Манай улс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-д гишүүнээр элсээд хэдийнээ 18 дахь жилтэйгээ золгож буй. Энэ хугацаанд тэд орон нутгийн гамшгийн үеийн бэлэн байдлыг дэмжихээс эхлээд эх орондоо эргэн суурьшигчдад буцалтгүй цогц туслалцаа үзүүлэх хүртэл дотоод, гадаадын шилжилт хөдөлгөөний үй олон асуудлыг гардан ажилласаар иржээ. Ээлжит дугаартаа бид эл байгууллагын төлөөллийг урьж, ажил мэргэжлийн замнал, салбарын онцлог, сорилт гээд олон сонирхолтой сэдвийг дэлгэснийг хүлээн авна уу.


1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Дунд ангид байхдаа нэгэн сэтгэцийн эмгэгтэй хүний тухай өгүүлдэг киног үзсэн нь их сэтгэгдэл төрүүлж, нэг хэсэгтээ сэтгэцийн эмч болохыг хүсдэг байв. Кинонд өвчтэй дүүдээ туслахын тулд ах нь сэтгэцийн эмч болж, асуудлыг нь ойлгож шийдэхийг хичээж байгаа тухай гардаг юм. Түүнийг үзээд л хүмүүст тусалдаг ажил хийх хүсэл төрсөн санагддаг.
Харин ахлах сургуульдаа Руандагийн геноцидын тухай сонссон нь сонирхлыг минь арай өөр чигт хөтөлсөн. Дайн гэдэг ихэвчлэн улс орнуудын хооронд болдог зүйл хэмээн ойлгож өссөн надад нэг улсын иргэд хоорондоо мөргөлдөж буй нь их гайхширал төрүүлж билээ. Тэр үеэс хүний эрх, шударга ёсны асуудлыг сонирхож, хүний эрхийн чиглэлээр явна гэж шийдсэн.
Ингээд их сургуульд хүний эрх, олон улсын эрх зүйгээр суралцаж, үргэлжлүүлэн Шотланд Улсад боловсрол эзэмшээд өөр өөр улс, бүс нутгийн эрх зүйн тогтолцоо, нийгмийн нөхцөл байдлыг ойлгох боломж арвин олдсон юм. Төгсөөд хүний эрхийн хамгааллаар Индонези Улсад ажилласан нь хилийн чанад дахь хүний эрхийн асуудлыг дэргэдээс нь харж, ойлгох завдал болсон санагддаг. Цаг хугацаа өнгөрөх тусам нэг зүйлийг улам илүү ойлгосон нь энх тайван, тогтвортой байдалгүйгээр хүний эрхийг хамгаалах ажил маш хүндрэлтэй болдог явдал. Ийнхүү миний анхаарал аажмаар мөргөлдөөний дараах сэргээн босголт, энх тайвныг бэхжүүлэх чиглэл рүү шилжсэн хэрэг.
