Өнөөдрийн дугаарт "One Championship" холбооны дэд ерөнхийлөгч, UFC дундын аварга асан Рич Франклиныг урилаа. Тэрээр ирэх арваннэгдүгээр сарын 26-нд дэлхийн холимог тулааны тэмцээнийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах гэж буйгаас гадна "One Championship" холбооны "Road to One" төслийнхөө хүрээнд тамирчдыг шалгаруулж, бэлтгэлийг нь ханган ажиллаж байгаа билээ. Нэгэн цагт холимог тулааны спортод өөрийн биеэр хүч үзэж байсан түүний хувьд манай улсад анх 2019 онд ирж эл спортын авьяастнуудыг эрэн хайх аяллаа эхлүүлсэн аж. Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.  

Байршил: “ТэнГэрЛиг” медиа нэгдлийн байр
Эрхэлдэг ажил: Холимог тулааны “One Championship” холбооны дэд ерөнхийлөгч, UFC дундын аварга асан
Хэрэглэдэг гар утас: iPhone 11 Pro
Сошиал хуудсууд: Rich Franklin (Фэйсбүүк), richacefranklin (Инстаграм), Rich Franklin (Твиттер)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Холимог тулааны спортыг АНУ-ын 46 мужид хориглож байх үед тэр бүхнийг үл харгалзан энэ спортоор хичээллэх шийдвэр гаргасан нь миний карьерын хамгийн том амжилт байх. Тэр үед аав маань намайг галзуурлаа гэж хэлж билээ. Одоо бодоход мөрөөдлөө дагасандаа баярладаг юм.

Харин Лас Вегас хотноо анхны цолоо хамгаалах тоглолт хийж байхад аав минь надаар бахархаж байгаагаа хэлсэн тэр мөч карьерын минь хамгийн гайхалтай дурсамж. Яг тэр л эгшин миний хувьд цол хэргэм, алдар нэрээс хамаагүй эрхэм санагддаг.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГЭН ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Амжилтад хүрсэн хүн бүр өөрсдийн дэг журамтай байх нь бий. Би оюун санаа, бие бялдар, зүрх сэтгэлээ амрааж, эрч хүчээр сэлбэдэг дадалтай. Өглөөд залбирч сэтгэл зүрхээ амраана. Ороо хураангаа өчигдөр юу хийснээ тунгаан бодож оюун санаагаа сэлбэнэ. Тэгээд өглөөний цайгаа уугаад дасгал хийж, бие махбоддоо санаа тавьдаг. Эдгээрийг хийсний дараа цахим шуудангаа шалгана даа.

Хэдий би дэлхийн нэг хэсэгт амьдарч байгаа ч бөмбөрцгийн өөр нэг талд байх ажлаа тогтмол урагшлуулах учиртай учраас үд дунд болон оройн цагаар ажилдаа төвлөрдөг. Харин өдрийн цагаа гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрүүлдэг юм. Өөрийгөө нэн түрүүнд тавьж, арчаатай байхыг зарим хүн хувиа хичээсэн зан хэмээн харж магадгүй ч ингэж л тухайн өдрийнхөө ажилд өөрийгөө бүрэн дайчилж чадна гэж хардаг.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Цэнхэр захтан буюу ажилчин гэр бүлд төрж өссөн болохоор биеийн хүчээр хөдөлмөрлөхийг илүүд үздэг. Тиймээс ч компьютерын урд суугаад урт хугацаагаар ажиллаж чаддаггүй. Амьтны хүрээлэнд хашигдсан арслан мэт санагдаад байдаг юм. Өвөө маань үйлдвэрт насаараа ажилласан нэгэн. Би тэгж амьдрахаас илүү янз бүрийн орчинд, олон төрлийн зүйл хийж үзэхийг хүсдэг. Тиймээс өөрийнхөө хязгаарыг мэдэж байж л ажлаа зохицуулдаг даа. Одоогоор Монголд нэвтрүүлгийн зураг авалттай байгаа тул шоуны зохиолыг сайтар нягтлан уншиж өөрчлөлт оруулахаас гадна тамирчдыг бэлтгэх зэргээр хаа сайгүй л ажиллаж байна.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Компанийн ажлууддаа бид “Microsoft teams”-ийг ашигладаг. Харин хувийн зардлаа “Excel” дээр хөтөлж явдаг тул энэ програмгүйгээр амьдарч чадахгүй л болов уу.

