Арван жилийн турш үл тасарсан “Би хэрхэн ажилладаг вэ” цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор банк, санхүүгийн салбарт 20 орчим жилийн туршлагатай, салбарын тэргүүлэх ББСБ-уудын нэгийг удирдаж буй Г.Цогтгэрэл оролцож байна.
Түүний 12 жилийн турш удирдсан “Очир Ундраа ОМЗ ББСБ” дүр төрхөө “Ochun Finance” болгон шинэчлээд байгаатай холбогдуулан удирдлагын нөү-хау, хувь хүний үзэл бодол, компанийн үйл хэргийнх нь тухай ярилцлаа.
Байршил: Altan Joloo Tower, 12-р давхар
Эрхэлдэг ажил: Гүйцэтгэх захирал, Очир Ундраа ОМЗ ББСБ
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy Note 20
Хэрэглэдэг компьютер: Lenovo
Сошиал хуудсууд: Tsogtgerel Ganbaatar (Facebook), Ganbaatartsogtgerel (Instagram)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Ээж минь нягтлан бодогч, аав маань удирдлагын түвшинд ажилладаг учир би багаасаа л санхүүгийн салбартай ойр өссөн. Өөрөө ч математикийн хичээлдээ их дуртай, логик сэтгэлгээ шаардсан зүйлд сонирхолтой хүүхэд байлаа. Тийм ч учраас санхүүгийн салбарт ажилладаг хүн болно гээд шийдчихсэн байж байгаад 2004 онд МУИС-ийн ЭЗС-ийн Менежментийн ангид элсэн суралцав.
Төгсөх курсийн оюутан байхад Хаан банкнаас теллерын сонгон шалгаруулалт зарлагдлаа. Банканд ажиллах хүсэлтэй байсан тул шалгаруулалтад орж, өөрийгөө сорихоор шийдэв. Ингээд шалгаруулалтдаа тэнцэж, Дамба-д байрлах салбараас ажлын гараагаа эхэлж байлаа.
Анхны ажил маань гэрээс их хол, багагүй хугацааг автобусанд өнгөрүүлдэг, ажлын орчин хүйтэн, ариун цэврийн өрөө нь хүртээмжгүй гэхчлэн төрж өссөн танил орчноос минь тэс өөр байв. Тухайн үедээ шантрах үеүд цөөнгүй байсан ч одоо бол анхны ажил маань сорилт ихтэй байсан учраас ажилдаа дурлах, ажлын арга барил, зарчим, үнэт зүйлийг бий болгосон гэж боддог.

Зургаан жилийн хугацаанд теллерээс эдийн засагч, эдийн засагчаас ахлах эдийн засагчаар тушаал дэвшээд ажиллаж байтал “Очир Ундраа ОМЗ ББСБ”-аас ажлын санал ирлээ. Энэ үед удирдах албан тушаал хашиж чадах эсэхдээ эргэлзэж байсан ч аав, нөхөр хоёр маань дэмжиж, зоригжуулсан тул сонгон шалгаруулалтад оролцохоор болов. Тийнхүү “Очир Ундраа ОМЗ ББСБ”-ынхаа Гүйцэтгэх захирлаар томилогдсон 2014 оны 4-р сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 12 жил ажиллаж байна.
“Очир Ундраа ОМЗ ББСБ” маань өнгөрсөн 18 жилийн хугацаанд ёс зүйтэй, тогтвортой өсөлтийг чухалчлан ажилласны үр дүнд өдгөө 120,000 гаруй харилцагчийнхаа өсөлт, хөгжлийг санхүүжүүлж, 8 салбар, 100 орчим ажилтантай, тэргүүлэх ББСБ-уудын нэг болж чаджээ. Бид ирэх он жилүүдэд санхүүгийн шийдлийг амьдралд улам ойртуулж, уламжлал ба шинэчлэлийг хослуулан харилцагчдынхаа дараагийн алхам бүрд хамт байхыг зорин “Ochun Finance” дүр төрхөө танилцуулаад байгаа.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Ээжийн ажил маань ихэвчлэн 07:00 цагт эхэлдэг. Эртлэн босож, хүүхдүүддээ өглөөний цайг нь бэлдээд, сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс ажил ундарна даа. 09:00-10:00 цагийн үед ажил дээрээ ирээд хамгийн эхэнд тухайн өдрийн төлөвлөгөөгөө нягталж шалгана. Үүний дараа и-мэйлүүддээ хариу өгснөөр тэр өдрийн ажил эхэлж, оройтой уралдаад л дуусгадаг.
Өмнөх жилүүдэд ажилдаа суралцах шаардлагатай байсан тул багагүй хугацааг ажилдаа зарцуулдаг байсан бол сүүлийн үед ажил, амьдралын тэнцвэр буюу гэр бүлийнхэндээ болон эрүүл мэнддээ зарцуулах цаг хугацааг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Ар гэр нь амар тайван, бие мах бод нь эрүүл саруул байж гэмээ нь тэр хүний бүтээмж өндөр байдаг учраас ажилтнуудаа цагтаа тарахыг сануулж, шаарддаг ч өөрөө энэ зарчмаа бүрэн дагаж чадахгүй л байна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Удирдлагын хувьд нөү-хау буюу менежментийн арга барил цаг ямагт хувьсан өөрчлөгдөхийн зэрэгцээ баг хамт олноос шалтгаалан янз бүр байдаг. Өөрөөр хэлбэл, тогтсон онол гэхээсээ илүү уян хатан практикаас үүдэлтэй мэдрэмж гэж тодорхойлж болно.
Намайг анх томилогдон ирэхэд манай байгууллага 10 ажилтантай, ганцхан салбартай байлаа. 27 настай залуу захирлын хувьд үе тэнгийн болон өөрөөсөө туршлага илүү хүмүүсийг удирдан чиглүүлэхэд юун түрүүнд хүлээн зөвшөөрөгдөх гэдэг том даваа тулгарав. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг хүчлэх боломжгүй зүйл. Сүржин үг яриа биш өдөр тутмын бодит үйлдэл, түүнээс урган гарах үр дүн л хүлээн зөвшөөрөгдөж, хамт олныхоо итгэлийг олж авахад хамгийн том түлхэц болж байсан. Тиймээс эхэн үедээ бүх л үйл ажиллагаанд өөрөө оролцож байлаа.
Жилээс жилд компани өргөжин тэлж, харилцагчдын тоо олон арван мянгаар хэмжигдэж, ажилчдын тоо 100 дөхөж, салбаруудын тоо нэмэгдэхийн хэрээр бүх процессыг өөрөө хянах боломжгүй болсон. Энэ үеэс удирдлагын арга барилаа өөрчлөх шаардлагатайг ойлгож, удирдах түвшний ажилтнуудаа чадавхжуулж, тэдэнд ажлуудаа даалгаж өгөхөд анхаарч эхэлсэн.
Харин санхүүгийн байгууллагын хамгийн чухал нөү-хау бол зарчим гэж хэлнэ. Жишээ нь, манай байгууллага захирлыг нь таньдаг хүнд өөр үйлчлэх ёсгүй. Бүх харилцагч, хамтран ажиллагч байгууллагадаа ижил шаардлага тавьж, нэг стандартаар, зарчмын дагуу үйлчилдэг. Байгууллага зарчим дээрээ тууштай байж чадвал өсөлт удаан байсан ч илүү бат бөх, тогтвортой байдаг юм билээ. Урт хугацааны өсөлтийг хүсэж байгаа бол жижиг компани байхдаа л зарчимд суурилан ажиллаж чадвал компани томорсон үедээ тогтвортой, итгэлтэй, нүүр бардам байдаг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Өдөр тутамдаа идэвхтэй ашигладаг Viber болон Microsoft Teams маань бараг л үзэг, бал шиг салшгүй хэрэгслүүд болжээ. Тэр дундаа Teams-ийн календарь маш чухал үүрэгтэй. Хуваарь давхарддаг ажлууд их байдаг тул бүгдийг нь цэгцтэй төлөвлөхгүйгээр үр дүнтэй ажиллах боломжгүй. Outlook дээр и-мэйлээ үргэлж нээлттэй байлгадаг нь чухал ажлуудыг надаас болоод гацчих вий гэдгээс сэргийлдэгтэй холбоотой.
