Бидний амьдарч буй цаг үеийн нөлөө бүхий философич, сэтгэгчдийн нэг бол Ален Бадью хэмээх математикч, жүжгийн зохиолч, романч юм. Эл ном нь түүний философид дурлагч, сэтгүүлч Николас Труонгтай Францын Авиньоны наадмын үеэр ярилцсан нь өдгөө ном болон хэвлэгджээ. 

Францын кино найруулагч Жан-Люк Годардын "Хайрын магтуу" киноны нэрээр номын хавтсаа чимсэн эл бүтээл нь хайрын тухай урьд бодож байгаагүй өнцөг, ойлголт, үйл явцын уялдаа, хоорондын хамаарлыг задалж, учрыг нь ойлгон тунгаахад хөтлөх бүтээл юм.


ХАЙРЫГ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ

Хайрыг хамгаалж зогсох нь философи болоод бусад салбарын үүрэг гэх философичийн үзэл нь энэ номын эцсийн зорилго гэлтэй. Өнөө цагийн болзооны аппууд, цахим хуудсаар тархсан хайрын тухай хөнгөн ойлголтууд чухамдаа биднийг аюулд хүргэж буй юм. Эрсдэлээс эмээсэн, бүхнийг төлөвлөхийг эрмэлзсэн, өөрийгөө түрүүнд тавьсан индивидуалист хандлагын тухай өгүүлнэ.

Нийгэмд бид "Хайр тийм ч чухал зүйл биш", "Хүнийг хайрлалаа гээд өөрөө л зовно", "Жинхэнэ хайр гэж байдаггүй" зэрэг олон үгийг эргэн тойрноосоо дуулсаар байгаа. Хайрыг чухалд тооцохоо больж, үл тоож буй үзэгдэл нь хамгийн том аюул аж. Нэг үгээр хайранд итгэхээ болих, хэн нэгэнтэй учрахаас эмээх зэрэг нь бидний шинээр зохиох хэрэгтэй болсон зүйлс гэж Ален Бадью үзсэн.

Хайр бол ид шидийн, ер бусын гайхамшигтай зүйл гэхээс илүүтэй хоёр хүний хөдөлмөр, нягт бодол, үйлдэл, тэдгээрийн өөрчлөлтөд бэлэн байж юуг ч ажралгүй даван туулна гэсэн итгэл юм. Иймд бид хайрыг хамгаалах хэрэгтэй. Хожим үлэмж аз жаргалд хөтлөх хүмүүний мөн чанар хайраас л эхтэй учраас бид үүнийг хөнгөн хийсвэр зүйлсээс ангижруулах нь зүй.



Хайрыг БАЙГУУЛЪЯ

Хоёр хүний сэтгэлд нэгэн зэрэг оч бадарвал тэд л үүнийг тогтоон барих эсэхээ шийднэ. Илэрхийлэх эсэхээс хамаарч хувь заяагаа шийднэ гэсэн үг. Энэ нь үгийн эрчим буюу үгийн хүчээр хувь учралаа тогтоон барих гэсэн санаа аж. Үгс бидний харилцах гүүр тул эрчимтэй, хүчтэй байдаг. Эл эрчим, тохиолыг үргэлжлүүлэх эсэх нь бидний гарт бий гэдгийг онцолно.

Ахуйн ертөнц, саад бэрхшээлээс үл ажран оршин тогтносоор байгаа хайрын тухай асуудал бол бидний хамгийн чухалд тооцон эргэцүүлэх зүйл юм. Ихэнх кино, ном бүтээлд амраг хосуудын түүхийг өгүүлэхдээ анх хэрхэн учирсан, ямар саад бэрхшээл туулсныг өгүүлээд эцэст нь аз жаргалтай амьдран суужээ гээд дуусдаг. Харин Ален Бадьюгийн сэтгэлгээгээр бол аз жаргалтай амьдран суужээ гэх хэсэг нь хамгийн сонирхолтой байгаа юм. Амар сайхандаа жаргажээ үеийг бүтээхийн тулд ямар зүйлсийг ахин туулах, тэсэх, дахин бодох хэрэгтэй болох вэ?

Хайр бол хоёр хүний байгууламж. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бэхжин юуг ч тэсэж үлдэхээр бат бөх болсон тэр хайрыг бүтээх нь хамгаас эрхэм гэсэн санаа юм. Зол учралаар учирч эгэлгүй мэдрэмж, бодол мэндэлсэн ч аз жаргал, урт хугацааны хамтатгал оршихгүй бол тийм ч ач холбогдолгүй байж болно. Тийм бат бөх хайрын үндэс юу юунаас бүрддэг вэ? Ердөөс хайгаад л байдаг ч эрээд олддоггүй хайр гэгч нь хайраа тасралтгүй тогтоон барих ухаан, хоёр хүний байгууламж, хөдөлмөр гэдгийг бид ухаарууштай.


Хайр гэдэг ердөө л ид шид биш, хайр бол хөдөлмөр. Нэгэн хоромд өөрийнхөөрөө бас бусдынхаар байхын нэр. Хайр бол үргэлжид нягт бодож, үйлдэж, бас өөрчлөгдөхийн нэр.

Ален Бадью

ҮҮРД

"Бидний хайр мөнх", "Үүрдийн хайр". Эл үгсийг би дурсгалт барилга, цахим хуудас бас хосуудын нэгэндээ хэлж байхыг ч олон удаа сонсож байлаа. Тэгвэл бидний тодорхойлсон “үүрд” яг мөн чанартаа үүрд үү? Үүрд гэдгийг үхэх хүртлээ гэж ойлгох уу? эсвэл тэдгээр зүйлс байх боломжтой юу, боломжгүй юу?

Эдгээр асуултуудыг асуулт хэвээр нь үлдээж уншигч таны оюунд эргэцүүлэл болгон үлдээе.

Хайранд хөнгөн хандаж огтхон ч боломгүй. Амар хялбар зүйлс эрчээ авч, бид улам л залхуу болсоор байгаа нь хүн төрөлхтний амин мөн чанар болох хайрлах урлагт хүртэл аюул болж байна. Гагцхүү хайраа хамгаалж, байгуулж, тогтоон барьж, өөрсдийн үүрдээ олох нь бидний хайрыг ахин зохиоход эхний алхам болох буй за.