"НОМИН Холдинг" групп нь 1992 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө бизнесийн зургаан чиглэлд 30 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн тус групп улсын төсөвт 150 тэрбум гаруй төгрөгийн татвар шимтгэл төлж, 6,000 гаруй ажлын байрыг бий болгож, олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол орон даяар хүргэхийг зорин ажилладаг.

Ингээд "НОМИН Холдинг" группийн хүний нөөц бодлогын газрын хамт олны ажлын арга барилтай танилцъя. 

Байршил: Номин Юнайтед, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот

Үйл ажиллагааны чиглэл: Борлуулалт үйлчилгээ, банк санхүү, мэдээллийн технологи, барилга үл хөдлөх хөрөнгө, дистрибьюшн, импорт экспорт, агаарын тээвэр автоматив логистик

Сошиал хуудсууд: nomin.co (Website) | Nomin Holding (Facebook) | nominholding.official (Instagram)

1. Танай байгууллагын замналаас бид юу юуг мэдэх ёстой вэ?   


Хүний нөөцийн бодлогын хэлстийн дарга Г.Баярмагнай

НОМИН-д ажилладаг гэхээр хүмүүс ихэвчлэн аль дэлгүүрт нь ажилладаг вэ гэж асуудаг. Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь НОМИН-гийн хөнгөлөлтийн картыг ашиглаж, өдөр тутамдаа үйлчлүүлдэг, тэр ч утгаараа НОМИН гэхээр хамгийн түрүүнд сүлжээ дэлгүүр маань төсөөлөгддөг байх.

Гэвч бид сүлжээ дэлгүүрүүдээс гадна барилга, үл хөдлөх хөрөнгө, импорт, экспорт дистрибьшн, агаарын тээвэр, банк санхүү, мэдээллийн технологи гэсэн зургаан бизнесийн чиглэлд 500 гаруй төрлийн ажлын байранд 6,300 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг Монголын ТОП 10 групп компанийн нэг юм.

Манай компани улс орон даяар нэгдсэн худалдаа, логистикийн сүлжээг бий болгож, Улаанбаатар төдийгүй 21 аймагт жигд хүртээмжтэй үйл ажиллагаа явуулж буй цорын ганц үндэсний хөрөнгө оруулалттай групп компани гэдгээрээ онцлог.

Бид 16 аймгийн 20 салбараараа дамжуулан орон нутагт 1,000 орчим ажлын байр бий болгож, тухайн бүс нутгийн жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авах замаар баталгаатай, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?  


Борлуулалт үйлчилгээний бизнес - Хүний нөөцийн албаны дарга М.Нарантунгалаг

Сүлжээ дэлгүүрүүдийн хүний нөөцийн хангалтын өдөр тутмын мэдээг харж, аль салбаруудад ямар орон тоо дутуу байгааг шалгахаас ажлын нэг өдөр эхэлдэг. Үүний дараа цахим шуудан болон Teams чатаа шалгачхаад ERP систем рүүгээ орж тушаал, шийдвэрүүдийг хянах мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа болон хүний нөөцийн бусад функцүүдтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, салбарын хүний нөөцийн менежерүүддээ зөвлөгөө өгөх ажилд төвлөрдөг.

Хүний нөөцийн багийнхан долоо хоногт хоёр удаа уулзалт хийдэг бөгөөд үүнийгээ үр дүнтэй байлгах үүднээс уулзалтын өмнө хэлэлцэх асуудлуудаа эрэмбэлж, ангилаад дөрвөөс таван агуулга болгон бэлддэг.

Ажил хуваарилахдаа аль болох SMART зарчмыг баримталж, үдээс хойш чиг үүргийн газар болон бизнесийн удирдлагын багийг мэдээллээр хангах тайлан, мэдээ, датанууд дээр төвлөрдөг. Манай ихэнх тайлан системээс бэлэн болдог бөгөөд тайланд дурдагдсан чухал тоонуудын уг шалтгааныг тодорхойлох, хариу арга хэмжээ авах, багийнхныхаа ажлын гүйцэтгэл, өдөр тутмын ажилд хяналт тавих, зөвлөгөө мэдээлэл өгөх байдлаар миний нэг өдөр өнгөрдөг.

3. Таны ажлын нөү-хау? 

