Ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаа хуваалцдаг "Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн энэ удаагийн дугаарт архитектор Д.Өрнөх оролцож байна. Тэрээр Унгар Улсад архитектурын чиглэлээр мэргэжил дээшлүүлж, Европын томоохон төслүүдэд оролцож явсан туршлагатай нэгэн бөгөөд хоёр жилийн өмнөөс "H.O.W Architecture" компанийг үүсгэн байгуулж, барилгын зураг төсөл, интерьер, эскиз, тайз, ландшафт төлөвлөлт гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Байршил: Meru Tower, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Архитектор
Хэрэглэдэг гар утас: iPhone 16
Хэрэглэдэг компьютер: Custom-built PC
Сошиал хуудсууд: Urnukh Darizav (LinkedIn) | Urnukh Darizav (Facebook) | rhythmuz (Instagram)
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Сурагч байхдаа геометрийн хичээлд сонирхолтой, асуудал шийдвэрлэх чадвар шаардсан даалгавруудад дуртай хүүхэд байлаа. Тэр ч утгаараа төгсөх жилдээ МУБИС-ийн геометрийн багшийн ангид суралцах урилга авсанд хамаатнууд тэргүүтэй эргэн тойрны хүмүүс маань ихэд баярлаж, тэнгэрээс од шүүрэхтэй адил алтан боломж атгажээ гэцгээж байсан ч би хувьдаа шийдтэй хариу гаргаж хараахан чадахгүй байв.
Мэргэжлийн чиг баримжаа олж авах зорилгоор их сургуулиудтай танилцаж явтал ШУТИС-ийн тавдугаар давхарт байрлах барилгуудын макет, зураг бүхий үзэсгэлэн шууд л нүдэнд туслаа. Тэдгээр бүтээлүүдийг архитектурын мэргэжлийн оюутнууд гаргадаг гэдгийг мэдээд, бас тэрхүү мэргэжлийн мөн чанар, зорилго нь миний ч хүсэл сонирхолтой нийцэж байсан болохоор ШУТИС-ийн барилга архитектурын ангид элсэхээр шийдэж, 2010-2014 оны хооронд суралцаж төгссөн.
Сургуулиа төгсөөд “National Architectural Project” (NAP Group) гэх зураг төслийн компанид гурван жил ажилласны дараа карьертаа тодорхой хэмжээний шинэчлэлт хийхээр шийдээд Унгарын University of Pécs-д барилга, архитектурын чиглэлээр мэргэжил дээшлүүлэн тэтгэлгээр суралцаж эхэллээ. Улмаар жилийн дараа Budapest University of Technology and Economics-руу шилжихийн зэрэгцээ 200 гаруй компани руу ажилд орох хүсэлт бүхий мэйл бичсэний эцэст “Lab5” компанид дадлагажигчаар ажиллаж эхлэв. Энэ ажил маань намайг мэргэжлийнхээ дагуу практикаас суралцах, томоохон төслүүдээс бодит туршлага олж авах боломжид хөтөлсөн төдийгүй “ихэд азтай нэгэн юм даа” гэдэг үгийг хүртэл захирлаасаа сонсох хэмжээний зол завшаантай зүйл байсан юм. Оюутан болохоор ажиллах албан ёсны зөвшөөрөлгүй, дээр нь гадаад иргэн хэрнээ Европ тэргүүтэй олон улсын болон Унгарын Засгийн газрын төслүүд дээр ажиллана гэдэг үнэхээр л зол завшаантай хэрэг мөн билээ.
2020 оны эхээр Монголд ирээд “Archidiem” компаниа байгуулаад удаагүй байтал ковид тэргүүтэй бас бус асуудлуудаас болж үүсгэн байгуулсан анхны компани маань үйл ажиллагаагаа зогсоосон. Улмаар Унгарт ажиллаж байсан компани руугаа холбогдож зайнаас ажиллаж эхэллээ, бүр болоогүй Унгар луу буцах боломж олдсон ч харамсалтай нь тэр үед Украйны дайн дэгдэж, дайны голомтод зайнаас ажиллаж байсан украйн бүсгүй миний оронд Унгарт очиж ажиллахаар болов. 2023 онтой золгох үеэр ковидын дэгдэлт ч намжиж, зун намрын зөрлөг дээр энэхүү компаниа үүсгэн байгуулсан. Бид одоо хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Ажилдаа ихэвчлэн өглөөний 09 цагт ирдэг. Даваа гаргийн өглөө зориуд кофе шопд сууж, сонин гарчиглах зуураа тухайн долоо хоногийн ажлуудаа цэгцэлдэг дадалтай. Дараа нь оффистоо ирэхэд бусад маань хэдийн ирчихсэн байдаг бөгөөд хамтдаа ажлуудаа ярилцаж, төслүүдэд тулгарч буй асуудал, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцэж ажлаа эхлүүлдэг.
Би сүүлийн үед захиалагчидтай харилцах чиглэлд түлхүү төвлөрч байгаа болохоор дизайны ажлуудад оролцох нь харьцангуй багассан. Гэхдээ хэдэн төсөл зэрэг явагдаж байгаагаас шалтгаалан долоо хоногт 2-3 удаа багаараа хуралддаг. Мөн захиалагч нарын хүсэл сонирхлыг сонсох, ойлгох нь нэн чухал байдаг болохоор гүйцэтгэлийн үйл явцаа хэлэлцэхийн тулд аль болох ойр ойрхон уулзахыг хичээдэг.
Мөн JCI, BNI, Block developers club зэрэг хэд хэдэн комюнитид харьяалалтай байдаг учраас ажлын бус цагаар тэдгээр хүрээлэлдээ анхаарал хандуулж, гол төлөв 22-23 цагийн үед ажил дуусдаг.

3. Таны ажлын нөү-хау?
Захиалагчид бодохдоо биднийг хамгийн түрүүнд дизайны ажил руугаа ханцуй шамлан ордог гэж эндүүрдэг. Үнэндээ бидний хийх хамгийн эхний бас хамгийн чухал ажил бол захиалагчийнхаа хүслийг сайтар ойлгох. Хүмүүс өөрийнхөө юу хүсэж байгааг тодорхой мэдэхгүй байх тохиолдол элбэг болохоор бид бараг л сэтгэлзүйн түвшинд тэдний хүсэл сонирхлыг ухаж ойлгохыг хичээдэг. Үүний дараа олон талын судалгаа хийхэд эхний 2-3 долоо хоногийг зарцуулдаг. Дараа нь үндсэн гүйцэтгэлийн ажилдаа ордог.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Instagram, Mail, WeChat, Viber, WhatsApp гэх мэт аппуудыг ажлын шаардлагаар гол төлөв ашиглаж байна. Харин чөлөөт цагаараа шатар их тоглодог.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Одоогийн буй хэд хэдэн комюнитид нэгдэхээсээ өмнө би өөрийгөө үнэхээр завгүй нэгэн гэж боддог байлаа. Юм бүхэнд л “амжихгүй” гэдэг үг амнаас гардаг байсан бол хүрээллээ тэлсний дараа л жинхэнэ утгаараа завгүй болсноо ойлгосон. Өмнө нь би урд дахь ажилдаа бүрэн төвлөрч чадахгүй бас аливаад шаардлагагүй цаг хугацааг хий дэмий зарцуулдаг байсан болохоор л өөрийгөө завгүй гэж эндүүрдэг байсан болж таарсан. Харин дараа нь олон ажлыг зэрэг амжуулаад эхлэхээр цаг хэмнэх, үр дүнтэй ажиллах шаардлага гарцаагүй үүсэж, хий дэмий зарцуулж буй цаг хугацаагаа танахын зэрэгцээ үр ашигтай үйл ажиллагаанд төвлөрдөг болсон. Угтаа цаг хэмнэх гэдэг нь супер мэргэн санаа бодож олоод түүнийгээ хэрэгжүүлэх биш, зүгээр л үр дүнтэй ажиллахын тулд төвлөрлөө зөв зохион байгуулж, сайн төлөвлөхийн нэр байсан гэдгийг ойлгосон гэх үү дээ.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Компанийн үйл ажиллагаатай холбоотой үндсэн ажлуудаа том зургаар нь хараад жилийн төлөвлөгөө гаргадаг. Тэгээд дундуур нь үүсэж буй сул өдрүүдийг ашиглан бусад ажлаа хуваарилдаг. Өөрөө хэлбэл 60/40 харьцааг ашигладаг буюу нийт ажлын 60 хувийг сайтар төлөвлөж үлдсэн 40 хувийг нээлттэй үлдээдэг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Эрч хүчээ сэлбэхийн тулд ажлаасаа түр завсарлага авч, хэсэг зуур өөр зүйлд анхаарал хандуулдаг. Мэдээж өмнө дурдсан комюнити үйл ажиллагаа нь ажлаас ангид байх орон зай болохоос гадна хааяа шатар тэргүүтэй тоглоом наадгай тоглон өнгөрүүлэх чөлөөт цагийг өөртөө олгодог.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Монголд 17 салбартай, JCI олон улсын байгууллагад 2021 онд гишүүнээр элсэн орсон. Энэхүү байгууллагад олон салбарын хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн нийлж, хамтдаа нийгэм рүү чиглэсэн төсөл хэрэгжүүлэх, хувь хүний хөгжилдөө ахиж дэвшил гаргах, тэр ч бүү хэл хамтран бизнес хийх ч боломжтой. Бид жил бүр өөр албан тушаал хаших байдлаар хөгжлийнхөө бодлогыг тодорхойлсон байдаг бөгөөд энэ жилийн хувьд би гишүүнчлэл хариуцсан албан тушаал хашиж байна. Хэрэв JCI байгууллагад орохоор сонирхож байвал надтай холбогдоорой.
Мөн BNI гэх олон улсын байгууллага бий. Энд бизнесийн салбарынхан нэгдэж, салбарынхаа тухай болон өөрсдийн бизнесийн тухай санал солилцон, хамтдаа өсөж хөгжих зорилготой.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Архитектор мэргэжлээр ажиллах нь надад хүүхэд шиг эрэл хайгуулч байх боломж олгодог юм шиг санагддаг. “Энэ дэлхийн хамгийн шинжлэх ухаанч хүмүүс бол хүүхдүүд юм” гэдэг үг байдаг даа.
Олон төрлийн хүмүүстэй хамтран ажиллаж, хэдэн зуун мэдээллийг задлан шинжилж нэгтгэн дүгнэх, түүнээсээ суралцах боломжийг тогтмол олгодог нь манай ажлын давуу тал. Гэхдээ захиалагч бүр өөр өөрийн хүсэл сонирхол, зан араншинтай. Түүнчлэн тэр болгон нь өдөр бүр өөр өөр байдаг нь бидэнд тулгардаг бэрхшээлтэй тал гэж хэлж болно.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Унгарт байх үедээ ээлжит нэгэн олон улсын төсөл дээрээ ажиллахаар боллоо. Захиалагч эмэгтэй нь нүүр дүүрэн мишээл тодруулсаар өөрийгөө танилцуулж, намайг хаанаас ирснийг асууж, Японоос уу? хэмээн таамаглахад нь монгол хүн гэдгээ хэлтэл түүний нүүрэнд тодроод байсан инээмсэглэл агшин зуурт сарнин алга болсон нь надад яг л толгой руугаа цохиулж байгаа мэт таагүй мэдрэмж төрүүлж, монгол хүн гэдгээрээ дутуу үнэлэгдэх шиг санагдаж билээ.
Гэхдээ тухайн төсөл маш амжилттай болсон төдийгүй олон улсын томоохон шагналуудыг ч хүртсэн нь монгол залуус ур чадвараараа олон улсад өрсөлдөх боломжтой гэдгийг надад батлах шиг болсон.
Тэр явдлаас хойш миний дотор монгол хүн юу хийж чаддагийг олон улсад харуулна гэсэн бодол тээгдсээр компанийнхаа зорилгыг ч Монголдоо төдийгүй олон улсын талбарт гарахад чиглүүлэн ажилладаг.
Сонирхуулахад, 2006 оноос хойш зохион байгуулагдаж буй “Guangzhou Design Week” олон улсын экспо арга хэмжээнд өнгөрөгч долоо хоногт оролцож, олз омог арвинтай ирлээ. Тодруулбал, манай компани тус арга хэмжээний Монгол дахь албан ёсны төлөөлөгч байснаар зогсохгүй миний бие арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Ideal Architecture” фестивалийн “Азийн шилдэг 100 залуу архитектор”-ын нэгээр шалгарч, шагналаа гардан авчхаад ирснийг дуулгах болсондоо таатай байна.
Цаашид ч бид барилга архитектурын салбарын монгол мэргэжилтнүүдийг олон улсын тавцанд ур чадвар, хийсэн бүтээснээрээ цойлоход хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Хувь хүний хөгжлийн болон сонирхлын бүлгүүдэд харьяалагддаг байх нь намайг өсөж хөгжих өргөн боломжийн дунд оршиход тус болдог. Тэдгээр комюнитигийн нэг хэсэг байснаар үндсэн чиглэлийнх нь дагуу суралцахаас гадна амьдралын ухаан, бизнесийн арга барил, харилцаа, хамт олныг нэг зорилгын төлөө нэгтгэх гэх мэт тал бүрийн зөөлөн ур чадвараа хөгжүүлж байгаа нь авууштай.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Санал болгохын тухайд урдаа барьдаг ном бол “Sapiens”. Энэхүү бүтээлийг би 2018 онд анх уншсан бөгөөд бараг л миний нүдийг нээсэн ном гэж хэлж болно. Хүн төрөлхтний түүхийг шинжлэх ухаан, эдийн засаг, нийгэм зэрэг олон бүрдэл хэсгээр нь авч үзсэн бөгөөд түүхийн урсгалтай уялдуулан тайлбарласан, баримтат түүх-антропологийн бүтээл гэдгээрээ онцлогтой.
Миний бодлоор кинонд дурлагсад төрөл бүрийн кино үзэж явсаар эцэст нь анимэйшн дээр л буудаг юм шиг санагддаг. Бусад төрлийн кинон дээр гаргаж чаддаггүй зүйлсийг анимэйшн тун хөнгөхөн байдлаар харуулчихдаг юм шиг санагддаг. Хамгийн сүүлд таалагдсан анимэйшн бол “Puss in boots”. Харин кинонууд дундаас хамгийн сүүлд “Frankenstein”-ийг үзээд ихэд таалагдсан.
Хааяа рок хөгжим сонсох нь бий ч сүүлийн үед жазз урсгалд их автаж байгаа. Ер нь орчин үеийн хөгжим гэхээс илүүтэй 70,80-аад оны хөгжмийн бүтээлүүдийг шимтэн сонсдог. Мөн ажлаа хийх үедээ симфони сонсвол анхаарлаа бүрэн төвлөрүүлэхэд ихээхэн нэмэртэй.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө
Комюнити буюу хүрээллийн талаар мөн ч олон удаа дурдаж байна даа. Энэ онд бас JCI-ийн хүрээнд зохион байгуулагдсан олон улсын бага хурлын үеэр (ASPAC, Asia-Pacific Conference) Зүүн өмнөд Азийн 5,000 гаруй оролцогч Монголд хүрэлцэн ирсэн юм. Миний хувьд тус хурлын онцгой чухал зочдын зохицуулагчаар ажилласан бөгөөд JCI байгууллагын дэлхийн ерөнхийлөгч асан эрхмүүдтэй тун ойр байх боломжоо ашиглан “Хэрвээ би таны хүүхэд байсан бол та надад ямар зөвлөгөө өгөх байсан бэ?” гэж асуухад “Энэ амьдрал дээр хэн нэгэн хүн хэн нэгэн хүнд зөвлөгөө өгнө гэдэг хамгийн утгагүй зүйл. Учир нь хүн аливааг өөрийн биеэр туулж, яс махандаа шингэтэл ойлгохоос нааш тэр зөвлөгөөг бүрэн утгаар нь ухаарна гэж үгүй. Тийм болохоор чи хиймээр байгаа зүйлээ хий, алдаж үз. Чиний хувийн туршлага чинь чамд хамгийн үнэтэй зөвлөгөө болно гэж хариулсан.”
14. Бусдад шидэх санаа
Хэрэв бид өнгөрсөнд очоод ямар нэгэн зүйлийг өөрчилчихвөл одоогийн бидний амьдрал тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх нь баттай шүү дээ. Тэгвэл чи хүссэн ирээдүйгээ бүтээхийн тулд одоо байгаа амьдралдаа л жижигхэн өөрчлөлт хийчихвэл болох биш үү.


Сэтгэгдэл бичих (1)


У Уранчимэг 4 өдрийн өмнө 122.201.19.62
“H.O.W Architecture” Хамт олонд болон Дэлхийн 100 залуу архитектураар шалгарсан Д.Өрнөх таньд халуун баяр хүргэе. Сайхан хамт олонд ажлын амжилт хүсье. Мундаг залуус байна