Олон улсын боловсролын чанарыг тодорхойлогч “PISA-2022” үнэлгээгээр Монгол сурагчдын унших, бичих чадвар Азийн дунджаас 2.5 жил, олон улсын түвшнээс даруй 5 жилээр хоцорч байгаа гэнэ. Уг тооцооллоос улбаалан хүүхдийн унших, бичих чадварыг сайжруулах, төлөвшүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний ажил хийгээд буй “Нэст Эдүкэйшн” сургуулийн тавдугаар ангийн багш нарыг энэ удаагийн ярилцлагын буландаа онцолж байна.
Тэдний судалгаа нь нэг жилийн турш үргэлжилсэн бөгөөд үр дүнд нь сурагчдын дүгнэлт хийх чадвар 59 хувиас 94 хувь, эх дээр ажиллах чадвар 66 хувиас 75 хувь болтлоо өссөн эерэг үзүүлэлт гарчээ. Энэхүү судалгааны ажил тун удахгүй сургуулийнхаа сургалтын систем бүрэн нэвтрэх аж.
Ингээд тэдний хэрэгжүүлсэн судалгааны онцлох үр дүн, ажлын арга барил, ашигладаг хэрэгслүүд болон эрч хүчээ хэрхэн сэлбэдэг тухай сонирхуулъя.
Байршил: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, Нэст Эдүкэйшн сургуулийн байр
Үйл ажиллагааны чиглэл: Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль
Сошиал хуудсууд: Nest Education IT School (Facebook), nest_education_it_school (Instagram), nhs.edu.mn (web)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Миний багш болсон түүх тун сонирхолтой. Ихэнх хүмүүс ирээдүйн мэргэжлээ эртнээс судалж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн сонгодог бол миний хувьд санамсаргүй тохиолдлоор багшийн сургуульд элсэн орсон юм.
Тухайн үед буюу 1996 онд арван жилийн сургуулиа төгсөөд удаагүй байсан үе л дээ. Эдийн засагч болох хүсэлтэй байсан учир конкурсдээ бэлдээд ид завгүй байв. Гэтэл тэр жил багшийн мэргэжлийн шалгалтыг ерөнхий конкурсээс хоёр сарын өмнө авахаар боллоо. Миний хувьд багш болох ямар ч бодолгүй байсан хэр нь шалгалт өгчихсөн. Зүгээр л өөрийнхөө айдсыг даван туулж, конкурс гэж ямар байдгийг мэдэх төдий өгсөн хэрэг. Гэвч би шалгалтдаа тэнцээд МУБИС-ийн бага ангийн багшийн хуваарийг авчихдаг байгаа.
Элсэлтийн шалгалтын журамд нэгэнт хуваарь авсан хүүхэд дахин өөр шалгалт өгөх боломжгүй байдаг юм билээ. Ийнхүү би багш мэргэжлээр суралцаж, 2000 онд сургуулиа төгсөж байлаа. Өдгөө боловсролын салбарт ажиллаад 24 жилийг үдэж байна. Өөр мэргэжлээр суралцаад, ажиллах бүрэн боломжтой хэдий ч хүүхдүүдтэй ажиллах тусам мэргэжлийнхээ сайхныг мэдэрдэг юм.
2021 онд үүсгэн байгуулагдаад удаагүй Нэст Эдүкэйшн сургуулиас ажлын санал авч, нэгдүгээр ангийг дааж авч байв. Тухайн үед цар тахлын байдал намжиж, сургалтын үйл ажиллагаа дөнгөж хэвийн байдалдаа орж байсан үе. Нэгдүгээр ангийн сурагчдын хувьд хоёр орчим жилийн хугацаанд гэрийн нөхцөлд хөл хорионд байсан тул сургуулийн өмнөх боловсролыг бүрэн эзэмшээгүй, анхан шатны дадал хэвшил сул байх зэрэг асуудлууд тулгарсан. Заах арга зүйгээ хүүхэд бүрийн онцлогт тохируулан шинэчилж ажилласны хүчинд богино хугацаанд төвөггүйхэн ойлголцож чадсан юм.