Хүний нөөцийн бодлогын хэлстийн дарга Г.Баярмагнай

Ажилдаа мэргэжлийн байхыг чухалчилдаг бөгөөд тэр дундаа бүтээлч, хариуцлагатай, үр дүнтэй ажиллах гэсэн гурван үндсэн зарчмыг баримталдаг. Бизнесийн орчин хурдтай өөрчлөгдөхийн хэрээр хүн бүр тасралтгүй суралцаж, ур чадвараа хөгжүүлэх шаардлагатай тулгарч байгаа учраас өдөр тутмын ажлуудаас гадна шинэ ур чадвар эзэмших, үйл явцыг сайжруулах, автоматжуулах боломжуудыг эрэлхийлэхэд ажлын цагаа түлхүү зарцуулахыг хичээх болсон. Жишээ нь, цахим сургалт, талентын нэгдсэн системийн функциональ шаардлага болон сургалтын хөтөлбөр боловсруулах, тайлан гаргах зэрэг бүх үйл явцыг 100 хувь цахимжуулж, энэ онд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Үүний үр дүнд сургалтын менежерийн дөрвөн цагийн хөдөлмөрийг 30 минут болтол нь бууруулж чадсан. Мөн хиймэл оюун ашиглан хүний нөөцийн бүрдүүлэлт, тушаал, шийдвэр гаргах, дасан зохицох хөтөлбөрийг автоматжуулах туршилт хийж байна. Хэрэв энэ төсөл амжилттай болбол нэг шинэ ажилтан авахад зарцуулах хугацааг 3.5 дахин буюу долоо хоногоос хоёр хоног болгон бууруулах боломжтой. Ингэснээр хүний нөөцийн менежерийн бичиг цаасны ажил мэдэгдэхүйц хэмжээнд буурч, ажлын бүтээмж 20 хувиар нэмэгдэнэ. Мэдээж хэмнэлтээс үүссэн тэрхүү цагийг ажилтнуудын хөгжилд чиглэсэн ажлуудад зарцуулах боломжтой болно.

Үүнээс үзэхэд, үр дүнд чиглэж, ухаалаг, системтэй ажиллах нь миний ажлын арга барил. Олон цаг, хөдөлмөр зарцуулдаг ч үр нөлөө багатай, бүтээмж бий болгодоггүй ажлуудын үйл явцыг түргэсгэж, бизнесийн амжилтад түлхэц үзүүлэх чухал ажлууддаа эрч хүч, цаг заваа илүү зарцуулахыг хичээдэг.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд    


Хүний нөөцийн программ хариуцсан менежер Ё.Пүрэвдорж

Сургалт, хөгжлийн бүх контентоо нэг дороос авах боломжийг олгодог NOMIN Academy бол миний хувьд тасралтгүй суралцах орчин. HR-тэй холбоотой ирц, чөлөө, цалингийн мэдээлэл зэрэг өдөр тутмын үйл явцыг хялбар шийддэг NOMINEmployee апп мөн зайлшгүй хэрэглээ болдог. Багийн харилцаа, уулзалт, файл солилцоо, хамтын ажиллагаа бүхэлдээ Microsoft Teams дээр өрнөдөг учраас энэ платформыг өдөр болгон ашиглах шаардлагатай.

Харин НОМИН-гийн үйлчилгээг тогтмол ашигладаг хүний хувьд өдөр тутмын худалдан авалтын эрх, бонус, урамшууллаа хянахад хамгийн их хэрэглэдэг хэрэгсэл бол NOMIN апп. Бонусын хуримтлал, урамшууллын эрх, ажилтанд олгодог өдөр тутмын хэрэглээний хязгаар гээд хэрэгтэй бүх мэдээллээ нэг дороос харах боломжтой нь үнэхээр их таалагддаг. Ажлын бус, сул чөлөөтэй цагаараа аппаараа дэлгүүр хэсэх ч тохиолдол бий.

Эдгээр апп, хэрэгслүүд ажиллах хэв маягийг минь эрс хөнгөвчилж, мэдээллийг цаг алдалгүй авах, шийдвэр гаргах, багтайгаа холбогдох, өөрийгөө хөгжүүлэх үйл явцыг илүү үр дүнтэй болгодог тул үнэхээр ашиглахгүй байж чаддаггүй.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?   


