Аливаа хамт олны эвлэлдэн нэгдэж, хамтдаа тэмүүлж буй зорилго чиглэлийнх нь тухай хуваалцдаг “Бид хэрхэн ажилладаг вэ?” булангийн шинэ дугаарт тавтай морил.
Энэ удаа бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг гэр бүлд ээлтэй, тогтвортой хөгжил бүхий орчин үеийн суурин болгон хөгжүүлэх зорилгоор 2022 оноос үйл ажиллагаа явуулж буй Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн хамт олныг онцолж байна.
Хөрс эрүүл бол мод сэргэнэ, хөдөө хөгжингүй бол улс дэвжинэ.
Unread media
Байршил:
Төв оффис -Даун Таун барилга, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Ханбогд оффис - Бага булаг 1-114, Жавхлант 3-р баг, Ханбогд сум, Өмнөговь аймаг
Сошиал хуудсууд: (Facebook) | (LinkedIn) | (Instagram) | (YouTube)
1. Танай байгууллагын замналаас бид юу юуг мэдэх ёстой вэ?

Дэд бүтцийн төслүүдийн менежер М.Халиун
Ханбогдын хөгжлийн хурдасгуур - Оюу толгойн сан нь 2022 оны аравдугаар сард байгуулагдсан. Тухайн үед Рио Тинто, Оюу толгой, Эрдэнэс Оюу Толгой компаниудыг төлөөлөх таван хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.
Үүнээс өмнө 2020 онд “Ханбогдын хөгжлийг дэмжих стратеги”-г боловсруулах, хөрөнгө оруулалтыг батлуулах хариуцлагатай даалгавар оногдож, Оюу толгойн орон нутгийн хэлтэс болон стратеги хөгжүүлэлтийн багийн цөөн гишүүн нэгдэн нийлж, зорилго, зорилт, үзэл баримтлалаа тодорхойлсон юм. Энэ үед Ханбогдын хөгжлийг бодит ажил болгохын тулд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн санал дэвшүүлж, түүнийг Оюу толгойн ТУЗ-д хүргүүлсэн. ТУЗ-өөс тухайн үед, “Энэ бол маш чухал санаачилга. Та бүхэнд итгэл хүлээлгэн эхний ээлжид 50 сая ам.доллар баталъя. Үр дүнг нь хамтдаа харцгаая” хэмээн шийдвэр гаргаж байсан нь энэхүү сангийн маань эхлэл болсон юм.
Бид өнгөрсөн хугацаанд сангаа байгуулахын сацуу төслүүдээ хэрэгжүүлж, төр, орон нутгийн байгууллагууд, олон улсын түншүүдтэй харилцан итгэлцэл, ойлголцлыг бий болгохын төлөө зогсолтгүй ажилласан. Өдөр, шөнө, амралтын өдрийг ч ялгалгүй чин сэтгэл, зүтгэлээр хөдөлмөрлөж, өөрсдийн итгэл, хөдөлмөрөөр өнөөдрийн түвшинд хүрсэндээ туйлын бахархдаг. Арван хуруунд багтахуйц цөөн тооны санаа нийлсэн залуус гар нийлэн ажиллаж, одоогийн үр дүн, амжилтыг хамтдаа бүтээсэн байгааг харахад бахархалтай санагдаж байна.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Барилгын инженер, МУ-мэргэшсэн инженер Н.Мөнхбат
Ажлын өдөр маань өглөө 08:00 цагт оффисоос эхэлдэг. Юуны өмнө гүйцэтгэгч байгууллагуудаас ирсэн урьд өдрийн ажлын тайлан, баримтуудтай танилцаж, гүйцэтгэлийг нэгтгэн багтаа нэгдсэн хэлбэрээр илгээдэг. Үүний дараа шинээр ирсэн цахим шуудан, бичиг баримтыг шалгаж, тухайн өдрийн ажлын төлөвлөгөөг яаралтай болон чухал ажлуудаар ангилан боловсруулдаг дадалтай. Өдөр бүрийн хуваарьт хурал, талбайн хяналт, ажлын явцын үнэлгээ зэрэг гол ажлаа төлөвлөөд, түүндээ нийцүүлэн багийн уялдаа холбоог хангахыг зорьдог.
