Энэ удаагийн зочныг маань кино урлагийн хүрээнийхэн, кино сонирхогч, мөн кинонд хайртай уншигч нар маань андахгүй сайн таньж буй биз ээ. Монголдоо төдийгүй дэлхийн олон кино наадмаас нэр хүндэт шагналуудын эзэн болсон түүний бүтээлүүд орчин цагийн монголчууд бидний бодит амьдрал, ахуй, нийгэм, цаг үеийг дэлгэцийн хэлээр тун гарамгай бөгөөд шинэлэг, санаанд оромгүй аргаар өгүүлдэг билээ. Энэ удаагийн Би хэрхэн ажилладаг вэ ярилцлагын буланд маань кино найруулагч Ж.Сэнгэдорж саатсан юм.
Бидний сайн танил болох Ларьдма, Худалдагч охин, Үргээлэг, Бодлын хулгайч, Үүр цайгаасай, Lovers зэрэг бүтээлүүд нь үе үеийн монгол үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн гэж хэлэхэд магад буруудахгүй болов уу. Түүний Худалдагч охин бүтээл нь л гэхэд Францийн Везулын Азийн кино наадмаас “Алтан Дугуй” (Golden Wheel) шилдэг киноны шагналыг, Японы Осака хотын кино наадмаас “Якуши сувдан шагнал” (Yakushi Pearl Award)-ыг, Нью-Йоркын Азийн кино наадмаас “Шилдэг кино” шагналыг тус тус хүртэж байсан байдаг.
Түүний хамгийн сүүлд бүтээсэн Чимээгүй хотын жолооч бүтээл Бүгд Найрамдах Эстони улсын “Таллины хар шөнө” кино наадмаас Гран-При шагналыг хүртсэн бөгөөд мөн Осакагийн Азийн кино наадмаас Шилдэг Зураач, Азийн Шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртээд буй. Бид энэ удаагийнхаа нийтлэлээрээ чухам энэ эрхэм уран бүтээлчийн ажлын “нууц жор”-той нь танилцсан юм.
Байршил: Монгол кино үйлдвэр
Эрхэлдэг ажил: Кино найруулагч
1. ТАНЫ АЖЛЫН ЗАМНАЛААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
1993 онд би анх улсын Хүүхэд залуучуудын театрт гэрэлтүүлэгчээр ажилд орж байлаа. Тэгээд хэсэг ажилласныхаа дараа тухайн үед байсан Бэрс Кино урлагийн дээд сургуульд театр, кино найруулагчийн давхар мэргэжилтэй ангид орж байсан. Тэр үеийн манай урлагийн бүх салбар нэлээд орхигдсон, бараг “гудамд гарсан” гэж хэлж болохоор байдалд орчихсон байсан л даа. Гэтэл кино урлагийн манай бүхий л сайн уран бүтээлчид ажилгүй болоод байсан тэр үед сургуулийн маань захирал тэдгээр уран бүтээлчдийг сургуульдаа багшлуулж таарсан юм. Ингээд би агуу Падын Туваанжав багшийнхаа удирдлага дор найруулагчийн мэргэжлээр суралцаад 1999 онд төгссөн.
Тэгэхэд 3-р курсийн ажил нь 10-15 минутын, богино хэмжээний дэлгэцийн бүтээлээр хамгаалах ёстой байсан болохоор дээд курсийнхээ сэтгүүлчийн ангийн А.Алтантуяатай хамтраад богино хэмжээний “Цагаан шөнө” нэртэй кино зохиол бичлээ. Гэтэл зохиол маань сүүлдээ бүр бүрэн хэмжээний кино зохиол болоод ирэхээр нь “Ер нь яагаад бүрэн хэмжээний кино хийж болохгүй гэж” гэж шийдээд анхныхаа бүрэн хэмжээний киног хийж байсан даа. Хэдийгээр курсийн ажил ч гэсэн тухайн киног үзэгчид их сайн хүлээж авч байсан нь надад их урам болсон гэж боддог. Ер нь эндээс л анх кино урлагийн хана туургыг мэдэрсэн болов уу.

Дараа нь 1999 онд сургуулиа төгсөөд “Диваажингаас амьдралд хүрэх зам” нэртэй хэлмэгдүүлэлтийн түүхээр дамжуулан хайр сэтгэлийг харуулсан кино хийсэн. Үүнийхээ дараа эргээд Хүүхэд залуучуудын театртаа найруулагчаар ажилд орсон юм. Одоо эргээд харахад театртаа нийт дөрвөн жүжиг тавьсан байдаг. Театрт анх орж байгаа найруулагч бүр хүүхдийн жүжгээр ажлын гараагаа эхлүүлдэг болохоор “Үнэтэй жаал” жүжгээр театрын найруулагчийн ажлаа эхлүүлж байлаа. Улмаар Ф.М.Достоевскийн Цагаан шөнө туужийг өөрөө жүжгийн зохиол болгож бичээд, дараа нь С.Жаргалсайхан гуайн Мэс засал жүжгийг найруулж, мөн И.Нямгаваа найруулагчийн Диваажинд хүрэх зам жүжгийн хоёрдугаар найруулагчаар ажилласан. Театрын чиглэлээр хамгийн сүүлд 2013 онд Францын зохиолч Эрик Эмманюэль Шмиттийн Хоёр ертөнцийн буудал жүжгийг найруулах саналыг надад Tv Cocktail хамтлагийнхан тавьсны дагуу тус жүжиг дээр мөн ажилласан байна.
2003 онд би Мөрөөдлийн хөлөг онгоц цуврал кино бүтээл хийснийхээ дараа 7 жил бие даасан уран бүтээл дээр огт ажиллаагүй. Тэр долоон жилд би өөрөө өөрийгөө болон урлагийн тогоог хөндлөнгөөс харж чадсан гэж боддог. Хүн аливаа ямар нэгэн зүйлд төвлөрөөд, ажиллаад байдаг хэр нь ээ өөрөө өөрийгөө хаана яваад буйгаа алдчихдаг гэж надад санагддаг юм. Гэтэл хүн заримдаа бүх ажлаа хаяад, өөрийнхөө салбараа хөндлөнгөөс харж чадвал тэр нь тухайн хүнд маш том эргэлтийн орон зайг олгодог юм билээ. Тийм болохоор би тэр долоон жилдээ их баярладаг даа.

Тэгээд 2010 онд намайг эргээд кино урлаг руугаа ороход өөрт минь орон зай байхгүй мэт санагдсанд, ерөөсөө өөрөө өөрийнхөө ертөнцийг батлах шаардлагатайг мэдлээ. Ингээд “арт-хаус” чиглэлийн “Oxygen” киногоо хийхээр шийдээдхэв. Тухайн үеийн үзэгчдийн боловсрол өнөөдрийнх шиг өндөр байсангүй л дээ. Тэгээд л кино маань театрын дэлгэцээс долоо хоног хүрэлгүй татан буугдсан. Гэтэл аз болж тэр киног минь Урлагийн Зөвлөлөөс Японы кино наадамд явуулаад, бүр шилдэг 8 киноны нэгээр шалгарч таарсан юм. Энэ л миний амьдралын маш том эргэлт болохын зэрэгцээ кино урлагийг харах нүдийг минь нээсэн үйл явдал болсон гэж боддог.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Нэг кино руу орсон л бол ард нь гарах хүртлээ л үргэлж бодож явдаг. Би бас хүүхдүүдээ зөөнө, арын ажлуудаа амжуулна. Би ер нь их “индивидуальный” хүн шүү дээ (инээв). Мөн би алхах их дуртай, машин барих төдийлөн дургүй. Намайг хотоор алхаж явахыг олон хүн харж байсан байх аа (инээв).
Ер нь би их энгийн л байх дуртай. Манайхны нэг дутагдал нь олны танил хүмүүсээ бусдаас илүү дээр, агуу байх ёстой ч мэт хандаад байдаг. Гэтэл миний хувьд бол ажлын дундаж нэг өдөр маань бусдын л адил өнгөрдөг гэж хэлж болно.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Кино бүтээх нь нэг талаасаа математик гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс бүх ажил нь төлөвлөгөөний дагуу, яг Excel-ийн програм шиг л явагддаг. Бүх ажлын нарийн төлөвлөгөөгөө нэг бүрчлэн гаргасныхаа дараа буюу кино цаасан дээр бүрэн дууссаны дараа л мотор дуугардаг.
Хөндлөнгөөс хүн харахад нэг их хурдан, амархан зураг авалт явагдаад байгаа мэт харагдаж болох ч гэлээ энэ нь өөрөө маш сайн төлөвлөснийг л харуулж байгаа хэрэг. Тийм болохоор би залуучууддаа “маш сайн төлөвлө, кино гэдэг зураг авалтаар дуусдаг юм биш, харин эхлээд цаасан дээр 100 хувь дуусдаг ажил. Зураг авалт бол зүгээр гүйцэтгэлийн ажил гэж л ойлгоорой” гэж хэлдэг юм.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Notes-ийг л хамгийн их ашигладаг даа. Би өөрөө анхнаасаа бүхий л ажлаа бичиж тэмдэглээд сурчихсан болохоор одоо утсан дээрээ Notes дээр л бүх юмаа тэмдэглээд явахад амар байдаг. Аливаа шинэ кинон дээр ажиллаж эхэлсэн тэр мөчөөс эхлээд л Notes дээрээ орж ирсэн санаа бүрээ тэмдэглээд эхэлдэг.
Жишээ нь, одоо нээлтээ хийж байгаа Чимээгүй хотын жолооч киноны зөвхөн зохиол бичих ерөнхий санаа, тэмдэглэгээ гэхэд л 337 тэмдэглэгээ болсон байна лээ.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Фэйсбүүкийг бол утаснаасаа устгасан шүү дээ (инээв). Тархинд ч их амар байдаг юм. Одоо цагт бид бүгдээрээ нэг жижиг “дөрвөлжин хар юм”-ны мэдэлд л орчихлоо л доо. Энэ нь бидний өнөөх өөрөө өөртэйгөө байх цаг, орон зайг л аймшигтай их хумсалж байна. Тэр тусмаа уран бүтээлч хүнд их халгаатай л зүйл болов уу.
Миний хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга бол дээр дурдсанчлан сайн төлөвлөх. Аливаа ажлыг сайн төлөвлөж байж л цаг сайн хэмнэнэ гэж бодож байна.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Цаастай л маш их ажилладаг даа. Үүнийг би япончуудаас сурсан гэж боддог. 2006 онд Японы кино багийнхан И.Нямгаваа найруулагчтай хамтран Чингис хааны тухай кино хийхэд би Монгол талын хоёрдугаар найруулагчаар ажилласан юм. Тэгэхэд тэднээс би энэ яриад байгаа төлөвлөх, цаасан дээр сууж ажиллах ажлын нөү-хаугаа сурсан гэж хэлж болно.
Кино багийн 30-40 хүн өөр өөр зүг рүү харах юм бол тэр ажил мөд дуусахгүй шүү дээ. Тэгэхээр тэр багийнхан бүгдээрээ найруулагчийн хараад байгаа нүдээр л харах, тэр чиглэлд л хараагаа тогтоох гэдэг нь тухайн бүтээлийн төлөвлөлт, цаасан дээрх л ажлаас бүрэн хамаардаг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Киноноос кино руу шилжиж л эрч хүчээ сэлбэдэг юм байна даа. Төлөвлөгөө маань жил жилээр нь шахуу гарчихсан байдаг болохоор нэг киногоо дуусгаад л дараагийн киноныхоо ажил руугаа ордог. Би ер нь зургийн талбай дээрээ л хамгийн их эрч хүчтэй, аз жаргалтай байдаг. Киног ажил болгож, зовж биш, харин жаргаж хийх дуртай.
Тийм ч учраас би кино багийнхаа эхний хурал дээр л “Энэ кино хэчнээн хүнд кино боловч бүгдээрээ жаргаж хийнэ шүү” гэж хэлдэг. Багийнхан маань бүгдээрээ зургийн талбайгаасаа “кайф” авдаг байх хэрэгтэй. Өдөр бүр тэр хүмүүс ажил руугаа, зургийн талбай руугаа эрч хүчтэйгээр тэмүүлж ирж байгаагаас л би өөрөө эрч хүчээ хамгийн их сэлбэдэг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг ажил байхгүй дээ. Харин халаасны үнсний сав цуглуулах дуртай. Гадаад улс руу аялахаараа цуглуулгаа нэмж, халаасны үнсний сав авдаг юм. Манай найз нөхөд, эргэн тойрныхон маань гадаад яваад ирэхээрээ “Халаасны үнсний савыг чинь олсонгүй ээ, зүгээр л үнсний сав олоод ирлээ” гэдэг юм (инээв).
