Бид ээлжит дугаарынхаа зочноор сүүлийн хэдэн жилийн хугацаанд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хувь нэмрээ оруулан ажилласан Нийслэлийн “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн М.Төмөрийг урилаа.    
 
Тэрээр ОХУ-ын Дотоод явдлын яамны харьяа, Хууль зүйн Дээд сургуульд суралцаж  суралцаж төгссөн. Эх орондоо эргэж ирмэгцээ Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас ажлын гараагаа эхлүүлж, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн бүхий л төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, мөрдөгчөөс эхлэн ахлах мөрдөгч, орлогч хүртэлх албыг тус тус хашиж байжээ. 

Байршил: Сүхбаатар дүүрэг
Эрхэлдэг ажил: Нийслэлийн “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн
Хэрэглэдэг гар утас: iphone 15 promax
Хэрэглэдэг компьютер: Macbook pro
Сошиал хуудаснууд: Мөнхтамгын Төмөр (Фэйсбүүк)

1. Таны мэргэжлийн замналаас бид юуг мэдэх ёстой вэ? 

Би аавынхаа мэргэжлийг өвлөн авч цагдаагийн замналыг сонгосон юм. Үй Цай дунд сургуулийг төгсөөд ОХУ-ын Дотоод явдлын яамны харьяа, Хууль зүйн Дээд сургуульд суралцсан. Суворовын сургууль (Цэргийн сургууль ОАУСК) гэдгээр монголчуудын дунд эчнээ танил болсон, ажлын зургаан хоногтой, хоногийн чөлөөгүй, бүтэн цэргийн дэглэмтэй сургууль юм л даа. Энэ сургууль хоёр орны гэрээ буюу тусгай хүчний байгууллагуудын хоорондын гэрээгээр сурагчид элсүүлдэг. Түүний дагуу шалгалтдаа тэнцээд энэ сургуулийг зорьж байсан. Сургуулиа төгсөж, эх орондоо буцаж ирээд цагдаагийн байгууллагад ажилласан бөгөөд сүүлийн дөрвөн жил Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт мөрдөгчөөс эхлэн ахлах мөрдөгч, орлогч хүртэл дэвшин ажиллаж, эдийн засгийн аюулгүй байдал буюу мөнгө угаалт, татвар, банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, үнэт цаас, крипто валют, улсын хилээр нэвтрүүлсэн хууль бус бараа бүтээгдэхүүн зэрэг энэ салбарт хамаарах бүхий л төрлийн гэмт хэрэг дээр төвлөрөн, шалган шийдвэрлэн ажилласан туршлагатай.

Энэ хугацаандаа мөн олон томоохон хэргүүд болох Гацууртын Чинбатын хэрэг, Найман зуун хятадын хэрэг, Капитал банкны хэрэг, ЖДҮ-ийн хулгай, койн буюу крипто валютын хэрэг гээд олон хэрэг дээр ажиллаж байсан. Хамгийн сүүлд Нүүрсний хулгайн хэрэг дээр цагдаагийн байгууллагын зүгээс ахлан ажиллаж “Шилдэг мөрдөгч” болж байлаа. Улсад нийтдээ 40 орчим тэрбум төгрөгийн хохирол төвлөрүүлсэн.

Би энэ байгууллагад орлогч дарга хүртэл дэвшин ажилласан ч эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлд жинтэй хувь нэмэр оруулах боломжгүй гэдгийг цаг хугацааны явцад ойлгосон. Учир нь цагдаагийн албаны тухай хуульд зааснаар тангараг өргөсөн цагдаагийн албан хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй. Мөн хэрэг илрүүлээд прокуророор, шүүхийн байгууллага дээр очоод тухайн хэрэг маань гацдаг, уддаг тогтолцоо ч надад анзаарагдсан.

Тиймээс хууль эрх зүйн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулъя, залуу хүний хувьд залуучуудынхаа дуу хоолой болъё, улсын төсвөөс хулгай хийж буй хүмүүстэй тэмцэж, хүчтэй сөрөг хүчнийг бүтээе хэмээх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн үндсэн дээр улс төрийн замналаа эхлүүлэхээр шийдэж, өнгөрөгч оны дөрөвдүгээр сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдсөн .

Манай Үндэсний эвслийн тэргүүн эдийн засгийн чиглэлээр тусгай хүчинд ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн замналын хувьд надтай зарим талаараа төстэй, мөн маш залуулаг залуулаг сэтгэлгээтэй санагдсан тул энэ сонголтыг хийсэн. Үндэсний эвсэлд элсээд сургуульд сурч мэдсэн зүйлс болон эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр ажилласан туршлагаараа үнэлэгдэн орлогч менежерээс ажлын гараагаа эхэлж, өдгөө Монголын Ногоон Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байна.

