Өмнө нь царайгаа таниулж, хуруугаа уншуулан ажлын цагаа бүртгүүлдэг байсан бол өдгөө утастай л бол цагаа бүртгүүлэх боломжтой болсныг ихэнх байгууллагууд мэднэ биз ээ. Уг системийг Монгол Улсад анх нэвтрүүлсэн компани бол Тек Стрим буюу бидний сайн мэдэх Timely цаг бүртгэлийн апп. Зургаан жил үйл ажиллагаа явуулж буй тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Болорхүү “Би хэрхэн ажилладаг вэ?” цуврал ярилцлагад оролцлоо. Түүний бизнесийн санаагаа олсон түүхээс авхуулаад өдийг хүртэл хэрэгжүүлж буй ажлын арга барилтай уг нийтлэлээс танилцаарай.
Байршил: Union Building, Timely оффис
Эрхэлдэг ажил: Тек Стрим ХХК-ийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 17 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Bolorkhuu Narantsetseg (LinkedIn, Facebook)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Арван жилд байхдаа монгол хэл, математик гэхээр л үстэй толгой арзайдаг тийм хүүхэд байлаа. 1-4-р анги хүртлээ нэлээд муу сурдаг хүүхэд байсан болохоор эцэг эхийн хурал дээр ээжийнхээ чихнээс хонх их уяна. Уг нь ээж маань намайг нэг их загнаж зэмлэдэггүй ч нэг өдөр эцэг эхийн хурлын дараа гэртээ очиход ээж “Наад даалгавраа хийж дуусгатлаа унтахгүй шүү чи” гээд амьхандаа их шийтгэж байсныг санадаг юм. Тэрнээс хойш тоо бодохоор хариуг нь гаргаад чадаад байсан болохоор тэрэндээ урамшаад бага багаар хичээлдээ дуртай болж эхэлсэн юм. Ингээд 7-р ангидаа математик, физикийн олимпиадад ордог болж хажуугаар нь ахтайгаа зах дээр ажил хийдэг болов.
Тухайн үед энгийн 50-ийн ундаа гэж байлаа шүү дээ. Тэрийг бодвол арай илүү хөөсөрдөг 70 төгрөгийн ундаа гэж байсан юм, тэр ундааг 100 төгрөгөөр зараад өдөрт 400-500 төгрөгийн ашигтай ажиллана. Ингэж явсаар лангууны хүмүүстэй танилцаад зах дээр зогсдог болж, арван жилийн зуны амралт гэж байхгүй болж байгаа юм. Энэ нь ч хүнтэй эвтэйхэн харилцах, хүний арга эвийг олох магадгүй баг удирдаад явахад нөлөөлсөн эхлэл болов уу.

Хүний амьдрал их баялаг юм билээ. Яг нэгдүгээр курсээ төгсдөг жил буюу 2008 онд маш хүнд өвчнөөр өвдсөн. Уг нь хүмүүс нэг сарын дотор эдгэрээд гараад байдаг би эмнэлэгт гурван сар болсон ч үнэхээр дээрдээгүй л дээ. Сүүлдээ бүүр хүндрээд ер нь нутаг буцъя ядаж л хажууд сахих хүнтэй, хоол ундтай амар байх юм болов уу гээд гэртээ харьсан. Ингээд хүссэн сургуульдаа орсон ч 2011 он хүртэл сурч чадалгүй гурван жилийн чөлөө авсан гэсэн үг. Эхний зургаан сар эмчийн хяналтад өдөр бүр тариа тариулна, 5кг-аас дээш юм өргөж болохгүй, өдөрт 15 ширхэг эм ууна, сүүлдээ бүр зүү хүртэл орохоо больдог юм билээ. Биеийнхээ жингийн бараг 30 хувийг нь алдчихсан 180 өндөр, 40 кг жинтэй туранхай, эцэнхий, нүүрээр дүүрэн батга гээд л сэтгэл санаагаар их унана. Үеийнхэн сургууль соёлоо төгсөөд байдаг би бүр гурвын гурван жилээр хоцроод байдаг. Ингээд эмч нарын ачаар мөн сэтгэлийн тэнхээгээр өвчнөө давж чадсан. Улмаар 2011 онд буцаад их сургуульдаа орлоо. Хоёр гурван жил хичээлээс хөндийрчихсөн, чөлөө аваад эмчилгээ эхлэх үед голч нэлээн тааруу 1.4 болчихсон байсан ч надад ганцхан юм байсан нь маш их суралцах хүсэл. Ингээд хоёрдугаар курсээсээ хойш голчоо ахиулсаар 2014 онд төгсөхдөө ангидаа хамгийн өндөр голчтой мөн дипломоо ганцаараа онц хамгаалж төгссөн.
Төгсөөд ажлынхаа гарааг 4-р курсээсээ ажиллаж байсан нэг стартапаас эхэлсэн. Тэр стартап маань тухай үеийн шилдгүүдийг цуглуулчихсан байсан юм билээ. UBCab, Mongol Chat, Simple.mn, LendMn, CallPro гээд ахлах болон захирлууд тэндээс гараагаа эхэлсэн байдаг. Тэндээ 2014-2016 онд ажиллаж байгаад одоогийн Ontime компанид мобайл хөгжүүлэгчээр ажилд орсон. Жилийн дараа Skytel компанид ажиллаж байгаад ковидийн үед гэрээсээ ажиллах үедээ Timely-гийн санааг олсон юм.

Тухайн үед хүмүүс цаг бүртгүүлэхдээ хурууны хээгээ уншуулдаг, царай зарим нь бүүр цаасан дээр бичдэг байлаа шүү дээ. Skytel-д байхдаа би өөрөө цаг бүртгэлийн төхөөрөмж дээрээс мэдээллийг нь татаж боловсруулаад цаашаа өгдөг байсан юм л даа. Тэр үед яг ажил тарах үед цаг бүртгэх хар төхөөрөмж дээр дараалал үүсчихдэг. Нэг төвөгтэй зүйл нь төхөөрөмж нь зүгээр түүхий дата хадгалдаг буюу нэг ёсондоо зөвхөн ирсэн явсан цагийг л хадгална, өвчтэй, чөлөөтэй амралтын хүсэлт зэргийг бүртгэх боломжгүй. Үүнийг ер нь яагаад мобайл руу хөгжүүлж болохгүй юм гэж бодож байгаад 2020 онд эхний хувилбараа долоо хоногийн турш 1500 орчим ажилтантай байгууллага дээр туршаад үзсэн юм.
Ингээд 2022 оны зургаадугаар сард хувь хүний нууцын тухай хууль батлагдсан нь бидний үйл ажиллагаатай нийцэж, улмаар 2022 онд М-Си-Эс Группээс хөрөнгө оруулалт авч байсан. Хөрөнгө оруулалт татсанаас хойш бид 2023 онд Монголын ХАҮТ-ын шилдэг гарааны бизнес эрхлэгч шагналыг, Мэдээлэл технологийн салбарын шилдэг стартап шагналыг мөн Unread Awards-ийн шилдэг аппаар шалгарч нэлээд амжилттай ажилласан. Өдгөө манайх 1500 орчим байгууллагын 40 мянган ажилтаны өдөр тутамдаа ашигладаг платформ болсон байна. Анх хоёулхнаа эхэлсэн бизнес маань одоо 18 ажилчинтай болж өргөжжээ.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өглөө 5:30-6:00 цагийн хооронд босдог. Фитнес тогтмол хийдэг учраас эрт босох хэрэгтэй. Босоод эхнэр хүүхдүүдийнхээ хоолыг нь бэлдэж өгөөд хүүхдүүдээ сургуульд нь амжвал хүргэж өгдөг, амжихгүй бол замд нь буучихдаг. Бэлтгэлээ 7:00-9:00 цагийн хооронд хийж эхэлнэ. Ойролцоогоор 9:30-ийн үед дуусаад ажил дээрээ 10 цаг гэхэд ирчихнэ. Өдөр 12:00 цаг хүртэл аль болох яаралтай уулзах ёстой багийнхантайгаа уулзана, харин үдээс хойш бизнес эрхлэгч, харилцагч нартай хийх уулзалтуудаа хийнэ. Орой нь мэдээж хүүхдүүдээ хичээлээс нь авч хариад маргаашийнхаа фитнесийн хоолоо бэлддэг.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ ХАУ?

Манай компани технологийн стартап компани шүү дээ, тиймээс том байгууллага шиг олон салбар нэгжид хуваагдахгүй, тэр ч утгаараа шийдвэр гаргалт олон шат дамнахгүй. Бидний хувьд хамгийн чухал нь хурд.
Багийнхандаа ялалтын синдромыг сул талаа болгож болохгүй гэж захидаг юм. Үргэлж юм нь бүтээд байхаар тухтай бүсдээ ороод ханачихдаг, тэр нь эргээд маш олон боломжуудаас хоцроодог. “Stay hungry, stay foolish” гэдэг дээ. Зөв ч байж магадгүй, буруу ч байж магадгүй гэхдээ намайг хэн ч захирал гэж дууддаггүй, бүх ажилчидтайгаа найзууд шиг л байдаг.
Мөн дээрээс нь бидний амьдарч буй дэлхийг VUCA буюу Volatility, Uncertainty, Complexity, Ambiguity гэх дөрвөн үгээр нэрлэж болох маш тодорхойгүй эрин үед амьдарч байна гэж яриад байгаа шүү дээ. Нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжгүй болчихсон, ойлгомжгүй энэ үед бид дасан зохицох чадвар сайтай байх хэрэгтэй. Тиймээс хэрэгцээгүй арга барил, төсөл зэргийг хурдан тавьж явуулж, шинэ арга барилд бэлэн байхыг эрмэлздэг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Хамгийн түрүүнд өглөө ажил дээрээ ирээд Timely дээрээ цагаа бүртгүүлнэ. Дээрээс нь апп дээрээ ямар хүмүүс өвчтэй, чөлөөтэй хүсэлт явуулсан байна, ерөнхийдөө ирцийн мэдээллээс ажлын ачаалал хэр байна гэдгийг мэдчихдэг гэсэн үг.
Ажлаа төлөвлөхдөө Notes, илтгэл тавих, сургалт орох хэрэгцээ гардаг учраас Microsoft-ийн Powerpoint-ийг мөн ChatGPT-г ашигладаг. Дээрээс нь 2013 онд анх нээж байсан, 100 мянган дагагчтай нэг пэйж байгаа тэрийгээ хөтлөх үүднээс Meta Business ашигладаг.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Цагийн менежмент гэж хүмүүс их ярьдаг шүү дээ. Угтаа цагийн менежмент гэдэг өөртөө менежмент хийх буюу өөрийгөө л удирдах юм билээ. Тэрийг маш сайн ойлгосон учраас түгжрэл гэдэг ч юм уу ямар нэг шалтгаар өөрийгөө хуурахыг хүсдэггүй. Намайг 2005 онд Улаанбаатарт орж ирэхэд түгжрэл байсаар л байсан, ойрын хэдэн жилдээ ч байсаар л байх байх. Бүтээмжгүй ажилласныгаа өөр зүйлсээс хайх биш өөрөөсөө хайж сурах хэрэгтэй. Тэр нь зүгээр л цагаа тооцоолоод эрт гарч сурах байж болно, миний хувьд Эйзенхаурийн матриц гэх арга их тусалдаг. Уг арга нь ажлаа яаралтай, яаралтай бус чухал, чухал бусаар нь ангилж цаг хэмнэж илүү бүтээмжтэй ажиллахад тусалдаг санагдсан. Яаралтай хэр нь чухал ажлыг хийгээд байвал дандаа гал унтраах ажил хийгээд яваад байна гэсэн үг тэгэхээр яаралтай биш ч гэсэн чухал зүйлсдээ төвлөрөх цагийг өөртөө гаргадаг нь том давуу тал болдог байх.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Өглөө 7:00-8:00 цагийн хооронд 30 минутаас нэг цаг хүртэлх хугацаанд фитнес дээрээ алхалт хийдэг юм. Тэр хугацаандаа ажлуудаа толгойдоо төлөвлөж, и-мэйлээ шалгана, хийх зүйлсээ бодно. Ингэхдээ юуг хийх вэ гэхээс илүү юуг хийхгүй вэ гэдгээ сайн мэддэг байх хэрэгтэй юм байна лээ. Харин яг нарийвчилсан төлөвлөгөөгөө борлуулалт, IT, маркетингийн багуудтайгаа ярилцах замаар ажил хэрэг болгож төлөвлөнө. Ганцаараа шийдэхээс илүү хүмүүстэй ярилцах үед шинэ гарц, шийдлүүд ундардаг юм шиг санагддаг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Сүүлийн хоёр жил тасралтгүй фитнес хийж байгаа. Өвдөөд нэлээд их жин хассан болохоор жин нэмэхгүй нэлээн удаан явсан юм. Тиймээс жаахан жин нэмэх хэрэгтэй гэж төлөвлөөд фитнес хийж эхэлсэн. Харин сүүлийн хоёр жил дасгалжуулагч багштай дасгалаа хийгээд хэд хэдэн тэмцээнд оролцдог болсон байна.