Өнөөдрийн байдлаар манай сургууль 19 бүлгийн 500 гаруй сурагчтай болсон байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Хичээл өглөө 08:00 цагаас эхэлдэг учир би өглөөг 06:30 цагаас эхлүүлдэг юм. Сургуульдаа ирээд сурагчидтайгаа халуун дулаан мэндчилж, өдрийг угтана. Хичээл эхлэхээс өмнө хүүхэд бүртэй тулж ярилцан, тэдний мэдрэмж, сэтгэл санааны байдалд нь анхаарал хандуулахыг эрмэлздэг. Ингээд 08:30 цагаас давтлагын цаг маань эхэлнэ. Энэ хугацаанд өмнөх өдрийн хичээлээ бататгаж, гэрийн даалгавар шалгаж, ойлгохгүй байгаа зүйлсийг нь тайлбарлаж өгдөг. Ингээд 09:00 цагаас эхлэн тухайн өдрийн хуваарийн дагуу хичээлүүдээ орно.
Хичээлийн дундуур зөвхөн хичээл зааж, чанартай боловсрол олгохоос гадна хүүхдүүдийн дунд үүссэн асуудлыг шийдвэрлэх шаардлага олон гардаг. Хүүхэд л болсон хойно хоорондоо муудалцах, санал зөрөлдөх үе бишгүй. Анги удирдсан багшийн хувьд би эхлээд тэдэнд нэг нэгнээ ойлгох, ярилцаж асуудлаа шийдэх боломжийг олгодог. Хэрэв шаардлагатай бол сургуулийн сэтгэл зүйч, сургалтын менежер болон удирдлагуудтайгаа зөвлөлдөж, асуудлыг оновчтой шийдвэрлэхэд анхаардаг.
Хичээл маань 14:30-аас завсарлана. Гэвч багш хүний ажил үүгээр дуусахгүй. Хичээлээ тарсны дараа маргаашийн хичээлээ төлөвлөх, сурагчдын дэвтрийн үйл ажиллагаатай танилцах, шалгалтын материал засах зэрэг ажлуудаа амжуулна. Мөн төрөл бүрийн сургалт, семинар, хурал зөвлөгөөнд оролцох гээд хийх ажил мундахгүй их бий. Үүнээс гадна хичээлийнхээ хажуугаар дугуйлан хичээллүүлнэ. Ингээд ихэвчлэн оройн 20:00 цагийн орчимд ажлаа дуусгаж байна даа.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Тавдугаар ангийн секцийн хамт олон маань заах арга барилаа илүү нэгдсэн, нэг системтэй байхад түлхүү анхаарч ажилладаг юм. Учир нь багш бүр өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг шүү дээ. Тэрхүү арга барилаа бусадтайгаа хэлэлцэж, харилцан ярилцсаны үндсэн дээр хамгийн сайн арга барилыг олж нээн сурагчдадаа заахыг эрмэлздэг гэсэн үг.
Тэрчлэн бид сургалтын үйл ажиллагаандаа судалгаанд суурилсан арга зүйг ашиглаж байна. Тухайлбал, сурагчдын шалгалтын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийхэд өгүүлбэртэй бодлого бодох чадвар харьцангуй сул байгаа нь ажиглагдсан. Үүнийг сайжруулахын тулд бид өнгөрсөн жилээс эхлэн судалгааны ажил хийж, сурагчид бие даан ажиллахаас илүүтэй багаар хамтран хэлэлцэх арга барилыг туршсан юм. Энэхүү арга зүйг сургалтын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлснээр сурагчдын өгүүлбэртэй бодлого бодох чадвар тодорхой хэмжээгээр сайжирсан эерэг үзүүлэлт ажиглагдсан.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Бага ангийн багш Ш.Дуламсүрэн
Өнөө үед боловсролын салбарт дижитал хэрэгслүүд зайлшгүй шаардлагатай болж байна. Үүнээс улбаалан бид хичээлээ бэлтгэхдээ Microsoft PowerPoint болон Excel, Canva гэсэн програмуудыг ихээхэн ашигладаг. Мөн сүүлийн жилүүдэд хиймэл оюун хэрэглэж сурах хэрэгтэй болоод байгаа. Тиймээс сургуулийн зүгээс багш нараа хиймэл оюун ашиглан ажлаа хэрхэн хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх тухай програмын сургалтуудад тогтмол хамруулдаг юм. Мөн хичээлийн агуулгыг сурагчдад илүү ойлгомжтой хүргэхийн тулд CapCut, InShot зэрэг програмуудыг ашиглаж байна.

