Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх гээд бидний амьдрах орчинтой холбоотой томоохон ажлууд Нийслэлийн орон сууцны корпорац (НОСК) дээр төвлөрч байдаг билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа бид тус байгууллагын гүйцэтгэх захирал М.Говьсайханыг урин оролцууллаа.
Тэрээр сүүлийн таван жилийн хугацаанд уг албыг хашиж буй бөгөөд агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэдний хамт олон 3,500 өрхийг орон сууцтай болгожээ. Түүнчлэн хуучин барилгуудыг буулган дахин төлөвлөх, шинэ суурьшлын бүс бий болгох зэрэг бүтээн байгуулалтын олон ажлыг шат дараатай хийсээр буй.
Түүний карьерын замнал, ажлын арга барил болоод хийж буй ажлынх нь онцлог давуу тал, тулгардаг бэрхшээлүүдийнх нь тухай эндээс уншаарай.
Байршил: Munkh Tower, 11-р давхар
Эрхэлдэг ажил: Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 17 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook Air
Сошиал хуудсууд: Govisaikhan.M (Facebook), goviomn (Instagram)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Дорноговь аймгийн Сайншанд сумд төрсөн. Аав, ээж хоёр маань барилгын салбарт талбайн инженерээр ажилладаг тул орон нутагт томилолтоор явах нь элбэг тул Дархан, Эрдэнэт хотуудад хүүхэд насаа өнгөрүүлсэн.
Дунд анги хүртлээ Дархан хотод волейболын сургалттай ангид сурч байв. Багаасаа л хөдөлгөөнтэй, волейболын спортод дуртай байсан учир улс, аймгийн тэмцээнүүдийг алгасдаггүй хүүхэд байлаа. Улмаар ахлах ангидаа Эрдэнэт хотын химийн гүнзгийрүүлсэн хөтөлбөртэй ангид шилжин суралцаж, 1997 онд арван жилээ төгссөн.
Сургуулиа төгссөний дараа хуульч болох хүсэлдээ хөтлөгдөн Цагдаагийн академид шалгалт өгсөн боловч тэнцээгүй. Гэвч яг тэр үед нийтийн хоолны салбар эрчээ авч, шинэ ресторан, үйлчилгээний газрууд олноор нээгдэж байсан нь миний сонирхлыг их татсан. Тэгээд л хүнсний чиглэлээр суръя гэж шийдээд ШУТИС-д хүнсний технологич мэргэжлээр элссэн юм.
Оюутан байхдаа Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн Хүнсний тек корпорацад эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж байлаа. Тус байгууллагадаа таван жил ажиллан, 2007 онд ажлаасаа гарч байв. Тийнхүү 2010 онд өмнө нь ажиллаж байгаагүй барилгын салбартаа хүч үзэхээр шийдсэн дээ. Эцэг, эх маань барилгын салбарт ажиллаж байсан, багаасаа л уг салбарын аж амьдралыг харж өссөн учир ийнхүү шийдсэн хэрэг.

Монголдоо ирээд удалгүй “Ворлд Плас” гэх уул уурхайн компанид ажилд орсон. Тэндээ жил орчим ажиллаад, “Хүрэл Ордон” барилгын компанид Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Түргэн тусламжийн эмнэлгийн барилгаас эхлээд барилга угсралтын олон төслийг удирдсаар нийт 9 жилийг уг салбарт зориулжээ. Мөн 2017-2018 онд багш нарынхаа урилгаар Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирлын албыг хашиж байв.
Үүнээс өмнө 2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, улс төрийн карьераа эхлүүлж байлаа. 2019 онд УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллах болсноор төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцыг дотроос нь харж, багагүй туршлага хуримтлуулсан. Түүнээс хойш жилийн дараа Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ажилласан юм.
Ингээд 2021 оноос эхлэн Нийслэлийн орон сууцны корпорацыг удирдаж, хотынхоо хөгжлийн төлөө өнөөдрийг хүртэл зүтгэж явна даа.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний өглөө ихэвчлэн 06:00 цагт эхэлдэг. Хүүхдүүд маань сургууль, цэцэрлэгтээ явах гээд 05:30 гээд босчихдог болохоор манай гэр бүлийн өглөө нэлээд эрт, хөл хөдөлгөөн ихтэй угтдаг юм. Хүүхдүүдээ хүргэж өгчхөөд, 08:00 цаг гэхэд ажилдаа ирнэ.
Ажилдаа ирээд хамгийн түрүүнд удирдлагын багтайгаа уулзаж, өдрийн төлөвлөгөөгөө ярилцдаг. Нийслэлийн харьяа байгууллага учраас Нийслэлийн төр захиргааны ордонд зохион байгуулагддаг хурал, зөвлөгөөнүүдэд тогтмол оролцоно. Үүнээс гадна хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүдтэй төслүүдээ хэлэлцэх, орон сууцны зээл хүссэн иргэдтэй уулзах гээд миний нэг өдөр уулзалтаас уулзалтын хооронд маш шахуу өнгөрдөг. Тиймээс оройн 21:00-22:00 цагийн үед ажлаа дуусгах нь нийтлэг.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Сүүлийн арав гаруй жилийн турш удирдах албан тушаалд ажиллахдаа олж авсан хамгийн том туршлага, ажлын гол зарчим бол ердөө л зөв харилцаа юм. Удирдах хүн хэдий чинээ бусдыг сонсож, ойлгож чадна, ажил төдий чинээ бүтээмжтэй явдаг юм билээ.
Бидний ажил дандаа л хүмүүсийн дунд өрнөж, олон хүнтэй ойлголцож ажиллахыг шаарддаг. Тийм ч учраас би ярилцаж буй хүмүүстэйгээ аль болох нээлттэй, чөлөөтэй байхыг эрмэлздэг юм.
Иргэд, аж ахуйн нэгж болон хамт олонтойгоо харилцан нээлттэй байж, нэг нэгнээ ойлгож ажиллах нь асуудлыг анхан шатанд нь зөв тодорхойлох, үр дүн нь бодитой гарахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Ер нь хүн ойлголцож байгаа газарт ажил гацдаггүй, харин ч илүү хурдтай урагшилдаг гэж боддог шүү.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

PowerPoint бол миний өдөр тутмын салшгүй хэрэглээ. Хийсэн ажлаа тодорхой тайлагнах, төлөвлөгөөгөө ойлгомжтой харуулахад энэ программ хамгийн их тусалдаг. Мөн сүүлийн үед ChatGPT-г түлхүү ашиглаж байна. Шинэ санаа гаргах, мэдээллийг хурдан боловсруулах, ажлаа төлөвлөхөөс гадна мэдэхгүй зүйлээ асуугаад тодруулчихад маш хэрэгтэй санагдсан. Түүнчлэн одоо хийж буй ажлаа иргэдэд тайлагнах, мэдээлэл түгээх зорилгоор Facebook, Instagram, X зэрэг цахим хаягуудаа идэвхтэй ашигладаг.
Би өдөртөө 10,000 алхахыг хичээдэг юм. Тиймээс алхаагаа хянахын тулд iPhone-ийн Health аппыг тогтмол ашиглаж байна. Эдгээрээс гадна монгол бичгийн Болор толь аппыг ч их ашиглаж байгаа.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Өглөө эрт босох. Өдрөө эрт эхлүүлбэл тухайн өдөрт төлөвлөсөн ажлууд илүү урагштай байдаг юм.
Гэхдээ зөвхөн эрт босохоос гадна ажлаа төлөвлөх нь хамгийн чухал. Би өдрийн уулзалт, ажлуудаа Google Calendar дээр тогтмол тэмдэглэж, цагаа тодорхой тооцоолдог. Харин нэн тэргүүнд амжуулах шаардлагатай чухал ажлуудаа нүдэнд харагдахуйц газар буюу самбар дээрээ бичээд тавьчихдаг. Ингэснээр “Одоо юу хийх билээ?” гэж эргэлзэж цаг алдахгүй, шууд ажлаа хийх боломжтой болж байгаа нь цаг хэмнэж буй нэг арга барил болов уу.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Компанийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөр болон хийгдэх бүхий л томоохон ажлуудаа сар, жилээр нь системтэйгээр төлөвлөчихдөг. Харин өдөр тутмын ажлын хуваариа долоо хоног бүрээр нь гаргаж хэвшсэн. Ингэж төлөвлөхдөө хийх ажлуудаа цаасан дээр гараар бичиж буулгах дуртай.