Өнгөрсөн намраас YouTube-ийг их ашиглаж байна. Ялангуяа номын тухай ярьдаг, уншсан бүтээлийнхээ тухай сонирхолтой шүүмж, сэтгэгдэл хуваалцдаг подкастуудыг шимтэн сонсож байгаа.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Би өглөө босоод өнөөдөр ямар хувцас өмсөх вэ гэдэгт цаг үрэхийг хүсдэггүй. Тиймдээ ч өмсөх хувцсаа өмнөх орой нь бэлдэж хэвшсэн. Мөн гэрээсээ ажил хүртэл алхахад 15 орчим минут зарцуулдаг юм. Энэ хугацаандаа шаардлагатай дуудлагуудаа хийж цагаа хэмнэдэг. Гадуур явж байхдаа, таксинд явахдаа дуудлага, зурвастаа хариу өгөх бол цаг хэмнэх хамгийн сайн арга гэж хэлнэ.
Тэрчлэн аливаа зүйлийг хийхдээ аль болох тодорхой, дахин цаг гаргах шаардлагагүй түвшинд чанартай хийхийг эрмэлздэг. Тухайлбал, ямар нэгэн ажил хариуцаж буй ажилтандаа тухайн үйл ажиллагааны зорилго, санааг эхнээс нь маш ойлгомжтой, тодорхой тайлбарлаж өгдөг. Нэг удаа хангалттай цаг гарган, утга учрыг нь бүрэн ойлгуулж чадвал дараа нь ажлын явцыг дахин дахин асуух, уулзах шаардлага үүсдэггүй.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Би их нарийн бодож, төлөвлөдөг төрлийн хүн. Хувийн болон албан ажлуудаа ихэвчлэн өмнөх өдөр нь бодож, төлөвлөөд унтдаг зуршилтай. Ингэж төлөвлөснөөр маргааш өглөө нь сэрэхэд бүх зүйл тодорхой, цэгцтэй, тэр өдөртөө илүү олон ажлыг амжуулж чаддаг. Сонирхолтой нь ажил үүрэг нэмэгдэх тусам тэр бүгдийг зохицуулаад л байдаг юм байна лээ.
Мэдээж сар, жилээр гаргасан төлөвлөгөө бий. Гэхдээ харилцагчийн уулзалт гэх мэт урьдчилан тааварлах боломжгүй ажлууд гардаг учраас өдөр бүрийг хэт нарийн төлөвлөх боломжгүй. Ерөнхийдөө сардаа багтаан энэ голлох ажлаа амжуулна гэх байдлаар төлөвлөж байна. Харин компанийн хувьд жилийн төлөвлөгөөгөө гаргачихсан байдаг тул тэрхүү төлөвлөгөөгөө даган ажилладаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Төрөлхийн хөгжилтэй, цоглог, хэр баргийн зүйлд шантраад, гутраад байдаггүй болохоор эргэн тойрныхоо бүхий л зүйлээс сайн сайхныг олж харж, урам зориг авч байна даа. Мөн ажлынхаа үр дүнгээс эрч хүч мэдрэх дуртай.
Сагс, волейболоор хичээллэж, компанийнхаа залуустай мөр зэрэгцэн өрсөлдөх нь эрч хүчээ сэлбэх чухал орон зай болдог.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Улс орны хөгжил хүний нөөцийн чадвартай салшгүй холбоотой. Харин хүний нөөцийн чанар боловсролын системээс эхэлдэг. Тиймээс бид байгууллагынхаа дэргэд групп компанийнхаа ажилчдын хүүхдүүдэд зориулсан “Ochun Kids” цэцэрлэгийг байгуулаад гурван жил болж байна. Энэ төсөл маань бидэнд хүүхдүүддээ санаа зовохгүйгээр ажилдаа төвлөрөх, ажлаа тараад түгжрэхгүйгээр хүүхдээ аваад гэртээ харих зэрэг олон давуу талыг бүрдүүлж байгаа. Мөн хамгийн гол нь цэцэрлэгийн сургалтын боловсрол, эрүүл, аюулгүй орчин, боловсон хүчин гээд бүх зүйлд нь сэтгэлээ шингээсэн учир үр хүүхдүүд маань суурь боловсролоо чанартай авах боломж бүрдсэн.
