Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2003 оноос хойш жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт уламжлал болгон “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэж байгаа билээ. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан бид “Би хэрхэн ажилладаг вэ” ярилцлагынхаа шинэхэн дугаарт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор Э.Мөнх-Учралыг урилаа.
Тэрээр хэл бичгийнхээ үүх түүх, соёлыг түгээн дэлгэрүүлж яваа эрдэмтэн багш нарын нэг бөгөөд бидний сайн мэдэх “Монголын нууц товчоон”-ы дэлгэрэнгүй тайлбар, англи орчуулга, кирил бичгийн алдаа шалгагч “Болор дуран”, ярианы технологи “Чимэгэ”, монгол бичгийн сургалтын “Алтан гадас” зэрэг олон бүтээлийг хамтран бүтээсэн юм.
Байршил: МУИС, хичээлийн II байр
Эрхэлдэг ажил: МУИС-ийн багш
Хэрэглэдэг гар утас: Samsung
Хэрэглэдэг компьютер: MacBook Air
Сошиал хуудас: munkhuchral_enkh (Instagram)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Миний ажлын замнал зөвхөн минийх гэлтгүй багш судлаач хүмүүсийн нийтлэг зам мөр гэж хэлэх нь зүйтэй болов уу. Сонирхсон зүйлээ хийх, аль болох олон төрлийн ажилд мэдлэг чадвараа сорьж үзэх, чадах чинээгээрээ бусдад дэм болох, эх оронд маань хэрэг болох зүйл хийж бүтээхэд оролцохыг зорьж явна даа.
Багаасаа ойр байсан зүйл “ном” юм байна. Манай гэр бүл, хамаатан садан голдуу номын хүмүүс. Би ч тэднийгээ дагаад хичээлээ л хийдэг хүүхэд байлаа. Биеийн тамир, хөдөлмөрийн хичээлээс бусад бараг бүх олимпиадад оролцдог, ялангуяа физик, математик, түүх нийгэм, монгол хэлний хичээлдээ илүү сонирхолтой байсан.
Их сургууль гэдэг том даваа угтах үед МУИС-ийн монгол хэл, олон улсын харилцаа, хууль гэсэн гурван ангид бүртгүүлж байснаа тод санадаг юм. Гэтэл монгол хэлний шалгалтын дүн хамгийн эхэнд гарчихсан. Улаан шугамын эхэнд нэрээ харчхаад бусад шалгалтын дүнгээ ч харалгүйгээр МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуульд элсэж байлаа.
Ингээд хуваариа авах гээд очиход өмнө нь сонсож байгаагүй “эх бичиг судлал” гэдэг мэргэжил байв. Лавлахад эртний бичээс, монголын олон бичиг үсэг, манж, төвөд зэрэг олон хэл судалдаг гэнэ. Яг энэ үед дуртай кино маань санаанд орсон юм л даа. Тэр кинонд эртний бичээс олж уншаад явдаг нь их сонирхолтой. Тэгээд эргэлзээгүй энэ мэргэжлээ сонгож байлаа. “Эх бичиг судлал” бол монголчуудын бүтээсэн сурвалж бичигт тулгуурлан хэл, соёл, түүх гээд тал тал руу салбарласан судалгаа хийдэг мэргэжил. Сор болсон багш нарынхаа эрдэм номын зах зухаас суралцсандаа, “гарын шавь”-ийн зэрэгт тоогдсондоо, бас бага наснаас өдий хүртэл хичээл ном зааж, олон тийш хөрвөж ажиллах мэдлэг, чадвар суулгаж өгсөн бүх багшдаа чин сэтгэлээсээ талархаж явдаг.

Би чинь их сургуулийг улаан дипломтой төгсөх ёстой гэж бодоод өсчихсөн байв аа. Гэтэл их сургуульд эхний улиралд ганц хичээл дээр 83 аваад шууд л хямарчихсан. Гэхдээ хичээж сурсаар байгаад их сургуулиа улаан дипломтой төгсөж чадсан шүү. Үүнээс юу юугүй сэтгэлээр унаад байх хэрэггүйг ойлгосон гэх үү дээ. Түүнчлэн МУИС-ийн Олон Улсын харилцааны хятад хэлний ангийг оройгоор төгссөн.
