Эдгээр тоон мэдээллийг Азийн Хөгжлийн Банкнаас энэ оны наймдугаар сард хэвлүүлсэн "Сургуулиас хөдөлмөрийн зах зээлд: Монгол дахь залуучуудын хөдөлмөр эрхлэлт" судалгаанд үндэслэснийг дурдах нь зүй. Тус судалгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр IRIM судалгааны хүрээлэн хийсэн ба судалгааг хийхдээ 2013-2023 оны 10 жилийн өгөгдөл болон 2025 оны түүвэр судалгаанд суурилан гүйцэтгэжээ.
Судалгаатай энд дарж танилцана уу. Мөн уг нийтлэл манай долоо хоног тутмын сонины 9-р сарын 28-ны дугаарын А10 нүүрэнд хэвлэгдсэн тул та өөрт ойрхон салбараасаа авч уншаарай.

1. 73%
Улаанбаатар хотын залуучуудын 73% нь ажил олгогчтойгоо бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг байна. Хэдийгээр хотын залуусын хувьд албан ёсны гэрээтэй ажиллах хувь өндөр байгаа ч үлдсэн 27% нь зөвхөн аман тохиролцоогоор ажилладаг бөгөөд нийт залуусын бараг 40% нь нийгмийн даатгалын хамгаалалтгүй байна.
Үүнээс гадна ажил олгогчийн санхүүжилттэй мэргэшүүлэх сургалтад залуусын ердөө 15% нь хамрагддаг нь залуу ажилтнуудын нийгмийн хамгаалал болон ажлын байран дээр сурч хөгжих боломж хангалттай бус байгааг харуулж байгаа юм.
2. 13%
Монгол Улсад 15-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 2023 оны байдлаар 13%-тай байна. Түүнчлэн дээд ба техникийн боловсролтой залуусын хувьд ажилгүйдэл харьцангуй өндөр байгаа нь боловсролын салбар ба хөдөлмөрийн зах зээлийн хоорондын уялдаа сул байгааг харуулж байна.

3. 5 дахин
Гэр бүл зохиох, хүүхэд асрах шалтгаанаар анхны ажлын байрнаасаа гарсан эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс даруй 5 дахин өндөр. Анхны ажлаасаа гэр бүлийн шалтгаанаар гарсан эмэгтэйчүүдийн хувь 10 байсан бол хоёр дахь ажлын байран дээр энэ үзүүлэлт 13 хувь болж өссөн байна. Харин эрэгтэйчүүдийн хувьд хоёр дахь ажлаасаа гэр бүлийн шалтгаанаар гарсан хувь 2. Монголын хөдөлмөрийн зах зээлд гэр бүл ба ахуйн хариуцлага голчлон залуу эмэгтэйчүүдийн ажлын байрны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг ажээ.

4. 500,000₮-600,000₮
Монгол залуучуудын хувьд ажлын байрны соёл нь ажлын хамгийн чухал шалгууруудын нэг бөгөөд судалгаанд оролцогчид ажилтнаа хүндэтгэдэг, өсөж дэвшихэд ээлтэй орчин бүрдүүлсэн байгууллагад ажиллахын тулд сарын 500,000-600,000 төгрөгөөр бага цалинтай ажлыг сонгоход бэлэн гэжээ.
Тэгэхээр залуус зөвхөн цалин хөлснөөс гадна сэтгэл зүйн хувьд таатай, дарамтгүй, хамт олонтойгоо хүндэтгэлтэй хандах харилцааг өндрөөр үнэлдгийг харуулж байна. Мөн боловсролын түвшин өндөр байх тусам ажлын байрны соёл болон байгууллагын эерэг орчныг илүү чухалчлан авч үздэг нь судалгааны үр дүнгээс ажиглагджээ.
5. 3x
18-24 насны хамгийн залуу ажилтнууд жил бүр ажлын байраа сэлгэх хандлага нь 30 ба түүнээс дээш насны туршлагатай ажилтнуудаас 3 дахин өндөр байна. Залуу ажилтнууд жилд 1-2 удаа ажил сольдог бол 30-аас дээш насныхан 0.4 удаа буюу 3 дахин бага ажиллах хүчний сэлгэлт хийдэг. Энэхүү ажлын байрны өндөр шилжилт хөдөлгөөн нь залуучууд хөдөлмөрийн зах зээлд байр сууриа олох, өөрийн сонирхлыг тодорхойлох, ур чадвараа хөгжүүлэх эрэл хайгуул хийж буйтай холбоотой боловч ажил олгогчдод тогтворгүй байдлыг бий болгож буй.
6. 2%
Залуучуудын ердөө 2% нь улсын болон хувийн хөдөлмөр зуучлалын байгууллага, албан ёсны үйлчилгээгээр дамжуулан ажилд ордог байна. Ихэнх залуус буюу 18-29 насны ажил эрхлэгчдийн бараг 40% нь хамгийн сүүлийн ажлын байраа гэр бүл, найз нөхдийн хувийн харилцаа, сүлжээг ашиглан олж авсан байна.
Хөдөлмөр эрхлэлтийн албан ёсны үйлчилгээний хүртээмж муу, ашиглалт сул байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн зөрүүг улам гүнзгийрүүлж, танил талгүй цаашлаад хөдөө орон нутгийн залууст сайн ажлын байр олох боломжийг нь нэг талаараа хязгаарлаж байгаа юм.

7. 0.9 жил
18-24 насны залуучуудын анхны ажлын байрандаа тогтвортой ажиллах дундаж хугацаа ердөө 0.9 жил буюу нэг жил хүрэхгүй байна. Энэ нь 30 ба түүнээс дээш насны ажилтнуудын анхны ажлын байрандаа дунджаар 3.6 жил ажилладаг үзүүлэлттэй харьцуулахад дөрөв дахин богино хугацаа юм. