Бид энэ удаагийн “Бид хэрхэн ажилладаг вэ” ярилцлагын буландаа Монголын санхүүгийн зах зээлд шинэ жишиг тогтоож, хөрөнгө оруулалтын соёлыг түүчээлэн яваа Мандал Ассет Менежмент компанийн хамт олныг онцолж байна.
Тус компани нь 2021 оноос хойш санхүүгийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа иргэдэд хөрөнгө оруулалтын мэдлэг олгох, санхүүгийн зах зээлийг таниулах зорилготой олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Тэдгээрийн нэг нь бидний сайн мэдэх Мандал Хуримтлалын финтек апп юм. Одоогоор уг апп-д нэг сая гаруй хэрэглэгч бүртгэлтэй байгаа гэнэ.
Мандал Ассет Менежмент компани өдгөө таван хөрөнгө оруулалтын сангийн 500 тэрбум төгрөгийг удирдаж байгаа ба Монголын бэсрэг банкуудтай эн зэрэгцэхүйц хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй.
Тэгвэл тэдний амжилтын нууц юунд байна вэ? Цаашдын алсын хараа, одоо хэрэгжүүлж буй томоохон төслүүд болон хөрөнгийн зах зээлийн ирээдүйн талаарх сонирхолтой яриаг эндээс уншаарай.
Байршил: Meru Tower, V давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Хөрөнгө оруулалтын менежментийн компани
Сошиал хуудсууд: Mandal Asset Management (Facebook), mandalasset (Instagram), mandalasset.mn (web)
1. ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЗАМНАЛААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Манай Мандал Ассет Менежмент нь анх 2012 онд хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Өдгөө Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын сангуудыг удирдан ажиллаж байна.
Иргэд хөрөнгийн зах зээлээс хувьцаа, бонд авахад багагүй хүндрэлтэй байдаг тал бий. Хаанаас эхлэх, аль үнэт цаасны компанид данс нээх, компаниудын санхүүг хэрхэн судалж, эрсдэлээ яаж тооцох вэ гэх мэт олон асуулт, бэрхшээл тулгардаг. Бид энэхүү төвөгтэй асуудлыг Мандал хуримтлалын аппаараа шийдсэн. Өмнө нь хөрөнгө оруулалт хийхийн тулд заавал үнэт цаасны компани дээр өөрийн биеэр очиж данс нээлгэх, салбараар үйлчлүүлэх шаардлагатай байсан бол одоо иргэд гар утсаараа ердөө гурван минутын дотор л хөрөнгө оруулалт хийх боломжтой болоод байна.
Мөн хүмүүс өмнө нь зөвхөн нэг жилийн хадгаламжийг л мэддэг, түүнээс цааш хадгалж чаддаггүй байлаа. Харин одоо гурван жил хуримтлуулсан хэрэглэгч маань “Анхандаа надад олон жилээр хуримтлал үүсгэнэ гэдэг их л холын хэцүү санагдсан. Гэхдээ мөнгөө хуримтлуулаад аль хэдийн 3 жил болчихлоо. Зорилгодоо хүрэхэд цаана нь 6 жил дутуу хэдий ч түүндээ хүрнэ гэдэгтээ итгэлтэй” хэмээн ярьж байна. Хөрөнгө оруулагчид маань мөнгөө зүгээр хадгалах биш, тэтгэвэртээ гарахдаа хэдэн төгрөгтэй байх уу, хүүхдийнхээ боловсролд хэдийг зарцуулах уу гэдгээ л хүртэл тооцож сурч байгаа. Энэ бол маш том өөрчлөлт. Монголчууд маань зөвхөн өнөө, маргаашийг бус 10, 20 жилийн санхүүгийн төлөвлөлттэй болох нь чухал.

Нөгөөтээгүүр, Монголд баян, хоосны ялгаа их бий. Баялгийн ихэнх хэсгийг цөөн тооны хүмүүс авч, харин үлдсэн хүмүүст нь маш бага хувь оногддог. Үүнийг тэнцвэржүүлдэг гол механизм нь хөрөнгө оруулалтын сан.
