Энэ удаагийн ярилцлагын зочноор “Flame Bros” анимэйшн студийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Д.Золбаярыг урилаа.
Үүсгэн байгуулагдаад ердөө хоёр жилийг үдэж буй “Flame Bros” студи нь Монголын анимэйшн, контент үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц дүрслэлээрээ ялгарч буй. Тус студийн хамт олон бидний сайн мэдэх “Цасхан” дуунаас санаа авч, ижил нэртэй богино хэмжээний анимэйшн бүтээл туурвижээ. Хүүхэд насны гэгээн дурсамж, танил мэдрэмжийг дахин сэргээхийг зорьсон уг бүтээл нь Германы нэр хүндтэй кино наадам болох Берлиний олон улсын кино наадамд оролцоод амжсан юм.
Ингээд түүний ажлын арга барил, өдөр тутмын ажилдаа ашигладаг апп, хийж буй ажлын онцлог, давуу тал болоод “Цасхан” анимэйшн хэрхэн бүтсэн тухай эл ярилцлагаас дэлгэрүүлэн уншаарай.
Эрхэлдэг ажил: “Flame Bros” анимэйшн студийн Гүйцэтгэх захирал, “Цасхан” анимэйшны зохиолч, найруулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook Air
Сошиал хуудас: zolbayar.d_vinci (Instagram), Zolbayar Dorjsembee (Facebook)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би жаахан байхдаа нүдээ гэмтээж байсан юм. Тэр үедээ ихэвчлэн авга ахынхаа гэрт хүүхэлдэйн кино үзэж, элдэв янзын зураг зурсаар өдрийг өнгөрөөдөг байлаа. Тэгээд л үзсэн зүйлсээсээ санаа аваад дэвтэр дээрээ янз бүрийн баатар зохиогоод зурчихна. Нэг нь ийм хүчтэй, нөгөө нь тийм чадвартай гээд л дүр бүр өөрийн гэсэн онцлог, давуу талтай. Өнөөх зурсан баатруудаа нэгтгэж, үйл явдлыг нь зохиогоод комик ном уншиж байгаа юм шиг дүү нартаа ярьж өгнө. Уг нь би тийм ч сайн зурдаг хүүхэд байгаагүй л дээ. Зураг зурахаас илүүтэй тухайн баатруудыгаа амилуулж, түүх зохиох нь илүү сонирхолтой санагддаг байсан. Магадгүй тэр үеэс л анимэйшны зохиолч болохыг мөрөөдөж эхэлсэн байх.
Дотны найзууд маань намайг Винчи гэж дууддаг. Намайг жаахан байх үед авга ах маань миний зурсан зургийг хараад “Да Винчи, Микеланжело хоёр шиг мундаг зуржээ” хэмээн магтаж байсан. Тухайн үедээ хэн гэдгийг нь мэдэхгүй ч баярлаад л өнгөрсөн ч яг ид мөрөөдөж зохиолч болох хүсэл тэмүүлэл дүүрэн өсвөр насан дээрээ “Да Винчигийн Код” гэх номыг уншиж дуусгаж байв. Тэр цагаас хойш Винчи гэдэг нэр надад их дотно санагдах болсон. Энэ нэрийг сонсох бүрд бага насны дурсамж, зохиолч болохыг мөрөөддөг байсан үе минь санаанд ордог юм.
Есдүгээр ангиа төгсөөд гэрийнхнийхээ зөвлөснөөр коллежид элсэн орж, хэвлэлийн график дизайны чиглэлээр суралцсан юм. Сурч байх хугацаандаа зураг зурах авьяастай, сонирхол нэгтэй хэд хэдэн найзтай болсон. Бид хамтдаа комик ном, анимэйшн бүтээхээр зорьж, бүр подвал түрээслэн ажиллаж үзсэн ч харамсалтай нь санаснаар болоогүй л дээ. Ингээд коллежоо төгсөөд СУИС-д Дүрслэх урлагийн дизайны чиглэлээр элсэн суралцав. Энэхүү сургуульдаа ижил сонирхол, хүсэл мөрөөдөлтэй олон уран бүтээлчтэй танилцсаны нэг нь Flame Bros Studio-г хамтран үүсгэн байгуулагч Б.Төгөлдөр юм.
