Жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг дэлхий нийтээр Музейн өдөр хэмээн тэмдэглэдэг нь түүх, соёл, өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэх, түүгээр дамжуулан өөрсдийгөө танин мэдэхийн чухлыг сануулах чухал зорилготой билээ. Энэ өдөр музейн салбарын амин зүрх болсон мэргэжилтнүүд, тэдний хөдөлмөр, нөр их зүтгэлийг анзаарч танихын сацуу, тэдний түүх, соёлын салбарт оруулж буй хувь нэмрийг нь алдаршуулан цохох онцгой өдөр юм. 

Иймээс бид “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын энэ удаагийн дугаартаа жинтэй хувь нэмэр оруулж буй түүхч, музей судлаач О.Энхцолмонг урьж оролцууллаа. Тэрээр Чингис хаан Үндэсний музейн судалгаа, санхүүгийн хэлтэст харьяалагдах эрдэм шинжилгээ, кураторын багт тайлбарлагчийн чиглэлээр ажилладаг бөгөөд үзмэр бүрийн цаадах түүхийг зочдын сэтгэлд амьдруулах шид нь бүрдсэн нэгэн. 


Өнгөрсөн сард зөвхөн Youtube сувагтаа л гэхэд 39.5 сая дагагчтай орчин цагийн хамгийн алдартай стриймэр Speed Монгол Улсад зочлох үед Энхцолмон музейн тайлбарыг англи хэл дээр хийсэн нь түүнийг олны анхааралд аваачсан билээ. Уг ярилцлагаараа бид түүнийг энэ салбарт хөтөлсөн түүх, ажил мэргэжлийнх нь нарийн онцлогийг хуваалцахын сацуу музейн тайлбарлагч хэмээх мэргэжлийн үнэ цэнийг залуу мэргэжилтнүүдэд таниулахыг зорилоо.

Байршил: Улаанбаатар хот, Чингис Хаан Музей
Эрхэлдэг ажил: Музейн ахлах тайлбарлагч

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ? 

Хүн эх орноосоо хол байх тусам үндэс угсаагаа танин мэдэх хүсэл улам илүү төрдөг юм шиг. Би бага насандаа АНУ-д цөөнгүй хэдэн жилийг өнгөрөөсөн юм. Харийн нутагт өсөж торнисон хүүхдэд “Би хэн бэ? Хаанаас ирсэн юм бэ?” гэх асуултууд хэзээ нэгэн цагт зүрхний гүнээс нь хариу нэхэж эхэлдэг. Монголдоо эргэн ирсний дараа энэ асуултууд дотроос улам бүр тодорч, улмаар түүх соёлдоо гүнзгий дурлах шалтгаан минь болж байв.

Хүүхэд насандаа бусад хүүхдүүдийн адилаар, зуны амралтаар эцэг эхийнхээ хамт хөдөө нутгаар аялдаг байлаа. Монгол хүний байгальтайгаа зохицон амьдрах ухаан, өвгөдөө хүндэтгэх ёс, үр хүүхдэдээ өв уламжлалаа заан сургах хандлага бол бидний үндэстний бахархал. Тухайн үед мэдээж хүүхэд байсан болохоор ухаарч ойлгож хараахан чадахгүй ч одоо бодох нь ээ энэ мэргэжилд хөтөлсөн дотоод дуудлага нь энэ л байсан юм билээ.

Дээрээс нь миний музей сонирхох анхны “зүрхний дуудлага” бүр таван настайгаас минь эхлэлтэй. Анх байгалийн түүхийн музейд цэцэрлэгийн ангийнхаа хамт очиж, хоёр давхраас нь доош харж зогсож байсан тэр мөч өнөөдөр ч сэтгэлд минь яг өчигдөр тохиосон мэт тод. Тэр цагаас хойш жилдээ нэгээс хоёр удаа Байгалийн түүхийн музейг заавал зорьж очдог болсон. Тайлбарлагч ах, эгч нарын өгүүлж буй түүхийг чих тавин сонсож, өөрийн эрхгүй түүх, шинжлэх ухааны ертөнцөд соронз мэт татагддаг байлаа.


Харин сургуулиа төгсөөд аялал жуулчлалын салбарт ажилласан он жилүүд минь энэ сонирхлыг маань бүр гүн бататгасан. Монголын наран мандахаас жаргах хүртэлх нутаг дэвсгэр рүү аялж үзэхдээ нэг зүйлийг гүнзгий ойлгож мэдсэн нь Монгол орон бол маш олон үндэстэн ястны нэгдэл бөгөөд бид нүүдэлчин гэх “ертөнцөөс” гаралтай хүмүүс гэдгийг ойлгосон явдал. Энэ өвөрмөц онцлогийг зөвхөн өөрсдөө биш, дэлхий нийтэд ч зөвөөр ойлгуулах, таниулах шаардлагатайг ухаарч, түүхээ түгээн дэлгэрүүлэх хэрэгцээ дотор минь гүн бүрэлдсэн гэсэн үг.

Ийнхүү би СУИС-ийг Түүхч, Музей судлалын хос мэргэжлээр суралцан төгсөж, Чингис Хаан Үндэсний музейн анхны 100 ажилтны нэгээр ажиллах хувь тохиосон. Музей маань 2019 оны 7-р сарын 3-нд үйл ажиллагаагаа эхлүүлж, барилгын ажлыг хоёр жил хагасын турш үргэлжлүүлэн бүтээн байгуулсан. Тэр цагаас хойш бид зөвхөн монголчууд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөнд үүд хаалгаа нээж, өдгөө хоёр жил, найм дахь сартайгаа золгоод байна.

Энэ хугацаанд музейд 800 гаруй мянган зочин хүлээн авсны ихэнх хувийг Монголын хүүхэд, залуус эзэлж байгаа нь тэд Монголын түүх, соёлоор ямар их ангаж цангаж байсныг илтгэдэг. Хувь хүнийхээ зүгээс би магадгүй 100 давхар барилга босгож чадахгүй эсвэл Чингис Хаан шиг Монголын баруун өмнөөс Персийн булан хүртэлх өргөн уудам газар нутгийн эзэнт гүрний байр суурийг тавьж чадахгүй. Гэхдээ би ирээдүйн Монголыг түүчээлэх үр хойчид өвөг дээдсээ хүндэлдэг, үүх түүхээ мэддэг, мэдлэг боловсролтой, эх оронч сэтгэлтэй иргэн болоход нь хувь нэмрээ оруулж чадна. Мэргэжлийнхээ уг онцлогоор л туйлын их бахархаж, энэхүү албан үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж явахыг хичээдэг.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 


Төрийн албан хаагч учраас мэдээж долоо хоногийн таван өдөр ажиллана. Өглөөний 8:30-аас оройны 17:30 хүртэл ажилладаг. Нэг талаараа үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа учраас баярын өдрүүдээр, гэнэтийн дуудагдсан үеүдэд ажилладаг онцлогтой. Энэ долоо хоногт бид зуны цагийн хуваарьт шилжээд амралтын өдөр үл харгалзан өглөөний 9:00 цагаас оройны 20:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжсэн.

Музейд ажиллана гэдэг өнгөрсөн цаг хугацаатай өдөр бүр “уулздаг” мэргэжил. Үзмэр бүхэн өөрийн дуу хоолой, өгүүлэх түүхтэй. Харин би тэр хоолойг өнөө цагт, ирээдүйн иргэдэд ойлгомжтой хэлбэрээр дамжуулах ёстой хүн нь.Тиймээс өдөр тутамдаа маш их уншиж судалдаг. Өглөө ажилдаа ирээд тайлангуудаа бичиж өгнө, музей маань маш олон арга хэмжээ зохион байгуулдаг тул тэр бүхэнд оролцож ажиллана, зочид төлөөлөгчдөдөө үйлчилнэ гэх зэргээр өдөр өнгөрдөг.

3. Таны ажлын нөү-хау? 

Төрийн албан хаагч бүр дагаж мөрдөх зарчим гэж байна. Мэдээж түүнийгээ дагаж мөрдөнө. Би өөрөө коммунист, социалист нийгмийн төгсгөл, чөлөөт эдийн засгийн эхэн үед төрсөн хүн. Бидний үед ах эгч, ахмад настнуудаа хүндэтгэх, өөрсдөөсөө дүү хүүхэд залуучуудад зааж сургах ёсыг эцэг эхчүүд маань зааж сургадаг байсан. Яг тэр зарчмаараа залуу мэргэжилтнүүдэд биеэрээ үлгэрлэж, мэдэхгүй чадахгүй зүйлсийг нь зааж сургахыг л хичээх зарчмаар ажилладаг юм байна.

