхүүн нь эмийн сангийн хамгийн чухал ангилалд тооцогддог. Бүтээгдэхүүнээ сонгохдоо хэрэглэгчийн эрүүл мэндэд ээлтэй эсэх, нийгмийн тодорхой асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж чадаж байгаа эсэх, мөн хэрэглэгчдийн амьдралын чанарыг бодитоор сайжруулж чадах уу гэдэгт онцгойлон анхаарсаар иржээ.

Моност орсноосоо хойш ердөө хагас жилийн дараа Борлуулалт, маркетингийн албаны даргаар томилогдож, хориодхон насандаа 300 гаруй ажилтныг удирдах томоохон сорилттой нүүр тулж байв. Ялангуяа эм зүйн мэргэжлийн бус хүн ахмад эм зүйч нарыг удирдан ажиллахад мэдлэг, ур чадвар, туршлага аль аль нь хүрэлцэхгүй санагдаж, эхэндээ манан дунд тэмтчиж яваа хүн шиг явсан үе олон байсан.
2018 онд Монос группийн ерөнхийлөгч Л. Хүрэлбаатарын шийдвэрээр импорт дистрибютерийн Грийн Гэйт Интернэйшнл компани үүсгэн байгуулагдаж, миний бие гүйцэтгэх захирлаар нь томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Анх Монос эмийн сангаас ердөө 10 ажилтан, 10 брэндтэйгээр өрх тусгаарлан гарч байсан компани маань өнөөдөр найман жилийн хугацаанд 140 гаруй ажилтан, 22 брэндтэй болон өргөжиж, гоо сайхан, хүүхдийн бүтээгдэхүүн, эрүүл хүнсний зах зээлд тэргүүлэх хэмжээнд хүрчээ. Тэр дундаа дэлхийн хамгийн том гоо сайхны компани болох L'Oréal-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад ажиллаж байгаагаа бодохоор хамт олон, компаниараа бахархах сэтгэл эрхгүй төрдөг.
2. ТАНЫ АЖЛЫН НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ачаалал ихтэй ажилладаг болохоор гэрийн ажлын дийлэнхийг манай гэр бүлийн хүн үүрч явдаг. Өглөө босоод ихэнхдээ өөрийгөө л бэлдэж амждаг. Заримдаа бага хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд шууд ажилдаа ирдэг.
Ажлын өдрийн ихэнх цаг нь сууж хийх ажлаас илүү хурал, уулзалтуудаар дүүрэн өнгөрдөг юм. Харин үдээс хойш арай тайван болохоор төвлөрөл шаардсан ажлуудаа хийхийг хичээдэг. Орой гэртээ арай эрт харьж амжвал хоолоо хийчхээд байрныхаа доор байдаг фитнестээ ордог.
Ер нь бусдаас онцгой ажил, амьдралын хэмнэл гээд байх зүйл үгүй дээ. Үнэнийг хэлэхэд ажил амьдралаа тэнцвэртэй авч явж чадахгүй л байна.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Миний хувьд бизнесийн үйл ажиллагаанд ёс зүйтэй хандлага хамгийн чухал гэж боддог. Ашиг орлого мэдээж чухал ч аливаа санхүүгийн ашиг сонирхлоос илүүтэйгээр ёс зүйн зарчмаа баримтлах нь урт хугацаандаа эрүүл, тогтвортой өсөлт авч ирнэ гэдэгт итгэдэг.
Мөн би ажилтнууд маань тасралтгүй суралцаж, хувь хүнийхээ хувьд өсөж хөгжих
боломжтой орчныг бүрдүүлэхийг эрмэлздэг юм. Хүмүүст шийдвэр гаргах эрх мэдэл, боломж олгохоор тэд өөрсдөө илүү их санаачилга гаргаж, хариуцлага үүрч сурдаг юм билээ. Амжилт, алдаанаасаа суралцаад явах тусам өөртөө итгэх итгэл нь ч нэмэгдэж, хийсэн ажлаараа бахархах мэдрэмж төрдөг байх.

Манай компанийн ажилчдын дийлэнх нь залуу, гэр бүлтэй хүмүүс байдаг юм. Тиймээс гэр бүл, хүүхдэд ээлтэй ажлын орчин, нөхцлийг бүрдүүлэх нь маш чухал. Ялангуяа ажил хийж байгаа ээжүүд маань ажлынхаа онцлог, ачааллаас үл хамааран хийж буй зүйлээрээ бахархаж, энэ багийн үнэ цэнтэй гишүүн нь гэдгээ мэдэрдэг байгаасай гэж хүсдэг.