Хэдий Дүрслэх урлагийн чиглэлээр сурч байсан ч их сургуулийн төгсөлтийн ажлаа анимэйшн бүтээлээр хийсэн. Уг бүтээлээ 2017 онд “Алтан хальс” индепендент кино наадамд толилуулж, Гран-при шагнал хүртэж байсан удаатай.

Сурч байх хугацаандаа анимэйшн хийх хүсэл тэмүүлэл байсан хэр нь энэ чиглэлээр хийж үзсэн дорвитой бүтээл, хуримтлуулсан туршлага ч байгаагүй. Тиймээс Trimon Studio-д Ч.Лутсүх ахын удирдлага дор дадлага хийж, анимэйшн хэрхэн бүтээхийг анхнаас нь сурсан даа. Энэ үедээ KFC, Pizza HUT зэрэг брэндийн дуутай анимэйшн дээр ажиллаж байв. Дараа нь зураач Ц.Оргил ахтай танилцсанаар Монгол HD телевизийн “Тог Тог Тог” хүүхдийн нэвтрүүлгийг анимэйшн болгох ажилд гар бие оролцох боломж гарсан юм. Энэ төсөлд зохиолч, найруулагчаар ажилласандаа туйлын их баяртай байдаг.
Тухайн үедээ хэдий мөрөөдлийнхөө ажлыг хийж байгаа ч гэсэн нэг зүйл дутуу мэт санагддаг байсан нь амьдрал үзэх, өөр зүйлсийг туулж үзэх туршлага. Өөрөөр хэлбэл, зөвхөн өөрийн сурч мэддэг ажлыг хийхээс гадна өөр салбарт ажиллаж, өөр хүмүүстэй танилцахын сацуу амьдралын олон талтай нүүр тулж үзэхийг хүсэж байсан хэрэг. Магадгүй энэ үеэс л өөрийгөө хайх аялал маань эхэлсэн болов уу гэж боддог юм. Тийнхүү Жавзандамба хутагт төвийн сайн үйлсийн аян болон Лантуун Дохио төрийн бус байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Ид шидийн уут” аянд хамрагдан сайн дурын ажил хийж, алслагдсан дүүргүүдэд амьдардаг хүүхдүүдэд хувцас, бэлэг тарааж өгдөг байв. Тэгээд эдгээр хүүхдэд бэлэг, хувцас тарааж өгөхөөс гадна өөр ямар зүйлээр тусалж болох бол, тэдэнд үнэндээ юу хэрэгтэй байдаг бол гэсэн бодол төрсөн юм л даа. Энэхүү бодол маань намайг хүүхдүүдтэй илүү ойр ажиллаж, тэдний хэрэгцээ, хүсэл сонирхлыг ойлгохыг хүсэхэд хүргэсэн. Тиймээс 2018-2023 оны үед анимэйшны салбараас хэсэг хугацаанд холдож, Q-Education Group-ын EQ Kids, Томүжин Альтернатив сургууль зэрэг байгууллагад ажиллаж, боловсролын салбарт өөрийгөө сорьж үзсэн дээ.
Энэ хугацаанд олон зүйл сурч, өөрийгөө олон талаар хөгжүүлсэн ч нөгөө талаас анх мөрөөдөж байсан зүйлээсээ аажмаар холдож байгаагаа анзаарсан юм. Гэр бүлтэй болоод, тогтсон ажил төрөлтэй болчихсон учир амьдрал нэг л хэвийн өнгөрөөд, бараг л урсгалаараа амьдраад байгаа мэт болчихсон гэх үү дээ. Тэгээд л их сургуулийн найз Б.Төгөлдөрт энэ тухайгаа хуваалцтал тэрээр “Тэгвэл хоёулаа шууд анимэйшнаа хийгээд эхэлбэл яасан юм бэ?” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод л өмнө нь хойш тавиад байсан хүсэл мөрөөдөл минь дахин сэргэж, яг одоогоос эхлэх хэрэгтэй юм байна гэсэн зориг орчихсон. Тэр орой бид хоёр цаашид хэрхэн ажиллаж, яаж амьдрах, ямар замаар явахаа шөнөжин ярилцаж, олон санаа гаргасан юм. Маргааш өглөө нь би түүнд таван жилийн төлөвлөгөө болон цаашид хэрэгжүүлэхээр бодож байсан санаануудаа танилцуулсан. Ингээд бид хамтдаа Flame Bros Studio-г байгуулахаар шийдэж, 2024 оны хоёрдугаар сард студиэ албан ёсоор үүсгэн байгуулсан юм.
