Бид энэ удаагийн “Бид хэрхэн ажилладаг вэ” ярилцлагын буландаа нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, залуу бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж яваа JCI Прогресс салбар байгууллагын хамт олныг онцолж байна. 

Тус байгууллага нь 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ онд Туул голын загасыг өсгөн үржүүлэх “Сая загас”, өсвөр үеийнхэнд санхүүгийн зөв дадал олгох “Level Up”, байгаль орчныг хамгаалж хог хаягдлыг багасгахад чиглэсэн “Clean Up” мөн их, дээд сургуулийн оюутан залуусыг нэгтгэж, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх “Volunteer Mongolia” зэрэг 10 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. 

Тэгвэл тус байгууллагын замнал, салбарын онцлог, давуу тал болоод энэ онд хэрэгжүүлсэн төслүүдтэй нь илүү ойроос танилцъя. 

Байршил: ITC Tower, 11-р давхар

Үйл ажиллагааны чиглэл: Залуу бизнес эрхлэгч, манлайлагчдыг хөгжүүлэх, тэдний хамтын ажиллагааг дэмжих, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага

Сошиал хуудас: jciprogress (Instagram)

1. ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЗАМНАЛААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

2025 оны Ерөнхийлөгч Г.Энхтуяа

JCI Прогресс бол JCI Монгол байгууллагын 11 дэх салбар буюу хамгийн анхны бизнесийн чиглэлд төвлөрсөн салбар. Өөрөөр хэлбэл, бизнес эрхэлж буй болон өөрийн бизнесээ эхлүүлэх хүсэлтэй 18-40 насны залуусыг нэгтгэж, мэдлэг, туршлагаа хуваалцах, хамтдаа хөгжих орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг, сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж буй төрийн бус байгууллага юм. Бид 2013 оны арванхоёрдугаар сарын 21-нд албан ёсоор үүсгэн байгуулагдаж байлаа.

Байгууллага маань үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш залуусын хөгжил, бизнесийн орчинд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудаас маань Ази, Номхон далайн Бүсийн Чуулган болон Дэлхийн Чуулганд шагнал хүртсэн төслүүд цөөнгүй бий. Тухайлбал, 2015 онд бид “Про Импакт” бизнес хөгжлийн багц төслийг хэрэгжүүлсэн юм. Тухайн үед залуусын бизнесийн мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, хооронд нь холбох чиглэлээр ажиллаж, “Монгол Улсын хөгжлийн гарц” цуврал уулзалт, “Ментор” хөтөлбөр, Монголын эдийн засгийн форум, Германы хамтын ажиллагааны хүрээнд олон ажил хийсэн.

Үүний үр дүнд Японы Каназава хотод болсон JCI-ийн 100 жилийн ойн Дэлхийн чуулганд оролцож, 110 гаруй орны 10,000 гаруй төслөөс шалгарч, “2015 оны Орон нутгийн шилдэг төсөл”, “2015 оны Эдийн засгийн хөгжлийн шилдэг төсөл” гэх хоёр шагналыг хүртэж байлаа. Мөн 2023 онд Швейцарын Цюрих хотод болсон JCI-ийн Дэлхийн чуулганд “Тэргэнцэртэй баатрууд” төслөөрөө оролцож, “Дэлхийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлсэн шилдэг төсөл” болон “Шилдэг орон нутгийн төсөл” гэсэн хоёр номинацид шилдгийн шилдгээр шалгарч байсан удаатай.

Түүнчлэн 2025 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ази, Номхон далайн Бүсийн Чуулган болон Тунисын Тунис хотод болсон JCI-ийн Дэлхийн чуулганаас “Шилдэг орон нутгийн Ерөнхийлөгч” шагналыг JCI Прогресс салбар байгууллагын 2024 оны Ерөнхийлөгч Б.Самади хүртэж байсан юм. Харин энэ жил Б.Самади JCI Монгол байгууллагын 2026 оны тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж, манай салбар байгууллагаас анх удаа JCI Монгол байгууллагыг тэргүүлэн ажиллах хариуцлагатай үүргийг хүлээгээд байна.

