“... Калипсо буцаж шийдэмгий алхлаа
Харамсах хайрлах зэрэгцэж
Одиссэй араас нь дагалаа
Бурхан хүн хоёр
Буян нүгэл хоёр…”
Хомер, Оддисэй
“... Наран, саран, одон гараг хайрын хүрдэнд эргэлдсээр ээ
Насны хээнгэтээд би танин мэдэхийн чанадад чармайн тэмүүлсээр ээ
Намжаа дэлхий минь, хүү чинь би тандаа ирж явна аа…”
А.Данте, Тэнгэрлэг туульс
Монгол хэлнээ хүн төрөлхтний уран зохиолын суут бүтээлүүд болох Илиада, Одиссэй болон хамгийн сүүлд Тэнгэрлэг туульс хэмээх Италийн уран зохиолын охь манлай болсон туульсыг дуун хөрвүүлсэн Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан гуайтай бид ярилцлаа. Тэр бээр эл гурван бүтээлийн орчуулгаараа энэ жил Төрийн шагнал хүртсэн билээ.
Энэ эрхэм хүнтэй ярилцахынхаа өмнө би түүний Тэнгэрлэг туульсын орчуулгыг хэрэг болгон уншиж үзээд эх хэлээр нь чадан ядан уншиж, судлан шалгалт шүүлэг өгч явсны хувьд энэхүү гүүшийн орчуулгыг аргагүй биширч, үнэхээр А.Данте эх хэлээр минь эл сод туурвилаа бичсэн сэн ингэж л хэлэх байсан болов уу гэсэн бодол эрхгүй төрж байв. Мөн бид түүнээс ярилцлага авахаар очих замдаа Монголын Зохиолчдын эвлэлээс ангийнхаа багш асан нэрт зохиолч Л.Түдэвийн 90 насны ойд нь зориулан бичсэн “Цав цагаан дурсамж” номынх нь гар бичвэрийг авч ирэх хүндтэй үүргийг давхар хүлээсэндээ ихэд олзуурхав. Ийн явах замдаа нэрт орчуулагчаас яруу найраг, уран зохиол, түүнчлэн орчуулагч, дипломатч хүний ажил амьдралынх нь талаар асуух асуултуудаа тоолж ядсаар, догдолж баярласаар очсон юм.
Байршил: Улаанбаатар хот, Монгол Улс
Эрхэлдэг ажил: Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан, зохиолч, орчуулагч
Сошиал хаяг: Tsakhilgaan Dagva (Facebook)
1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би Хүйсийн говьд төрж, өссөн хүн. Бага нас минь Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд өнгөрсөн. Нэгдүгээр ангид оролгүй, шууд алгасаад хоёрдугаар ангид орж байлаа. Гэртээ эмээгээрээ бичиг үсэг заалгаад, тухайн үеийн хэллэгээр “богино холбоо”-ндоо дажгүй, бас мянга дотор нэмж хасаж чаддаг байсан болохоор шалгагч багш нар намайг шууд хоёрдугаар ангид орчуулчихсан хэрэг. Тухайн үед манай Хөхморьт сум Завхан аймагт харьяалагддаг байсан юм. Гэтэл дөрөвдүгээр анги төгсдөг жил Говь-Алтай аймагт шилжиж, улмаар намайг аймгийн сургуульд ортол ангийн маань багш Л.Түдэв багш болсон түүхтэй.
Наймдугаар ангид намайг Л.Түдэв багшийн шавь болоод очиход багш маань дөрвөн халаастай, савхин түжүүрк (тужурка хэмээх хүрэм адил нэгэн зүйл хувцасны сунжирсан дуудлага) өмсөж, хар малгай хазгайдуулан духдуулж, нүдний шил гялалзуулан, зургийн аппарат хүзүүндээ зүүчихсэн дээд сургуулийн будаг нь ханхалсан залуухан багш явлаа. Л.Түдэв багш миний тухай их олон зүйл бичсэн байдаг. Жишээ татвал, намайг наймдугаар ангид ордог жил:
“Хонгор үстэй, баал улаан царайтай, адуун цагаан шүдтэй, өндөр нуруутай, хүдэр цээжтэй нэгэн сурагч орос хэл их сонирхдог нь, бас тэгээд орчин үеийн нэртэй нь сонин санагддаг байж билээ. Цахилгаан гэдэг нэр нь ердөө “электричество” гэсэн хувилбараараа анх буугаад байсан хэрэг.”
гэж тодорхойлсон байдаг юм. Тэр үед ангийн багш гэдэг хүн чинь эцэг эхээс дутахгүй л ойрхон хүн байдаг байлаа шүү дээ. Гэрээсээ хол, дотуур байранд амьдардаг биднийг үргэлж эргэж тойрч, ноцолдоод хувцсаа урчихаас эхлээд л бүхий л зүйлд санаа сэтгэл тавьж явдаг байсан. Миний мэргэжлийн замналд нэгэн сонин тохиол байдаг нь би өөрөө орос хэлний багш мэргэжилтэй, Л.Түдэв багш маань орос хэлний багш, багшийн маань багш нь академич, доктор, профессор Сэрээнэнгийн Галсан нэрт орос хэлний агуу эрдэмтэн. Мөн бид гурав гурвуулаа Говь-Алтай аймгийн улс.