Студиэ байгуулсны дараа бидний өмнөө тавьсан нэгэн том зорилго нь олон улсын анимэйшн фестивальд оролцох байв. Энэ зорилгынхоо хүрээнд өөрсдийн сэтгэлд хамгийн хүчтэй мэдрэмж төрүүлсэн, тэр мэдрэмжээ үзэгчдэд ч бас хүргэж чадах бүтээл хийхээр зорьж, “Цасхан” анимэйшнээ эхлүүлж байлаа.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Одоогоор манай студи онлайнаар ажиллаж байгаа. Би саяхан шинэ хүнээ өлгийдөн авсан учраас одоогийн байдлаар гэртээ хүүхдээ харж, аавынхаа үүргийг гүйцэтгэж байна даа. Хүүхдийнхээ сүүг цагт нь өгнө, гэр бүлдээ цаг гаргана, завсраар нь ажлынхантайгаа холбогдож, хийх ажлаа ярилцана гээд өдөр бүр харилцан адилгүй өнгөрдөг. Зарим орой нь ажлаа амжуулдаг бол заримдаа аавын үүргээ гүйцэтгэсээр байтал өдөр дуусах үе ч бий.
Ер нь миний ажлын өдөр өглөөнөөс биш, өмнөх оройноос нь эхэлдэг гэж хэлж болно. Учир нь би унтахынхаа өмнө маргааш ямар ажил хийх, хэнтэй уулзах гээд хийх зүйлсээ дотроо төлөвлөчихдөг. Маргааш нь төлөвлөсөн ажлуудынхаа дагуу ажиллана. Өглөө студидээ ирээд хамгийн түрүүнд кофегоо чанаж уун, тухайн өдрөө эхлүүлнэ. Дараа нь багийнхантайгаа уулзаж, өмнөх өдөр юу амжуулсан, өнөөдөр ямар ажил дээр төвлөрөх талаар ярилцах зэргээр өдрийг эхлүүлдэг байсан.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Ямар нэгэн зохиол дээр ажиллахдаа хамгийн түрүүнд тухайн зохиолынхоо мөн чанарыг ойлгохыг хичээдэг. Энэ зохиол яг юу хэлэх гээд байна, үзэгчдэд ямар мэдрэмж төрүүлэхийг зорьж байна вэ гэдгийг эхлээд өөрөөсөө асууна. Тэгээд тэр мэдрэмжийг нь илүү сайн ойлгохын тулд судалгаа хийж, өөр бүтээлүүдээс жишээ авч, хөгжмийг нь хүртэл сонсож үздэг. Учир нь нэг дууг сонсоход төрөх мэдрэмж, тухайн дууг өөр дүр зурагтай хамт хүлээж авахад төрөх мэдрэмж хоёр өөр шүү дээ. Тиймээс би зохиолынхоо цаад санаа, мэдрэмжийг эхлээд өөртөө сайн ойлгуулж байж, түүнийгээ хэрхэн дүрслэх вэ гэдэг дээр ажилладаг.
Тухайлбал, Цасхан анимэйшны дууг маань SwingRound хамтлагийн дуучин Ө.Санчир эгч маань дуулсан юм. Бид түүнээс дуугаа аль болох тайван, хүүхдээ бүүвэйлж байгаа мэтээр дуулахыг хүссэн. Заавал хэт уянгалуулж, хүчтэй дуул гэхээс илүүтэйгээр тэр л энгийн, дулаан мэдрэмжийг гаргахыг зорьсон минь тэр. Тиймээс аль болох дуугаараа дамжуулж, эх хүний сэтгэл, хүүхдээ бүүвэйлж буй тэр л энгийн, тайван байдлыг мэдрүүлэхийг хүссэн юм. Ө.Санчир эгч маань ч бидний хүссэн тэр мэдрэмжийг дуу хоолойгоороо маш сайхан илэрхийлж чадсан.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Зохиол бичих, шинэ санаагаа тэмдэглэх, ажлаа төлөвлөх, хийж буй ажлаа бусдадаа танилцуулах гээд бичиж, боловсруулах ажил ихтэй учраас Google Docs, Google Slides хоёрыг өдөр тутамдаа тогтмол ашигладаг.
Харин сүүлийн нэг жилийн хугацаанд Substack-ийг нэлээд тогтмол ашиглаж байна. Тэндээс анимэйшнтай холбоотой нийтлэл, мэдээлэл уншиж, шинэ зүйлс мэдэж авах дуртай болсон шүү.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Нэгдүгээрт, хийж байгаа ажлаа маш сайн ойлгосон байх. Хоёрдугаарт, хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээ нэг ойлголттой байх юм. Өөрөөр хэлбэл, ажлаа эхлэхээсээ өмнө юу хийх гэж байгаа, ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа тодорхой мэддэг байх хэрэгтэй. Мөн энэ талаараа багийнхантайгаа сайн ярилцаж, хүн бүр юу хийхээ ойлгосон байх нь чухал. Эхнээс нь ойлголцож чадвал ажлын явцад буруу ойлголцох, нэг зүйлээ дахин дахин тайлбарлах, хийсэн ажлаа олон удаа засах шаардлага бага гарна. Тиймээс аливаа ажлыг хурдан дуусгах гэж яарахаас илүүтэй эхлээд ажлаа зөв ойлгож, бусадтайгаа сайн ойлголцох нь миний хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Манай студийн хувьд хийгдэж байгаа бүхий л ажлууд маань анимэйшн төслүүд байдаг учраас зохиол, үндсэн санаа, концепцоо ярилцахаас эхлээд ажлаа төлөвлөдөг. Анимэйшн бүтээх үйл явц ерөнхийдөө продакшны өмнөх бэлтгэл, үндсэн продакшн, пост продакшн гэсэн гурван үе шаттай. Тиймээс үе шат бүрд хэн ямар ажил хийх, хэрхэн хариуцахаа урьдчилан тохирдог юм.
Гэхдээ яг төлөвлөгөөний дагуу явна гэж бараг л байхгүй дээ. Тухайн үеийн нөхцөл байдлаасаа хамаараад байнга өөрчлөгддөг. Шинэ төсөл гарч ирвэл түүнийгээ ярилцаад, өмнөх төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулна. Мөн төслөө хийж байх явцад янз бүрийн асуудал гарна. Тухайлбал, зураач ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болох, эсвэл бидний хүссэн зураглал, дүрслэл гарахгүй байх тохиолдол бий. Ийм үед ажлын хуваарь, хугацаагаа дахин ярилцаж, асуудлыг хэрхэн шийдэхээ багийнхантайгаа ярилцдаг юм. Тиймээс төлөвлөгөөтэй ажиллахын сацуу нөхцөл байдалд тохирсон өөрчлөлт хийдэг байх нь чухал юм билээ.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Мэдээж хэрэг, эрч хүчээ сэлбэдэг хамгийн том эх үүсвэр маань гэр бүл минь. Өдөр тутмын ажил, амьдралын завгүй хэмнэл дунд хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх нь сайн амралт болдог. Хүүхдүүдийнхээ өсөж торниж байгааг харах, тэдэнтэйгээ тоглож, ярилцах гээд л энгийн мөчүүдээс ч их эрч хүч авдаг.
