Монголын эрүүл мэндийн салбар, тэр дундаа эмийн жижиглэн худалдааны хөгжилтэй салшгүй холбоотой нэгэн эрхэм бол “Монос Улаанбаатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монос группийн ТУЗ-ийн гишүүн Л.Алтанцогт юм. 

1990 онд байгуулагдсан Монос групп нь Монголын хувийн хэвшлийн анхны арван компаниудын нэг бөгөөд өнөөдөр эмийн үйлдвэрлэл, жижиглэн худалдаа, эрдэм шинжилгээ, мэдээлэл технологи зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 18 салбар компани, 2800 гаруй ажилтантай үндэсний хэмжээний групп болон өргөжжээ. 

Эм зүйчийн мэргэжлээр суралцсан цагаасаа эхлэн Моностой эргэлт буцалтгүй холбогдсон тэрээр 30 жилийн турш байгууллагын хөгжлийн бүхий л томоохон өөрчлөлтөд голлох үүрэгтэйгээр ажиллаж ирсэн. Өдгөө 1100 гаруй ажилтантай Монос Улаанбаатар компанийг удирдан, салбартаа шинэ үйлчилгээ, соёлыг нэвтрүүлэхээр ажиллаж буй түүний ажил мэргэжлийн онцлог, удирдах арга барил, ажлын нөү-хаутай ийнхүү танилцана уу. 

Байршил: БГД, 2-р хороо, 25-р эмийн сан
Эрхэлдэг ажил: ​​"Монос Улаанбаатар" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 16 Pro Max
Хэрэглэдэг компьютер: iPad Air

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ? 

Айлын таван хүүхдийн дунд хүүхэд нь болж Улаанбаатар хотод төрж өссөн, ер нь Улаанбаатар хотоосоо гараагүй дээ. Оюутан байхдаа аж ахуйд нэг хоёр сар гаран болж л нэг хотоосоо анх удаа холдож үзсэн юм. Аав маань цагдаа сэргийлэх талын хүн байдаг эрэгтэй хүүхэд аавынхаа ажил мэргэжлийг өвөлж авна гэдэг уламжлалт сэтгэлгээгээр арван жил төгсөхөд түүгээрээ явна гэсэн бодолтой байсан.

Тэр үед сэхээтний хүүхэд ажилд авахгүй, ажилтныхаа хүүхдийг авахгүй гэдэг бичигдээгүй дүрэмтэй үе байлаа л даа. Би бүүр 1980 хэдэн оны юм ярьж байгаа юм шүү. Тиймээс миний өнөөх аавынхаа мэргэжлээ өвлөх бодол маань талаар болсон хэрэг л дээ. Би 1985 онд арван жилээ төгссөн юм. Тухайн үедээ конкурсээ өгөөд эм зүйн ангийг сонгон орж байлаа. Одоо сүүлд бодох нь ээ АШУҮИС-д орж эм зүйч болсон нь нэг ёсны аз, тохиол шахуу юм байж дээ хэмээн санагддаг юм.

Тухайн үед ангаахад ороход нэг жил асрагч хийлгэдэг байлаа. Анагаахын сургуульд орсон бүх хүүхдүүд тухайн үед эмнэлэгт дадлага хийдэг байв. Би тэр үед одоогийн Эх нялхас тухайн үеийнхээр бол 1-р эмнэлэг байсанд дутуу нярайн тасагт бүтэн хагас жил хүүхэд хуурайлж шал угааж асрагч хийж байлаа. Би чинь эмийн анги шүү дээ би энэ эмийн санд ажиллая, ядаж хэдэн шил сав угааж суръя аа гэж хэлж нэг үзсэн шүү.


Тэгэхэд эмнэлгийн дарга нар юу яриад байгаа юм дуугүй явж шалаа угаа гэдэг байлаа шүү дээ.

