Бид энэ удаагийн “Бид хэрхэн ажилладаг вэ” ярилцлагын буландаа уул уурхай, эрдэс баялгийн салбарт түүчээлэн ажиллаж буй, Монголын шилдэг 100 татвар төлөгч аж ахуйн нэгжийн нэг, баялаг бүтээгчдийн томоохон төлөөлөл Саусгоби Сэндс компанийн хамт олныг онцолж байна.
Тус байгууллага нь 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт, Нарийнсухайтын бүлэг орд, Овоот Толгой нүүрсний уурхайд олборлолт явуулж буй Монголын нүүрсний экспортын голлох тоглогчдын нэг. Тэд 2025 онд нийт 11.09 сая тонн нүүрс экспортлон гаргасан нь Монгол Улсын нийт нүүрсний экспортын 14%-ийг, Шивээхүрэн-Сэхээ боомтоор гарсан нүүрсний 34%-ийг дангаар бүрдүүлсэн гэсэн үг юм.
Ингээд тус байгууллагын замнал, салбарын онцлог давуу тал болоод баг хамт олонтой нь илүү ойроос танилцъя.
Байршил: Өмнөговь аймаг, Овоот толгой уурхай
Үйл ажиллагааны чиглэл: Нүүрс олборлолт, худалдаа борлуулалт
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би 2017 онд Украины Үндэсний уул уурхайн сургуулийг ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн юм. Тэгээд “Их говь энержи” нүүрсний ордоос ажлын гараагаа эхэлж байлаа. Улмаар 2022 оноос Саусгоби Сэндс компанидаа ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө төлөвлөлтийн ахлах инженер албан тушаалыг хашиж байна. Төлөвлөлтийн хэлтсийг хүнтэй жишвэл уурхайн уураг тархи нь гэж хэлж болохуйц чухал хэсэг. Тиймдээ ч би уурхайн үйл ажиллагааны оновч, үр ашгийг тооцож, богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулан, техник тоног төхөөрөмжийн хөдөлгөөн, ашиглалтыг уялдуулж ажилладаг юм.
Саусгоби Сэндс бол миний ажиллаж буй гурав дахь уурхай. Одоогоор уурхайд маань нийт 70 экскаватор, 400 өөрөө буулгагч болон 150 туслах тоног төхөөрөмж бий.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ажлын нэг өдөр тасралтгүй 12 цаг үргэлжилдэг тул өглөө ажлаа маш эрт эхэлнэ. Тухайлбал өглөөний 06:20-оос ажлын зааварчилгаа эхэлж, тухайн өдрийн ажлын төлөвлөгөө, ажлын хуваарилалтаа гаргадаг. Ингээд 07:00 цаг гэхэд уурхайд ирж ажлаа эхлүүлнэ дээ. Уулын мастер талбай дээр хяналт тавьж ажилладаг учраас уурхайгаа шалгана, зам талбайгаа харж мөн экскаваторууд төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгана. Үүнээс гадна инженерээс авсан даалгаврын дагуу операторууддаа чиг үүрэг өгч, техникүүдээ хариуцаж ажилладаг гэхчлэн олон зүйлийг хийж амжуулсаар оройн 19:00 гэхэд ээлжээ хүлээлгэн өгч, ажлаа дуусгадаг юм.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Одоогоор уурхайд маань нийт 750 гаруй ажилчин бий. Үүн дээр гэрээт байгууллагуудын ажилчид нэмэгдээд чамгүй олон хүн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байна. Ийм олон хүн, техник нэг дор ажиллаж байгаа учраас аюулгүй ажиллагааг өдөр тутамдаа анхаарч, гарч болох эрсдэлийг урьдчилан харах нь чухал. Нэг л аюултай тохиолдол гарахад ажилтны эрүүл мэнд, амь наснаас эхлээд техник тоног төхөөрөмж, цаашлаад уурхайн үйл ажиллагаанд ч нөлөөлөх эрсдэлтэй.
