Энэ удаагийн дугаартаа бид “M&C Consulting”, “MC2” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, “Global Dignity” олон улсын байгууллагын ТУЗ-ийн дарга Жиованна Мингареллитай ярилцлаа. 

Тэрээр “Монголын Эдийн Засгийн Чуулган – 2022” арга хэмжээний “Ажиллах хүч, ажлын байрны ирээдүй” хэлэлцүүлэгт зочноор оролцсоноос гадна "Global Shapers", "JCI Mongolia", "Ротаракт", “Туул Ротари” клубийн залуу мэргэжилтнүүдэд зориулан илтгэл, сургалтаа танилцуулсан юм. Ингээд түүний ажил болоод амьдралын нөү-хаутай танилцъя. 

Байршил: Улаанбаатар, Монгол
Эрхэлдэг ажил: "M&C Consulting", "MC2" компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, "Global Dignity" олон улсын байггууллагын ТУЗ-ийн дарга, Технологийн энтрепренер
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S9
Сошиал хуудсууд: www.giovannamingarelli.com (Вэб), Giovanna Mingarelli (Фэйсбүүк), mingarelliG (Твиттер), Giovanna Mingarelli (LinkedIn)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Юун түрүүнд энэхүү ярилцлагад урьж оролцуулсан танай хамт олонд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу. Ярилцлагаа бага насныхаа тухай яриагаар эхэлье гэж бодож байна. Миний хувьд Аукланд хотоос 45 минутын зайтай Франц-Канадын жижиг хотод зургаан ах, эгч дүүгийн хамт өсөж том болсон. Багаасаа бичих тал дээр маш сонирхолтой нэгэн байлаа. Тэр дундаа уран зохиолын өгүүллэг, үлгэр, жүжгийн зохиол хүртэл бичиж байсан шүү (инээв). Одоо бодоход бичихээ зогсоолгүй, энэ чадвараа илүү хөгжүүлсэн маань мэргэжлээ сонгоход дөхөм болсон байх. Ингээд би их сургуулиа төгссөний дараа улс төрийн салбарт хөл тавьж, Канадын Ерөнхий сайдын хэвлэлийн албанд ажиллаж эхэлсэн.

Үүний дараа олон нийттэй харилцах туршлагадаа үндэслэн одоогоос арваад жилийн өмнө “M&C consulting” дижитал харилцаа холбоо, маркетингийн компаниа байгуулж байлаа. Товчхондоо бид үйлчлүүлэгчийнхээ алсын хараанд суурилан, тэдний төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд туршлагатай мэргэжилтнүүдийг санал болгох замаар зөвлөгөө өгч хамтран ажилладаг. Мөн өөрийн байгуулсан дараагийн компани болох “MC2” компанийг дурдах нь зүйтэй. Хиймэл оюун ухаан, програм хангамж ашиглан бид бодит болон виртуал орчныг холбож үйлчлүүлэгч компанийн брэнд мессежийг хэрэглэгчдэд нь таниулах, тэдний гүүр болох зорилго дор үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн “Global Dignity” олон улсын байгууллагын ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ихэвчлэн олон улсаар аялаж явдаг учраас тогтсон нэг өдрийн хэмнэлтэй байх нь бэрх. Гэвч надад өдөр бүр заавал хийж заншсан дадлууд байдаг. Тухайлбал өглөө сэрээд хамгийн түрүүнд бясалгал хийнэ. Оюун санаагаа цэгцэлж, тухайн өдрийг аль болох тайван өнгөрөөхөд тусалдаг болохоор найман жилийн турш өглөө бүр бясалгал хийж байна. Харин биеийн эрүүл мэнддээ анхаарахын тулд бүх төрлийн иог хийхийг хичээдэг. Нэг ёсондоо оюун санааны эрүүл мэнддээ зориулж бясалгал, бие махбодын эрүүл мэнддээ анхаарч иогаар хичээллэдэг гэсэн үг. Мөн би цагаан хоолтон болоод дөрвөн жил өнгөрч байна. Биеийн эрүүл мэндэд маань тустайн зэрэгцээ байгаль дэлхий, ан амьтанд ээлтэй учраас ийнхүү цагаан хоолтон болсон.

Ажлын хувьд үдээс өмнө дуудлага хийх, шуудангаар харилцах, шаардлагатай уулзалтуудаа амжуулж, үдээс хойш өөрөөс хамааралтай ажлууд дээрээ төвлөрөн сууна. Орой зургаа юм уу долоон цагийн үед тухайн өдрийнхөө ажлыг дуусгаад үлдсэн цагаа гэр бүл, найз нөхдөдөө зориулахыг хичээдэг.