Өөрийн хөтлөн явуулдаг подкастдаа зориулан Google drive, Calendar, Docs, Sheet гэх Google-ийн бүх апп-ыг хэрэглэдэг. Мөн арваннэгдүгээр сарын 26-нд "Мөсөн өргөө"-д зохион байгуулагдах "Road to One" төслийг олон нийтэд танилцуулахын тулд сошиал медиад идэвхтэй байгаа.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хүмүүс шийдвэр гаргах гэж цаг их үрдэг. Би ч бас энэ асуудалтай нүүр тулсаар ирсэн. Тэгж яваад өөрт тохирсон нэгэн аргатай болсон юм. Аливаа шийдвэр гаргалтад таныг гурван төрлийн үр дүн хүлээж байдаг гэх логикийг дагадаг. Шийдвэр гаргаж чадахгүй байх нь хамгийн муу үр дүн хэмээн бодож шийдвэрээ гаргадаг.



6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Дараагийн ажлаа эхлүүлэхээс өмнө төлөвлөгөө гаргасан байх дуртай. Өөртөө зорилго тавьж, түүнийхээ дагуу төлөвлөдөг.

Бурхан надад хүлцэнгүй байхыг заасан. Бид 10 жилийн дараа юу хийхээ тааж мэдэшгүй. Гэхдээ би хэзээ ч зогсонги байдалд орж, хийх зүйлгүй болно гэж бодохгүй байна. Учир нь, би хийх ажилдаа бүрэн умбан орж, чадлаараа хичээж ажилладаг хүн.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би ирвэс шиг амьдардаг. Ирвэс ихэнхдээ модны сүүдэрт саравчлан амрах эсвэл гүйж явдаг төрлийн амьтан. Түүний адилаар долоо хоног тасралтгүй ажилласны дараа хэдэн өдөр гэртээ амардаг дадалтай. Амралтын өдрүүдээрээ амьдралаа тэнцвэржүүлэх зорилгоор ан агнах, бөмбөр тоглох эсвэл Библи уншдаг.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Тулааны урлагаар хичээллэсээр өдийг хүрсэн тул одоо ганцхан зүйлд бүх энергиэ зарах хүсэлгүй болсон. Сүүлийн үед шүхрээр үсрэх, бөмбөр тоглох, цасны спортоор хичээллэх, нум сум харвах зэрэг хүч шаардсан олон төрлийн спортоор хичээллэх сонирхолтой байгаа. Гэхдээ энэ бүгдээс илүү Библи унших нь надад хамгийн тааламжтай байдаг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛИЙН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Тулааны урлагийг бүхэлд нь өөрчилж чадсан байгууллага болох "One Championship" холбооны нэг хэсэг гэдгээрээ бахархдаг. Ялангуяа тамирчдынхаа эрүүл мэндийг чухалчилж, гаргаж буй шинэчлэлтүүд нь тамирчин хүний хувьд харахад сэтгэлд ойр байдаг.

Ажлын хувьд бэрхшээлтэй тал гэвэл мэргэжлийн тамирчин байх болов уу. Спортоор хичээллэж амьдардаг байснаа гэнэт компьютерын ард сууж ажиллах болсон нь амаргүй санагддаг юм.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Олон төсөл дээр нэгэн зэрэг ажиллаж байна. Одоогоор Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл болох “The Road to One” нэвтрүүлгээ "Steppe Link Holding" компанитай хамтран хийж байгаа нь бусад ONE нэвтрүүлгүүдээс ялгаатай. Тус нэвтрүүлэгт албан ёсны зөвлөхөөр ажиллах үүрэгтэй ч тамирчдыг бэлтгэх, нэвтрүүлгийн зохиол бичих, ярилцлага өгөх зэрэг олон ажлыг зэрэг амжуулж явна (инээв). Нэвтрүүлэгт оролцогчид дэлхийн хамгийн том тулааны тайзанд өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөх юм.

