Хүн төрөлхтөнд ниснэ гэдэг зөвхөн зүүд мэт байсан бол өдгөө бид анхны нислэг үйлдсэнээс хойш хэдийн 120 гаруй жилийг ардаа үджээ. Тэр цагаас хойш техник технологи тасралтгүй хөгжиж, тив хооронд хэдэн сар дамнан зорчдог байсныг ердөө хэдхэн цагийн дотор туулах боломж бидэнд нээгдэв. 

Манай улсын үндэсний агаарын тээврийн түүх МИАТ ТӨХК-тай салшгүй холбоотой. Сонирхуулахад, МИАТ компани нь 69 жилийн хугацаандаа 512,000 удаагийн аяллаар 570,000,000 км агаарын замыг туулжээ. Энэ нь дэлхийг нийт 14.000 удаа тойрсонтой тэнцэх зай юм. Монгол Улсын Төрийн далбааг тээгч МИАТ компани  2025 онд Skytrax-ийн “World’s Most Improved Airlines 2025” шагналыг хүртсэн билээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Канадын Bombardier CRJ-700 загварын онгоцыг “Ирвэс” хэмээн нэрлэж, эгнээндээ нэгтгээд байгаа юм.

Энэ удаагийн ярилцлагатаа бид эл байгууллагыг удирдаж буй Б.Мөнхтамир захирлын өдөр тутмын ажлын хэв маяг, цагийн менежмент, шийдвэр гаргах арга барилыг уншигч тантай хуваалцаж байна. 

Байршил: Буянт-Ухаа төв оффис
Эрхэлдэг ажил: МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
Ашигладаг гар утас: iPhone 15
Хэрэглэдэг компьютер: iMac
Сошиал хуудас: Munkhtamir Batbayar (LinkedIn)



1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Улаанбаатар хотын 40 мянгатад төрж өссөн би хүүхэд насныхаа ихэнх цагийг гудамжинд тоглож, сагсан бөмбөгийн талбай дээр өнгөрөөсөн. Арван жилдээ Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуульд сурч төгссөн ба багадаа математик, биеийн тамирын хичээлдээ л дуртай нэлээд сахилгагүй бас шартай хүүхэд байсан санагддаг. 12-13 наснаасаа эхлэн сагсан бөмбөгөөр хичээллэж тэр цагаас хойш сагсан бөмбөгөөс огт холдоогүй юм билээ. Миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон уг спортоор би спортын мастер цол хүртэж байлаа.

Мэргэжлийн хувьд бол би мэдээллийн технологийн салбараас гараагаа эхэлсэн юм. ШУТИС-ийн харьяа Компьютерын техник, менежментийн сургуульд (КТМС) мэдээллийн системийн менежментийн чиглэлээр суралцаж төгссөн. Хүүхэд байхдаа өөрөө оролдож байгаад засчихдаг технологид сонирхолтой хүүхэд байлаа. 2000-аад оны эхээр мэдээлэл технологийн салбар хамгийн эрэлттэй салбаруудын нэг байсан, дээр нь миний сонгосон мэргэжил бүр шив шинэ байв.

Харин АНУ-ын Виржиниа мужийн олон улсын их сургуульд магистрын зэргээ Бизнесийн удирдлага, Олон улсын санхүүгийн чиглэлээр суралцаж хамгаалсан. Хос мэргэжил эзэмшихээр сонгосон нь миний хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан гэж боддог. Аав маань тухайн үед мэдээллийн технологиос гадна өөр салбарын мэдлэгтэй байх бас хэрэгтэй гэж зөвлөсөн нь бас нөлөөлсөн болов уу.



Карьерын гараагаа оюутан байхдаа жижиг бизнес эрхэлж эхэлж байсан. Харин албан ёсоор 2011 онд Оюу толгой компанид Business Solutions Support Specialist-аар ажиллаж эхэлсэн. 2011-2017 онд ажиллах хугацаандаа олон улсын томоохон төсөлд оролцож, бизнесийн үйл ажиллагааны сайжруулалтын чиглэлээр мэргэших боломжтой болсон. Ингээд 2015 оноос Process Improvement Leader-ээр дэвшиж, бизнесийн процессуудыг илүү оновчтой болгох, борлуулалтыг үр дүнтэй болгох зэрэгт анхаарч ажиллаж байв.

2017 онд надад нэг завшаан тохиосон нь МИАТ компанийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллах санал ирсэн явдал. Тухайн үед карьераа өсгөх сонирхолтой байсан би эргэлзэлгүй зөвшөөрсөн. Цаашлаад 2019 онд Захиргаа, хууль эрх зүйн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажилласан бол 2021 оноос хойш МИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мөн Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо буюу IATA хэмээх дэлхийн 120 гаруй орны 330 гаруй агаарын тээвэрлэгчийг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том байгууллага байдаг. Энэ холбоо нь дэлхийн агаарын тээврийн салбарын бодлогыг тодорхойлж, тэдгээрийг нэг стандарт, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулах, аюулгүй ажиллагааны хамгийн өндөр стандартыг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, шалгаж, гэрчилгээжүүлж байдаг байгууллага гэсэн үг. Үүнээс гадна дээр дурьдсан 330 гаруй агаарын тээвэрлэгчээс 30 компанийн гүйцэтгэх захирлууд удирдах зөвлөлийг бүрдүүлдэг бөгөөд өнгөрөгч 2024 оны 6-р сард миний бие энэхүү холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсондоо баяртай байгаа.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өдөр маань өглөө машиндаа суугаад мэйлээ шалгахаас эхэлдэг. Өдөржин хурлаас хуралд, уулзалтаас уулзалтад орж өнгөрнө. Жишээлбэл, сая та бүхнийг ирэхийн өмнө хоёр хүнтэй богино уулзалт хийгээд амжлаа. Манай багийнхан календарь дээр товлогдсон хурлуудыг зоогоод өгдөг. Дотоод хурлуудаас гадна гаднын байгууллагуудтай байнгын хамтарч ажилладаг учир онлайн хурлууд ч тасрахгүй. Мөн өглөө бүр ирсэн албан бичгүүдийг цохож, хуваарилж, санхүүгийн гүйлгээнүүдийг баталгаажуулж, гарч буй бүх баримтад гарын үсэг зурж баталдаг.

Ажлаасаа буцах замдаа мэйлээ дахин шалгадаг. Гэхдээ хамгийн чухал мэйлүүдэд л тэр дор нь хариу өгдөг ба бусдыг нь дараа унших тохиргоотойгоор тэмдэглээд үлдээдэг.

3. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Цагийг илүү үр дүнтэй зарцуулахад анхаардаг. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд өдөр бүр нисэх рүү ирж ажиллаж байгаагийн хувьд түгжрэлийн хугацааг сайн ашиглахыг боддог. Миний хувьд мэйл шалгах, хариу илгээх, утсаар ярих ажлуудаа түгжрэлийг ашиглаад амжуулчихдаг болохоор багагүй цаг хэмнэдэг гэж боддог.



4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Microsoft Teams-ийн OneNote-ийг байнга ашигладаг. Энэ нь to-do list маягаар өдөр тутмын ажлаа төлөвлөж, бусдад хуваарилж өгдөг нь зүгээр санагддаг юм. Дээрээс нь сонордуулга нь бүх төхөөрөмж дээр автоматаар гарч ирдэг нь эвтэйхэн байдаг.

Хувийн хэрэглээнд гэвэл утасныхаа Notes дээр ихэнх зүйлээ тэмдэглэдэг. LinkedIn-ийг идэвхтэй ашигладаг, хамтын ажиллагааны саналууд тэндээс бас их орж ирдэг юм. Сүүлийн үед ChatGPT-ийг ч төлбөртэй хувилбараар ашиглаж эхэлсэн. Харин хоббигоороо хамгийн их ашигладаг нь Chess апп юм байна.

