Инди рок, дрийм поп хөгжимд дуртай хэн бүхний тойрч биш дайрч гардаг хамтлаг бол Шинэ Зеландын Mild Orange хамтлаг. Тэдний “Mysight”, “Some Feeling”, “Freak in Me” дууг сонсоогүй хөгжимд дуртай хүн бараг үгүй болов уу. Ямар ч том хэмжээний нэвтрүүлэг, шоунд оролцдоггүй мөртөө Youtube дээр 27 сая хүртэлх үзэлттэй хэд хэдэн дууг бүтээсэн тэд сонсогчдодоо буйдхан, тухтай газрыг интернэтийн нэгээхэн буланд бий болгожээ. Сонирхолтой нь тэд аль нэг label-д харьяалагдалгүй дуугаа бүтээхээс авхуулаад менежментийн бүх ажлуудаа өөрсдөө хийдэг. 

Тэдний анхны Ази тивийн аялан тоглолтын хамгийн сүүлийн зогсоол нь Улаанбаатар хотод дуусаж буй. Хоёрхон өдрийн өмнө ирсэн тэднийг бид өнөөдөр live session дээр нь амжиж “барьж авч” ярилцлага авснаа энд сийрүүллээ. 

Эрхэлдэг ажил: Амьд хөгжмийн хөгжимчин, дуучин
Сошиал хуудсууд: Mild Orange (Instagram)

Хамтлагийн гишүүд:

Дуучин, гитарчин, продюсер - Жош Мехртенс /Мерт/
Гоцлол гитарчин - Жош Рид /Жа/
Басс гитарчин - Том Келк /Барри/
Бөмбөрчин - Жек Фергюсон /Жак/

1. Танай хамтлагийн замналаас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Дуучин: Мерт

Би хамтлагийнхаа гоцлол гитарчин буюу Жа-тай 2016 онд их сургуульд танилцаж хамтаа дуу хийх гэж оролдож эхэлсэн юм. Тухайн үедээ ээждээ энэ талаараа хэлхэд манай ээж зургийн альбомоосоо Жа-гийн зургийг гаргаад ирсэн. Энэ үед л бид хоёр бүр цэцэрлэгийн нэг анги байснаа мэдэж байсан. Эхлээд Жа-гаар бөмбөр тоглуулах гэж байсан ч Жа бөмбөр сайн тоглож чадахгүй гэхдээ басс гитар тоглож болно гээд бид хоёр эхэлсэн. Дараа нь Жа өөр бөмбөр тоглодог хүн мэднэ гээд Жакийг буюу одоогийн манай бөмбөрчнийг дагуулж ирж байсан юм. Удалгүй бидэнтэй Барри нэгдэж бид бүрэн бүрэлдэхүүнээрээ 2017 онд дуугаа цацаж эхэлж байлаа.

Бид хэдийн аль нь ч хөгжмийг яг сургуульд сурч байгаагүй. Би жишээ нь хуульч мэргэжлээр, Жак хэвлэл мэдээлэл, Барри спортын шинжлэх ухаан, Жа тогтвортой хөгжлийн бизнес хөгжлийн чиглэлээр Отагогийн Их сургуулийг төгссөн. Хөгжимтэй холбосон хүмүүс маань бидний аав ээж л юм билээ. Тухайлбал Барригийн ээж нь маш мундаг төгөлдөр хуур тоглодог, Жа-гийн аав ээж нь 11 настайд нь гитарын сургалтад явуулж байсан гэхчлэн багаасаа хөгжимтэй холбогдож байсан түүхтэй. Гэхдээ яваандаа тоглохоо больчихсон байсан учраас мэргэжлийн хөгжимчидтэй харьцуулахад туршлагагүй эхэлж байсан.


Манай анхны цомог буюу “Foreplay” 2018 онд цацагдаж байсан юм. Энэ цомгоо бичих гэж би өөрөө нэлээн их продюсерын ажлууд туршиж үзэж, алдсаар нэг юм сурч байсан. Тухайн үедээ юу хийх гээд байгаагаа ч мэдэхгүй маш гэнэн сэтгэлээр 1000 Шинэ Зеланд доллар босгоод дуу бичих хэрэгслүүдээ аваад түрээсийн студид, номын санд, нэгнийхээ гэрт гээд энд тэнд явж дуугаа бичдэг байв. Бусад хамтлагуудын адилаар дэлхийгээр аялсан алдартай хамтлаг болохыг мөрөөддөг байсан ч эхний цомгоо гаргачхаад тэрийг хүлээж суугаагүй. Маш алс холын мөрөөдөл л байсан л даа. Гэтэл анхны цомгоосоо бид нэг их удаа ч үгүй нэлээн олон дэлхий даяар сонсогчидтой болчихсондоо их талархдаг.

2. Танай хамтлагийн дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Дуу бичих нэг өдөр маш энгийн өнгөрдөг ер нь бид өөрсдөө ч тийм байлгах гэж зорьдог. Эхлээд заавал хамтдаа хоол хийж иддэг. Манай Жа, Барри хоёр хоол хийх дуртай, гоё ч хийдэг, харин Мерт бид хоёр сайн аяга таваг угаагч. Ингээд л бэлдсэн эсвэл туршиж үзэхийг хүсэж буй зүйлсээ студидээ туршина даа.