Харин хувь хүнийхээ хувьд жил бүрийн эхэнд тухайн ондоо хүрэх ерөнхий зорилго, жилийн төлөвлөгөөгөө боловсруулдаг. Энэ нь бүтэн жилийн турш өөрийгөө хөгжүүлэх, юунд анхаарахаа тодорхойлох нэг төрлийн “луужин” болж өгнө. Зарим хүмүүс шиг цаг минут бүрийг нарийн төлөвлөөд байдаггүй ч, ерөнхий зураглал минь тодорхой байхад ажлууд маань аяндаа цэгцрээд явчихдаг юм.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Эрүүл байхын тулд заавал нарийн төвөгтэй, хэцүү зүйл хийх албагүй, ерөөсөө л идэвхтэй хөдөлгөөн хамгийн чухал. Нас ахихын хэрээр бие амархан чилж, сульдах хандлагатай болдог учраас эрч хүчээ сэлбэхэд дасгал хөдөлгөөн зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас жилийн өмнөөс фитнесээр тууштай хичээллэж эхэлсэн. Одоогоор долоо хоногт гурван удаа, ажлаа эхлэхээс өмнө өглөөний цагаар бэлтгэлээ хийж хэвшээд байна.
Нөгөөтээгүүр, би гэр бүлийнхээ ноён нуруу, аав хүн учраас хүүхдүүддээ дасгал хөдөлгөөнөөр зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг юм.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Үндсэн ажлынхаа хажуугаар нэлээд сэтгэл гарган хийж буй ажил маань улс төр, олон нийтийн оролцоотой холбоотой. Би өнгөрсөн оны 12-р сараас эхлэн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргын албыг хашиж байна. Энэ хугацаанд дүүргийн намын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, илүү эрч хүчтэй, залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлэн ажиллаж байгаа.
Сүүлийн жилүүдийн сонгуулийн үр дүнг харахад тус дүүрэгт АН-ын байр суурь харьцангуй давамгайлах хандлага ажиглагдсан. Тиймээс дүүргийн МАН-ын үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ялангуяа иргэдтэйгээ ойр ажиллахад анхаарч, уулзалт байнга товлохын зэрэгцээ залуучууд болон ахмад настнуудын оролцоог нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч байна.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Орон сууц бол хүний амьдралын хамгийн анхдагч бөгөөд суурь хэрэгцээ юм. Анх удаа орон сууцтай болох гэж буй залуу гэр бүлүүд, өөрийн байр сууцаа үр хүүхдүүддээ өвлүүлсэн ахмад настнууд, мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас зайлшгүй орон сууцанд орох шаардлагатай болсон хүмүүс гээд олон янзын хэрэгцээ, шалтгаантай иргэд бий. Тиймээс аль болох олон айлыг өөрийн гэсэн өмчтэй, дулаан орон гэртэй болгохын төлөө хичээж ажилладаг нь ажлын маань хамгийн сайхан тал.
Гэвч орон сууцны төсөл нь асар их санхүүжилт шаарддаг, хэрэгжих хугацаа нь урт байдаг онцлогтой. Тэр болгон олон хүний хэрэгцээг нэг дор хангаж чадахгүй учраас иргэдийн дунд хүлээлт үүсэж, үл ойлголцол гарах тохиолдол цөөнгүй. Ялангуяа иргэдийн орлого тааруу байгаагаас болж хуримтлал хийж чаддаггүй, мөн түрээс болон зээлийн төлбөрийн дарамт ч их байна. Миний хувьд төрийн ажил эрхэлж буй учир өдөр бүр маш олон удаа тэдгээр хүмүүсийн асуудлыг сонсож сууна гэдэг л сэтгэл өвтгөм хэцүү байдаг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Яг одоогийн байдлаар Нийслэлийн орон сууцны корпорац дээр 28 төсөл хэрэгжиж байна. Бидний үйл ажиллагаа агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад голлон чиглэдэг юм. Энэ хүрээнд ашиглалтын хугацаа дууссан хуучин барилгуудыг буулган дахин төлөвлөх, шинэ суурьшлын бүс бий болгохоор ажиллаж байна. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай, саарал ус ашигласан зэрэг ногоон орон сууцны технологийг Монголд нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байгаа.
Эдгээрээс гадна санхүүжилт босгох, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бонд босгох зэрэг ажлууд хийгддэг. Ийнхүү төвлөрүүлсэн хөрөнгөөрөө иргэдэд зориулсан “Түрээслээд өмчлөх” хэлбэрийн ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн юм. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр өнгөрсөн хугацаанд 3,500 орчим өрх түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамрагдаж, өөрийн гэсэн орон гэртэй болох бодит боломж бүрдсэнийг онцлууштай.
Ойрын хугацааны томоохон ажлуудаас дурдвал, “Сэлбэ хорин минутын хот” төслийн орон сууцны захиалгыг хүлээн авч эхэлсэн. Үүний зэрэгцээ ипотекийн журмыг иргэдэд илүү хүртээмжтэй, ойлгомжтой болгох үүднээс шинэчлэн батлахаар ажиллаж байна. Журамд оруулах эдгээр өөрчлөлтүүд нь орон сууцны санхүүжилтийн тогтолцоог илүү боловсронгуй болгох зорилготой.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Би ер нь сурч боловсрохдоо цаг гаргахаас хэзээ ч хойш сууж байгаагүй. Өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн их сургуулийн босго алхаж, өөрийгөө тал бүрээр нь хөгжүүлжээ. 2002 онд хүнсний технологичоор төгсөөд, үүнээс хоёр жилийн дараа ШУТИС-д хүнсний аюулгүй байдлын чиглэлээр дахин бакалавр хамгаалж байсан юм.
Ингээд барилгын салбарт ажиллаж, төсөл удирдахад мэргэжлийн мэдлэгээс гадна хууль эрх зүйн ойлголт зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс 2013 онд Их Засаг Олон Улсын Их сургуульд эрх зүйч мэргэжлээр элсэн суралцсан. Одоо ч ажил амьдралд маань хууль, эрх зүйн мэдлэг их хэрэг болдог шүү. Дараа нь 2014 онд Рояаль Олон Улсын Их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан. Улмаар 2024 онд Монгол Улсын Эрдмийн их сургуульд докторын зэргээ хамгаалаад байна. Ер нь сурна гэдэг нийгмээсээ хоцрохгүй, өөрийгөө байнга “цэнэглэж” байх амьдралын чухал зарчим юм шиг санагддаг.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Бент Фливбьерг, Дэн Гарднер нарын “Том зүйлс хэрхэн бүтдэг вэ?” номыг санал болгоё. Уг номд яагаад зарим том төсөл, зорилго бүтэлгүйтдэг тухай болон амжилттай хэрэгжиж буй зүйлсийн цаана ямар нарийн төлөвлөлт, арга барил байдгийг маш ойлгомжтой тайлбарладаг. Тиймээс өөрийнхөө амьдралд том өөрчлөлт хийхийг хүсэж буй хэн бүхэнд хэрэгтэй бүтээл байх болов уу.
Би хувьдаа “Аватар” киног үзэх дуртай. Энэ киноноос байгаль дэлхий, хүн төрөлхтний салшгүй холбоо болон бие биеэ ойлгож, хүндэтгэх ухааныг суралцах болно.
Харин хөгжмийн тухайд Coldplay хамтлагийн “Yellow” дууг санал болгоё.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Анхны ажлын байрандаа ороод удаагүй байх үед багш маань надад “Эрэгтэй хүн зөвхөн нэг ажилд төвлөрөхөөс илүүтэй, олон талын чадвартай, амьдралын ухаантай байх ёстой. Өрх гэрээ авч явах хүн учраас ядаж л хадаасаа хадаж чаддаг байх хэрэгтэй шүү” гэж захиж байсан юм. Тэр үг одоо хүртэл миний санаанаас гардаггүй.
Өнөөдөр эргээд харахад, багшийн маань хэлсэн тэр энгийн мэт үгс амьдрал дээр хамгийн хэрэгтэй чадваруудын нэг байжээ. Зөвхөн ажлаа сайн хийхээс илүүтэй, амьдрал дээр өөрөө юм хийчихдэг, гэр бүлдээ хэрэгтэй хүн байх нь чухал юм билээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Аливаа зүйлийг хийхдээ “Зөв өнцөг, эерэг хандлага”-ыг хамгийн түрүүнд тавьж байгаарай гэж зөвлөе. Зөв бодолтой, эерэг хандлагатай байхад ямар ч хэцүү ажил аяндаа л бүтдэг. Тэр хэрээрээ бусдад ч хэрэгтэй, өгөөжтэй зүйл болж чадна. Үйлдэл бүхэн таны хандлагаас эхэлдэг учраас өнцгөө үргэлж зөв байлгахыг хичээгээрэй.
Харин шинээр ажлын байран дээр гарч буй залуустаа хандан хэлэхэд тууштай бөгөөд тэвчээртэй байгаарай. Мөн үргэлж бүтээлч байж, өөрийгөө хөгжүүлэхээ бүү зогсоо. Цаг хугацаа маш хурдтай өнгөрч байгаа учраас хором бүрийг үр дүнтэй ашиглаж сурах нь чухал. Хэрэв чи тууштай байж, бэрхшээлийн өмнө шантрахгүй урагшилж чадвал амжилтад хүрэх нь гарцаагүй.

Сэтгэгдэл бичих (1)


Х Хармони 59.153.86.198
дан киноны апп татчихсан байдаг насс ка ка аааааааааааааааааааааааааааааааааааа аааааааааааааа ааааааааааааааааааааа