Ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаа хуваалцдаг “Би хэрхэн ажилладаг вэ?” буландаа энэ удаа бид НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Чинюнь Дяог урилаа. Хятадын буйдхан мужид тариачны охин болж төрсөн тэрээр багаасаа тариачдын амьжиргааг дээшлүүлэх, ажлыг нь хөнгөвчлөх хүсэлдээ хөтлөгдөн улмаар тус салбарт доктор, профессор зэрэг хүртэл хамгаалсан байна.
Түүнчлэн, Мексикийн Нэгдсэн Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан тэрээр өнгөрөгч зургаан сараас манай улсад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ. Ингээд энэ удаагийнхаа “Би хэрхэн ажилладаг вэ” ярилцлагынхаа булангаараа эл хатагтайн ажлын арга барилтай танилцсанаа хуваалцаж байна.
Байршил: Нэгдсэн үндэстний гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс
Эрхэлдэг ажил: Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч
Сошиал хаягууд: Qingyun Diao (Facebook)
1. ТАНЫ ЗАМНАЛААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Ээж аав хоёр маань хоёулаа тариачин хүмүүс. Их сургуульд элсэх жилдээ ааваасаа ямар чиглэлээр суралцвал дээр бол гэж асуухад аав маань, “Хятад бол хөдөө аж ахуйн орон, маш олон тариачинтай. Манай улс шиг ийм хүн ам ихтэй оронд хөдөө аж ахуй зайлшгүй чухал. Энэ салбарыг сонгосон байхад ажилгүй болохгүй” гэж билээ.
Ингээд би ургамал хамгааллын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, дараа нь Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны Их сургуульд (China Agricultural University) магистр, докторын зэргээ энтомологийн чиглэлээр хамгааллаа. Улмаар 1995 онд бакалавраа хамгаалсны дараа анх ажлын гараагаа эхлүүлж, 1998 онд магистраа хамгаалаад Хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэнд ажилд оров. Тэгээд судалгааны удирдлага, биоэдийн засгийн судалгааны чиглэлээр дэвшин ажилласаар 2011 онд профессор цол хүртсэн.
Харин 2018-2023 онд Мексик дэх Хятадын ЭСЯ-нд хөдөө аж ахуйн зөвлөхөөр дөрөв орчим жил ажилласан. Дараа нь IFEW байгууллагад ажиллаж, Африкийн Намиби Улсад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчөөр хоёр жил ажиллаж байгаад энэ оны тавдугаар сарын сүүлчээр Монголд ирж ажлаа хүлээж аваад байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Би өглөө 5-6 цагийн үед босдог. Босоод хамгийн түрүүнд дасгал хийнэ. Дасгал хийснийхээ дараа өглөөний цайгаа уугаад ажилдаа явдаг. Манай ажил 08:30-аас эхэлдэг болохоор ихэвчлэн 8 цагт оффистоо ирдэг.
Тэгээд ажилчдаа ирэхээс өмнө и-мэйлүүдээ шалгаж, тухайн өдрийн хийх ажлын жагсаалтаа гаргачихдаг юм. Ингээд ажилчдаа цугласны дараа ажлын явц, хэрэгжилтийн талаар ярилцана. Хэрэв тухайн өдөр уулзалттай эсвэл түншүүдтэй уулзах шаардлагатай бол цагийн хуваариа тухай бүр зохицуулаад явдаг. Харин уулзалтгүй өдрөө тайлан уншиж, бичиг цаасны ажлаа амжуулдаг бол Элчин сайд, Засгийн сайд нар болон улс төрчдөөс дипломат уулзалтын урилга ирвэл хүлээж аван, хамтран ажиллах боломж, бололцоогоо зөвшилцдөг.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Ажлын нөү-хау гэвэл нэгэн зэрэг олон ажил хийж чаддаг минь юм болов уу. Жишээ нь, би өглөө дасгал хийж байхдаа хөгжим сонсож, өндөг чанах гээд нэгэн зэрэг гурван зүйл хийдэг. Хятадад машин барьж явахдаа үргэлж англи хөгжим сонсох, гэртээ зурагт үзэхдээ англи хэл дээр нэвтрүүлэг үзэх гэхчлэн амрахынхаа зэрэгцээ англи хэлээ давхар давтдаг байсан.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД
Би олон апп хэрэглэдэггүй, голдуу вэб ашигладаг. Хамгийн энгийн жишээ нь Google. Гэхдээ өмнө нь эргэлзсэн ч юм уу, тээнэгэлзсэн зүйл гарвал түлхүү Google-ээс хайдаг байсан бол одоо “Copilot” гэх хиймэл оюунт хамтрагчаасаа асуудаг болоод байгаа.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Би үргэлж и-мэйлээ шалгаж, хийх ажлын жагсаалтаа шинэчилж явдаг. Тэгэхдээ ирсэн и-мэйлүүдээ өнгөөр ялган тэмдэглэдэг юм. Жишээ нь, чухал и-мэйл бол улаан тэмдэг тавьдаг. Мөн аливаа и-мэйл ирмэгц л тухайн ажлыг хэн хийж чадах, хэнд даалгаж болохоо бодоод зохих хүнд нь дамжуулдаг. Тэгээд тэр хүнийхээ нэр, ажлаа хийж гүйцэтгэх хугацааг нь тэмдэглэнэ. Энэ нь дараа нь олон ажлууд дунд төөрөлгүй ажлын явцаа шалгаж байхад их тустай байдаг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Хийх ажлуудаа эхнээс нь бүгдийг нь бичээд чухал, яаралтай гэж хоёр хэсэгт хуваадаг. Харин багийн ажлаа жижиг жижиг хэсэгт хуваагаад зохих хүмүүст нь хуваарилдаг. Аливаа ажлыг зөв хүнд нь хуваарилж чадвал цаг их хэмнэж болдог шүү.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Ажил дээрээ түр завсарлахдаа хамт олонтойгоо яриа өрнүүлж, ажилд нь ямар нэгэн асуудал байгаа эсэх, тусламж хэрэгтэй эсэхийг нь асуудаг. Мөн заримдаа хөнгөн дасгал, сунгалт хийдэг. Түүнээсээ ажилчдадаа ч зааж өгдөг. Би 2011 оноос хойш йога хийж байгаа бөгөөд өмнө нь долоо хоногт гурван удаа тогтмол йогоор хичээллэдэг байсан.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ, АЖИЛ
Мексикт ЭСЯ-д ажиллаж байхдаа би испани хэл сурч эхэлсэн юм. Одоо Duolingo дээр өдөр бүр давтаж байгаа. Мөн хэдийгээр цаг зав багатай ч бас солонгос хэл сурахаар хичээж байна.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ТАНЬ ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД
Удирдаж болдоггүйгээрээ байгаль, цаг уур л хамгийн том бэрхшээл болдог. Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын эрс тэс байдал нь бүхий л шатны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлдөг. Тэр дундаа Монгол орны өвөл нь урт, мөн бэлчээрийн даац хэтэрсний дээр хүнсний ногоо тариалал бол тулгамдсан асуудал болоод байна.
Бидэнд ухаалаг хөдөө аж ахуй, байгалийн тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэх инновац хэрэгтэй. Иймд бид хүлэмж байгуулах, ургамлын ургалтын хугацааг сунгах, өргөст хэмх, улаан лооль, бүр гүзээлзгэнэ хүртэл тарьж байгаа. Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд ноос, ноолуурын үнийг нэмэгдүүлэх, залуу үеийн боловсон хүчнийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулахаар ажиллаж байна. Үүнийхээ хүрээд бид энэ жил Дэлхийн Хүнсний Өдрөөр их сургуулийн нэг оюутан, нэг залуу малчны хамт Итали Улсын нийслэл Ром хотод болох Олон Улсын Залуучуудын Форумд илгээж, монгол залуусыг хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй оролцуулахаар зорьж байгаа.
Харин ургац арвин ургах, мал амьтан, нутгийн хүмүүс нуруу тэнэгэр байхыг харах л ажлын минь хамгийн том эерэг тал нь. Би өөрөө тариачин хүний охин болохоор хөдөө аж ахуйн салбарын ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, хөдөөгийн амьжиргааг дээшлүүлэх, иргэдийнх нь орлогыг нэмэгдүүлэх л хүсэлтэй дээ.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (FAO) Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ (2023–2027) нь тогтвортой, хүртээмжтэй хүнсний тогтолцоо, тогтвортой байдал ба байгалийн нөөцийн менежмент, хүнсний аюулгүй байдал ба шим тэжээл, чадавх хөгжүүлэлт ба инновацын дэмжлэг гэсэн дөрвөн тэргүүлэх чиглэлтэй ажилладаг. Энэ дөрвөн чиглэлийн бүх төсөл дээр л төвлөрч ажиллаж байна.
Жишээ татвал, Монголд бэлчээрийн даац маш ноцтой түвшинд хүрсэн. Иймд бид бэлчээрийн талбайг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг эхлүүлээд байгаа. Манай төсөл хэрэгжиж байгаа бүс нутагт ургамал, амьтан, зэрлэг ан амьтдын тоо мэдэгдэхүйц өссөн. Өнгөрсөн сард л гэхэд бид Даян дэлхийн байгаль орчны сан (GEF) төслийн хамгаалалтын бүсэд очиход төсөл хэрэгжээгүй бүс нутагтай харьцуулахад өвс ургамлын сэргэлт илт илүү байгаа нь харагдсан.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?
Би жил бүр хувь хүнийхээ хувьд хөгжих, ур чадвараа нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргадаг. Тэгэхдээ унших номын жагсаалт гаргадаг юм. Өнгөрсөн жил би Жаред Даймондын “Галт зэвсэг, нян, ган” номыг уншсан. Энэ жил харин Лян Сычэнгийн “Хятадын эртний архитектурын түүх” номыг уншсан. Тэр номд эртний Хятадын барилгачид, архитектурын тухай, түүнчлэн Европын чулуун архитектур болон Хятадын модон архитектурын ялгааг тайлбарласан байна лээ. Би хувьдаа 10 гаруй жил зөгийн аж ахуйн музей удирдаж байсан туршлагатай болохоор музейн менежментэд их сонирхолтой. Ер нь би өөр өөр салбарын тухай уншиж судлах, харах өнцгөө тэлэх, мөн нээлттэй сэтгэлгээтэй байхыг хүсдэг.
12. САНАЛ БОЛГОХ КИНО, ХӨГЖИМ
Номын хувьд “Галт зэвсэг, нян, ган” номыг санал болгоё. Олон улсын түүхийг ойлгоход энэ ном нэлээд тус болж чадах болов уу. Харин киноны хувьд “Шоушенкийн шоронгоос оргосон нь” киног зөвлөе. Тус киноны Эндигийн дүрийн итгэл найдвараа алдалгүй, тууштай байсаар, хатуу ширүүн орчинд ч бууж өгдөггүй нь их таалагддаг.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ
Би байгалийн шинжлэх ухааны хүн болоод ч тэр үү, аливааг системчилж харах гээд байдаг юм. Гэтэл нэг удаа хамт олон маань надад “Хааяа ажилдаа илүү сэтгэл хөдлөл, мэдрэмжээрээ хандаж байгаарай” гэж билээ. Хамгийн сайн гэвэл энэ зөвлөгөөг л хэлье дээ.
14. БУСДАД ШИДЭХ САНАА
Аливаад хөдөлмөрч, тууштай байгаарай. Гэхдээ хамгийн гол нь үйлдэл авч сураарай. Зүгээр л бодоод төлөвлөөд байлгүй оролдоод л үзэх хэрэгтэй. Амжилт гаргасан ч бай, бүтэлгүйтсэн ч бай санаа зовох зүйлгүй. Харин алдаанаасаа суралцаад л дараа нь илүү сайн болох нь чухал.
Мөн итгэл найдвараа бүү алдаарай. Хүн бүрд давуу болон сул тал бий гэдгийг санаад өөрийнхөө давуу талаа ухаалгаар ашиглаж сураарай.