Тиймээс би ажлаа хийхдээ тухайн жилийнхээ зорилго, зорилтыг тодорхой тавьж ажиллахыг эрмэлздэг юм. Мөн өмнөх жилүүдийн үзүүлэлтүүдээ хараад ямар асуудал дээр илүү анхаарах хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлно. Жишээлбэл, аюулын мэдээллийг хэдэн хувиар бууруулах вэ, аюултай тохиолдлын давтамжийг хэрхэн багасгах вэ, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх эрсдэлийг яаж бууруулах вэ гэх мэт тодорхой зорилт тавьдаг. Дараа нь тэр зорилтдоо хүрэхийн тулд ямар ажлууд хийх шаардлагатай вэ гэдгээ төлөвлөж, хэрэгжилтийг нь тогтмол хянаж ажилладаг нь миний ажлын гол арга барил.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Миний хувьд тогтсон нэг газраасаа байнга ажиллах боломж байдаггүй. Оффис болон уурхай дээрээ ээлжилж ажилладаг болохоор ажилчдынхаа компьютер руу хандах боломжтой Desktop, AnyDesk гэх аппуудыг ашигладаг юм. Би бүх талбай дээр очиж ажиллах боломжгүй шүү дээ. Тиймээс хаана ажиллаж байгаагаас үл хамааран ажилчдынхаа компьютерт нэвтэрч, шаардлагатай үед асуудлыг нь шалгаад, тусламж үзүүлэх боломжтой байдаг нь их давуу талтай.
Мөн сүүлийн үед Claude, Google Gemini, ChatGPT зэрэг хиймэл оюуны чатботуудыг хэрэглэдэг болоод байгаа. Яаралтай судалгаа хийх, мэдээлэл боловсруулах, дата анализ гаргах зэрэг ажлуудад их дөхөм болдог. Хамгийн гол нь цаг хэмнэж, хэрэгтэй мэдээллээ богино хугацаанд олж авахад тусалдаг болохоор өдөр тутамдаа тодорхой хэмжээгээр ашигладаг юм.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга бол төлөвлөлт. Багийнхантайгаа ярилцаад долоо хоногийн ажлаа урьдчилж төлөвлөдөг юм. Мөн өдөр тутамд хийх ажлуудаа эхнээс нь эрэмбэлж, цэгцтэй бичээд төлөвлөчихнө. Ингэснээр тухайн өдөр юу хийх, аль ажлаа түрүүлж амжуулах вэ гэж бодож цаг алдахгүй.
Манай хэлтсийн ажил хоёр улсын хооронд хийгдэж байгаа худалдаатай холбоотой учраас алдаа гаргах ямар ч эрхгүй. Ганц үсэг, тоо зөрөхөд л гаалийн бүрдүүлэлт дээр асуудал үүснэ. Тиймээс ажлаа аль болох хурдан дуусгая гэж бодохоос илүүтэй зөв, чанартай хийхийг хичээдэг дээ. Бичиг баримт, тоо мэдээллээ тухай бүрд нь сайн нягталчихвал дараа нь алдаагаа засах гэж дахин дахин харах шаардлагагүй болно.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Уурхай маань 24 цагаар ажилладаг учир мейл, худалдан авалттай холбоотой хүсэлт, захиалга мэйлээр байнга ирж байдаг. Тиймээс өглөө ажилдаа ирээд эхний нэг, хоёр цагт компанийн дотоод систем болон мэйлээр ирсэн захиалгуудтайгаа танилцаж, юу яаралтай вэ, ямар ажлыг түрүүлж хийх вэ гэдгээ эрэмбэлдэг юм.