Анх 1959 онд ангийн багш Л.Түдэв гэсэн гарын үсэгтэй аттестат өвөртлөөд л Улаанбаатарт орж ирж байлаа. Тэгэхдээ эцэг эхээс нэг хатуу захиас давхар өвөртөлж ирсэн нь малын эмч болох. Тэгээд МУИС-д хуваарьтай хүн чинь сургууль дээрээ очтол бүртгэлийн ажилтан надаас “За ямар ангид орох сонирхолтой байна?” гэж асуухаар нь “Малын эмч” гэсэнд “Тэгвэл Хөдөө аж ахуйн сургууль гэдэг сургууль тээр тэнд дэнж дээр баригдчихсан байгаа, тийшээ яв” гэж байна. Аав, ээжийнхээ захиасыг дагах ёстой болохоор малын эмч болох санаатай тэнд нь очтол аймгаас их сургуулийн хуваарьтай явуулсан учраас их сургуульдаа ор гээд авсангүй. Өнөө ээж аавынхаа захиасыг биелүүлж чадахгүй болсондоо уруу царайлчихсан хүн их сургуульдаа буцаж ирлээ. Тэр үед Анагаах ухааны Их сургууль бие дааж гараагүй, МУИС-ийн факультет байсан болохоор “Малын эмч болж чадаагүй юм чинь, хүний эмч болбол аав ээж гайгүй байлгүй” гэж санаад бүртгүүлэх гэтэл бүртгэлийн тоо хэтэрчхэж. Дээр нь хими, биологийн шалгалт өгнө гэхээр айгаад больчхоод байж байтал нутгийн ах тааралдаад “Цаана чинь орос хэлний ангид шалгалт авахгүй оруулж байна, хоёулаа цуг орос хэлний ангид орчихъё” гээд дагуулаад явсан. Ингэж л энэ мэргэжлийг сонгож байлаа.
Гэтэл тэнхимийн эрхлэгч нь өнөө агуу их С.Галсан. Ингээд би Л.Түдэв багшийнхаа багшийн шавь нь болов оо. Тэр үед оюутны стипенд гэж 225 төгрөг, сайн дүн авбал 50 төгрөг, онц авбал 70 төгрөг нэмж авдаг байсан. Тэгээд өвлийн шалгалтаар онц юм уу, сайн авахаар хавар хүртэл сар бүр нэмэлт стипенд авдаг байлаа. Үүнд нь урамшаад би онц сурсаар төгсдөг жилдээ сургуульдаа, мөн давхар Багшийн Их сургуульд багшаар үлдэх боломжтой болчихсон “мундаг амьтан” явж байтал найзуудтайгаа нийлж зодоон хийсэн хэргээр нутаг руугаа буцахаас өөр аргагүй болсон доо.
Нутагтаа ирээд таван жил багшилж байтал аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдлын зөвлөлд нарийн бичгийн даргаар татаад авчихдаг юм байна. Тэндээ таван жил ажиллаж байгаад улсын намын сургуульд суралцах хүсэлт гаргатал дэмжигдээд зогсохгүй бүр Москвад ЗХУ-ын Намын төв хорооны дэргэдэх Намын Дээд сургуульд явахаар болов. Дараа нь мөн дахиад энэ сургуульдаа түүхийн ухааны дэд эрдэмтний цол хамгаалсан. Тэгээд төгсөж ирээд Намын төв хорооны Үзэл суртлын хэлтсийн орлогч эрхлэгчээр ажилд орж 1982-1986 онд ажиллаж байлаа. Үүнээсээ болж 1990 онд ардчилал гарахад Марксизм, Ленинизмыг номлодог газрын дарга байсан хэргээр хамгийн хортой этгээд гэгдэж эхэлсэн дээ.
Дээр дурдсан Москвагийн Намын дээд сургуульд би Ц.Гомбосүрэнтэй хамт нэг жил суралцаж байсан юм. Гэтэл Ц.Гомбосүрэн тухайн үед Гадаад хэргийн яамны сайд байсан болохоор намайг яамдаа Соёлын хэлтсийн захирлаар ажилд авлаа. Ингээд 1994 онд БНХАУ-д хоёр орны харилцаа эрс сайжирсан үед, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх үүрэгтэй Элчин сайдаар томилогдож найман жил ажилласан.