Бөмбөрчин: Жак

3. Та бүхний ажлын нөү-хау? 

Ковидын үед бид дөрвөн өөр газар амьдардаг байсан ч гэсэн тэндээс бид ажиллах арга барилаа олсон юм шиг санагддаг. Өмнө нь студид бүгдээрээ суугаад дуугаа бичих гэхээр хэтэрхий серьёзный санагддаг байсан болохоор биеэ барих нь их байсан. Харин гэр гэртээ өөрсдийн тухтай орчиндоо, өөрсдийнхөө хэмнэлээр ажиллахаар биднээс илүү гоё бүтээл гардаг юм билээ. Мэдээж дунд нь нэг уулзаж хамтдаа дуугаа бичих, өмнө нь ярилцаж төлөвлөх юмнууд бий л дээ.

Гоцлол гитарчин: Жа

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Дуучин: Мерт

Анх дуу хийж сурч байхдаа Ableton гээд программыг бусдаасаа илүү өнгөлөг логотой болохоор нь татаж авч байлаа. Харин одоо бол энэ программгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй шахам болсон. Мөн Reverb гээд программ бий. Дууны дуугаралтыг илүү өргөн цар хүрээтэй бараг цуурайтай юм шиг сонсогдуулдаг гэх юм уу. Энэ программыг бид нар хамгийн их ашигладаг байх.

Би хувьдаа утасныхаа notes-ийг дууны үгээ бичихдээ, voice recording-ийг толгойд орж ирсэн ая, хэмнэлээ буулгаж авахдаа ашигладаг. Түүнчлэн Photoshop дээр дизайн хийх дуртай, би өөрөө сошиал хуудаснууд дээр орох постеруудаа хийдэг юм. Мөн тус тусдаа бичсэн демо дуунуудаа бие биедээ сонсуулахдаа Soundcloud ихэвчлэн ашигладаг. Зөвхөн өөрсдөө сонсдог тохиргоотой бараг 1000 гаруй дуу Soundcloud дээр бий.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Ажлуудаа цагийг нь тулгаж хийдэг учраас цаг хэмнэх тал дээр хариулт хэлэх хэмжээний хүмүүс биш байх аа. Энэ нь ч бидэнд өөрсдөд маань болоод байдаг учраас нэг их өөрчилье ч гэж боддоггүй юм байна.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Хийх ажлууд маань ер нь ойлгомжтой учраас сүртэй төлөвлөх систем байхгүй. Мэдээж хамтлаг учраас дуугаа бичнэ, цомгоо гаргана, араас нь аялан тоглолтуудаа хийнэ. Тоглолтын хувьд тухайн улсынхаа агентуудтай хамтарч ажиллана, мэдээж энэ бүрд маань туслах жижиг баг маань бий.

Сонирхуулахад Монгол Улс манай сүүлд гаргасан дөрөв дэх цомог “The Glow”-ийн 32 дахь тоглолт болж байгаа. Эндээс өмнө бид Австрали, Шинэ Зеланд, Европ болон Азийн зарим улсуудад тоглолтоо хийсэн. Өмнөх Европын улсуудад хийсэн тоглолтуудаасаа ганц сурсан зүйл бол анхнаасаа шахуу хуваарьтай хөтөлбөр гаргахгүй байх. Бүр таван өөр улсад таван өдөр очиж тоглодог үедээ маш их ядардаг байсан. Тэгэхээр тоглох гэж байгаа улсдаа ядаж өмнөх өдөр нь ирээд амарчхаад маргааш нь тоглолтоо хийвэл хамаагүй илүү эрч хүчтэй байна. Өнөөдрийн тоглолтоо яг ийм байдлаар төлөвлөсөн тул эрч хүч дүүрэн байх болно оо.

Гоцлол гитарчин: Жа

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Дуу бичиж байгаа өдрөө гэрээсээ гарч алхах, өөр уран бүтээлчдийн хөгжмийг сонсох, зүгээр метрогоор явах, юмс ажиглах гэх зэрэг жижиг зүйлс хүртэл амралт болдог. Гурван цаг студид дуу бичиж байлаа гэхэд энэ цагаа бүтээмж өндөртэй байлгахыг хүсвэл эндээс ядаж 25 минутыг нь гарч агаар амьсгалахад зориулдаг байх хэрэгтэй. Мөн долоо хоногийн дундуур амарч байхдаа нэг өдөр ч гэсэн хөжмийн “бүтээгч” нь биш “хүлээн авагч” нь буюу өөрөө өөртөө сонсогч байх боломж олгох нь зүйтэй.

Басс гитарчин: Барри

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Дуучин: Мерт

Ирээдүйд кино хийх мөрөөдөл бий. Бас бусад уран бүтээлчдэд зохиол бичиж өгөх, дуу хийж өгөх зэрэг зорилгууд байдаг ч эхэлсэн ажил одоохондоо байхгүй.

