Гуравдугаар сарын 18-ны өдөр бол Монгол цэргийн өдөр. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан бид Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад НҮБ-ын MINUSCA Энхийг сахиулах ажиллагаанд тагнуулын офицероор үүрэг гүйцэтгэж буй ахмад Д.Эрдэнэбилэгийг зочноор урьж, энхийг сахиулах ажиллагааны онцлог, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Дайн самуунтай оронд энгийн иргэдэд туслах, бусад НҮБ-ын хамтрагч байгууллагуудтай нэгдэн нөхцөл байдлыг намжаах, энх тайвныг цогцлоох, энгийн иргэдийг хамгаалах үүрэгтэй тус ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин энэ жил 23 дахь жилдээ оролцож буй аж.
2002 онд Бүгд найрамдах Конго Улс руу 2 ажиглагч илгээснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны түүх эхлэлтэй бөгөөд өдгөө манай улс дэлхийн 191 орноос НҮБ-д цэрэг хандивлагч орны жагсаалтад 18 дугаарт бичигдэж, давхардсан тоогоор 24 мянга орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байгаа юм.
Байршил: Төв Африкийн Бүгд Найрамдах Улс
Эрхэлдэг ажил: НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих MINUSCA ажиллагааны Зүүн секторын тагнуулын тасгийн дүн шинжилгээний офицер
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro
Хэрэглэдэг компьютер: Албаны хэрэгцээнд ThinkPad, Хувийн хэрэгцээнд MacBook
Сошиал хуудсууд: Davaa Erdenebileg (Facebook)
1. Таны ажлын замналаас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
2007 онд Монгол Улсын Зэвсэгт хүчинд анх хөл тавьсан цагаас хойш энэхүү салбарт 18 дахь жилдээ тасралтгүй ажиллажээ. Миний үндсэн албан тушаал Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн "Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв"-ийн цэргийн багийн ахлах багш. Харин одоогоор Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь НҮБ-ын MINUSCA Энхийг сахиулах ажиллагааны зүүн секторын тагнуулын хэлтэст дүн шинжээч офицерын албан тушаалыг хашиж байна.
Миний карьерын хамгийн онцлох хэсэг бол НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, дэлхийн энх тайвны төлөө зүтгэж буй он жилүүд минь. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээн, дэлхийн энх тайвны үйлсэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ хугацаанд нийт 15 ажиллагаанд 114 цэргийн баг илгээгдэж, давхардсан тоогоор 24 мянга орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн гэх тоо баримт бий. Өдгөө манай улс дэлхийн 191 орноос НҮБ-д цэрэг хандивлагч орны жагсаалтад 18 дугаарт бичигдэж, монгол цэрэг зөвхөн энхийг сахиулах салбарт төдийгүй олон улсын хэмжээнд "Дэлхийн цэрэг" гэх нэр хүндийг бий болгож чаджээ.
Би 18 жилийн хугацаанд 6 удаа энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон бөгөөд одоогоор 1 жилийн хугацаатайгаар Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад Монгол Улс болон Зэвсэгт хүчнээ төлөөлөн бие даан ажиллаж байгаа юм. Одоогоор тус ажиллагаанд дэлхийн 61 орны 17 мянга гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох явцад удаан хугацаанд ар гэрээсээ хол байх амаргүй ч эх орноо төлөөлөн, дэлхийн энх тайвны төлөө олон улсын цэргүүдтэй мөр зэрэгцэн зүтгэж байгаагаараа туйлын их бахархаж явдаг.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Юун түрүүнд өөрийн гүйцэтгэж буй ажлынхаа онцлогийг товчхон тайлбарлая. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа гэдэг маань ерөнхий нэршил. Энэхүү ажиллагаанд улс орнуудын цэргийн баг болон бие дааж үүрэг гүйцэтгэж байгаа офицерууд гэсэн 2 тусдаа ойлголт бий. Миний хувьд яг төв штабд нь ажиллаж байгаа офицер.