Манай хэлтэс худалдан авалтын зөвшөөрлүүд дээр үндэслээд хэрэгцээ шаардлагатай бараа бүтээгдэхүүн юу байна, ямар хэрэгцээ байна гэдгийг тодорхойлж, баталгаажуулсны дараа үнийн судалгаа авдаг. Дараа нь үнийг нь харьцуулж, эх үүсвэрийг нь тодорхойлоод бараагаа захиална. Захиалсан бараагаа шалгаж хүлээж аваад, хэрэглэгчдэд түгээх гээд хийх ажил их бий. Тиймээс долоо хоногийн эхний өдрүүдэд буюу даваагаас лхагва гарагт үндсэн ажлуудаа түлхүү амжуулахыг хичээдэг. Харин гаднын байгууллага, нийлүүлэгчидтэй холбогдох, бусад байгууллагатай хамтран шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа долоо хоногийн сүүл хэсэгт буюу Пүрэв, Баасан гарагт багтаах зэргээр ажлаа төлөвлөж байна даа.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Манай кемп амралтын цагаа ая тухтай өнгөрөөх бүхий л боломжоор хангагдсан орчин, спорт танхимуудтай. Өглөө 06:00-10:00 хооронд, орой 18:00-22:00 цаг хүртэл ажиллах фитнес, ширээний теннис, дартс, биллиард, шагайн харвааны танхимууд бий. Тиймээс ажлынхаа хажуугаар эдгээр танхимаа ашиглан, спортоор хичээллэн, хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг.
Би өөрөө залуудаа анхны дээд лигт тоглодог байсан болохоор одоо ч тэр сагс тоглож хөлсөө гаргах дуртай. Манай компани ч тэр сагсны шигшээ багтай болохоор мундаг тоглодог залуус олон бий.
Мөн чөлөөт цагаараа гадуур алхах дуртай. Алхаж явахад ажлын ачааллаа мартаж, толгойгоо бага ч гэсэн амрааж чаддаг юм шиг санагддаг. Өглөө ажил руу явах автобус 06:30 цагт хөдөлдөг учраас миний хувьд аль болох эрт унтаж, сайн амрах нь эрч хүчээ сэлбэх хамгийн чухал зүйлсийн нэг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Бидэнд амралтын 14 хоног байдаг учраас тэр үеэ хобби, сонирхолдоо зориулахыг хичээдэг юм. Тухайлбал, 2014 оноос эхлэн би Биологийн хүрээлэн болон Лондонгийн амьтан хамгаалах нийгэмлэгийн хэрэгжүүлж буй төслүүдэд судалгаа шинжилгээний ажил хийж байна.
Биологийн шинжлэх ухаан өөрөө хэзээ ч дуусашгүй, үргэлж шинэ зүйл нээж, судалж байдаг салбар. Миний хувьд энэ салбарын талаар ихээхэн сонирхдог байсан болохоор багш нараасаа асууж, ийм төсөл, хөтөлбөрүүдэд оролцож эхэлсэн.
Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал, 2014-2016 оны хооронд гурван жил дараалан Увс аймгийн том хөхтөн амьтдын судалгааг хийж, бүрэн судалж дуусгасан. Мөн 2015 онд Амьтан хамгаалах, судлах төвтэй хамтран Монголд анх удаа цагаан тогоруу барьж, судалж байв. Түүнчлэн 2015-2016 онд Биологийн хүрээлэнтэй хамтран Монгол орны үлийн цагааны генетикийн судалгааг хийх ажилд оролцож байлаа.
Харин хамгийн сүүлд буюу энэ оны долоодугаар сард Богдхан уулнаас тарвага барьж, Дорнод аймагт нутагшуулаад байна. Шувуу, амьтан ажиглах, зургийг нь дарах зэрэг байгаль, ан амьтантай холбоотой судалгаа, ажлууд надад сонирхолтой байдаг учир энэ ажлаа хийхдээ их дуртай.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Геологич мэргэжлээр ажиллахын хамгийн сайхан тал нь байгаль, газар нутгийн онцлогийг судалж, тэр бүр хүмүүсийн мэдээд байдаггүй зүйлийг таньж мэдэхийн сацуу хийсэн ажлынхаа үр дүнгээр улс орны эдийн засаг, хөгжил болон орон нутгийн иргэдийн амьдралд бодитой хувь нэмэр оруулах боломжтой байдагт болов уу. Бид чинь тухайн газар нутагт ямар ашигт малтмал байгааг судалж, нөөц нь хаана, хэр хэмжээтэй, ямар чанартай байгааг тогтоодог. Ингэж тогтоохын тулд удаан хугацааны турш судалгаа хийж, чулуулаг болон өрөмдлөгөөс дээж авч шинжилнэ. Дараа нь гарсан үр дүнгүүдээ нэгтгэж, тухайн ордын талаар илүү сайн ойлгож авдаг.