Тухайлбал, Өмнөд Солонгосын Samsung брэнд зах зээл дээр 1 их наяд ам.долларын үнэлгээнд хүрч, Их Британи улсыг ч ардаа орхиод байна. Сонирхолтой нь, Samsung-ийн үүсгэн байгуулагч энэ брэндийнхээ 7 хүрэхгүй хувийг л эзэмшдэг. Харин үлдсэн 30-40 хувийг нь тэтгэврийн болон хөрөнгө оруулалтын сангууд, үлдсэн хэсгийг нь Өмнөд Солонгосын ард иргэд өөрсдөө эзэмшиж байна. Ингээд харвал тус улсын иргэд үндэснийхээ томоохон компаниудын үр шимийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хүртэж чадаж байна. Тэгэхээр Монголд хөрөнгө оруулалтын сангуудыг хөгжүүлэх, тэтгэврийн реформ хийх хэрэгцээ нэн тэргүүнд байгаа юм.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Гүйцэтгэх захирал Г.Батзориг
Өглөө бүр бүлээн ус ууж, 108 мөргөлөө хийж өдрийг эхлүүлнэ дээ. Сүүлийн 7-8 жилийн турш 108 мөргөж байна. Энэхүү дадал маань өдрийг тайван эхлүүлэх, сэтгэл санаагаа цэгцлэхэд ихээхэн тусалдаг юм. Яг энэ дасгалыг дадал болгосон шиг ажлыг ч бас өөртөө дадуулах нь чухал. Тэгж байж л бүтээл төрж, бүтээгдэхүүн гарна.
Гүйцэтгэх захирлын хувьд өдөр бүр маань ихэвчлэн уулзалтаас уулзалтын хооронд өнгөрдөг. ТУЗ, харилцагчид, ажилтнууд, менежментийн баг гээд олон талын хүмүүстэй уулзаж, одоо хийж буй болон ирээдүйн ажлуудаа ярилцаж, шийдвэр гаргах байдлаар өдөр өнгөрнө. Үүнээс гадна компанийн контент, мессеж, гол санаанууд дээр өөрөө оролцож ажилладаг.
Би 9-18 цагийн хатуу хуваариар ажилладаггүй юм. Цагт баригдахаас илүү хийж байгаа зүйлдээ дуртай байх нь хамгийн чухал. Хүн амьдралынхаа гуравны нэгийг ажил дээрээ өнгөрөөдөг шүү дээ. Энэ цагаа бодохоор стрессдэж байвал магадгүй буруу газраа байна гэж ойлгох хэрэгтэй болов уу.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Гүйцэтгэх захирал Г.Батзориг
Юуны өмнө би баг, хамт олноо чадахаараа ойлгохыг хичээдэг. Тэд өглөө бүр юуны төлөө, яагаад ажилдаа ирж буйг ойлгуулах нь чухал. Түүнчлэн ажлын орчин эрүүл, дарамтгүй байх ёстой. Тэгж байж л хүнээс бүтээмж гарна шүү дээ.
Хоёрдугаарт, багтаа итгэж, ажлыг нь бүрэн даатгах юм. Тухайн хүнд үүрэг хариуцлагыг нь бүрэн даатгаж, өөрөө шийдвэр гаргаж, суралцаж, өсөж хөгжих орон зайг нь өгдөг байх хэрэгтэй. Удирдагч хүн бүх зүйлийг өөрөө хийвэл баг хөгжихгүй. Харин хариуцлагыг нь өгч, тэр ачаан дор нь өсөж хөгжих боломжийг олгож байх чухал.