Тэгээд буцаж ирэхийнхээ өмнөхөн гэнэтхэн бодлоо. Өнөө мянга есөн зуун гэдэг тодотгол байхгүй болоод шинэ зуун, шинэ мянган юу юугүй хүрээд ирлээ шүү. Тэгэхэд л “Би цаашаа юу хийж амьдрах билээ? Би юу чаддаг билээ?” гэж бодоод бичиж л чадах юм байна гэдгээ ойлгон элчингийнхээ ажлаас нэг сар чөлөө авч байгаад л анхныхаа “Огт оргүйн толь” гэдэг номоо бичиж байв.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Ажлын хамгийн цагийн хуваарьгүй хүн олоод ир гэвэл намайг л аваад очиж болно доо. Учир нь би босож, сууж бичдэг, бас найз нөхөдтэйгөө гарч ороод бичиж байгаагаа орхиод явах нь их. Зуны дэлгэр цагт бол хөдөө их явна. Тэгэхээр өдөр өдөр өөр өөр өнгөрдөг болохоор дундаж нэг өдөр гэж байхгүй гэж хэлж болом.
Заримдаа залуучууд Илиада, Оддисэйг барьчихсан гарын үсэг авах гээд ирнэ. Тэр ч байтугай Өвөр Монголоос ч залуус ирдэг. Тэгэхдээ Илиада, Оддисэйг худам монгол бичгээрээ буулгах санаачилга гаргадаг юм. Гэхдээ тэр хоёр ч, одоо Тэнгэрлэг туульс ч тэр худам үсгээр буух хэцүү болов уу гэж би боддог. Тухайлбал, газар ус, хүний нэрээс эхлээд тэр чигтээ буух учиртай олон зүйл бий шүү дээ. Тийм учраас агуу их Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон, миний нэрлэж буйгаар “Монголжин кирилл” үсгийг үгүй хийж огт болохгүй гэж боддог юм. Энэ үсэг 1940-өөд оноос хойш хэд хэдэн үеийг өсгөж өндийлгөлөө. Энэ утгаараа бид кирилл үсгээ үгүй хийчхэж болохгүй. Харин хос бичигтэн болох хэрэгтэй. Манай кирилл үсэг чинь 35-хан үсэгтэй, сурахад маш амархан бичиг шүү дээ. Одоо Өвөр Монголын олон эрдэмтэн сэхээтнүүд манай кирилл үсгийг сурч байгаа. Миний бодлоор бусад монгол туургатнууд маань бидний хэрэглэж буй бичиг үсгээс авч хэрэглэн, суралцаж явах нь илүү чухал. Бид харин өөрсдөө кирилл үсгээ орхиод бүх зүйлээ худам үсэг рүүгээ хувиргавал ахиад зуун жилээр хоцрох хэрэг гарна. Учир нь сүүлийн бүтэн зууны үндэстний минь мэдлэг, түүх, соёл бүгд энэ шинэ бичгээр бичигдсэн гэдгийг мартаж болохгүй.
3. ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?
Ном унших л гэж хэлж болно. Хүн эхлээд аливааг сонирхлоороо уншдаг ч дараа нь үргэлж уншсанаа бодож, ухаарч явах хэрэгтэй. Цаана нь ямар утга санаа байна, ямар үгээр юуг илэрхийлж байгааг нь нягталж уншиж, улмаар цөмийг нь ухаж төнхөж, ухамсарладаг байх л хамгаас чухал. Дараа нь толгойд ямар нэгэн мэдлэг үлдсэн байх ёстой.
Өөрөөр хэлбэл, ном хүнд эхлээд мэдээлэл өгнө. Мэдээлэл авсныхаа дараа түүнийгээ анализ хийх хэрэгтэй. Улмаар түүнээсээ мэдлэг олж авах гэсэн гурван шат дамжлагыг заавал давах ёстой гэж хэлж болно. Мэдээлэл бол маш чухал. Хүнд зам зааж өгдөг. Үүнийг үз, түүнийг хар, ийшээ яв, тийшээ оч гэдэг. Тэдгээрийг анализ хийж, тархи зүрхэндээ суулгаад өөрөө өөртөө ашиглаж болох мэдлэг болгохыг зорих нь л миний арга барил болов уу.
ТЭНГЭРЛЭГ ТУУЛЬСЫН ТАЛААР ХУУЧИЛБАЛ?
А.Дантегийн Тэнгэрлэг туульсын ард гарах гэж Хомерын Илиада, Оддисэйгийн ард гарснаасаа ч илүү зовсон шүү. Илиада, Оддисэй бол манай монгол шүлэгт элбэг тохиолддог хегзаметр буюу зургаан цохилтот шүлгийн бүтэцтэй. Харин Тэнгэрлэг туульс терцина буюу гурав гурван шадаар бичигдсэн болохоор орчуулах их хүнд байсан.
Гэхдээ өгүүлж буй санаа, сайн муугийн тухай, хүмүүний зөв амьдрахуйн ухааныг өгүүлж байгаа нь манай уламжлалт сэтгэлгээ, шашин шүтлэгтэй тун ойрхон. Манайд арван найман там байдаг гэдэг бол А.Дантегийн бүтээлд есөн тамын тухай өгүүлнэ. Тэр есөн там нь хүний есөн муу үйлийг гэсгээн цээрлүүлэх бол манайд арван хар нүгэл гэж ярьдаг шүү дээ. Үүгээрээ л манай сэтгэлгээтэй ойр гээд байгаа юм. Түүнээс бус би нэг их монголчлох гээд зүтгэсэн зүйл ердөө байхгүй. Түүгээр ч зогсохгүй хаа тэртээх итали хүний сэтгэлгээ манайхтай ийм ойр байгаад басхүү гайхаж суусан шүү.
