Монгол Улсад өнөөдөр 4200 орчим төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 4100 нь Засгийн газрын харьяа байгууллага юм. Эдгээр байгууллагын үйл ажиллагаа хүний эрхийн зарчимд нийцэж байна уу гэдгийг хөндлөнгөөс, хараат бусаар “оношилж”, үнэлдэг үндсэн институт бол хүний эрхийн байгууллага билээ. Яг л эмнэлэгт ерөнхий эмч өвчний шинж тэмдгийг илрүүлдэг шиг хүний эрхийн байгууллага нь системийн доголдол, зөрчлийг илрүүлж, засах шаардлагатай хэсгийг тодорхойлдог гэсэн үг.
Хүний эрхийг хангах олон улсын протокол, гэрээ, конвенцуудад Монгол Улс нэгдэн ороход Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ. Тус байгууллага нь хууль, бодлого хүний эрхэд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил дутагдлыг илрүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Бид тус байгууллагын үүсгэн байгуулагдсаны (хоёрдугаар сарын 2-ны өдөр) 25 жилийн ойг тохиолдуулан ярилцлагынхаа зочноор ХЭҮК-ын дарга Д.Сүнжидийг урьж оролцууллаа. Тэрээр Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нэгдүгээр сургуулийг төгсөж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр дүүргэжээ. Цаашлаад ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр, доктор суралцан мэргэжлээ дээшлүүлж нийтдээ 28 жил хууль зүйн салбарт ажиллаж буй. Ингээд түүний ажиллах арга барилтай танилцъя.
Байршил: Засгийн газрын 12-р байр
Эрхэлдэг ажил: ХЭҮК-ын дарга
Хэрэглэдэг гар утас: Samsung S23
Хэрэглэдэг компьютер: MacBook Air
Сошиал хуудсууд: Sunjid Dugar
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Бид эцэг эхээс есүүлээ, надаас бусад нь инженер, байгалийн ухааны хүмүүс байдаг. Харин би өөрийн сонирхлоороо тухайн үедээ нийгмийн ухааны чиглэлийн гүнзгийрүүлсэн ангийг сонгож орж байв.
1992 он гэдэг бол шилжилтийн үеийн хүнд цаг үе. Харин энэ үед оюуны хөдөлмөр эрхлээд амьдралаа залгуулдаг байсан багш нараар их бахархдаг. Тэр дундаа манай нийгмийн багш Баатар гээд хүн бий. Тэр хүн бидний суурийг маш чанартай тавихын зэрэгцээ аль болох олон талын мэдлэг олгох гэж чармайдаг байсан санагддаг. Соёл иргэншлийн түүх, философи, Монголын түүх, маркетинг гэх зэрэг сэдвээр ном уншуулна. Ингэж тэр хүний ачаар хуулийн чиглэлд хөтлөгдөж, конкурсдээд манай аймагтаа ирсэн ганцхан МУИС-ийн хуулийн ангийн хувиар авч хотод очиж байлаа.

Тухайн үед Хууль зүйн сургууль дээр захиргааны эрх зүйн анги гэх төрөлжсөн анги нээгдсэнд би элсэн орж төгссөн юм.
Ихэнх хуульчид удам дагаж мэргэжил эзэмших нь бий. Харин манай гэр бүлийн хувьд эсрэгээрээ инженерүүд учраас ажил төрлийн тухайд надад төдийлөн зааж зөвлөөд өгөх хүн байсангүй. Сургуулиа төгссөний дараа багш нараасаа асууж байгаад нутгийн удирдлагын холбоо, ҮХЦ-ийн референт, багшийн ажил гээд янз янзын газар ярилцлагад орж үзсэн. Ингээд Удирдлагын академид багшаар орж ажилласан юм.
Удирдлагын академид багшилж байх үед ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд магистраар сурах боломж олдож гадаадад очиж байв. Герман улс маш олон утгаараа миний нүдийг нээсэн гэж боддог юм. Зөвхөн мэргэжлээс гадна амьдралыг олон талаас харах, дэлхий ертөнцөд юу болж байна, бусад хүмүүс юу уншиж судалдаг гэдгийг ойлгуулсан газар.