5. Таны ажлын нөү-хау? (Ажлаа хэрхэн хийдэг вэ буюу арга барил)

Аваагүй дуудлагадаа заавал буцаж залгаж хариулж байж санаа амардаг. Энэ шиг ер нь ямар ч ажлыг хойшлуулахгүй байхыг хичээдэг. Харин байгууллагын хувьд удирдлагын шат дамжлагыг алгасахгүй байх зарчмыг эрхэмлэдэг. Харин сайн ажилтандаа ажлыг нь даалгаж өгөхдөө тухайн шатны удирдлагад нь дамжуулж, мэдээллийг нээлттэй байлгах нь томоохон корпорацын түвшинд маш чухал гэж боддог шүү. Ерөнхийдөө бүх ажилчдын оролцоог хангахыг хичээх нь чухал.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Мэдээж ажлуудаа ерөнхийд нь толгойдоо бодчихдог. Мартаж, санах гээд байвал өмнөх өдөр нь бичиж тэмдэглээд авчихна. Мөн удирдлагын багийнхантайгаа уулзана, яг хариуцсан чиглэлүүдийн удирдлагуудтай уулзаж, саналаа солилцон төлөвлөгөөгөө гаргахыг чухалчилдаг. Ганцаараа шийдвэр гаргаснаас олуулаа, багийн түвшинд шийдвэр гаргахыг эрмэлздэг, өмнө нь дурдаж байсанчлан би сагсан бөмбөгийн тамирчин байсан. Багийн спортын тамирчин байсан гэдэг утгаараа баг хамт олныг чухалчлах сэтгэлгээ суусан юм болов уу.



7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

“Central League” хэмээх сагсан бөмбөгийн лиг болдог. Би амралтын өдрүүдээр тэр лигт тоглож байгаа. Ер нь олон юм удаан хугацаанд бодож, стрессдэх үед тархи ачааллаа дийлэхэд хэцүү болдог шүү дээ. Сагс бол тэдгээр асуудлаас ангижрах миний нэг арга гэх үү. Мөн шатар тоглох их дуртай. Түүнчлэн орой унтахаасаа өмнө утсан дээрээ заавал шатар тоглочхоод унтдаг юм, Энэ нь бас нэг талаараа тухайн өдрийн ажлаа тунгаахад тус болдог. Эдгээр зүйлсээр л эрч хүчээ нөхдөг дөө.

Харин амралтын өдрүүдэд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөнө. Манай салбарын үйл ажиллагаа хоногийн 24 цаг үргэлжилдэг онцлогтой салбар. Энэ салбарт ажиллаж байгаа учраас хоногийн 24 цаг утсаа асаалттай байлгах хэрэгтэй байдаг. Яаралтай асуудал гарахад миний шийдвэр чухал нөлөөтэй. Тийм учраас амралтын өдөр ч байнгын бэлэн байдалд байдаг гэж ойлгож болно.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Төрөл бүрийн ТББ-уудад өмнө нь идэвхтэй орж ажилладаг байсан, харин сүүлийн жилүүдэд Гүйцэтгэх захирлын алба хашиж эхэлснээс хойш зав чөлөө хомс болж энэ чиглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож чадахгүй л явна.



9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?

Хүн төрөлхтөн өмнө нь дэлхийн татах хүчинд захирагдан гагцхүү газрын хөрсөн дээр алхаж, дугуй, машин, төмөр зам гэхчлэн ашиглан зорьсон газар руугаа зорчдог байсан шүү дээ. Гэтэл сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд л зорчигч тээврийн шинэ салбар нээгдэж, агаараар нисэх болсон гэдэг утгаараа агаарын тээврийн салбар нь бидний хувьд тодорхой хэмжээний айдас, мэргэжлийн чухал онцлог дагуулдаг салбар. Үүнтэй холбоотойгоор ихэнх хүмүүс агаарын тээврийг хамгийн аюултай салбар гэж үзэх хандлагатай байх нь олонтоо. Гэтэл яг үнэндээ агаарын тээврийн салбар хамгийн аюулгүй салбар байдаг. Учир нь манай салбарын шаардлага, стандартууд ч маш өндөрт тогтоогдсон байдаг ба тэдгээрийг ч маш нямбай мөрдөгддөг.

