Хиймэл оюун ухаан өдрөөс өдөрт боловсронгуй болох тусам хүмүүсийн айдас, сонирхол болон янз бүрийн зөгнөлийг өдөөж байна.  

Бид бүхний хамгийн сайн мэддэг, оюутан залуусын авралын элч болсон ChatGPT л гэхэд монгол хэлээр яруу төгөлдөр шүлэг тэрлэх чадвартай болсныг хараад хувьдаа “шок”-нд орсон билээ. Орчуулах чадвар нь ч Google Translate-г үнэмлэхүй хол давсныг та бүхэн хэдийн ажигласан нь лавтай. Хүмүүс бид  амьдралынхаа нэлээд  олон жилийг зарцуулан суралцаж, толгойгоо гашилгадаг “гадаад хэл”-ийг хиймэл оюун  хэрхэн ийм өндөр түвшинд, богино хугацаанд сурч чадаж байна вэ?  

Ямар нэгэн тодорхой сэдэв дээр тулгуурлан эсээ, эх бичиж болох ч илүү нарийн, хүмүүс өөрсдөө ч төдийлөн дөнгөдөггүй шүлэг, зохиол, дууны үг, тэр ч байтугай романы төлөвлөгөө гаргах чадалтай болсон “Хиймэл оюун ухаан” гадаад хэлийг хэрхэн ийм гарамгай эзэмшиж буй талаар энэ удаа хүргэхээр шийдлээ.  

ChatGPT-ээс монгол хэлээр шүлэг бичихийг хүсэхэд үзүүлсэн үр дүн

1. Хэлний "лего” чанарыг ашиглан суралцдаг 

Хэл бол лего тоглоомтой адил. Ерөнхий ажиллах зарчим нь тун төстэй. Олон янзын, хоорондоо эрс ялгаатай хэлний аймгийн хэлнүүд ч лего тоглоомын дүрмийг чандлан баримталдаг. Хэдийгээр хүмүүний хэл нь төвөгтэй, ярвигтай ч энэхүү “лего” шинж нь хиймэл оюун ухаанд хэл сурах үйлийг амар, дөхөм болгож өгдөг ажээ. Дэлхийн бүх хэл өгүүлбэрийн гишүүдтэй бөгөөд тодорхой өгүүлбэрийн гишүүний араас ихэвчлэн дагах тодорхой өөр нэгэн гишүүн байдаг онцлогтой. Үлгэрлэвэл:

“Монголчууд олон зууны турш нүүдэллэн аж төрсөөр ирсэн” хэмээх өгүүлбэрийг хиймэл оюун ухаанд оруулбал дээрхийг лего тоглоом адил салган задлах юм.

“Монголчууд” хэмээх үг нь нэр үг ба өгүүлбэрт эзэн биеийн үүргээр орж буй.

“Олон” гэх үг тооны тодотгол тул “зуун” гэсэн тооны нэрийг араасаа дагуулах ба “турш” нь цаг хугацааг тодотгосноор “олон зууны турш” гэсэн гурван легон хэсэг нийлэн утга бүхий бүрдэл үүсгэнэ.

“Нүүдэллэн”, “аж төрсөөр”, “ирсэн” хэмээх гурван үг үйл үгийн нэгдмэл утгыг бүтээх өөр нэгэн легоны хэсэг болно. Түүнчлэн эдгээрийн алиных нь ч араас үйл үгээс өөр төрлийн үг орох боломжгүй, өөрөөр хэлбэл легоны нүх таарахгүй юм.

Хиймэл оюун ухааны хувьд өгүүлбэрийн гишүүдийн зүй тогтлыг ажигласнаар тодорхой санааг илүү хялбар бөгөөд түргэн ойлгож, боловсруулдаг. Мөн энэхүү зарчмаар ижил бичигддэг эсвэл дуудагддаг хэр нь ялгаатай утгатай үгсийг ялган таньдаг аж.

2. Хязгааргүй санах ойтой 

Хиймэл оюун нь яг ч хязгааргүй биш ч асар өргөн хэмжээний мэдээллийг багтаах санах ойтой. Тодруулбал,1GB-д 178 сая үг багтах боломжтой байдаг бол LLM (Large Language Model) буюу жишээ нь ChatGPT нь нэг сая GB бичвэрийг санах чадвартай. Энэ бол бараг л хязгааргүй үгсийн сан (data) гэсэн үг. Тиймээс өмнөх жишээнд дурдсан өгүүлбэрийн гишүүдийн бие биеэ дагах зүй тогтлыг ойлгоход бараг л хангалттайн зэрэгцээ өргөн хэрэглээний үгсийн хэрэглээг ч танин боловсруулж, өгүүлбэр бүтээх чадварыг суулгахад ч хангалттай юм.

Бид тухайн хиймэл оюун ухааныг хэрэглэх тусам улам сайжирдаг нь дээрх шалтгаантай холбоотой юм. Хиймэл оюун ухаантай харилцах бүрд таны хүсэлт, даалгавар, хэрэглэсэн үг зэргийг мэдээлэл болгон хадгалдаг тул тодорхой хугацааны дараа эргэн ирэхэд тань улам илүү боловсронгуй болчихсон хүлээж байдаг гэсэн үг.