Залуу хүний хувьд нэг жилийн дотор чамгүй амжилт үзүүлж байгаа маань яах аргагүй эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэн ажилласантай холбоотой. Учир нь би ажиллаж байх хугацаандаа бүхий л төрлийн хуулийг нэг бүрчлэн судалдаг байлаа. Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн бүлэглэн үйлддэг бөгөөд түүнийг илрүүлэхийн тулд маш их судалгаа хийх, мөрдөх ур чадвар, бичиг цаастай ажиллах, хүнтэй харилцах, хүндлэх, хэргийг баримтаар нотлох зэрэг дадлуудыг суулгах шаардлагатай. Эрх тэгш байдал, гэмт хэрэг гээд нийгмийн бүхий л үзэгдлийг хууль зохицуулж байдаг. Хуулийг цээжилснээрээ хуульч болдоггүй, түүнийг хэрхэн хэрэгжүүлж, бусдад тайлбарлаж буйгаар нь хэмждэг. Тэгэхээр миний хувьд аливааг хууль зүйн үндэс, хэм хэмжээгээр зааглан, ухаж боддог маань миний мэргэжлийн замналын хамгийн чухал онцлог болов уу.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Би гурван хүүхэдтэй. Хамгийн том нь хоёрдугаар анги, дунд хүү маань нэгдүгээр ангийн сурагч тул хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөхөөс л шинэ өдөр эхэлнэ. Өглөө ихэвчлэн 06:00 цагт босоод 30-40 минут тухайн өдрийн төлөвлөгөөгөө гаргадаг. Миний яг өөртөө зарцуулж, ганцаараа байдаг цаг гэж хэлж болно.

Үүний дараа хүүхдүүдээ хүргэж өгөөд, ажил дээрээ ирж, уулзалт, хурлууд, бичиг цаасны ажлууддаа төвлөрдөг. Дундуур нь хүүхдүүдээ сургуулиас нь авч, гэрт нь хүргэж өгөөд ажил руугаа буцаж очин тухайн өдрийнхөө ажлыг дүгнээд гэртээ харьдаг даа. Гэхдээ сүүлийн үед дандаа л 21:00 цагаас шөнө дундын хооронд л гэртээ орж байна. Хэрвээ багахан цаг гарвал сагс тоглож, хөлсөө гаргах дуртай. Багаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж, улсын шигшээд хүртэл тоглож байсан болохоор энэ спорт миний амьдралын салшгүй нэг хэсэг гэж хэлж болно. Мөн эрүүл амьдралын хэв маяг руу хөтөлдөг дадал минь гэх юм уу.

3. Таны ажлын арга барил?

Маш их төлөвлөдөг. Ажлаа жилээр нь төлөвлөдөг. Зөвхөн ажил ч гэлтгүй, карьер, эрүүл мэнд, гэр бүл, өөрийгөө хөгжүүлэх цаг зэргээ ч мөн адил жилийн төлөвлөгөөндөө тусгадаг. Түүнийгээ сар, сард нь хуваагаад, сараа долоо хоногт, долоо хоногоо өдөр тус бүрд нь хуваадаг. Ажлын арга барилын хувьд аль болох чанартай, цөөн хуралдаж, шийдвэр гаргах боломжийг багийнхандаа өгөхийг эрмэлздэг.

Ингэснээрээ би байхгүй байсан ч манай багийн ажил урагшлах боломжтой болдог. Үглэх биш үлгэрлэдэг, үүрэгдэх биш оролцож ажилладаг “босс” биш лидер байхыг хичээдэг. Ер нь багийн тоглолт бүтээхийг хичээдэг нь миний арга барил юм уу даа.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ? 

Хамгийн их ашигладаг апп гэвэл Trello. Залуу хүмүүс учраас заавал хуралдаж, цагаа үрэхгүйгээр энэ аппаар дамжуулаад ажлуудынхаа жагсаалтыг гаргаж, ажлын гүйцэтгэл хаана, хэн дээр явж байна гээд бүх үйл явцыг нь харж болдог нь таалагддаг. Харин Remarkable-аар өдөр тутмын тэмдэглэлээ хөтөлж, ажиллах нь хялбар, авсаархан, байгальд ээлтэй санагддаг.