Одоо миний үүрэг гүйцэтгэж байгаа алба бол НҮБ-ын штабын офицер буюу НҮБ-ын нүд чих нь болдог төлөөлөгч гэсэн үг. Бидний харьяан доор 61 улсын цэргийн багийнхан ажиллладаг бөгөөд миний хувьд өдөр тутамдаа тухайн ажилллагааны хариуцлагын бүсэд үйл ажиллагаагаа явуулж, эргүүл хийж буй цэргүүдээс мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсний дүнд Нью-Йорк дахь төв штаб руу илгээх үүрэгтэй.
Өглөө 08:00 цагт өглөөний хуралд орж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай хариуцлагын бүсэд гарсан гэмт хэрэг, хүний эрхийн зөрчил зэрэг мэдээллийг хянаж, дүн шинжилгээ хийснээр ажлын өдөр маань эхэлдэг. Болзошгүй аюулыг тодорхойлон, дээд шатны удирдлагад мэдээлж, холбогдох байгууллагуудад илгээх нь миний ажлын хамгийн чухал хэсэг.
Өнөөдрийн хувьд 10:30 цагт MINUSCA ажиллагааны хүчний штабтай цахим хуралд оролцов. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд манай хариуцлагын бүсэд байрлах Migala тосгонд галт зэвсэг ашиглан хулгай, дээрэм хийх, зэвсэгт бүлэглэлүүд энгийн иргэдийн эд хөрөнгө, бараа материалыг булаах, цаашлаад хүний амь насанд заналхийлэх гэмт хэргүүд огцом нэмэгдээд буй. Цаашид энэ төрлийн халдлага нэмэгдэх төлөвтэй тул тухайн бүс нутаг руу Замби улсын түргэн байрлах хүчний ротын нэг салааг илгээж, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, нөхцөл байдлыг тогтворжуулах, мөн НҮБ-ын цэргийн сүр хүчийг харуулах төлөвлөгөө хэлэлцлээ. Миний зүгээс энэхүү хуралд тухайн бүс нутгийн аюулгүй байдлын үнэлгээ, байгаль, цаг уурын нөхцөл, эрсдэл, болзошгүй аюулын талаар илтгэл тавьж оролцсон юм.
Үдээс хойш хуваарийн дагуу Камбожийн инженерийн цэргийн багийн бэлэн байдлыг үнэлэх шалгалтын багт томилогдон ажилласан. Ажил завсарлах мөч гарахгүй шахам байсан тул албаны цахим шуудангаа тасралтгүй шалгаж, хариу өгч, шаардлагатай илтгэлүүдийг цаг тухайд нь илгээсээр өнөөдрийн ажлын өдөр дууслаа.
Ер нь дийлэнх ажлын өдрүүд маань иймэрхүү хэмнэлтэй өнгөрдөг. Ажлын цагийн дараа өдөр бүр дор хаяж нэг цагийг өөртөө зориулж, спортоор хичээллэхийг хичээдэг дадалтай. Өнөөдрийн тухайд 7 км гүйж, нэмэлт хүчний дасгал хийв. Бэлтгэлийнхээ дараа оройн хоолоо идэж, ар гэрийнхэнтэйгээ ярилцах үе бол өдрийн хамгийн сайхан хэсэг.
3. Таны ажлын арга барил?
Миний хувьд ажлын амжилтын үндэс гурван гол хүчин зүйлээс бүрддэг гэж боддог. Нэгдүгээрт, сайн төлөвлөгөө—ямар ч ажлыг амжилттай эхлүүлж, гүйцэтгэхийн тулд тодорхой зорилго, нарийн төлөвлөлт хамгийн чухал. Хоёрдугаарт, ажлын зөв хувиарлалт. Багаар ажиллахдаа хүн бүрийн давуу талд тохируулан үүрэг хариуцлага хуваарилах нь үр дүнг нэмэгдүүлж, ажлыг урагшлуулах гол түлхүүр.