Өдрийн төгсгөлд мартаж болохгүй нэг дадал бий. Тэр бол оройн бясалгал. Унтахын өмнө тухайн өдрийнхөө ачаалал, стрессээс бүрэн ангижрахын тулд орой бүр бясалгал хийдэг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Дэлхий даяар цар тахал, хөл хорионоос үүдэн бид гэрээсээ ажиллаж, суралцах шаардлагатай нүүр тулсан. Гэсэн ч миний хувьд дижитал орчинд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг арав орчим жил удирдаж байгаа болохоор гэрээс ажиллах хэв маягт хэдийн дассан гэж хэлж болох юм. Дуртай газраасаа ажиллах боломжтой энэхүү хэв маяг нь байгаль орчноос эхлээд ажилтнуудын бүтээмжид хүртэл эерэгээр нөлөөлдөг талтай.

Ажил үүргээ амжилттай гүйцэтгэх арга барилын тухайд цагийн менежменттэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажлын цагаар зөвхөн ажилдаа, амралтын үеэр зөвхөн амралтдаа төвлөрч чаддаг байх нь зөв. Нөгөөтэйгүүр олон хүнийг удирдан ажиллаж байгаагийн хувьд тэдний ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, урам зориг өгч байх нь миний үүрэг бөгөөд онцгой эрх гэж боддог.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Facebook, LinkedIn, Whatsapp зэрэг апп-уудыг өдөр тутамдаа ашигладаг. Эдгээр апп-гүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлж ч чадахгүй нь... (инээв) Мөн тэмдэглэлийн дэвтрээ биедээ байнга авч явдаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Бусадтай эелдэг харилцах. Энэ бол ажлыг амжилттай, хурдан явуулахад туслах хамгийн энгийн бөгөөд ухаалаг аргуудын нэг. Бид нөгөө хүнийхээ үйлдэлд үргэлж шүүмжлэлтэй хандвал та хоёрын ажил хэрэг бүтэмжгүй байх нь мэдээж. Эсрэгээрээ өөртэй нь сайхан харилцаж байгаа нэгэнд бид муухай хандах боломжгүй шүү дээ.



6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Google calendar болон тэмдэглэллийн дэвтэртээ өдөр тутамд хийж гүйцэтгэх ажлуудаа тэмдэглэдэг. Хялбар бас энгийн.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Бясалгал. Бид өдөрт 20-30 минут дуг хийхэд тухайн өдрийнхөө энергийг нөхөж чаддаг бол дөрөвхөн минут бясалгал хийхэд түүнтэй тэнцэх эрч хүчийг авч чаддаг. Тиймээс бясалгал бол хамгийн үр дүнтэй.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Өмнө нь хэлсэнчлэн би бичих маш их дуртай. Харин одоо хүсэл сонирхолдоо хөтлөгдөн анхны номоо бичиж байна. “Operation for good fortune” нэртэй ном маань өнгөрсөн арван жилийн хугацаан дахь миний энтрепренерийн амьдралыг өгүүлэх юм. Товчхондоо өөрийн бизнесээ хэрхэн бүтээж, амьдралаа яаж утга учиртай урлах талаар ном гэж ойлгож болно. 2023 оны эхний хагаст олны хүртээл болгохоор ажиллаж байна.

Мөн зул сар болон талархлын баяраар нөхрийн хамт “Northwest Harvest” ашгийн бус байгууллагад хоол хүнс хандивладаг. Харин тэд хэрэгцээтэй хүмүүст нь дамжуулж өгнө. Манай гэр бүлийн хувьд ямагт бусдад тус хүргэхдээ цаг гаргахыг хичээдэг.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Өөрийн гэсэн бизнес эрхэлнэ гэдэг амаргүй ч гэлээ нэг талаараа хөгжилтэй. Эерэг сайн талын хувьд олон янзын хүнтэй танилцаж, санал бодлоо солилцох боломж элбэг. Мөн шинэ газруудаар ч аялж, олон орны соёл, аж амьдралтай танилцах завшаан гардаг. Харин хэцүү бэрхшээлтэй тал нь цаг үргэлж сорилт, асуудлуудтай нүүр тулна. Мэдээж хангалтгүй үр дүнд хүрвэл түүнийг удирдаж яваа миний буруу болох нь тодорхой учраас аль болох сайтар төлөвлөж, ажил үүргийнхээ тэнцвэрийг хадгалж явах хэрэгтэй гэж боддог.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ? 

Яг одоогоор төвлөрөн ажиллаж буй томоохон төслүүдийн нэг нь дэлхий даяар сайн сайхныг түгээх зорилготой “Global Dignity” сошиал медиа кампанит ажил. Энэ төсөл миний хувьд тун утга учиртай. 2020 оны тавдугаар сарын 5-нд эхэлсэн энэхүү кампанит ажилд 2.6 сая орчим хүн нэгдсэн бөгөөд цаашид энэ тоог нэг тэрбум хүнд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

“Миний хувьд dignity буюу нэр төр гэдэг нь өөрийн болоод өрөөлийн үнэ цэнтэй байдлыг хүндлэх явдал гэж ойлгодог. Энэхүү харилцан хүндлэл нь харин итгэлцэл, нөхөрлөлийг бий болгоно.”

Жиованна Мингарелли


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ? 

Тэмдэглэл хөтлөх. Есөн настайгаасаа эхлэн шинээр сурсан зүйл, цаашид өөртөө төлөвшүүлэхээр зорьж байгаа бүхнээ бичиж тэмдэглэсээр ирсэн. Түүнчлэн хувь хүний хөгжлийн тухай ном унших, бусдын туршлагаас суралцах, өөрт оноогдсон даалгавруудаа цаг тухайд нь хийхийг хичээдэг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Диснейн бүтээлүүдэд багаасаа дуртай байсан болохоор “Maleficent”-ийн цуврал кинонуудыг санал болгомоор байна. Үлгэрээсээ ялгаатай нь тухайн бүтээлд дүрийн тодотголыг маш сайн гаргаж өгсөн юм шиг санагддаг. Малефисентийн сөрөг дүр төрхөөс илүүтэй яагаад ийм нэгэн болж хувирсан талаар өгүүлдэг шүү дээ. Энэ бол хүүхдүүдэд өгөх чухал санаануудын нэг. Уламжлалт үлгэрт гардгаас түүнийг өөрөөр харуулж чадсан учраас хэд ч үзсэн уйдахааргүй кино. Мөн “Harry Potter”, “Lord of the Rings”, “Star Wars”-ын цуврал бүтээлүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Номын тухайд “How to meditate” болон “Алхимич”-ийг санал болгоё. Тэр дундаа Пауло Коэльо зохиолчийн “Алхимич” номыг заавал уншаасай гэж хүсэж байна. Би “Зүрхэнд чинь гуниг хурж, нүдийг чинь нулимс бүрхсэн ч ер бусын гайхалтай зүйл тохиох болно” гэдэг агуулгатай хамгийн ихээр санал нийлдэг. Тиймдээ ч жилд нэг удаа уншдаг заншилтай. Үүнээс гадна “Scientific American” сэтгүүлийг шимтэн уншдаг.

Хөгжмийн тал дээр классик, coffee house, электро, хип хоп төрлийн дуунууд сонсох дуртай. Мэдээж орчин цагийн алдартнууд болох Өмнөд Солонгосын Blackpink хамтлагийн дуунуудаас татгалзах аргагүй. Хамгийн дуртай дуу нь “Boombayah”.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Манай бясалгалын багш надад бодол санааны “дэглэм” барих хэрэгтэй гэж зөвлөсөн. Яг л хоолны дэглэм барьж зөвхөн өөрт хэрэгцээтэй хүнсээ иддэг шиг бодол санаагаа цэгцэлж, хэтэрхий их зүйл бодох хэрэггүй гэсэн үг. Зав чөлөөгүй амьдралын хэв маяг, зай завсаргүй нийгмийн өөрчлөлтүүдээс үүдэн хэн бүхний хувьд хэтэрхий их зүйл бодох нь гарцаагүй том асуудал болчхоод байгаа. Цаашлаад энэ бүхэн бидний сэтгэлзүйн эрүүл мэндтэй ч холбогдох учир бодол санааны “дэглэм” барих нь зөв гэж бодож байна.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хязгааргүй мөрөөд. Түүндээ хүрэхийн тулд тодорхой жимийг бүтээ. “Алхимич” номд “Хэрэв чин сэтгэлээсээ хүсвэл хорвоо ертөнц чиний хүслийг биелэхэд туслах болно” хэмээн өгүүлдэг. Яг л үүн шиг чи жинхнээсээ хүсэж мөрөөдөх хэрэгтэй. Үүний дараа мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар жижиг алхмаас эхлэх талаар бодож, түүнийгээ бичиж тэмдэглэн, ахиад эхнээс нь бүгдийг давтахад болно. Жинхэнэ мөрөөдөл биелэхэд хугацаа бас тэвчээр шаарддагийг бүү мартаарай.