Талбай дээр гарч ажиллах нь миний ажлын гол хэсэг тул өдөр бүр хоёроос доошгүй удаа төслийн талбай дээр очиж, гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажлын чанар, аюулгүй байдал, техникийн гүйцэтгэлд хяналт тавьдаг. Заримдаа урьдчилан төлөвлөөгүй нөхцөл байдал, шийдвэр гаргах шаардлагатай асуудлууд гардаг ч инженерийн оновчтой шийдэл гаргах, төслийг хугацаанд нь, чанартайгаар хүлээлгэн өгөх нь миний хувьд нэн тэргүүний зорилго.
Ажлын маань хамгийн сонирхолтой хэсэг бол хийж буй бүтээн байгуулалт маань алхам бүрээр хэлбэрээ олж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр болж буйг өдөр бүр харж, мэдрэх тэр мөчүүд юм.
3. Таны ажлын нөү-хау?

Гүйцэтгэх захирал Т.Алдарсайхан
Хот байгуулалт гэдэг томоохон үйлсэд тал бүрийн оролцоо чухал нөлөөтэй байдаг тул нөхцөл байдлыг олон талаас нь шинжлэн дүгнэж, зөв чиглүүлэх шаардлагатай. Гүйцэтгэх захирлын хувьд хэрэгжүүлж буй төслүүдийг ерөнхий чиглэл, уялдаа холбоогоор хангаж, гүйцэтгэлд хяналт тавих нь чухал ба тэр дундаа дараах гурван зүйлийг анхаарч ажилладаг.
1. Оролцоотой, олон талын судалгаа мэдээлэлтэй ажиллах: Өөрөөр хэлбэл, Оюу толгой ХХК, Рио Тинто групп, төр, иргэд, бизнесийн байгууллагууд гээд бүх талын судалгаа мэдээллийг цуглуулж, ажилдаа тусгадаг. Нөгөөтээгүүр, бид чиг үүргийнхээ дагуу олон багт хуваагдан ажилладаг ч хийх ажил, хэрэгжүүлэх төслүүдэд санаа, сэдлээ хамтдаа хэлэлцэн, нэгдсэн шийдэлд хүрдэг.
2. Ажлаа эрэмбэлэх: Өдөр тутмын ажил, төслийн идэвхжүүлэлтүүд тасралтгүй үргэлжилж, зэрэг явж байдаг болохоор тухайн цаг мөчид юунд голчлон анхаарах ёстой вэ гэдгээ тодорхойлон, ажлаа эрэмбэлж, өөрийгөө болон багаа чиглүүлж ажиллах нь чухал.
3. Уян хатан, олон хувилбартай ажиллах: Тухайн ажилд шаардлагатай цогц мэдэээллийн 80 хувь нь бэлэн болмогц түүн дээр үндэслэн шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх шат руу ордог. Улмаар мэдээллийн хангамж нэмэгдэх тусам бидний чиглэл бага зэрэг өөрчлөгдөх, засах шаардлага гардаг ч тэр тохиолдолд уян хатан, хөрвөж болохуйц цогц системтэй байснаар ажлын явцад аливаа асуудал үүсдэггүй.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд Тань юу вэ?

Боловсролын хөтөлбөрийн зохицуулагч Б.Номинтуул
Миний хувьд боловсролын чиглэлийн төслүүд дээр ажилладаг учраас судалгаа, мэдээлэл цуглуулах хэрэгцээ их гардаг. Тиймээс Google Scholar болон өөрийн сурч байсан The University of Queensland-ийн виртуал номын санг тогтмол ашигладаг.
Хүмүүстэй уулзаж, харилцаа холбоо тогтоох нь миний ажлын чухал хэсэг тул цаглавар апп, LinkedIn, WhatsApp, Viber зэрэг сувгууд өдөр тутмын хэрэглээ болсон. Мөн сүүлийн үед санаагаа боловсруулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд Copilot болон ChatGPT зэрэг хиймэл оюуны хэрэгслүүд ихээхэн тус болж байна.
Олон хүн мэдэхгүй байж магад. Би тэмдэглэл, санаа, судалгааны материалыг нэг дор эмхэлж хадгалах Notion аппыг байнга хэрэглэдэг. Энэ апп миний хувийн “ажлын дэвтэр”-ийн хэрэгцээг бүрэн хангадаг шүү.