Үүнээс гадна дэлхийн брэндүүдийг Монголд төлөөлөн ажилладаг болохоор тухайн брэндийн философи, нийгэмд түгээхийг зорьдог үнэ цэнийг алдагдуулахгүйгээр зөв нутагшуулахыг хичээж байна. Нөгөө талаасаа Монгол Улсаа олон улсад төлөөлж байна гэсэн хариуцлагыг үргэлж мэдэрч, ёс зүйтэй, мэргэжлийн, ур чадвартай ажиллахыг эрхэмлэдэг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын төлөвлөгөө, тэмдэглэл гээд бараг бүх зүйлээ би GoodNotes апп дээр хөтөлдөг. Өдөр тутмын төлөвлөгөөнөөс эхлээд хувийн төлөвлөгөө, уулзалтын тэмдэглэл гэх мэтээр тус тусад нь хавтас үүсгээд ангилах боломжтой байдаг нь их амар санагддаг юм. Ажлын хувьд мэдээж Microsoft 365-ын дагалдах аппуудыг хэрэглэнэ.
Арав гаруй улсын харилцагчтай хамтарч ажилладаг учраас Viber, WhatsApp, LINE гээд бараг бүх төрлийн харилцаа холбооны аппыг ашиглаж байна. Хувьдаа Spotify байнга ашиглана. Сүүлийн нэг жилийн хугацаанд Duolingo дээр франц хэл сурч байгаа. Манай компани франц нийлүүлэгч олонтой, дээрээс нь хүүхэд маань франц сургуульд сурдаг болохоор өдөр бүр бага ч гэсэн цаг гаргаж сурахыг хичээж буй нь энэ.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Микро менежмент хийхгүй байх. Өдрийн хийх ажлаа эрэмбэлж, хамгийн чухал шийдвэрүүдээ өглөө эрт гаргахыг хичээдэг. Багийнхандаа итгэж, ажлуудыг зөв хуваарилж өгөх, удирдлагын түвшний хүмүүстээ шийдвэр гаргах эрх мэдэл олгох нь ажлыг илүү хурдлуулахын сацуу үр дүн ч сайтай байдаг шүү. Бүх зүйлийг өөрөө хийх гэж оролдохоос илүүтэй зөв хуваарилалт хийх нь цаг хэмнэх хамгийн зөв арга юм шиг санагддаг. Бусад хүмүүсийн ажил надаас шалтгаалж гацахгүй байлгах гэж хэрэндээ л хичээдэг ч чадахгүй үе олон бий. Мөн хурал, уулзалтыг яг цагт нь эхлүүлдэг зарчимтай.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Би ажлын төлөвлөгөөгөө ихэвчлэн GoodNotes болон календарийн апп дээр хөтөлдөг. Өдөр тутмын хийх ажлаасаа эхлээд урт хугацааны зорилтуудаа хүртэл нэг дороос харах боломжтой байдаг нь ажлаа илүү цэгцтэй төлөвлөхөд их тус болдог юм.
Орой 5 цагаас хойш бусдын надаас хамаарсан ажлууд харьцангуй багасдаг болохоор төвлөрөл шаардсан ажлуудаа оройн цагаар сууж хийх нь элбэг. Тэр үеэр илүү тайван бодож, стратегийн чанартай ажлуудаа төлөвлөхөд амар санагддаг.
Компанийн хувьд манайх Монос группийн охин компани учраас урт болон богино хугацааны стратеги, жилийн, улирлын, сарын төлөвлөгөөнүүдээ менежментийн багтайгаа маш нарийн гаргаж, ТУЗ-аараа батлуулдаг. Мөн компанийн төлөвлөгөөг боловсруулахдаа ажилчдын санал санаачилгыг тусгах нь чухал учраас жил бүрийн есдүгээр сард “Compass” арга хэмжээг зохион байгуулж, багаараа хамтдаа мөрөөдлийн төлөвлөгөө, зорилтуудаа боловсруулдаг. Энэ арга хэмжээ нь манай компанийн соёлын салшгүй хэсэг болжээ.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Гэр бүл болон дасгал хөдөлгөөн гэж хариулна. Би гурван хүүгийн ээж. Ажил дээрээ оюуны өндөр ачаалалтай байдаг ба гэртээ очиход хүүхдүүдийн маань цоглог, гэгээлэг энерги надад хамгийн их утга учир, эрч хүчийг өгдөг юм билээ. Бага хүү маань одоо хоёр настай, хамгийн эгдүүтэй үе дээрээ яваа учраас ярьж, хийж байгаа жижигхэн үйлдлээс нь л эрч хүчээ нөхөж авдаг.