Орой гэртээ очоод хүүхдүүдээ эрхлүүлэх, уншсан номыг нь асууж ярилцах дуртай. Дээрээс нь хамт олноосоо эрч хүчийг их мэдэрдэг. Манайд ажилладаг залуучууд их гоё сэтгэлийн үгнүүд бичиж өгдөг юм, тэдгээрийгээ харахад л эрч хүчээр цэнэглэгддэг.
Нөгөөтээгүүр хүмүүс эрч хүчийг их хиймэл зүйлсээр нөхөхийг эсвэл гаднаас хайж эрээд байдаг юм шиг санагддаг. Миний хувьд бол хийх зүйлээ тууштай хийж, хатуужилтай байж чадвал эрч хүчээ анхнаасаа алдахгүй аз жаргалтай амьдрахад тусалдаг болов уу гэж боддог. Унаад үзчихсэн хүн чинь дахиж нэг унахаас нэг их айдаггүй юм билээ. Хийдгээ хийгээд л явах хэрэгтэй гэж боддог.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би бүх “бооцоо”-гоо Timely дээрээ тавьчихсан ажиллаж байгаа учраас өөр янз бүрийн төсөлд цагаа зарцуулахыг хүсдэггүй. Тэр ч утгаараа Timely-даа хэрэгтэй сургалт, үйл ажиллагаануудад оролцохыг хичээдэг. Энийг нэг ёсондоо шууд бусаар борлуулалт хийж буй нэг хэлбэр гэж хардаг. Нэг үйл ажиллагаа дээр илтгэл тавилаа гэж бодоход “Timely-гийн гүйцэтгэх захирал Болорхүү” гээд зарлахад л хүмүүс Timely гэж юу юм бол гээд хайна шүү дээ.
Гүйцэтгэх захирлаар давхар өөр компанид ажиллах санал ирдэг ч гэсэн тэрийг нэг их таашаадаггүй учраас одоохондоо татгалзаад байгаа. Магадгүй систем маань илүү тогтворжиж тэлсний дараа хувийнхаа сонирхлыг хөөхбайх. Хувьдаа паб, ресторантай болохыг хүсдэг шүү.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Timely ашиглаж байгаа 1500 байгууллага дээр судалгаа хийхэд бид нийт 30 сая ширхэг бичгийн цаас, 3-4 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн байсан. Нэг ёсондоо нягтлан, хүний нөөц дээр тайлан гаргах 3-4 хоногийн ажлыг гурав дөрөвхөн минутад нь шийдчихэж байна гэсэн үг. Ажилчид түгжрэн барин ажил дээрээ очиж цагаа бүртгүүлээд буцдаг. Эсвэл өглөө заавал ажил дээрээ оччихоод дараагийнхаа хурал дээр очдог гэх зэрэг асуудлууд олон байлаа шүү дээ. Эдгээрийг нь шийдэж өгдөг учраас харилцагч байгууллагуудаас бүтээмжийг нэмж байгаа шүү, хэрэгцээтэй байгаа шүү гэх урмын үгс их ирдэг. Тэр нь их гоё дэмжлэг болдог.
Стартап өөрөө тодорхойгүй нөхцөл байдалд шийдвэр гаргах урлаг гэдэг. Тэгэхээр асуудал гарах бүрд бүх хариуцлага CEO дээр буудаг учраас тэр нь зарим талаараа бэрхшээлтэй. Гэхдээ яг бодохоор тэрэндээ бас өөрөө дуртай байгаа юм.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Манайд Лаос, Тайланд, Солонгос, Узбекстан гээд таван улсын байгууллагууд хэдийн ороод ирчихсэн байгаа. Ойрын хэдэн жилдээ үүнийгээ өшөө илүү тэлэх зорилготой. Богино хугацаандаа системийнхээ тогтвортой байдлыг бүрэн хангая гэж бодож байна. Үүнтэй холбоотой гаднын эксперттэй хамтарсан ажлууд хэдийн эхэлчихсэн явж байгаа.
Ерөнхийдөө бүтээгдэхүүнийхээ гадаад зах зээл дээр амьдрах чадварыг нь хармаар байна л даа. Монголд 80,000 байгууллагаас ойролцоогоор 60,000 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 80-90%-ийг нь 50 ажилтантай байгууллага эзэлж байгаа юм. Манай сегмент ч тэр тал руугаа төвлөрч буй. Үүнтэй холбоотойгоор борлуулалтын багаа бага зэрэг томруулсан ба care, support, sales гээд багуудаа нэлээд тарааж жигдэлсэн байгаа. Мөн энэ жил манай 5 жилийн ой маань болно, энэ үеэрээ эвент хийж түүнийгээ тогтмолжуулмаар байгаа юм. Том зургаараа бидний хувьд энэ жил үсрэлтийн жил болно гэж хараад буй.
Өөр гэвэл, Timely AI Agent-тэй болох зорилготой байна. Тэр нь яах вэ гэхээр 1500 байгууллагын админууд маань тайлан руугаа ороод бүх мэдээллээ харахаасаа илүү чатаар харилцаад яг хэрэгтэй мэдээллээ асуугаад авчих боломжтой гэсэн үг. Тухайлбал өнөөдөр өвчтэй хүмүүсийн нэрсийг гарга, энэ хоёр хүний хуваарийг соль гэх зэргээр ажлын бүтээмжийг улам илүү нэмэхийг хүсэж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Хэдий технологийн салбарын хүн боловч хаа очиж нээлттэй, олны дунд байх дуртай хүн л дээ. Гэхдээ байгууллага удирдах тал дээрээ тааруухан байсан учраас 2022 онд Harvard ManageMentor гээд зургаан сарын хөтөлбөрт суусан юм. Дараа нь 2023 онд Чинзориг багшийн манлайлалын, мастер трайнер бэлтгэх сургалтад сууж хажуугаар нь Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн бизнес удирдлагын ангид элсэж өнгөрсөн 2025 онд төгссөн.
Хувьдаа MasterClass гээд 150 доллар төлөөд бүтэн жилийн хугацаанд олон менторуудын хичээлүүдийг үзэх боломжтой вэбсайтаас хэрэгтэй хичээлээ авдаг. Сурсан арга зүйгээ баг дээрээ туршиж бас их ярилцдаг юм байна. Дээрээс нь мэдээж технологийн компани учраас мэдээллээс хоцрохгүй байх хэрэгтэй тул MIT Technology Review-ээс технологийн мэдээ, мэдээлэл унших дуртай.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Багадаа зах дээр зогсдог байхад ээж “Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна” гээд ном авч өгч байсан, тэр номыг өсвөр насны эсвэл оюутнуудад санал болгоё. Бизнес эрхлэгчдэд “Ялахын төлөө тогло” болон Вэрнэ Харнишийн “Бизнесээ томруулах нь” гээд хоёр номыг санал болгомоор байна. Их сургуулийн хэмжээний мэдлэг өгөхүйц их өгөөжтэй ном шиг санагддаг.
Киноны хувьд “Mad Unicorn” гээд Netflix-ийн цувралыг санал болгоё. Хувьдаа бол Forrest Gump, The Notebook хоёрт дуртай.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Хоёр үг сэтгэлд их тод үлджээ. Эхнийх нь, намайг хүнд өвдөж, эмчилгээ хийлгэхээр сургуулиасаа хоёр жилийн чөлөө авах үед нагац эгч маань “Миний дүү, сумыг хол харвахын тулд хойш нь татдаг юм шүү” гэж урам өгч байсан.
Хоёр дахь нь, нутагтаа байхад эмээгийн маань “Цаг нь ирэхээр амьдрал өөрөө бүхнийг заагаад өгнө дөө” гэх үг санаанд орж байна.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Чамайг энд авчирсан зүйл тэнд аваачихгүй гэдэг шиг одоогийн нөхцөл чинь чамайг тодорхойлохгүй гэдгийг сайн ойлгож авсан.
Намайг бодоод үз л дээ, би чинь их сургуулиа 26 настайдаа төгсөж байхад найзууд маань карьертай, байр, эд хөрөнгөтэй болчихсон. Би тэгэхэд 14 жил Улаанбаатарт амьдрахад гэр хорооллын төслийн байрнаас эхлээд хажуу өрөө гээд амьдарч үзээгүй дүүрэг байхгүй, өөрийн гэсэн байргүй явлаа шүү дээ. Хүүхэд маань 3-4 настай байхад ч манайх хажуу өрөө түрээсэлдэг байсан юм. Тэр үед ахын хүүхэд манайд ирчхээд танай энэ хажууд чинь юун хүмүүс яваад байгаа юм гээд гайхаад байлаа. Тэгэхэд л үнэхээр их хичээх ёстой юм байна гэж ойлгоод нэг жил үнэхээр их ажиллаад, эцэст нь хүссэн байраа авч байлаа.
Тэгэхээр хэлэх гээд байгаа зүйл нь өөрийгөө хэн нэгэнтэй битгий харьцуул. Одоо Instagram-аар дүүрэн гадаадаар аялсан залуучууд бий. Би өнгөрсөн жил буюу 37 насандаа л анх удаа аялж үзлээ. Юмс ээлж дараатай, цаг нь ирэхээр бүх зүйл болдог юм шүү. Битгий санаа зовоорой.

Сэтгэгдэл бичих (5)


Б Батбилэг 103.11.194.215
Би танай сайтын үнэнч уншигч. Гэхдээ анх удаа коммент бичиж байна. Үнэхээр мундаг залуу байна шүү. Үзэл бодол нь маш их таалагдлаа. Цаашдаа үргэлж дэмжиж байх болно. Би Timely ашигладаг. Маш сайн апп шүү. Хурдан AI-тай болоорой :))
С Со 66.181.183.236
Ямар гоё нийтлэл унчихваа, уулзаж зөвлөгөө авмаар бна. сургалт ордог гэж бна хаагуур холбогдож сургалтанд нь суух вээ
Z Zula 66.181.183.236
amjilttai ywaa humuusd neg niitleg zuil bh shig, ihenh ni unaj uzsen bdg. ene ah ch uneheer hetsuu zuiliig tuulsan ch unuudur ingeed baharhaltaigaar yriad bj bna bayrlalaa mash ih uram zorig awlaa... Timely manaih ashiladag odoo harah bolgondoo uramtai ashilaj bna aa bayrlalaaa
М М 59.153.113.56
“Миний дүү, сумыг хол харвахын тулд хойш нь татдаг юм шүү” гэж ямар гоё үг вэ? Хойш татагдсан ч урагш хол явна гэсэн итгэлээ л алдахгүй хичээж явахад хүссэн байндаа тусна даа. Баярлалаа гоё нийтлэл уншлаа, өдрийг сайхан өнгөрүүлнэ ээ.
А Ариу 202.21.96.237
Одоо 24 настай. Өчигдөр л мэргэжлээрээ нэг компанид орсон. Урьд нь мэргэжлээрээ ажиллаж байсан ч хэцүү санагддаг байсан. Үеийнхэн маань аав ээж болоод гадаадаар аялаад эсвэл хувийн бизнес хийгээд зарим нь магистраа хийгээд юм юыг л амжуулаад би л гэртээ суусан хийцгүйрч байна гээд гутраад байсан юм. Хамаагүй дээрдлээ. Бүгдэд өөрсдийн цаг бий.