Мөн Mapillary гэдэг Google map-тай төстэй апп-ыг их ашигладаг. Гэрээсээ ажил хүртэл хэр хугацаа зарцуулж буйг заахаас гадна замын түгжрэл, нүх, замын хагарал эвдрэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй зам талбайг тэмдэглэх боломжтой байдаг тул энэ аппыг ашиглах дуртай. Сүүлийн үед Үндэсний эвслийн тэргүүний үүргийг гүйцэтгэж болон орон нутгийн сонгуультай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлэх хэрэгцээ шаардлагаар “сошиал медиа”, тэр дундаа Facebook-т их цаг зарцуулж байна.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Дээр дурдсанчлан төлөвлөх бол цаг хэмнэх хамгийн сайн арга. Мөн бид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд зарцуулдаг. Тиймээс цаг хамгийн их хороодог түгжрэлээс мотоцикл унаж зайлсхийдэг. Нэг, хоёр км зайг хоёр гурван цагаас эхлээд таван цаг туулах үе ч тохиодог шүү дээ. Тиймээс залуу хүний хувьд мотоцикл унах нь цаг хэмнэх хамгийн хялбар арга болоод байна.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Түрүүн хэлсэнчлэн бүх ажлаа жилээр нь төлөвлөдөг. Эхлээд нийтийн хэлж, ярьдгаар “мөрөөдлийн жагсаалт”-аа гаргадаг. Гэр бүл, хувийн амьдралтай холбоотой ажлуудаа төлөвлөж хараад ажлаа түүнтэйгээ уялдуулахыг эрмэлздэг. Ажлын хувьд манай улс гэнэтийн бэлгээр дүүрэн. Төлөвлөгдөөгүй зүйлс маш ихээр тохиодог тул хагас жилээр нь дүгнэхийн сацуу долоо хоногоор төлөвлөх нь үр дүнтэй байдаг. Миний хувьд чухлаас биш яаралтайгаас нь эхэлж төлөвлөх арга барилтай. Ингэснээр чухал ажилдаа илүү сайн төвлөрч, дарамт, бухимдал үүсэхээс сэргийлдэг гэж хэлж болно.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Мэдээж хамгийн түрүүнд гэр бүл шүү дээ. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэж байхад ч, эвслийн ажилд ч хүндрэл бэрхшээл, дарамт шахалт бишгүй тохиолдоно, ганцаардах үе ч олон тулгарна. Гэхдээ орой гэрийнхээ хаалгаар ороод эхнэр, хүүхдүүдийнхээ царайг хараад л бүхнийг мартаж чаддаг. Өөдөөс инээгээд угтахад нь маш их эрч хүч авдаг даа.

Дараагийн хамгийн их эрч хүчээ сэлбэдэг арга маань сагсан бөмбөг болон буудлага. Сагс тоглох үед зөвхөн тухайн мөчөө мэдэрч, тоглолтдоо бүх анхаарлаа хандуулж чаддаг тул бүх асуудал, хүндрэлээс салж, нэг ёсны бясалгал болж өгдөг. Багийн спортын онцлог нь “би”-г байхгүй болгодог. Зөвхөн “бид” гэж байдаг бөгөөд хамтын ажиллагааны чухлыг ойлгуулдгаараа гайхамшигтай. .

Түүнчлэн тэсвэр тэвчээр, хатуужил олгодог. Харин буудлагын хувьд айдсаа даван туулахад минь туслахын зэрэгцээ анхаарлыг 100 хувь төвлөрүүлдгээрээ онцлог. Хэрвээ би хангалттай анхаарал хандуулахгүй бол хэн нэгний амь насанд аюул учруулах эрсдэлтэй тул 100 хувь анхаарал, 100 хувь аюулгүй байдлыг эрхэмлэх дадал, чанарыг олж авсан. Энэ чанар нь эргээд эрч хүчээ сэлбэхэд минь тус болдог болов уу.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу байдаг вэ? 

2021 оноос хойш залууст олон талын боломжийг олгодог, дэлхийн 120 гаруй оронд салбартай JCI байгууллагад ажиллаж байна. JCI бол НҮБ-д зөвлөх эрхтэй цорын ганц залуучуудын төрийн бус байгууллага. Билл Гейтс, Жонн Кеннеди, АПУ ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан гээд л салбар салбарын шилдгүүд энэ байгууллагын үе үеийн гишүүд. Эдгээр хүмүүсээс эхлээд манлайлагч залуусын нэгдэл учраас суралцах зүйлс маш их. Мөн тэдэнтэй нөхөрлөж, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэхээр ажиллах нь таалагддаг юм. Ер нь бол бид аливаа асуудлыг хүндрэл, чирэгдэл бололгүй залуулаг, шинэлэг замаар шийдэж, эрх баригчдад харуулахыг зорьдог. Би JCI Central салбар байгууллагын гишүүн. Миний хувьд тусгай хэрэгцээт иргэд рүү чиглэсэн “Тэгш боломж” төслийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан.

