Пипл ин Нийд (People in Need) ОУ-ын ТББ нь 2009-2011 оны үед зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлж анхны төслөө Монголд хэрэгжүүлснээс хойш хэдийн 18 жил өнгөрчээ. 1992 онд анх Бүгд Найрамдах Чех Улсад үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж, дайн мөргөлдөөн, гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ хүний эрхийг хамгаалж, орон нутгийн иргэдийн боловсрол, хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Энэ удаагийн ярилцлагад маань тус байгууллагын cуурин төлөөлөгч оролцож байна. Тэрээр АНУ-ын Виржиниа мужид төрж, өссөн ба Нью-Йоркоос ажлын гараагаа эхлүүлжээ. Багаасаа спорт, хүний эрх, эрүүл мэндийн салбар гээд янз бүрийн салбарт хүч сорьж, идэвх чармайлт гарган ажилладаг байсан түүний карьерын замнал хэрхэн өрнөснийг энэ нийтлэлээс олж мэдээрэй.
Байршил: Төв Номын сангийн хойно, “People in Need” оффис
Эрхэлдэг ажил: Суурин төлөөлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 13
Хэрэглэдэг компьютер: Lenovo ThinkPad X1
Сошиал хуудас: pixie_jock_mom /Instagram/
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Миний амьдрал спорттой салшгүй холбоотой. Багаасаа софтбол, волейбол тоглох дуртай хүүхэд байлаа. Тиймдээ ч Баруун өмнөд Виржиниад байрлах Рэдфордын Их сургуульд олон нийтийн харилцааны чиглэлээр бакалавр болон магистрын зэргээ хамгаалж байх үедээ сургуулийн шигшээ багын тамирчин байсан юм. Их сургуулиа төгсөөд Нью-Йорк руу нүүж, холын зайн гүйлтээр нэлээд эрчимтэй хичээллэж эхэлсэн юм. Хэдийгээр би одоо өндөр ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхгүй байгаа ч тухайн үед өөрийгөө дайчилж хоёр ч удаа бүтэн марафон, арав гаруй удаа хагас марафонд гүйж байлаа. Спортоос олж авсан энэ бүх туршлага маань сахилга бат, дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил суулгасан гэж боддог.
Сургуулиа төгсөөд Нью-Йорк хотоос ажлын гараагаа эхлүүлсэн юм. 2007-2012 онд “Мемориал Слоан Кеттеринг” хавдрын төвд ажиллаж эхэлсэн нь хүмүүст туслах хүсэл, шударга бус байдалтай тэмцэх, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх миний хүслийн суурийг их зөв тавьж өгсөн юм билээ.

Улмаар 2012 онд Монгол Улсад ирж суурьшихаар шийдэн 2014 онд нь Монголд дахь Америкийн худалдааны танхимд ажилд орсон юм. Үүний дараа Америкийн Монгол Судлалын Төвтэй хамтран ажиллаж, 2020 онд цар тахал эхлэхийн өмнөхөн Азийн санд ажиллаад, 2025 оны есдүгээр сард Пипл ин Нийд ОУТББ-ын Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй. Миний хувьд одоогоор орон нутгийн иргэдийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, илүү хүртээмжтэй, ардчилсан нийгмийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүдийг удирдан ажиллаж байна.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Суурин төлөөлөгчийн ажил яг тогтсон, нэгэн хэвийн өнгөрнө гэж бараг үгүй. Өдөр бүр харилцан адилгүй өрнөдөг ч ихэвчлэн уулзалт, арга хэмжээнд оролцох, имэйлүүдэд хариулах зэргээр завгүй өнгөрдөг. Энэ дундуур арай том зургаар харах, стратегийн бодлогодоо цаг гаргахыг хичээдэг ч яаралтай ажлуудад шахагдаад хойшлогдох нь элбэг.
Харин төрийн байгууллагынхантай бодлогын асуудлаар хуралдах, эсвэл төсөл хэрэгжүүлэх явцад гарсан асуудлыг шийдвэрлэхээр багтайгаа уулзах, төслийн санал боловсруулах, түншүүдтэй уулзах, дэлгэрэнгүй тайлангуудыг хянах зэрэг ажлуудаа заавал амжуулдаг.

3. Таны ажлын нөү-хау?