Мөн тэр тамын шийтгэл, шүүлтийг дүрсэлж байгаа нь зүрх шимширч, гар салгалам аймаар, хурц үг хэллэгтэй. Тэр үеийн Итали орон манай XII, XIII зууны монгол ханлиг, аймгуудын адил тархай бутархай байсан юм билээ. Зохиолч А.Данте өөрөө улс төрийн хэргээр цөлөгдөж, гүтгүүлж байсан болохоороо ч тэр үү, тийм л зүйл үзэж туулсан хүнд төрөх болов уу гэмээр агуу чинадын санаа ихтэй бүтээл шиг санагдсан.
Орчуулж суухдаа орос, англи хэлнээс нь харьцуулж байхад орос орчуулга нь их уянгатай, яруу гэдгээрээ манайхтай их ойролцоо юм. Харин англи орчуулга нь бүр яг таг буулгачихсан болохоор цаана нь ямар санаа буйг нь шууд, зөв ойлгоход их хэрэг болсон. Түүнээс гадна, тайлбар нь гэж хэдэн боть ном бий. Тэгээд би бодлоо. Эцсийн эцэст энэ чинь яруу найраг шүү дээ. Гэтэл жаахан явж байгаад л нэг тэмдэг тавьчихсан, тэгээд л уншиж байгаа хүн хуудсаа арагшаа эргүүлээд тайлбар уншаад байвал ямар юмны яруу найраг уншсан, юун сэтгэлийн цэнгэл болох вэ. Тэгээд бодож бодож бүх нэмэлт тайлбаруудыг нь шууд уншихад л ойлгогдохоор шингээж буулгахыг зорьсон.
Мөн орчуулж байхдаа “Ээ тэр итали хэлийг нь мэддэг байсан ч болоосой” гэж эрхгүй бодож суусан шүү. Гэхдээ бас “тэр XIII, XIV зууны итали хэлийг нь мэддэг хүн ч хэд билээ” гэж бодсон. Манай Монголын Нууц товчоо гэхэд л XIII зууны үеийн монгол хэлээр бичигдсэн зохиол. Гэтэл Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба тэргүүт хүмүүсээс эхлээд хэдэн хүн ч өнөөгийн хэл рүү буулгав даа. Ц.Дамдинсүрэн гуай гэхэд л Монголын Нууц товчоог гурав дахиж буулгасан шүү дээ. Ингээд бодохоор бараг сайн орчуулгаас нь дам орчуулах нь ч дээр юм шиг санагдсан.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Эхлээд би орчуулгаа компьютер дээрээ шивдэг байлаа. Эхэн үеийн үргэлжилсэн үгийн орчуулгуудаа шивчихдэг байсан чинь шүлэглэсэн зохиолын орчуулга хийхэд үг солих, мөр шад дээр доор орох техник ажлууд нь нэмэгдээд ирсэн. Ингээд би түүндээ будилаад заримдаа зөв байсныгаа устгаад үгүй хийх гэхчлэн зовлон гарч ирсэн болохоор бүгдийг нь гараараа бичдэг болсон.
Мөн компьютер дээр шивээд суухаар нүд аргаж өвдөхгүй хэр нь зүгээр л нулимс урсаад байх болдог юм байна. Тэгээд л түүнээс хойших бүх номоо гараараа бичиж, орчуулж дуусгасан даа. Гэхдээ гараараа бичиж байхад өөрийнхөө алдааг харж чаддаггүй юм билээ. Харин дараа нь хүнээр шивүүлсэн хойноо харахад олон алдаа харагдаж, зарим үгийг нь солих санаанууд орж ирэх нь элбэг.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Орчуулах зохиолынхоо тухай судалгаа, шинжлэлүүдийг интернэтээс цомхон уншиж л цаг хэмнэдэг. Тэгэхгүй бол барахгүй шүү дээ. Жишээ нь, Тэнгэрлэг туульсын орос хэл дээрх судалгаа гэхэд л 600, 700 хуудас судалгааны бүтээлүүд бий. Тэр болгоныг уншаад суувал дуусахгүй.
Л.Түдэв багш маань цагийг бол маш сайн хэмнэдэг хүн байсан. Барагтай бол урилга заллага, найр наадамд очихгүй. Тэгсэн мөртөө хүмүүсийн номд мялаалгын үг бичих, урам зориг өгөхдөө огт татгалздаггүй байсан. Одоо би орчуулга хийдэг болсноосоо хойш Л.Түдэв багш шигээ цагтаа их харам болж байгаа шүү.