Гуравдугаарт, хяналт болон цагийн менежмент. Ер нь ямар ч ажил амжилттай болох эсэх нь хэрэгжилтийн явцыг байнга хянаж, цаг хугацааг үр бүтээлтэй ашиглаж чадсан эсэхээс хамааралтай шүү дээ.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Яг одоогийн байдлаар, гүйцэтгэж буй ажил үүрэгтэй холбоотойгоор тухайн улс болон хөрш орнуудын аюулгүй байдал, улс төрийн нөхцөл байдлыг нарийн ажиглах шаардлагатай. Үүний тулд өдөр бүр Stockholm International Peace Research Institute, Al Jazeera, The Peacekeeping & Stability Operations Institute, BBC News, CNN, Reuters, Associated Press (AP), France 24 зэрэг олон улсын мэдээллийн сайтуудаар зочилж, шаардлагатай мэдээллийг авч, ашиглаж байна.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Өнөөдрийн хурдацтай хөгжиж буй ертөнцтэй хөл нийлүүлэхийн тулд техник, технологийн давуу талыг ашиглах нь цаг хэмнэх хамгийн үр дүнтэй арга болов уу. Түүнчлэн аливаа том ажлыг жижиг хэсгүүдэд хувааж, нэг бүрийг нь дуусгах хүртлээ өөр зүйлсэд анхаарлаа сарниулахгүйгээр төвлөрч ажилладаг дадалтай.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Тухайн өдөр болон долоо хоногт хийх ажлуудаа нэгд нэгэнгүй төлөвлөж, түүндээ тууштай байхыг хичээдэг. Төлөвлөгөө гаргана гэдэг зүгээр нэг цаасан дээр юм бичээд орхих биш харин өөрийгөө илүү зорилготой, үр бүтээлтэй ажиллахад чиглүүлэх арга.
Төлөвлөгөө гаргахдаа баримталдаг гол зарчим бол ажлуудаа эрэмбэлэх. Бүгдийг зэрэг амжуулна гэж зүтгэвэл эцэст нь юу ч бүрэн дуусахгүй байх тохиолдол бий. Тиймээс ажлын ач холбогдол, яаралтай байдлыг үнэлж, хугацааны дагуу хуваарилахдаа гол анхаарлаа хандуулдаг төрлийн хүн.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Өглөөг хөнгөн дасгал, алхалт, эсвэл гүйлтээр эхлүүлэхэд л бие сэргэж, цусны эргэлт сайжирч, өдрийн турш илүү эрч хүчтэй байдаг. Зарим үед заавал дасгал хийх биш жижигхэн хөгжөөнт тоглоом тоглох, дуртай дуугаа сонсох гэх мэт зүйлс ч сэтгэл санааг сэргээж, илүү өөдрөг болгох нь бий.
Мэдээж хааяа өөртөө завсарлага өгч, тайвширч амрах чухал. Ялангуяа их ачаалалтай ажиллаж байхад багахан ч гэсэн амсхийх нь бие, сэтгэл хоёрыг сэргэхэд ихээхэн тустай. Монголд байх үедээ аль болох гэр бүл, найз нөхөдтэйгөө халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хамтдаа цагийг өнгөрүүлэх дуртай.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Энд ажиллаж байх хугацаандаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргийн албан хаагчдын заавал дагаж мөрдөх журам, гарын авлагуудыг гүнзгий судалж байна.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Энхийг цогцлоож, ядарч туйлдсан хүмүүст туслан, тэдний аюулгүй байдлыг хангах, тайван амьдралыг нь хамгаалахын төлөө хичээх нь миний үүрэг. Энэ их үйлсэд зүрх сэтгэлээ зориулж, цэнхэр дуулгатнуудтай хамтдаа нэг зорилгын дор нэгдэн, хүлээсэн үүргээ чин үнэнчээр биелүүлж явахдаа бахархал, хариуцлагыг зэрэгцүүлэн мэдэрдэг.
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг хүнд хэцүү гэхээсээ илүүтэй өндөр эрсдэлтэй, аюултай нөхцөлд ажиллахын нэр. Дайны бүсэд, тогтворгүй цагийн байдал дунд, ар гэрээсээ хол удаан хугацаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг магадгүй энэ ажлын хамгийн том сорилт байх.