Гуравдугаарт, тууштай байдал. Бид ямар нэг бүтээгдэхүүн эхлүүлсэн бол түүнийгээ зогсолтгүй сайжруулж, байнга шинэчилж явдаг. Цаг үетэйгээ хөл нийлүүлж, хэрэглэгчдэд илүү хэрэгтэй, илүү ойлгомжтой, илүү үнэ цэнтэй зүйл хийхийг зорьдог. Энэ тасралтгүй сайжруулалт, тууштай хандлага л өнөөгийн биднийг амжилтад хүргэж байгаа хамгийн гол арга барил гэж хэлж болно.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Ахлах дата аналист Г.Төгсбилэг

Сүүлийн жилүүдэд хүмүүс хиймэл оюуныг их ашиглах болжээ. Тэр хэрээрээ хиймэл оюун суурьтай чатботууд ч эрчимтэй хөгжиж, олноор гарч ирж байна. Өмнө нь бид ямар нэгэн зүйлийг судлахдаа Google дээр бичээд л мэдээлэл авчихдаг байсан бол одоо хиймэл оюуны тусламжтайгаар хүссэн асуултдаа хариултаа хурдан бас цэгцтэй авах боломжтой болсон. Бүр цаашлаад ажлынхаа тодорхой хувийг ч хиймэл оюунаар хийлгэх бүрэн боломжтой болоод байна. Миний хувьд ч гэсэн ажил, амьдралдаа Google Gemini, ChatGPT, Claude зэрэг аппуудыг ашигладаг юм. Ерөнхийдөө дижитал туслагч минь гэж ойлгож болно.
Түүнчлэн Мандал Хуримтлалын аппаа их ашигладаг. Энэхүү аппын цаана манай хэдэн мянган харилцагчдын мөнгө, итгэл, ирээдүй хадгалагдаж байгаа. Тэр дунд миний ч гэсэн хуримтлал бий. Тиймээс аппаа байнга орж шалган, хэвийн ажиллагааг хянах нь бидний үүрэг.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний хувьд цаг хэмнэх хамгийн үр дүнтэй арга бол ажлаа автоматжуулах. Би өдөр тутам дата мэдээлэл дээр ажилладаг учраас байнга давтагддаг тайлан, репорт гаргах, мэдээлэл боловсруулах зэрэг ажлуудаа аль болох автомат системд шилжүүлчихдэг юм. Өдөр бүр эсвэл долоо хоног бүр тогтмол хийгддэг ажлуудад зориулж код бичээд, тодорхой цагт автоматаар ажиллахаар тохируулчихдаг гэсэн үг. Үүний ачаар би долоо хоногт 20 орчим цаг хэмнэж чаддаг шүү.
Ажлынхаа зарим хүмүүст ийм төрлийн код бичиж өгч байсан. Ингэснээр зөвхөн өөрийнхөө цагийг хэмнээд зогсохгүй хамтран ажиллагсдынхаа цагийг ч мөн хэмнэдэг.
Улаанбаатар хотын түгжрэлтэй нөхцөлд цагаа зөв зохицуулах нь бас их чухал санагддаг. Тиймээс аль болох замд өнгөрүүлэх хугацаагаа багасгахыг хичээдэг юм. Дулааны улиралд мотоциклоо унадаг бол өвөл буюу хүйтний улиралд ажлаасаа гэр хүртэл ойрхон учраас 15-20 минут алхчихдаг. Харин түгжрэл хамгийн ихтэй цагуудад аль болох эрт гарах эсвэл ажлаасаа арай орой тарах байдлаар цагаа хэмнэж байна.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Ахлах дата аналист Г.Төгсбилэг
Би хийх ажлуудаа ихэвчлэн долоо хоногоор нь төлөвлөх дуртай. Ням гараг бүр сууж байгаад ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө нарийн гаргахын сацуу өнгөрсөн долоо хоногт ямар ажил хийж, хэр үр бүтээлтэй ажилласнаа дүгнэдэг юм. Ингэснээр ямар ажилд илүү их цаг зарцуулж байна, юу хамгийн үр дүнтэй байсан, өнөөдрийн амжилтад юу нөлөөлөв гэдгийг илүү сайн анзаарах боломжтой болдог. Энэ нь дараагийн төлөвлөгөөгөө илүү бодитой, үр дүнтэй гаргахад их тусалдаг.
Сарын төлөвлөгөө гаргах гэхээр арай хол санагддаг. Нэг сарын хугацаанд хийсэн бүхнээ нарийвчлан дүгнэнэ гэдэг хувь хүний хувьд ч, ажлын хувьд ч нэлээд төвөгтэй. Харин жилийн төлөвлөгөөгөө ерөнхий байдлаар гаргадаг. Жишээлбэл, мотоциклоо солих, байраа томруулах гэх мэтчилэн томоохон зорилтуудаа төлөвлөнө.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Миний хувьд эрч хүчээ сэлбэж, урам зориг авдаг хамгийн гол зүйл нь хийж буй ажлынхаа ард гарах. Даалгасан ажлыг цаг тухай бүрд нь хийж, өөрийгөө илүү хариуцлагатай, бүтээмж өндөртэй байлгахыг хичээдэг юм. Тийм ч учраас ажлынхаа үр дүнгээс эрч хүч авч, дараагийн ажлаа илүү сайн хийх урам зоригтой болдог доо.
Мөн ажлынхаа хажуугаар хааяа кино үзэж тархиа амраана. Өдөржин сууж ажилладаг болохоор өдөр тутамдаа аль болох дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байхыг эрмэлздэг. Энэ нь биеийн төдийгүй сэтгэл санааны хувьд ч их эрч хүч өгдөг юм.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Хөрөнгө оруулагчидтай харилцах албаны ахлах менежер А.Даваадорж
Мандал Санхүүгийн Нэгдлийн хүрээнд би “Mandal Student” гэсэн суралцангаа ажиллах боломжтой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү төслийг СЭЗИС-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 2024 оноос эхлэн банк, санхүүгийн чиглэлээр суралцах хүсэлтэй 15-20 сурагчийг сонгон шалгаруулж, бакалаврын диплом олгож байгаа. Сурагч нартаа сургалтын төлбөрийн 100 хувь хүртэлх тэтгэлэг олгоно.
Их, дээд сургуульд дөрвөн жил суралцдаг уламжлалт тогтолцоог илүү үр дүнтэй болгох зорилгоор бид энэ төслөө эхлүүлсэн. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд СЭЗИС-д мэргэжлийн боловсрол эзэмшихийн зэрэгцээ Мандал Санхүүгийн Нэгдэл-ийн охин компаниуд болох даатгал, хөрөнгө оруулалтын менежмент, үнэт цаасны чиглэлийн байгууллагуудад ажиллах боломжтой байдаг.
Ихэнх оюутнууд сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарахдаа практик ур чадвараа шинээр эзэмшиж эхэлдэг шүү дээ. Үүнээс болж багагүй хугацаа зарцуулж, ажлын орчиндоо дасан зохицох шаардлага гардаг. Харин бид энэ асуудлыг багасгаж, төгсөөд шууд ажиллах чадвартай, бүтээмж өндөртэй мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байгаа юм.
Жил бүр 1,000 орчим хүүхэд өргөдлөө илгээдэг. Залуусынхаа ирээдүйд бодитоор хувь нэмэр оруулж, суралцахынхаа хажуугаар хөгжих боломжийг нь нээж өгч байгаа учраас энэ төсөлдөө би үнэхээр дурлаж, хамгийн их сэтгэл гарган хийдэг дээ.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Хөрөнгө оруулагчидтай харилцах албаны ахлах менежер А.Даваадорж
Бид Мандал Хуримтлал аппаараа дамжуулан хүмүүст бага багаар, тогтмол хуримтлуулах дадлыг бий болгохыг зорьдог юм. Хамгийн багадаа 1,000 төгрөгөөр хуримтлал эхлүүлэх боломжтой байдаг нь аппын хамгийн онцлог давуу тал. Хэрэглэгч хуримтлалын дансандаа мөнгө хийх бүрд тухайн мөнгөөр бонд, хувьцаа болон мөнгөний зах зээлийн багц бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Энэ бол бидний ажлын хамгийн үнэ цэнтэй хэсэг. Бид хүмүүсийг зөвхөн хуримтлалтай болгоод зогсохгүй, урт хугацааны санхүүгийн зөв дадалтай, хөрөнгө оруулагч иргэн болоход нь тусалж байна.
Ажлын маань хамгийн сайхан тал нь хүмүүсийн ирээдүйн зорилгыг бодит болгож байгаад юм. Тухайлбал, манай хэрэглэгчдийн дунд хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн ирээдүйн боловсролд нь зориулж хуримтлал үүсгэж эхэлсэн залуу гэр бүлүүд олон байдаг. Мөн дөрвөн жилийн турш тасралтгүй, тогтмол хуримтлалаа хийж ирсэн харилцагчид ч бий. Тэдгээр хүмүүсийн зорилго, мөрөөдөл бага багаар бодит болж байгааг харах нь бидний хувьд хамгийн том урам, хамгийн сайхан мэдрэмж.
Мэдээж энэ салбарт бэрхшээлтэй тал ч бий. Монголд хөрөнгө оруулалт, хувьцаа, бондын талаарх ойлголт бүрэн төлөвшөөгүй, хүн бүрд ижил түвшинд хүрээгүй байгаа. Зарим хүмүүс хөрөнгө оруулалтыг эрсдэлтэй зүйл гэж үзэх, эсвэл зөвхөн их мөнгөтэй хүмүүсийн хийх ажил гэж ойлгох нь ч бий. Тиймээс бидний хамгийн том сорилт бол хүмүүст зөв, энгийн ойлголт өгч, урт хугацаанд санхүүгээ зөв удирдах мэдлэг, дадлыг түгээх явдал юм.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Манай Сан дэмжих алба нь Мандал Ассет Менежмент компанийн хөрөнгө оруулалтын сангуудын арын үйл ажиллагааг бүрэн хариуцан ажилладаг чухал нэгж. Бид гүйлгээ, төлбөр тооцоо, бичиг баримтын бүрдүүлэлт, мөн үнэт цаасны брокер, кастодиан болон арилжааны банкууд зэрэг түнш байгууллагуудтай хийх бүх харилцаа холбоог зохион байгуулан ажилладаг юм.
Одоогийн байдлаар бид үйл ажиллагааныхаа автоматжуулалтыг улам боловсронгуй болгох, мэдээллийн аюулгүй байдлын стандартыг чангатгах, харилцагчдад санхүүгийн боловсролыг хялбар хэлбэрээр олгох болон програм хангамжийн хөгжүүлэлт дээр төвлөрөн ажиллаж байна.
Харин цаашдаа бид Мандал Хуримтлалаараа дамжуулан тэтгэврийн реформд бодит хувь нэмэр оруулах зорилготой. Хөдөлмөрийн насны залуус маань өнөөдрөөс тэтгэврийн хуримтлалаа тууштай бүрдүүлснээр ирээдүйд дан ганц улсын тэтгэврээс хамаарахгүйгээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бүрэн боломжтой.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?
Сан дэмжих албаны ахлах мэргэжилтэн Б.Алтанбаяр
Ажлын хамт олон маань ихэвчлэн 35 хүртэлх насны залуучууд бий. Ийм орчинд ажиллахын хамгийн том давуу тал нь харилцан суралцах боломж юм.
Миний хувьд үнэт цаасны салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлага, мөн гаргасан алдаа оноогоо залуучууддаа хуваалцаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд нь тусалж ажилладаг. Харин залуучуудаасаа техник технологийн шинэ хандлага, шинэлэг санаа, мөн аливааг өөр өнцгөөс харах чадвар зэрэг олон зүйлсийг байнга сурч байдаг юм.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Мандал Санхүүгийн Нэгдлээс санаачлан орчуулж, редакторлан гаргасан “Чингис хааны аугаа жанжин Сүбээдэй” номыг санал болгоё. Сүбээдэй жанжин түүхэндээ 65 гаруй том, жижиг тулаанд оролцож, бүгдэд нь ялалт байгуулсан түүхтэй нэгэн. Тэрээр тоо болон хүчний хувьд сул байсан хэдий ч өрсөлдөгчөө сайн судалсны үндсэн дээр стратеги боловсруулж, гайхалтай тактикаар дайснаа дарж байсан юм билээ. Түүний арга барил болоод монголчууд дэлхийн талыг эзэлж байсан гол нууц нь стратеги байсан юм байна гэдгийг уг номоос унших боломжтой. Өдгөө бид дайн тулаанд оролцоод дайснаа дарах агуу төлөвлөгөө боловсруулахгүй хэдий ч өрх гэх, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага бүр өөрсдийн гэсэн стратегийг боловсруулан ажиллах нь өндөр үр дүн гаргах бүрэн бололцоотой гэдгийг ойлгож болно.