Үүнээс болоод ч юм уу манай кино багийнхан миний хажууд тамхиныхаа ишээ газар хаяж чаддаггүй. Би өөрөө хаана ч явсан, тэр ч байтугай хогны цэг дээр явсан ч тамхины ишээ ил хаядаггүй зуршилтай.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Найруулагч хүний хэцүүг найруулагч хүний эхнэр л мэдэх байх даа (инээв). Тэр хүний ертөнцийг мэдэрч, ойлгож, ар талыг нь хариуцаж амьдарна гэдэг ёстой гэр бүлийн хүний хувьд л хамгийн хэцүү байдаг. Түүнээс бус хэцүүгүй мэргэжил гэж байхгүй шүү дээ.
Би кино багийнхандаа “Жаргалтай зовлон руугаа урагшаа” гэж хэлдэг юм (инээв). Ер нь кино, зураг авалт гэдэг бол маш их жаргалтай, эрч хүчтэй хэр нь ээ, нөгөө талаасаа их зовлонтой ажил. Нэг үгээр бол “Жаргалтай зовлон” эсвэл “Зовлонтой жаргал” юм уу даа.


Мөн кино урлаг өөрөө техникээс хамааралтай урлаг болохоор шууд мэргэжлийн бус хүн найруулагч болоход хэцүү байдаг. Энэ урлаг өөрөө их аюултай урлаг шүү дээ. Тун бүдүүлгээр хэлэх юм бол, мэргэжлийн бус хүнд мэс заслын багаж хэрэгсэл бариулаад хүн эмчлүүлэх гээд байж болохгүйтэй адил хүний тархинд “мэс засал” хийж байгаа найруулагч хүнд, өөрөөр хэлбэл хэнд ямар зэмсэг бариулах тухай асуудал болно. Их аюултай хүн найруулагч болчихвол энэ ард түмний тархийг яаж ч сэнхрүүлж чадна. Бид өнөөдөр горыг нь үзээд л сууж байгаа шүү дээ.

Үүнээс гадна найруулагч гэдэгт зөвхөн кино найруулагчийг хамаатуулж ойлгож болохгүй. Бүхий л салбарт найруулагч байдаг. Жишээ нь А.Гитлер бол найруулагч, уран бүтээлч хүн (инээв). Энэ талаараа л найруулагч хүний ажил их аюултай. Нөгөө талаасаа бол ямар ч хүн кино найруулж болно л доо. Манайхны нэг онцлог байдаг нь олны танил ч юм уу, уран бүтээлч хүмүүсээ “од” гэж нэрлээд өөрсдөөсөө тэс өөр, агуу сэтгэгч, бусдаас ялгаатай гэж бодох хандлагатай байдаг.
Гэтэл уран бүтээлч хүн ч гэсэн энгийн хүн шүү дээ. Тэгээд “од” гээд нийтийн хараанд амьдраад ирэхээрээ хүн илүү баригдмал болдог талтай. Энэ нь эргээд уран бүтээлч хүний уран бүтээлд нь нөлөөлдөг гэж би боддог. Харамсалтай нь одоо үед манайхан их “од”-ын дүрд тоглох сонирхолтой болоод байх шиг. Би бол энгийн л байх дуртай. Хүмүүс таараад “Чи чинь зураач бил үү? Зохиолч бил үү?” гэхээр “Тийм ээ” л гэдэг юм (инээв).
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Одоо “Чимээгүй хотын жолооч” кино маань нээлтээ хийж байна. Бусдаар өөрийнхөө ажлын төлөвлөгөөгөө олон нийтэд задлахаас зайлсхийдэг. Энэ маань орчин үеийн амьдралын хэв маягт таарахгүй л болов уу даа (инээв).

11. “ЧИМЭЭГҮЙ ХОТЫН ЖОЛООЧ” КИНОГ БҮТЭЭХ БОЛСОН ШАЛТГААН?
Энэ киног хийх тухай яриа 2021 оноос л эхэлсэн. Анх Орд Гэр компанийн үүсгэн байгуулагч Ганбаатар продьюсер энэ киног бүтээх санааг олоод түүнийгээ хамгийн анх зохиолч Д.Төрмөнх ахад хэлсэн байна. Ийнхүү анхны кино зохиолыг Д.Төрмөнх ах Т.Номуунзул охинтойгоо бичсэн юм. Д.Төрмөнх ах тэрхүү зохиолоо Ганбаатар продьюсерт өгөхдөө “Энэ киног Ж.Сэнгэдорж найруулагч л хийнэ шүү” гээд өгсөн юм байна лээ. Тэгээд продюсер над дээр зохиолоо авч ирэхэд нь би продюсерын тухайн санаагаар кино хийхээр бол цоо шинэ кино зохиол л бичнэ гэдгээ хэллээ. Ингээд продюсер миний энэ саналыг зөвшөөрч, би киноныхоо санааг бодож эхэлсэн дээ.