Гэхдээ тэдэнд зааж чиглүүлэх бус харуулж ойлгуулахад илүүтэй анхаардаг. Учир нь бид бас залуу үедээ хэтэрхий их сургамж өгөх гэж хичээгээд нөгөө талаараа арай бага урам өгөөд байна уу гэж хардаг.

3000 жилийн өмнөх бичээс дээр хүртэл “залуу үе ийм, тийм болж” гэсэн шүүмжлэл бичээстэй. Цаг үе өөрчлөгдөнө, хүмүүс хувьсан өөрчлөгдөнө. Харин ганхашгүй нэг зүйл бол үнэн, зөв, цэгцтэй мэдлэг, ёс зүй, эх оронч сэтгэлгээ. Түүнийг л залуу үедээ үлдээхийг хичээж ажилладаг маань миний баримталдаг зарчим юм болов уу.


4. ашиглахгүй байж чаддаггүй АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ихэвчлэн тэмдэглэлийн дэвтэр дээр ажлуудаа бичиж төлөвлөдөг. Тэгэхээр тэмдэглэлийн дэвтэрээ хамгийн их ашигладаг гэх байх даа.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 


Монголд цөөнгүй музей үйл ажиллагаагаа явуулж байна. Чингис Хаан музей бол отгон музей гэдгээрээ, тэр дундаа дэлхийн түүхэнд өөрсдийнхөө түүхийг үлдээж чадсан нүүдэлчдийн түүхийг сурталчилж байгаа гэдгээрээ онцлог. Дэлхийн хүн төрөлхтний дийлэнх нь Монголд айлчилж ирээд Монголчуудын түүхийг Эзэн богд Чингис хаанаар төсөөлдөг байсан бол их хаанаас өмнө ямар хаад ноёд амьдарч байсан, угсаа гарал, уламжлалаа тэд хэрхэн хадгалж ирсэн цогц түүхийг бид өгөхийг хичээдэг.

Тийм ч учраас манай музейг зорьж ирж буй зочид төлөөлөгчид тодорхой хэмжээний цагийн баримжаатай ирж байгаа. Тэр хугацаанд нь тааруулж цаг хугацаагаа төлөвлөнө, нөгөөтээгүүр ямар онцлогтой зочид ирж байгааг харгалзан аль үзвэрүүдийг түрүүлж үзүүлэх үү гэдгийг тайлбарлагч өөрөө шийдэх байдлаар аль болох цагаа хэмнэхийг хичээдэг. Музейн 3-9 давхарт нийтдээ 7 танхим ажиллаж байгаа бөгөөд үзвэр бүрийн булан тохой болгоныг нарийн тайлбарлахад нэг өдөр ч хангалтгүй. Тиймээс товч, тодорхой тайлбар, ухаалаг маршрутаар зочдын цагийг үр дүнтэй зарцуулж, музейн гол үзмэрүүдийг оновчтой хүргэхийг чухалчилдаг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Музейн зүгээс жил жилийн төлөвлөгөөг гаргаж өгнө. Тэр хуваарийн дагуу ажилладаг. Давхар бидний зүгээс гаргадаг мэргэжлийн аялал, жуулчлалын тайлбарлагчийн сургалт, семинарыг удирдан ажиллана. Өнгөрсөн жилүүдэд манай музей соёлын сэргэлтийн үйл ажиллагаанд оролцсон бол энэ жилийн хувьд дэлхийн томоохон зочид, төлөөлөгчдийг хүлээж авах үйл ажиллагааг улирал, улирлаар хангаж ажиллахад анхаарч байна.

Цухас дурдахад, энэ жил 7-р сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий дахинаа Монголын алтан ургийн томоохон төлөөллийн нэг болох анхдугаар Богд Хан Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан олон улсын томоохон соёлын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа. Энэ ажилд бид эртнээс бэлдэн ажиллаж байна. Эдгээр хуваарьт ажлуудад миний зүгээс уншиж, судлах, бэлдэх, боловсруулах ажлуудыг өдөр өдөртөө төлөвлөж ажилладаг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 


Гадаад хүмүүс стрессээ тайлахын тулд ганцаараа байгальд гарч, бясалгал хийх зэргээр өөрийгөө цэнэглэдэг бол монголчууд бид илүү харилцаанд суурилсан сэтгэл зүйтэй юм шиг санагддаг. Би хувьдаа хайртай хүмүүстэйгээ ойр байх тусам илүү эрч хүч авч, дотоод тэнцвэрээ олдог. Тиймээс хэчнээн завгүй байсан ч охинтойгоо тоглохыг хичээдэг. Энэ нь ч юу юунаас илүү сайн амралт болдог юм.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Аялал жуулчлалын салбар өөрөө маш сонирхолтой, танин мэдэхүй, соёлын солилцоонд тулгуурласан байдаг болохоор би аялалтай холбоотой контентууд үзэх, шинэ газруудын тухай судлах, аяллын блог бичдэг хүмүүсийг дагах дуртай. Тэдний нүдээр дэлхийг харах нь сонирхолтой байдаг юм. Мөн би хоол хийж, шинэ жор туршиж үзэх хоббитой.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?


Олон танхимуудад дундаж хэмжээний тайлбар хийхэд дунджаар 2-3 цаг тасралтгүй шаарддаг. Гурван цаг тасралтгүй ярина гэдэг бас тийм амар биш, толгой их өвдөнө. Тэр нь л бага зэрэг бэрхшээлтэй тал нь юм болов уу. Гэхдээ энэ бол зөв зүйлийн төлөө хийж байгаа ядралт учраас нэг их бэрхшээл гэж бодоод байдаггүй л дээ.

Ажлын онцлог бол маш олон хүнтэй уулзах боломжтой. Монголыг сайн ч талаар нь, муу ч талаар нь янз янзаар ойлгож ирсэн хүмүүстэй уулздаг. Тэдгээр хүмүүст аль болох үнэн, зөв мэдээлэл өгөх хүндтэй үүрэг хүлээж байгаа нь бахархууштай.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө? 


Одоогоор миний анхаарлын төвд байгаа ажил бол манай музейн зохион байгуулдаг жил тутмын археологийн малтлага, судалгааны ажил. Археологийн малтлагын ажил өнгөрсөн цаг хугацааг нээж, түүхийн дурсамжийг амилуулах чухал ажил гэж ойлгодог. Ирэх долоо хоногоос эхний баг малтлагын ажлаа эхлүүлэх гэж байна.

Ташрамд дурдахад манай музейд хадгалагдаж буй хүрэл толинуудын дунд XIII зууны үед хэрэглэгдэж байсан, миний өөрийн гараар илрүүлэн олсон нэгэн толь бий. Ийм төрлийн эд өлгийн олдворыг зөвхөн үзмэр төдий гэж харахаас илүүтэй түүхэн агуулгаар нь задлан шинжлэх шаардлагатай байдаг юм. Энэ зун эд ачаалалтай өдрүүд дууссаны дараа эдгээр олдворын нарийвчилсан судалгаа, тайлбарыг бичих ажилд илүү төвлөрөх төлөвлөгөөтэй байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 


Судлаач хүний хувьд суралцах процесс хэзээ ч дуусдаггүй гэж боддог. Мэдлэг бүтээнэ гэдэг хэдэн жил сураад олчихдог зүйл биш, харин цаг хугацаа, шинэ нээлт бүртэй зэрэгцэн тасралтгүй шинэчлэгдэх, баяжих, улам гүнзгийрэх ёстой зүйл. Иймд би улирал тутам болон жил бүр ШУА болон түүний харьяа Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Угсаатны зүйн хүрээлэнгээс гаргасан судалгаа, баримт материал, шинэ бүтээлүүдийг уншиж судалдаг.

Түүхийн талаарх мэдээлэл байнга шинэчлэгдэж, нэг өнцгөөс харагдаж байсан зүйл өшөө нэг баримтаар өөрөөр тайлбарлагдах нь бий. Тиймээс зөвхөн дотоодын эх сурвалжуудаар хязгаарлагдалгүй гадаадын эрдэмтдийн бүтээлүүдтэй ч тогтмол танилцаж, олон улсын хандлага, судалгааны шинэ аргачлал, нээлтүүдээс суралцахыг хичээдэг. Энэ бол зөвхөн мэргэжлийн шаардлага төдийгүй миний хувийн сонирхол.