ТА ХӨХМОРЬТ НЭРТЭЙ СУМЫНХАА ТУХАЙ ЯРИЛАА, ҮҮНЭЭС ҮҮДЭЭД ТА МОРЬТОЙ ХОЛБООТОЙ ТҮҮХЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?
Аравдугаар анги төгсдөг жил. Их сургуульд орох боллоо. Манай Хөхморьт сум чинь хамгийн баруун захын, Ховдтой хил залгаа сум. Би найман хүүхэдтэй айлын хамгийн том нь. Тэгээд сургуульд явах гэтэл замын зардал олддоггүй. Тэгсэн тэр жилийн наймдугаар сарын хорьдоор Хятадад агт авахаар хэдэн мэргэжилтнүүд ирдэг юм байна. Тухайн үед Хятад манайд ажилчдаа өгч, барилга байшин бариулдаг байсан бол манайх хариуд нь морьдоо өгдөг байсан юм. Тэгэхдээ улс малчдаасаа хямдавтар үнээр худалдаж авдаг байлаа. Сайн морийг 135 төгрөг, тааруухан морийг 100 орчим төгрөгөөр, хамгийн багадаа 75 төгрөгөөр морь авч байна гэсэн яриа манай нутагт гараад явчихлаа шүү.
Надад бүр миний дотнын найз болчихсон нэг сайн морь байдаг байсан юм. Гэрээсээ гараад л дуудахад хүрээд ирдэг. Нарийн хонгор нэртэй. Тэгээд Нарийн хонгороо зараад 135 төгрөгтэй болчихвол хот орох замын зардалтай болох юм гэж бодлоо. Ингээд сэтгэлээ хатамжилж хатамжилж морио аваад очлоо. Бас хажууд өөр нэг морь хөтөллөө. Хоёр морь тушаахад замын зардлаас гадна халаасны мөнгөтэй болох юм байна гэж бодсон хэрэг л дээ.
Морь авч байгаа хүмүүс эхлээд морины манынд нь (нүдэнд нь) нэг цацлага цацаж шалгана. Сайн морь бол тоох ч үгүй. Муу морины бол хамрнаас нь нус, нүднээс нь нулимс урсаад унана. Тийм морийг хятадууд авахгүй. Тэгсэн өнөө дагуулж ирсэн муухан морины маань нүднээс нулимс нь гоожоод уналаа. Гэтэл багийн дарга хэлж байна: “Улсын төлөвлөгөө тасалдуулахгүй шүү, нөхөр минь. Өөр морь авчраагүй юм бол тэр хонгор морио өг.”
Ингээд даргадаа загнуулаад авсны дээр зардлын мөнгөө бодоод хонгор морио шалгуултал морь маань нус нулимсандаа баригдах нь байтугай улам сэргээд ирэх шиг хүзүү толгойгоо хаялаад сүйд. Тэгтэл багийн дарга баярлаад “За манай багийн төлөвлөгөө биеллээ. Чиний хонгор морийг хүлээж авлаа. Явж 135 төгрөг тоолуулаад ав” гэж байна. Ингэж замын зардалтай болсон ч хонгор мориноосоо эгнэгт салахаас өөр аргагүй болов оо. Нөгөө муу мориндоо уур хүрч байна гэж жигтэйхэн. “Энэ муугаас боллоо” гээд мордохоосоо өмнө хоёр гурав сайн ташуурдаж аваад явлаа.
Тухайн үед тэдгээр адууг Баянхонгор, Өмнөговиор дамжаад урагшаа хил гаргадаг байв. Тэгээд хонгор морийг минь туугаад урагшаа явахдаа яг манай гэрийн дэргэдүүр тууж өнгөрсөн сөн. Дараа жил нь нэгдүгээр курсээ төгсөөд зун нь нутагтаа иртэл аав маань их баяртай сууж байна. Тэгэхээр нь намайг ирсэнд л баярлаж дээ аав минь гэж бодож байтал аав “Адуугаа эргээд ир, миний хүү” гэлээ. Би ч хонгор мориныхоо дүү, бага хонгор морио унаад хоёр гурван километр газар яваад адуундаа очтол миний хонгор морь өөрөө нутагтаа давхиад ирчихсэн байсан. Аав минь баярлаад дуугарч чадахгүй байсны учир нь тэр байсан юм билээ. Би морио гомдоод над дээр ирэхгүй болов уу гэж байтал хүрээд ирсэн… Би морио ярихаараа уйлчихдаг юм…
Ерөөс морины түүх бол Монголын л түүх. Манай түүхэндээ байгуулсан Их Монгол Улс бол ерөөс монгол морьдын л гавья шүү дээ. Гадаадын сайн үүлдрийн морьд чинь идэш тэжээл, ус ундгүй бол хол явдаггүй байтал манай энэ атигар жаахан морьд чинь хувхай шонг ч мэрээд өл даагаад, усгүй хэд ч хоног тэсвэрлэж чаддагаараа гайхалтай.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Орчуулга хийхдээ бол эхийг нь эхлээд орос хэлээр маш сайн уншдаг. Дараа нь англи хэлээр уншина. Энэ шатны уншлага бол дээр дурдсан мэдээлэл авах уншлага минь гэж ойлгож болно. Удаах анализ хийх шатандаа нөгөө орчуулах зохиолынхоо тайлбар сэлт, судалгааны ажлуудаас уншаад эхэлдэг. Үүний дараагаас л тэр зохиолыг ойлгох ойлгоц бүрэлдэж эхэлнэ. Түүнтэйгээ хамт зохих хэмжээний мэдлэг тогтоод ирдэг. Ингэж л төлөвлөдөг. Түүнээс биш ийм юм хийчихвэл Төрийн шагнал авчих юм байна гэж төлөвлөдөггүй л дээ.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Оюутан, багш байхдаа гартаа тааралдсанаа уншиж л амардаг байлаа. Яваандаа шүүж, ялгаж уншдаг болсон. Манай баруун таван аймаг “folklore” буюу ардын аман зохиолын өв уламжлалаараа гайхалтай. Манай аймгийн залгаа аймаг Ховд гэхэд л 18, 19 ястантай. Тэдгээр нь цөмөөрөө өөр өөрсдийн аман зохиол, дуу хуур, шог хууч, үлгэр, домогтой. Өвлийн урт шөнүүдэд үлгэрч өвгөдөө уриад тойрч суугаад үлгэр домог сонсдог нутагт өссөн болохоор би туульсыг багаасаа л сонирхож эхэлсэн юм.