JCI Монголын залуус маань жилд дунджаар 50 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эрүүл мэнд, боловсрол, нийгэм, хүмүүнлэг гээд бүх л салбар багтана. Жишээлбэл, хүмүүсийн сайн мэдэх Save angels төсөл хэрэгжсэнээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын дараах нөхөн сэргэлтийн хувь 72.2 хувиас 96.0 хувь болж нэмэгдсэнээс гадна нярайн эндэгдэл 40 хувиар буурсан. Хамгийн гол нь энэ бүх төсөл хөтөлбөрийг бид өөрсдийн сайн дурын үндсэн дээр, гишүүнчлэлийн хураамж болон хандиваар санхүүжүүлж, нийгэмдээ хувь нэмэр оруулаад зогсохгүй өөрсдөө давхар сурч хөгжиж байдаг. Энэ жилийн хувьд би JCI Монгол байгууллагын Төрийн байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан захирлын албыг хашиж байгаа.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? 

Үндэсний эвсэл байгуулагдаад удаагүй. Хүүхдээр бол “нярай” үедээ явж байна. Тиймээс төрийн ууган хүчнүүдийг сөрөх сөрөг хүчин болоход хамгийн том хүндрэл үүсэж байна. Хүч тэнцвэргүй тулаан гэх юм уу даа.

Давуу тал нь шинээр гарч буй сөрөг хүчний хувьд илүү инновацлаг арга замаар иргэдийнхээ дуу хоолой болж, төсвийн зарцуулалтад хяналт тавихаар эрч хүчтэйгээр ажлаа эхлүүлж буй нь сайн тал юм.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө? 

Мэдээж орон нутгийн сонгуульдаа голчлон төвлөрч байна. Эвслийнхээ нэр дэвшигчдийг сонгуульд нь амжилттай оролцуулж, ялалт байгуулах бодлого, зохицуулалтад анхааран ажиллаж байгаа. Би өөрөө мөн Хан-Уул дүүргээс НИТХ-д нэр дэвшиж байгаа. Одоогоор энэ хоёр ажил дээр л төвлөрч байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 

Өдөр бүр л шинэ зүйл сурахыг эрмэлздэг. Яг одоо хашиж буй ажил, албан тушаалаас шалтгаалаад хамгийн их мэрийж суралцаж буй зүйл бол улс төрийн онол, практик. Хүн гэдэг амьтан аливаа зүйлийг амьдралын хэв маяг, дадал болгож байж гэмээнэ бүрэн эзэмшдэг болохоор нэгэнт сурсан чадваруудаа илүү сайжруулж, өнгөлж байхыг хичээдэг. Жишээ нь, эзэмшсэн гадаад хэлнүүдээ мартахгүйн тулд аль болох их ашиглахыг эрмэлзэх, тэмдэглэл хөтлөх гэх мэт. Одоо МУИС-ийн Хууль зүйн их сургуульд докторантаар суралцаж байна.

12. Санал болгох ном, кино, хөгжим? 

Кино бол “Coach Carter”. Спортоор дамжуулан хүний амьдралын жир хөдөлмөр, хичээл зүтгэл, дадал ямар их гайхалтай үр нөлөөг авч ирдгийг харуулсан бүтээл. Дуунаас гэвэл орос дуунуудад дуртай. Яг энэ мөчид Сердце Пацана санаанд орж байна (инээв). Үгийн утга нь таалагддаг. Клипнийх нь чихэр л тухайн үедээ л моодонд орж байсан шүү дээ. Номын хувьд Харпер Лигийн "Дууч шувууг хөнөөх нь” бүтээлийг санал болгоё. Сайн, муу, шударга ёс зэрэг ойлголтууд нийгэмд хэрхэн зэрэгцэн оршдогийг Америк дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээр дамжуулан илэрхийлсэн нь тун сонирхолтой.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

“Хүн хөрөнгөтэй ч бай, үгүй ч бай нэг янзаараа байх шиг сайхан зүйл байдаггүй юм аа” хэмээх аавынхаа үгийг байнга санаж явдаг.

14. Бусдад шидэх санаа? 

Хүмүүс аливаа замналыг эрт эхэллээ гэж хэлэх нь тааралддаг шүү дээ. Миний бодлоор юу ч болж байсан хүссэн замналаа эхлүүлэх нь эхлүүлэхгүй хүлээж суухаас хавь илүү. Тийм болохоор эхлэлд эртэднэ гэж байдаггүй гэж боддог.

Мөн сонгууль гэдэг хэн нэгэнд таны ирээдүй, боломжийг тодорхойлох эрхийг олгож буй хэрэг. Тиймээс өөр хүнд сонгох эрхийг тань булаах боломжийг олгохгүйн тулд хэнийг ч сонгосон бай, сонгуульдаа идэвхтэй оролцох нь чухал шүү гэж хэлмээр байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.