Өөр нэг сонирхолтой ажил гэвэл хувьдаа өнгөрсөн зун Булган аймгийн Хутаг-Өндөр сумд “Khutagt Mountain” гэх ресторан, замын жуулчид түр амрах жижигхэн газар нээсэн юм. Улаанбаатараас 600 орчим км зайтай тул Баасан гарагт ажлаа тараад л тийшээгээ явж Даваа гарагт ажилдаа эргэж ирдэг.
Үндсэн ажил маань тогтсон системийн дагуу, мэргэжлийн боловсролтой залуусыг зааж чиглүүлэхийг шаарддаг. Харин ресторан маань үүнээс тэс өөр. Ресторандаа би зохион байгуулагчаас үйлчилгээний ажилтан шаардлагатай бол бариста ч болно. Би багаасаа л хөдөө орон нутгаар явж үзээгүй, байнга л хотдоо байдаг хүүхэд байсан юм. Харин гэрлэсний дараа ахынд зочлохоор анх удаа хөдөө явж, сумын амьдралтай танилцаж байв. Тэр үед Хутаг-Өндөр сумын байгаль, уур амьсгал, рашаан сувилал гээд бүхий л зүйл нь ихэд таалагдсан тул энэхүү гэр бүлийн бизнесээ эхлүүлсэн юм.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Зарим хүмүүс ББСБ-уудыг өндөр хүүтэй зээл олгодог, богино хугацаанд ашиг хайдаг, товчхондоо мөнгө хүүлэгчид гэж хардаг талтай. Гэхдээ бодит байдал дээр ББСБ-ууд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй бүтэц юм. Бидний зээл олгодог эх үүсвэрийн өртөг өндөр, эрсдэлтэй сегментэд үйлчилгээ үзүүлдэг тул хүүгийн түвшин банкнаас өндөр байх нь бизнесийн л зарчим. Энэ байдал олон улсад ч гэсэн яг л ижил.
Харин эерэг тал нь гэвэл, банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авах боломж хязгаарлагдмал, шаардлагыг нь хангаж чаддаггүй жижиг, дунд бизнес, хувь хүмүүсийн хувьд ББСБ бол боломж олгогчид юм. Энэ утгаараа ББСБ-ууд хувь хүн, аж ахуйн нэгж цаашлаад улс орныхоо хөгжил дэвшилд бодитоор эерэг нөлөө үзүүлж байгаа салбар гэж боддог.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Энэ оныг манай компани шилжилтийн үе гэж харж байгаа. “Очир Ундраа ОМЗ ББСБ” маань 2026 оноос Ochun Finance нэрийн дор, шинэ өнгө төрхөөр хөгжлийнхөө дараагийн чухал алхмыг хийгээд байна. Энэхүү алхам нь Ochun Finance-ийг зөвхөн дотоодын зах зээлд бус дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц санхүүгийн байгууллага болгох суурь шат юм.
Өөр нэгэн төвлөрч буй чиглэл нь дижитал шилжилт. Манай байгууллага жижиг банктай дүйцэхүйц зээлийн үйлчилгээ үзүүлдэг бизнес. Иймээс хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, банкны үйлчилгээнд бүрэн хамрагдаж чаддаггүй сегментэд хэрхэн хүрч ажиллах вэ гэдэгт онцгойлон анхаарч байна. Энэ хүрээнд уламжлалт үйлчилгээний загвараа дахин загварчилж, бүтээгдэхүүнээ нийцүүлэн хөгжүүлэхэд түлхүү төвлөрч байгаа юм.