Харин кино гэвэл, 2011 онд үзэгчдийн хүртээл болж байсан “Margin Call” гээд бүтээлийг зөвлөх байна. 2008 онд дэлхийн санхүүгийн зах зээл нүсэр хямралд өртөж байсан юм. Уг бүтээл тухайн хямрал эхлэхээс 24 цагийн өмнөх үйл явдлыг дүрслэн харуулдаг учир ихэд сонирхолтой.
Хөгжмийн тухайд B Tamir-ийн “60K” гээд цомгийн дуунуудыг нь санал болгомоор байна.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Мишээл
Анх 2016 онд их сургуулиа төгсөөд банканд теллерээр ажилд орж байлаа. Ажилдаа ороод төдийлөн удаагүй байх үед тухайн хамтарч ажиллаж байсан захирлын маань хэлж байсан үг огт санаанаас гардаггүй юм.
Тэрээр, “Банканд ажиллахад үндсэн ажлаас гадна төвийн нэгж, удирдлагуудаас янз бүрийн нэмэлт ажил их ирнэ. Тэр болгонд миний хийх ажил биш байна гэж хойш суухын оронд, харин ч намайг чадна гэж үзээд энэ ажлыг даалгаж байна гэж бодож хүлээж аваарай. Тэгээд өөрийгөө илүү дайчилж, сайн хийж сураарай” гэж хэлж байсан.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Мишээл
Хүн бүр өөр өөр ажил мэргэжилтэй хэдий ч тодорхой хэмжээнд санхүүгийн мэдлэгтэй байж өрхийн болон хувийн санхүүгээ төлөвлөж удирддаг байх хэрэгтэй. Учир нь зөвхөн өндөр орлоготой байх нь санхүүгийн тогтвортой байдлыг бий болгодоггүй. Хэрэв хүн мөнгөө зөв удирдаж, төлөвлөж чаддаггүй бол хэдий их орлоготой байсан ч санхүүгийн дарамтад орох эрсдэлтэй. Харин нөгөө талдаа тийм ч өндөр орлогогүй байсан ч орлогоо зөв хуваарилж, хэрэгцээтэй зүйлдээ зарцуулж чадвал хуримтлал үүсгэж, ирээдүйдээ хөрөнгө оруулах боломж бүрддэг юм. Тиймээс хувийн болон өрхийн санхүүгээ тогтмол хянаж, мөнгөө хаашаа, юунд зарцуулж байгаагаа ойлгодог байх нь хамгийн чухал.
Дараагийн нэг чухал зүйл нь хуримтлал. Хуримтлалыг аль болох эртнээс эхлүүлэх хэрэгтэй. Гэхдээ хуримтлал эхлүүлэхийн тулд заавал их мөнгөтэй байх шаардлагагүй. Зарим хүмүүс “илүү их мөнгөтэй болчхоод”, “шагнал урамшуулал авахаараа”, эсвэл “сугалаанд хожчихвол” хадгаламжаа эхлүүлнэ гэж боддог талтай. Энэ бол маш буруу ойлголт шүү. Хуримтлал гэдэг нэг дор их мөнгө хийхээс илүүтэйгээр тогтмол дадал болгохыг хэлдэг. Тиймээс ирээдүйнхээ төлөө өнөөдрөөс эхэлж, өөртөө хөрөнгө оруулан хуримтлалын дадлыг бий болгоорой.

Сэтгэгдэл бичих