2014 онд би цэргийн багийн хамт үүрэг гүйцэтгэхээр Өмнөд Судан руу томилогдож очсон юм. Тэнд очсоны дараахан омгуудын хооронд томоохон мөргөлдөөн дэгдсэний улмаас энгийн иргэдийг сургуулийн байр, эмнэлгийн орчинд бөөгнөрүүлэн хашиж, 100, 200-аар нь хүйс тэмтэрч, шүршиж хороосон харгис хэрцгий үйл явдал болсон. Тэрхүү хүмүүсийн цогцсыг зүгээр л том нүхэнд овоолсон байхыг харах үнэхээр нүд хальтрам байсныг одоо ч мартдаггүй. Тэр дүр зураг, тэр мөчид мэдэрсэн хүйтэн, хүнд мэдрэмж одоо ч зүрхэнд хадаатай байдаг.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Миний хувьд ойрын хамгийн чухал төлөвлөгөө бол энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон албан тушаалынхаа үндсэн үүргийг алдаа мадаггүй биелүүлж, эрүүл энх эх орондоо эсэн мэнд очих явдал.
Буцаж очсоныхоо дараа дарга, удирдлагууддаа энхийг сахиулах ариун үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн тухайгаа илтгэх мөчийг тэсэн ядан хүлээж байна. Үүний дараа сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх зэрэг урт хугацааны төлөвлөгөөндөө анхаарал хандуулна гэж бодож байна. Гэхдээ эхний ээлжинд даалгавраа нэр төртэй биелүүлж, эх орондоо очих нь хамгийн чухал.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Энхийг сахиулах ажиллагаанд ажиллахын нэг том давуу тал нь өөр бусад олон орны цэргийн албан хаагчдаас суралцах явдал. Хүн ер нь ганцаараа суралцахаас гадна мэргэжил нэгтнүүдтэйгээ ярилцаж, санал бодлоо хуваалцах явцдаа сурсан зүйлээ илүү бататгаж байдаг шүү дээ.
Миний хувьд суралцах үйл явцыг зөвхөн мэдлэг хуримтлуулах биш харин бодит амьдралдаа сурсан мэдсэнээ турших хэмээн тодорхойлдог учраас үе үеийн энхийг сахиулах ажиллагаанаас маш их зүйлсийг мэргэжлийнхээ хүрээнд суралцсан гэж боддог юм.
Дээр дурдсанчлан энхийг сахиулах ажиллагаанд оролцох албан хаагчдадаа зориулж эх хэл дээрээ сургалтын гарын авлага бэлдэхээр ажиллаж байгаа учраас сүүлийн үед зав л гарвал мэргэжилтэйгээ холбоотой ном унших, онлайн курсууд судлах, вебинар, мэргэжлийн семинаруудад хамрагдаж байна.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Одоогоор уншиж судалж буй материалууд маань дан ажил мэргэжилтэй шууд холбоотой, энхийг сахиулах ажиллагаатай холбоотой олон улсын дүрэм журам, зааврууд байна.
Ажлын зав чөлөө гарах үед хөгжим сонсож, кино үзэж, сэтгэлээ сэргээх дуртай. Эх орноо, гэр бүлээ санах үедээ сайхан зохиолын дуу сонсон тайвширч, түүхэн сэдэвтэй кино үзнэ.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Олон жилийн өмнө салбарынхаа амжилттай яваа нэгэн хурандаагаас "Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай" гэх зөвлөгөөг авч байснаа огт мартддаггүй юм. Энгийн юм шиг хэр нь энэ цагаа олсон зөвлөгөө цаг хугацааны хувьд тохиромжгүй үед бодлогогүй шийдвэр гаргахаас маань сэргийлсэн юм. Тиймээс ч одоогийн амжилттай яваа маань энэ зөвлөгөөтэй холбоотой хэмээн итгэдэг.
14. Бусдад шидэх санаа?
Миний хувьд ажилдаа ч, хувийн амьдралдаа ч баримталдаг нэгэн чухал зарчим бий. “Хэрвээ тархи чинь ажиллахгүй бол, бие махбод чинь заавал ажиллах болно.”
Хүн аливаа зүйлд оюун санаагаа ажиллуулж, суралцаж, хөгжиж байхгүй бол эцэстээ хүнд хүчир хөдөлмөрөөс өөр сонголтгүй үлддэг хэмээх утгатай үг. Ярилцлагынхаа төгсгөлд, ямар ч цаг үед тасралтгүй суралцаж байгаарай хэмээн залуустаа зөвлөмөөр байна.
З Зочин 2025.03.18 66.205.9.18
Сайхан ярилцлага болсон байна. Сонирхолтой байсан тул машид шимтэн уншлаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэе.