Манай уншигчид дунд Viber хэрэглэдэггүй хүн ховор биз ээ. Монголд нэгэн үе ажлын харилцааг төрөл бүрийн сувгаар явуулж байгаад сүүлийн жилүүдэд Viber луу эргэж буцалтгүй шилжиж байх шиг байна.
Хэрэв та өдөр бүр Viber-аа нээж хардаг бол уг платформ дотор сүүлийн хэдэн долоо хоногт монгол зар сурталчилгаа байршиж эхэлснийг анзаарсан байх учиртай. Монгол Улсаас КоллПро Rakuten Viber-тай албан ёсны хамтрагч болсноор бий болж буй олон боломжийн нэг нь энэ юм.
Тиймээс бид энэ удаа уг хамтын ажиллагааны нэгэн чухал дүр болох Rakuten Viber-ийн Ази, Номхон далайн бүс хариуцсан Борлуулалтын захирал Нитин Тягитай ярилцсанаа хүргэж байна.
Байршил: Гургаон хот, Энэтхэг улс
Эрхэлдэг ажил: Борлуулалт хариуцсан захирал, Rakuten Viber-ийн Ази, Номхон далайн бүс
Хэрэглэдэг гар утас: iPhone 16
Хэрэглэдэг компьютер: MacBook Air
Сошиал хуудсууд: Nitin Tyagi (LinkedIn)

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Би сүүлийн 12 жилийн хугацаанд Rakuten Viber-ийн хамт олны нэг байж, Ази, Номхон далайн бүсэд борлуулалт, түншлэл болон бизнесийн өсөлтийн чиглэлээр ажиллаж байна. Харилцаа холбооны технологи хүмүүсийн өөр хоорондоо холбогдох арга хэлбэрийг цаг ямагт өөрчилөхийн зэрэгцээ, эл салбар өөрөө өндөр хурдаар хувьсан өөрчлөгдөж байсан нь Viber-ийг сонгох шалтгаан болж байв.
Өнгөрсөн хугацаанд би олон тооны компани, агентлаг болон түнштэй ойр ажиллаж, бизнесүүдэд мессеж платформыг илүү үр дүнтэй ашиглахад нь тус дэм болжээ. Миний карьер зах зээлээ ойлгох, урт хугацааны харилцаа бий болгох, дижитал зар сурталчилгааны хувьсалд дасан зохицох гэсэн гурван багана дээр тогтож ирсэн байна.
Одоогоор борлуулалт хариуцсан захирал (Sales Director)-ын хувиар бүс нутагт түншлэлээ өргөжүүлэх болон брэндүүдэд Viber-ийн экосистемээр дамжуулан утга учиртай харилцаа үүсгэхэд нь тусалж байна.
Жишээ нь, Монгол бол Ази Номхон далайн бүс нутагтаа чухалд тооцогдох зах зээлийн нэг. Бид Монгол Улс дахь албан ёсны хамтрагч болох КоллПро-тойгоо хамтран бизнес эрхлэгчдэд найдвартай мессеж платформоор дамжуулан зорилтот хэрэглэгчтэйгээ илүү ойр, үр дүнтэй харилцах цогц экосистемийг санал болгож эхэлсэндээ маш их баяртай байгаа.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Үнэнийг хэлэхэд, өдөр бүр харилцан адилгүй. Энэ нь ч надад их таалагддаг юм. Өглөө ихэвчлэн хамгийн чухал ажлууд болон кампанит ажлуудын гүйцэтгэлийг шалгаснаар эхэлдэг. Ази, Номхон далайн бүсийг хариуцдаг учраас дэлхийн өнцөг булан бүрд байгаа баг, түншүүдтэйгээ холбогдсоноор тэр өдөр үргэлжилнэ.
Ойрын үед Viber-ийн түншүүдтэй стратегийн хэлэлцүүлэг хийх, бүс нутгийн борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, зар сурталчилгааны боломжуудыг үнэлэх, дотоод багуудтай бизнесийн зорилгоо уялдуулах зэрэг ажлыг хийсээр ажлын өдөр өнгөрч байна. Мөн зах зээлийн чиг хандлагын тухай бодож, брэндүүд мессеж платформыг хэрхэн илүү бүтээлчээр ашиглаж болох талаар эргэцүүлэхэд заавал цаг гаргадаг.
3. Таны ажлын нөү-хау?
Миний бодлоор тууштай байдал бол богино хугацааны эрч хүчээс ч чухал зүйл. Жижиг дадлууд цаг хугацааны явцад том өөрчлөлт авчирдаг тул би зохион байгуулалттай байж, цаг алдалгүй, шуурхай хариу өгч, бат бөх харилцаа бий болгоход анхаардаг. Борлуулалт, бизнес хамтын ажиллагааны салбарт анхааралтай сонсох нь хамгийн дутуу үнэлэгддэг чадвар бөгөөд хэрэглэгч яг юу хүсэж байгааг ойлгох нь зүгээр нэг шийдэл танилцуулахаас илүү чухал.
Мөн би сониуч байдлаа хадгалахыг их хичээдэг юм байна. Учир нь дижитал зар сурталчилгаа хурдтай өөрчлөгддөг тул тасралтгүй суралцах шаардлагатай.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Миний өдөр тутмын ажил ихэвчлэн харилцаа болон аналитикийн хэрэгслүүд дээр тулгуурлаж байна. И-мэйл, CRM систем, spreadsheet, аналитик dashboard, видео хурлын платформ зэрэг нь өдөр тутмын ажлын салшгүй хэсгүүд. Олон бүс нутгийн хүмүүстэй уялдаж ажиллах ёстой учраас байнгын холбоотой, бэлэн байх нь чухал. Утас, зөөврийн компьютероос гадна дуу тусгаарлагчтай чихэвч хамгийн хэрэгтэй хэрэгсэл. Аялал, урт нислэг, эсвэл завгүй орчинд төвлөрөхөд их тус болдог юм.