Багш хүн ер нь байнга суралцаж, сурагчдадаа үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй гэж би боддог юм. Тиймээс сүүлийн үед солонгос хэл сурч байгаа. Ажлынхаа хажуугаар сургалтад суух боломж тэр бүр байдаггүй учраас солонгос хэлний толь бичгийг ихээхэн ашигладаг. Өдөр тутамдаа үг цээжлэх, утгыг нь харахад их амар санагддаг шүү.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Багш хүний хувьд цагийн менежмент хамгийн чухал. Хичээлээ бэлдэх, даалгавар засах, эцэг эхчүүдтэй холбогдох, бичиг цаасны ажил амжуулах, сургуулийн дотоод уулзалт, арга хэмжээнд оролцох зэрэг хийх ажлууд их бий. Заримдаа төлөвлөөгүй гэнэтийн ажлууд ч гарч ирнэ. Тиймээс хийх ажлаа чухлаас нь эхлэн эрэмбэлж, зөв зохион байгуулах нь цаг хэмнэх хамгийн сайн арга юм.
Үүнээс гадна багаараа хамтарч ажиллах нь ажлыг их хөнгөвчилдөг. Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд ганцаараа толгойгоо гашилгаж суулгүйгээр, хамт олонтойгоо ярилцах нь олон талаас хэлэлцэж, оновчтой шийдвэр гаргахад тусалдаг юм.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Манай сургууль улирал бүрийн эхэнд хийх ажлуудаа тодорхой төлөвлөчихсөн байдаг юм. Сургуулийн зүгээс багш нарын секц, эцэг эхчүүд, тэр байтугай хүүхэд бүрд зориулсан үйл ажиллагааг календарчилсан төлөвлөгөөнд нарийн тусгадаг. Хэн, хэзээ, ямар ажил хариуцах нь тодорхой байдаг учраас ажил цалгардах эрсдэл бага байдаг. Төлөвлөсөн ажлаа удирдамжийн дагуу чанартай гүйцэтгээд, түүнийгээ эцэг эхчүүдэд тайлан хэлбэрээр нээлттэй мэдээлдэг нь манай хамт олны нэг давуу тал юм.
Хувь хүнийхээ хувьд би хийх ажлуудаа долоо хоног болон өдөр тутамд нь нарийвчлан төлөвлөдөг. Гэвч бодит байдал дээр төлөвлөсөн ажлууд амжихгүй байх эсвэл тооцоолоогүй гэнэтийн ажлууд орж ирэх тохиолдол бишгүй гардаг юм. Тиймээс үндсэн төлөвлөгөөгөө мөрдөхийн зэрэгцээ тулгамдсан асуудлыг тухай бүрд нь оновчтой шийдвэрлэх нь менежер хүний нэг чадвар болов уу.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Бага ангийн багш Д.Мөнхцэцэг
Сургууль гэдэг хамгийн гэгээлэг ертөнц байдаг учраас эрч хүчээ сурагчдаасаа л авдаг даа. Өглөө бүр сургуульдаа ирэхэд багш ажилчид, хүүхэд багачууд гээд хүн бүр уриалгахан мэндэлж угтах нь өдрийг сайхнаар эхлүүлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Хүүхдүүдийн гэнэн цайлган инээмсэглэл, багшийгаа хүндэтгэх хандлагаас нь их урам, эрч хүч мэдэрдэг.
Манай сургуульд баасан гараг бүр “Тэврэлтийн өдөр” болдог уламжлалтай. Хичээл тарсны дараа хүүхдүүд маань “Энэ долоо хоногт чи их хичээсэн шүү” гэж нэгнээ урамшуулан, найзуудтайгаа болон багштайгаа халуун дулаанаар тэврэлддэг. Баасан гараг болохоор л хүүхдүүд “Өнөөдөр тэврэлтийн өдөр шүү дээ” гээд л нэг нэгэндээ хамгийн гоё урмын үгээ хэлж, инээд хөөр болон тэврэлдэж байгаа нь үнэхээр хөөрхөн санагддаг юм. Үүнээс сурагчид гэлтгүй багш нарын хувьд ч том урам зориг болдог.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би багаасаа л спортод дуртай хүүхэд байсан. Тэр дундаа волейбол болон шатрын спортод их сонирхолтой. Аав, ээж маань шатар их тоглодог байсан юм. Би түүнийг нь харсаар байгаад цэцэрлэгт байхдаа л шатар тоглоод сурчихсан. Ингээд Нэст Эдүкэйшн сургуульдаа орж ирээд хүсэл сонирхлынхоо дагуу хүүхдүүдэд өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах зорилгоор шатрын дугуйлангаа нээсэн билээ. Өдгөө таван жил болж байна.