12. Санал болгох ном, хөгжим, кино? 


Ажил мэргэжил, аж амьдрал, орчин цагтай холбогдолтой маш олон бүтээл бий. Гэхдээ хүний сэтгэл зүрхэнд хамгийн анхны сэтгэгдэл, мэдрэмж төрүүлсэн зүйл нь илүү гүн бат суудаг шиг анх номтой танилцаж байхдаа уншиж байсан “Wizard of OZ” буюу монголоор “Маргад-Эрдэнэ хотын илбэчин” ном одоо ч сэтгэл зүрхэнд уяатай байдаг юм.

Киноны хувьд би яг тэр, энэ гэж ганцхан кино нэрлэхийг хүсэхгүй байна. Монголын алтан үеийн кинонуудыг ямар ч үед үзсэн огт уйддаггүй. Жишээ нь “Аман хуур” киног зурагтаар гарч байхад нь хэзээ ч үзсэн мэдрэмж нь шинээрээ байдаг. Ёстой л алтан үеийн гэж нэрлэдэг нь цаанаа учиртай юм шиг санагддаг шүү.

Бидний үед хип хоп урсгалын хөгжим их “моод” байлаа шүү дээ. Хэдий классик, рок поп гээд бүх төрлийн хөгжмийг адилхан сонсдог ч гэсэн хүүхэд, залуу байх үед сонсож өссөн хөгжим нь илүү ойр, дотно санагддаг юм биш байгаа юм. Тийм болохоор ICE TOP хамтлагийн дуунууд шууд санаанд орж байна.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?


Ахмадуудын үгс л одоо бодоход хамгийн эгэл, даруу хэр нь амьдралд ойр, чухал зөвлөгөө байдаг юм билээ. Ядарсан үедээ ядарлаа гэж ялархалгүй гол зорилгоо санаж, түүнийхээ төлөө зогсолтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй гэж олон хүн янз янзаар зөвлөж байсан нь бүхэлдээ миний амьдралын мөрдлөг болжээ гэж боддог. Ялангуяа бие сэтгэлээр туйлдаж, хүндхэн сорилт тулгарах үед энэ үгийг өөртөө сануулж, урагшилдаг юм. Учир нь амжилт гэдэг зөвхөн гял цал алдар нэр биш шүү дээ. Харин зорилгынхоо төлөө тууштай байж, шантралгүй урагшлах явцаас л хүн амжилтын амтыг илүү мэдэрдэг.

14. Бусдад шидэх санаа?


Коммунизм энэ тэртэй ямар ч холбоогүй шүү. Ленин хувьсгалын хэргийг явуулаад “Искра” хэмээх сонин хэвлүүлж байсан юм. Уг сониных нь уриа “Очоос дөл бадарна” хэмээх үг бий. Яг энэ үгийн адилаар Монголын залуучууд та нар бол Монголын оч хэмээн өөрсдийгөө бодож, авхаалжтай, ухаантай, дэлхийн хэмжээний мөрөөдлийг тээн, түүн рүүгээ тэмүүлж амьдрах хэрэгтэй. Хүсэл мөрөөдлөө жижигхэн оч гэж бүү голоорой. Учир нь очоос дөл бадардаг юм шүү гэж хэлье.

Харин түүхч, музейн тайлбарлагчаар сурч ажиллахыг хүсдэг залуустаа зөвлөхөд Монгол гэдэг Зүүн Хойд Азийн цээжинд лугшсан зүрхний цохилтыг өөр улс орны ард иргэдэд мэдрүүлэх боломж манай мэргэжлийн хүмүүст байдаг. Тиймээс энэ мэргэжлийг сонгож ажиллахаар сонирхож байвал тал талын эх сурвалжаас мэдлэгийг бүтээж, үнэн, зөв мэдээллийг түгээхэд суралцаарай гэж захихын сацуу Чингис хаан музейн үүд хаалга энэ чиглэлээр ажиллахыг хүсдэг залуу мэргэжилтнүүдэд үргэлж нээлттэй байх болно гэдгийг дуулгая.