Хөгжмийн хэлээр хүүрнэж, уран бүтээлээ хойч үедээ өвлүүлэн үлдээж буй нэгэн эрхмийг бид энэ удаагийн дугаартаа урилаа. Тэр бол Германы Мюнхен хотоос гаралтай, контрбасс хөгжимчин, профессор Мартин. Долоон настайдаа сонгодог хийл хөгжмөөр урлагийн замналаа эхлүүлж байсан тэрээр өсвөр насандаа жааз хөгжмийн ертөнцөд эргэлт буцалтгүй татагдсан түүхтэй.

Өдгөө тэрээр Герман, Монгол хоёрын хооронд “нүүдэллэн” амьдарч, Европ, Ази, цаашлаад Африк тивээр аялан тоглолт хийхийн зэрэгцээ дараагийн үеийн шилдэг хөгжимчдийг бэлтгэх үйлсэд амьдралаа зориулж яваа юм. Монголын жааз хөгжмийн хөгжилд түүний оруулсан хувь нэмэр үлэмж бөгөөд 2014 онд "GMUB" жааз хөтөлбөрийг үүсгэн байгуулалцсан нь өнөөдрийн шинэ үеийн уран бүтээлчдийг төрүүлэх суурь болсон юм. Түүнчлэн, Мартин дэлхийн хамгийн шилдэг жааз хөгжмийн 100 орчим мэргэжилтнүүдийг нэгтгэсэн Олон Улсын Жааз Сургуулиудын Холбооны хурлыг Ази тивд, тэр дундаа Монгол улсад энэ сард анх удаа зохион байгуулахаар ажиллаж байна.

Байршил: Мюнхен, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Жааз хөгжимчин

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Би долоон настайгаасаа хийл хөгжим тоглож эхэлсэн ч 12 настайгаасаа жааз хөгжимд, тэр дундаа контрбасс хөгжимд илүү их татагдах болсон юм. Тухайн үед би аялан тоглолтоо хийдэг хөгжимчний амьдралыг их романтикаар төсөөлдөг байлаа л даа. Жааз хөгжим сурчихвал илүү эрх чөлөөтэй амьдрах ч юм шиг санагдсан. Гэтэл үнэндээ хөгжмөөр хоолоо олж иднэ гэдэг тийм амархан зүйл биш байв.

1987 онд Мюнхен хотод жааз хөгжмийн албан ёсны хөтөлбөр бараг байгаагүй тул 17 настайдаа Мюнхений Хөгжмийн Дээд Сургуульд сонгодог хөгжмийн чиглэлээр элсэн орсон юм. Тухайн үед хөгжмийн сургуулийн хичээл, дүрэм, журам нэлээн чанга ч байж. Тэр чинээгээрээ хөгжмийн техник, сахилга бат, суурь мэдлэг бат бөх суусан гэж боддог. 21 настайдаа сургуулиа төгсөөд би шууд бие даасан жааз хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн юм. Маш олон орноор аялан тоглолт хийж, олон өөр хөгжимчидтэй хамтарч, өөр өөр соёлтой танилцаж нэг талаараа туйлдмаар цаг үеийг туулсан ч хөгжмийн ертөнцтэй энэ үед л эргэлт буцалтгүй холбогджээ.


Ингээд 2008 онд карьерын хувьд арай өөр замаар явах боломж тохиосон юм. Тухайн үед надад Солонгосын Сөүл хот дахь Кёнхи Их сургуульд профессороор ажиллах санал ирсэн юм. Ингэж би Солонгос Улсад 2012 он хүртэл дөрвөн жилийн турш жааз хөгжмийн багшаар ажилласан юм. Харин 2012 онд би Giant Steppes наадамд оролцохоор анх Монголд ирж байлаа. Тэр аяллын үеэр тухайн үеийн Хөгжим Бүжгийн Коллежид буюу одоогийн Консерваторид сургалт зохион байгуулж, оюутнуудад жааз хөгжмийг танилцуулсан юм. Энэ үед Монгол оюутнуудын хөгжим сурах хүсэл их, хичээл зүтгэл ч сайн байсныг анзаарч Гёте Институттэй хамтран санхүүжилт босгож, GMUB хэмээх албан ёсны жааз хөгжмийн хөтөлбөрийг эхлүүлж байв. Ийнхүү энэ төсөл эхэлснээр би Монголд илүү удаан хугацаанд ажиллаж, улмаар 2014 онд бүр Монгол руу нүүх шалтгаан болж байлаа.