Ямар ч зүйлд үргэлж бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй, цэгцтэй байх нь чухал. Миний албан тушаал өөрөө олон тал руу зэрэг анхаарал хандуулах шаардлагатай учраасхэрвээ ажлаа зөв төлөвлөх тогтсон систем байхгүй бол ачаалалдаа амархан дарагдах эрсдэлтэй.
Хоёр хүүхдийн ээжийн хувьд эдгээр зарчим гэр бүлийн амьдралд ч мөн адил үйлчилдгийг сүүлд ойлгосон. Мэдээж бүх зүйлийг үргэлж төгс хийж чаддаггүй ч багахан хэмжээний төлөвлөлт, бэлтгэл ажил олон асуудлыг урьдчилан шийдвэрлэхэд тусалдаг. Тиймээс би цаглавар, ажлын жагсаалт, утасныхаа Reminder зэргийг идэвхтэй ашигладаг.

Бүтээмжээс гадна өөр нэг арга барил нь хүн төвтэй харилцаа болов уу. Хамтран ажиллагсадтайгаа бат бөх харилцааг бий болгох, тэднийг дэмжих, таатай ажиллах орчныг бүрдүүлэхэд цаг гаргаж, анхаарлаа хандуулдаг. Хүчирхэг байгууллагыг хүчирхэг баг хамт олон л бий болгодог гэдэгт итгэдэг. Тиймээс хүмүүсийг сайн ойлгож, сонсох, бусдыг амжилтад хүрэхэд нь туслах нь өөрийнхөө ажлын жагсаалтаа хийж дуусгахаас ч дутахааргүй чухал зүйл. Үүнд олон нийтийн харилцааны чиглэлээр суралцсан маань мөн дэмтэй байдаг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Гар утас, компьютероос гадна миний хувьд хамгийн чухал төхөөрөмж бол чихэвч. Би ганцаараа ажиллах эсвэл сайн төвлөрөх хэрэгтэй үедээ хөгжим их сонсдог. Олон ажлыг зэрэг зохицуулах хэрэгтэй тул компьютер дээрээ Microsoft OneNote-ийг хэрэглэдэг. Харин хувьдаа Америкт байгаа гэр бүл, найз нөхөдтэйгөө холбогдохын тулд Facebook, Instagram зэрэг аппуудыг өдөр бүр ашиглана. Бас ээж, эгчтэйгээ хамт New York Times апп дээрх Wordle тоглоомыг өдөр бүр тоглодог.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Улаанбаатар хотод амьдарч, ажиллаж байгаа хүний хувьд түгжрээнд цагаа үрэхгүйн тулд ажилдаа, уулзалт, арга хэмжээнд оролцохдоо дугуйгаар ирж очих нь цаг их хэмнэдэг. Машин эсвэл таксинд суух шаардлага гарвал би байнга шахам лаптоп, ном, эсвэл ажилтайгаа холбоотой ямар нэг унших юм авч явдаг. Ингэснээр замын түгжрэлд байх хугацаагаа ашиглаад и-мэйлдээ хариулаад, чухал бичиг баримттай танилцаж, дараагийн уулзалтдаа бэлддэг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Ажлын жагсаалт гаргах тал дээр би нэлээд уламжлалт арга барилтай. Хийх шаардлагатай бүх зүйлээ бичиж тэмдэглээд, дараа нь хэр яаралтай мөн хэр ач холбогдолтой зэргээр нь эрэмбэлдэг. Шинэ ажил гарч ирэх бүрд жагсаалтдаа нэмж оруулдаг бөгөөд өдөр бүрийн төгсгөлд маргааш заавал амжуулах шаардлагатай ажлуудаа онцолж тэмдэглэдэг.