Тэр дундаа монгол тамирчид бол миний учирч байсан хамгийн тууштай, бууж өгдөггүй хүмүүс болохоор тэдэнтэй тулж ажиллах нь таатай байгаа. Үнэнийг хэлэхэд нэг тулааны урлагаас нөгөө рүү хөрвөх чадвартай монгол тамирчин гарч ирвэл монгол хүн дэлхийн аварга ч болж мэдэхээр шүү.

Нөгөө талаас монголд энэ салбарын хангамжийг нэвтрүүлгээрээ дамжуулж сайжруулахаар төлөвлөж байна. Энд "Mixed Martial Arts" (MMA)-ийн цөөнгүй байгууллага байгаа боловч олны анхаарлыг татаж чадахгүй хэвээр байна. Тиймээс ч энэхүү шоу нэвтрүүлэг нь Монголын MMA-ийн салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилт татахаас гадна цаашлаад тулааны урлагт дурлагсдыг өргөжүүлнэ хэмээн найдаж байгаа. Ингэж л олон хүн тулааны урлагаар хичээллэж, шинэ үйл ажиллагаануудыг зохион байгуулна гэж бодож байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Өөртөө үнэнч шударга ханддаг. Хийж чаддаг болон чаддаггүй зүйлсээ өөртөө үнэнээр нь хэлж чадаж байж л алдаа оноогоо олно шүү дээ.

Нэлээн хэдэн жилийн өмнө “Хэрхэн ялагдагч байх вэ?” гэсэн TED Talk хийж байв. Тэр үед хүн бүтэлгүйтвэл алдаагаа тунгаан бодож, суралцаад жинхэнэ амьдрал дээр хэрхэн сайжирч болох тухай ярьсан юм. Тиймээс бүтэлгүйтлээс болж шаналж, дөнгө зүүсэн мэт битгий амьдраасай гэж хэлмээр байна.



12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Асуудал, бэрхшээл тулгарах үед би "Sublime" хамтлагийн “What I got” дууг сонсдог. Энэ дуунд амьдарна гэдэг хэр их зовлон, зүдгүүрийг туулдаг тухай өгүүлдэг ч хүн хайрын хүчээр бууж өгөлгүй явж чаддаг гэх санааг агуулсан. Хүмүүс амьдралд тулгарч байгаа бэрхшээлдээ хэт төвлөрч, баяр баясалтай мөчүүдээ мартах гээд байдаг учраас байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаарай хэмээн энэ дууг санал болгоё.

Мөн Mel Gibson жүжигчний тоглосон “Braveheart” (1995) кинонд тун дуртай. Нэгэн зүйлд бат итгэж, түүндээ амьдралаа золиослоход бэлэн эрийн тухай өгүүлдэг. Дэлхий даяар хүмүүс итгэл найдварынхаа төлөө илэн далангүй ярьж чадахгүй байгаа энэ үед үүнээс сургамж аваарай.

Номын тухайд “The Art of War”, “The Book of Five Rings” номуудыг санал болгоё. Хоёул амьдралын ухаан заасан сонгодог зохиолууд.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

“Амттаныг түрүүлж ид”. Өөрөөр хэлбэл амьдралыг битгий хүндээр тусгаж аваарай гэсэн утгатай. Ахмадуудтай ярилцахад тэд ихэвчлэн "Амттаныг түрүүлж ид" гэж хэлдэг. Ерөнхийдөө бүх ажлаа гүйцэтгэсний дараа дуусгаж байж амардаг занг илэрхийлж, аз жаргал, баяр баясал зэрэг амттай бүхнийг хүртэж байгаарай гэсэн санаа.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Нэг өдрийг хоёр өдөр болго. Хүн бүр нэг өдөр би үүнийг хийнэ, өөр нэг өдөр түүнийг хийнэ гэж ярьдаг. Миний хэлэх гэсэн санаа нь өөрийн бодож яваа бүхнээ хэзээ нэг өдөр гэх мөчийг өнөөдөр болго. Хүний амьдрах хугацаа хязгаартай. Юу ч тохиолдож болох учраас одоо л хүссэн зүйлээ хийж үзэх хэрэгтэй шүү!