Одоо би Мюнхенд гурван долоо хоног ажиллаад, Монголд гурван долоо хоног ажилладаг нүүдэлчин амьдралын хэв маягтай болжээ. Учир юу вэ гэвэл надад 2018 онд миний төгссөн сургууль болох Мюнхений Хөгжмийн Дээд Сургуулиас түр багшаар ажиллах санал тавьсан юм. Уг нь өвдсөн найзынхаа оронд түр ажиллах төлөвлөгөөтэй байсан ч харамсалтай нь найз маань нас барж, би түүний албан тушаалыг албан ёсоор хүлээн авсан юм.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Амьдралын маань хэмнэл гурван долоо хоногт хуваагддаг тул өдөр бүр маш өөр өөр өнгөрдөг. Сар бүр дунджаар хоёр, гурван өдрийг зөвхөн нислэгт зарцуулах жишээтэй.

Идэвхтэй ажиллаж байгаа өдрүүддээ ихэвчлэн өглөөг маш эрт эхлүүлдэг. Гэхдээ сахилга бат гэхээс илүү зүгээр л нойр муутай байдагтай холбоотой байх. Сэрсэн даруйдаа бараг шууд л ажил руугаа орж мэйлүүддээ хариу өгдөг. Мюнхенд бол магистрын оюутнуудтайгаа нэлээн олон цагийн турш хичээл ордог. Монголд бол төслийн ажил, сургалт, уулзалт зэрэгт илүүтэй анхаарна. Мөн мэдээж зарим өдөр тоглолттой өдөр таарна, энэ үедээ бүх цагаа хөгжимдөө л зориулдаг даа.

3.Таны ажлын нөү-хау?

Өдөр тутмын ярианд бид хэзээ ч бүх үгээ урьдчилан бичсэн юм шиг ярьдаггүй шүү дээ. Ярьж байгаа хүнээ сонсож, мэдэрч, яриа хааш чиглэж байгаагаас шалтгаалан өөрийн үзэл бодол, хариултаа хэлдэг дээ. Миний хувьд хөгжим тоглох ч тэр, багшлах ч тэр хоёулаа үүнтэй адил. Тэгэхээр аливаад маш уян хатан байх нь миний нөү-хау.

Уян хатан байхын тулд маш сайн төлөвлөгөө, бэлтгэл хэрэгтэй. Хөгжимчин хүн бэлтгэлийн өрөөнд хэдий чинээ хөгжмөө сайн давтана төдий чинээ өөрийгөө хөгжмөөрөө чөлөөтэй илэрхийлж, шинэ зүйл туршиж уян хатан байж чадна. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр аливаад сайн бэлтгэлтэй байх нь зөв гэхдээ тэр бэлтгэлдээ хэт баригдалгүй тухайн мөчдөө чөлөөтэй, уян хатан байх нь ч мөн чухал.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ? 

Миний хувьд хамгийн итгэлт хэрэгсэл бол ямар нэг апп, төхөөрөмж биш тархи маань. Ажил маань өөрөө харилцаа суурьтай учраас хэн нэгэнтэй хамтран ажиллах, тоглолт хийх, төсөл эхлүүлэх, хичээл заах гээд аль ч тохиолдолд хамгийн чухал нь хувь хүн хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл байдаг. Тиймээс ихэвчлэн тархиндаа хэнтэй уулзаж, хэн рүү юу бичихээ бодож төлөвлөдөг, ер нь ихэвчлэн биеэр уулзахыг илүүд үздэг.