Онгоцны айдастай хүмүүс гэж байдаг шүү дээ. Тэр айдсыг өөрөөр Аэрофобиа гэж нэрлэдэг. Энэхүү айдсын гол шалтгаан нь хүн төрөлхтөн ердөө сүүлийн 100 жилд л уг төрлийн зорчих арга замтай танилцсанд оршиж буй. Мэдээж агаарын тээврийн салбар бусад тээврийн салбартай л адил хүний гараар бүтээгдсэн учир хянамгай, няхуур ажиллаж, дүрэм стандартыг чандлан дагах нь чухал. Ийм салбарыг удирдана гэдэг нь өөрөө нэлээдгүй бэрхшээлүүдийг дагуулах нь бий. Өдөр тутмын ажлын хүрээнд авч үзвэл аюулгүй ажиллагааны үүднээс нислэгийг хойшлуулах, нислэгийн өмнөх шалгалтуудыг дахин хийх, үүнтэй холбоотойгоор нислэгээс зорчигч хасах гэх мэт арга хэмжээг авснаас үүдэн асар олон гомдол, санал ирдэг. Ачаа тээврийн жинтэй холбоотой ч асуудал гарна. Тэр болгонтой нүүр тулан хүн бүрийн онцлог, шаардлагад тулгуурлан шийдвэрлэх нь амаргүй ажил.

Эерэг нь гэвэл мэргэжлийн хамт олны дунд ажиллаж байгаа нь. Ялангуяа нисгэгч, нисэхийн ажилтнууд гээд чадварлаг мэргэжлийн хамт олны дунд эрч хүчээ сэлбэж, хамтдаа гар нийлэн ажиллаж буйдаа баяртай байдаг.



10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Сүүлийн жилүүдэд агаарын тээврийн либералчлал эрчимтэй хийгдэж, зорчигч урсгал нэмэгдэхийн хэрээр бид илүү том өрсөлдөөнд нэгдэж байгаа. Гэсэн хэдий ч Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК энэхүү өрсөлдөөнд үргэлж бэлэн байж, зорчигч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг аюулгүй ажиллагаа, тав тухтай аялал, чанартай найрсаг үйлчилгээгээр хангахын төлөө цаг тутамд хичээн ажиллаж байгаа.

Энд нэг зүйлийг онцлоход Монгол Улсын агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын оргил ачааллын үе нь зуны 6-9 сар байдаг. Тэгвэл бид зөвхөн зуны гурван сард бус өвлийн, хавар, намрын улиралд ч гэсэн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх талаар шат шатны ажлуудыг хийж байна. Бид өнөөдрийн байдлаар 10 агаарын хөлгөөр дэлхийн 11 улсын 14 хот, орон нутгийн 8 чиглэлд тогтмол нислэг үйлдэж, өвөл зуны улиралд зорчигч үйлчлүүлэгчдэдээ илүү өргөн нислэгийн сүлжээ санал болгох үүднээс шинэ чиглэлүүдийг шат дараатайгаар нээж байгаагаас гадна Ази, Европыг холбосон ачаа тээвэр болон зорчигч тээврийн транзит зах зээлийг өргөжүүлэхээр ажиллаж байна.