Бөмбөрчин: Жак

Би зураг авах дуртай, хамтлагийнхаа постерийг Мерт хийдэг гэж хэлж байсанчлан тэдгээр постероо хийхдээ гэрэл зургууд надаас авдаг юм.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Урлагийн салбарыг хүмүүс ярихдаа хэтэрхий “гоёчилж” ярьдаг юм шиг ээ. Ялангуяа сүүлийн үед цахим орчны хэт их хэрэглээтэй холбоотойгоор хүмүүс нэг дууг тогтож сонсох нь ч багасчихсан. Улмаар анхаарал татах нь бараг дууг хүргэхээсээ илүү чухал болчихсон. Бидний хувьд эдгээрийн эсрэг байдаг учраас сошиал хуудсаа байнга фенүүдийнхээ нүдэнд харагдах гэж биш тэдэнтэй аялан тоглолт, шинэ дуу, цомгийн мэдээллүүд хуваалцах гэж хааяа нэг пост оруулдаг.

Басс гитарчин: Барри

Гэхдээ бүх хүндрэл бэрхшээлийг тайзан дээр гараад эсвэл фенүүдтэйгээ уулзаад мартчихдаг. Тэр мэдрэмж нь дахин давтагдашгүй байдаг учраас тэр мэдрэмжийг л дахин дахин авах гэж аялан тоглолт хийгээд байдаг ч байж мэднэ.

Дуучин: Мерт

10. Та бүхэн одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Сүүлийн зургаан сар бид сүүлийн цомгоо цацсантай холбоотой тоглолтууд дээр илүүтэй төвлөрсөн бол одоо бид буцаад хөгжмөө бичих төлөвлөгөөтэй байна. Алсын төлөвлөгөө гэвэл Өмнөд Америкт тоглолтоо хийх мөн мэдээж Монголд дахин ирэх болбол бүр тив бүрд тоглолтоо хийж үзэхийг хүсэж байна. Антарктидад очоод пингвинүүдэд хөгжмөө тоглож өгөх ч юм бил үү. Ялангуяа энэ Ази тивийн тоглолтуудын дараа бид Азид анхаарлаа илүү төвлөрүүлэх хэрэгтэйг ухаарсан. Бидний төсөөлөө ч үгүй маш олон фенүүд дэлхийн өнцөг булан бүрд байдаг юм байна. Тиймээс ирээдүйд тоглолтуудаа хийсээр байх болно гэсэн итгэл үргэлж тээж уран бүтээлээ хийх нь зүйтэй гэдгийг ойлгосон шүү.

Бөмбөрчин: Жак

11. Та бүхэн өөрсдийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Бусад уран бүтээлчдийг амьдаар тоглохыг харах эсвэл тэдэнтэй хамт тоглох үед маш олон зүйлс сурдаг. Жишээ нь өнөөдөр бид анх удаа морин хууртай хамт тоглож үзлээ. Үнэхээр гайхалтай, бүр тэс ондоо мэдрэмж төрүүлдэг маш өвөрмөц хөгжим байна лээ. Үүний адилаар шинэ хөгжмийн зэмсэг, уран бүтээлчид гээд шинэ бүхэнд нээлттэй байх тусам хүн илүү туршлагаждаг байх.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Дуучин: Мерт

Live Drugs Again хамтлагийн “The War On Drugs” цомгийг санал болгоё. Мөн шинээр гарч ирж буй залуу уран бүтээлчдээс Wilco, Kevin Morby нарыг сонсоод үзээрэй. Бас “Cinema Paradiso” киноны хөгжмүүд их гоё.

Гоцлол гитарчин: Жа

Шинэ Зеландын The Phoenix Foundation хамтлагийн Buffalo цомгийг санал болгоё.

Басс гитарчин: Барри

Сүүлд “Silent Patient” номыг уншаад их таалагдсан.

Бөмбөрчин: Жак

Онгоцонд явж байхдаа Эмми Ватсон-ы тоглосон “Bugonia”-г үзсэн. Өмнө нь огт үзэж байгаагүй содон кино байна лээ. Бас “One Battle After Another”-ийг үзээд их таалагдсан шүү.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Нэг уран бүтээлчийн ярилцлагаас сонсож байсан юм байна. “Be yourself because that’s your super power”/ “Өөрөөрөө байх нь чиний супер хүч шүү” гэж хэлсэн нь уран бүтээлчийн хувьд их нөлөөлсөн. Өөрийнхөөрөө байж дадах тусам илүү олон боломжууд ч нээгддэг.

14. Бусдад шидэх санаа?

Олон хүмүүс ийм байдаг, тийм байдаг, ингэвэл зүгээр гэж хэлэх байх гэхдээ эцсийн эцэст чиний бүтээсэн зүйл л чамд таалагдана. Тиймээс өөрийн замаар, өөрийнхөө хүссэн зүйлийг хийж амьдраарай.

Өнөөдөр болох тэдний тоглолтын сүүлийн тасалбарыг энд дараад амжиж аваарай.