Германаас ирснийхээ дараа туслах өмгөөлөгчөөр ажиллаж байгаад шалгалт өгч улмаар өмгөөлөгчөөр ажиллаж эхэллээ. Хажуугаар нь багшилна, судлаачаар ажиллана, орчуулагч хийнэ. Ингээд 2010 онд ХЗДХЯ-д хууль зүйн бодлого, төлөвлөж, хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгууллагад ажиллаж хуулийн төсөл боловсруулах, хуулийн хэрэгжилтийг үнэлэх гэх зэрэг ажлуудыг хийж эхэллээ. Энэ үедээ Швейцарын хөгжлийн агентлагийн Германтай хамтарсан олон төслүүд дээр ажиллаж туршлагажжээ. Одоо харахад мэргэшсэн чиглэл маань илүү үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй чиглэлээр байдаг. Төрийн байгууллага, боловсролын байгууллага, судалгаа, төсөл гээд нийтдээ хууль зүйн салбарт 28 жил тасралтгүй ажилласан байна. Харин 2020 оноос ХЭҮК-ийн гишүүн дараа нь даргаар томилогдоод одоо 5 дахь жилдээ ажиллаж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Даваа гаргийн өглөө дотоод уулзалтуудаа зохион байгуулдаг. Долоо хоногийн хийх ажлаа хуваарилж, шийдэх ёстой асуудлаа зөвлөлдөнө. Хүлээгдэж байгаа албан бичиг, зөвлөмж, шаардлагын төсөл, гомдол шийдвэрлэж, гомдол гаргасан иргэдтэй уулзана. Комиссын даргын хувьд гадаад, дотоод харилцааг төлөөлдөг учраас олон улсын байгууллагууд, элчин сайдууд, дотоодын сайд, дарга нартай уулзалт их хийнэ.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ ХАУ?
Миний хийх ажил зөвхөн надаас гэлтгүй төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдээс ирэх гомдлоос ихээхэн шалтгаалах нь бий. Тиймээс тэдгээр байгууллагын үйл ажиллагаатай уялдуулж ажиллах хэрэгтэй бодог. Иймд хувийн ажлаа маш сайн төлөвлөдөг. Төлөвлөхдөө аль болох урт хугацаанаас ойрын хугацаа руу задалж төлөвлөхийг эрмэлздэг. Тухайлбал өнгөрөгч оны 11-р сард “Хамтдаа аюулгүй зорчъё” аяныг зарласан нь хавраас скүүтер, дугуй зэрэг явган хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй асуудлыг шийдэх юм. Энэ ажлыг нэлээд эртнээс төлөвлөсөн тулдаа ажлууд нь шат дараатай хурдан явж байгаа болов уу.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Манайх дотоод сүлжээндээ Able гэх албан баримт бичгийн мэдээллийн санг ашигладаг. Бүх бичиг баримт энэ энэ системээр орж ирж цааш хянагддаг гэсэн үг. Мөн Teams ашиглана, хувийн төлөвлөгөөгөө Google Calendar дээр төлөвлөдөг.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Олон ажлыг зэрэг хийдэг бас олон мэдээллийн урсгал дунд ажилладаг учраас хамгийн чухал нь сайн төлөвлөх л байх.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Үндсэн төлөвлөгөөгөө жилийн мөчлөгтэй уялдуулж, эрэмбэлэх нь үр дүнтэй байдаг.
Комиссын ажлын мөчлөгийн хувьд 1-3-р сарын хооронд хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэл боловсруулдаг үе бөгөөд үүнийгээ гуравдугаар сард УИХ-д өргөн барьдаг уламжлалтай. Хүүхдийн баяр, ахмадын баяр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өдөр гэхчлэн тэмдэглэлт өдрүүдийг угтаж тухайн өдөрт зориулсан мэдээлэл хүргэх арга хэмжээнд бэлдэнэ. Өнгөрсөн жил 6-р сард ахмадын эрхийн бүс нутгийн чуулганыг Монгол Улсад зохион байгуулж, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, 11 улсын төлөөлөл Улаанбаатарын уриалгыг батлан түгээсэн.
Харин 7 болон 8-р сард наадмын үеэр унаач уяач хүүхдүүдийн нөхцөл байдалд хяналт тавьж ажилладаг. Цаашлаад 9-р сард хичээлийн шинэ жил эхлэхэд хүний эрхийн сэдвээр бүх түвшний суралцагчдад хичээлийн хөтөлбөр боловсруулж, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хуулийн хүний эрхийг заах ажлыг дэмждэг. Миний хувьд хөдөө орон нутаг руу томилолтоор хавар юм уу, намар голдуу явдаг юм. Улмаар 12-р сард хүний эрхийн өдрийг тохиолдуулж Хүний эрхийн форум зохион байгуулж, тулгамдсан хүний эрхийн асуудлаа хэлэлцэж шийдвэрлэнэ гэхчлэн сар сараараа төвлөрөх ажил маань өөр өөр.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхийг эрмэлздэг, мөн долоо хоногтоо ядаж нэг удаа дасгал хийдэг юм. Германд найман настай балчраас наян настай буурал нь хүртэл спортоор хичээллэдгийг хараад үлгэр дуурайлал их авч байж. Одоо долоо хоногт 2-3 удаа иог хийх гэж хичээдэг мөн амралтын өдрөө ууланд алхчихдаг. Бас уран зохиолын ном унших дуртай ч сүүлийн үед арай багасчхаад байна.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Менторшипийн төсөлд оролцож ажиллах дуртай. Өмнө нь “Иргэдийн оролцоо” гэх төсөл дээр ажиллаж байсан. Энэ ажлын хүрээнд залуу сэтгүүлч, хуульч, оюутан, Карл Попперын мэтгэлцээний клубийнхнийг хуульчидтай холбосон юм. Иймэрхүү ажлууд хийхэд их урамтай бас аль аль талдаа хэрэгцээтэй юм билээ. Мөн мэдээж багшлах дуртай. Ялангуяа хүний эрхийн, хууль зүйн мэдлэг, жишгийг түгээн дэлгэрүүлэх талын төсөлд дуртайяа оролцдог. Тухайлбал “Үндсэн хууль манай сургуульд” гэх Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийн сэдвээр хичээлийн хөтөлбөрийг нь боловсруулах ажлыг хуульчид нийлж хийж байв. Үүн дээр нэмээд Германы Үндсэн хуулийн шүүхийн түлхүүр шийдвэрийг орчуулж эмхэтгэх гэх зэрэг ажлуудад гар бие оролцсон.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Хэцүү бэрхшээлтэй тал нь сэтгэл хөдлөлөө үргэлж удирдах хэрэгтэй байдаг явдал. Иргэдийн маш хэцүү нөхцөл байдлуудыг сонсоно, харна, шийдвэрлэнэ. Жишээлбэл, хурдан морины унаач хүүхдүүд өвөл, хаврын уралдаанд удаа дараа ямар хүнд нөхцөл байдалд байгаатай газар дээр нь очиж танилцдаг. Эх хүний хувьд сэтгэл өвдөнө. Уг асуудал дээр ХЭҮК-ын зүгээс төрд маш их шахалт шаардлага хүргүүлж байж өвөл, хаврын уралдааныг зогсоосон. Гэтэл энэ жил тавдугаар сарын нэгний өдөр Дүнжингарав уралдааныг зарласан байна лээ, дахиад л очиж ажиллана даа.
Иргэдэд очиж буй ХЭҮК-ийн ажлын үр дүнгийн талаар мэдээлэл харилцан адилгүй байж мэднэ. Гэхдээ Комиссын үйл ажиллагааны гол зорилго нь тодорхой асуудлыг бодлогын түвшинд тогтвортой өөрчилдөг. Тийм ч учраас Комисс хүний эрхийн зөрчлийг аажмаар бууруулж, нийгмийн тогтолцоонд эерэг ахиц гаргахад бодитоор хувь нэмэр оруулдаг нь энэ салбарт ажиллахад хамгийн урамтай тал нь байдаг.

Тухайлбал, хүний эрхийн боловсрол, жендерийн эрх тэгш байдлын агуулгыг бүх түвшний сургалтын хөтөлбөрт заавал тусгах зохицуулалтыг 2023 онд Боловсролын ерөнхий хуульд шинээр оруулсан. Энэ нь Комиссоос хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүддээ сургуулийн өмнөх боловсролоос эхлээд их, дээд боловсролын байгууллагын хөтөлбөрүүдэд хийсэн олон талт дүн шинжилгээний үр дүн юм.
Мөн эмийн хүртээмжийг сайжруулах зорилгоор уналт таталтын эсрэг эмийг гаалиар нэвтрүүлэх журмыг хөнгөвчилж, хүний эрхийг хангах үүднээс цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөнүүдийг стандартын дагуу камержуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг бодитоор хангахын тулд тусгай хэрэгцээт боловсролын орчин, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулж, 29 болон 116-р сургуулиудад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлсэн нь үүний нэг жишээ.
Түүнчлэн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг арилгах хяналтын тогтолцоог бэхжүүлэх асуудлыг хөндөж, үүний үр дүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас насанд хүрээгүй хүнээр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан. Цаашид ч ийм төрлийн бодит, тогтвортой өөрчлөлтүүд шат дараатайгаар нэмэгдэх нь хүний эрхийг хамгаалах тогтолцооны чадавх бэхжиж буйн илрэл.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Надад яг ганц ажил дээр төвлөрөх боломж маруухан байдаг юм. Одоогоор Комиссын 25 дахь илтгэлийг боловсруулахад голлон ажиллаж байна. Энэ жилийн хувьд эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн асуудлыг дүгнэнэ. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо, технологи ба хүний эрх гэх сэдвүүд бий.
2001 онд Комисс Монгол Улсад байгуулагдаж энэ жил 25 жилийн ой маань тохиож байна. Үүнтэй холбоотой цуврал ажлуудыг төлөвлөсний хүрээнд 10-р сард Ази Европын чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар ажиллаж байна. Ташрамд дурдахад Монгол Улсын ХЭҮК бүсийн хэмжээнд бусад улс орнуудад туршлагаа хуваалцдаг жишиг байгууллага байж чаддаг.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Мэргэжилтэйгээ холбоотой сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл цаг алдалгүй авахыг хичээдэг. Германд доктор хамгаалаад буцаад хэдэн жилийн дараа судалгаа хийхээр түр очих үед маш олон бүтээл шинээр гарсан байсан. Ялангуяа сүүлийн үед хувийн мэдээлэл хамгаалах, хиймэл оюуны хэрэглээтэй холбоотой шийдвэрүүд нэмэгдэж байгаа. Хиймэл оюунаар уран бүтээлчдийн дууг нийлүүлж хийсэн бүтээлийг оюуны өмчийг зөрчсөн гэж үзнэ, их сургуульд элсэх эсээгээ бичихдээ хиймэл оюуны тусламжтай хийсэн бол хуулсантай адил үзнэ гэх зэрэг сонирхолтой шийдвэрүүд олон улсад гарч байна.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Кантыг уншихгүйгээр хуульч болно гэж байхгүй гэдэг дээ. Тиймээс хуульчдад монгол хэл дээр орчуулагдсан Иммануэл Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” номыг санал болгоё. Мөн сүүлийн үед Юваль Ноа Харари болон Жон Гришамын номыг сонирхож уншиж байна. Киноны хувьд “Goodwill Hunting”, “A Beautiful Mind”, “A Few Good Men”-ийг тус тус санал болгоё. Хөгжим гэвэл Б.Шарав гуайн “Сэрсэн тал”-д дуртай.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Манай нагац эмээ биднийг хүмүүжүүлсэн юм. Эмээ маань “сурсан юм бүхэн эрдэм. Хэрэггүй гэж гололгүй сурах юм байвал бүгдийг нь сурч бай” гэж их захидаг. Оёх, шидэх юманд огт авьяасгүй надаар буриад гутлын ул ширүүлж, дээл оёулж байсан ч удаатай.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Аль болох олон орноор аялж, олон ном уншиж, шинэ бүхэнд нээлттэй байгаарай. Сая 2025 онд Тархан Суурьшсан Монголчууд (ТАСАМ) ТББ-ын Ц.Санчир төрийн соёрхолт соёл судлаачийг урьж хүндэтгэлийн лекц зохион байгуулах үеэр “улс төр биднийг талцуулдаг бол хэл, соёл, түүх биднийг нэгтгэдэг. Өөрсдийн ижилсэл, бусдаас ялгагдах ондоошил дээрээ бид нэгдэж чадвал хүчтэй байж чаддаг” гэж хэлж байсныг хуваалцъя.

Сэтгэгдэл бичих (1)


А Анти 2026.02.05 150.228.177.212
Бүсгүй хүний хувьд ялдам, энэрэнгүй, бусдыг ялгаж харьцдаггүй, нэг янзаараа эрхэм сайхан хүн гэж бодож явдаг. Хуульч хүнийхээ хувьд төв шулуун тасралтгүй хөгжиж эргэцүүлж явдаг мэргэжлийн хүн дээ. Танд амжилт хүсье.