Сургуулиа төгсөөд ажил хайж Ш.Чоймаа багш руугаа залгалаа. Удалгүй багш маань нэг төсөлд орох уу гэж асуусан юм. Тэр төсөл нь монгол кирилл бичгийг хөрвүүлэх программд зориулсан ажил байв. Ингээд би зөвшөөрч, ажлын гараагаа эхэлж байсан даа. Энэ судалгаагаараа 2010 онд цахим хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалсан.
МУИС-ийн Монгол судлалын төвд туслах ажилтан, дараа нь тэр үеийн Эх бичиг Алтай судлалын тэнхимд багш болсноос хойш боловсролын салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Одоогоор хэл шинжлэл, сурвалж судлал, цахим хэл шинжлэл, хэл бичгийн ухаан, архив албан бичиг судлал, манж судлал, орчуулга судлал зэрэг салбарт ажиллахын сацуу судлаачидтай хамтран 30 орчим ном, сурах бичиг хэвлүүлж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, 30 орчим эрдэм шинжилгээний төсөлд ажиллан, дотоод, гадаадын 30 орчим эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлээд байна. Мөн Герман, Их Британи, Солонгост багш, судлаачаар ажиллалаа.
Морин хуурч, төрийн албан хаагч, гадаадын монгол судлаачид, төмөр замын ажилтан албан хаагчид, багш нар, олон нийтэд зориулсан 20 гаруй анхан, дунд, ахисан шатны монгол хэл, бичгийн сургалт хийгээд байна. Бас мэргэжлийн чиг үүргийн дагуу телевиз, хэвлэл мэдээллийн салбарынхантай хамтран ажилладаг.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний ажлын нэг өдөр ус, халуун кофеноос эхэлдэг дээ. “Шар шувуу” төрлийн хүн болохоор шөнө оройдоо төвлөрч ганцаараа хийх боломжтой ажлаа, өдөртөө хичээл, уулзалт, хурал цуглаан гээд бусад хүмүүс оролцох ажлаа хийдэг. Долоо хоногийн бүх өдрөө байнга шахуу ажилтай болгочихдог гэмтэй.
Энэ миний гэлтгүй багш нарын нийтлэг “нэг өдөр” байх. Багш хүнийг хичээл заагаад, зун амардаг гэж бодож магадгүй. Гэвч хичээл заах нь ажлын ердөө нэгээхэн хэсэг юм. Багшлахаас гадна эрдэм шинжилгээ, олон нийтэд чиглэсэн ажилд оролцох гээд өдөр бүр өөр өөр өнгөрдөг.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
“Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гээд монгол үг бий. Энэ бол миний баримталдаг хамгийн чухал зарчим. Ямар ч ажлыг өөрийнхөө чадах түвшинд хамгийн сайнаараа, чанартай, хурдан хийхийг эрмэлздэг.
Харин багш хүнийхээ хувьд насан туршдаа суралцахыг эрхэмлэдэг. Их сургууль төгсөөд, дипломоо аваад л багш болчихно гэвэл огтхон ч үгүй. Харин ч сурч мэдсэн зүйлээ гүнзгийрүүлэн судалж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн мэдлэг чадвараа ямагт шинэчилж байх шаардлагатай. Байнга сурч хөгжиж байхгүй бол “гацчих” болохоор өөрийгөө дотроо нэгэн төрлийн “суралцагч” гэж боддог юм. Магадгүй, арай илүү туршлага хуримтлуулсан суралцагч байх. Тиймээс байнга мэдлэг, чадвараа сорьж, шинийг сурч мэдэх нь миний ажлын гол арга барил.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Монгол хүн ер нь хэрэгтэй зүйлээ хэн нэгэнд даатгалгүйгээр аль болох өөрөө сурах, хийхийг хичээдэг. Тиймээс, өдөр тутамдаа оффисын бүх хэрэглээний программ, хэвлэлийн эх бэлтгэх, орчуулгын, зургийн, үзүүлэнгийн гээд тухайн ажилд шаардлагатай бүх программыг ашиглаж сурсан. Мэдэхгүй юм гарвал, тэр үед нь судлаад сурна. Тухайлбал, монголчуудын хэрэглэж ирсэн эртний бичиг үсгүүд бэлэн фонт хэлбэрээр олдох нь ховор учраас зурна. Оролцож байгаа аливаа ажлынхаа дизайн, эх бэлтгэл гээд шаардлагатай зүйлсээ өөрөө хийчихдэг.