Мөн суугаа ажил хийж байгаа тул жилийн өмнөөс тогтмол фитнесээр хичээллэж эхэлсэн юм. Долоо хоногт гурван удаа, хоёр цаг орчим хөдөлгөөн хийж, хөлсөө гаргах үед зөвхөн бие биш, оюун санаа хүртэл амарч, илүү цэгцтэй болдог юм шиг санагддаг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би олон нийтийн дунд байж, хүмүүстэй харилцах их дуртай хүн. Одоогоор Франц-Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон өөр нэг бизнесийн байгууллагад хараат бус ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Өөр өөр салбарын хүмүүстэй танилцаж, Монгол болон дэлхийн эдийн засаг, бизнесийн орчны нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцаж, бусдаас суралцах боломж олгодог учраас энэ төрлийн оролцоонд их дуртай.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Хэдийгээр манайх эмийн компани биш ч эрүүл мэнд, амьдралын хэв маяг, амьдралын чанартай шууд холбоотой бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг учраас эмч нартай маш нягт хамтран ажилладаг.
Бид эмч нарт бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна олон улсын сүүлийн үеийн судалгаа, нотолгоонд суурилсан мэдээллүүдийг тогтмол хүргэж, Монголын эмч нартай хамтарсан судалгааны ажлуудыг ч хэрэгжүүлдэг. Жишээ нь, байгуулагдсан цагаасаа хойш Монголын арьсны нийгэмлэгтэй тогмол хамран ажиллаж ирсэн. Мөн эмч нарыг олон улсын уулзалт, сургалтад оролцоход дэмжлэг үзүүлж, мэдлэг, туршлагаа тэлэх боломжийг нь нэмэгдүүлэхийг зорин ажилладаг.

Манай компани одоогоор 22 брэндийг Монголд төлөөлөн ажилладаг бөгөөд тэдгээрийн 18 нь Европын холбооны улсуудаас нийлүүлэгддэг. Европ бол дэлхийн хамгийн өндөр стандарт, хатуу шалгууртай бүс нутаг учраас тэр стандартыг Монголын зах зээлд нутагшуулах нь ихээхэн хариуцлага, хүчин чармайлт шаарддаг нь зарим талаараа бэрхшээл болох нь бий.
Сүүлийн үеийн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан түүхий эдийн үнэ өсөх, тээвэрлэлтийн боломж хязгаарлагдах, тээврийн зардал нэмэгдэх, мөн валютын ханшийн хэлбэлзэл зэрэг нь компанийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Одоогоор манай багийн хамгийн гол төвлөрч буй ажил бол компанийнхаа систем, бүтэц, процессийг илүү тогтвортой, хянах боломжтой болгох ажил байна. Манай компани 140 ажилтантай болж өргөжсөн учраас өмнөх шиг арван хүнтэй үеийн албан бус, уян хатан байдлаар бүх зүйлийг удирдах боломжгүй болсон гэсэн үг.
Тиймээс цаашид бүр 500 хүнтэй болсон ч ажлын доголдолгүй, тогтвортой ажиллах суурь системийг менежментийн багтайгаа хамтран бүрдүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй зэрэгцээд автоматжуулалт, дижитал шийдлүүдийг нэвтрүүлэх замаар нэг ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Дэлхийд тэргүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллахын нэг том давуу тал нь тасралтгүй шинэ мэдлэгт суралцах боломж байдаг. Нийлүүлэгчид маань жил бүр өмнөх жилийн ажлаа дүгнэж, зах зээлийн сүүлийн үеийн чиг хандлага, мөн брэндийн стратеги, зорилтуудаа танилцуулдаг олон улсын хурлуудыг тогтмол зохион байгуулдаг.