Хожим нь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад ажиллах болж, зэвсэг хураах болон хуучин зэвсэгт мөргөлдөөний хохирогчдыг хамгаалах хөтөлбөрүүдэд ажиллаж эхэлсэн. Мөн Чад, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Танзани, Кени гээд Африкийн хэд хэдэн улсад ч томилогдон ажиллаад амжив. Энэ хугацаанд “Хүмүүс яагаад шилждэг вэ?” гэдэг асуултад олон өөр өнцгөөс хариулах боломж тохиосон. Монголд ирээд хүмүүсийн шилжилт хөдөлгөөн үргэлж хямрал, мөргөлдөөнөөс үүддэггүй, зарим тохиолдолд соёл, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой байдгийг дахин сайтар ойлгосоор байна.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө 9 цагт оффис дээрээ ирээд төвлөрч суух ажлууддаа цаг гаргана. Ажлын онцлогоос шалтгаалж олон хүнтэй харилцах шаардлагатай болдог тул энэ цагийг ямар нэг сатааралгүй, чанартай өнгөрүүлэхийг хичээдэг юм. Ер нь хийх ажлаа өмнөх өдөр нь дэвтэр дээр тэмдэглэж, тэр төлөвлөгөөгөө нягт дагаж ажиллахгүй бол шууд цахим шуудан шалгаж эхлэхээр анхаарлаа амархан тарамдаж, бүтээмж буурчихдаг талтай. Цайны цагаар хэсэгхэн ч болов нарлаж, орчноо сэлгэдэг. Үдээс хойш уулзалт, арга хэмжээнд оролцож зураг авах, хэвлэлийн мэдээ боловсруулах гэхчлэн ажлуудаа хийнэ. Миний бие ажил үүргийн хувьд байгууллагадаа ганцаар учир нэг дор өөр төсөл хөтөлбөрт орж ажиллах, хөрвөх чадварт суралцаж байгаа. Одоогоор “Монгол Диаспора” төсөл буюу хилийн чанад дахь монголчуудыг эх орондоо эргэн ирэхийг дэмжих төсөлд гол анхаарлаа хандуулж байна. Дөнгөж эхэлж буй төсөл учраас өнгөрсөн хоёр сарын хугацаанд төслөө олон нийтэд таниулах, хамтрагч байгууллагууд, зорилтот бүлэгтээ хүрч ажиллах олон ажил зэрэг хөвөрсөн. Мөн гадаадад сурч буй оюутнуудад зориулсан дадлагын хөтөлбөр ид дундаа буцалж, удахгүй хилийн чанадад ажиллаж амьдарч буй ур чадвартай мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр маань эхлэх гэж байгаа учир ажлын нэг өдөр даруй шувтарч орхидог юм. Өдрийн эцэст харин дуртай хөгжмөө сонсоод алхаж харьдаг даа.
3. Таны ажлын нөү хау?

Би тав гаруй жил өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн суурьших хүсэлтэй иргэдэд туслах хөтөлбөр дээр ажиллаж байна. Манай улсад 2011 оноос хойш хэрэгжиж байгаа уг хөтөлбөр нь хилийн чанадад эрүүл мэнд, эдийн засаг, бичиг баримтын асуудлаар хүнд нөхцөлд орсон иргэдээ аюулгүй, эмх цэгцтэй, нэр төртэйгөөр эх орондоо эргэн ирэхэд нь нийгэм эдийн засгийн болон сэтгэл зүйн цогц бөгөөд буцалтгүй туслалцаа үзүүлэх гол зорилготой.
Өдөр тутам шинэ хүмүүстэй уулзан нөхцөл байдалтай нь танилцаж, эх Монголдоо эргэн сууршихад ямар дэмжлэг шаардлагатай байгааг тодруулж мэдэх, сайтар ойлголцох хэрэг гардаг учир харилцааг нэн тэргүүнд тавьдаг. Хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гээд төрөл бүрийн нөхцөлд буй хүнтэй ойроос ажиллаж, бодитой туслалцаа үзүүлэхийн тулд эмпатитай, зарим тохиолдолд тэвчээртэйгээр зөв асуултуудыг асууж, чиглүүлэг өгөх нь ажлын маань гол зарчим. Өдгөө төслийн хүрээнд 10,000 гаруй иргэнд хүрч ажиллажээ.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Outlook Calendar-аар өдрөө төлөвлөдөг. Сүүлийн үед Copilot-ийн хиймэл оюуны агентын тусламжтай ажлаа нэлээд хөнгөвчилж байгаа.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Хүний бүтээмж, төвлөрөл өдрийн турш хэлбэлздэгтэй уялдуулж хамгийн их аналитик сэтгэлгээ, дүн шинжилгээ шаардсан ажлуудыг өглөө хийдэг. Харин харьцангуй бага “толгой ажиллуулсан” ажлуудаа үдээс хойш төлөвлөдөг. Ер нь энэ зүй тогтлоосоо хазайчихвал ажлууд хавь илүү цаг авдаг тул тууштай мөрдөхийг хичээдэг юм. Мөн томоохон ажлуудыг жижиг үе хэсгүүдэд хуваах тус болдог.