Тийнхүү нэгдүгээр курсээсээ эмзүйн ангидаа ороод 1991 онд төгсөж байв. Анх сургууль төгсөхөд эмийн химийн улсын шалгалт өгч байсан санагдаж байна. Тэр үед гаднын комиссын гишүүн ирж суусан нь одоогийн Монос группийн ерөнхийлөгч Хүрэлбаатар байлаа. Тэгэхэд Хүрэлбаатар гуай Эм Импекс Концерний нэгдүгээр орлогч захирал хийж байсан юм. Шалгалтын дараа дүн сонсгоод зургаа, долоон хүүхдүүдийг үлдээрэй гэсэнд нь миний нэр байж таарч л дээ, тэгээд л манай ангийн долоон хүүхэд Эм Импекс Концернд эмийн нярваар анх очиж байсан. Тэгж л анх Лувсангийн Хүрэлбаатар гэдэг хүнтэй танилцаж миний Моностой холбогдох түүхийн эхлэл тавигдсан юм.

Тухайн үед бол бүгдээрээ л ганзагын наймаанд явдаг байлаа шүү дээ, тэр жишгээр нэг хоёр жил хэртэй наймаа хийсэн. Дараа нь буцаад Эм Импекс Концерныхоо Эм Тан гэдэг компанид менежерийн ажилд орж Хүрэлбаатар ерөнхийлөгчтэйгөө дахин тааралдаад эргэлт буцалтгүй Моностойгоо холбогдсон доо. Анх 1995 оны хоёрдугаар сарын 16-нд би ярилцлагад орж байсан. Ингээд Монос Фарм компанийн эмийн үйлдвэрийн химичээр ажилд орж гурав дөрвөн сар гаруй химичээр ажиллаж байгаад борлуулалт хариуцсан орлогч захирал гэдэг орон тоон дээр очоод 1996 оны долоодугаар сарын нэгнээс Монос нэртэй эмийн бөөний төв нээсэн юм. Ийнхүү Монос групп анх эм ханган нийлүүлэх байгууллага болж би бээр тухайн эмийн бөөний төвийн захирлаар томилогдсон хэрэг. Дараа нь маркетингийн менежер, борлуулалтын менежер, орлогч захирал гэх мэт ажлууд хийж байгаад 2002 оны 10-р сарын нэгэнд Монос Улаанбаатар компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан юм.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 


Оюутан байхдаа өглөө эрт босож хичээлээ уншвал сайн тогтоодог гээд өглөө бүр 6 цагт босдог байсан юм. Тэр нь одоо ч хэвээрээ. Ажил дээрээ эрт ирээд мэйлүүдээ үзнэ өгсөн үүрэг даалгавруудаа харна. Манайх бол Power BI ашигладаг тэндээсээ real time репортуудаа авахын сацуу тодруулах ажлуудаа тэмдэглэж байгаад ажил цуглахаар нь хүмүүсээсээ асуудаг. За тэгээд гүйцэтгэх захирлын ажлууд мэдээж зөндөө бий. Одоо адаглаад л гарын үсэг зурах гээд, гэхдээ эдгээрийг үдээс өмнө амжуулдаг. Үдээс хойш бизнес уулзалтуудаа хийдэг, уулзах гэж байгаа хүмүүсийн маань ч ажлын цаг тэгж таарах нь элбэг. Хэрэв үдээс хойш уулзалтгүй бол эмийн сангуудаараа, фронт оффисоороо нэг тойрчихдог юм. Энэ чинь бол шалгалт биш шүү дээ. Байгууллага дотроо юу болж байгааг нүдээр харж ойлгохгүй байж удирдана гэдэг нэг тийм өрөөсгөл юм шиг санагддаг. Үндсэндээ өдөр маань нэг иймэрхүү л өнгөрдөг.

3. Таны ажлын нөү-хау?

Намайг таньдаг бараг хүн бүр сайн мэдэх байх. Миний ганц барьдаг дүрэм бол цагийн менежмент. Би хамт олондоо ч тэр, ойр дотнын хэн бүхэндээ цаг баримтлахыг шаарддаг. Хүнд цаг хэлбэл цагтаа л байх ёстой, юмыг цагтаа дуусгах ёстой. Тийм ч учраас өглөө ч эрт босдог. Угаас зан маань бас тийм юм билээ. Нэг хүнтэй цаг болзмогцоо л яараад эхэлдэг зантай.

Урьд бол Монголчуудад үдээс өмнө эсвэл үдээс хойш гэдэг хоёр л цаг байлаа шүү дээ. Одоо бол харьцангуй гайгүй болж байна. Гэхдээ зарим хүмүүс одоо утсаар яриад хэзээ уулзах вэ хоёулаа гэхээр, “за энэ долоо хоног тэгж байгаад үдээс хойш уулзъя” гэдэг. Түүнийг бол би аан уулзахгүй гэж байгаа юм байна л гэж ойлгодог. Тэгэхээр хэмжиж болдог юм бол хамгийн түрүүнд цаг байна. Түүнийгээ л яг таг ярьсандаа байлгахын төлөө л их хичээдэг юм.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ? 

Би бол компьютерыг бүрэн дүүрэн ашиглана гэвэл мэдээж учир дутагдалтай. Тиймээс ихэнх ажлаа үргэлж iPad дээрээ хийдэг. Аппын хувьд бол манай компани Microsoft Teams ашигладаг. Хувьдаа бол би Pinterest ашиглах дуртай. Жишээ нь, эмийн сангийн интерьер, экстерьер гэдэг ч юм уу, шинэ санаа харахаар урам зориг өгдөг. Оройдоо бол хоббигоороо Pinterest их ухна.


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Цаг хэмнэнэ гэдэг цагаа баримтална л гэсэн үг. Цагийн юм цагтаа, амлалт өгсөн бол гүйцэтгэх л ёстой. Тиймээс чухалчлан хэлэх аргаас илүүтэй энэ дүрмийг л барихад тэртээ тэргүй цаг хэмнэгддэг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Би iPad-ийхаа Notes дээр хийх ажлаа төлөвлөдөг. Анхаарах ёстой ажлуудаа өнгөөр буддаг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Миний хувьд бол амралтаа зуслан дээрээ өнгөрөөх дуртай. Одоо би өвөө болчихсон хүн зээ нартайгаа ууланд чимээгүй орчинд өнгөрөөх дуртай, ер нь амралтын цагийг гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?


Би чөлөөт цагаараа дурсгалын зоос цуглуулдаг. Монголд бол нийтдээ 500-гаад янзын зоос гарсан байдаг юм. Цэвэр мөнгө, алтаар хийсэн, янз бүрийн хээ, хэлбэртэй зооснууд цуглуулах дуртай. Ажил дээрээ компьютер хараад удаан суух үед чилнэ ядарна, чадамж буурна, тэр үедээ зоосоо гаргаж ирээд томруулдаг шилээрээ хараад суудаг. Нийтдээ надад бол ойролцоогоор 250 гаран дурсгалын зоос бий.

​​9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?


Жижиглэн худалдаа, тэр дундаа эмийн жижиглэнгийн салбар бол маш нарийн зохицуулалт, өндөр хариуцлага шаарддаг онцгой салбар. Нарийн, чимхлүүр ажил ихтэй, стандарт шаардлага өндөр. Энэ нь заримдаа төвөгтэй мэт боловч нөгөө талаасаа ажлыг илүү сонирхолтой бас утга учиртай болгодог.

Гүйцэтгэх захирлын хувьд миний удирдаж буй байгууллагад 1100 орчим хүн ажиллаж байгаагаас 1050 нь эмэгтэйчүүд. Тэдгээрээс 120 нь тогтмол жирэмсний амралтад байдаг ба сар бүр 30 эмэгтэй жирэмсний амралтын хүсэлтээ өгч, зөрөөд 30 гаруй бүсгүй жирэмсний амралтаасаа ажилдаа орж байдаг. Энэ нь өөрөө бас онцлогтой. Олон эмэгтэй хамт олныг удирдахдаа тэдний нарийн мэдрэмж, анхаарал, хариуцлагатай байдлыг ашиглах боломжтой ч нөгөө талаас харилцаа, сэтгэл зүйн тал дээр онцгой анхаарал хандуулах шаардлага гардаг. Нэг талаасаа хэцүү, нөгөө талаасаа уян хатан удирдах арга барилд суралцахыг байнга шаарддаг гэж хэлж болно.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө? 

Өнөөдөр дэлхийн улс орнууд хөгжил рүү тэмүүлж буй энэ үед эрүүл мэндийн салбар хамгийн түрүүнд өөрчлөгдөж, хөгжих ёстой гэж боддог. Эрүүл мэндийн салбарын нэг чухал хэсэг бол эмийн салбар, тэр дундаа эмийн сангийн үйлчилгээ. Миний хувьд энэ салбарыг зөвхөн эм зардаг газар биш, харин иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл, урьдчилан сэргийлэх үйлчилгээ хүргэдэг анхан шатны эрүүл мэндийн байгууллага болгох амбиц тээж явдаг.

Иймээс бид шинэ төрлийн үйлчилгээ, илүү орчин үеийн эмийн сангийн загвар, иргэдийн хэрэгцээ рүү чиглэсэн дижитал шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Шинэлэг үйлчилгээ турших, хэрэглэгчдийн саналд тулгуурласан шинэ боломжууд бий болгох нь миний анхааралд үргэлж байдаг.

Хувийн төлөвлөгөө гэвэл саяхан эмнэлэгт хэвтэж гарсан учир өөрийнхөө эрүүл мэндэд илүү их цаг, анхаарал хандуулахыг чухалчилж байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
 


Хүн удирдаж ажиллуулахад байнга суралцахыг хичээдэг. Тэр ч утгаараа менежментийн номууд их уншдаг. Гол онцлог нь дахин дахин уншдаг, энд тэнд нь тодруулагчаар зурж байгаад түүнийгээ дахин эргэж хардаг. Дээр нь зөвхөн өөрийгөө гэхээсээ илүү одоо менежерүүд ахлах түвшний менежерүүддээ энэ төрлийн номууд бэлэглэдэг.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Бизнесийн 50 шилдэг бүтээл гэдэг номыг сая манай нэг захирал захирлууддаа бэлэглэснийг уншиж байгаа. Сүүлд бас юуг яаж хэлэх вэ? гээд бизнесмен хүмүүс зөндөө уулзалтууд хийдэг шүү дээ, тэр болгонд юмсыг яаж хэлэх вэ? гэдгийг нарийн тайлбарласан, хөнгөхөн үгтэй ном уншсан. Түүнийгээ залуу захирлууддаа бас бэлэглэж байгаа. Ер нь захирлууддаа ном бэлэглэх дуртай. Би одоо долоон орлогчтой захиралтай тэд маань цөмөөрөө одоо 35-40 насны залуучууд. Тиймээс тэдэнтэйгээ нэг түвшинд ойлголцох, зааж чиглүүлэхэд ном их тусалдаг.

Үүнийг хэрхэн бүтээсэн бэ? гээд шинжлэх ухааны баримтат нэвтрүүлэг үзэх дуртай. Зүгээр л компьютер, машин ч гэдэг юм уу энгийн зүйлсийг яаж бүтээснийг нь үзээд хүнд өөрийнх нь ажилтай холбоотой шинэ сэдэл төрдөг юм шиг санагддаг. Тиймэрхүү нэвтрүүлэг, кино гарч байвал ач, зээгээ дуудаад хамт сууж үзэхийг боддог, даан ч тогтож сууж үзэх нь ховор.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
 


Би одоо захирлууддаа ч хэлдэг юм. Манай Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн хэлсэн нэг үг ерөөсөө мартагддаггүй. Юу вэ гэхээр юу ч хийхгүй алдаж байснаас хийгээд алдсан нь хамаагүй дээр. Өөрөөр хэлбэл тойроод гүйгээд байсны хэрэггүй, шууд ороод хий л гэсэн санаа.

14. Бусдад шидэх санаа?

Нэгдүгээрт цаг барих. Хоёрдугаарт, ялангуяа захирлууддаа хэлдэг. Гал гарч байвал галыг унтраах л хэрэгтэй, дайраад л гар гэсэн үг. Түймэр болчихвол дийлдэхгүй шүү дээ, галыг бага дээр нь дарж байх. Ямар ч асуудал бай, хэцүү ч бай, амархан ч бай тойроод гүйгээд байвал түймэр болно шүү дээ, тиймээс тэр дор нь асуудлыг шийддэг байгаарай л гэж.