Мөн Олон улсын агаарын тээврийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа гэж өмнө хэлсэн. Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг бусад авиа компаниудын дурьдвал American Airlines, Qatar Airways, Lufthansa group, Cathay Pacific, Korean Air, ANA гэх мэтчилэн дэлхийн томоохон агаарын тээвэрлэгч нар байдаг. Тэдгээр том тоглогчдын дунд манайх шиг цөөн хүн амтай, далайд гарцгүй орны, жижиг авиа компаниудын асуудал орхигддог талтай. Харин миний хувьд удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа энэ хугацаанд өөрт байгаа боломжийг ашиглаад манайх шиг жигжигхэн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа авиа компаниудад тулгамддаг асуудал түүнийг шийдэх гарц гаргалгаа, дэмжлэг юу байх талаар өөрийн дуу хоолойгоо чадах хэрээр хүргэхийг зорьж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт уг холбооныхоо гишүүнчлэл, нэр дэвшүүлэх хороонд хувиарлагдсан, энэ ажилдаа төвлөрч байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Өнөө цаг үед хувь хүн өөрийгөө хөгжүүлэхэд интернэт, технологи гэхчлэн маш олон төрлийн нөөц боломжууд байдаг болжээ. Миний хувьд хамтран ажиллагчид, эргэн тойрныхоо хүмүүсээс тогтмол суралцдаг. Түрүүн хэлсэнчлэн онцгой салбар, нарийн мэргэжлийн мэргэшсэн хүмүүстэй ажиллаж байгаа учраас суралцах зүйлс их бий.



12. Санал болгох ном, хөгжим, кино?

Номын хувьд би Роберт ‎Грийний 1998 онд бичсэн “The 48 Laws of Power” номыг санал болгоно. Энэхүү ном нь дэлхийн маш олон хэл дээр орчуулагдсан байдаг, удирдлагын түвшинд ажиллаж байгаа болон улс төр сонирхдог хүмүүст нэлээд таалагдах болов уу гэж бодож байна. Кино гэвэл Marvel-ийн цувралуудад дуртай. Харин яг одоо санал болгох дуу алга. Би бүх төрлийн хөгжимд, тэр дундаа хип хоп төрлийн туунд дуртай.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Бодоод үзэхэд гарт баригдах ганцхан зөвлөгөө байхгүй юм билээ. Харин аавын минь амьдралын замнал надад их чухал зөвлөгөө болдог юм шиг санагддаг. Ааваасаа үлгэр дуурайл авч явсан нь ажил, карьерын минь ч залуур болж явсан болов уу гэж боддог. Мэдээж төрөл бүрийн газар очиж, олон багш, менторуудтай ажилласан. Тэр хүмүүсийн нөлөө, зааж сургасан зүйл асар их. Товчхондоо, зарчимдаа үнэнч байхыг л чухалчилдаг. Хүн ямар нэг ажил бүтээхийн тулд өөрийн зарчим, итгэл үнэмшлээсээ ухрах юм бол тэр нь даамжирсаар нэг л мэдэхэд өөрийгөө алдахад хүрнэ. Өөрийгөө танихаа больж ирвэл амьдралын аз жаргал, утга учир ч давхар алдагддаг гэж боддог.

14. Бусдад шидэх санаа?

Арван жил, их сургууль, ажлын гараа гэх замналаар хүн болж төлөвшиж байхдаа амьдралын үндсэн зорилго, мөрөөдлөө өөртөө сануулж байхын үнэ цэнийг ойлгож мэдрээрэй. Хүүхэд бүр л гэнэн цайлган, том мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Гэвч тэдгээр нь хүн болж төлөвшихөд замхраад өгөх нь олонтоо. Тиймээс мөрөөдөлд чинь хүргэх зорилготой байж, түүндээ үнэнч зүтгэх хэрэгтэй. Мэдээж тэр зорилгод хүрэх замд маш олон удаа унаж, босох учир өөртөө итгэн, дотор байгаа галаа унтраалгүй хичээсээр байгаарай. Энэ зөвлөгөөг л нэг хүнд ч болов хүрээсэй хэмээн хүсэж байна.