Импорт экспорт дистрибьюшний бизнес - Хүний нөөцийн менежер Б.Отгонзаяа

Төлөвлөлт чухал боловч хүний нөөцийн ажилд төлөвлөхөөс илүү системтэйгээр зохион байгуулах, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах шаардлага өндөр байдаг. Учир нь бидний өдөр тутмын үйл ажиллагаа байгууллагын бүтээмж, цаашлаад бизнесийн үр өгөөжид шууд нөлөөлдөг.

Миний хувьд цаг хэмнэх хамгийн үр дүнтэй арга бол ажлын үйл явцыг автоматжуулах. Тэр дундаа анхан шатны тайлан, өгөгдлийн боловсруулалт, дүн шинжилгээний эх бэлтгэлүүдийг хиймэл оюуны тусламжтайгаар автоматжуулах нь шийдвэр гаргалтыг түргэсгэдэг. Ингэснээр бид ажилтнуудтай харилцах, байгууллагын соёлыг хөгжүүлэх, стратегийн шийдвэрт оролцох гээд үнэ цэнтэй ажлууддаа төвлөрөх боломжтой болно. Мөн өдөр тутмын ажлуудаа “яаралтай-чухал” зарчмаар ангилж, багийн уулзалт, тодорхой хуваарилалт гаргавал цаг алдалгүй, уялдаа сайтай ажиллаж чаддаг.

Эцэст нь хэлэхэд, цаг хэмнэх нь хурдан ажиллахыг хэлэхгүй. Ухаалгаар төлөвлөж, давтагддаг үйл явцыг автоматжуулж, системтэй ажиллах нь байгууллагын үйл ажиллагаа урагшлах үндэс болдог.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?    


Хүний нөөцийн бодлогын менежер Б.Оюун-Ундрал

Манай компани ажилтнынхаа ажил амьдралын тэнцвэрийг хангах тал дээр сайтар анхаарч ажилладаг нь энэ компанид урт хугацаанд, идэвхтэй, үр дүнтэй ажиллахын үндэс болдог. Төлөвлөлт хийхдээ том зургаар нь харж, зорилго, хугацаа, шаардлагатай нөөц бололцоогоор нь ангилж, ингэхдээ зөвхөн ажил мэргэжлийн гэлтгүй гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, санхүү гээд амьдралын чухал талбаруудаа зэрэг хөгжүүлэхийг зорьж төлөвлөдөг.

Өдөр тутмын ажлын хувьд ач холбогдол, яаралтай, яаралтай бус байдлаар нь эрэмбэлээд, тухайн өдөр заавал биелүүлэх хоёроос гурван ажлыг юун түрүүнд хийж дуусгадаг. Заримдаа гэнэтийн, яаралтай ажил гардаг ч аль болох уян хатан байдлаар зохицуулж, богино хугацаанд шийдвэрлэхийг хичээдэг. Өдрийн төгсгөлд хийсэн ажлаа дүгнэж, сайн хийсэн, сайжруулах боломжтой байсан ажлуудаа дүгнээд, маргаашийн ажлаа товч төлөвлөдөг. Энэ дадал нь миний ажлын бүтээмжийг тогтвортой байлгаж, цагийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тус болдог.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?  


Хүний нөөцийн бодлогын менежер Ж.Золзаяа

Өөрийгөө сэргээх, эрч хүч авах хамгийн үр дүнтэй арга бол уулын алхалт. Алхаж байхдаа гадаад орчны дуу чимээнээс холдож, дотроо төвлөрөх боломжтой болдог. Мөн алхалтын жигд хэм, цэвэр агаар, байгалийн чимээгүй, амар амгалан байдал нь ядаргааг багасгаад зогсохгүй сэтгэл санааг хүртэл цэнэглэдэг. Эцэст нь төрөл бүрийн бартаа, сорилттой замаар өгссөөр оргил дээр нь гарах мэдрэмж хамгийн гайхамшигтай.

Миний хувьд НОМИН Hiking club-ийг үүсгэн байгуулаад алхалтын спортоор хичээллэх сонирхолтой олон ажилтныг клубдээ элсүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн энэ жил хувьдаа төлөвлөж байсан хэд хэдэн оргил дээр амжилттай гарсан бөгөөд дараа жил Монголын хамгийн өндөр оргилд гарах төлөвлөгөөтэй байгаа.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл, ажил?   