Сошиал медиаг арай шуурхай харилцах хэрэглүүр болохоор нь бусадтай холбогдох, ажлаа амжуулах шаардлагаар ашиглаж байна.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цагтай уралдах, ажлаа зэрэг зэрэг амжуулж сурах гэж хэлье. Манай багш нар амралт гэдэг бол нэг ажлыг нөгөөгөөр сольж хийх гэдэг юм. Энэ үгийг бодож хичээж явдаг.
Цагтай уралдах нэг жишээ дурдвал, бичиг цаастай ажилладаг хүний анхны хэрэгцээ хурдан шивж сурах байдаг. Эхэндээ цагтай уралдаж шивдэг байлаа. Тэдэн минут хүртэл нэг хуудас шивсэн байна гэдэг зорилго тавиад, түүнийгээ ахиулна гэсэн үг. Тэгэхээр компьютерын дэлгэц харахгүйгээр зөвхөн цаасаа хараад шивж сурдаг юм билээ. Дараа нь, хүнийг ярьж байхад үг үсэг алдахгүй шивж чаддаг боллоо. Энэ бол 20 гаруй жилийн өмнө сурч байсан цаг хэмнэх арга. Харин өнөө цагт технологийн дэвшлээр хялбархан шийддэг болжээ.
Хүн ер нь энэ амьдралд хэдий хугацаанд амьдрахаа мэдэхгүй ч, тодорхой хугацаатай ирсэн гэдгээ мэддэг шүү дээ. Тийм ч учраас өөртөө олдож буй цагийг аль болох үр бүтээлтэй ашиглахыг хичээж байна. Магадгүй зарим хүн цагтай уралдаж амьдрах хэцүү гэж бодож болох ч, амьдарч буй цаг хугацаандаа эх орондоо, ирээдүй хойчдоо чадахаараа хэрэгтэй зүйл үлдээх нь миний хувьд чухал зүйл.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хийх ажлаа ягштал нарийн төлөвлөж мөрдөх нь суурин иргэншилтэй хүмүүсийн гол арга барил байдаг. Монголчууд эртнээс нүүдлийн ахуй соёлтой учраас өдөр тутамдаа өөр өөр нөхцөл байдалтай тулгарч, түүнийгээ тухай бүрд нь шийдэж, дасан зохицож, даван туулах маягаар амьдарч ирсэн онцлогтой. Тэр нь одоог хүртэл оршиж байгаа шиг.
Өнөөдөр ч манайхны ажил ихэвчлэн тулгуу гэнэтийн байдлаар орж ирдэг болохоор нарийн төлөвлөгөөг дагах амаргүй юм уу даа. Би ч адил. Ерөнхий төлөвлөгөө байна, гэвч яаралтай ажил ороод ирэхээр амжуулна.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Хамгийн түрүүнд хайртай дотнын хүмүүс маань ойлгож дэмжсэний үрээр ажил бүтэмжтэй урагшилж байдаг.
Мөн хүмүүсийн урмын үг. Жишээ нь, одоогоос арав гаруй жилийн өмнө, хэдэн жил Үндэсний телевиз болон судлаачидтай хамтран эх хэлний уралдаант “Тунгаамал” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг байлаа. Тухайн үед нэвтрүүлгийг маань хүүхэд залуус, хэл бичгээ сонирхдог хүмүүс шимтэн үздэгээ хэлдэг байв. Хожим нь “Бага байхдаа таны нэвтрүүлгийг үзээд, монгол хэлээ мэддэг тан шиг хүн болмоор байна гэж боддог болсон”, “Манай багш таны хичээлд суугаарай гэж захисан” гэж ирээд, багш болоод төгссөн нэлээд хэдэн оюутан бий.
Оюутнууд маань “Тан шиг багш болмоор байна”, “Та яг ээж шиг багш санагддаг”, “Монгол бичгийн хичээлийг одоо л ойлголоо”, “Яаж олон салбарт ажилладаг юм бэ?” гэхчлэн хэлдэг. Хариуд нь “Надаас илүү багш болоорой” гэдэг юм. Юм ахиж дэвшиж байх ёстой шүү дээ. Ийм урмын хүчээр цаашид улам ихийг хийж бүтээх зориг нэмж, баярлаж талархаж явдаг. Бас ярьж хэлснийг маань бодож тунгааж байгаа нүдийг харах маш сайхан.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”, “Чингис хааны билиг сургаал” зэрэг бүтээлийг түүх, угсаатны зүй, хэл, соёлын хорь гаруй эрдэмтэнтэй хамтран нийтийн хүртээл болгоод байна. Улмаар, “Монголын нууц товчоон”-ыг англи хэлээр орчуулан гаргахад оролцсон маань маш их туршлага, урам нэмлээ.
Монгол хэл бичгийн технологийн хөгжилтэй холбоотойгоор, “Болор дуран”, монгол ярианы “Чимэгэ” технологи, кирилл, монгол бичгийн хөрвүүлэгч “Кимо”, хэлсэн үгийг яриагаар таньж монгол бичгээр харуулдаг “Тунгаамал” толь, хүүхдүүдэд зориулсан хөдөлгөөнт үлгэр бүхий “Алтан гадас” монгол бичгийн сургалтын апп гээд 10 гаруй төрлийн программыг бүтээхэд хэл бичиг, өгөгдлийн талаас хамтран оролцжээ.
Гадаад хэл, соёлын салбарынхантай хамтран орчуулагчдын мэдлэг чадварыг үнэлэх, эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд зориулсан төсөл, ном, сургалтад оролцож байна. Саяхнаас “Ой - өвийн өртөө”-тэй хамтран олон нийтэд зориулсан монгол бичгийн сургалтыг амжилттай зохион байгуулсан.
Монгол хүнийг “монгол” болгон онцгойруулдаг зүйл нь хэл бичиг, түүх соёл юм. Ийм ажил хийж буй гол шалтгаан нь монгол хүн монголоороо байхад, хэл бичиг, түүх соёлоо танин мэдэж, өвлөн эзэмшиж, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах хүсэл юм. Өнөөдөр бие дааж болон багаар хийж бүтээсэн ажлууд маань хүмүүсийн үзэл бодол, ажил амьдралд ямар нэг хэмжээгээр хэрэгтэй, тустай байгаад баяртай байдаг.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Монгол хэл бичгийг судлах тусам, монголоо танин мэдэж, монгол соёл, сэтгэлгээг тайлбарлан таниулж болдог нь ажлын маань нэг сайхан тал. Жишээ нь, монгол бичгээр “хойар” гэж бичдэгийн “хо-” нь эр хүйсийн тухайд хоёрын тоог, “йа” нь эм хүйсийн тухайд хоёрыг заадаг язгуурын хувилбар, “р” нь тооны нэр бүтээх дагавар. Тэгэхээр, ганц мод гал болдоггүй гэдэг шиг хоёр юм эр, эмээс бүтдэгийг монгол тооны нэр нь хүртэл илтгэдэг байгаа биз.
Бас, зургаагийн тоог “жиргуган” гэж бичдэг. Үүний “жир” гэх язгуур нь эм хүйсийн тухайд хоёр гэсэн тоо, “гу” гэдэг нь гурвын тооны язгуур, “ган” нь тооны нэр бүтээх дагавар юм. Эндээс, монголчууд зургаагийн тоог 2х3=6 гэж ухаж ойлгосныг монгол бичгээр яаж бичдэгээс нь мэдэж болно. Энэ мэтчилэн үг бүрийг бүтцээр нь тайлаад үзвэл, монгол хүний, монгол соёлын мөн чанарыг мэдэх боломжтой.
Боловсролын салбарт ажиллахдаа багш мэргэжлийн үнэ цэнийг илүү гүн ойлгосон. Оюутнуудаас маань сайн багш төрөөсэй гэж хүсдэг. Нэг сайн багш бэлдэж чадвал, тэр хүн насан туршдаа хичээл заасан тоогоороо, хэдэн зуун хүүхдэд, магадгүй тэднээр дамжуулаад бүр олон хүнд эрдэм мэдлэг, зөв хандлага түгээнэ гэсэн үг. Тэр хэрээрээ нийгэмд эергээр нөлөөлдөг учраас багшийн ажил үнэхээр сайхан.
Мэдээж бэрхшээлтэй тал бий. Наад зах нь 12 жил ерөнхий боловсрол эзэмшсэн атал сурах арга барилаа олоогүй байх хамгийн хэцүү. Энэ нь өөртөө болон хамтдаа суралцаж буй нэгэндээ ч хортой. Багш хүнд сурагч бүрийг тодорхой хэмжээнд байгаагаас нь ахиулж сургахад нэлээд хүчин зүтгэл шаардана. Сурч байгаа хүн хичээхэд багшийн ажил илүү үр дүнтэй болно.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Монгол бичгийн 24 дэх удаагийн улсын уралдаан зохион байгуулах, оюутнаа эрдэм шинжилгээний хуралд удирдаж бэлдэх, нийтээрээ мөрдлөг болох Монгол бичгийн толь бичиг эмхэтгэн гаргах, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын түүхийн 30 боть бичих төсөлд оролцож байна.
Ойрын хугацаанд Унгар, Чех болон манайд зохион байгуулах олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлэх, Солонгост өгүүлэл хэвлүүлэх гэх мэт ажил байна. Орчин цагийн монгол хэлнээс гадаад нэр томьёоны хэрэглээг онцолж, түүхэн сурвалжаас монгол хүний эрхэмлэдэг зан чанарыг судалж, үр дүнгээ танилцуулна. Бас монгол хэл, бичгийн тухай судалгаанд суурилсан мэдлэгийг хүн бүрд ойлгомжтой, хялбар байдлаар хүргэх бүтээлч ажил бодож төлөвлөж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Ажлынхаа онцлогоос хамааран, хэл бичгээс гадна уран зохиол, технологи, түүх, соёл, байгалийн ухаан гээд янз бүрийн чиглэлийн эрдэмтэн, судлаачидтай баг болж, хамтран ажилладаг. Тэд бүгд өөр өөрийн гэсэн арга барил, ур чадвар, мэдлэгтэй учраас түүнээс нь суралцахыг хичээдэг. Тэр дундаа эрч хүчтэй залуу үеийнхэнтэй хамтрах сайхан. Ингэснээрээ, тэдний шинэлэг санааг дэмжихээс гадна, цаг үетэйгээ хөл нийлүүлэн, шинэ соргог зүйлийг сурах боломж олддог.
Хувь зуураа бол монгол хүн ахуйн хэрэглээнийхээ зүйлийг өөрөө хийх чадвартай байдаг болохоор дээл хантааз оёж сурах гээд оролдож байна.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Ц.Шагдарсүрэн багшийнхаа “Эх хэлээ эвдэхгүй юм сан” гэдэг номыг санал болгоё. Энэхүү номд “Монгол хэл” хэмээх агуу өв соёлыг маш энгийн, хэнд ч ойлгомжтой бичсэн байдаг. Орчин цагийн монгол хэлний хэрэглээнд гарч буй алдаа дутагдлыг нягтлан шүүж, тайлбарласан учир монгол хүн бүхэн шимтэн уншаасай.
Дараа нь, “Монголын нууц товчоон” бол монгол хүн бүрийн заавал унших ёстой, олон зуун дамжин ирсэн онцгой түүхэн сурвалж. Олон төрлөөр хэвлэгдсэн байдаг. Энэ дундаас 25 эрдэмтэн судлаачийн хамтран бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ыг уншихыг зөвлөе.