Миний хувьд JCI байгууллагатай холбогдоод аль хэдийн 8 жилийг үджээ. Энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлэхээс гадна бусад залуустай хамтдаа хөгжиж, сурч мэдсэн зүйлээ хуваалцахын үнэ цэнийг илүү ойлгосон. Залуу бизнес эрхлэгчдийн хувьд ганцаараа бүхнийг мэдэж, шийдэхээс илүү туршлагаа хуваалцах хүнтэй байх, зөвлөгөө авах, өөртэйгөө ижил зорилготой хүмүүстэй танилцах нь их чухал байдаг. Харин JCI өөр өөр салбарын залуусыг хооронд нь танилцуулж, бие биеэсээ суралцах, хамтран ажиллах, шинэ санаа, боломжоо бодит ажил хэрэг болгоход нь дэмжлэг үзүүлэн ажилладаг юм.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

2026 оны Ерөнхийлөгч Ү.Амарбат

Бидэнд илүү ч үгүй дутуу ч үгүй хоногийн 24 цаг л бий. Үүнээс нь 7-8 цагийг унтаж, амрахад зарцуулдаг гэж үзвэл үлдсэн цагийг нь бид ажил, амьдралдаа зориулж байна. Миний хувьд өдөрт дунджаар 8-10 цагийг үндсэн ажилдаа зарцуулдаг юм. Өмнө нь илүү олон цагаар сууж ажиллахыг хичээдэг байсан бол сүүлийн үед заавал олон цагаар суухгүйгээр чанартай хэдхэн цаг сууж ажлаа амжуулахыг чухалчилдаг болсон.

Мөн нийслэл хотод маань түгжрэл гэж нэг том асуудал бий. Өдөрт хэдэн цагийг зам дээр үр бүтээлгүй өнгөрөөх үе бишгүй. Тиймээс энэ цаг хугацааг аль болох хий дэмий өнгөрөөхгүйгээр утсаар ажлаа амжуулах, хэрэгтэй зүйлсээ уншиж, сонсох зэргээр үр дүнтэй ашиглахыг хичээж байгаа.

Үндсэн ажлынхаа хажуугаар олон нийтийн ажилд мөн идэвхтэй оролцдог юм. Өмнө нь би хэд хэдэн төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод гишүүнээр ажиллаж, зарим байгууллагыг үүсгэн байгуулж, тэргүүлж ажиллаж байсан туршлагатай. Энэ жилийн хувьд JCI Progress-ийг тэргүүлэн ажиллаж буй. Тиймээс удирдлагын баг болон гишүүдтэйгээ харилцах, энэ жил хэрэгжүүлж байгаа 10 төслийнхөө явцыг анхаарах, төлөвлөсөн үйл ажиллагаануудаа зохион байгуулах зэрэг ажлуудаа хийж гүйцэтгэдэг юм. Ингээд л үндсэн ажил, JCI-ийн төсөл гээд хийх зүйлсээ ээлж дараатай амжуулсаар өдрийн ихэнх цаг өнгөрдөг дөө.

Үлдсэн цагуудад гэр бүлтэйгээ байх, спортоор хичээллэх, ном унших зэрэг гэр бүлийнхэн болон өөртөө цаг гаргахыг эрмэлзэж байна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

2026 оны Тэргүүн дэд Ерөнхийлөгч С.Энхмаа

Миний хувьд JCI байгууллагадаа ажиллаад таван жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Удирдах зөвлөлд гурван удаа ажиллаж, салбарынхаа удирдлагын багт төдийгүй JCI-ийн олон улсын түвшний үйл ажиллагаанд оролцож, тал бүрийн туршлага хуримтлуулсан. Үүнээс олж авсан миний хамгийн том арга барил бол хүмүүстэй хамтран ажиллах, хүн бүрийн давуу тал, онцлогийг ойлгож, боломж, стратегийг зөв ашиглах.