“НОМИН Академи”-ийн багш, сургалт хөгжлийн менежер Г.Мөнгөнзул

Би сургалт хөгжлийн менежерийн ажлаасаа өдөр бүр эрч хүч авч, ажилтнуудын мэргэжлийн болон хувь хүний өсөлтөд хувь нэмэр оруулж, тэднээсээ суралцдаг. Үндсэн ажлынхаа хажуугаар “Пину дэлхийтэй танилцсан нь” хүүхдийн цуврал номын зохиогч, төслийн санаачлагчаар ажилладаг. Хүүхдүүдийг олон орны соёлтой танилцуулж, сониуч зан, төсөөлөл, эрэл хайгуулын хүслийг нь дэмжих зорилготой, бяцхан аялагчдын академи гэж хэлж болно. Сонирхуулахад, “Пинугийн адал явдал” Тайланд Улсаас эхэлсэн бөгөөд дараагийн хэвлэлүүд ирэх онд уншигчдын гарт хүрнэ.

Хамт олондоо тасралтгүй хөгжиж, суралцах боломжийг бүрдүүлэх нь миний ажил мэргэжлийн гол онцлог байдаг бол хүүхдийн ном нь бяцхан уншигчдад зориулсан оюуны хөрөнгө оруулалт гэж хардаг. Ийнхүү томчуудын ур чадварыг хөгжүүлдэг мэргэжлийн ертөнц болон хүүхдүүдийн төсөөлөл, адал явдлын ертөнцөд дурлан урам зоригтой ажиллаж байна.

9. Хийж буй ажлын тань онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд   


Хүний нөөцийн бодлогын менежер Б.Үүрцайх

Ажиллах хүчний хомсдол бараг бүх байгууллагын хувьд томоохон сорилт болоод байна. Талентат ажилтан олох тэр дундаа байгууллагын хэрэгцээнд яв цав нийцэх ур чадвартай горилогчийг сонгон шалгаруулж ажилд авна гэдэг хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтний хувьд хамгийн том сорилт болдог. Энэ ажил мэдрэмж, тэвчээр, хурд, зөв шийдвэр гаргалт гээд олон чадварыг шаарддаг.

Манай байгууллага зургаан чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд салбар тус бүрийн онцлог, шаардлага, ур чадварын хэрэгцээг сайтар ойлгож, түүнд үндэслэн бүрдүүлэлт хийх нь бидний ажлын онцлог. Үнэхээр тохирох ажилтныг олон шатлалт шалгаруулалтын дараа олж, ажилд урьж, саналыг маань баяртайгаар хүлээн авах мөч миний ажлын хамгийн сайхан, урам зориг өгсөн мэдрэмжүүдийн нэг.

Мэдээж өдөр тутмын ажилд хүндрэлтэй зүйлс бишгүй тулгарна. Гэсэн ч мэргэжлийн ур чадвартай хамт олон, удирдлагуудтайгаа хамтран асуудлыг шийдэж, зөв шийдвэр гаргах боломжтой байдаг нь энэ ажлын бас нэг үнэ цэн. Харин сонгон шалгаруулалтын явцад тэнцээгүй гэдэг хариуг нэр дэвшигчид хэлэх нь хамгийн хэцүү мэдрэмжүүдийн нэг.

10. Таны байгууллага одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө 


Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес - Хүний нөөцийн ахлах менежер Э.Хулан

Бид одоогийн байдлаар барилгын салбарын олон улсын жишиг, стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахаар ажиллаж байна. Тэр дундаа манай компани хэрэгжүүлж буй төсөлдөө чанар, аюулгүй байдлыг чухалчилж үздэг учраас хэрэглэгчийн тав тух, ногоон барилга буюу байгаль орчинд ээлтэй материал, брэндийн үнэ цэн бүрдүүлэлтэд онцгой анхаардаг.

Хүний нөөцийн хувьд тасралтгүй сургалт, хөгжлийн систем, гүйцэтгэлд суурилсан үнэлгээ, урамшууллын систем дээр голчлон анхаарч ажиллаж байна. Ажиллах хүчний хомсдолтой холбоотойгоор шаардлагатай тохиолдолд төслийн уян хатан бүтэц буюу гаднын улсын зөвлөх, аутсорсинг үйлчилгээг хэрэгжүүлж байгаа.

Ташрамд дурдахад, бид зөвхөн шинэ ажилтан авах биш ирээдүйн чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд чиглэдэг.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?  


Хүний нөөцийн контент менежер Ц.Гантулга

Дизайнер хүний хувьд өөрийгөө байнга хөгжүүлж, шинэ зүйлд нээлттэй байх нь зайлшгүй байх ур чадвар гэж боддог. Манай компани ч ажилтнуудаа тогтмол мэргэжлийн сургалтад хамруулдаг маш сайн тогтолцоотой. Тэдгээр сургалтууд нь техникийн ур чадвар төдийгүй дизайн сэтгэлгээ, хэрэглэгчийн туршлага зэрэг өргөн хүрээний мэдлэгийг системтэйгээр ахиулах боломж олгодог.

Мөн өөрийн уран бүтээлч мэдрэмж, дүрслэлийг хөгжүүлэхийн тулд кино, клип, контент их үздэг. Ялангуяа sci-fi төрлийн кинонд их дуртай. Тухайн киноны найруулга, өнгөний шийдэл, гэрэл сүүдрийн тоглолт, дүрүүдийн хөдөлгөөн гээд дизайнд уялдах элементүүдийг ажиглаж, задлан шинжилдэг. Заримдаа бүр нэг scene-ийг хэд хэдэн удаа эргүүлж үзээд яагаад энэ дүр зураг ажиллаж байна, ямар уур амьсгал бий болгож байна гэдгийг нарийн ойлгох гэж хичээдэг. Ингэж мэргэжлийн сургалт болон хоббигоо хослуулснаар бүтээлч сэтгэлгээгээ тогтмол сэргээж, дизайны чиг хандлага, шинэ арга барилыг ажилдаа байнга шингээж чаддаг. Дизайнер хүний хувьд суралцах гэдэг нь зүгээр нэг үе үе хийдэг зүйл биш харин өдөр тутмын дадал байх нь зүйтэй болов уу.

12. Санал болгох ном, кино, хөгжим  


Банк санхүүгийн бизнес - Хүний нөөцийн менежер Э.Хонгорзул

Кавагүчи Тошигацүгийн “Кофе хөрөхөөс өмнө” номыг санал болгоё. Токиогийн нэгэн жижигхэн кофе шопт хүмүүс цаг хугацаагаар аялах боломжтой. Гэхдээ нэг дүрэм үйлчилдэг нь "кофе хөрөхөөс өмнө эргэн ирэх ёстой". Энэ богинохон хугацаанд уншаагүй захиа, хэлж амжаагүй үг, уулзаж амжаагүй хүнтэйгээ дахин учрах боломжтой болдог. Ид шидийн өнгө аясыг агуулсан ч номын гол утга санаа нь хүн хоорондын харилцаа, харуусал, уучлал, дурсамжийн үнэ цэнийг гүн гүнзгий байдлаар хүргэж, дулаахан мэдрэмж төрүүлдэг.

Киноны тухайд, ажил мэргэжилтэйгээ холбогдуулан “The Intern” киног санал болгож байна. Ажил, амьдралын тэнцвэр, хүн хоорондын итгэлцэл, үе үеийн мэргэжилтнүүд туршлагаа хуваалцахын үнэ цэнийг энгийнээр харуулсан хөгжилтэй кино.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

Банк, санхүүгийн бизнес - Хүний нөөцийн менежер Э.Хонгорзул

Эгч маань нэг удаа “Хүн хүсвэл юуг ч хийж чадна. Өөртөө итгэлтэй бай, итгэлтэйгээр гаргасан шийдвэрийнхээ ард чи заавал гарна” гэж хэлсэн нь надад их нөлөөлсөн. Эргэлзэх бүрдээ энэ үгийг санаж, итгэлтэйгээр шийдвэр гаргадаг болсон. Тэгэх тусам ажил, амьдралын ихэнх асуудал амархан, энгийнээр шийдэгддэг болсон.

14. бусдад шидэх санаа


Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Номин-Эрдэнэ

Тун удахгүй шинэ жил гарах гэж байгаа учраас он дуусахаас өмнө карьертаа өөрчлөлт хийх сонирхолтой, борлуулалтын салбарт мэдлэг, ур чадвар олж авахаар зорьж байгаа бол НОМИН Академийн зүгээс зарласан “Start the change” хөтөлбөрт элсэхийг урьж байна.

Мөн хувийн зүгээс санал болгоход, “Failure Journal” буюу “Алдааны дэвтэр”-ийг нэг сарын турш хөтлөөд үзээрэй. Эргээд харахад алдсан алдаа, сайжрах боломж гээд хувь хүн талаасаа хөгжих үр дүнтэй арга болдог шүү.