Харин чөлөөт цагаараа Netflix-ийн контентууд үзэж, англи хэлээ сайжруулах дуртай. Одоогоор Physical: Asia шоуг шимтэн үзэж, Монголын багаа дэмжиж байна.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Бизнес хөгжлийн мэргэжилтэн Б.Ган-Эрдэнэ
Төслийн ажил бол цаг хугацаатай уралддаг ажил. Төлөвлөсөн хугацаанд ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд цагийн менежмент бол амжилтын хамгийн чухал хүчин зүйл.
Миний хувьд ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаж, ажлуудаа ач холбогдлын дарааллаар эрэмбэлж, хоорондын уялдааг сайтар хангаж ажиллахыг зорьдог. Энэ нь ажлын үр дүнг нэмэгдүүлэхээс гадна стрессийг багасгах ач тустай. Мөн технологийн шийдлүүдийг ашиглан өдөр тутмын ажлаа илүү оновчтой зохион байгуулах нь цагаа хэмнэх гол түлхүүр.
Байгууллагын бусад нэгж, харилцагч талуудтай нягт уялдаа холбоотой ажиллах нь ч мөн адил чухал. Ингэснээр мэдээллийн зөрүү гарахгүй, шийдвэр гаргалт хурдан, үр дүнтэй болдог. Мэдээж төсөл хэрэгжүүлэх явцад гадаад болон дотоод хүчин зүйлсээс шалтгаалан төлөвлөгдөөгүй сорилтууд үүсдэг. Тиймээс би эрсдэлийн төлөвлөгөөг урьдчилан тооцоолж, тухайн нөхцөлд уян хатан, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг зорьдог.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Бизнес хөгжлийн төслийн менежер А.Энххүслэн
Оюутан байхдаа Eisenhower Matrix-ийн талаар хичээл дээрээ сурч байсан юм. Тэр цагаас хойш ажлуудаа “яаралтай” болон “чухал” гэсэн хоёр үзүүлэлтээр ангилж, эрэмбэлэх дадалтай болсон. Энэ арга надад тухайн өдөр юунд анхаарлаа төвлөрүүлэх вэ гэдгийг тодорхойлоход их тус болдог.
Би дижитал хэрэгсэл хэрэглэдэг ч дэвтэр дээр гараараа төлөвлөхийг илүүд үздэг. Өдөр бүр, сар бүрийн эхэнд хийх ажлын жагсаалтаа гаргаж, хийсэн ажлаа тэмдэглэн, жагсаалтаасаа хасах нь надад нэг төрлийн урам зориг мэдрүүлдэг гэх үү дээ. Гэхдээ бодит амьдрал дээр төлөвлөгөө үргэлж яг цагтаа биелдэггүй. Заримдаа гэнэтийн уулзалт, шинэ санаачилга, эсвэл шуурхай шийдэх асуудлууд гарч ирэх нь бий. Тиймээс би төлөвлөгөөндөө уян хатан хандаж, тухайн нөхцөл байдалд дасан зохицож ажиллахыг чухалчилдаг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Орон нутгийн харилцааны ерөнхий зөвлөх Б.Бурмаа
Миний хувьд ажил мэргэжил, амьдарч буй орчноосоо хамаараад байгальд гарч, цэвэр агаар амьсгалах нь эрч хүчээ сэлбэх хамгийн шилдэг арга гэж боддог. Сүүлийн үед сумандаа ирснээс хойш Дэмчигийн хийд рүү байнга явж, тэндээс онцгой тайвшрал, уужрал мэдэрдэг болсон. Тэнд очих бүрд бодол санаа цэгцэрч, сэтгэл нэг л амар амгалан болдог доо. Мэдээж гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт өнгөрүүлсэн цаг надад маш чухал. Сайхан кофе, амттай хоол, хөгжилтэй яриа гээд энэ бүгд сэтгэлд дулаан уур амьсгал төрүүлж, урам зоригоор цэнэглэдэг.
Хийхээр төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлж чадсан мэдрэмж бас нэг төрлийн энергийн эх үүсвэр. Өглөө бүр өөртөө цаг гарган алхах, хөнгөн дасгал хийх нь миний хувьд бясалгалтай л адил. Тэр хугацаанд өдрийн ажлаа бодож, сэтгэлээ төвлөрүүлдэг.
Эцэст нь, хамгийн чухал нь чанартай нойр, амралт. Өөрийгөө хайрлаж, бие сэтгэлээ сэргээж чадвал ямар ч өдөр илүү хүчтэй, бүтээлч эхэлдэг гэж боддог.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл, ажил юу вэ?