Хомерын их хөлгөн туульс чинь өнөөгөөс 2800 орчим жилийн тэртээ зохиогдсон гэдэг. Манай Жангар бол түүнээс ч өмнө зохиогдсон болов уу гэж би боддог. Гэхдээ аман уламжлалаараа явж ирсэн болохоор батлах баталгаа байдаггүй нь харамсалтай. Харин Хомерын туульсыг бичих үед цаас ч байгаагүйн дээр тэрээр өөрөө сохор туульч байсан гэдэг. Бод доо, 60 мянган шад шүлгийг цээжээрээ хайлдаг тийм хүн байх уу? гэхчлэн хааяа бодогддог л юм.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Шүлэг, яруу найраг гэж хэлж болно. Би гэнэтхэн л нэг өдөр туульсын зохиол орчуулна гээд шийдчихсэн хүн биш шүү дээ. Түүнээс өмнө яруу найргийн гурван ч түүвэр гаргачихсан байсан. Ерөөс би шүлэг, найрагтай багаасаа л хамт өссөн хүн. Залуудаа алтан үеийн найрагчдынхаа бүтээлүүдийг алгасалгүй авч уншдаг байлаа. Тэгсээр нэг шүлгийн ур дүй суусан юм болов уу гэж боддог.
Хүн гэнэтхэн л “За нэг шүлэг бичээдэхье” гэхгүй шүү дээ. Шүлэг тэгж ч төрдөг юм биш. Ингээд амьдралынхаа баяртай, гунигтай үеүддээ шүлэг бичдэг болсон.
Үүнээс гадна ном бичих, Монгол орноороо аялах байна даа.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Би аль болох орчуулж байгаа бүтээлийнхээ хэвийг нь эвдэхгүйг хичээдэг. Гэвч эвдэхээс өөр аргагүй зүйл гарч ирэх үе бий. Тийм үед “Мэргэд гарахын орон” нэрт манай орчуулгын анхны онолын номын “Үгэн дор бүү итгэ, утган дор итгэ” гэдгийг л бариад явдаг. Тэгэхээр утгыг нь алдагдуулж болохгүй ч өгүүлж буй өгүүлэмжийнх нь дэс дарааг нь солбилцуулж болно гэж үздэг гэсэн үг. Учир нь орос хэл, монгол хэл хоёр чинь өгүүлбэрийн бүтцийн хувьд эсрэг шүү дээ.
Жишээ нь, орос орчуулга дээр гурав дөрвөн бадгийн дараа гарч ирэх санааг монгол орчуулгадаа урагш нь татах хэрэг гарч болно. Учир нь орос, англи хэлэнд юу болсноо буюу үйлдлээ эхэлж хэлчхээд бусад зүйлсээ араас нь хэлдэг бол манай хэлэнд юу болсноо хамгийн сүүлд хэлдэг.