JCI-д шинэ зүйл сурч, өөрийгөө хөгжүүлэхээс гадна танилын хүрээллээ тэлэх, уулзалт, арга хэмжээнд оролцох, бусдаас суралцах, хамтын ажиллагааны хэлэлцээр хийх гэх мэтчилэн олон талын боломж бий. Харин тухайн боломжийг хэнд хэрэгтэйг нь олж хараад, зөв хүнтэй нь холбож өгөх нь чухал. Тиймээс би багийнхантайгаа ажиллахдаа тэдний юу хүсэж байгааг эхлээд ойлгохыг хичээдэг юм. Өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа хүнд тохирох сургалтыг нь санал болгох, бизнесийн хүрээллээ тэлэхийг хүсэж байгаа хүнд шинэ хүмүүстэй танилцах боломжийг нь олгох гэх мэт.

Мөн багийнхаа гишүүдийг анхаарч, тэдний санал бодлыг сайн сонсохыг эрмэлздэг. Учир нь хүн бүрийн давуу тал, онцлог өөр шүү дээ. Зарим нь санаа гаргахдаа сайн байхад, зарим нь хэрэгжүүлэхдээ, өөр нэг нь хүмүүсийг нэгтгэхдээ илүү сайн байдаг. Тиймээс тухайн хүний давуу талд тохирсон ажлыг нь хариуцуулж, өөрийнх нь чадварыг бүрэн гаргах боломж олгохыг чухалчлан ажиллаж байна.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

2026 оны Дэд Ерөнхийлөгч Г.Билгүүн

Сүүлийн жилүүдэд хүмүүс хиймэл оюуны чатботыг ихээхэн ашиглаж байна. Банк, санхүү, эрүүл мэнд, эдийн засаг гээд бараг л бүхий л салбарт нэвтэрч, хүмүүсийн үнэнч туслах нь болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Миний хувьд Claude-ыг өдөр тутамдаа хэрэглэдэг юм. Хувийн ажлаа зохион байгуулахаас гадна статистик мэдээлэл боловсруулах, үзүүлэлт гаргах, танилцуулга бэлдэх, зарим тохиолдолд код бичих зэрэгт ашигладаг. Хамгийн гол нь цаг хугацаа их хэмнэдэг нь авууштай. Бэлдсэн танилцуулгаа бусадтай хялбархан хуваалцахаас гадна загвар, дизайныг хүссэнээрээ өөрчилж, шаардлагатай мэдээлэл, үзүүлэлтүүдээ богино хугацаанд гаргаж авах боломжтой нь их таалагддаг.

Мөн үндсэн ажлынхаа хажуугаар олон төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд оролцдог юм. Тиймээс ажлаа сайн төлөвлөж, зохицуулахын тулд Trello аппыг ашиглаж байна. Өөрийн хийх зүйлсээ төлөвлөхөөс гадна багийн гишүүдээ хэн ямар ажлыг хариуцаж байна, тухайн ажил ямар шатандаа явж байгаа, юу хийгдсэн, цаашид юу хийх шаардлагатай зэрэг бүх мэдээллийг хянах нэг дороос харах боломжтой. Түүнчлэн багийн гишүүн бүр ажлын явцаа нэгэн зэрэг хянаж болдог нь давуу талтай.

Олон улсын түвшинд ажиллах, харилцаа холбоогоо өргөжүүлэхэд хэлний чадвар чухал. Тиймд англи хэлээ сайжруулах зорилгоор Learna AI апп ашиглаж байгаа.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Санхүүч Л.Болор-Эрдэнэ

Миний хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга бол тухайн өдрөө төлөвлөх. Ихэвчлэн өглөө ажилдаа ирээд хийх ажлуудаа, хэдий хугацаанд дуусгахаа тодорхой биччихдэг юм. Ингээд биччихээр тухайн ажлаа яг тэр хугацаанд нь дуусгах гээд нэлээд хичээдэг учраас ажлаа дэмий сунжруулахгүй, цаг их хэмнэдэг санагддаг шүү. Харин хийх ажлаа бичээд, хугацааг нь тодорхой заагаагүй орхичихвол хойшлуулах гээд байдаг талтай. Тиймээс надад цагийн хуваарьтай ажиллах нь илүү үр дүнтэй санагддаг.

