Өнөөдрийн зочин маань олон талаараа тун онцлогтой хүн. Тэртээ 1971 онд Осакагийн Их Сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрээр сүүлийн 60 гаруй жил урлагийн олон төрлөөр тасралтгүй уран бүтээлээ туурвиж буй. Түүгээр ч зогсохгүй Кёозон-Ха (響存) хэмээх урлаг, гүн ухааны үзэл санааг санаачлан, ланд арт, минимализм, постхуманист урсгалаар уран бүтээлээ баяжуулж явна. 

Түүний уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Япон, АНУ, Бельги, Хятад зэрэг олон улсад гарч байсан бол манай улсад энэ сарын 20-ны өдрөөс олны хүртээл болоход бэлэн болжээ. Ийнхүү энэ удаагийн “Би хэрхэн ажилладаг вэ” ярилцлагын буланд уран бүтээлч Торү Күранүки саатаж, урлаг, уран бүтээлийн тухай нэгэн сонирхолтой яриа дэлгэснийг хүлээн авна уу.

Байршил: Улаанбаатар, Монгол Улс
Эрхэлдэг ажил: Уран бүтээлч

1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Миний мэргэжлийн замаас хамгийн онцлох мөч одоогоос долоон жилийн өмнө буюу 70 настайд минь тохиосон юм. Хэзээнээсээ чулуунд сонирхолтой, уран бүтээлдээ янз бүрийн байдлаар чулуу хэрэглэж ирсэн ч тэр үед л анх надад чулуугаар зурах, “чулуутай хамтарч зурах” сэдэл төрсөн. Зөвхөн чулууг бүтээлдээ нэгэн элемент болгон хэрэглэх бус, чулуугаар уран бүтээл туурвих санаа төрсөн нь уран бүтээлчийн замналын минь хамгийн чухал эргэлт байсан болов уу гэж боддог.

Түүнээс өмнө бараг 60 орчим жил уран бүтээлчийнхээ замналд гэрэл зураг дарахаас эхлээд зөвхөн өөрөөс төрсөн “оригинал” бүтээл туурвихыг эрмэлзэхийн сацуу, үргэлж өөр хэний ч хийгээгүй цоо шинэ зүйлийн эрэлд явдаг байлаа. Орчин үеийн урлаг гэдэг ерөнхийдөө шинэ зүйл турших, өмнө нь огт үзэгдээгүйг бүтээх явц гэж хэлж болно. Гэтэл энэ нь эцэстээ эцэс төгсгөлгүй хайгуул гэдэг нь илт болохын зэрэгцээ техник технологийн хөгжил улам төгөлдөржиж буй ч хүмүүний суурь үнэт зүйлс төдийлөн хөндөгдөөгүй хэвээр байгаа нь ч тодорхой болоод ирэв. Ингэж санагдахаар нь “тэгвэл хүн төрөлхтөн хамгийн анх юу хийж байсан бол?” гэж бодсон л доо. Тэгтэл чулуугаар газар зурахаас эхлээд элдэв зүйлийг туршин, анхны бүтээлээ ер чулуутай хамт л бүтээж байсан болов уу гэж бодогдсон юм. Ингээд энэ санаагаа өөрийнхөө уран бүтээлдээ ашиглавал өмнө нь өөр хэн ч хийж байгаагүй, сонин содон зүйл болохын дээр өөрт минь ч сонирхолтой байх юм байна гэж бодсон.

Түүнээс гадна, эцэг эх маань эрдэнийн чулуугаар үнэт эдлэл хийдэг бизнес эрхэлдэг байлаа. Мөн би багаасаа л чулуу цуглуулах сонирхолтой хүүхэд байсан. Оюутан байхдаа ч хэдэн сая жилийн туршид чулуужсан моддыг хараад их шохоорхдог байсныг ч хэлэх үү, өөрийн мэдэлгүй чулуу цуглуулдаг, чулуутай холбоотой болчихсон байсан.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ер нь хүн бүрийн л нэг өдөр хоорондоо их бага хэмжээгээр адилхан байдаг болов уу. Миний хувьд өглөө 6:30 цагийн үед сэрээд, усанд ороод өглөөний цайгаа ууна. Өглөөний цайныхаа араас уран бүтээлдээ орох гэхчилэн дундаж нэг өдөр маань иймэрхүү өнгөрдөг дөө. Түүнчлэн, гадуур алхах, ус уух, хоол идэх, уран бүтээл туурвих зэргээр ажлын өдөр өнгөрдөг.

3. ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?

Би хувьдаа Өрнийн урлагийн арга барилаас өөрийн уран бүтээлдээ огт хэрэглэхгүй байхыг эрмэлздэг. Өмнө нь Өрнийн урлагийн бүтээлүүдээс урам зориг авч суралцдаг байлаа. Харин XIX зууны үеэс Европт Японы уламжлалт урлагаас үүдэн “Japonisme” гэх үзэгдэл гарч ирсэн байдаг. Үүнээс үүдэн бүтсэн олон урлагийг өдгөө ч япон хүмүүс мэдэлгүй гайхаж бишрэх нь бий. Гэтэл энэ нь хэтээсээ манайд байсан зүйл шүү дээ. Энэ мэтчилэн олон зүйлийг ойлгоод ирэхийн хэрээр Барууны урлагаас уран бүтээлдээ тусгахгүй байхыг эрмэлзэх болсон. Зөвхөн өөрийнхөө онцлог арга барилыг бүтээх гэж оролдох болсон гэх юм уу. Энэ утгаараа одоогоор миний чулуугаар зурдаг арга барилыг өөр хэн ч давтаж, дуурайгаагүй байна.

Намайг залуу байхад олон хүн бусдыг дуурайлгүй, зөвхөн өөрийн онцлог арга барил, хэв маягаа ол гэдэг байсан ч эцэстээ тэд ч өөр хэн нэгний хийсэн зүйлээс санаа авч, дуурайдаг болохыг анзаарсан юм.



Үүнээс гадна, Монголын агуу уран бүтээлч Г.Занабазар бол Леонардо Да Винчи, Микеланжело нараас ч өндөр түвшний оюун санааны уран бүтээлч байжээ гэдгийг би 70 нас хүрсэн хойно л ухаарсан. Түүнчлэн, Хокүсай, К.Моне, Микеланжело ч адилхан ная гарсан хойно агуу бүтээлүүдээ туурвисан байдгийг мэдээд 75 нас хүрдэг жилээ би “Урлагийг 80 нас гарч байж л ойлгох юм байна” гэж эрхгүй бодсон шүү. Учир нь, сайн, гарамгай техниктэй зурах гэдэг нэг хэрэг. Гэхдээ зурж буй зурагтаа өөрийн оюун санааны үр хөврөлөө тусгахгүй бол бусдаас ялгарах юмгүй болдог талтай. Мэдээж ур дүй муутай зурах нь сайн зүйл биш. Гэсэн ч “амьгүй” техник бол түүнээс ч дор зүйл гэдгийг мартаж болохгүй.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Чулуунаас өөр хэрэгсэл ашигладаггүй гэж хэлж болно. Би гар утас хэрэглэх дургүй бараг сүүлийн хүн болж байх шиг байна. Харин чулууны хувьд гэвэл чулуу бүр өөр өөрийн онцлог шинж, зан төлөвтэй тул онцгойлж уран бүтээлдээ ашигладаг чулуу гэж байхгүй. Би чулууг өнгө зүсээр нь ч тэр, хүмүүсийг арьс өнгөөр нь ч ялгадаггүй хүн. Гэхдээ уран бүтээлд тохирох чулуу, тохирохгүй чулуу гэж байдаг.

Уран бүтээлийнхээ дэвсгэр зотон даавуугаа бийрээр будаж бэлддэгээс бусдаар чулуунаас өөр хэрэглэдэг багаж хэрэгсэл байхгүй.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хийж байгаа ажлын маань нэг онцлог нь би өөрөө өөртэйгөө, мөн чулуутай л хамт ажиллаж байгаа минь. Тийм болохоор бусдаас хамаарах хамаарал бага, түүнийгээ дагаад ч цаг хэмнэх нь энгийн, амархан зүйл байдаг. Бусад уран бүтээлчид ямар санаатай, ямар уран бүтээл туурвихаа бодсоор хэдэн долоо хоног өнгөрчих тохиолдол бий. Харин миний хувьд уран бүтээлдээ ашиглах чулуугаа хараад л ямар өнгө будаг хэрэглэх, түүнчлэн ямар зураас гаргах нь тодорхой болдог. Угаас чулуу ашиглан хэдхэн төрлийн хөдөлгөөнөөр л зурах боломжтой шүү дээ. Гэхдээ аливаа чулуугаар ямарваа нэг тодорхой уран бүтээл бүтээх нүдтэй (vision) болох хүртэл 70 жил болсон гэж бодож байна.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Аливаа уран бүтээлээ хийж дуустал ямар бүтээл төрөхийг нь мэддэггүй. Мэдээж бодож бясалгадаг ч нүдэндээ төсөөлж, төлөвлөдөггүй. Тиймдээ ч тухайн чулуугаар зурж эхлэхэд ямар дүрс, ямар зураас гарч ирэх бол гэдэг өөрт минь ч сонирхолтой байдаг. Эрж хайсан зүйлээ олж, өөр нэгэн шинэ зүйлийг бүтээх шиг санагддаг юм.

Хийх ажлаа төлөвлөхтэй холбогдуулан хуваалцахад Монголд ирээд монгол чулуугаар бүтээл туурвихаасаа өмнө бөөгөөр дамжуулан газар усны эздээс гуйж, зөвшөөрөл авсан. Монголчууд чулуунд их хүндэтгэлтэй ханддаг болохоор чулууг байрнаас нь хөдөлгөж болдоггүй зэргээс эхлэн олон соёлд хүндэтгэлтэй хандаж байгаа.



7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Үргэлж эрч хүчтэй байдаг болохоор сэлбэх шаардлага бараг гардаггүй. Хоолоо сайн идэж, нойроо сайн авч, уран бүтээлээ сайхан туурвиж явахад цаанаасаа л эрч хүчтэй байдаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Чулуугаар уран бүтээл туурвихаас өөр ажил байхгүй дээ.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Уран бүтээлч байхын хамгийн сайхан тал нь амьсгал хураах хүртлээ ажлаа үргэлжлүүлэх боломж гэж боддог. Өөр ямар ч мэргэжлийн хүн амьдралынхаа эцсийн мөч хүртлээ ажлаа хийсээр дуусах боломжгүй шүү дээ.

Харин хэцүү тал нь хэцүү нь юм даа. Миний хувьд өөр хүний хийгээгүй, өвөрмөц бүтээл бүтээх гэж зүтгэх, түүнчлэн өөрөө өөрийнхөө хүлээлт, шаардлагыг хангах л хамгийн хэцүү байдаг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Саяхан захиалгат зургуудаа бүтээж дуусгасан болохоор одоо өөрийнхөө зурахыг хүссэн чөлөөт уран бүтээлүүдээ бүтээхээр төвлөрч байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Суралцахын тухайд бол сайн уран бүтээлийг харах болов уу. Гэхдээ шууд утгаараа хараад зогсох бус, мөн тухайн сайн уран бүтээлийг давж гарах, гарахгүйн тухай ч бодох бус сайн бүтээлийг “таньж сурах” нь чухал юм. Энэ чадвар хүнд олон жилийн явцад хүнд суудаг болов уу гэж бодож байна.



12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Хөгжмийн хувьд төгөлдөр хуурч Гленн Гулд (Glenn Gould)-ын тоглосон Й.С.Бахын бүтээлүүдэд дуртай. Түүнээс гадна, Японы хөгжмийн зохиолч Такэмицү Торүгийн хөгжмийг их сонсдог.

Зохиолч Мүраками Харүкигийн зохиолуудад дуртай. Харин киноны хувьд найруулагч Станли Кубрикийн “2001: A Space Odyssey”-г санал болгоё.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Өдий хүртэл миний уран бүтээлд ч юм уу, амьдралд минь төдийлөн зөвлөж, зааварчилж өгсөн хүн гарч байгаагүй юм байна.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Амьдрах сайхан гэж хэлмээр байна.



Уншигч та уран бүтээлч Күранүки Торүгийн энэ сарын 20-ноос аравдугаар сарын 4-ний өдөр хүртэл Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх “Хязгааргүй чулуун цуурай” уран бүтээлийн үзэсгэлэнд саатаарай.