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Надад цаг хэмнэдэг нэг зуршил байдаг нь төстэй ажлуудыг багцалж хийх. И-мэйл, уулзалт, төлөвлөлтийн хооронд үсчихийн оронд тус бүрд нь тодорхой цаг гаргадаг гэсэн үг. Ингэснээр анхаарал сарних нь багасаж, илүү гүн төвлөрч чаддаг. Мөн уулзалтуудыг товч, зорилготой байлгахыг хичээдэг нь тухайн өдрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Би хийх ажлын жагсаалтаа энгийн бас бодитой байлгахыг хичээдэг. Ажлуудаа яаралтай, чухал, урт хугацааны гэж ангилна. Хэт олон зүйл бичих нь шаардлагагүй дарамт үүсгэдгийг ойлгосон тул өдөр бүр яг л амжуулж чадах хамгийн чухал зүйлс дээрээ төвлөрдөг. Calendar blocking буюу тогтсон цагуудыг тодорхой зүйлд зориулж хэвших нь уулзалт, аялал, төлөвлөлтийг тэнцвэржүүлэхэд туслан, сахилга баттай байхад нөлөөлдөг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Завгүй өдрүүдэд урт амралт хүлээхийн оронд богино хугацаанд эрч хүчээ сэлбэхийг хичээдэг. Ойрхон алхах, кофе уух, эсвэл хэдэн минут дэлгэцээс холдох нь анхаарал сэргээж, эрч хүч өгдөг. Аялал ч мөн бүтээлчээр бодох, эргэцүүлэхэд минь тусалдаг. Заримдаа хамгийн сайн санаа богино хугацаанд ажлаасаа холдох тэр л үед төрдөг шүү.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Өдөр тутмын ажлуудаасаа гадна шинээр хөгжиж буй зах зээлүүдэд түншлэлээ бэхжүүлэхэд л ихээхэн анхаарч байна. Улс орнууд дижитал харилцааг хэрхэн өөр өөрөөр хүлээн авч байгааг харах нь сонирхолтой. Мөн Viber шиг мессеж платформууд зөвхөн харилцаанаас цааш бизнесийн өсөлт, хэрэглэгчийн оролцоо, зар сурталчилгааны инновацад хэрхэн илүү хүчтэй хэрэгсэл байж болохыг сонирхон судалдаг.