Хэрэв ямар нэгэн ажил төвлөрч сууж хийх цаг шаардлагатай бол уулзалт болон бусад яаралтай ажлуудад шахагдан хойшлуулахгүй байлгахын тулд цаглавартаа тусгайлан цаг гаргаж төлөвлөдөг. Миний хувьд хийх ажлын жагсаалт бол өдөр тутмын ажлын салшгүй хэрэгсэл бөгөөд эмх цэгцтэй ажиллах, чухал зүйлсийг орхигдуулахгүй байхад их тусалдаг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Мэдээж дасгал хөдөлгөөн хийж эрч хүчээ сэлбэдэг. Ихэвчлэн гэртээ гантель, спиннинг дугуй, иогийн гудас зэргээ ашиглаад л дасгалаа хийнэ. Амралтын өдрүүдээр гэр бүлээрээ дугуй унах, ууланд алхах, хотоос гарах зэргээр амардаг. Монголд амьдарч байгаагийн нэг давуу тал нь хэдхэн км яваад л Богд ууланд гарах, Тэрэлж орох боломжтой тул хүссэн үедээ байгальд гарч чадна.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Одоогоор ажлаас гадуур надад хариуцаж байгаа тийм олон төсөл байхгүй ч миний онцгойлон анхаарч буй нэг төсөл нь ЛГБТ Төвийн "Бахархал ба Тэгш эрхийн өдрүүд" арга хэмжээ. Энэ арга хэмжээ нь тэгш эрх, хүртээмжтэй байдал, хүний эрх, нэр төрийг нийгэмд ойлгуулахад маш чухал нөлөөтэй боловч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд санхүүжилтийн бэрхшээлтэй нүүр тулж буй нь харамсалтай.
Тиймд “Пипл ин Нийд” ОУТББ саяхан уг арга хэмжээнд зориулан санхүүжилт босгож чадсанд туйлын баяртай байгаа. Хүмүүс өөрсдийгөө нээлттэй, аюулгүй орчинд, хэн гэдгээрээ бахархаж амьдрах боломжтой илүү хүртээмжтэй нийгмийг бий болгоход чиглэсэн байгууллагуудыг дэмжих нь миний ажлын хамгийн утга учиртай хэсгүүдийн нэг шүү дээ.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Хамгийн том давуу тал бол эргэлзээгүй эргэн тойронд байгаа хүмүүс маань. Хамт олон, иргэний нийгмийн идэвхтнүүд, төрийн байгууллагуудын төлөөлөл, олон улсын байгууллага болон олон нийтийн төлөөлөл гээд маш чадварлаг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллах боломж олдсонд их талархаж явдаг юм.
Мэдээж нийгмийн нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх, хүмүүсийн амьдралыг бодитоор сайжруулахын төлөө ажиллаж байгаа маань сэтгэл ханамж их өгдөг. Сул талын тухайд, бидний төвлөрөн ажилладаг асуудлууд маш нарийн төвөгтэй, хүний амьдралд шууд нөлөөлөхүйц асуудлууд байдаг. Тиймээс ямар ч нөхцөлд арай илүү ихийг хийх, илүү сайн ажиллаж чадах байсан юм шиг мэдрэмж төрдөг нь өдрийн төгсгөлд сэтгэл зовоож, ажил, амьдралын тэнцвэрийг тэр чинээгээрээ алдагдуулах талтай.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Бид сүүлд Европын Холбооны санхүүжилттэй "Эдийн засгийн ногоон шилжилт" төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд Монголын хүнс, ус, ундааны салбарт ESG (байгаль орчин, нийгэм, засаглал) болон ногоон эдийн засгийн туршлагыг нэвтрүүлэхэд нэлээд жинтэй үр нөлөө үзүүлж чадсан гэж дүгнэж байгаа. Харин ойрын хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хэрэгжүүлж буй ЧИП төсөлдөө анхаарч ажиллаж байна. Энэ төслөөр дамжуулан бид гэр хорооллын өрхүүд болон гэр цэцэрлэгүүдийн халаалт, дулаалгыг сайжруулж эрчим хүчний хэрэглээг бууруулж, агаарын чанарыг сайжруулан, иргэдийн илүү эрүүл, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Түүнчлэн Монгол Улс удахгүй COP17 хурлыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан бид Европын Холбооны санхүүжилттэй "Хос Шилжилт" төслөөрөө дамжуулан иргэний нийгмийн оролцоог дэмжиж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн хэлэлцүүлгүүдэд орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой, шийдлүүдийг олон нийтэд хүргэхийн тулд идэвхтэй ажиллаж байна.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Мэдээ унших, тайлан судалгаатай танилцах зэрэг уламжлалт аргуудаас гадна би сониуч зангаа хадгалж, үргэлж асуулт асуухыг хичээдэг. Ажлын маань сонирхолтой нэг тал нь салбар бүрийн өөр өөр туршлага, мэдлэгтэй хүмүүстэй уулзах боломж юм. Тиймээс энэ боломжийг ашиглан тэдгээр ярианаас аль болох ихийг сурч авахыг хичээдэг.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Киноны хувьд, би саяхан Netflix-ээр "Mo" гэдэг цуврал үзсэн юм. Та бүхэнд заавал үзэхийг зөвлөж байна . АНУ-ын цагаачлалын системд хөлөө олохыг хичээж буй Палестин дүрвэгчийн түүхээр дамжуулан арьс өнгөөр ялгаварлах үзэл, гэр бүлийн хүнд нөхцөл байдал зэрэг ээдрээтэй сэдвийг маш хүнлэг байдлаар харуулж чадсан бүтээл.