Түүнчлэн, Тэнгэрлэг туульсын орчуулга дээр л гэхэд тамын тэр олон амьтдыг оноож нэрлэх их хүнд байсан. Ингээд монгол уламжлалт нэршлүүдээсээ бирд, ягчис, мангас, рах гэхчлэн оноож гарлаа. Бидний хэн нь ч мангас, ягчис тэргүүт амьтдыг хараагүй. Гэхдээ л бидний сэтгэлгээнд тэдгээр амьтад төсөөлөгдөөд байдаг. Тэгэхээр энэ сэтгэлгээтэйгээ дөхүүлэх хэрэг гарч байгаа юм. Ийм болохоор Тэнгэрлэг туульс Илиада, Оддисэйгээс ч илүү миний махыг идсэн гэж хэлж болно. Тиймдээ ч чанарын хувьд ч илүү л болсон болов уу гэж бодож байгаа.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Одоо энэ арван сард Л.Түдэв багшийнхаа тухай дурсамж, дурдгатлын “Цав цагаан дурсамж” номоо гаргахаар ажиллаж байна. 2026 онд гаргах номууд маань ч бараг бэлэн болчихсон зэхээстэй байгаа. Мөн орчуулгын саналууд ч хэд хэд ирсэн.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Хүн үргэлж л их бага хэмжээгээр шинэ зүйлд суралцаж байдаг. Үүнд заавал бичих, туурвих зүйлс хамаарах албагүй шүү дээ. Жишээ нь, саяхан би бие муудаад ямар хоолыг яаж хэрэглэх, ямар үед хэрэглэх гэдгийг шинээр сурч авсан.
Мөн “мартагдсан хуучин зүйлийг шинэ зүйл гэдэг” хэмээсэн үг бий. Энэ утгаараа түүх бол хэзээд шинэ байна. Амьдрал өөрөө үргэлжийн шинэ юм. Төрж, үхэх гэдэг чинь шинэчлэгдэж байгаа л хэрэг. Бид өдөр болгон шинэчлэгдэх хэрэгтэй. Түүнээс бус би дассанаараа хөдөө өссөн чигтээ өнөөдөр Улаанбаатарт амьдарч болохгүй.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Би хүнд ном, кино санал болгож чадах хүн биш ээ. Миний мэргэжил ч түүнээс хол. Би өөрөө сонирхогч л төдий хүн шүү дээ. Хөгжмийн хувьд бол их олон ардын дууны үгийг цээжээр мэднэ. Тэгээд хорвоо гэж учир шалтгааны төгс зохионгуй тул дуунд дуртай хэр нь солгой хоолойтой төрүүлжээ, намайг.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Би их унтамхай хүүхэд байсан л даа. Тэгэхэд аав маань надад “Ажлыг хийж бардаг юм, нойрыг сэрж бардаг юм” гэдэг байж билээ.
Харин намайг 11 настай Улиастайн сургууль руу гаргаж өгөхдөө аав минь нэг үг хэлснийг нь би одоо хүртэл их том сургаал байж дээ гэж боддог. Тэр нь “Дээлээ чанга бүсэлж яваарай” гэсэн үг байсан. Тухайн үед би ах дүү, аав ээжээсээ авсан 30 гаран төгрөг, бас бус ааруул, чихэр монгол дээлдээ өвөртөлж явсан юм. Тэгээд түүнийгээ л хаячих вий л гэж хэлж байна даа гэж ойлгож билээ. Гэтэл тэр нь биеэ сул тавьж болохгүй гэсэн үг байжээ гэдгийг хожим ухаарсан. Хүн чинь мөнгөтэй болчихлоо гэж нэг биеэ сул тавих гээд, хөгширлөө гэж нэг биеэ сул тавих гээд, өвдөж зовлоо гэж нэг биеэ сул тавих гээд байдаг бололтой. Үүнийг л болохгүй шүү гэж захиж дээ гэж боддог.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Монголоороо байгаарай л гэж хэлмээр байна. Энэ нь гаднын зүйлсийг битгий сур гэсэн үг биш. Харин битгий дуурайгаарай л гэсэн үг.
Гаднын соёлд автаж байгаа залуу үеийн буруу гэж байхгүй ээ. Тэр нөхцөлийг нь бүрдүүлж байгаа хүмүүс л буруутай. Гэтэл монгол хүнд бурхнаас үнэхээр гайхалтай оюун ухаан, бас зовлон бэрхшээлийг давдаг үнэнхүү гүргэр гэмээр сэтгэлийн хат заяасан байдаг. Энэ чанаруудаа л битгий алдаасай гэж боддог.
Түүнчлэн, монгол зүйр цэцэн үгсээ ухаарвал ухаан нь аяндаа тэлээд ирнэ шүү. Тэгээд эцэст нь, үг дааж, ачаа дааж сураарай гэж хэлье.
ТЭНГЭРЛЭГ ТУУЛЬС-ААС ОНЦЛОХ МӨРҮҮД
Эх болсон дэлхийнхээ барааг эргэж үзэхийн заяа юу даа…
Арно мөрний хөндийд алагдсан Франческо-гийн сүнс харин
Ахиад надад харагдсангүй, ахуй нутаг руугаа хулжаа юу?
Араас нь нутгийнхан нь нүглийг нь нимгэлж залбираа юу?Зүдэж ядан тэгж явснаа эргэж одоо нэхэн санахад
Зөн билиг төөрсөнгүй, зүдэг харанхуйгаас гэрэл гэгээ рүү
Зөв заяаны минь од тэнгэрээс залж байж дээ гэж санадаг юм.
