Энэ удаагийн ярилцлагад хөрөнгийн зах зээлийн салбарт долоон жил ажиллаж буй туршлагатай Н.Гомбодорж оролцлоо.
Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй хөрөнгийн зах зээлд их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхаасаа эхлэн өөрийн сонирхлоор хөл тавьсан тэрээр өдгөө энэ салбартай эргэлт буцалтгүй холбогдоод байна. Тэрээр нийт гурван их наядын хэлцэлд шууд болон шууд бусаар оролцсон бөгөөд тэр дундаа Монгол Улсын хөгжил дэвшилд бодитоор нөлөөлөх олон ажлуудыг гардан ажилласан туршлагатай.
Түүний ажлын арга барил, салбарын онцлог, карьерын замнал нь энэ салбарт ажиллахаар зорьж буй залуу мэргэжилтнүүдэд урам зориг өгөх нь дамжиггүй.
Байршил: New Horizons Tower, 14-р давхарт
Эрхэлдэг ажил: Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 17 Pro
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: FB: Gombodorj Nyamtogtokh
1. Таны карьераас бид юуг мэдэх ёстой вэ?
Би Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Мэргэд сургуульд арван жилээ төгссөн. Математик, англи хэлний хичээлээ сайн давтдаг байсан тул хүссэн сургуульдаа орж МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү менежментийн ангийг төгссөн юм. Гэхдээ багаасаа санхүүгийн салбарын хүн болно гэж мөрөөдөж байсан гэж хэлэхгүй, зүгээр л тухайн цаг үеийн нөхцөл байдал нь тэгж таарсан гэвэл онох байх.
Анх их сургуулийн хоёрдугаар курсээсээ бие дааж арилжаа хийж эхэлсэн юм. Хүүхдийн сэтгэхүйгээр ингээд мөнгө олоод байж болох юм байна гэж бодсон хэрэг. Тухайн үедээ гадаад арилжааг сонирхоно уу гэхээс дотоодын хөрөнгийн зах зээлийн талаар ямар ч ойлголтгүй байсан л даа. Харин их сургуулиа төгсөөд ажлын талбарт гараад энэ талын ойлголтыг системтэй авч чадсан гэж боддог юм.

Би 2019 онд сургуулиа төгсөөд Голомт Капитал үнэт цаасны компанид брокероор орсон. Миний санаж байгаагаар тухайн үед хөрөнгийн зах зээл 2.6 их наяд төгрөгийн үнэлгээтэй байсан бол одоо 13.4 их наядын үнэлгээтэй болсон байна.
Намайг дөнгөж ажилд орж байхад Монголд анхны хаалттай бондын арилжаа хийгдэж, банкнуудын IPO гарч, компаниуд олон улсаас санхүүжилт татаж эхэлсэн гээд түүхэн чухал мөчүүд ар араасаа тохиож байлаа. Ид өсөлтийн үед карьераа эхлүүлсэн нь энэ салбарт тууштай ажиллахад нөлөөлсөн болов уу.
Голомт Капиталд брокероор ажиллаж эхлээд дараа нь гадаад худалдааны брокер, ахлах брокер, цаашлаад арилжааны хэлтсийн захирал гэхчлэн карьер ахиж ирсэн. Харин өнгөрсөн оны гуравдугаар сараас Тэнгэр Капитал үнэт цаасны компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод байна.
Хөрөнгийн зах зээлийн хамгийн анхан шатны нэгжээс эхлэн шат дараатайгаар ахиж ирсэн нь гүйцэтгэх захирлаар ажиллахад аливаа асуудлыг удирдах түвшний өнцгөөс гадна гүйцэтгэлийн түвшинд хүртэл харах боломжийг олгосон. Энэ нь ч ажилчдын гүйцэтгэлийг бодитоор үнэлэх, салбараа сайн ойлгох зэрэг олон давуу талыг бий болгож байгаа гэж боддог.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Гадаадын томоохон санхүүгийн компаниудтай тогтмол харилцаж ажилладаг учраас цагийн зөрүүтэй онлайн уулзалтууд олон болно. Иймд миний ажлын нэг өдрийн өглөө и-мэйлээ яаран шалгахаас эхэлдэг.
Мэдээж хөрөнгийн зах зээл бол дотоодод төдийгүй дэлхий дахинд өрнөж буй геополитик, улстөрийн олон үйл явдлаас хамаарч, чиг хандлага нь өөрчлөгдөж байдаг болохоор мэдээлэлтэй ойрхон байх буюу их унших шаардлагатай байдаг.
Манай компанийн шинжээчид Bloomberg Professional аппыг ажилдаа ашигладаг юм. Эндээс бид цаг үеийнхээ мэдээллийг тогтмол авдаг. Мөн дотоодын зах зээлийн мэдээллийг Bloomberg болон бусад эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн мэдээллийн хэрэгслүүдээс авна.

3. Таны ажлын нөү-хау?
Санхүүгийн бизнесийн суурь нь итгэлцэл. Энэ итгэлийг олохоос илүү хадгалах нь хэцүү. Хэлсэн ярьсандаа байж хугацаандаа амласан ажлаа биелүүлдэг байх ёстой. Иймд миний хамгийн гол баримталдаг зарчим бол хүний итгэлийг алдахгүй байх, бас хурдтай ажиллах. Хөрөнгийн зах зээлд ажиллаж буй хувь хүн болоод багийн маань ч мэргэжлийн ёс зүй, шударга, ил тод байдлыг эрхэмлэдэг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
TradingView, Bloomberg Professional мөн Viber-ийг хамгийн их ашигладаг юм байна.


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Компанийн өдөр тутмын ажлын хувьд ажилтан бүртэй гэхээс илүүтэй хэлтэс, газрын захирлуудтай уулзаж, ажлын явц, төлөвлөгөөгөө ярилцах нь цаг хугацааг илүү хэмнэдэг. Дээр нь ажлаа чухлаас нь эхлээд зөв эрэмбэлж, тухай бүрд нь асуудлыг хурдан шийдэж чаддаг байх нь чухал. Ялангуяа манай салбарт энэ бол зайлшгүй байх ёстой чадваруудын нэг. Аливаа асуудлыг тэр дор нь шийдэхгүй бол маргааш нь зах зээл дахиад шинээр нээгдэх учраас ажлыг сунжруулж болохгүй.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Аливаа бизнесийн байгууллага нь тухайн жилд хийх ажил, төлөвлөгөөгөө газар нэгжээрээ хэлэлцээд ТУЗ-өөрөө батлуулж, чиглэл авдаг. Гүйцэтгэх захирлын хувьд долоо хоног цаашлаад улирал бүрээр нь үүний хэрэгжилтийг хангуулж ажилладаг учраас төлөвлөгөө дээр зовоод байх зүйлгүй, ойлгомжтой байдаг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Амралтын өдрийг яг амрахад л зарцуулдаг. Ерөнхийдөө сайн унтаж амрах, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа л эрч хүчээ сэлбэдэг. Сүүлийн жилүүдэд ээж, аавтайгаа илүү ойр байж, хамт их цагийг өнгөрөөхийг хичээдэг болсон.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Ирээдүйд хүмүүнлэгийн ажлууд хийх хүсэл байдаг. Одоогоор зөвхөн компанийн өсөлт, хөгжилт гээд төлөвлөгөөт ажилдаа бүх анхаарлаа хандуулан ажиллаж байгаа учраас бүр төсөл болгоод авч яваа ажил одоохондоо байхгүй.
Гэхдээ компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагчдад хөрөнгийн зах зээлийг ойлгуулах, хөрөнгө оруулалтын боловсролыг үнэ төлбөргүй олгох мөн боловсролын салбар, хүүхэд залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ажлуудыг тогтмол хийдэг юм.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Энэ салбарын эерэг талууд шууд мэдэгддэг нь сайхан. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 14 их наяд хүртэл өссөнийг дурьдсан шүү дээ. Энэ их өсөлтөөс хөрөнгө оруулагчид өнгөрсөн дөрвөн жилд зөвхөн бондын зах зээлээс л гэхэд нэг их наяд төгрөгийн өгөөж хүртсэн байна. Нэг хөрөнгө оруулагчийн цаана тэдний гэр бүлийн санхүүгийн боломж өсөж, ирээдүй нь баталгаажиж байна гэсэн үг л дээ.
Нөгөө талд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шууд нөлөө үзүүлэхүйц олон төсөл хөтөлбөрийг цаасан дээр байхаас эхлээд бүтээн байгуулалт өрнөж, үр дүнгээ өгөх хүртэл нь дэмжих 5 их наяд төгрөгийн санхүүжилтийг компани ААН-үүдэд татан төвлөрүүлжээ.

Ингэснээр Монгол Улсын 40 жилийн түүхэнд байгаагүй өндөр хүчин чадалтай цахилгаан станц ашиглалтад орж, алтны салбараас л гэхэд ойролцоогоор нэг тэрбум долларын экспортын орлого олж, тэр хэрээр эх орны маань хөгжил дэвшил урагшилсан байна. Мөн зөвхөн бидний санхүүжүүлсэн төслүүдээр тооцоход 10 мянгаас дээш ажлын байр шинээр бий болсон гэхчлэн ажлынхаа үр дүнг нь тоо баримтаар ч, нүдээрээ ч харна гэдэг сайхан.
Харин бэрхшээлтэй тал нь нойрын асуудал л байна даа. Хөрөнгө оруулалтын банкнууд бүгд л урт цагаар ажилладаг. Бидний хувьд өглөө ажиллаж эхлээд орой Америкийн зах зээл нээгдэх хүртэл ажиллаж л байдаг. Ингэж урт цагаар ажиллахдаа байнга эрч хүчтэй байх хэрэгтэй. Адаглаад зах зээл нээгдэх эхний гурван цаг маш эрчтэй, фокустай ажиллах нь чухал. Энэ нь хувь хүний хувьд нойр солигдох, ажил амьдралын тэнцвэр алдагдахад нөлөөлдөг юм. Миний хувьд залуу хүн учраас энэ тийм хэцүү зүйл биш боловч зарим хүмүүст бэрхшээл болох нь бий.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Бид өнгөрсөн онд зөвхөн Монголын зах зээл дээр 600 орчим тэрбум төгрөг, гадаад зах зээлээс 120 сая долларын санхүүжилт босгожээ. Мөн арилжааны дүн 502.5%, нийт үйл ажиллагааны гүйцэтгэл 13.7 дахин өссөн амжилтаар салбартаа тэргүүлэгч топ гурван компанийн нэгэнд зүй ёсоор тооцогдож байна. Үүн дээр нэмээд 2026 он гарснаас хойш Биржийн бус зах зээлд /OTC/ тэргүүлэн ажиллаж байна.
Бидний хувьд цаашид энэ амжилтаа ахиулах, Монголын томоохон ААН-үүдийг олон улсаас санхүүжилт татахад нь туслах боломжийг бий болгохыг зорьж байна. Сүүлийн үед хөгжингүй орнууд руу оруулж буй хөрөнгө оруулалтын урсгал саарч, хөгжиж буй буюу манайх шиг улс орон руу оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс энэ үеийг бид нар зөв ашиглахыг хичээх болно.
Мөн Монгол Улсад тэтгэврийн сан, баялгийн сангууд бий болж байна. Үүнтэй холбоотойгоор тэтгэврийн хуримтлал, энгийн хуримтлалын сан гээд хаалттай болон нээлттэй сангуудыг байгуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?
Салбар маань баярын өдрүүдийг үл харгалзан 365 өдөр ажилладаг учраас удаан хугацаанд сургалтад суух боломж хомс байдаг. Харин мэргэжлийн онцлогоосоо шалтгаалаад олон салбарын бизнес эрхлэгчидтэй ойр ажилладаг учраас тэр хүмүүсээс сургалт авч байгаатай дүйцэхүйц мэдээлэл авдаг гэхэд хилсдэхгүй.
Дээрээс нь манай салбар жилээс жилд залуужиж байна. Тиймээс залуу мэргэжилтнүүдээ хөгжүүлэх цаашлаад CFA буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цол зэрэгтэй болоход нь туслах зорилгоор тогтмол сургалтад хамруулах зэргээр компанийн зүгээс тусалж дэмжиж ажилладаг.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Киноны хувьд “Money Ball” киног санал болгоё. Энэ киноны хувьд маш сайн статистик судалгаанд үндэслэж, нарийн төлөвлөж, бага төсвөөр том газруудтай өрсөлдөхүйц мундаг кино бүтээж болдгийг баталсан нь таалагддаг юм.
Сүүлд “King Richard” гээд Серена Уильямс, Венус Уильямс нарын аавын тухай баримтат киног үзсэн. Тус бүтээлийн аав нь хүүхдүүддээ нэг зүйлд тууштай байлгахад сургаж буй нь их таалагдсан.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Хүн 10 тоосго үүрэхдээ эхлээд ядарч төвөгшөөнө харин нэг л мэдэх нь ээ 20 тоосго үүрчихдэг болсон байдаг гэж манай өмнөх захирал хэлж байсан юм. Санаа нь хэнд ч анх дааж авсан ажил, ачаалал бүхэн хэцүү санагдана. Гэхдээ эргээд харахад өөрсдөө ч анзааралгүй асар их туршлага хуримтлуулчихсан байдаг. Энэ санаа тухайн үед аливааг зүйлийг илүү том зургаар нь харахад тусалсан шүү.
14. Бусдад шидэх санаа?
Хүн ямар ч салбарт ажиллаж байхдаа тодорхой хэмжээний үнэ цэн заавал бүтээсэн байдаг. Би ярилцлагад орох гээд бэлдэж байхдаа тооцож үзэхэд нийт гурван их наядын хэлцэлд шууд болон шууд бусаар оролцсон байна.
Үүнийг дагаад маш их хариуцлага ирдэг. Тиймээс хамгийн чухал нь аливаа зүйлд чин сэтгэлээсээ хариуцлагатай хандаж, бусдын итгэлийг үргэлж нэгт тавьж, хэлсэн ярьсандаа байж, товлосон хугацаандаа гүйцэтгэж байх ёстой л гэж хэлье дээ.

Сэтгэгдэл бичих

