Мөнгөний урсгал хамгийн идэвхтэй явж буй салбаруудын нэг бол яах аргагүй үл хөдлөх хөрөнгийн салбар. 2025 оны эхний улиралд гэхэд л энэ салбар нийтдээ 538 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь салбарын идэвхжил, эрэлт хэрэгцээ ямар өндөр байгааг тодхон харуулж байна. 2024 оны жилийн ДНБ ойролцоогоор 60 их наяд төгрөг байсан гэж үзвэл, 2025 оны I улирлын дунджаар 15 их наяд төгрөгийн эдийн засгийн бүтээмж бий болсон байх магадлалтай. Тэгвэл 538 тэрбум төгрөгийн борлуулалт нь энэ улирлын ДНБ-ийн 3.6 орчим хувийг эзэлж байгаа нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар макро түвшний эдийн засагт жинтэй нөлөө үзүүлж буйн илрэл юм. 

Тус зах зээлд нэр хүнд, үйл ажиллагааны цар хүрээгээрээ тэргүүлж яваа байгууллага бол Remax. Энэхүү олон улсын франчайзийн Монгол дахь салбар нь зах зээлд олон шинэ стандарт, үйлчилгээний соёлыг нутагшуулсан. Энэ удаагийн ярилцлагад бид Remax-ийн Монгол дахь салбарт шинэчлэл авчирч, үйл ажиллагааг нь дараагийн шатанд гаргахад чухал нөлөө үзүүлсэн брокер эзэмшигчтэй уулзаж, түүний ажлын туршлага, ажиллах арга барилын талаар илүү дэлгэрэнгүй ярилцсаныг хүлээн авна уу. 

Байршил: УБ хот, Сакура оффис
Эрхэлдэг ажил: Брокер эзэмшигч
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S22
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Миний мэргэжил сонголт, карьерын эхлэлд гэр бүлийн нөлөө тун чухал байсан. Өвөө маань математик, санхүүгийн суурьтай хүн бөгөөд Монголын хөнгөн үйлдвэрийн салбарт дарга, удирдах алба хашиж 40 жил ажилласан туршлагатай. Түүний зөвлөгөө, үлгэр дуурайлаар би санхүүч болохоор шийдэж, АНУ-ын Хойд Каролина мужид дунд болон ахлах сургуулиа төгсөөд, Шарлотт дахь Их сургуульд элсэн орж, санхүүгийн мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Их сургуульд сурч байх хугацаандаа би корпорацын санхүү, тэр дундаа даатгал, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хичээлүүдийг сонгон судалж, энэ чиглэл рүү татагдах болсон нь цаашдын замналаа тодорхойлоход ихээхэн нөлөө үзүүлсэн гэж боддог.


Монгол Улсын эдийн засаг 2011 онд 11.5 хувийн өсөлттэй байсан тэр үед буюу 2012 онд би их сургуулиа төгсөөд эх орондоо буцаж ирэн карьераа эхлүүлсэн. Залуу, эрч хүчтэй, Монголын банк, санхүүгийн салбарт бодит өөрчлөлт хийнэ гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн ирсэн. Тэр үед Улаанбаатарт ирээд Дуурийн театраас билет автал ард талд нь “Бид эх орондоо хайртай” гэх Хас банкны сурталчилгаа байсан нь яагаад ч юм их таалагдаж, Хас банк руу CV-гээ илгээх шалтгаан болсон. Хэдийгээр тухайн үед шууд банкны салбарт ороогүй ч Хас банкны толгой компани болох Тэнгэр Санхүүгийн Нэгдэлд санхүүгийн шинжээчээр хоёр жил ажиллаж, 2014 оны сүүлээр өөрийн бие даасан банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулсан.

2016 онд хувийн шугамаар үл хөдлөх хөрөнгө заруулах шаардлага гарсан ч тухайн үеийн зуучлалын үйлчилгээний бүтцийн сул талууд маш тод ажиглагдсан. Шуурхай зар дээр байр сурталчлах боловч хэн миний байршуулсан зарыг сонирхож буйг хэмжих боломжгүй, үр ашиг нь тодорхой бус, агентуудын шимтгэлийн нөхцөл нь хатуу, уян хатан бус, хэрэглэгч талаасаа нэн ашиггүй нөхцөл байдалтай тулгарсан. АНУ-д бид гэр бүлээрээ нэг мужаас нөгөөд шилжихдээ авсан зуучлалын үйлчилгээтэй харьцуулж бодоход Монголын зуучлалын зах зээлд орон зай ихтэй, харин тогтолцоо сул байгааг ойлгосон. Ийнхүү бизнесийн дараагийн боломжоо хайж байх үедээ би Remax франчайз Монголд орж ирсэн талаар олж мэдээд холбогдож, улам гүнзгий судалсан.


Remax-д нэгдэх болсон гол шалтгаануудын нэг нь үл хөдлөх хөрөнгийн салбар тухайн үед Монголд харьцангуй шинэ байсан явдал юм. Гэтэл энэ салбар маш том зах зээлтэй, мөнгөн урсгалын 95–98 хувь нь дотооддоо үлддэг, залуус хийсэн ажлын үр дүндээ үндэслэн цалинжиж, орлогоо шууд нэмэгдүүлэх боломж бүхий нээлттэй тогтолцоотой байлаа. Гэвч энэ бүгдийг хөгжүүлэх, зөв суурьтай болгоход олон улсын туршлага хэрэгтэй байсан бөгөөд тэр боломжийг Remax олгосон.

Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагчид ба хөрөнгө босгогчдыг холбож, хэлцэл байгуулахад тусалдаг брокерууд байдгийн адил, үл хөдлөх хөрөнгийн салбарт үл хөдлөхөө худалдах гэж буй болон худалдан авах гэж буй талуудыг хэлэлцээрт хүргэх зуучлагч нь агентууд. Тэд зөвхөн зар сурталчилгаа хийдэг хүмүүс биш, харин зах зээлийн дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх, итгэлцлийг бий болгох маш чухал мэргэжилтнүүд гэдгийг өөрийн гашуун туршлагаас ойлгосон.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?


Манай оффис одоогоор 160 гаруй агенттай, тэдгээр нь 7–8 багт хуваагдан ажилладаг. Миний үүрэг бол энэ бүтцийг үр дүнтэй зохион байгуулах, удирдлагын түвшинд стратегийн чиглүүлэг өгөх явдал. Долоо хоног бүрийн эхэнд менежментийн багтайгаа хуралдаж, өмнөх долоо хоногийн үр дүнг дүгнээд, ирэх өдрүүдийн ажлын чиглэлийг тодорхойлдог. Ерөнхийдөө өглөө 07:50 орчимд ажил дээрээ ирдэг, 09:00 цагаас өмнө төвлөрөх, төлөвлөх, эргэцүүлэх цаг гэж боддог тул энэ үед ажлын жагсаалтаа нарийвчилж гаргадаг. Үүний дараа борлуулалт хариуцсан захирлууд болон бусад удирдлагын түвшний менежерүүдтэй уулзаж, тухайн долоо хоногийн зорилтуудыг хуваарилан зохион байгуулдаг.

3. Таны ажлын нөү-хау?

Миний хувьд ажлыг ганцаар амжуулах биш, багийн хүчээр урагшлуулна гэдэгт итгэдэг. Тиймээс аль болох нээлттэй байж, баг хамт олныхоо санал бодлыг анхааралтай сонсох, хамтдаа шийдвэр гаргах соёлыг эрхэмлэдэг юм. Удирдлага гэдэг зөвхөн чиглүүлж заах биш, харилцан итгэлцэл дээр суурилсан орчин бий болгох явц гэж боддог.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?


Хамгийн их хэрэглэдэг нь Discord. Ковидын үеэс хойш манай байгууллага энэ платформд бүрэн суурилсан гэхэд хилсдэхгүй. Бид тус бүр баг, хэлтэс, чиглэлээрээ сервертээ хуваагдаж, зарын групп, гэрээ, хэвлэл мэдээлэл, мэдэгдэл зэргийг бүгдийг нь дотроо төвлөрүүлсэн байдаг. Яг л оффисын нэг давхарга шиг зохион байгуулалттай, хурдтай, ойлгомжтой харилцааг бий болгож өгдөг.

Нөгөөтээгүүр, борлуулалтын тал дээр бид Samsung-ийн Android утаснуудыг зорилтот хэрэглээний төхөөрөмж болгосон. Байнгын харилцаа холбоо шаарддаг ажлын онцлогоос шалтгаалж дуудлагын бүртгэл, түүхийг найдвартай хадгалах нь маш чухал. Энэ тал дээр Samsung-ийн утаснууд бидний хэрэгцээнд бүрэн
нийцдэг.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Онцгой “нууц жор” гэж хэлэх зүйл байхгүй ч time-blocking аргачлал хамгийн үр дүнтэй байдаг. Тодорхой цагийг тодорхой ажлуудад зориулан урьдчилж төлөвлөх нь өдөр тутмын ажлуудыг саадгүй гүйцэтгэхэд тус болдог гэх үү дээ. Харин бусад нь туршлага, дадал болтлоо хэвшсэн учраас үүнийгээ алдагдуулахгүй байх, анхаарлаа тарамдуулахгүй байхад анхаарч ажилладаг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?