Гэхдээ мэдээж орчин үеийн технологийг огт ашигладаггүй гэсэн үг биш л дээ. Хиймэл оюун, WhatsApp, мэдээний Der Spiegel апп, нислэгийн хуваарь хянах апп-ууд өдөр тутамд их хэрэг болдог шүү.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Олон улсын хэд хэдэн төсөл дээр зэрэг ажилладаг учраас ажлыг хойшлуулах тусам ачаалал улам л нэмэгддэг. Тиймээс миний өөртөө тавьдаг хамгийн хатуу дүрэм бол боломжтой л бол аливаа ажлыг хэзээ ч хойшлуулахгүй байх. Жишээ нь, шөнийн 03:00 цагт яаралтай мэйл ирлээ гэхэд би өглөө болтол хүлээхээс илүү тэр дор нь хариу бичихийг хичээдэг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Нэг их тусгай арга барил гэхээсээ илүү хэлсэнчлэн цаг тухайд нь ажлаа хийж, асуудлыг хуримтлуулахгүй байж чадвал толгой доторх хийх ажлын жагсаалт удирдаж болохуйц болдог юм болов уу.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Миний хувьд уламжлалт аргаар амардаг хүн биш юм билээ. Жишээ нь би наран шарлагын газар очоод юу ч хийхгүй хэвтэх төрлийн хүн биш. Далайн эрэг дээр очлоо гэхэд нэг цаг болоод л тухгүйдээд эхэлдэг.
Надад бол амралт гэхээр заавал ажлаасаа холдох биш эсрэгээрээ, дуртай хөгжмөө тоглож, өөр хөгжимчидтэй уулзаж, шинэ газар оронд очих нь амралт болдог.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Миний хувьд бүх ажил маань нэг л зүйл рүү чиглэдэг. Хөгжим тоглох, үнэ цэнийг нь бусдад түгээн дэлгэрүүлэх, дараагийн үеийн хөгжимчдөд сургаж, заах гээд бүгд л хөгжимтэй холбоотой. Энэ утгаараа ажлаа би үндсэн болон нэмэлт ажил гэж зааглах арга байхгүй.

Заримдаа олон улсын жааз наадмын уран сайхны зөвлөхөөр ажиллаж, хөтөлбөр, уран бүтээлчид, хөгжмийн чиглэлийг нь бодож боловсруулдаг. Харин заримдаа оюутнууддаа их сургуулийн өргөдөл, шалгалт, материал бүрдүүлэлт дээр нь тусалдаг. Мюнхенд байхаараа бусад хөгжмийн зохиолчдын эсвэл оюутны хамтлагийг удирдаж, тэдэнд зориулж хөгжим бичиж өгнө гэхчлэн бүгд хөгжимтэй холбоотой ч өөр өөр хэлбэрээр л хийгээд байгаа хэрэг.

9.  Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд? 

Хөгжмөөр хоолоо олж иднэ гэдэг маш их зориг зүрх шаарддаг шийдвэр. Зарим үед маш гоё гоё боломжууд гарч ирнэ, зарим үед орлого тогтворгүй, ирээдүй бүрхэг санагдах үе ч бий. Үүнээс гадна тайзан дээр гарах бүртээ би өөрийгөө бусдын өмнө нээж харуулах хэрэгтэй болдог. Тиймээс хүмүүсийн шүүмжлэлд үргэлж бэлэн байх хэрэгтэй болно. Үзэгчид юу гэж хүлээж авах бол, хамтран тоглож буй хүмүүс намайг юу гэж дүгнэх бол, би яг тэр мөчдөө өөрийгөө бүрэн илэрхийлж чадах болов уу гэхчлэн айдас үргэлж байдаг.

Гэхдээ энэ мэргэжлийн хамгийн том давуу тал нь эрх чөлөө. Миний хувьд амжилтыг зөвхөн санхүүгийн хэмжүүрээр тодорхойлохоо больсон. Харин эрх чөлөө гэдэг бол ёстой юутай ч жишиж үл болом зүйл юм билээ. Хөгжим надад уран сайхны эрх чөлөө, сонгох эрх чөлөө, өөрийнхөөрөө амьдрах боломжийг өгдөг.