Жишээлбэл, ихэнх хүний хувьд ажлын явцад багийн аль нэг гишүүн юм асуух, тусламж хүсэх үед бодох юмгүй туслах тохиолдол олон шүү дээ. Гэхдээ энэ нь ажлын урсгалыг саатуулж, анхаарал сарниулах үе бишгүй бий. Тиймээс би хийх ажлаа тодорхой хугацааны блокуудад хуваадаг. Бүр 15 минутаар ч “хэсэгчлэх” үе бий. Тухайн 15 минутын хугацаанд ямар үр дүн гаргах вэ гэдгээ тодорхойлж, эхлүүлсэн хэсгээ заавал дуусгахыг зорьдог. Хүмүүс ч ихэнх үед тусламж хүсэн ирэхдээ 15 минут хүлээх боломжтой байдаг тул энэ хугацаа төдийлөн асуудал болохгүй.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

ОУШХБ-ын Солонгосын виз мэдүүлгийн төв нь 2020 онд Солонгосын засгийн газрын хүсэлтээр байгуулагдаж байсан. Ийнхүү өнөөг хүртэл 600,000 гаруй хүнд виз мэдүүлгийн зөвлөгөө, үйл явцыг нь хялбарчлах зэрэг үйлчилгээг үзүүлсэн байна. Миний бие энэхүү төвд 2022 оноос хойш Ахлах ажилтнаар ажиллаж буй.
Бидний ажлын чиглэл нь Тогтвортой хөгжлийн зорилгууд, ялангуяа 10.7-р зорилготой аюулгүй, эмх цэгцтэй, хууль ёсны шилжилт хөдөлгөөнийг дэмжих хүрээнд уялддаг. Манай улсын иргэдийн Солонгосын виз мэдүүлэг их өндөр, өдөрт 500-600 материал хүлээн авч, боловсруулдаг. Мөн хоёр улсын хооронд ажиллах хүчин илгээх хамтын ажиллагааны дагуу ажиллах хүчний виз мэдүүлж буй хүмүүст хялбарчилсан визний үйлчилгээ үзүүлэхээр хамтран ажиллаж байна.
Өргөн цар хүрээ, оролцогч тал олонтой энэхүү ажлыг өдөр бүр өндөр давтамжтай, түргэн шуурхай гүйцэтгэхийн тулд баг дундаа нэг файл дээр зэрэг ажилладаг. Энэ нь гишүүдийн ажлыг цаг тухай бүрд хянах, илүү шуурхай, ил тод, уялдаа холбоотой ажиллахад тус болдог. Том зургаараа гэвэл үйл ажиллагааны схем маш эмх цэгцтэй байх чухал. Тиймээс ч багаараа өдөр, долоо хоног, сараар ажлаа төлөвлөж, үүрэг хуваарилалтаа хийдэг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Улаанбаатар хотод зохион байгуулагддаг кино фестивалуудад алгасахгүй очихыг хичээдэг. Сүүлд Алтан Өргөө фестивальд очиж сонирхолтой богино хэмжээний кинонууд үзсэн. Мөн Анхны алхам нэртэй богино кино зохиол бичих лабт шалгарч дотоод гадны мэргэжилтнүүдээс хичээл аваад амжсан. Өмнө нь ажилладаг байсан газартаа ч богино хэмжээний өгүүлэмж бүхий контент идэвхтэй хийдэг байсан юм. Ер нь creative writing-д ихээхэн сонирхолтой. Хийж буй ажлаараа ч сонирхолтойгоо холбогддог нь сайхан. Тухайлбал, би өнгөрсөн долоо хоногт COP17-г утгаж Хангайн бүсийн нутгуудаар малчдын аж байдалтай танилцаад, түүгээр богино хэмжээний баримтат киноны зураг авалт хийгээд, бичвэр бичээд ирсэн. Оффисын орчноос салаад малчдын амьдралтай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар сонсох боломж олдсонд маш их олзуурхсан. Зөвхөн кино ч гэлтгүй Улаанбаатард зохион байгуулагддаг шинэ содон арга хэмжээнүүдэд очиж, хүмүүстэй танилцаж эрч хүчээ сэлбэдэг дээ. Тэгэхгүй бол хүн хайрцагт орж, баригдмал сэтгэлгээтэй болоход их амархан санагддаг.
Мэдээж дуу хөгжимд хайртай, тоглолт, концертод элбэг явна. Сүүлд Гориллазын шинэ гарсан цомгийн сонссон юм байна. Мөн сахарын цөлийн Туарег, этиоп жазз, африк хэмнэл гээд төрөл бүрийн үндэстний дуу хөгжим сонирхож сонсдог. Кино үзэх завдал олдохгүй үедээ хөгжмөөс эрч хүчээ сэлбэдэг гэхэд болно.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Пак Дон Ён, Төсөл хөгжүүлэлт, тайлан хариуцсан мэргэжилтэн:
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас гэр хорооллын бүсэд сайн дураар солонгос хэл зааж эхэлсэн. Хааяа зургийн хичээл ч ордог юм. Монголд байх хугацаандаа албан ажлаа сайн хийхээр зогсохгүй нийгэмдээ ч ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулахыг хүсэж байгаа.
Өөр нэг сонирхол бий нь арьс ширэн урлал. Одоогоор гэрийн нөхцөлд түрийвч, дэвтрийн хавтас, картын гэр зэрэг жижиг сажиг зүйлсийг хийгээд байгаа. Энд ирэхдээ ч хамгийн их хүлээлттэй байсан зүйлсийн нэг нь үндэсний арьс ширний салбар. Монголын арьс ширний чанар үнэхээр сайн ч олон улсын хэмжээнд, тэр дундаа эцсийн хэрэглээний бүтээгдэхүүнээр хангалттай танигдаагүй мэт санагддаг. Тиймээс Монгол арьс ширэн бүтээгдэхүүн, салбарын онцлогийг наанадаж Солонгос дахь найз нөхөд, гэр бүлийнхэндээ таниулахыг хүсдэг дээ.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг болон сорилттой талууд?

Ажлын маань хамгийн сонирхолтой хэсэг бол газар газрын хүмүүстэй ойроос ажиллах боломж. Аль ч улсад ажилласан тухайн газрын хүмүүс хэрхэн амьдарч байна, ямар сорилт, ямар бэрхшээлтэй тулгарч байна гэдгийг өөрийн нүдээр харахыг хичээдэг. Тиймээс томилолтоор явахдаа зөвхөн нийслэл хотууд гэлтгүй бусад алслагдсан бүс нутгуудыг зорих дуртай. Миний бие төрөлх Гана улсдаа шилжилт хөдөлгөөн, хөгжлийн бодлогын чиглэлээр ажиллаж байсан. Дараа нь Зимбаб, Нигери улсуудад томилогдож, шилжилт хөдөлгөөний бодлого, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн, хүний наймааны хохирогчдыг хамгаалах тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байв. Тухайн үед бид хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэр бүл, орон нутгийн хамгаалалтад эргэн хүлээлгэж өгдөг байлаа. Саяхан тэр хүүхдүүдийн нэг нь их сургуулиа төгсөж, багш болсон тухай мэдээг сонсоод маш их баярласан. Хийж буй ажлын маань хамгийн нандин хэсгүүд энэ мэт бодит нөлөөлөл, үр дүнгүүд.