Анхны хүмүүн-Адам-ын сүнс ингээд анир чимээгүй болов оо…
Тавилан заяаны тань жолоо тэнгэр бурханд байдаг ч гэсэн
Танд өөрт чинь байгаа тархи, зүрх, сэтгэлийнхээ гэрлийг тавиад хараарай!
Түүнээс гадна байгаа бүхэн хоосон, хоомой гэж битгий санаарай!
Г Г.Цэцэгмаа 2025.09.20 202.9.46.102
Нутгийн минь сайхан ах, их эрдэмтэн, залуу үеийн үлгэр дууриалал болсон сайхан хүн та урт насалж, удаан жаргаарай. Таны өгсөн ярилцлага бүхнийг уншихгүй өнгөрч чаддаггүй, үнэхээр сайхан.
Ц Цахилгаан гуай чинь 2025.09.20 104.28.133.27
Бас Англиар ус цас шүү дээ. Эрдэмт хүн даруу гэж тэрийгээ хэлээгүй (хэлүүлээгүй) байна. Элчин болохынхоо өмнө “Нүүдэлчдийн Замаар” гээд ЮНЕСКО-н олон улсын их том экспедицийн Монгол дахь хэсгиыг нь удирдан зохион байгуулж байсан. Олон хэлийн Монголч эрдэмтэд, түүхчидтэй ёстой нэвтэрхий харилцаж, зохион байгуулж байсныг нь 10 жилийн хүүхэд би зуныхаа амралтаар Хашааь-Хархорин хэсэгт нь оролцох завшаан тохиож билээ. Тэр үед шүтээд л өнгөрсөн. Энэ ах шиг олон хэлтэй, ус цас болох юмсан гэж бодоод.
Б Батсуурь 2025.09.19 103.229.122.108
Нутгийн минь том эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Цахилгаан гуайн сэтгэл, дотрыг уудалсан сайхан ярилцлага хийсэн сэтгүүлчид талархал илэрхийлье. Бидэнд үлгэр дууриалал, домог болсон хэдэн хөгшдийн маань сүүлчийн могикан болсон энэ хүнтэй ийм сайхан ярилцлага хийсэн нь тун ч талархууштай.
З Зочин 2025.09.19 103.212.117.172
Соц үеэ муу хэлэхээр орчин үеийн ардчилсан хүн болно гэж боддог юм уу яадаг юм, энэ өнөөгийн хүмүүсийн сэтгэлгээ. Соц үед хүүхдээ, хүнээ номоор хүмүүжүүлж, ахмадын үг үнэтэй байж бүхэл бүтэн үеийг бойжуулж иржээ. Номтой нөхөрлөж, эрдэм номтой хүнийг таарсан ажилд нь томилж, улсын ачааг үүрүүлж явсаны нэг жишээ нь энэ Цахилгаан гуай юм. Сайн морь эзэндээ үргэлж ээлтэй байдгийн сайхан жишээ хэллээ. Өөрөө унаа нь болоод Улаанбаатар хүргэж өгаөгүй ч замын зардлын мөнгийг эзэндээ олоод өгдөг буянтай сайхан хүлэг байжээ. Сайн хүлгийн заяа эзнээ энэ зэрэгт хүргэх замыг зассан гэхээр үнэхээр бурханы элч, буян нь дундрахгүй сайхан эрдэнэ байжээ.
З Зочин 2025.09.18 66.181.187.229
Ёстой сайхан ярилцлага уншиж Цахилгаан гуайдаа баярлалаа. Бас ухаарал авах өчнөөн сайхан санаа олж авлаа. Тандаа урт удаан насалж, түмнээ гэгээрүүлэх сайхан орчуулга, бүтээлээ туурвиж явахын ерөөл дэвшүүлье!
З Зочин 2025.09.18 202.21.125.242
Ээ дээ. Ямар сайхан ярилцлага уншчихав аа. Түмэнтээ талархъя аа анрид-ийнхэндээ. "Дээлээ чанга бүсэлж яваарай" гэх үг яасан айхтар утгатай үг вэ. Цахилгаан гуай даа урт насалж, жаргаарай, олон бүтээл туурвиж биднийгээ баясгаарай, баярлалаа.
Э Энх-Амгалан 2025.09.18 103.57.95.199
Би угаасаа бичгийн төрлийн хүн биш гэвч юм юм л сонирхох гэж боддог боловч орчин ахуй болон бололцоондоо л өөрийгөө болгож яваа нэгэн.Цахилгаан гэдэг хүний тухай сонсож сонирхох төдий л байлаа дээрхи ярилцлагаас нэлээд зүйлийг мэдэж авсандаа баярлаж байна.энэ улсын маань ихэнхи нь энэ хүн шиг байгаасай шунал сувдаг зан, хулгайч авилгач удирдагч нараасаа мөдхөн салаасай гэж л хүсэж мөрөөдөж суудаг ахмад настан билээ.Мөрөөдөл маань мөдхөн биелэх болтугай.Эрхэм Цахилгаанд цаашдын бүтээл туурвилд тань өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе