Энэ удаагийн ярилцлагын зочид “Миний хөрш Тоторо”-гоос эхлээд Марвелийн супер баатруудын ертөнцөөр хүртэл сонгодог хөгжмийг хөлөглөн аялах боломжтойг та бидэнд таниулсан Fantasia Studio-ийн хамт олон юм.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш улирал бүр адал явдалт, уран зөгнөлт, ид шидийн гээд төрөл бүрийн өнгө аяс, урсгалын уран бүтээлийг тайзнаа амилуулж, сонирхол нэгт үзэгчдийг сонгодог урлагийн дээвэр дор цуглуулсаар тэд гурван жилийг үдэж, 11 тоглолтын ард гараад буй.
Ингээд тэдний ажилладаг салбар, эзэмшсэн мэргэжлийн онцлог болоод Fantasia Studio-г үүсгэн байгуулах болсон сэдэлтэй танилцацгаая.

1. Танай байгууллагын замналаас бид юу юуг мэдэх ёстой вэ?
Манайх 2022 оны есдүгээр сард хийсэн анхны тоглолтоос хойш улирал тутам нэг тоглолт зохион байгуулсаар өдгөө 11 тоглолтын ард гараад байна. Энэ хугацаанд 23,000 гаруй үзэгч, 150 гаруй уран бүтээлч болон арын албаны багийнхныг хамарсан үйл ажиллагааг явуулжээ. Сонгодог хөгжим бусад хөгжмийн төрлүүдээс ялгарах ондоошил арвинтай ч манай улсад төдийлөн өндрөөр үнэлэгддэггүй тал ажиглагддаг. Миний хувьд хийлчээр суралцаж төгссөн учир салбарынхаа сул талыг илүү ойроос анзаарах нөхцөл бүрдсэн.
Иймд Fantasia-аар дамжуулан commercial буюу нийтийг хамарсан, нэг ёсондоо байлдан дагуулсан уран бүтээлүүдийг сонгодог хөгжмөөр сонордуулж, тус зах зээлийг тэлэх сэдэл анх бий болсон. Анхандаа үзэгчид өөрсдийн дуртай уран бүтээлийг амьдаар шимтэн сонордох гэж сонгодог хөгжмийн тоглолтыг зорих ч аажим аажмаар энэ урлагт дурлаж, академик түвшний бүтээлүүдийг ч сонирхоход нь түлхэц болох нь бидний гол зорилго. Манай тоглолтууд цөм оркестрын бүтэц, хөгжмийн зэмсгээр тоглогддог ба Fantasia-г үзэж буй үзэгчид хэсэгхэн зуур ч гэсэн өөрсдийн дурсамж, мэдрэмжээр аялах үнэ цэнтэй үдшийг өнгөрүүлээсэй хэмээн хүсдэг.
Ташрамд дурдахад, манай уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Филармони, Дуурь бүжгийн эрдмийн театр, Хөгжим Бүжгийн Коллеж, Fat Cat Жазз Клуб болон Баянмонгол чуулгын төлөөллүүд багтдаг.

2. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Өглөөг оюутнууддаа хичээлээ зааж эхлүүлдэг. Мэдээж хичээл эхлэхийн өмнө гараа халааж, хөгжим тоглох бэлтгэлээ хангаад авна. Учир нь хичээлийн турш дан ганц зааварчилгаа өгөхөөс илүүтэй өөрөө хөгжмөө тоглож, оюутнууд илүү ойроос суралцах боломжийг олгох нь чухал. Тэд маань ч энэ явцад өөрсдийн арга барилаа улам төгөлдөржүүлээсэй гэж хүсдэг хэрэг. Хичээл дууссаны дараа ойролцоогоор 16:00 - 21:00 хүртэл хувийн сургуулилтаа хийнэ.

3. Таны ажлын нөү-хау?
Аль ч салбарын мэргэжлийг бүрэн мэргэшихэд суурь мэдлэг, ур чадвар чухал байр суурь эзэлдэг болов уу. Ялангуяа хөгжмийн найруулагчийн хувьд энэ тал дээр ихээхэн ач холбогдол өгдөг.
Мөн зөв төлөвлөлт хийхээ мартаж болохгүй. Манай тоглолтууд улирал тутам зохион байгуулагддаг, тоглолт тус бүрд дор хаяж нэг сарыг бүтэн зориулдаг. Тэрнээс өмнө хувьсгалын ажлуудаа нэг бүрчлэн зураглахад анхаарал хандуулна. Бид Fantasia Studio-г эхлүүлэхдээ өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө илүүтэй хөглөгдөж, тоглох уран бүтээлүүдээ сонгодог байсан ч аажимдаа үзэгчдээ сайтар мэдэрч, ямар бүтээл хэрэгтэй байгааг нь ойлгоход ач холбогдол өгөх болсон.
Харин практик талаас программ дээр сайн ажиллах, тодорхой хэмжээний софтвэйр мэдлэгтэй байх зэрэг нь хөгжим бичих, ая зохиоход хэрэг болдог. Үүний тулд сайтар хөгжим сонсох хэрэгтэй.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Тоног төхөөрөмжийн тухайд чанартай чихэвч, спикер нэн чухал. Учир нь найруулагч бидэнд зохиолыг албан ёсны ноотноос нь буулган хөрвүүлэх шаардлага их гардаг. Наана сонсогдох аялгуунаас гадна хөгжимд хөдөлгөөн, гармонийн чухал үүрэг гүйцэтгэдэг бүрдэл хэсгүүдийг сайтар анзаарч сонсох нь чухал. Харин апп гэвэл YouTubе-ийг хамгийн их ашигладаг.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Цаг хэмнэхийн тулд их алхдаг. Ер нь хувийн зохион байгуулалт чухал. Ажлыг хэт тулгахаас урьтаж, үе шаталсан төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэх үү дээ.
Сурагчид ч хөгжим давтах цагаа илүү үр бүтээлтэй ашиглахын тулд өөрийн сайжруулах хэрэгтэй ур чадваруудыг системтэйгээр “зүлгэж”, бэлтгэл сургуулилтын төлөвлөгөөгөө урт хугацаанд гаргах хэрэгтэй санагддаг.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Академик түвшний чадвар шаардсан зохиол дээр ажиллах санал хүлээн авахад тухайн тоглолтын зохион байгуулагч нь дор хаяж нэг сарын өмнө мэдэгддэг. Тухайн хугацаандаа хийх ажлаа тэнцвэртэйгээр хуваарилж, дасгал сургуулилтын төлөвлөгөөгөө долоо, долоо хоногоор гаргана. Ингээд бэлтгэлийн сүүлийн хоёр долоо хоногийн турш тухайн зохиолоо тайзан дээр толилуулах бэлтгэлээ базаадаг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Юун түрүүнд бүтэн нойроо авч, бие махбодоо сайтар амраахыг чухалчилдаг. Үүнээс гадна хамт олноороо алдаа оноогоо эргэцүүлж, дараа дараагийн ажлаа сайтар төлөвлөх үйл явцыг нэг төрлийн эрч хүч сэлбэгч гэж үзэж болно.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг ажил/төсөл?
Миний бие Fantasia Studio-ийн хажуугаар prismobeats болон Aydu Records-д продюсероор ажилладаг. Одоогоор монгол өнгө аястайгаар электроник, жазз, хипхоп зэрэг урсгалын хөгжим хийж, ингэхдээ үе тэнгийн, шинэхэн уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Түүнчлэн, Born Retro гэх төслийн хүрээнд хуучны монгол дуунуудад өнөө цагийн урсгал, хэв маягийг шигтгэн найруулж, сонсогчдод дахин өөр хувилбараар хүргэхэд анхаарлаа хандуулж буй. Төслийн багаараа Volume 1 - Volume 3 хүртэл гурван цомог гаргачихсан, дараагийн цомог дээрээ ажиллаж байна.
9. Хийж буй ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Ажлын минь ерөнхий онцлог бол олон хүнийг нэгэн зүгт манлайлах явдал гэх байна. Ингэхдээ хөгжимчдийн мэдлэг боловсрол, ур зүй, техник болон бусад олон чухал чадварыг үргэлж хөгжүүлж, өндөр хэмжээнд барих томоохон үүргийг хүлээдэг. Хэрвээ удирдаач өөрөө мэргэжилдээ дурлаж, түүнийгээ сайтар эзэмшиж чадвал хамран ажиллаж байгаа хөгжимчдөө ч ажлаа аз жаргалтайгаар хийхэд нь түлхэц үзүүлэх хүчтэй, тэр чинээгээрээ хариуцлагатай ажил.
Мэдээж юунд ч сул тал бий. Миний хувьд олон хүнийг нэг баг болгон удирдахын тулд тодорхой ганц, хоёр хүнтэй илүү дотно нөхөрлөж, найзлах завшаан харьцангуй бага олддог. Тэр ч үүднээс удирдаачийн мэргэжил өөртэйгөө болон хөгжмийн нооттой ихэнх цагийг өнгөрүүлдэг, зарим тохиолдолд ганцаардмал мэргэжил. Мөн удирдаач хүн хөгжмийг шууд механикаар бүтээчихдэггүй. Харин биеийн хэлэмж, тэр дундаа нүүр, гарын хөдөлгөөнөөр дамжуулж уран бүтээлчдийг удирдан чиглүүлдэг нь мэргэжлийн минь бас нэгэн сонирхолтой тал гэж боддог.
11. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Ирэх сарын 27-нд хийгдэх тоглолт бол Fantasia төслийн маань хаалт. Бид анх төслөө Greatest Hit Concert Series нэр дор эхлүүлж байлаа. Иймдээ ч романтик, аниме, супер баатруудын гэхчлэн бүхий л өнгө аяс, урсгалыг хамрахыг хичээсэн. Гэвч 12 тоглолтын туршид ганц ч сэдэв, уран бүтээлийг давхцуулаагүйг онцлох байна. Манай тоглолт дунджаар хоёр цаг гаран үргэлжилдэг. Энэ нь ч үзэгчийн сонгодог урлагийн бүтээлд тэвчээртэйгээр анхаарлаа хандуулах сахилга батыг төлөвшүүлнэ гэж хардаг.
Хаалтын тоглолт маань M Bank Arena-д болох бөгөөд өмнө нь тоглогдож байсан театрын хувилбаруудтай харьцуулахад шинэ жилийн уур амьсгалыг шингээж, үзэгчид илүү чөлөөтэй, тухтай суух боломжийг бүрдүүлж буй. Мөн хүмүүсийн хамгийн хүлээлт өндөртэй зохиолуудыг шилэн “Best of Best” цуглуулгыг хүргэхээр бэлдэж байна.
11. та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?
Удирдаач хүний эн тэргүүний анхаарал ажиллаж буй бүтээлийнхээ ноот, бүтэц дээр төвлөрдөг. Мөн бүтээлийн нарийвчилсан судалгааг эртнээс хийж, өөрийн өнгө аясыг хамтатган баяжуулах хэрэгтэй. Чухам үүний дараа хөгжимчдийн хамт сургуулилт хийж эхэлдэг. Ер нь эдгээрийн аль ч үе шатад хөгжмийн нооттой маш ойр ажилладаг.
Тогтмол бэлтгэл сургуулилтаас гадна удирдаач хүний ерөнхий мэдлэг их чухал. Үүнд, хөгжмийн түүх судлал, төрөл бүрийн сэтгэл зүйн онцлог, суурь асуудлын тухай мэдлэг ч хамаарна. Иймд ажлынхаа хажуугаар ном унших, кино үзэх үедээ ч салбар салбарын мэдэгдэхүүнээ дээшлүүлэх гэж хичээдэг гэх үү дээ.
12. Санал болгох ном, кино, хөгжим?

Ном гэвэл, Олливиа Фокс Кабанын Харизм бүтээлийг санал болгоно. Ажил, амьдрал, карьер гээд амьдралын бүхий л талбарт хэрэг болох мэдлэгийг олж авсан. Мэдээж мэргэжлийн онцлогоор Монте Кристо Гүн тэргүүтэй сонгодог зохиолуудад онцгойлон анхаарал хандуулж, уншиж судалдаг. Харин орчин үеийн гэвэл, Харуки Муракамигийн бүтээлүүд таалагддаг.
Киноны хувьд, Квентин Тарантиногийн Inglourious Basterds киног онцолно.
Үүний зэрэгцээ Ламбугайн нулимс, Ж.Пуччинигийн дуурь зэрэг хүмүүсийн төдийлөн мэддэггүй бүтээлүүдийг хөгжмийн уран бүтээлд хамаатуулан санал болгох байна.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Өөрийн үнэ бүтээж чадах газартаа байхын чухлыг багшийн маань захиаснууд ойр ойрхон сануулдаг. Иймд хэрэгтэй газартаа чадах юмаараа хувь нэмэр оруулахыг чухалчилдаг.
14. Бусдад шидэх санаа?
Манай улсад мэргэжлийн хөгжмийн урлаг, тэр дундаа ардын урлаг далайцтай хөгжиж байгааг харахад сэтгэл хангалуун байдаг. Гэсэн ч хажуугаар нь сонгодог хөгжмийн боловсрол, хүртээмжид илүү их анхаарал хандуулаасай гэж хүсдэг. Энэ урсгал дэлхий дахинаа зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нь ч санамсаргүй явдал биш. Монголчууд маань ч олон улсад мэргэжлийн урлагийн байр сууриа таниулъя гэвэл сонгодог хөгжмийн салбараа дэмжиж, энэ талын мэдлэгээ арвижуулж, зузаатгасаар байх хэрэгтэй. Мөн аливаа сонгодог уран бүтээлээс оюуны таашаал авах гэж театрт хүрэлцэн ирэхдээ тус бүтээлийн талаар суурь судалгаа хийж, соёлч боловсон байдлыг дадал болгон хэвшүүлээрэй хэмээн үзэгчдэдээ хандаж хэлэх байна.
Хөгжийн урлаг гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй ч чихээр дамжин, оюунд тунгаагдах замаар хэн бүхэнд дахин давтагдашгүй мэдрэмжийг өгөх увдистай учир ирээдүйд энэ салбарын зах зээл улам өргөжиж, хүртээмж нь нэмэгдээсэй гэж хүсдэг.


Сэтгэгдэл бичих