Бараг хоёр сар гаруй зөвхөн киноныхоо санааг бодлоо. Манай гэр их сонирхолтой газар байдаг юм л даа. Манай урд талын цонхоор буяны компани харагддаг бол хойд талын цонхоор хүн төрдөг газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлэг, одоогийнхоор Өргөө амаржих газар харагддаг юм. Гэтэл би яг тэр хоёрын зааг дээр амьдардаг. Энэ л надад их сонин санагдаад тэр буяны байгууллагын жолоочийн дүрийг бичиж эхэлсэн дээ. Нийт бараг дөрвөн сар бичсэн санагдаж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Бага насандаа ном их уншдаг байсан. Аавынхаа номуудаас л уншиж эхэлсэн болохоор их “хөгшин” номуудыг л уншсан хүн дээ, би. М.Булгаков, Ф.М.Достоевский, А.Чехов гээд томчуудын зохиол бүтээлүүдээс л уншиж эхэлсэн болоод ч тэр үү, “хүндэвтэр” ертөнцөөр тархиа нээсэн шиг байгаа юм. Тэр тусмаа Ф.М.Достоевскийгаар өвчилсөн хүүхэд байсан даа. Ямар сайндаа туужийг нь жүжгийн зохиол болгож бичих байхав. Одоо бол ном унших боломж тэр бүр гардаггүй. Гэхдээ аль болох ном уншихыг хичээдэг.
Нөгөө талаасаа би залуучуудтай түлхүү хамтарч ажиллахыг хичээдэг. Энэ нь өөрөө надад маш том хөгжил болдог. Залуучуудтай хамтарч ажиллах, нөхөрлөх, өнөөгийн тэдний сэтгэлгээнд хүрэх гээд л чирэгдээд явж байна даа (инээв).


12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Өнөө цаг үед хүний унших ном, зохиолыг нь заах гэдэг бүдүүлэг хэрэг болох болов уу. Одоо цагт чинь бүр унших ном, бүх зүйлээ хиймэл оюунаас асуудаг болчихсон юм биш үү? Тэр ном юуны тухай гардаг вэ гэхээр хэлээд өгдөг юм биш үү? Тэр бол ном унших биш шүү дээ.
Ном санал болгоё гэвэл Ф.Кафкагийн “Хувирал”-ыг хэлье. Би өмнө нь М.Булгаковын “Нохойн зүрх”-ийг ч юм уу уншиж байсан ч гэсэн хүнээс амьтан руу, тэр дундаа хорхой руу хувирдаг зохиолыг ер уншиж байгаагүй юм билээ. Ер нь Өрнийн зохиолууд, мөн Японы зохиолуудыг сайн уншихыг зөвлөмөөр байна. Мөн Н.Энхбаярын орчуулсан, хамгийн сүүлд “Сохрын орон” нэртэй хэвлэгдсэн англи өгүүллэгүүдийг уншаад үзэх хэрэгтэй. Миний хувьд хамгийн сүүлд Солонгосын Хан Ган зохиолчийн “Цагаан хоолтон”-ыг уншихад их таалагдсан. Орчуулга нь ч их сайн болсон байна лээ. Гэхдээ хүн унших зохиол бүтээлүүддээ мөн “цензур” тавих хэрэгтэй гэж боддог.

Киноны хувьд бол нас дагаад өөрчлөгдөөд байдаг. Залуу байхад нэг төрлийн найруулагчийн бүтээлүүд таалагддаг бол нас явахын хэрээр өөр найруулагчийн бүтээл таалагддаг болдог талтай. Би өөрөө хүний дотоод ертөнцийн кино үзэх сонирхолтой болохоор Америкийн найруулагч Софиа Копполагийн Lost in Translation-ийг санал болгоё.