Эдгээр хурлуудад оролцох бүрд маш олон шинэ зүйлсийг сурч, ойлгож авдаг. Мөн бусад орны дистрибьютерүүдтэйгээ тухайн улс бүрт тренд хэрхэн өөрчлөгдөж байгаа, маркетинг болон бизнесийн ямар шилдэг туршлагууд амжилттай хэрэгжиж байгааг ярилцаж, санал солилцох явцдаа байнга шинэ зүйлс сурч байдаг.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Монгол хамтлаг, дуучдаас Наагий, Сараа болон The Lemons-ийн дуунуудыг сонсох их дуртай.
Номын хувьд Harvard Business Review-ээс гаргадаг бизнесийн номууд надад их таалагддаг.
Мөн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатарын бичсэн ”Бүтээлч Моносчууд: Бүгдийг тэгээс” номыг хүн болгон уншаасай гэж боддог. Учир нь энэ номын агуулга зөвхөн Монос компанийн тухай биш, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж байсан үеийн уур амьсгал, тухайн цаг үеийн сорилтуудыг яг кино шиг дүрсэлсэн байдаг. 1990-ээд онд хувийн хэвшлийг босгоход ямар эрсдэл, бэрхшээл тулгарч байсан, бизнес эрхлэгч хүнд ямар зан чанар хэрэгтэй вэ гэх зэрэг залуучуудад хэрэгтэй маш олон зөвлөмжүүд бий. Түүний 30 гаруй жилийн турш бизнесээ тогтвортой өсгөж, амжилттай удирдсан нууц нь бизнесийн үнэт зүйлс, алсын хараа, баг хамт олондоо итгэж ирсэнд байгаа нь илт мэдэгддэг. Олон, цөөн нь хамаагүй, хүн удирдаж байгаа хэн бүхэнд гарын авлага болохоор бүтээл гэж хэлнэ.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Анх ажил хайж байхдаа нэлээн олон компаниудад зэрэг анкет бөглөөд ярилцлага, шалгалтад орж байсан. Таванбогдод ажилд орчхоод долоо хонож байтал шалгалт өгсөн байсан өөр нэг компаниас тэнцсэн гэсэн дуудлага ирсэн юм.
Тухайн үед тухайн компани ид мандан бадарч байсан, хүн болгоны хүсэмжит компани байсан болохоор би бараг энэ нь ч дээр юм уу гээд тээнэгэлзэж байтал аав маань "Ажил хүнийг голдог болохоос биш, хүн ажлыг голдоггүй юм. Одоо наад орчихсон байгаа ажилдаа зүтгэл гаргаад ажилла" гэж байсан. Аав маань цэргийн хүн учраас нэлээн сахилга баттай, шударга төрлийн хүн. Аавын тэр үгийн ачаар би 15 жил карьертаа ердөө хоёрхон компанид тогтвортой ажиллажээ.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Миний хувьд мэргэжилтнээс эхлээд гүйцэтгэх захирал хүртэл маш богино хугацаанд дэвшин ажилласан. Үүнийг би зүгээр нэг аз гэж боддоггүй. Харин хийж байгаа ажилдаа үнэхээр дурлаж, чин сэтгэлээсээ хандаж, даалгасан ажлыг үргэлж давуулан биелүүлэх юм сан гэсэн гал эрмэлзэлтэй явсны минь үр дүн гэж боддог.
Тийм хандлагатай, ажилдаа сэтгэл гаргаж ажилладаг хүмүүс үнэхээр нүдэнд ил харагддаг юм байна лээ. Ур чадвар мэдээж чухал ч хандлага, хариуцлага, итгэл даах чадвар урт хугацаандаа хүнийг илүү хол авч явдаг гэж боддог.
Нөгөө талаар бизнесийн салбарт ажиллаж байгаа бол маш шударга байх ёстой. Бизнес гэдэг хоёр талын итгэлцэл дээр тогтдог учраас амласан бол биелүүлэх, төлбөрөө цагт нь хийх, хариуцлагатай байх нь хамгийн чухал. Ингэж байж л харилцагч, түншүүдийнхээ итгэлийг олж авдаг.
Монголын зах зээл өөрөө жижигхэн учраас нэг удаагийн хариуцлагагүй үйлдэл зөвхөн компанийн биш, цаашлаад улсын нэр хүндэд хүртэл нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс богино хугацааны ашиг биш, урт хугацааны тогтвортой харилцаа, хоёр тал хоёулаа хождог зарчмаар бизнесээ шударгаар авч явах нь хамгийн чухал гэж бодож байна.

Сэтгэгдэл бичих