Хуучинсаг аргаар л үздэг юм байна, бичиж тэмдэглэх байдлаар. Том зургаар нь харвал, ажлуудаа системчилж, тогтмол давтагддаг бүтцэд оруулан хэвшүүлэх зарчмаар ажилладаг. Нэг өдрийг ерөнхийд нь зураглавал, өглөө эрт төвлөрөх цаг гаргаж, бодох, шийдэх ажлуудаа амжуулна. Үүний дараа багийн гишүүд, агентуудтайгаа уулзана, үргэлжлүүлээд борлуулалт хариуцсан менежерүүдтэй уулзаж, төлөвлөгөө, гүйцэтгэлийн талаар ярилцдаг. Харин үдээс хойших цагийг гадуур уулзалт, түншлэл, бизнесийн хэлэлцээрүүдэд зориулдаг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Хувиараа бизнес эрхлэхэд ажил, амьдрал хоёрын хил хязгаар бараг арилдаг. Зарим үед оффисоос хол байхад ч ажил бодогдож л байдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд зорилготой, чанартай амрахыг чухалчилдаг болоод байна. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ долоо хоног бүр зуслан дээрээ очиж, байгальд цагийг өнгөрөөх, технологиос түр холдох, тайван орчинд эрч хүчээ цэнэглэхийг хичээдэг болсон.


8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Миний хувьд зөвхөн бизнесийн амжилтаас гадна салбарынхаа нийт хөгжлийг дэмжих нь урт хугацааны үнэ цэн бүтээдэг гэж боддог. 2019 онд санаачилж байгуулсан үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо маань 2020 онд тусгай зөвшөөрөлтэй болж, сүүлийн жилүүдэд маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ажлын бус цагаараа ч энэ холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хичээдэг. Салбараа зөв, ил тод, тогтвортой чиглэлд хөгжүүлэхэд бага ч болов тусалж байгаа биз ээ.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг болон сорилттой талууд?


Үл хөдлөх хөрөнгийн зах зээл гэдэг зөвхөн эд хөрөнгө солилцож буй үйл явц биш, харин хүний амьдралын томоохон шийдвэрүүдийн ард хамт алхаж явдаг. Хэн нэгэн үл хөдлөхөө зарж, амьдралдаа шинэчлэлт хийх мөчид нь эсвэл шинэ байр хайж, гал голомтоо бадраах чухал үед нь бид хамт байдаг. Энэ мэдрэмжүүд сэтгэлд маш өег. Нөгөө талдаа энэ салбар хэнд ч нээлттэй, мэргэжил харгалзалгүй орж ирээд өөрийн хүчээр орлогоо бий болгох боломжтой нь хамгийн өндрөөр үнэлдэг тал нь.

Гэвч үл хөдлөхийн салбар бүрэн төлөвшөөгүй, эрх зүйн орчин нь бүрхэг хэвээр байгаа нь тодорхой бэрхшээл дагуулж байна. Бидний үйл ажиллагаа иргэний хуулийн хоёрхон заалтад л тулгуурладаг тул бодлого, зохицуулалт талаасаа нэлээн сул. Олон нийт ч мөн буруу ойлголттой байх нь бий. Жишээлбэл, “зууч нар чинь байрны үнэ л нэмдэг хүмүүс шүү дээ” эсвэл “үнийг
нь дандаа унагадаг” гэх мэт өрөөсгөл ойлголтууд байсаар байна. Начиртаа бид чинь хөрөнгийн эзэн биш, харин хоёр талын хооронд зөв тохиролцоо, шударга хэлцэл бий болгох гүүр нь болж ажиллахад л анхаардаг мэргэжилтнүүд шүү дээ.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?


