Хөлбөмбөгийн ДАШТ, Олимпын наадам, олон улсын томоохон шоу контентууд Монголд албан ёсны эрхтэйгээр, дэлхийн стандартын дагуу хүрдэг болсон нь зөвхөн салбарын хувьд ч гэлтгүй, үзэгч бидний хувьд томоохон завшаан бас дэвшил. Үүний ард дэлхийн контент эзэмшигч, продакшн, спортын байгууллагуудтай олон жил хамтран ажиллаж, харилцан итгэлцэл бий болгосон мэргэжилтнүүд бий. Тэдний нэг нь салбарынхандаа “Ука” нэрээр танигдсан М.Уламбадрах.

Яг энэ цаг мөчид түүний үүсгэн байгуулсан My Mongolia Entertainment компани дэлхийн тэрбум гаруй үзэгчийг нэгтгэж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий Монгол дахь албан ёсны эрхийг эзэмшиж байна. Бид түүнтэй медиа бизнесийн замнал, дэлхийн хэмжээний төслүүдийг Монголд хэрэгжүүлсэн туршлага, ажлын арга барилынх нь талаар ярилцлаа. 

Байршил: Улаанбаатар хот, Монгол Улс
Эрхэлдэг ажил: MME компани, гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 17
Хэрэглэдэг компьютер: Dell
Сошиал хуудсууд: Ulambadrakh Ulana

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Карьерт маань гадаад хэл сурсан нь их хэрэг болсон. Аав намайг бага ангид байхад Харгана овогт Жаргалын Өлзийт гэж хүнд хадаг барин дагуулж очсон юм. Тэгж багшаараа монгол бичиг, хятад хэл заалгаж байлаа. Удалгүй багш минь "Чи япон хэл үз, Имада Хироюки гэж залуу багш 38-р сургуульд ирсэн байна" гээд би ч сургуулиасаа шилжиж байв. Тийнхүү 38-р сургуулиа төгсөөд 1994-1998 онд одоогийн Хүмүүнлэгийн Их Сургуулийн япон хэлний ангид суралцсан. 1994 онд AFS хөтөлбөрөөр, 1996-1997 онд Монбүшогийн нэг жилийн хөтөлбөрөөр Японд очиж, 2002-2005 онд Тохоку Их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан юм.

Тохокүгийн Их сургуульд судалгааны ажил маань програминг хэл дээр гадаад хүнд зориулсан япон хэлний сургалтын материал хийх байв. Суралцах үед удирдагч багшийн маань ахалсан өөр нэг төсөл Японы Засгийн газрын "Centers of Excellence" төсөлд шалгарч байлаа. Хэл шинжлэл, мэдээллийн технологи, анагаахын салбарын хүмүүс хамтран судалгаа хийж байсан тул олон мундаг хүнтэй танилцаж, ойртох боломж бүрдсэн нь зөвхөн сайхан дурсамж болсон төдийгүй тэдний зөвлөгөө одоо ч миний ажил амьдралд ач тусаа өгсөөр байна.

1997 онд намайг Японд байх хооронд ах нар маань ФМ 107-г эхлүүлж, би ч Монголдоо ирээд хамтрах болсноор хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж эхэлсэн. Хожим энэ компани NTV болоод өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр байна. Хэвлэл мэдээлэлд ажилладаг болохоор сэтгүүлч гэж андуурдаг байж магадгүй. Миний хувьд сэтгүүлч биш, хэлний болон технологийн суурьтай хүн. Энэ нь ч ажил мэргэжилд маань давуу тал болдог шиг санагддаг.


2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Би одоогоор хоёр ХХК, нэг ТББ-ыг хариуцан ажиллаж байна. Энэ гурав агуулгаараа хоорондоо холбоотой учраас түүртэх зүйлгүй. Ажил сондгой тоотой өдөр арай эрт, тэгш тоотой өдөр арай орой эхэлнэ. Ерөнхийдөө 10 цагийн орчимд телевизийн оффис дээрээ очиж, үд хүртэл суугаад, түүнээс хойш гадуур уулзалтууд хийдэг. Нэг өдөр олон ажил амжуулж чадахгүй гэдгээ ойлгодог тул чухал зүйлдээ л төвлөрдөг.

Яаралтай л биш бол и-мэйлийг голцуу орой, гэртээ хариад бичдэг. Шаардлагатай үед хагас, бүтэн сайн өдрөөр ажиллана. Телевизийн салбарт ажилладаг болохоор хөдөө гадаа их явдаг.

3. Таны ажлын нөү-хау?

Ямар ч ажлын суурьд нь философи байх ёстой. Телевиз ажиллуулъя, нэвтрүүлэг хийе, шинэ түншлэл үүсгэе гэхэд эхлээд “Үүнийг яагаад хийх ёстой вэ? Эндээс хэн юу хожих вэ? Ямар үнэ цэн бүтэх вэ?, Яаж бусдыг хохироохгүй бас золиослохгүй, өөрийгөө гаргуунд гаргахгүй байх вэ?" гэх зэрэг асуултыг өөрөөсөө асуудаг. Тэр суурь шалтгаанаа олоод, түүндээ итгэл үнэмшилтэй хүн тууштай байж чаддаг. Мөн жанжин шугамаа тодорхойлчихвол өдөр тутам шийдвэр гаргахад амар болчихдог юм.

Хүмүүстэй нүүр тулж уулзахыг илүүд үздэг. Жишээ нь, телевизийн салбарт алдаа дутагдал нийтлэг гарна. Тэр бүр дээр и-мэйл эсвэл утасны цаанаас хэчнээн уучлаарай гэж бичиж, ярьж байснаас чавхдаж очоод нүүр нүүрээ харж байгаад хүний хувиар учир зүйгээ олсон нь дээр байдаг юм. Ер нь и-мэйл, утсаар олон дахин хойшилсон ажлууд нүүр тулж уулзсаны хүчээр бүтэх нь элбэг шүү.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Бүх төрлийн чат аппаас гадна сүүлийн үед Mapify, Notebook LM зэрэг олон төрлийн хиймэл оюуны хэрэгслүүдийг туршиж байна. Ядаж л танилцуулга бэлдэхдээ хиймэл оюунтай хамтраад хурдан хугацаанд өнгө зүс сайтай танилцуулга бэлдчихэж болж байна. Хөдөө их явдаг болохоор Weather аппын дэлгэрэнгүй цаг агаарын мэдээлэл их хэрэг болж байгаа. Windy-г энэ хавар их ашиглалаа.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Ихэнх цаг маань уулзалтад зарцуулагдаж байгаа. Тиймээс уулзалтаасаа өмнө ярих гэж байгаа зүйлээ и-мэйлээр аль болох сайн ойлгуулахыг хичээдэг юм. Тэгэхээр уулзах үедээ мэдээлэл солилцож цаг алдахгүй, гол шийдвэртээ л анхаарна. Мэдээж болж өгвөл цахимаар уулзалт хийчихвэл их амар. Телевизийн салбарт цаг хугацаа бол хамгийн үнэт зүйл. Минут, секундээр л хэмжигдэнэ. Миний хувьд ч гэсэн цаг хугацаа хамгаас үнэтэй тул өөрийн хайртай дуртай, таалалд нийцэх хүмүүстэйгээ цагаа өнгөрөөхийг илүүд үздэг.

Ер нь хотын үндсэн хэмнэлээс жоохон зөрж ажиллавал үр дүнтэй санагддаг юм. Ядаж л түгжрээд байхгүй. Телевиз дээрээ ажилтнуудаа ч заавал цагаар барихгүй, уян хатан цагийн хуваарь санал болгодог. Жишээ нь, хүүхэдтэй хүмүүс өглөөдөө хүүхдээ хүргэж өгдөг бол 10 цагаас өмнө ажилдаа ирнэ гэдэг хүнд шүү дээ.



6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Тогтмол, давтамжтай өөрчлөгдөхгүй ажлууд гэж байна. Жишээ нь, өнгөрсөн 9-р сараас энэ 6-р сар хүртэл 7 хоног бүрийн Лхагва гарагт 19:00-21:00 цагт уншсан номоо ярьдаг “К клуб” клубдээ цаг гаргаж байна. Гадаад, хөдөө явахгүй л бол энэ цаг хэзээ ч хөдөлдөггүй.

Том ажлуудаа бол жилд 3-4-ийг буюу улиралд нэгийг гэх маягаар төлөвлөнө. Нэг том зорилгоо жижиглэж, энэ сард үүнийгээ хийчихсэн байх ёстой гэх мэтээр төлөвлөгөө гаргана. Тэгээд Excel дээрээ буулгаад шаардлагатай үед нь өөрчлөлт оруулдаг.

Манай улсын нөхцөлд улиралдаа зохицож буюу урьдчилж төлөвлөж ажиллах нь маш чухал санагддаг. Телевиз дээр бол шинэ жил дуусангуут дараа жилийн шинэ жилийн дүрсээ цуглуулчихвал амар. Өвлийн хувцсаа өвлийн сүүл сард нь түрүүлээд хямдралтай авчхаж байгаатай адил.


7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Орчноо солино. Улаанбаатараас гараад хөдөө эсвэл гадаадад очихоор сэтгэл санаа сэлгэгддэг. Заримдаа Улаанбаатарт байхдаа ч “гадаадад байгаа шүү” гэж өөртөө итгүүлж бас болно.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

“Morin khuur da Cremona” төслөө онцолъё. Энэ бол Монголын морин хуурыг мэргэжлийн түвшинд урлах, уламжлал, шинэчлэлийг хослуулах, түүгээрээ дамжуулж өв соёлоо сурталчлах, шинэ хуурчдыг дэмжих төсөл. Өнгөрсөн 9-р сард манай төслийн баг Италийн Cremona Musica үзэсгэлэнд оролцож, дэлхийн шилдэг хөгжмүүдэд ашигладаг модыг Монголдоо авчирч, гурван хуур урлуулсан юм.

Урлаач Д.Уламбаяр ах, Н.Жигжиддорж нар энэ төсөлд гол үүрэгтэй. Анхны морин хуур болох “Anima”-г 12-р сарын сүүлээр урласан. Anima хуураар Н.Жигжиддорж 2026 оны 1-р сарын 31-нд Токиогийн Dai-ichi Seimei танхимд, Kenichi Nishizawa-гийн морин хуур, төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан “Ode” бүтээлийг тоглож нээлтээ амжилттай хийсэн. Харин хоёр дахь хуур “Cento”-г энэ 4-р сард Fiddleland ансамблийн хамт тоглолтоор танилцуулсан юм. Гурав дахь хуур “Mondo” төгөлдөр хуурч Ж.Ариунзаяатай хамтран сонгодог дуэтээр толилууллаа. Хуур урлаж, тоглолт хийхээс гадна морин хуурын тухай баримтат цуврал, дижитал контентоо ч эхлүүлээд байгаа. Намар Италийн Кремона хотод тоглох санаатай байна. Төслийн багийн гишүүн, Италид суралцсан мундаг хөгжимчин Д.Амармэнд харилцаа холбоог хариуцаж байгаа.

Японд авьяаслаг хүүхдэд алдарт Страдиваригийн, Амати, Гварнеригийн хийл авч өгөөд бариулдаг нэг төрлийн тэтгэлэг байдаг юм билээ. Манайд бол тэтгэлэг гэхээр ихэвчлэн мөнгөн хэлбэрээр байдаг шүү дээ. Гэхдээ хөгжимчин болох гэж байгаа хүүхдэд нэг удаагийн мөнгөнөөс илүүтэй дэлхийн стандартаар бүтээсэн хөгжим бариулах нь бодит дэмжлэг болж болно. Бас тэтгэлэг, дэмжлэгийг зөвхөн спортоос гадна урлагт өгөөсэй гэдэг дохио өгөх хүсэлтэй байгаа.

Нөгөөтээгүүр морин хуур бол контент талаасаа маш соирхолтой сэдэв. Өнөөгийн нумт чавхдаст хөгжмүүдийн эхийг морин хуур гэх таамаглалууд ч бий. Бид Хөхөө Намжилын домгоос эхлээд морин хуураа дэлхийд таниулах боломж маш их байна. Сонирхуулж хэлэхэд, өдгөө дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн чавхдаст хөгжмийн нумд ихэвчлэн монгол морины сүүл ашиглаж байгаа. Гэтэл бид өөрсдөө үүнийгээ үйлдвэрлэж чадахгүй, дандаа түүхий эдээр нь гаргаад, өөр улсад түүнийг нь боловсруулж цааш нь өндөр үнээр зарж байгаа нь харамсалтай. Жишээ нь, бид нумаа Японы Arche компанид хийлгэж байна.


9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Эерэг тал гэвэл Монголд мэдээллийн хил хязгаар бараг алга. Бид нийгмийн бүх сүлжээ, платформыг чөлөөтэй ашиглаж байна. Интернэтийн хүртээмж, технологийн дэвшлийн ачаар контентын тал дээрээ ч нэлээд урд явж байгаа. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа хүнд уулзахыг хүссэн хэнтэйгээ ч уулзах боломж байдаг нь сайхан. Баримтат кино хийх, нэвтрүүлэг хийх, ярилцлага авах зэргээр тэр хүний түүхийг сонсохоор хэсэгхэн зуур түүний амьдралаар амьдарсан ч юм шиг эсвэл дэргэд нь хамт байсан мэт сонин мэдрэмж төрдөг нь энэ ажил мэргэжлийн нэгэн сайхан тал.

Харин асуудал гэвэл чөлөөт бус зах зээлд байна. Хувийн телевизийн хүсдэг, зорьдог үзүүлэлт бол үзэгчийн үнэлгээ, хувь, хүртээмж буюу Rtg, Share, AvRch зэрэг бөгөөд үүгээрээ л өрсөлддөг. Өрсөлдөх чадвартай болох хамгийн дөт зам бол мэдээж цэвэр өрсөлдөөн. Гэтэл одоо тэр "өрсөлдөөн" төрийн өмчит компанийн даргын өрөөнд, төрийн ордны коридорт явагдаж байна. Энэ бол зах зээл жам ёсоороо яваагүйн нэг шинж л дээ.

Үүнтэй холбоотойгоор хэлэхгүй үлдээж болохгүй бас нэг зүйл байна. Өнөөдөр бараг бүх яам дэргэдээ студитэй болж, хэвлэлийн алба нэрээр продакшны үйлчилгээ хийх болсон. Хэвлэлийн алба бол хэвлэлийн хурлаа зарлаж, мэдээгээ гаргаж бусдаар түгээлгэдэг газар болохоос биш өөрсдөө продакшн хийдэг газар биш. Нэг дарга яриа өгөхөөр телевизийн микрофонуудаас олон тоотой жижиг микрофонууд энгэртээ зүүсэн байгаагаас л энэ хавтгайрлыг харж болно. Төрөөс хамааралтай, эсвэл татаас авдаг эдгээр байгууллага орлого яаж олох вэ гэдэгт санаа зовох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл өнөөх өрсөлдөөн тэдэнд бараг үйлчлэхгүй байна. Гэтэл зөвхөн хэвлэл мэдээллийн салбар гэлтгүй бүх л салбарын хувийн хэвшил урт хугацааны итгэлцлээ бодож, үнэ цэн бүтээж, түүнийхээ хэрээр хэрэглэгчээс орлогоо олдог.


Цаг тутам шинэчлэгдэж буй хэвлэл мэдээллийн салбарт олон сонирхолтой сорилт тулгарч байна. Жишээ нь, оюуны өмчийн асуудал байсаар л байна. Олимп, Азийн наадмаас эхлээд Хөлбөмбөгийн Дэлхийн аваргыг эх орондоо албан ёсны эрхтэйгээр нь хүргэж ажилладаг болохоор оюуны өмчийн асуудалтай нүүр тулдаг юм.

Түүнчлэн сүүлийн үед хиймэл оюун нэг талаас боломж олгож, нөгөө талаас сорилтуудыг тулгаж байна. Хиймэл оюун контент бүтээлтийг хялбарчилж байгаа нь үнэн. Хиймэл оюуны тусламжаар контент хийж болох ч тэр контент жишээ нь спортын уралдаан тэмцээнийг яг бодитоор үзэхэд төрдөг сэтгэл хөдлөл, мэдрэмжийг өгч чадахгүй л болов уу.

Мэдээллийн тэнцвэрийн тухайд бас нэг зүйл хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар үзэл санааг дэмжиж байгаа, тухайн асуудал дээр ямар байр суурь баримталж байгаагаа ил тод зарлах нь үзэгчийн тархи, сэтгэлд шүүлтүүр үүсгэж үүний ачаар мэдээллийн тэнцвэр үүсдэг. Хувь хүмүүсийн үг хэлэх эрх чөлөө гэдэг дотор санал үл нийлэх эрх ч багтдаг. Жишээ нь, сонины газар бүр редакцын бодлоготой нь нийцэхгүй нийтлэлчийн бүтээлийг нийтлэхээс татгалзах эрхтэй. Хүссэн бүхэнд ажил, камер, микрофон, булангаа өгөх боломжгүй. Спонсор ч өөрийн үзэл бодолтой нь нийцэхгүй хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх эрхтэй.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Энэ жил гурван том ажилтай. Нэгдүгээрт, энэ долоодугаар сард цацагдах хуваарьтай, Японы NHK-тэй хамтарсан Говийн динозаврын тухай баримтат нэвтрүүлгээ хийж байгаа. Зураг авалт нь өнөө маргаашгүй дуусах гэж байна. Хоёрдугаарт, FIFA-гийн Дэлхийн аваргын шууд дамжуулалт, гуравдугаарт Азийн наадмын шууд дамжуулалт.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Сонирхож байгаа сэдвээрээ ном унших л хамгийн чухал арга даа. Гэхдээ болсон, болоогүй ном уншаад байж болохгүй. Өөрт хэрэгтэй номоо унших хэрэгтэй.

Сүүлийн үед мэдлэгийг товчлох тренд яваад байна. Подкаст үзэж, номын товчлол сонсчихоод үүнээсээ ном уншсан мэт ханамж авчихдаг. Гэтэл номын тухай сонсох, номыг бүтэн унших хоёр тэс өөр шүү дээ. Гэгээрлийг товчилж болдоггүй гэдэг шиг мэдлэгийг ч товчилж болдоггүй.

Ер нь аль болох л залуугаасаа л тууштай, нухацтай суралцах хэрэгтэй юм билээ. Цаг хугацаа байгаа үедээ сурч, өөрийн болгоод авчихсан тэр л мэдлэгийн үр шимээрээ хүний амьдрал явдаг юм шиг. Сүүлд Морин хуурын чуулгын удирдаач Н.Жигжиддорж найзтайгаа ярихад тэр өдөрт 20 минут л бэлтгэл хийж байгаа гэсэн. Учир нь тэрээр залуу байхдаа хэдэн арван мянган цаг бэлдээд, хийх ажлын мэдлэг, мэдрэмжээ булчингийн ойдоо хэзээ ч сарнихгүйгээр суулгачхаж л дээ. Тэгэхээр хэдий залуугаасаа эхэлж суралцана, төдий чинээ жинхэнэ мэргэжилтэн болж чадна. Мэдээж сурахад оройтно гэж үгүй.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Ном гэвэл Айн Рэндийн “Эх сурвалж” роман, "Бизнесийн философи”, Ярон Брук, Дон Ваткинс нарын “Чөлөөт зах зээлийн хувьсгал”. Хөгжмийн тухайд Японы классикууд болох Сакамото Рюүичи, Хисаиши Жёо хоёр их гоё. Кино, нэвтрүүлэг гэвэл энэ долоодугаар сард Японы NHK телевизээр гарах Монгол Улсын говь нутаг, үлэг гүрвэлийн тухай толилуулах нэвтрүүлгээ санал болгоё.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

“Өөрөө мэд” гэдэг үг л надад их чиг шугам болж байна даа. Өөрөө мэдээд, өөрөө шийдэд, алдаа оноогоо өөрөө хүрт гэсэн үг. Гэхдээ өөрөө мэдэхээс өмнө өөрийгөө мэддэг байх чухал. Чи ямар зорилготой юм, яах гэж байгаа юм гэдгээ эхлээд мэдэх ёстой. Үүний тулд их судалж, бодож, бусдын үгийг сонсох хэрэгтэй. Хүний хамгийн дээд таашаал нь өөртөө, өөрийн хувь тавиландаа эзэн байгаагаа мэдрэх явдал.


14. Бусдад шидэх санаа?

Контент бол хил хязгааргүй зүйл. Контент Тяньжиний боомт дээр саатдаг эсвэл Эрээний хил дээр гацдаг зүйл огт биш. Тиймээс бид олон зуун сая хүнтэй гадаадын зах зээл рүү хандаж, тэндээс үнэ цэн, орлого олох хэрэгтэй. Геополитикийн хувьд хоёр том, чөлөөт бус зах зээлийн дунд хавчуулагдсан улсын хувьд гуравдагч хөршүүд рүүгээ л хүрэх хэрэгтэй. Үүний хамгийн боломжит зам нь контент мөн.

Морин хуур, үлэг гүрвэл эсвэл ер нь гадаадууд юу сонирхож байна тэднийг нь бид нийлүүлж чадвал боломж байна. Чөлөөт зах зээлээс зөв замаар мөнгө олно гэдэг муухай зүйл огт биш шүү дээ. Идэвхтэйг урамшуулж, залхууг шийтгэдэг чөлөөт зах зээлийн зарчмаараа өрсөлдөж, халамж эсвэл татаасанд найдахгүйгээр өөрсдийн толгойг ажиллуулцгаая л гэж уриалах байна.