Цаг хэмнэхэд өөрийн хийх ажлаа зөв төлөвлөхөөс гадна хамтран ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлага бас их чухал. Тиймээс би хамтран ажиллаж буй хүмүүстэйгээ сайн ярилцаж, ойлгуулж, төлөвлөсөн ажлаа хэзээ бэлэн байлгахыг нь байнга сануулдаг юм. Хүн бүр өөрт оногдсон ажлаа зохих хугацаанд нь хийчихвэл бусдын ажил удаашрахгүй, хэн хэнийхээ цагийг хэмнэж чадна.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Эрхзүйн Ерөнхий Зөвлөх Н.Булгантамир

Би хийх ажлуудаа зорилго, ач холбогдлоор нь эрэмбэлж төлөвлөдөг юм. Юуны өмнө тухайн ажлыг хийснээр ямар үр дүнд хүрэх вэ, байгууллага болон миний хувьд ямар ач холбогдолтой вэ гэдгийг нь тооцож үзнэ. Үүний дараа тухайн ажлыг хэзээ хийх, хэдий хугацаанд дуусгах вэ гэдгээ бодож, төлөвлөнө. Мөн хугацаа нь тулсан ажлуудаа түрүүлж амжуулахыг хичээдэг.

JCI залуучуудын манлайллыг дэмждэг сайн дурын байгууллага учраас янз бүрийн байгууллага, хүмүүстэй хамтран ажиллаж, олон төрлийн үйл ажиллагаа их зохион байгуулдаг. Тиймээс төлөвлөгөөнд ороогүй гэнэтийн ажил гарах, зарим ажлынх нь хугацаа өөрчлөгдөх, шинэ ажил нэмэгдэх зэрэг тохиолдол цөөнгүй гардаг тул бүх зүйлийг эхнээс нь нарийн төлөвлөөд, тэр дагуугаа ягштал явна гэдэг бараг л боломжгүй. Тийм ч учраас аль болох тухай бүрд нь төлөвлөгөөгөө тогтмол эргэж харж, шаардлагатай үед нь өөрчлөөд явдаг даа.

Ер нь сайн төлөвлөлт гэдэг бол аль болох олон ажил амжуулах биш, харин хийх ёстой ажлаа зөв цагт нь, зөв хүмүүстэй хамт хийж, бодит үр дүнд хүргэх нь чухал.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

2026 оны Дэд Ерөнхийлөгч Б.Бат-Учрал

Хүний амьдралд амжилт, уналт, баяр, гуниг ээлжилж байдаг шүү дээ. Харин энэ бүхнийг даван туулах арга хүн бүрд өөр өөр байдаг байх. Миний хувьд гэвэл эрч хүчээ сэлбэж, урам зоригтой ажиллахад JCI маань ихээхэн нөлөөтэй. Бид долоо хоног бүр цуглаж, хөлбөмбөг тоглодог. Хэдхэн цаг хамтдаа тоглож, ярилцаж, хөгжилдөхөд ажлын ядаргаа тайлагдаж, сэтгэл санаа ч сэргээд сайхан болчихдог.

Харин амралтын өдрүүдээр аль болох гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг юм. Энэ их ажлын ард намайг хамгийн их түшиж, дэмждэг хүмүүс бол гэр бүл минь. Тиймээс гэр бүлээрээ салхинд гарч, хамтдаа цагийг өнгөрөөхийг эрмэлздэг дээ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

2026 оны Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Гантөмөр

JCI Прогресс бол сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Өөрөөр хэлбэл, энэ байгууллагад ажиллаж буй бүх хүмүүс үндсэн ажлынхаа хажуугаар өөрийн хүсэл сонирхлоороо нэгдэж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хамтдаа ажилладаг гэсэн үг. Одоогоор манай салбар 120 гаруй гишүүнтэй байна.

Миний хувьд хүн бүр амьдралынхаа хугацаанд нийгмийн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй гэж боддог юм. Тиймээс 2025 онд JCI-ийн Монгол дахь салбаруудаас нь өөрийн үзэл бодол, хүсэл сонирхолтой нийцэх JCI Прогресс байгууллагаа сонгож, гишүүнээр элсэж байлаа. Түүнээс хойш олон улсын болон дотоодод хэрэгждэг төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд оролцож, заримыг нь зохион байгуулж, хамтран ажилласаар өдийг хүрчээ. Энэ хугацаанд шинэ зүйл сурч, өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй нийгмийн олон салбарын хүмүүстэй танилцаж, танилын хүрээллээ тэлсэн байна.

Байгууллагын маань хамгийн их таалагддаг нэг зүйл нь тухайн хүн ямар мэргэжилтэй, ямар албан тушаал хашиж байгаагаас үл хамааран өөрийн хийдэг, мэддэг зүйлээсээ давж, салбар салбарын мэргэжилтнүүдтэй танилцаж, нөхөрлөн, шинэ зүйл турших боломжийг олгодог юм. Мөн ганцаараа хийж чадахгүй зүйлийг хамтын хүчээр хэрэгжүүлж, бодитой үр дүн гаргадаг нь хамгийн том давуу тал.

JCI-ийн гишүүд маань жил бүр гишүүнчлэлийн татвар төлнө. Түүнээс гадна үндсэн ажлаа зохицуулаад өөрийн үнэт цаг хугацаа, мэдлэг, туршлагаа нийгмийн болон бизнесийн төслүүдэд харамгүй зориулдаг хичээнгүй хамт олон бий.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

“Volunteer Mongolia” төслийн хороон захирал А.Ням-Од

Бидний эргэн тойронд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий. Гэхдээ залуу хүний хувьд энэ бүхнийг хараагүй, сонсоогүй мэт өнгөрөөх нь надад хэцүү санагддаг юм. Мэдээж бүх асуудлыг нэг дор шийдэж чадахгүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд ямар нэг зүйл хийж, тэр асуудлыг шийдэхэд нь бодитой хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж боддог доо.

Хийж буй ажлын маань нэг онцлог, давуу тал нь эерэг өөрчлөлт. Өнөөдөр миний хийж байгаа зүйл ямар нэгэн үр ашиггүй, хий дэмий зүйл мэт санагдаж болох ч хийсэн сайн үйл, бий болгосон өөрчлөлт маань ирээдүйд бидний хүүхдүүдийн амьдрах орчин, нийгэмд тодорхой хэмжээний эерэг өөрчлөлт үзүүлэх болов уу. Тиймээс би энэ онд “Volunteer Mongolia” гэх төслөө амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд бидний хийсэн ажлуудаас хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь Багшийн дээдийн нүхэн гарцыг тохижуулсан явдал юм. Улаанбаатар хотын төв хэсэгт, оюутан залуус хамгийн ихээр зорчдог энэ газар өмнө нь бохир орчинтой, таагүй үнэртэй, явж өнгөрөхөд л үнэхээр тухгүй, хэцүү байсан шүү дээ. Үүнийг би хэдэн найз нөхдийнхөө хамтаар санаачлан, JCI Прогресс салбар байгууллагынхаа нэгэн төсөл болгон хэрэгжүүлсэн билээ.

Мэдээж хэрэг өөрийн сайн дураар хийж байгаа учраас цаг зав, санхүү, хүний нөөцийн асуудлаас эхлээд бэрхшээлүүд мундахгүй бий. Зарим хүмүүс “Яах гэж ингэж байгаа юм бэ?”, “Хэнд хэрэгтэй юм?”, “Чамд ямар ашигтай юм?” гэх зэргээр асууж, шүүмжилнэ. Заримдаа өөрөө ч “Цалингүй, нойргүй, цаг завгүй байж үүнийг үнэхээр хийх хэрэгтэй гэж үү?” хэмээн эргэлзэх үе бишгүй л гардаг. Гэхдээ энэ бүхний ачаар нийгэм маань бага ч гэсэн өөрчлөгдөж, бусдыгаа эерэг зүйл рүү уриалж байгаа мэт сайхан санагддаг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

“Edulink” төслийн хороон захирал А.Шинэгэрэл

Манай салбар байгууллага энэ жил нийт 10 төслийг санаачлан хэрэгжүүллээ. Ихэнх нь нийгэмд чиглэсэн төслүүд бий. Төсөл бүрийг өөр өөр гишүүд хариуцаж ажилладаг учраас хүн бүр өөрийн хариуцсан ажлынхаа хүрээнд илүү төвлөрч ажиллаж байна. Гэхдээ гишүүд маань өөрийн хариуцсан ажлаа хийж гүйцэтгэхээс гадна бусдынхаа хийж буй төсөл хөтөлбөрт оролцож, хамтран ажилладаг юм. Тухайлбал, нэг нь санхүүжилт дээрээ ажиллаж байхад нөгөө нь маркетинг, мэдээлэл түгээх, өөр нэг нь зохион байгуулалтын ажлыг хариуцна гэх мэт. Ингээд хүн бүр өөрийн чаддаг зүйлээрээ бусдадаа тусалж, төслүүдээ тун амжилттай хэрэгжүүлээд явж байна.

Миний хувьд “Edu Link” боловсролын тэтгэлгийн төслийг хариуцан ажиллаж байгаа. Төслийн хүрээнд шалгарсан оюутныг БНСУ-д сургаж, цаашдаа Монгол Улсад хэрэгтэй чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байгаа юм. Одоогоор шалгарсан оюутнаа суралцахад нь бэлтгэх, сургалтын материал болон визийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлууд дээр түлхүү анхааран ажиллаж байна.

Цаашдаа энэ төслийг тогтмол хэрэгжүүлж, Монголын оюутан, залуус, судлаач, мэргэжилтнүүдийг олон улсын түвшний их сургууль, судалгааны байгууллагад суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?

“LevelUP” төслийн хороон захирал С.Мөнхманлай

Би чөлөөт цагаараа ном унших дуртай. Ер нь жилдээ хэд хэдэн шинэ ном уншихыг хичээдэг юм. Ном унших үед тухайн зүйлийн талаар эргэцүүлж, өөрийн бодлыг цэгцлэх, шинэ зүйлийг олж мэдэх гээд олон давуу талтай. Ялангуяа өмнө нь бодож байгаагүй зүйлээ өөр өнцгөөс харахад их тус болдог санагддаг юм.

Түүнчлэн JCI Прогресс салбар байгууллагадаа гишүүнээр элсэж орсноос хойш олон талын чадвар, туршлага, арга барилтай залуучуудаас их зүйлийг суралцдаг. Тухайлбал, энэ жилийн хувьд би “Level Up” буюу өсвөр насны хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох төслийг ахлан ажиллалаа. Уг төслийн амжилттай хэрэгжихэд JCI салбар байгууллагын найзууд маань их тус болсон.

Сүүлийн үед гадаад хэлээ сайжруулах үүднээс “Foxt” онлайн платформоор идэвхтэй ашиглаж байна. Өөртөө тохирсон цагаа сонгоод, гадаад багштай хичээллэх боломжтой тул ажлынхаа хажуугаар зохицуулахад их амар юм билээ. Мөн эрүүл амьдралын хэв маягт бага багаар суралцахыг хичээж байгаа. Нэг дор огцом өөрчлөхөөс илүүтэй хооллолт, дасгал хөдөлгөөн, нойр, амралт зэрэг өдөр тутмын дадлуудаа бага багаар сайжруулахыг зорьж байна даа.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

“Business lounge” төслийн хороон захирал CP Г.Дөлгөөн

Брайн Трейсигийн “Eat That Frog!” номыг санал болгоё. Заримдаа бидэнд хийх ажил маань овоороод ирэхээр яг юунаас эхлэхээ мэдэхгүй, алийг нь түрүүлж хийх вэ гэж бодсоор ажлаа хойшлуулах үе байдаг шүү дээ. Тэгвэл эл бүтээл хийх зүйлээ хэрхэн тодорхойлж, хаанаас нь эхэлбэл илүү үр дүнтэй байхыг тайлбарлаж өгнө. Миний хувьд өдөр тутмын ажлаа зөв эрэмбэлж, хийх зүйлээ нэг нэгээр нь дуусгаж хэвшихэд их хэрэг болсон шүү.

Мөн Доналд Робертсоны “How to Think Like a Roman Emperor” номыг санал болгомоор байна. Хэцүү үед сэтгэл хөдлөлдөө авталгүй, өөрийн хийж чадах зүйлдээ төвлөрөх, зөв шийдвэр гаргах тухай учир бизнес, манлайлал болон өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хүмүүст уншихад илүү тохиромжтой.

Харин кино гэвэл, 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан “The Secret Life of Walter Mitty”-ийг онцолмоор байна. Зүгээр л мөрөөдөж суухын оронд нэг алхам хийж, өөрийн дассан орчноосоо гарч үзэх тухай ихэд сонирхолтой бүтээл.

Дууны хувьд сүүлийн үед би Hans Zimmer-ийн “Time”-ыг их сонсож байгаа.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Тэгш хүртээмж төслийн хороон захирал Ж.Мөнхпүрэв

“Хэнээс ч өөрийгөө дээгүүр бүү тавь, хэнээс ч өөрийгөө доогуур бүү тавь.”

Энэ бол миний сонсоод, өөртөө байнга сануулдаг зөвлөгөө. Ямар ч орчинд өөрөөс илүү мэдлэг, туршлагатай хүн байж л таарна. Тиймээс тэр хүмүүсээс аль болох суралцах хэрэгтэй. Нөгөө талдаа өөрийнхөө хийж чаддаг зүйл, давуу тал, үнэ цэнийг ч бас дутуу үнэлж болохгүй.

JCI-д төсөл дээр ажиллахдаа энэ зарчмаа их ашигладаг. Бүхнийг өөрөө хийх гэж оролдохын оронд тухайн ажлыг хамгийн сайн хийж чадах хүнээ олж, түүнд нь итгэж, үүргийг нь зөв хуваарилахыг хичээдэг. Гэхдээ ажлаа бусдад даалгасан ч эцсийн үр дүнгийн хариуцлагыг өөрөө хүлээх ёстой.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Элсэн цаг төслийн хороон захирал Б.Мягмаржаргал

Би хүүхэд байхдаа Монгол Улсаа төлөөлж Ази, Номхон далайн бүсийн хүүхдийн чуулганд оролцож байсан юм. Тэнд олон орны хүүхдүүдтэй уулзаж, их ч зүйл сурч мэдсэн. Тухайн үедээ “Хүүхэд байна гээд өөрийгөө гололгүй, өөрийнхөө чадах хэмжээнд оролцож чадвал би ч бас ямар нэгэн өөрчлөлт хийж чадах юм байна” гэж бодож байсан юм. Энэ бодол маань цаашдаа нийгэмд эерэг нөлөө үзүүлэх хүсэлтэй хүн болоход их чухал нөлөө үзүүлсэн.

Ер нь нийгэмдээ оролцоотой байна гэдэг нь нэг төсөл хэрэгжүүлэх, нэг арга хэмжээнд оролцох гэсэн үг огтхон ч биш. Харин ч өөрийнхөө амьдралаас эхлээд, хүүхдүүдийнхээ ирээдүй, цаашлаад бидний хамтдаа амьдрах нийгэмд ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг тухай ойлголт. Бидэнд өөрсдийн хүсэл, мөрөөдөл, хийхийг хүссэн олон зүйл бий. Гэхдээ тэр бүхнийхээ хажуугаар нийгэмдээ оролцож, ирээдүйдээ зориулж ямар нэг зүйл хийх хэрэгтэй.

Өнөөдөр бид нийгэмд болохгүй байгаа олон зүйлийг нэрлэж чадна. Хүн бүр өөр өөрийнхөөрөө 20, 30 асуудал ч хэлж болно. Гэхдээ тэр бүхнийг өөрчлөхөд хэрэгтэй хамгийн том хөшүүрэг нь бид өөрсдөө. Тиймээс “хэн нэгэн шийдээсэй” гэж хүлээхээс илүү өөрөө оролцогч, санаачлагч байгаарай.