Манай энэ удаагийн зочноор Монголын шингэн хүнсний салбарт хамгийн олон нэр төрлийн бүтээгдэхүүн санал болгож, дэлхийн тэргүүлэгч брендүүдийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж буй МСМ Бетастар ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Габел оролцож буй.
Тус компанийн хувьд дотоодод байгаа хамгийн том шингэн хүнсний дэлгүүр болох Sour-ийн хоёр дахь салбараа нээгээд удаагүй байгаа бөгөөд манай редакц шинэхэн орчинд Гүйцэтгэх захирал Марк Габелтай нь ярилцсан нь энэ юм.
Одоогоос 24 жилийн өмнө Монголд ирсэн тэрээр бүхий л салбарт манай улс хэрхэн хөгжиж буйг нүдээр үзэхийн сацуу, шингэн хүнсний салбарыг түүчээлэн ажиллаж байгаа нэгэн билээ. Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.
Байршил: ITC тауэр, I давхар, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: МСМ Бетастар ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Сошиал хуудас: Mark Gabel (LinkedIn)
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Би Герман Улсад төрж, өссөн. Аав маань насаараа Мерседес брэндийн диллерээр ажилласан учир бага байхдаа түүнийг дагаж ажил дээр нь байнга очдог байв. Тэгэх бүрдээ хамт туршилтын жолоодлого хийж, тансаг зэрэглэлийн бизнестэй танилцан, аажмаар энэ салбарт дурлаж байлаа. Товчхондоо би шингэн хүнсний салбарт орохоосоо өмнө автомашины салбарт чамгүй туршлага хуримтлуулсан нэгэн.
Монголын тухайд ч ялгаагүй. Анх МСМ Группт орж ирэхдээ автомашины бизнесийг хариуцаж, үүрэг хариуцлага нэмэгдэн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр одоогоос 15 жилийн өмнө МСМ Бетастар компанийн нэг хэсэг болж байв. Одоо гүйцэтгэх захирлын ажил үүргийн хүрээнд группийн үйл ажиллагаа болон шингэн хүнсний бизнесээ хариуцан ажиллаж байна.
Манай групп олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Салбар бизнесүүдийн хувьд хоорондоо ижил төстэй тал ч цөөнгүй. Жишээ нь, автомашины бизнес маань дэлхийн тэргүүлэгч брэндүүдийг оруулж ирдэг бол шингэн хүнсний салбарт мөн ялгаагүй Hennessy, Moet Chandon, Don Julio гэх мэт томоохон брэндүүдийг дотоодын хэрэглэгчдэд санал болгодог.
Сонирхуулахад, би энэ нутагт 24 жилийн өмнө ирж байлаа. Тэр үед Монгол Улс маш өөр байж билээ. Байшин барилга, унах машин тэр ч бүү хэл уух зүйлийн тал дээр тэс ондоо соёлтой байсан. Гэтэл өнөөдөр хүмүүсийн дурлаж сонирхдог зүйлийн тоо асар олширчээ. Хамгийн гол нь энэ хөгжлийг дэргэдээс нь харах, үүний нэг хэсэг байх надад их сайхан санагддаг.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Албан тушаал маань байнгын мэдээлэлтэй байж, зөв бөгөөд үр дүнтэй шийдвэр гаргах үүрэгтэй тул тэр бүгдэд анхаарч, хянуур байх нь зүйтэй. Тэр тусмаа Монголд хэр амжилттай байх нь хамтрагчдаасаа хэр их дэмжлэг авч байгаагаас ихээхэн хамаардаг болохоор үйлчлүүлэгчидтэйгээ тогтмол уулзаж, ямагт юу сайн байгаа, юуг сайжруулах хэрэгтэй тухай сонсохыг хичээдэг.
Би өөрөө чанартай яриа өрнүүлэх замаар бат бөх харилцаа үүсгэхэд өндөр ач холбогдол өгдөг хүн л дээ. Ярилцаж байгаа хүнийхээ талаар илүү ихийг мэдэж авах хүсэл эрмэлзэлтэй байх нь бизнесийн хэлэлцээрээс ялгаагүй анхаарууштай зүйл гэж боддог юм. Ялангуяа Монголд нэг найдвартай харилцаа бий болгосон байхад тэр нь урт настай юм шиг ажиглагддаг.
3. Таны ажлын нөү хау?
Би амьдралыг насан туршдаа суралцах үйл явц гэж боддог. Хүн хэзээ ч өөрийгөө хангалттай мэдлэгтэй, мэргэшсэн гэж тодорхойлж болохгүй. Тиймдээ ч миний хувьд хүмүүсээс уйгагүй асуулт асууж, харилцан ярианаасаа суралцан, сониуч байхыг хичээдэг. Өнөө цагт дэлхий дахин хурдтай эргэж байгаа учраас хэн хүнгүй хөрвөх чадварт суралцах хэрэгтэй болжээ. Ялангуяа залуучууд нь өмнөх үеэ манлайлж, түүчээлэх болсон энэ үед дасан зохицох чадвар нэн чухал болсон байна.
20 гаруй жилийн өмнө би 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг удирддаг байлаа. Харин өнөөдөр манай групп 800 орчим ажилтантай. Байгууллага томрох тусам хүн бүрийг оролцоотой байлгаж, бид бүгдээрээ ижил үнэт зүйлийн төлөө ажиллаж байгаа шүү гэдгийг ойлгуулах нь сорилт болдог юм байна. Ерөнхий манай бизнесийн зарчим бол санал санаачлагатай байж, шинэ боломж эрэлхийлэхэд чиглэдэг гэх үү дээ. Гол нь хүн бүр байгууллагынхаа үнэт зүйлд тулгуурлан шийдвэр гаргах нь чухал бөгөөд ингэсэн цагт байгууллага маш тууштай урагшилдаг юм билээ.
Арга барилын хувьд манайх нэлээн барууны хэв маягтай. Гүйцэтгэх захирал нь байгууллагынхаа бүх шийдвэрийг гаргах бус багийн бүх гишүүд шийдвэр гаргах эрх мэдэлтэй гэсэн үг. Бид ажилтнууддаа компанийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах итгэл хүлээлгэдэг юм. Зарим хүн итгэлийг өөрөө олж авах хэрэгтэй гэдэг шүү дээ. Манай жишгээр бол удирдлага нь хамгийн түрүүнд ажилтнууддаа итгэдэг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
MCM Группийн үйл ажиллагаанд SAP системийг хэрэглэдэг. Энэ бол дэлхийд танигдсан аж ахуйн нэгжийн систем юм л даа. Үүнээс гадна бид Power BI тайлангуудыг өдөр тутмын шийдвэр гаргалтдаа ашигладаг. Борлуулалт, ашиг, хэрэглэгчдийн худалдан авалтын чиг хандлага бүхий дата мэдээлэлд суурилан шийдвэр гаргахад их тус болдог юм.
Хувийн хэрэглээнд гэвэл LinkedIn-ийг их ашигладаг. Өмнө нь дурдсанчлан би хүмүүстэй харилцах дуртай. LinkedIn-ээр дамжуулан танилын хүрээгээ маш сайн бүрдүүлэх боломжтой санагддаг.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Хүссэн бүх зүйлээ нэг өдөрт амжуулна гэдэг боломжгүй. Чухал эсэхээр нь эрэмбэлэх л боломж бий. Миний хувьд хамгийн яаралтай бөгөөд чухал ажлыг эхэнд эрэмбэлээд, үлдсэн ажлуудыг дараагийн өдрүүд рүү хуваарилдаг. Түүнчлэн бүх зүйлийг өөрөө хийж чадахгүй учраас чаддаг хүмүүсээр нь багаа бүрдүүлэх чухал. Тэд чиний цаг хүрэлцэхгүй олон ажилд анхаарал хандуулах болно.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Би зөвхөн өдрөө төлөвлөөд зогсохгүй жилээ төлөвлөдөг. Цаашлаад сар, долоо хоногийн төлөвлөгөөг ч гаргана. Мэдээж төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахад уян хатан байхаар анхнаас нь анхаарч төлөвлөдөг.
Байгууллагын хувьд улирал тутам ажил хэрхэн явагдаж байгаа, юуг сайжруулах хэрэгтэй талаар ажилтнуудтайгаа хуваалцдаг. Ингэснээр компанийн үйл ажиллагааг хөнгөвчилж өгдөг юм.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Би Богд ууланд гарах, Тэрэлж рүү аялах их дуртай. Байгалийн сайхан, цэвэр агаарыг мэдэрч алхах нь хэзээд сайн сэргэлт болдог.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Ажлаас гадуур гэр бүлтэйгээ аль болох их цаг өнгөрүүлэхийг хичээдэг. Би 8-12 насны гурван хүүхэдтэй. Одоогоор тэд маань Сингапурт өсөж торниж байна. Сингапур амьдрахад тухтай газар ч гэлээ би хүүхдүүдээ Монголд илүү олон удаа авчирч, хөдөө явж, гал яаж ноцоохоос эхлээд амьдрах ухаанд сургахаар хичээж байгаа.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг болон сорилттой талууд?
Бүхэл бүтэн байгууллагыг тодорхой чиглэлд залуурдах боломжтойгоороо давуу талтай болов уу. Асуудал бэрхшээл гэвэл бүх зүйлд тийм ч гүн гүнзгий оролцох боломж байдаггүй. Байгууллагын алсын харааг тодорхойлж, манлайлахын зэрэгцээ бүх зүйлийн мэргэжилтэн байх боломжгүй гэсэн үг. Ийм үед л экспертүүдээр багаа бүрдүүлэх нь чухал. Үүний сацуу албан тушаал ахих тусам үүрэг хариуцлага нэмэгддэг нь жам. Байгууллагын ашиг орлого, хүний нөөцийн асуудал, ажлын таатай орчин, нийгмийн хариуцлагын хүрээнд анхаарал тавих учиртай байгаль орчны асуудал гэх мэт олон чиглэлд анхаарал хандуулах хэрэгтэй болдог нь миний ажлын сорилттой тал.
Салбарын хувьд авч үзвэл согтууруулах ундааны хэрэглээ бүхэлдээ энэ төрлийн бүтээгдэхүүний зохистой хэрэглээг хангах эрх зүйн орчин болон татварын зохицуулалт дээр суурилдаг. Хэрэв импортын шингэн хүнс, согтууруулах ундааны татвар хэт өндөрсвөл бизнест нөлөөлөх эрсдэлтэй. Мөн зохистой хэрэглээг бий болгох хамгийн үр дүнтэй аргыг боловсрол олгох бөгөөд үүнийг урт хугацааны шийдэл гэж бодож байна.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Бидний хувьд бизнесийн өсөлт үзүүлэх хамгийн том боломж хөдөө орон нутагт бий хэмээн харж байгаа. Иймд үйл ажиллагаагаа тэлэх үүднээс ийшээ хөрөнгө оруулалт ихээр хийж байгаа. Тухайлбал, Дархан хотод хэдийн салбараа нээсэн төдийгүй одоогоор говийн бүсэд буюу Ханбогд сумд үүд хаалгаа нээхээр ажиллаж байна. Цаашид ч илүү олон салбар дэлгүүрээ нээж, хэрэглэгчдэдээ улам ойртох болно.
Үүний зэрэгцээ ажилтнуудаа чадавхжуулах тал дээр бид тогтмол хөрөнгө оруулалт хийдэг. Манай бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэхийн хэрээр бүтээгдэхүүнээ гүнзгий түвшинд ойлгох, түүхийг нь танин мэдэх шаардлагатай болдог юм. Иймд багийнхнаа тогтмол гадаад руу сургалтад явуулж байна. Мөн MСM Групп нь Jebsen & Jessen Группийн нэг хэсэг болсноор илүү өргөн хүрээний хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг олж авах нөхцөл бүрдэж, Монголын ажиллах хүчнийг улам бүр хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боложтой болсон.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Манай компани Global Drinks Intel болон The Spirits Business сэтгүүлийн байнгын захиалагч. Шингэн хүнсний салбар дахь хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын тухай мэдээ мэдээллийг олж авдаг учраас тогтмол уншицгаадаг. Мөн бизнесийн хамтрагч болох брэнд эзэмшигчид маань биднийг урьж, усан үзмийн талбай, Шотланд дахь виски үйлдвэрлэл гэх мэт чухал газруудаа танилцуулдаг уламжлалтай. Ингэснээр бид бүтээгдэхүүн бэлэн болох үе шатыг бодитоор харж, холбогдох түүх, өв уламжлал, үйлдвэрлэлийн явцыг илүү гүнзгий ойлгож чаддаг юм.
Мөн Сингапур, БНСУ-д ойр ойрхон очиж цахим худалдаа, менежмент хэрхэн явагддаг талаар туршлага солилцдог. Ер нь л энэ мэтээр манай баг дэлхийн стандартыг Монголд авчрахыг хичээн ажилладаг даа.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Ном гэвэл "10,000 хоног" хэмээх бүтээлийг санал болгоё. Ерөнхийлөн дүгнэвэл хүн амьдралдаа дунджаар хэдэн өдөр байгааг задалж үзээд, тодорхой насанд хүрэх үедээ тийм ч олон өдөр өөрт нь үлдээгүйг анзаарч ойлгох тухай юм. Миний хувьд уншиж дуусаад өдөр бүр чухал бас онцгой гэдгийг мэдэрсэн гэх үү дээ.
Киноны хувьд хамгийн сүүлд F1-ийн тухай кино үзсэн. Манайх Red Bull-ийг оруулж ирдэг учраас энэ киног нэлээн догдлолтой үзсэнээ санаж байна.
Дууны хувьд, надад таалагддаг маш олон дуу бий. Гэхдээ ганцхан дуу санал болго гэвэл "Beautiful Sunday"-г санал болгоно.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Өмнө нь дурдаж байсанчлан хүн хэзээ ч өөрийгөө хангалттай мэдлэгтэй, мэргэшсэн хэмээн тодорхойлж болохгүй. Тэгсэн цагт хүн өсөж хөгжихөө болино. Тиймээс өөрийгөө үргэлж сорих хэрэгтэй. Би бүгдийг мэднэ гэж бодсон мөчид чи хоцорч үлдэнэ гэдгийг санаарай.
14. Бусдад шидэх санаа?
Бид маш ээдрээтэй, зогсолтгүй хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд амьдарч байна. Тиймээс залууст аливаа зүйлд уян хатан хандаж, хөрвөх чадвараа хөгжүүлээрэй гэж зөвлөе. Мөн сониуч бай. Асуулт асуу. Хэрэв чи эдгээр чадваруудыг эзэмшиж чадвал ямар мэргэжилтэй байхаас үл хамааран амжилтад хүрч чадна. Учир нь чамд хаана ч хэрэг болох зөв хандлага, шаардлагатай ур чадварууд байна шүү дээ.
Удирдагчийн хувьд би хэн нэгнийг ажилд авахдаа тухайн ажилд төгс тохирох хүнийг олно гэсэн хүлээлт өөртөө тавьдаггүй. Угаасаа ч тийм байх нь ховор. Гэхдээ тухайн хүн зөв хандлагатай, суралцахад нээлттэй бол ямар ч хүн од мэт гэрэлтэж, өсөн дэвжиж болдгийг туршлагаасаа хэлэх байна.