Номын хувьд, Сю Монк Киддийн бичсэн "The Invention of Wings" номыг саяхан уншиж дуусгасан. Иргэний дайны өмнөх үед амьдарч байсан, бодит амьдрал дээрх хамгийн анхны эмэгтэй боолчлолын эсрэг тэмцэгч, феминистүүдийн нэг болох эгч дүү хоёрын амьдралыг өгүүлдэг.

Хөгжмийн тухайд гэвэл, манай гэр бүл бараг бүх төрлийн хөгжим сонсдог. Би орчин үеийн кантри хөгжимд тийм ч дуртай биш боловч сүүлийн үед манай гэрийнхэн кантри хөгжим, тэр дундаа Жон Денверийг их сонсож байгаа. Манай нөхөр хөгжимчин хүн л дээ. Гэхдээ манай бага хүү сүүлийн үед хуучин кантри хөгжимд маш ихээр татагдах болсон. Тиймээс бид түүнийхээ шинэ сонирхлыг дэмжихийн тулд кантри хөгжмийг пянзаар их сонсож байна. Харин дахин дахин сонсдог нэг дуу бол Yo La Tengo-ийн “You Can Have It All”. Энэ хамтлагтай би нэг найзынхаа ачаар танилцаж, Playtime дээр тэдний тоглолтыг нь үзэх боломж олдсон тул энэ дуу маш олон сайхан дурсамжийг эргэн сануулдаг юм.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Манай хуучин дарга "Хийх ёстой зүйлсийн жагсаалт хэзээ ч дуусахгүй" гэж хэлж байсан юм. Хийх ёстой ажлууд яаж ч хичээгээд байж л байдаг. Гагцхүү зөв эрэмбэлэх, хамгийн чухал зүйлдээ л хүчээ төвлөрүүлэхээ мэддэг байх ёстой. Бас компьютерээ унтраагаад ажлаа зогсоож чаддаг байх чухал. Би өөрөө ч энэ зөвлөгөөг тэр бүр мөрдөж чаддаггүй л дээ. Ер нь хүн бүх зүйлийг зэрэг амжуулах боломжгүй тул ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах нь өндөр бүтээмжтэй байхтай тэнцэхүйц чухал зүйл шүү гэдгийг ойлгуулсан учраас тэр үгс их бодогддог юм.
14. Бусдад шидэх санаа?

Энэ салбарт ажиллахаар зорьж буй хүнд би хамгийн түрүүнд "өөртөө шударга ханд" гэж зөвлөмөөр байна. Та яг жинхнээсээ юунд дуртай юм, юуг хамгийн сайн хийж чаддаг юм, танд юу аз жаргал, эрч хүч өгдөгийг сайтар тунгаан бодох цаг өөртөө заавал гаргаарай. Энэ салбар өөрөө маш өргөн хүрээний, янз янзын асуудлууд дээр ажилладаг болохоор өөртөө тохирох чиглэлийг олж чадвал маш том давуу тал бий болно.
Түүнээс гадна, би залуусыг сониуч байж, албан болон албан бус бүхий л боломжуудыг ашиглан тасралтгүй суралцахад уриалдаг. Ажлын гараагаа дөнгөж эхэлж байхдаа та бүх зүйлийг мэддэг байх албагүй гэдгээ үргэлж санан, мэдэхгүй, ойлгохгүй зүйл гарч болохоос гадна асуулт асуух эрхтэй гэдгээ ойлгоорой. Түүнчлэн бусдын санал шүүмж, олон талт үзэл бодлыг нээлттэй хүлээж авч сурах нь энэ чиглэлийн ажилд байх ёстой хамгийн чухал чанаруудын нэг юм шүү.

Сэтгэгдэл бичих