2020 онд тусгай зөвшөөрөлтэй болж байсан үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар маань энэ жил таван жилийн ойтойгоо золгож байна. Энэ хүрээнд салбарын хэмжээнд эрх зүйн орчныг сайжруулах, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, салбарын нэр хүндийг өсгөх, залуу мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон чухал ажлыг холбооны шугамаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мөн Азийн бүсийн хэмжээний зөвлөгөөнийг анх удаа Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа. Remax нь дэлхийн 110 оронд салбартай томоохон франчайз бөгөөд энэ жил Монгол дахь салбарын 10 жилийн ой тохиож буй. Монгол Улс бүс нутагтаа тэргүүлэх статустай тул энэхүү чухал хурлыг Улаанбаатарт зохион байгуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг болж байна. Үүнээс гадна холбооны намрын форум, салбарын олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг ч ойрын хугацаанд төлөвлөөд байгаа.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Мэргэжлийн хувьд үргэлж “хөдөлгөөнтэй” байх хэрэгтэй гэдэгт итгэдэг. Тиймээс улирал бүрд салбарын орчинд ямар өөрчлөлтүүд гарч байна, хууль, дүрэм журам шинэчлэгдэж байгаа эсэхийг анхаарч судлахыг зорьдог. Мөн харилцагчдын сэтгэл ханамжийн түвшин, агентуудын үр дүнгийн талаарх дотоод судалгааг тогтмол хийж, гадаадын жишээнүүдээс суралцаж нутагшуулах ямар боломжууд байгааг байнга эрэлхийлдэг.

12. Санал болгох ном, хөгжим, кино?


Миний хувьд Наполеон Хилл-ийн “Think and Grow Rich” ном бол хувь хүний хөгжил, зорилго, сэтгэлгээний өөрчлөлтийг ойлгоход зайлшгүй унших ёстой бүтээл гэж боддог. Тийм ч учраас агентууддаа тогтмол санал болгодог. Мөн бид өөрсдөө орчуулж, хэвлэлийн эрхийг нь авч гаргасан “Борлуулалтын бяцхан улаан ном” бол энэ салбарын монгол хэл дээрх хамгийн хэрэгцээтэй номуудын нэг болсон болов уу. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд зориулсан монгол хэл дээрх мэргэжлийн ном тун ховор тул энэ номыг агентууддаа заавал уншихыг зөвлөдөг.

Киноны тухайд шууд санаанд орж ирж буй нь Game of Thrones. Стратегитай сэтгэлгээ, нөхцөл байдалд хурдан дасан зохицох чадвар зэрэг нь бизнесийн орчинтой зарим талаар төстэй мэт санагддаг. Харин хөгжмийн тал дээр маруухан тул одоохондоо санал болгох зүйл байхгүй байна.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?


Оюутан байхдаа долларын саятантай ярилцах боломж олдсон нь миний амьдралын нэг сонирхолтой туршлага. Тэр хүн надад "Хөрөнгөтэй байна гэдэг тийм ч амар биш, байнгын зовлон дагаж ирдэг. Чи ганцхан алим арчилж чадах ч мянган алим арчлахад ухаан, систем, хариуцлага шаардана" гэж хэлж байсан.

Жаахан байсан болоод ч тэр үү сайн ойлгож чадаагүй ч сүүлд бодоход хөрөнгө хариуцах чадвар, хариуцлагын тухай маш энгийн хэр нь гүн зөвлөгөө байж шүү гэж ойлгосон. Хөрөнгө нэмэгдэхийн хэрээр шийдвэр гаргах, зохион байгуулах, удирдах чадвар илүү өндөр түвшинд шаардлагатай болдог юм билээ.

Хэлсэнчлэн карьерын эхэн үед, Хас банкны гүйцэтгэх захирал Цэвэгжав намайг шинжээчээр ажилд авч байсан юм. Ажлын туршлага муутай, олон зүйлд санаа зовнидог үед маань захирал “Яг одоо, яг өмнө чинь байгаа асуудал дээр төвлөрөөд огтлолцлыг нь олоод, тэгээд шийд. Аяндаа бүх зүйл бодсоноос чинь хамаагүй энгийн болчихдог юм шүү.” Энэ зөвлөгөөг одоо ч өөртөө дахин дахин хэлж мөрдлөг болгодог.

14. Бусдад шидэх санаа?


Үл хөдлөх хөрөнгийн салбарыг сонирхож байгаа залуус байгаа бол энэ салбарт ороход амархан ч тунаж үлдэх хэцүү. Учир нь салбар өөрөө удаан хугацаанд өгөөжөө өгдөг онцлогтой. Тиймээс хамгийн гол нь тууштай байх юм шүү гэж хэлье. Бидний хийж буй ажил бол хүмүүсийн амьдралынхаа туршид цуглуулсан, маш үнэтэй хөрөнгийг эргэлтэд оруулахад нь тусалж, том хэмжээний шийдвэр гаргахад мэргэжлийн зөвлөгөө өгч буй өндөр хариуцлагатай ажил. Тиймээс нэлээн тууштай байж л салбараа ойлгож, өгөөжөө хүртэнэ.