10.  Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Яг одоогийн байдлаар миний хамгийн их төвлөрч байгаа зүйл бол Олон Улсын Жааз Сургуулиудын Холбооны хурлыг Монголд зохион байгуулах. Уг хурал нь жил болгон зохион байгуулагддаг ба энэ удаа Ази тивд анх удаа зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог.

Бид 7-р сарын 5-11-ний өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх 100 гаруй авьяаслаг жааз хөгжмийн оюутан, багш нарыг Монголд цуглуулж хэлэлцүүлэг, сургалт, уулзалтууд зохион байгуулах юм. Хамгийн сонирхолтой нь орой бүр Улаанбаатарын клубүүдэд дөрвөн өөр jam session зохион байгуулагдана. Уг хурал дээр маш олон жилийн турш Хойд Америк болон Европын дуу хоолой илүү давамгайлж ирсэн. Тиймээс энэ удаа бид аль болох тив бүрийн төлөөллийг оролцуулж, жааз хөгжмийн ертөнцийг илүү өргөн, олон талт өнцгөөс харуулахыг зорьж байгаа юм.

Жишээлбэл, бид Испаниас харааны бэрхшээлтэй төгөлдөр хуурч урьж, харанхуйд тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Мөн Мадагаскарын өвөрмөц хэмнэл, хөгжмийн уламжлалыг харуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн арга хэмжээний уран сайхны удирдаачаар Грэммигийн шагналт төгөлдөр хуурч Данило Перезийн ажиллаж байгааг дурдууштай. Тиймээс тэр чинээгээрээ чанартай болох болов уу. Миний хувьд энэ хурал бол Монголыг олон улсын жааз хөгжмийн салбарт илүү тод харуулах, мөн Монголын оюутнууд, хөгжимчдөд дэлхийн түвшний уран бүтээлчидтэй шууд холбогдох боломжийг олгох нь чухал байгаа.

11.  Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 

Надад хөгжмийн салбарын чиг хандлага, түр зуурын моод нэг их чухал биш. Хамгийн гол нь хэнтэй тоглож, хэнээс суралцаж, ямар уран бүтээлд би өөрөө оролцож байна вэ гэдэг илүү чухал. Би аль болох өөр өөр үеийн, өөр орчинд өсөж төрсөн хөгжимчидтэй хамтарч ажиллахыг хичээдэг. 20 настай, консерваторт дөнгөж суралцаж эхэлж буй оюутнаас заримдаа маш чухал хичээл сурна. Заримдаа Бразил уламжлалт хөгжим тоглодог, 92 настай домогт хөгжимчдөөс шинэ техник сурна гэхчлэн. Тиймээс аливаад аль болох л нээлттэй байх хэрэгтэй гэж боддог.

12. Санал болгох ном, хөгжим, кино? 

Хөгжмийн тухайд, жааз хөгжим төдийлөн сонсдоггүй хүмүүст Стиви Вондерийн Songs in the Key of Life цомгийг санал болгоно. Харин жааз хөгжимд дуртай хүмүүст бол Чарльз Мингусийг судлаад үзээрэй гэж зөвлөе. Контрбассчин, хөгжмийн зохиолчийн хувьд үнэхээр онцгой уран бүтээлч. Гэхдээ Мингусийг зүгээр YouTube дээрээс ганц хоёр бичлэгийг нь үзэхээс илүү зохиолуудыг нь нухацтай судлах хэрэгтэй гэж боддог.

Киноны хувьд би өөрийгөө кино их үздэг хүн гэж хэлэхгүй. Ихэвчлэн онгоцонд л кино үздэг. Гэхдээ Triangle of Sadness надад үнэхээр хүчтэй сэтгэгдэл үлдээсэн шүү. Орчин үеийн нийгэм, эрх мэдэл, мөнгө, хүний зан авирыг егөөдөж харуулсан кино юм шиг санагддаг.