Нэг ёсондоо бидний авсан дээж, цуглуулсан мэдээлэл бүр чухал гэсэн үг. Тэдгээр мэдээллийг дараа нь тухайн ордын нөөцийг тогтоох, уурхайн ажлыг төлөвлөхөд ашигладаг. Тиймээс бид хийж байгаа ажлаа анхааралтай, нягт хандан ажилладаг юм.
Мэдээж бэрхшээлтэй тал бас бий. Хээрийн ажил ихтэй учраас цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах үе гарна. Гэр бүлээсээ хол, олон хоног талбай дээр ажиллах шаардлагатай болдог. Удаан хугацаагаар хээр ажиллах нь бие махбодын төдийгүй сэтгэлзүйн хувьд тэвчээр шаарддаг мэргэжил шүү. Гэсэн ч энэ бүхэн ажлын маань нэг хэсэг, онцлог учраас дасан зохицоод ажиллаж байна даа.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Миний хувьд ажлын байрны бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл явцыг хариуцан ажилладаг. Одоогоор манайд нээлттэй ажлын байр нэлээд хэд бий. Тиймээс шаардлагатай ажлын байруудаа аль болох хурдан хугацаанд тохирох мэргэжилтнээр бүрдүүлэхэд анхаарч байна.
Ялангуяа нарийн мэргэжлийн болон инженер, технологийн чиглэлийн мэргэжилтнүүд, хятад хэлтэй ажилчдын хэрэгцээ нэлээд их. Уул уурхайн салбарт эдгээр мэргэжилтнүүдийн эрэлт өндөр байдаг ч шаардлагатай мэдлэг, ур чадвар, ажлын туршлагатай хүн харьцангуй цөөн. Түүнчлэн сүүлийн жилүүдэд инженер, технологийн чиглэлээр их, дээд сургууль төгсөж байгаа залуусын тоо ч буурсан байна лээ.
Ер нь уул уурхай гэлтгүй нийт салбарын хувьд хүмүүс ажлаас гарах, ажлаа солих тохиолдол их байна. Тиймээс хүний нөөцийн зүгээс сул орон тоогоо нөхөхөөс гадна ажилтнуудаа тогтвортой ажиллуулах тал дээр анхаарч байгаа. Мөн ахлах мэргэжилтнүүдээ манлайлах, бусдыгаа чиглүүлэх ур чадварт сургах, ажилтнуудаа лидер хөгжлийн хөтөлбөрүүдэд хамруулах, ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Шинээр ажилд орж байгаа хүмүүсээ шинэ орчиндоо хурдан дасан зохицож, ажлаа ойлгож авахад нь дэмжлэг үзүүлэхэд ч анхааран ажиллаж буй.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?

Би компанидаа ажиллахаас өмнө Дарханы политехник коллежид багшилдаг байсан юм. Харин уурхайд орсноос хойш анхнаас нь суралцах зүйл их байсан тул ажил маань өөрөө надад өсөж дэвших бололцоог бий болгосон гэж хардаг. Ажиллах хугацаандаа мэргэжлийн ахисан түвшний сургалт, семинарт цаг гарган сууж, суралцахыг зорьдог юм. Сурч, сонссон бүхэн маань ажлын талбар дээр үр дүнгээ өгөхийг харах нь ч сайхан байдаг шүү. Одоогоор би Дархан-Уул аймаг дах Технологийн сургуульд цахилгаан системийн чиглэлээр магистраар сурч байна.
Нөгөөтээгүүр, спортоор хичээллэх дуртай. Сагс, биллиард тоглох сонирхолтой, сүүлийн үед дартсаар хичээллэж байгаа. Манай уурхайд хэлтэс хоорондын спортын тэмцээнүүд тогтмол зохион байгуулдаг юм. Сагс, волейбол, теннис, дартс, шатар, биллиард зэрэг олон төрлөөр өрсөлддөг болохоор тэр тэмцээнүүдэд идэвхтэй оролцохыг хичээдэг. Ялангуяа дартсаар сайн хичээллэж, цаашдаа тодорхой амжилт гаргах зорилготой.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Жеймс Клирийн “Atomic Habits” номыг санал болгоё. Өдөр тутмын жижиг дадал зуршил хүний амьдралд ямар их өөрчлөлт авчирч болдгийг тун энгийнээр тайлбарласан учир хэн ч уншихад тохиромжтой. Өөрийгөө хөгжүүлэх, өсөж дэвших хүсэлтэй ч яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүс хамгийн эхний сонирхож харах бүтээл.
