“Би хэрхэн ажилладаг вэ?” цуврал ярилцлагын энэ удаагийн дугаарт сүүлийн 10 жил мэдээлэл, технологи, системийн инженерчлэлийн салбарт ажиллаж буй Tus Solution ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярцэнгэл оролцлоо. Тэрээр мөн нийгмийн олон салбарт тулгамдаад буй асуудалд шийдэл олохыг зорин ажилладаг “Залуу судлаачдыг дэмжих сан“-гийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд сүүлийн жилүүдэд салбар бүрийн томоохон асуудалд системийн инженерчлэлийн аргачлалыг ашиглан үр дүнтэй шийдэл олохоор ажиллаж буй. 

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 12/1, Колорадо бизнес төв

Эрхэлдэг ажил: Гүйцэтгэх захирал

Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro

Хэрэглэдэг компьютер: Galaxy tab S7

1. Таны мэргэжлийн замналаас бид юуг мэдэх ёстой вэ?  

Би одоо IT-гийн байгууллагад ажиллаж байгаа хэдий ч эзэмшсэн салбар маань бизнесийн удирдлага. 2014 онд Санхүүгийн менежментийн чиглэлээр сургуулиа төгсөж, КТМС-ийн сүүлийн төгсөлт болж байлаа. Одоо бол КТМС маань ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль болчихсон байгаа. Сургуулиа төгсчхөөд хамгийн анх “Mongolian Investment Holding Group”-ээс ажлын гараагаа эхлүүлж байсан юм. Тухайн үед тус байгууллагын зорилго нь их таалагдсан болохоор ажлын гараагаа тэндээс эхлүүлье гэж шийдсэн. Зорилго нь “Хэрэглэгч, ажилтан харилцан үнэ цэн бүтээнэ” гэж байсан. Одоо тэр байгуулга маань шинэчлэлт хийгээд “Gund Investment Holding” нэртэй болсон. Энэ бол “Tus Solution”-ий маань толгой байгуулга юм. Тэгэхээр би яг энэ байгууллагад тасралтгүй 10 жил ажиллаж байна хэлж болно.

Миний мэргэжлийн замналын хамгийн гол онцлог нь бизнесийн удирдлагаар сургуулиа төгссөн мөртөө тухайн үедээ олон хүний мэддэггүй байсан цоо шинэ системийн инженерчлэлийн аргачлал гэдэг ойлголттой танилцан, түүнийгээ байгууллагуудад нэвтрүүлсэн явдал маань болов уу. Системийн инженерчлэлийн аргачлал гэдэг нь технологийн томоохон байгууллагууд болох NASA, АНУ-ын Батлан хамгаалах яам зэрэгт өргөн ашиглаж пуужин, саран дээр явдаг, жолоочгүй машин зэргийг бүтээхдээ хэрэглэдэг чухал аргачлал. Яг энэ аргачлалыг хэрэглэн менежментийн бүтээгдэхүүн бүтээхээр зорин ажиллаад түүндээ хүрч байгууллагуудад нэвтрүүлж чадсан.


 
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Ажлын дундаж өдөр ихэвчлэн уулзалтууд хооронд л урсаж өнгөрдөг. Өглөө ажилдаа 8:30 гэж ирээд хамгийн түрүүнд ажлынхаа цаглаврыг нээж харна. Цаглавартаа тухай бүрийн уулзалтуудаа төлөвлөчихсөн байдаг. Уулзалтууд маань ерөнхийдөө хоёр төрлийн. Нэг нь багийнхантайгаа хийдэг уулзалт. Үүнд технологийн шийдвэр, дизайн, бүтээгдэхүүн зэрэг хамаатай. Нөгөө нь гадагшаа чиглэсэн уулзалтууд буюу борлуулалт, хамтын ажиллагаа хамаарна. Уулзалт тус бүрийнхээ хооронд дунджаар 10 орчим минутын зай гаргаж, тэр хугацаандаа дараагийнхаа уулзалтдаа бэлтгэдэг. Товчхондоо ажлын өдрийн 80 хувь нь уулзалтуудад зарцуулагддаг. Өдөрт дунджаар 8-12 уулзалттай. Үлдсэн цагтаа байгуулгаа төлөөлж яриа, танилцуулга, илтгэл тавих, түүндээ бэлддэг юм байна.

3. Таны ажлын арга барил?  

Сайн төлөвлөх гэж хэлж болно. Миний бодлоор хүн ер нь ямар ч хэцүү ажил байсан даваад, амжилттай гүйцээж чаддаг. Харин тодорхойгүй ажил дээр л гацчихдаг болов уу. Саяхан нэг сонирхолтой судалгаа олж уншсан юм. Судалгаанд орсон хүмүүст цахилгаан цохидог товчлуур үзүүлээд цахилгаан цохих магадлал 90 хувьтай гэж хэлэхэд хүмүүс ямар ч бухимдалгүй тухайн товчлуурыг дараад байж. Цахилгаан цохих магадлалыг 50 хувь болгоход тог цохих эрсдэл нь буурсан хэдий ч гарах үр дагавар нь тодорхойгүй болсон тул хүмүүсийн бухимдал илүү нэмэгдсэн байдаг. Тэгэхээр аливаа зүйл тодорхой байх нь л хамгийн чухал. Хийх ажлаа тодорхой болгоход сайн төлөвлөгөө тун чухал. Ажил, даалгавар тодорхой байхад хүн бага санаа зовдог, бага бухимддаг. Тийм болохоор хамгийн их санаа зовж байгаа ажлаа л хамгийн сайн төлөвлөх учиртай.



Би ажлаа төлөвлөхдөө ихэвчлэн байгууллагынхаа TUS D+ платформыг ашигладаг. Манай платформыг ажлын төлөвлөгөөний платформ гэж хэлж болно. Бид нар байгууллагынхаа жилийн төлөвлөгөөгөө эхэлж гаргадаг юм. Тэгээд зорилтоосоо хамаараад тухайн төлөвлөгөөгөө долоо хоногт хуваарилан тухайн долоо хоногийнхоо хийх ажлын жагсаалтыг гаргадаг. Түүнийгээ цаглавартаа оруулна. Бүр нарийн төлөвлөх үед бол тухайн ажлаа гүйцэлдүүлэх дамжлага, үе шатыг нь хүртэл энэ платформ дээрээ гаргах боломжтой байдаг.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?  

Мэдээж төлөвлөлт дээрээ дээр дурдсан өөрсдийнхөө платформ болох “Tuss D+”-ийг хэрэглэдэг. Цагийн нарийн төлөвлөлт дээр Google Calendar-ийг 200 хувь хэрэглэж байна. Өдөр тутамдаа ном товчилж хүргэдэг Blinkist-ийг ажил руугаа алхах замдаа сонсохыг хичээдэг. Ер нь өдөрт нэг ном товчлоод сонсчихдог шүү. Тэгээд Reddit, Spotify хоёр байна. Reddit дээрээс гаднынхан биднийг ямар өнцгөөр, хэрхэн харж буйг унших их сонирхолтой санагддаг.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?  

Түрүүн дурдсан төлөвлөлт л хамгийн сайн арга болов уу гэж бодож байна. Түүнээс гадна технологийн шинэ шийдлүүд цаг хэмнэхэд их дэм болдог болжээ. Энгийн, жижиг шийдэл, төлөвлөлт, тайлан зэргийг хиймэл оюун ухаанд даатгах нь амар болж. Тухайлбал, 100 хуудас унших шаардлагатай байлаа гэхэд хиймэл оюун ухаанаар товчлуулан үндсэн санаатай нь танилцахаар цагийг маш их хэмнэж байна. Тийм учраас бид өөрсдийн платформоо ч хиймэл оюун ухаантай хослуулсан шинэчлэлт хийсэн.

Сүүлийн үед ChatGPT миний хувийн туслах болоод байна. Наад зах нь сарын өмнө ярьж байсан ажлыг маань санаж байх жишээтэй. Тэгэхээр сүүлийн үед хиймэл оюун ухааны шийдлүүдийг үр дүнтэй ашиглах л цаг хэмнэх хамгийн үр нөлөөтэй арга болоод байна даа.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?  

Манайх Google Workspace-ийг цогцоор нь хэрэглэдэг. Багийнхан маань ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөтэйгөө уялдуулан миний цаглаварт уулзалт, ажлуудыг төлөвлөөд өгдөг. Түүнээс гадна нөгөө жилийнхээ үндсэн төлөвлөгөөнөөс уулзалт, ажлуудаа Google Calendar-таа хөрвүүлж бусад ажилтайгаа нэгтгэх замаар үндсэн ажлаа төлөвлөж байна.

Google Calendar-ийн чимхлүүр онцлогууд бас олон байдаг шүү дээ. Жишээ нь, бид ажлын байрныхаа бүх өрөө, тоног төхөөрөмжүүдээ бүртгэчихсэн байдаг болохоор хэзээ аль өрөө захиалгатай байгаа, аль өрөө, төхөөрөмж сул байгааг тухай бүрд нь мэдэх боломжтой. Түүнээс гадна, долоо хоног болгоны сүүлээр Google Calendar-аас миний цаг зарцуулалт, бүтээмжийн тайлан гаргаж өгдөг нь тун амар байдаг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Би ерөнхийдөө дотогшоо хүн. Ганцаараа цагийг өнгөрөөж эрч хүчээ сэлбэдэг. Мөн олон төрлийн цуглуулгатай. Аяга, фигур гээд олон янзын цуглуулга байгаа. Видео тоглоом тоглох ч бас эрч хүчээ сэлбэх, тархиа амраах нэг арга болдог. Гэхдээ одоогийн видео тоглоомууд чинь 200-300 цаг тоглодог болчихсон байна шүү дээ, тэгэхээр төдийлөн тоглоод суух цаг зав гарахгүй байна даа. Хамгийн сүүлд “Witcher 3”-т л их цаг зарцуулсан байна.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу байдаг вэ? 

“Залуу судлаачдыг дэмжих сан ТББ”-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм. Сангийнхаа хүрээнд бид түрүүн дурдсан системийн инженерчлэлийн аргачлалыг ашиглан нийгэмд тулгараад буй ямар нэгэн, асуудалд шийдэл олохыг зорьдог.

Түүнчлэн нийгэмд өргөн хэрэглэгддэг тулгуур ойлголтуудыг тодорхойлох ажил хийсэн. Өөрөөр хэлбэл, бид бүгдээрээ монгол хэлээрээ хоорондоо харилцдаг хэр нь нийгмийн ойлголтуудыг өөр өөрөөр ойлгодог юм билээ. Жишээ нь “ажил гэж юу вэ?” гэхэд хүн бүхэн өөр өөрсдийнхөөрөө хариулдаг ч юм уу. Яг нэг үгийг хэрэглээд яриад байгаа хэрнээ цаанаа тэс өөр ойлголттой байх тохиолдол бидний дунд түгээмэл ажиглагддаг.



Түүнээс гадна олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Тодруулбал, INCOSE (International Council of Systems Engineering) гэдэг байгууллагатай хамтран ухаалаг хотын систем инженерчлэлийн загварыг боловсруулж байсан. Бид “Ухаалаг” гэхээр түлхүү технологитой холбож ойлгох хандлагатай байдаг юм билээ. Гэтэл үнэндээ ухаалаг хот гэдэг бол хүнээс бүрдсэн тогтолцоо учраас хүмүүс харилцан хэрэгцээгээ хангаж, ухаалгаар зохицож амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлсэн тогтолцоо юм.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? 

Одоо бол технологийн салбарт ажиллаж байна. Гэхдээ манайх зүгээр л энгийн технологи, гар утасны апп бус байгууллагын төлөвлөлт, менежментийг бүхлээр нь зохицуулах платформ бүтээдэг учраас их өргөн цар хүрээтэй ажил юм. Тэгэхээр хэцүү тал нь огт дуусдаггүйд оршино. Байгууллагуудын хэрэгцээ шаардлага үргэлж өөрчлөгдөж, хөгжиж байдаг учир түүнтэй уялдаад технологи маань ч хөгжиж л байх шаардлагатай. Мөн хувь хүнээс технологийн нарийн мэдлэг шаарддаг учраас үргэлж хөгжиж суралцах хэрэгцээтэй.

Мөн өөр нэгэн хүндрэлтэй тал гэвэл манай байгууллагууд тогтмол захиалгатай буюу subscription үйлчилгээнд төдийлөн дасал болоогүй байгаа харагддаг. “Танай үйлчилгээг нэг удаа л худалдаад авах боломжтой юу? Танай кодыг өмчлөх боломжтой юу?” зэрэг асуултууд нэлээд ирнэ. Уул нь subscription үйлчилгээний давуу тал олон. Жишээ нь, бага ажилтантай байгууллагад заавал том програмыг бүхлээр нь авах шаардлагагүй. Subscription үйлчилгээ харьцангуй боломжийн үнэтэйгээс гадна төрөл бүрээр, хэсэгчлэн болон сонгож хэрэглэх боломжтой гэх мэт олон давуу талтай байдаг.



Бодсон шийдлээ үр дүнтэй хөгжүүлж, нэвтрүүлж чадсан тохиолдолд цаг бүртгэлээс авахуулаад стратегийн түвшний маш олон асуудлыг шийдвэрлэх боломжтой нь эерэг тал юм.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?  

Үйлчилгээгээ олон улсын зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнийхээ хүрээнд энэ онд Сингапур улсад шинэ салбараа байгуулсан. Бид одоогоор Tuss D+ аппынхаа анхны олон улсын хэрэглэгчдийг тэнд бий болгоод байгаа. Олон улсын зах зээлд гарахдаа үйлчилгээ, бүтээгдэхүүнээ орчуулаад л болчихдог зүйл биш гэдгийг мэдсэн. Үйлчилгээгээ localise буюу нутагшуулж, яг Сингапурт хөгжүүлсэн програм мэт гаргах шаардлагатай болсон. Ташрамд хэлэхэд яг энэ хэрэгцээ шаардлагын дагуу энэ бямба гарагт Сингапур улсыг зорих гэж байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ? 

Нэгдүгээрт мэдээллийг аль болох цэгцтэй авахыг хичээдэг. Хоёрдугаарт, хийж буй юм бүхнээсээ суралцахыг зорьдог. Видео тоглоом тоглосон ч, кино үзсэн ч авах санаа хайдаг гэх юм уу.

Хамгийн тодорхой, цэгцтэй байдлаар тогтмол мэдээлэл авдаг сайт маань явж явж Wikipedia болж таарсан. Хүмүүс гайхаж магадгүй. Гэхдээ Wikipediа-гийн Current events гэсэн хуудас байдаг. Тэндээс л хамгийн цэгцтэй мэдээлэл авдаг болсон.

Түүнээс гадна номын тэмдэглэл хөтөлдөг. Kindle-ээ Notes-тэйгөө холбочихдог учраас уншсан номоосоо онцлог эшлэлүүдээ тэр дороо эргээд унших боломжтой байдаг.

12. Санал болгох ном, кино, хөгжим? 

Google-ийн өмнөх гүйцэтгэх захирал Эрик Шмидтийн “How Google works” номыг санал болгоё. Байгууллагууд гарааны бизнесээс эхлээд том групп болсон ч уян хатан байдлаа хэрхэн алдахгүй байх талаар үнэхээр сонирхолтой өнцгийг бичсэн байдаг.

Мөн хүн хоорондын харилцааны асуудал гэдэг хувь хүний хувьд ч, байгууллагын хувьд ч чухал асуудал юм билээ. Тиймээс Дейл Карнегийн “How to win friends and influence people” гэдэг, энэ чиглэлдээ “сонгодог” гэгдэхүйц номыг санал болгоё. Дурдаж буй жишээ нь хуучирсан ч гэлээ агуулга нь хуучрахгүй ном гэж боддог юм.



Хөгжмийн хувьд амьд хөгжимд дуртай. Нэлээд цагийг алхаж өнгөрөөдөг, алхаж явахдаа хөгжим сонсохгүй бол алхсан мэт санагддаггүй. Тиймдээ ч Spotify-ийн долоо хоног тутмын санал болгож буй хөгжмийг байнга сонсож үздэг. Одоогоор миний favourite жагсаалтад 500 орчим хөгжим бий.

Киноны хувьд “Snowpiercer” сүүлийн үед их таалагдаж байгаа. Удирдах албаны ажил эрхэлдэг болохоор ч тэр үү кинонд дүрслэгдэж буй үйл явдал өөрт маань их ойр санагдсан. Хүмүүс нэг удаа үзэхэд илүүдэхгүй болов уу.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

Манай байгуулгын үүсгэн байгуулагч Д. Жаргалсайхан ахын өгч байсан“Чи зарим тохиолдолд хоёр муу шийдвэрээс аль нэгийг нь л сонгох шаардлагатай болдог” гэсэн зөвлөгөө санаанаас огт гардаггүй юм.

14. Бусдад шидэх санаа?  

Хэдүүлээ зөвхөн Монголдоо өрсөлдөөгүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Дэлхийтэй өрсөлдөж буйгаа цаг ямагт ухаарах хэрэгтэй гэж бодож байна. Мөн өчигдөр сурсан зүйл чинь өнөөдөр үнэн байх албагүй. Тиймээс үргэлж шинэ зүйлд суралцаж, мэдлэгээ шинэчилж байгаарай. Энэ тал дээр бид нар нүүдэлчин соёлтой ард түмэн учраас харьцангуй давуу талтай байдаг ч эргээд өнөө цагт талд ганцаараа аж төрөхгүй учраас бусдынхаа эрх ашгийг хүндэлдэг байхыг уриалъя даа.