Мөн зав гарвал хөгжим сонсох дуртай. Ялангуяа машиндаа ганцаараа явж байхдаа хөгжим сонсохоор толгой сэргэж, өдөр тутмын ажлаасаа түр ч болов хөндийрч, өөртөө цаг гаргаж байгаа мэт санагддаг. Би ихэвчлэн таалагдсан уран бүтээлчийнхээ цомгийг бүтнээр нь сонсохыг эрмэлздэг юм. Тэгэхдээ өмнөх дуунуудтай нь харьцуулж, уран бүтээл нь хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарах сонирхолтой.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Сүүлийн үед Монголын домог, ардын үлгэрүүдийг илүү гүнзгий судлахад их анхаарч байгаа. Монгол ардын үлгэр гэдэг өөрөө асар баялаг агуулгатай шүү дээ. Үлгэрт гардаг дүрүүдийн бодол, үйлдэл, тэдний цаана ямар үзэл санаа, философи нуугдаж байгааг ойлгохыг хүсэж байна. Тиймээс үлгэрүүдийг бага багаар уншиж, танилцан, утга санааг нь судалж байгаа юм. Цаашдын уран бүтээлүүдээ ч Монголын домог, үлгэрээс сэдэвлэн хийхээр төлөвлөж байгаа учраас энэ чиглэлд одоогоор илүү төвлөрч ажиллаж байна.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Дэлхийн хэмжээний анимэйшн фестивальд оролцоод, энэ салбарт ажилладаг олон уран бүтээлчтэй танилцахдаа би нэг зүйлийг анзаарсан юм. Тэдний дунд бага насныхаа мөрөөдөл, сониуч зан, аливаа зүйлийг хүүхэд шиг баярлан хүлээж авдаг чанараа одоо хүртэл хадгалж яваа хүмүүс олон байдаг юм билээ. Мэдээж тэд насанд хүрсэн, амьдралын туршлагатай, үзэл бодолтой хүмүүс. Гэхдээ аливаа зүйлд хандахдаа хүүхэд шиг гэнэн цайлган, баяр хөөртэй байж чаддаг нь надад их гэгээлэг, сайхан санагдсан. Энэ нь магадгүй анимэйшны салбарт ажиллахын нэг сайхан тал байх.
Анимэйшны салбарт тулгарч байгаа хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь хүний нөөцийн асуудал. Өөрөөр хэлбэл, энэ салбарт ажиллах чадвартай, сайн бэлтгэгдсэн уран бүтээлч хэр олон байна вэ гэдэг чухал. Харин дараагийн асуудал нь тэдгээр уран бүтээлчдийн хийж байгаа бүтээлийг дэмжих сонирхолтой байгууллага, компани хэр олон байгаа вэ гэдэг юм.
Анимэйшн хийхэд маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдаг. Жишээлбэл, ганцхан хүн таван минутын анимэйшн хийхэд хэдэн сараас хагас жил хүртэл хугацаа зарцуулж болно. Энэ хугацаанд тухайн хүн ажиллаж, амьдралаа авч явахын тулд цалин хөлс авах шаардлагатай. Тиймээс ийм хэмжээний хугацаа, хөдөлмөр шаардсан бүтээлийг санхүүжүүлж, уран бүтээлчдийг тогтвортой ажиллуулах боломжтой дэмжигч хэр олон байна вэ гэдэг том асуудал болж байгаа юм. Бидэнд ч мөн адил энэ асуудал тулгарсан. Харин бидний төслийн зорилго, агуулгыг ойлгож, дэмжин хамтран ажиллах байгууллага олдсон нь баярлууштай хэрэг болсон. Энэхүү ташрамд бидний уран бүтээлийг өнөөг хүртэл дэмжиж, хамтран ажиллаж ирсэн Icemark-ийн хамт олондоо талархал илэрхийлье.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоогийн байдлаар бид “Цасхан” анимэйшн дээрээ төвлөрөн ажиллаж байна. Анимэйшны маань үндсэн бүтээл дууссан ч бидний тавьсан зорилго хараахан биелээгүй байгаа. Одоо олон улсын фестивалиудад оролцуулах, гадаадын продюсертой хамтран ажиллах зэрэг дараагийн алхмуудаа төлөвлөж, бага багаар хэрэгжүүлэхээр зэхээд байна.