Дуу хөгжмийн тухайд “Монгол Улсын төрийн дуулал”-ыг сонсох, дуулах дуртай. Хэдий хүн бүрийн мэддэг дуу ч гэсэн ёслол хүндэтгэлийн байдлаар хандахаас илүүтэй, үг бүрийг нь бодож сонсоход утга учир дүүрэн байдаг.
Харин кино гэвэл, “Мандухай сэцэн хатан”. Монгол төр, эх орноо эрхэмлэхийн чухлыг мэдрүүлж чаддаг бүтээл юм.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Хүүхэд байхдаа аав, ээжээсээ “Би юу хийвэл сайн хүн болох вэ?” гэж асуухад “Миний охин эрдэм номтой л хүн болбол сайн хүн болно доо” гэж билээ. Энэ үг сэтгэлд хоногшсон учраас ажил мэргэжлийн замаа сонгосон.
Бас Эзэн Чингис хаан тэнгэрт гарахынхаа өмнө хэлсэн гэрээсийг бодож, хичээдэг. “Шар тууж” гэдэг түүхэн сурвалжид бий. Юу гэхээр,
“... Үнэн үгэндээ хүрсэн хүний сэтгэл бэх.
Үйлдсэн үйлээ дууссан хүн охь.
Өчүүхэн дураа барьж олон лугаа зохь.
Үнэхээр нүүн нөгчих бие биш үү, их төрөө сахь” гэдэг.
Энд, нэгэнт мөнх амьдрахгүй учраас монгол хүн төр ёсоо эрхэмлэн дээдэлж, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байж, эв эеэ хичээхийг захисан байдаг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Юун түрүүнд, монгол хэл бичиг, түүх соёлоо эн тэргүүнд байлгаасай. Сүүлийн үед гадаад хэл, соёлыг шимтэн суралцах хандлага эрчимжиж байна. Энэ нь зайлшгүй таньж мэдэх ёстой зүйл. Монголчууд ч эртнээсээ олон хэл, соёлыг сурч, мэдэж ирсэн уламжлалтай. Гэхдээ, байр суурийн хувьд хоёрт байвал зохилтой шиг санагддаг юм. Учир нь монгол хүн хэдий цацсан шагай шиг тархан суусан ч өөрийн гэсэн зүйлээ эрхэмлэн дээдэлж, түүгээрээ нэгдэн нийлж, атгасан гар шиг эв эетэй байвал монголоо алдахгүй байж чадна.
Сүүлд нь, аливааг сохроор шүүмжлэхээсээ өмнө уншиж, судлаасай. Хэрэв өөрөө судлахгүй бол ядаж холбогдох мэргэжлийн хүний үгийг анхаарч сонсъё гэдэг баймаар. Тэгэхгүйгээр, тэнгэрт тултал магтах, газарт ортол муулах хэрэггүй. Үйл хэрэг бүхний туулсан зам өөр. Дандаа жаргаж, амжиж явна гэж үгүй, үргэлж зовж бүтэлгүйтнэ ч гэж байхгүй, юм ээлжтэй. Тиймдээ ч монголчууд тэгш байхыг чухалчилдаг. Тэгш гэдэг нь сайн, саарын аль аль нь тэнцүүхэн, дундаж л байвал болно гэсэн үг. Авах гээхийн ухаанаар хандаж байгаасай.

Сэтгэгдэл бичих (2)


G Genz 66.181.161.66
Ystoi goy yriltslaga boljee odoo l unshij baina. Ene yriltslagiin buland zahirluud ihevchlen orj haragddag, haaya iimerhuu goy humuusiin yriltslaga orohod ni shimten unshdag shu thanks unread
З Зочин 66.181.161.120
Багшаасаа сурах зүйл их байдаг аа. Өсгийт дээр ихэмсэг алхаж гартаа кофе бариад инээчихсэн явдгаар нь олон шавь нар нь багшийгаа дурсдаг. Түүнээс гадна биеэ авч яваа байдал, тал бүрийн мэдлэгтэй, аль ч үеийнхэн, ямар ч мэргэжлийнхэнтэй зохицож ажиллана, техник технологийг чадварлаг эзэмшинэ, үг хэл нь цэгцтэй ёстой л мэргэжлийнхээ эзэн хүн дээ. ????