9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Миний ажлын хамгийн том давуу тал нь олон зах зээл, салбар, соёлтой танилцах боломж юм. Олон улс, олон бүс нутгийн түншүүдтэй ажиллах нь ажлыг үргэлж шинэлэг байлгаж чаддаг. Дижитал зар сурталчилгаа хурдтай хөгждөг тул шинэ санаа гаргах боломж ч их. Нөгөө талаас энэ хурд нь сорилт болох нь бий. Олон ажлыг зэрэг удирдах, байнгын өөрчлөлтөд дасан зохицох, цагийн бүсүүдийг зохицуулах нь уян хатан байдал, сахилга бат ихээхэн шаардана.
Viber бол аливаа брэндийг хэрэглэгчдэд таниулахаас эхлээд худалдан авалт хийх, цаашлаад үнэнч хэрэглэгч болгох, халамжлах гээд бүх үе шатанд туслах олон талт шийдэлтэй платформ. Хамгийн гол онцлог нь хэрэглэгч өдөр тутамдаа ашигладаг мессеж платформ нь учраас анхаарал сарнилгүй, хэт их мэдээлэл дунд төөрөхгүйгээр илүү төвлөрсөн, үр дүнтэй харилцаа бий болгодог юм.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Одоогоор Viber-ийн зар сурталчилгааны түншлэлийг өргөжүүлэх, брэндүүдэд мессеж дээр суурилсан маркетингийн үнэ цэнийг илүү ойлгуулах дээр төвлөрч байна. Бизнесүүд хэрэглэгчидтэйгээ шууд, илүү хувийн байдлаар харилцах “conversational engagement”-ийг ихээхэн сонирхож байгаа нь анзаарагдсан. Мөн Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлж, зар сурталчилгаа түгээгч болон түншүүддээ илүү үнэ цэн бүтээх шинэ боломжуудыг олж нээхэд анхаарч ажиллаж байна.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Ялангуяа дижитал салбарт тасралтгүй суралцах хамгийн чухал. Би салбарын мэдээ мэдээлэл, оролцсон хурал, танилцсан хүмүүс, уулзсан хэрэглэгч, ярилцсан түншүүдээсээ байнга суралцдаг. Бодит амьдрал дээр болдог яриа хөөрөө нь хэрэглэгчийн зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байгааг ойлгох хамгийн сайн эх сурвалж болдог шүү. Мөн өөр өөр бүс нутагт ажилладаг хүмүүсээс суралцах дуртай. Учир нь бүс нутаг бүр технологи, зар сурталчилгаанд өвөрмөц өнцөг авчирдаг.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Coldplay-ийн Viva La Vida дууны эрч хүч, өөрчлөлтийн талаарх санаа нь таалагддаг. Харин Forrest Gump кинонд гардаг тэсвэр тэвчээр, даруу зан, боломж бүрийг ашиглах тухай урам өгсөн түүх нь их сайхан. Ном гэвэл, жижиг, тогтвортой үйлдлүүд урт хугацаанд том үр дүнд хүргэдгийг баталдаг Atomic Habits-ийг санал болгоё.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Миний авч байсан хамгийн үнэ цэнтэй зөвлөгөө бол “Борлуулалтаас илүү харилцаанд төвлөр.” Борлуулалт, түншлэлд богино хугацааны амжилтаас илүү урт хугацааны итгэлцэл маш чухал. Сайн харилцаа ихэвчлэн нэг төсөл, нэг кампанит ажлаас давсан олон боломжийг бий болгодог.
14. Бусдад шидэх санаа?
Сониуч бас тэвчээртэй байгаарай. Зар сурталчилгааны борлуулалт болон түншлэлийн бизнест амжилт нэг шөнийн дотор ирдэггүй. Харилцагчдаа ойлгох, итгэлцэл бий болгох, тууштай байхаас л үр дүн шалтгаална. Ярих ур чадвар чухал ч сонсох чадвар мөн адил чухал. Салбар, технологи, хэрэглэгчийн хүлээлт байнга өөрчлөгдөж байдаг тул дасан зохицох чадвар хамгаас чухал юм шүү.
Viber-ийн бизнесүүдэд зориулсан үйлчилгээний мэдээллийг 72727070 дугаараас аваарай

Сэтгэгдэл бичих (1)


W Wow 202.21.107.69
Viber ajliin hariltsaand, instagram naiz nuhud, telegram crypto, botdoo ashiglaj baina. Viber mongoliig tooj irdeg tsag irjee.