Харин кино гэвэл 2015 онд үзэгчдийн хүртээл болж байсан “The Intern” киног санал болгомоор байна. Ажлын орчинд өөр өөр үеийн хүмүүс хамтран ажиллах үед ойлголцлын зөрүү гарах нь бий. Тэгвэл уг бүтээл үе хоорондын ялгаа, бие биеэ ойлгож хүндлэх, ажил амьдралын тэнцвэр зэрэг тун хөнгөнөөр, хөгжилтэй дүрслэн харуулсан байдаг нь их таалагддаг.
Хөгжмийн хувьд сүүлийн үед Avicii-ийн “Wake Me Up” дууг их сонсож байгаа. Энэ дууг сонсохоор нэг л эрч хүч орж, ажил хийхэд хүртэл урамтай болчихдог. Ялангуяа өглөө сонсоход өдрийг сайхан эхлүүлэхэд их тохиромжтой санагддаг.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Уурхайд ажилд ороод удаагүй байх үед багш маань “Ямар ч ажлыг хийсэн чанартай, сайн хий. Мөн бусдад эрсдэл учруулахгүй, аюулгүй ажиллагаагаа маш сайн баримтлах хэрэгтэй. Хамгаалал хэрэгслээ бүрэн зүүж хэвших, тоног төхөөрөмжийнхөө үзлэг шалгалтыг сайн хийж ажиллаарай” гэж захидаг байсан юм. Уурхайд ажиллаж байгаа хүний хувьд аюулгүй ажиллагаа хамгийн чухал гэдгийг тэр үеэс л ойлгосон. Одоо би үүнийг залуустаа захидаг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Би Саусгоби Сэндс компанидаа 2002 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, байгууллага маань анх үүсэж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас нь өнөөдрийг хүртэлх өсөлт хөгжил, ололт амжилт, алдаа оноо бүхнийг нь хамт туулсан ахмад ажилчдын нэг. Өдгөө 24 жил тууштай ажиллажээ.
Ер нь нэг газраа удаан, тууштай ажиллах нь байгууллагынхаа онцлог, хамт олон, ажлын арга барилыг илүү сайн ойлгож, хуримтлуулсан арга мэдлэгээ бусдад хуваалцах, зөвлөх, дараагийн үедээ туршлагаасаа өвлүүлэх гээд олон талын давуу талтай. Гэтэл сүүлийн жилүүдэд залуус нэг газраа удаан ажиллах хүсэлгүй болжээ. Мэдээж хэрэг олон газраар явж, олон хүмүүстэй танилцаж, төрөл бүрийн аргаар ажиллах нь буруу биш л дээ. Гэхдээ нэгэнт ажилд орсон бол хэдхэн сар болоод шууд гарах биш, ядаж тухайн ажлаа ойлгож, байгууллагынхаа орчин, ачаалал, хүмүүсээ таньж мэдтэл нь ажиллаж үзээсэй гэж боддог. Заримдаа ажил эхэндээ хэцүү санагдаж болно. Тэр болгонд шантраад байвал өөрийгөө хөгжүүлэх, туршлага хуримтлуулах боломжоо алдах талтай.
Мөн уурхай гэхээр өндөр цалинтай, боломж ихтэй мэт санагддаг байх. Гэвч энэ бүхний цаана маш их тэсвэр тэвчээр, хариуцлага байдаг юм шүү. Гэр бүлээсээ хол, хөдөө хээр ажиллах, 14 хоногийн ээлжээр ажиллах зэрэг амаргүй зүйл олон бий. Тиймээс нэгэнт энэ салбарт ажиллахаар шийдсэн бол хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ хийж, тэвчээртэй, тууштай байгаарай.
Сэтгэгдэл бичих