Надад нэлээн чухал нөлөө үзүүлсэн нэг ном байдаг нь "The Book of Chuang Tzu”. Даоизмийн сонгодог бүтээл гэгддэг энэ ном миний ертөнцийг харах өнцөг, аливаад хандах хандлагад их хүчтэй нөлөөлсөн.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

Намайг 30 орчим настай байхад Жимми Коббтой хамт тоглох завшаан олдож байлаа. Жимми Кобб чинь Майлз Дэвисийн Kind of Blue цомогт тоглосон, жааз хөгжмийн түүхэнд маш том байр суурь эзэлдэг жааз бөмбөрчин хүн. Тиймээс би бүр маш их сандарч, сүрдэж байсан юм. Эхний завсарлагааны үеэр Жимми над дээр ирээд “Чи сандарч байна уу?” гэж асуусан. Би ч нуулгүй сандарч байгаагаа хэлсэн. Харин Жимми надад “Чи надад сэтгэгдэл төрүүлэх гэж хичээх хэрэггүй. Тэр чинь угаасаа бүтэхгүй. Надад зүгээр чи хэн бэ л гэдэг чухал” гэж хэлсэн юм.

Нээрэн л бүхэл бүтэн дэлхийн од Жимми Кобб-ийг гайхшируулна гэдэг угаасаа хэцүү шүү дээ. Тиймээс тайзан дээр гарахдаа хэн нэгнийг гайхшируулах, өөрийгөө батлах гэж хэт хичээх шаардлагагүй, харин илүү өөрийнхөөрөө, үнэнээрээ тоглох чухал.

Мөн Жиммигийн хэлсэн бас нэгэн зөвлөгөө нь “Сайн хөгжимчидтэй тоглож байхдаа битгий сандар. Учир нь туршлагатай хүмүүстэй тогловол юу ч буруугаар эргэхгүй. Харин хөгжим тоглож чаддаггүй хүмүүстэй тоглох үедээ л сандрах хэрэгтэй” гэж хэлж байсан юм.

14. Бусдад шидэх санаа?

Хөгжимчин болохыг хүсэж байгаа хүмүүст миний хамгийн түрүүнд хэлэх зүйл бол даруу бай. Ялангуяа өөрийн “эгог” бэлтгэлийн өрөөнд үлдээж сурах хэрэгтэй. Бэлтгэлийн өрөө бол техникээ давтаж, алдаагаа засаж, өөрийгөө хөгжүүлэх газар. Тэнд чи уйгагүй хөдөлмөрлөж, өөрөөсөө илүү ихийг шаардах ёстой.

Гэхдээ тайзан дээр гарах мөчид тэр бүх техникийг сурах гэсэн шазруун хүслээ дарах хэрэгтэй. Тайзан дээр чи өөрийгөө ямар мундаг тоглож чаддаг вэ гэдгээ харуулах гэж гараагүй. Харин өөрийн мэдрэмж, үнэн дуу хоолойгоо хөгжмөөр дамжуулан илэрхийлэх гэж гардаг. Хөгжим гэдэг чинь зөвхөн ур чадвараа үзүүлбэр болгож гаргаад байгаа зүйл биш шүү дээ. Хөгжмөөр дамжуулан түүхийг өгүүлж, сонсогчидтой холбоо үүсгэж болно.

Миний хувьд сайн хөгжимчин байна гэдэг төгс төгөлдөр байхыг хэлдэггүй. Мэдээж техник хэрэгтэй, сахилга бат хэрэгтэй, олон цагийн бэлтгэл хэрэгтэй. Гэхдээ тэр бүхний цаана чи тоглож буй хөгжимдөө чин үнэнээсээ хайртай байх ёстой. Тиймээс би оюутнууддаа үргэлж “төгс тоглох гэж хичээхээс илүү үнэн тоглохыг хичээ” гэж хэлдэг юм.