Ochun Finance ихэвчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжиж ирсэн ч өнгөрсөн онд хаалттай хүрээнд бонд амжилттай гаргасан. Харин одоогийн байдлаар санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлж, өртөг болон эрсдэлийн хувьд оновчтой бүтэц бүрдүүлэх тал дээр анхаарал хандуулж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Өдөр бүр л суралцсаар байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд өөрийгөө сорьж, урт хугацааны зорилгоо биелүүлсэн нь хуулийн чиглэлээр суралцсан явдал байв. 2022 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрт элсэн орж, өнгөрсөн онд амжилттай төгслөө. Энэ хугацаанд онолын мэдлэгээс гадна практик талын туршлага хуримтлуулж, үүнийгээ ажил, амьдралдаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Номын тухайд Монтескье Барон дегийн “Хуулийн амин сүнс” гээд номыг санал болгоё. Энэ ном хууль, засаглал, нийгмийн бүтэц хоорондын уялдаа холбоог гүнзгий тайлбарладаг бөгөөд аливаа улсын хууль тогтолцоо нь зөвхөн дүрэм журмаас гадна тухайн нийгмийн онцлог, соёл, түүхтэй хэрхэн холбогдож бүрэлддэгийг ойлгуулна. Эрх зүйн сэтгэлгээ, системийн ойлголтыг өргөн өнцгөөс харахад тусалдаг тул засаглалын тухай ойлгох хүсэлтэй хэн бүхэн уншвал зохилтой.
Эмэгтэй удирдагчдын хувьд зөвхөн мэргэжлийн шаардлагаа хангахаас гадна сайн ээж, сайн эзэгтэй, сайн охин байх зэрэг олон талын үүрэг, хариуцлагатай тулгардаг. Тиймээс би эмэгтэй удирдагчдын түүхийг өгүүлсэн кинонуудад дуртай. Ялангуяа 2015 онд нээлтээ хийсэн “The Intern” киног маш их хайрлаж үздэг. Гол дүрийн эмэгтэйн ажил хэрэгч байдал, амьдралын хэв маяг, сэтгэлгээ нь надад ойр санагддаг юм.
Хөгжмийн тухайд сүүлийн үед их сонсож байгаа Céline Dessberg-ийн “Сэлэнгэ” гэх дууг санал болгоё.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Ажилтнуудаас маань урмын үг, зөвлөмж бичсэн талархлын захидал, ил захидлууд ирдэг түүнээс урам зориг, эрч, хүч бас хайрыг мэдэрдэг. Хэдхэн сарын өмнө миний төрсөн өдрөөр манай нэг ажилтнаас цэцгийн баглаатай ил захидал ирсэн юм. Тэр захидалд “Захирал аа, хэтэрхий их ажиллаад байна шүү. Биеэ бодоорой, эрүүл байгаарай” гэж бичсэн байсан. Зүгээр л гүйцэтгэх захирал бус Цогтгэрэл гэж хувь хүний нүдээр хараад ингэж анхаарал тавьсан нь сэтгэлд маш тод үлджээ.
Мэдээж гэр бүлийнхэн маань надад энэ талаар байнга хэлдэг ч ажилтнаасаа ийм үгтэй захидал аваад нээрээ л өөрчлөлт гаргая гэж шийдсэн шүү.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хамгийн түрүүнд өөрийгөө олоорой гэж хэлмээр байна. Өөрийгөө олох гэдэг нь зөвхөн мэргэжил төдийгөөр хэмжигдэх бус “би хэн бэ, юу намайг аз жаргалтай болгодог вэ, юунд чин сэтгэлээсээ дуртай вэ” гэдгээ ойлгох явдал юм. Гол нь хэн ч чиний өмнөөс өөрийг чинь олж өгөхгүй, зөвхөн чи өөрөө л өөрийнхөө дотоод ертөнцийг нээж чадна.
Мөн өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Бусдын амжилт, амьдралын хурд чиний үнэ цэнийг тодорхойлохгүй. Чи өөрийнхөө цагт, өөрийнхөөрөө өсөж хөгжих эрхтэй. Хүн бүрд таалагдах албагүй, харин өөртөө таалагдаж, өөртөө үнэнч амьдрах нь хамгийн том эрх чөлөө юм шүү.

Сэтгэгдэл бичих (2)


Э Элэг2 66.181.191.66
Яаж ингэж худлаа ярьж чадаж байна. Маш ёс зүйгүй хүн. Ямар ч мэдлэг байхгүй, бусдыг маш их ялгаварлан гадуурхдаг хүн. Алаад байгаа ББСБ нь 3 байрнаас 20 хүртэл ухарсан даа
Х Хэрэглэгч 192.82.91.142
Мэргэжлийн туршлагатай баг хамт олон шүү, яаралтай санхүүгийн хэрэгцээг маань шуурхай шийдвэрлэж өгч байсанд баярладаг даа.