Шатрын спортоор хичээллэх нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээ болон асуудлыг олон талаас нь харах чадварыг хөгжүүлэхэд их чухал нөлөөтэй. Тиймээс өөрийн хийх дуртай зүйлээрээ дамжуулан сурагчдынхаа танин мэдэхүй, хувь хүний төлөвшилд эерэг нөлөө үзүүлж буйдаа их баяртай байдаг.
Харин волейболын спортоор бага ангиасаа эхлэн хичээллэсэн. Мөн сургуулиа төлөөлөн хоёр ч удаа дүүргийн тэмцээнд оролцон аварга авч байсан удаатай.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хүүхэд бол яг л цав цагаан цаас шиг. Тэр цаасан дээр юу бичигдэх, ямар өнгөөр будагдах нь ихэвчлэн багшаас шалтгаална. Бага ангийн багшийн хувьд хүүхдийн суралцахуйн хамгийн анхны суурийг тавьж өгдөг учир маш хариуцлагатай мэргэжил. Уншиж, бичиж, бодож сурахаас гадна хүүхэд өөртөө итгэх, бусадтай харилцах, асууж сурах, алдаанаасаа айхгүй байх, суралцахад дуртай болох хандлагын суурь энэ үед бүрэлддэг. Манай сургууль хүүхдийн академик ахицаас гадна хандлага, харилцаа, өөртөө итгэх итгэл, бүтээлч оролцоог чухалчилдаг. Тиймээс бага ангийн багшийн ажил хичээлийн агуулга заахаас гадна хүүхэд бүрийг ажиглах, ойлгох, дэмжих өдөр тутмын нарийн үйл явц байдаг юм.
Харин багшаар ажиллахын хамгийн сайхан тал нь сурагчдынхаа ахиц амжилтыг харах болов уу. Анх сургуульд орохдоо үсгээ ч бүрэн таниагүй байсан хүүхэд аажмаар уншиж, бичиж, өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлж сурч байгааг харах бахдам санагддаг юм. Заримдаа хүүхдүүд өөрт тохиолдсон баяр, гуниг, гэр бүлийнхээ тухай хүртэл багшдаа илэн далангүй ярьдаг. Үүнээс нь багшдаа хэр их итгэж буй нь харагддаг юм.
Мэдээж бэрхшээлтэй тал бий. Бага насны хүүхдийн анхаарал төвлөрөл богино, суралцах хурд, зан төлөв, гэр бүлийн орчин харилцан адилгүй. Тиймээс хүүхэд бүрд тохирох арга барилыг хайх, хичээлээ сонирхолтой, ойлгомжтой байдлаар заах нь багагүй тэвчээр, хүчин чармайлт шаарддаг талтай. Нөгөөтээгүүр, эцэг эхчүүдтэйгээ харилцахад багагүй сорилтууд гарах нь бий. Гэсэн хэдий ч эцэг эхчүүдтэйгээ байнгын харилцаатай байхыг эрмэлздэг учир тийм ч том асуудал гараад байдаггүй.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоогоор бид тавдугаар ангийн сурагчдын унших чадварыг бодитой үнэлж, сайжруулах тал дээр анхааран ажиллаж байна. Манай сургууль багш нарынхаа дунд жил бүр “Хувьсаж буй боловсрол, хүүхэд хөгжил” гэсэн нэртэй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлал тогтоод буй. Үүнд манай багийнхан PISA загварт суурилан хүүхдүүдийн унших чадварыг дүгнэн, сайжруулах судалгааны ажил хийсэн юм.
Монгол Улс 2022 онд PISA олон улсын шалгалт өгч байсан юм билээ. Тус шалгалтыг өгснөөр монгол хүүхдүүдийн унших, бичих чадвар нь Азийн үнэлгээнээс 2.5, олон улсын үнэлгээнд 5 жилээр хоцрогдож явж байна гэсэн үр дүн гарсан. Тийм ч учраас бид энэ сэдэв рүү төвлөрч, нэг жилийн хугацаанд тавдугаар ангийн сурагчдад судалгаагаа хийсэн. Тийнхүү эрдэм шинжилгээний хуралдаа амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ.
Судалгааны үр дүнд хүүхдүүдийн дүгнэлт хийх чадвар 59 хувиас 94 хувь, эхэд тулгуурлан даалгавар гүйцэтгэх чадвар 66 хувиас 75 хувь болж ахисан үзүүлэлттэй байна. Тиймээс энэ арга барилыг цаашдын сургалтдаа тусган, сургуулийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?
Бага ангийн сургалтын менежер, багш Д.Ундармалцэцэг
Би сүүлийн тав гаруй жилийн хугацаанд сургалтын менежер хэмээх хариуцлагатай албыг хашиж байна. Бага ангийн багш байхдаа голчлон хүүхдүүдтэй ажиллаж, тэдний онцлогт тохируулан хичээлээ зааж, зөвлөдөг байсан бол менежер болсноор багш нартайгаа хамтран ажиллах, тэднийг чиглүүлэх, удирдах шаардлага тулгарсан.
Хүүхэдтэй ажиллах, насанд хүрсэн хүнтэй ажиллах хоёр тэс өөр арга барил шаарддаг юм билээ. Тэр дундаа мэргэжил нэгтнүүдээ удирдан чиглүүлж байгаа учраас өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, шинэ зүйлд суралцах зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс ажлынхаа хажуугаар хувийн менежмент болон хувь хүний хөгжлийн сургалтуудад тогтмол хамрагдаж, ур чадвараа ахиулахыг хичээдэг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Бага ангийн багш Л.Жавзандолгор
Ричард Бахын “Жонатан Ливингстон хэмээх цахлай” гэх номыг санал болгоё. Хүн өмнөө тавьсан зорилгодоо тууштай байж, хэн ч юу ч гэж хэлсэн тоохгүй, өөртөө итгэж чадвал юуг ч хийх боломжтой гэдгийг цахлайн түүхээр дамжуулан харуулсан нь гүн сэтгэгдэл үлдээсэн. Тийм ч учраас өөртөө эргэлзэж буй эсвэл өөрийнхөө төлөө цоо шинэ алхам хийхээр төлөвлөж буй хэн бүхэн энэхүү номыг шимтэн уншаарай.

Харин киноны тухайд Өмнөд Солонгосын “Сэргэлэн охин Ян Сун” киног үзэх дуртай. Гол дүрийн охин маш сэргэлэн цовоо нэгэн. Өөрт нь тулгарч буй ямар ч саад бэрхшээлийг тун хөнгөнөөр даван туулж чаддаг нь ихэд таалагддаг.
Сэтгэл зүйн байдлаасаа хамаарч өөр өөр дуунууд сонсдог. Сүүлийн үед турк дуунууд их сонсож байна. Харин шантарсан, урам зориг хэрэгтэй байгаа үедээ Австралийн дуучин Sia-ийн “Unstoppable” дууг сонсдог юм.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Бага ангийн багш Д.Мөнхцэцэг
Багшаар ажиллаж эхлээд удаагүй байх үед сургуулийн захирал маань надад хэлж байсан юм. Тэрээр “Багш хүн сурагчдынхаа итгэлийг олж авах нь хамгийн чухал. Хүүхдүүд багшаасаа айж, эмээх биш, харин өөрийн мэдрэмж, бодол сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлдэг байх ёстой. Ямар ч зүйл тохиолдсон, тэд хамгийн их итгэдэг хүндээ л нээлттэй хуваалцдаг. Тиймээс сурагчдынхаа итгэлийг дааж, ойлгож хандах хэрэгтэй” гэж захисан. Тухайн үед залуу багш байсан болоод ч тэр үү, энэ үгэнд төдийлөн ач холбогдол өгөөгүй юм. Өдгөө би багш мэргэжлээрээ ажиллаад 16 жилийн нүүрийг үзэж буй. Жил ирэх тусам л энэ үгийн утга учрыг илүү их ойлгож, суралцаж байна даа.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Би боловсролын салбарт ажиллаад зургаан жил болж байна. Энэ хугацаанд хүүхдийг ажиглах нь хамгийн чухал гэдгийг зүйл ойлгосон. Багш, эцэг эх, асран хамгаалагч ч бай хэн бүхэн хүүхдээ маш сайн ажигладаг байгаарай. Учир нь хүүхэд өөрт нь тулгарч буй асуудлаа хэлж чадахгүй бол үйлдлээрээ их үзүүлдэг юм билээ. Жишээ нь, нүдний харц. Хүүхдийн харцыг анзаарахад л тухайн үед ямар сэтгэлзүйтэй байгааг нь мэдрэх боломжтой. Хэчнээн завгүй байсан ч хэдхэн минут цаг гаргаад хүүхдээ анхаарч, ажиглаж, сонсож байгаарай. Магадгүй ирээдүйд гарч болзошгүй сөрөг үр дүнгээс сэргийлж ч болох юм шүү.

Сэтгэгдэл бичих