Олон улсын байгууллагын ажил ихэвчлэн засгийн газар, орон нутгийн байгууллагууд болон бусад түншүүдтэй хамтран хэрэгждэг учраас нийтлэг зорилгоо тодорхойлж, тогтмол харилцан ойлголцох чухал. Одоогоор төсөл, үйл ажиллагааны санхүүжилт татах ажилд гол анхаарлаа хандуулж байна. Сүүлийн жилүүдэд олон улсын байгуулла, хүмүүнлэгийн үйл ажиллагааны санхүүжилтийн схем өөрчлөгдөж, хөрөнгө оруулалт буурч байгаа учир шинэ түншүүдтэй холбоо тогтоож, үр дүнтэй хамтын ажиллагаа эхлүүлэх харьцангуй сорилттой болсон. Үүний зэрэгцээ Монгол Улсад шилжилт хөдөлгөөний засаглалыг бэхжүүлэх, НҮБ-ын шилжилт хөдөлгөөний сүлжээний хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага бий. Монголчуудын хувьд шилжилт, хөдөлгөөн нь эрт дээр үеэс амьдралын хэв маяг, аж ахуйнх нь нэг хэсэг байсаар ирснээрээ тун онцлогтой. Тиймээс ч бидний гол ажил бөгөөд сорилт нь энэ үйл явцыг илүү аюулгүй, зохион байгуулалттай болгож, тогтвортой хөгжил болон дэд бүтцийн зорилго зорилттой уялдуулах, шаардлагатай үед шуурхай дэмжлэг үзүүлэх явдал гэж хардаг.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Миний бие одоогоор “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг зохицуулах” төсөлд голчлон төвлөрч байна. Энэхүү төсөл нь орон нутгийн түвшинд иргэд, орон нутгийн удирдлага, үндэсний түвшинд Онцгой байдлын аюул осол, гамшиг хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, гамшгийн үеийн бэлтгэл болон хариу үзүүлэх чадварыг сайжруулах зорилготой. Төсөл дуусах дөхсөн учир багаараа өнгөрсөн хоёр жил ямар үр дүнд хүрсэн тухайгаа эргэцүүлж, дүгнэх шатандаа явж байгаа. Бидний онцлох ажил гэвэл Монгол Улсын шилжилт хөдөлгөөний тэргүүлэх хүчин зүйлсийн холбоо хамаарлыг шинжилсэн бүрэн хэмжээний судалгаа. Мөн гамшгаас хамгаалах чиглэлийн хүрээнд ОБЕГ-аас жил бүр 2 аймгийг сонгон зохион байгуулдаг гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг 2012 оноос хойш нийт 10 удаа хамтран зохион байгуулаад байна. Тухайлбал, иргэдийг түр хоргодох байр, хуаран руу нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд олон улсын стандарт, зарчмуудыг баримтлах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөн ажилласан.
Хамтын ажиллагаа ч ахисан түвшинд очиж, нүүлгэн шилжүүлэх хээрийн хуарантай дадлага аймгийн түвшинд хийгддэг болж, наанадаж 2,000-3,000 хүний аюулгүй байдлыг хангах чадавхийг бэлтгэж буй. Төслийн хүрээнд 4,000 гаруй хүнийг энэхүү дадлага ажилд хамруулсан байна. Цаашлаад Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтарч гамшгийн үеийн материаллаг дэмжлэг болон эмнэлгийн тусламжаар зогсохгүй сэтгэл зүйн дэмжлэг ч үзүүлж эхэлсэн. Одоогоор үндэсний хэмжээнд 35 сургагч багш бэлтгэж, багш нар маань хагас жилийн хугацаанд 1300 гаруй иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэжээ. Цаашид үйл ажиллагаагаа улам чанаржуулж, улс орныхоо гамшгийн бэлэн байдлыг хангахад илүү хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Өмнө нь Японд суралцахдаа “кайзэн” гэх философитой танилцаж байсан юм. Тогтмол сайжруулалт гэсэн утгатай. Санаа нь өдөр тутам ажлаа хийхдээ жижигхэн ч болов зүйлсийг бага гэлтгүй шат ахиулсаар байх тухай. Ямар ч ажил, төсөл дааж авсан энэ хандлагаар урагшилж, тогтмол хөгжихийг хичээдэг.
ОУШХБ-д ороод тав дахь жилээ үдэж байна. Энэ хугацаанд хоёр томоохон төсөлд ажиллах болсны эхнийх нь “Өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн суурьших хүсэлтэй иргэдэд туслах хөтөлбөр”. Энэ хөтөлбөр дээр ажиллаж байхдаа хүн хоорондын харилцаа, цаашлаад эл үйл явцыг дагалдах нүсэр их бичиг цаасны ажилд гараа зүгшрүүлсэн гэж боддог. Одоо бол гадаадад буй оюутан, мэргэжилтнүүд эх орондоо дадлагажих, ажлын туршлага хуримтлуулахад чиглүүлэх ‘Монгол диаспора’ нэртэй хоёр жилийн туршилтын хөтөлбөрийг ахалж байна. Оюутны хөтөлбөр маань нэлээд эрчимтэй явагдаж, Монголд 6-8 сарын хугацаатай дадлага хийх хүсэлтэй 200 гаруй оюутнаас 25-ыг нь шалгарчхаад байгаа. Энэ төслийн хувьд багаа ахалж байгаа гэдэг утгаараа хариуцлага ихэссэн. Багийнхандаа шинийг эрэлхийлэх нээлттэй орон зайг бүрдүүлж, шүүмжлэл, болгоомжлолоос илүү санаачилга, хэлэлцүүлэг зонхилсон орчныг бий болгохоор тогтмол сайжруулалтуудыг хийж байна.
12. Санал болгох ном, хөгжим, кино?

Д.Мөнхтуяа, “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь” төслийн ажилтан:
Америкийн түүхэн дэх хамгийн том дотоодын шилжилт хөдөлгөөний он цагийг өгүүлсэн “The Warmth of Others’ Sun” номыг онцолмоор байна. Ер нь шилжилт хөдөлгөөний сэдвийг тухайн цаг үе, хүмүүсийн түүхтэй нь холбон судлах дуртай. Зарим түүхүүд нь нэлээн хүнд ч энэ чиглэлд ажилладаг хүний хувьд заавал мэдэх ёстой гэж боддог.
Кино гэвэл нийгмийн болох, болохгүйг ил гарган ёжилдог, супер баатруудын дүрээр хүний дотоод араншинг харуулсан The Boys цувралыг санал болгоно. Иймэрхүү satire хэлбэрийн бүтээлийн Монгол хувилбар нь “Оннц Дүмд” юм болов уу.
Дууны хувьд Лүис Капалдигийн Grace гэдэг дуунд хамгийн дуртай.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Багаас байхаас л аав ээж маань хүнд чадах чинээгээрээ тусалж байхыг хичээнгүйлэн зөвлөдөг байсан нь одоо ч ажил, мэргэжлийн минь салшгүй нэг хэсэг болсон санагддаг. Хариу нэхээгүй, чин сэтгэлийн тус хамгийн үнэ цэнтэй.
14. Бусдад шидэх санаа?

Шилжилт хөдөлгөөн гэдэг зөвхөн хүмүүс нэг газраас нөгөө газар руу “нүүх” тухай сэдэв биш. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт гээд хүний амьдралын маш олон хэсэг рүү салбарладаг чухал асуудал. Зөвхөн тодорхой нэг байгууллага эсвэл салбартай хамааруулан авч үзэх ч өрөөсгөл. Тиймээс ямар нэг бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа хүмүүсийн суурьшлын байдал, хөдөлгөөни эрчмийг үргэлж харгалзан үзэх шаардлагатай гэх байна.

Сэтгэгдэл бичих