Эрүүл мэндийн хөтөлбөрийн зохицуулагч М.Мөнхзул
Хөгжлийн бодлого болон нийгмийн асуудлын талаар ярилцаж, суралцах нь хэзээнээс миний сонирхлыг татсаар ирсэн. Сүүлийн үед төслийн үр дүн болон нөлөөллийн үнэлгээний чиглэлд илүү гүнзгий анхаарч, Mongolian Evaluation Association-д гишүүнээр нэгдэн үнэлгээний онол болон арга зүйг судалж байна. Төсөл, хөтөлбөрүүд бодитоор ямар үр дүн гаргаж байна вэ, хаана сайжруулах боломжууд байдаг вэ гэдгийг илүү сайн ойлгож, үр нөлөөг нь нэмэгдүүлэх арга замыг судлан суралцаж байгаа.
9. Хийж буй ажлын тань онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Нийгмийн төслүүдийн менежер Н.Шижиртуяа
Би говь нутгийн охин болохоор өвгөдийнхөө нутагт орчин цагийн сууринг бүтээлцэж буйгаа нэр төрийн хэрэг гэж боддог. Аливаа хот суурингийн амин сүнс нь тухайн газрын хүн ард, ахуй соёл нь байдаг. Миний хариуцаж буй нийгмийн салбар бол манай ирээдүйн Ханбогд хотын амин сүнс нь гэж үздэг болохоор ажилдаа зүрх сэтгэлээ өгч, би болон миний хүүхдүүд ирээдүйн энэ хотын иргэд гэж бодон ажилдаа ханддаг юм. Бидний хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд үүдээр орж ирээд, гэрт маань нөлөөллөө үзүүлдэг нь миний ажлын онцлог.
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээр бид анх удаа бодитоор хот босгох гэж байна. Тэр ч утгаараа энэ бол түүхэн үйл хэрэг. Шинэ хотын шинэ иргэдийг бүтээлцэнэ гэдэг гайхалтай ажил биш гэж үү?
Мөн өнөөдөр тарьсан үр 5-10 жилийн дараа жимсээ өгдөгтэй адил иргэд, нийтийн боловсрол, эрүүл мэнд, соён гэгээрэлд оруулж буй хөрөнгө оруулалтын үр дүн нь өнөөдөр шууд нүдэнд үзэгдэхгүй гэдгээрээ манай салбар онцлогтой. Тухайлбал бидний хэрэгжүүлсэн “Амьдралын мод” СӨБ-ийн хөтөлбөр, STEM Teen ШИМТ боловсролын төсөл, Ахлах ангийн сурагчдын хөгжлийн хөтөлбөр зэрэг нь тухайн сурагчдын ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Хүүхдүүд маань эдгээр хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, ур чадваруудаа насан туршдаа ашиглаж, үр шимийг нь хүртсээр байх болно.
Санаж сэдсэн, хийж хэрэгжүүлж буй ажлууд маань хэн нэгэн сурагч, багш, эмч, аав ээжийн амьдрал болон ирээдүйд нь эерэг нөлөө үзүүлж байгааг харна гэдэг ажлын маань хамгийн сайхан тал. Харин үр дүнг нь харахад жаахан цаг хугацаа орохыг хүлээх, бас бусдад үүнийг ойлгуулах нь миний ажлын сорилттой хэсэг нь болов уу.
10. Танай байгууллага одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Төслийн ахлах инженер, МУ-ын мэргэшсэн инженер М.Цогтбаяр
Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь боловсрол, эрүүл мэнд, бизнесийн хөгжил, дэд бүтэц зэрэг олон чиглэлээр орон нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Харин миний хувьд инженерийн чиглэлээр, ялангуяа барилга болон дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилт дээр төвлөрөн ажиллаж байна. Одоогоор Ханбогд сумын хатуу хучилттай автозам, спортын цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг ахлан ажиллаж байгаа.
Эдгээр төслүүд нь орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ирээдүйн хотын дэд бүтцийн суурийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Ахлах инженерийн хувьд төслийн чанар, аюулгүй ажиллагаа, гүйцэтгэлийн хяналтыг өндөр түвшинд хэрэгжүүлэхийн зэрэгцээ залуу инженерүүдийн ур чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах соёлыг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажилладаг.
Ойрын хугацаанд эдгээр бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай дуусгах, цаашлаад Ханбогдын хөгжлийн том зураглалд бодит хувь нэмэр оруулах зорилготой байна.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Захиргааны менежер Г.Дариймаа
Захиргааны менежерийн ажил нь multi-tasking буюу олон үүрэг зэрэг гүйцэтгэх чадварыг шаарддаг ч тэрхүү чадварыг эзэмших боломжийг ажил маань надад олгодог. Тодруулбал, ажлын онцлогоос шалтгаалан төрөл бүрийн чиг үүрэг бүхий олон жижиг багтай уялдаа холбоогоо ханган ажиллах сорилттой тулгардаг ч тухайн баг тус бүрээс тасралтгүй суралцах боломж олддог нь авууштай. Ингэж олон салбарын хүмүүстэй мэдээлэл солилцон мэдлэгийн хүрээгээ тэлснээр жилийн төгсгөлд өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хийсэн үйл хэрэг, авсан мэдээлэл, суралцсан салбарынхаа тухай дүгнэлт хийж, дараа жил шинээр олж мэдэх зүйлсийнхээ жагсаалтыг гаргадаг.
Мэдээж хамт олны халуун дулаан уур амьсгал, хамтдаа бүтээсэн дурсамж, бусдаасаа суралцсан цаг мөчүүд юугаар ч орлуулшгүй үнэ цэнтэй билээ.
12. Санал болгох ном, кино, хөгжим?

Шугам хоолойн инженер, МУ-ын зөвлөх инженер Э.Энхдулам
Юун түрүүнд “Legally Blonde” буюу “Хонгорхон Элл Вүүдс” киног санал болгомоор байна. Шаргал үст, эрч хүчтэй, хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө сорьдог, тууштай эмэгтэйн түүх намайг үргэлж урам зориг, итгэлээр цэнэглэдэг.
Сэтгэлд гүн хоногшсон ном гэвэл Александр Дюмагийн “Монте Кристо гүн”. Энэ бүтээлээс би сонголтын үнэ цэн, аливаа зүйлд сэтгэлээсээ хандах, бусдыг уучлах, хайрлахын утга учрыг ойлгож авсан. Тэр номыг хааяа эргэн санах төдийд урам өгдөг шүү.
Сүүлийн үед сэтгэлгээ, хандлага, хувь хүний хөгжлийн талаар богино хэмжээний подкастууд сонсох дуртай болсон. Харин хөгжмийн хувьд эрч хүчтэй, цоглог ритмтэй поп төрлийн дуу сонсох дуртай. Тэр дундаа SweetYmotion хамтлагийн “Он цаг, орон зай, хувь заяа” дууг хамгийн их сонсдог. Энэ дууны аялгуу нь ч тэр, үг нь ч тэр надад үргэлж урам өгдөг.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

ЗХАБЭА-н зөвлөх Т.Зоригт
Анх багтаа нэгдэн ажиллах үедээ би өөрийгөө боломжийн ажлын туршлагатай гэж боддог байлаа. Гэтэл нэг удаа хурал дээр манай хэлтсийн менежер Халиун “Хүн том байгууллагад ажиллахдаа байгууллагын соёлд суралцдаг бол, жижиг байгууллагад ажилласнаар асуудлуудтай нүүр тулж, шийдэл олох арга замыг сурдаг” гэж хэлж байсан юм. Тухайн үед энэ үгийг зүгээр л сонсоод өнгөрсөн ч, одоо эргээд бодоход энэ л миний авч байсан хамгийн үнэ цэнтэй, хамгийн сайн зөвлөгөө байсан байна.
14. Бусдад шидэх санаа?

Төслийн хяналтын инженер Г.Ганжаргал
Өөрийн ажилласан туршлагаас харахад, олон улсын инженеринг, барилга угсралтын байгууллагууд ихэвчлэн төслийн менежментийн нарийн систем ашиглан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлдэг. Энэ системийн давуу тал олон ч заримдаа хэт нарийн журам, хязгаарлалтаас болж уян хатан, бүтээлч шийдлүүд орхигдох үе бий. Тиймээс үргэлж бүтээлчээр сэтгэж, шинийг санаачилж байгаарай.

Сэтгэгдэл бичих