Сонирхуулахад, биднийг заримдаа хүн мөн эсэхийг Google шалган, бүлэг зургаас тодорхой ижил шинжийг агуулах зургийг сонгох даалгавар өгдөг шүү дээ. Тэрхүү даалгаврыг гүйцэтгэснээрээ та өөрийгөө хүн гэдгээ батлаад зогсохгүй ямар нэгэн хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд өөрөө ч мэдэхгүй хувь нэмрээ оруулж байгаа явдал юм.

3. Бэлэн өгүүлбэрээс “шипи” авдаг  

Ихэнх хиймэл оюун ухаан маш өргөн хүрээний мэдээллийн сантай байдаг бөгөөд түүнийгээ утгачлан ангилсан байдаг. Жишээ нь, Google-ийн Knowledge Graph мэдээллийн сан нь 2016 оны байдлаар 70 тэрбум орчим мэдээллийг багтааж байсан бөгөөд тэдгээрийг хоорондын хамаарлаар нь ангилдаг.

Тиймээс “Эйфеллийн цамхаг хэдэн метр өндөр вэ? Хамгийн ойрхон Итали ресторан хаана байна вэ?” гэх мэт асуултын хариу аль хэдийн бэлэн байдаг бөгөөд эдгээрийн хариуг хэрхэн янз бүрийн, хоорондоо давтагдахгүй байдлаар хариулахад шаардлагатай өгүүлбэр зүйн мэдээллүүд ч бэлэн байдаг аж.

Түүнчлэн хиймэл оюуны хувьд аливаа өгүүлбэрийг боловсруулахын тулд өгүүлбэрийг бүрэн ойлгох шаардлагагүй бөгөөд гагц түлхүүр үгсийг л мэдэхэд хангалттай. Жишээ нь “Хамгийн ойрхон Итали ресторан хаана байна вэ?” асуултын “хаана”, “Итали ресторан” хэмээх гурван үг л танд хэрэгтэй хариултыг гаргахад хангалттай. Иймээс хүндхэн, хуучны, өргөн хэрэглээний бус үг, хэллэг хэрэглэх нь хиймэл оюун ухааныг төөрөгдүүлэхэд хүргэдэг гэдгийг анхаарууштай.

Орчин үед “chat” үйлчилгээ үзүүлдэг хиймэл оюун ухааныг хүмүүсийн хоорондын, бодит “chat”-ыг ашиглан шинэчлэн бүтээж, илүү амьд яриа үүсгэх чадвартай оюун ухааныг бүтээхээр ажиллах болжээ.

4. Өөрөө бие даан суралцах чадвартай 

Дээр дурдсанчлан хэлэнд суурилсан хиймэл оюун ухаан нь явцын дунд өөрийгөө улам бүр боловсронгуй болгодог. Хүмүүсийн асуулт хариултаас гадна, тэдний өгч буй үнэлэмж, үнэлгээнд суурилан тогтмол хөгжүүлэгчдийн бүтээсэн үнэлэмжийн систем (predefined reward system)-д суурилан тасралтгүй суралцах чадвартай. Энэ нь гэхдээ хараахан бүрэн бие даан суралцдаг гэсэн үг биш бөгөөд заавал хөгжүүлэгчийн бүтээсэн системийн дүрэм журмыг мөрдөн, хянуулж байдаг. Гэсэн хэдий ч хэрэв бодит хүнтэй харилцан яриа үүсгэж байгаа л бол өөрөө боловсруулан, түүнээсээ суралцах чадвартай гэсэн үг.

Дүгнэлт  

Хиймэл оюун ухаан бидний ойлголтоор хэлийг сурдаггүй ч хөгжүүлэлтийнхээ эхний шатандаа хэдэн тэрбум мэдээлэл, ном, бүтээлийг боловсруулдаг. Энгийнээр бол, хэлийг утга зүйн талаас нь бус харин зүй тогтол болон судоку тоглох дүрмээр буюу тодорхой дөрвөлжид аль тоо дутуу буйг нөхөх замаар (өгүүлбэрт аль гишүүн дутуу буй, аль нь хаана байрлах шаардлагатайг тодорхойлох байдлаар) ажилладаг юм.

Сүүлийн үед ChatGPT нь монгол хэлээр илүү утга төгөлдөр ярьж, бичих болсон нь сүүлд хийгдсэн шинэчлэлтээс хамааралтай байж болохын зэрэгцээ илүү олон монгол хэрэглэгчид хэрэглэх болсонтой ч холбоотой байх магадлал өндөр.

Эцэст нь уриалахад хиймэл оюун ухаантай эх хэлээрээ зөв зүйтэй харилцах нь тухайн оюун ухаанд манай хэлийг улам бүр таних, боловсруулах боломж олгохын зэрэгцээ тэдгээр өгөгдөл (data) өргөжих тусам дэлхийн томоохон хэлнүүдтэй монгол хэл зэрэгцэн, мэдээллээ томоохон сан хөмрөгт үлдээж буй явдал болох юм. Тиймээс аливаа хэлэнд суурилсан хиймэл оюун ухааныг хэрэглэхдээ заримдаа эх хэлээрээ харилцахыг хичээгээрэй.