Мөн Европын орнуудаас санхүүжилт авах боломжийг судалж байгаа. Үүнээс гадна “Цасхан”-аа театрт үзүүлэх боломжтой форматад оруулах ажилд анхаарч эхэлсэн. Тиймээс бүтээлээ олон улсын үзэгчдэд хүргэх, цаашид хэрхэн зөв түгээх вэ гэдэгт голлон төвлөрч ажиллаж байна даа.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Анимэйшн гэдэг үг өөрөө “амь оруулах” гэсэн утгатай. Тиймээс аниматор хүний ажил бол зүгээр нэг зүйлийг хөдөлгөх биш, харин түүнд амь оруулж, өөрийн гэсэн зан чанар, онцлогтой дүр бүтээх юм. Жишээ нь, “Гоо үзэсгэлэн ба араатан” хүүхэлдэйн киног төсөөлье л дөө. Тухайн киноны цаг, лааны суурь хоёр хоёулаа амьгүй эд зүйл боловч өөр өөрийн гэсэн зан чанар, хөдөлгөөнтэй. Нэг нь цаг баримталдаг хахир зан чанартай бол, нөгөө нь овжин, сэргэлэн ааштай. Өөрөөр хэлбэл, аниматор тухайн дүрд зан чанар өгч, амьд мэт мэдрэмж төрүүлж байгаа юм. Энэ бол аниматор хүний хамгийн чухал ур чадварын нэг.
Ийм дүр бүтээхийн тулд аниматор хүн үргэлж суралцдаг хүн байх хэрэгтэй. Зөвхөн зураг зурах чадвартай байхаас гадна физик, математикийн мэдлэгтэй, хүний сэтгэл зүйг ойлгодог, цаг хугацаа, хөдөлгөөний хэмнэлийг мэдэрдэг байх шаардлагатай. Мөн тухайн дүр ямар биет вэ, хатуу юу, зөөлөн үү, ямар жинтэй мэт харагдах вэ гэдгийг ойлгож, хөдөлгөөнөөр нь илэрхийлж чаддаг байх нь чухал. Тиймээс би шинэ зүйл туршиж, мэдэхгүй зүйлээ судалж, өөрийн ажигласан зүйлсээ уран бүтээлдээ ашиглахыг хичээдэг юм.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

“Цасхан” анимэйшнаа хийхдээ хоёр дууг байнга сонсдог байсан юм. Нэг нь Японы “Wolf Children” гээд анимийн төгсгөлд гардаг “Ookami Kodomo no Ame to Yuki OST” гэх дуу. Энэ дууг сонсохоор яг л ээж нь хүүхдээ бүүвэйлж байгаа юм шиг их зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Тиймээс “Цасхан”-ы төгсгөлийн хэсгийг бичихдээ бидний хүссэн дуу хараахан гараагүй байсан учраас энэ дууг дахин дахин сонссон.
Харин хоёр дахь дуу нь Daniel Powter-ийн “Free Loop”. Уг дууны клипэнд төгөлдөр хууртай болохыг мөрөөдөж, дэлгүүрийн гадаа зогсож буй хэсэг дүрслэгддэг юм. Тэр нь миний сэтгэлд их тод үлдсэн дээ. Тэрхүү дүр зургийг “Цасхан”-ы зохиолд ч тусгахыг хүссэн учраас зохиол дээрээ ажиллах хугацаандаа энэ дууг маш олон удаа сонссон. Тиймээс эдгээр дууг нэг удаа ч болов сонсоод үзээрэй.
Кино гэвэл өнгөрсөн жил нээлтээ хийж байсан “Little Amélie or the Character of Rain” бүтээлийг санал болгоё. Хүүхдийн гэнэн цайлган зан, аливаа зүйлийг харах өвөрмөц өнцгийг маш гоё харуулсан бүтээл. Тиймээс үзэж байхдаа өөрийн эрхгүй хүүхэд нас руугаа буцаж, багадаа юм бүхнийг хэрхэн сониучирхан харж, өөр өөрийнхөөрөө төсөөлдөг байснаа эргэн санах болов уу.
Харин номын тухайд “Бүтээлч үйл: Оршихуйн ухаан” гэх номыг санал болгомоор байна. Энэхүү номд урлаг гэж юу болох, бүтээлч байна гэдэг ямар утгатай, хүний бүтээлч сэтгэлгээ хаанаас бий болдог талаар дэлгэрэнгүй бичсэн. Ялангуяа хүн яагаад бүтээл туурвидаг, бүтээлч байхын цаана ямар утга учир байдаг талаар маш сонирхолтой тайлбарласан учир бүтээлч сэтгэлгээ, уран бүтээлийн тухай илүү ихийг ойлгохыг хүсдэг хүмүүс нь илүү сонирхох байх.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Энэ хугацаанд олон хүнээс үнэтэй зөвлөгөө авч байсан. Тэдгээр нь миний амьдрал, ажил мэргэжилд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн л дөө. Харин хамгийн их сэтгэлд үлдэж, олон жилийн турш надад урам зориг өгсөн нэг зүйл бол есдүгээр ангид байхдаа үзсэн “Meet the Robinsons” анимэйшны “Keep moving forward” буюу “Зөвхөн урагшаа тэмүүл” гэсэн үг.
Энэ үг надад их утга учиртай санагддаг. Алдаа гаргасан ч түүнээсээ суралцаад, шантралгүй урагшлах хэрэгтэй гэсэн санаа шүү дээ. Би ч бас ажил, амьдралдаа хэцүү зүйлтэй тулгарах үедээ энэ үгийг өөртөө сануулж, нэгэнт зорьсон зүйлээ орхилгүй үргэлжлүүлэхийг хичээдэг. Өнөөдрийг хүртэл олон жил намайг дагаж ирсэн, хүнд үед ч урагшлах хүч өгдөг үг гэж хэлж болно.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Анимэйшн хийнэ гэдэг зүгээр л зураг зураад хөдөлгөөнд оруулчихдаг ажил биш шүү дээ. Тухайн зургийг дан ганц хөдөлгөөнтэй болгохоос гадна яг л амьд мэт мэдрэмж төрүүлнэ гэдэг их ажиллагаатай. Таны бараг анзаараагүй өнгөрүүлсэн хэдхэн секунд дүрсийг бүтээх гэж хэдэн өдөр, сарыг ч зарцуулах нь бий. Тиймээс анимэйшны салбарыг өнгөцхөн дүгнэх гээд байдаг хүмүүст хандаж хэлэхэд тэр богинохон дүрс бүрийн цаана олон хүний ур чадвар, хичээл зүтгэл, асар их цаг хугацаа, хөдөлмөр шингэсэн байдгийг ойлгож, үнэлээсэй гэж хүсэж байна.
Мэдээж шинэ технологи, хиймэл оюун хөгжихийн хэрээр ажлыг илүү хялбар, хурдан хийх боломж нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Уг нь технологийн хөгжлийн гол зорилгуудын нэг нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх шүү дээ. Гэхдээ энэ бүхний үр дүнд хүмүүсийн амьдралын хэв маяг улам л хурдтай болоод байгаа юм шиг санагдсан. Хиймэл оюун, шинэ технологиуд цаашдаа улам хөгжиж, илүү боловсронгуй болох нь тодорхой. Харин бид тэр бүхнийг өнөөдөр, маргааш амжуулах гэж өөрсдийгөө хэт их шахахын оронд хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, ажлаа чанартай хийж, амьдралаа ч бас тайван авч явж сурах хэрэгтэй байх.
Эцэст нь залуу уран бүтээлчдэдээ хандан хэлэхэд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилготой болсон бол түүндээ үнэнч байж, тууштай урагшлаарай. Алдаа гаргаж, бүтэлгүйтсэн ч шантралгүй үргэлжлүүлээд байгаарай. Өөртөө итгээрэй.
Keep moving forward!
Сэтгэгдэл бичих