Хөгжмийн тухайд Серж Генсбурын дуунуудад дуртай. Тэр хүний дуунууд нь хоолойны цар хүрээ, хүч төдийлөн шаардахгүй, бараг ярьж байгаа мэт боловч дотоод өгүүлэмж ихтэй мэт санагддаг. Ийм учраас Чимээгүй хотын жолооч кинонд Comme un boomerang дууг нь сонгосон юм. Надад хөгжим сонсонгоо зохиолыг нь бичсэн хэд хэдэн кино байдаг. Чимээгүй хотын жолоочийг ч хөгжим сонсонгоо бичсэн. Гэхдээ кинонд гарч буй Comme un boomerang дууг сонсож байгаад бичээгүй. Харин алдарт Пинк Флойд (Pink Floyd)-ийг сонсонгоо бичсэн. Би өөрөө Пинк Флойдоор бараг “өвчилсөн” хүн л дээ. Бүх цомгийг нь сонссон.
Монгол уран бүтээлчдээсээ бол З.Хангал, Э.Чойдог, Х.Билэгжаргал, Л.Мөрдорж гуай нарын хөгжмийг сонсоно. Миний хоёр, гурван киноны хөгжмийг Хангалын Булган ах хийж өгч байсан байдаг.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Залуу байхад зөвлөгөө их авдаг байлаа. Одоо нас яваад зөвлөгөө авахгүй гэж байгаа хэрэг биш л дээ. Гэхдээ одоо бол илүүтэйгээр өөрөө өөрийнхөө ертөнцөд л найддаг болж дээ. Урлаг, амьдралын талбарт зөвлөгөө авах үе бишгүй байлгүй яахав.
Гэхдээ дөч гарчхаад зөв амьдрах, зөв хооллох, зөв баяжих тухай ном уншаад байх нь надад бага зэрэг гунигтай санагддаг. “Дөч гарсан эр дөрөв дарсан ат” гэдэг шиг дөч гарсан хувь хүн өөрөө өөртөө аль хэдийн том зөвлөгч болчихсон, өөрийнхөө ертөнцийг нээчихсэн байх ёстой болов уу гэж боддог.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Би “Хүн их энгийн, хүнээрээ байх л сайхан” гэж хэлэх дуртай. Үүнээс гадна монголчууд бид үнэндээ огт инээдэггүй ард түмэн. Тийм ч учраас инээдмийн кино үзэх дуртай байдаг мэт санагддаг. Гэтэл өнөө цагт бид ядаж нэг нэгэн рүүгээ хараад сайхан инээж сурах хэрэгтэй байна. Энэ бол хамгийн энгийн сурах ёстой хотын соёл шүү дээ.
Түүнчлэн бидний аливаа урлагт хандах хандлага, ойлголт маань маш хавчигдмал байна. Бүхий л зүйлийг “Ямар үнэтэй вэ? Хэд вэ?” гэж их “матер”-жуулж хүлээж авах хандлагатай. Гэвч урлаг гэдэг үүнээс тэс өөр зүйл л дээ.
Мөн бид өнөөдөр маш чимээтэй хотод амьдарч буй хэр нь ээ нэг нэгнээ чагнаж, хоорондоо ярилцахаа больчихож. Үүнээс тэр чимээгүй хот нь энэ бидний амьдарч буй хотыг хэлээд байгаа юм уу, эсвэл оршуулгын газрыг хэлээд байгаа юм уу гэдэг асуулт гарна. Үүнийг л бид бодох хэрэгтэй болов уу даа.

Сэтгэгдэл бичих (2)


Л Лу.Ганхуяг 59.153.115.19
Амьдралыг гүнзгий ухаарч ажигласан найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж таны дотоод ертөнц хүмүүний хэлэлцэж чаддаггүй олон хүүрнэлүүдийг ил гаргаж илэрхийлсэн кинонууд ур чадвар гоо сайхан сонин содон санаа хийцэд тунч их дурлах болсоон би.!...Ялангуяа төгс биеэ даасан үзэл санаатай сайхан ярилцлага нь өнөө цагт нийгэмийг харах олон гоё боломжуудыг сануулдаг нь гайхалтай...Аз таарвал ганц кинонд нь мэргэжийнхээ дагуу хүчээ шавхаад оролцох юмсаан?...уран бүтээлээрээ Монгол улсын манлай нь болоорой! Амжилт ерөөе!
З Зочин 66.181.188.144
Ёстой гоё зурагнууд байна ойрд ийм нийтлэлийн зураг хараагүй удсан байна баярлалаа киног нь заавал үзнээ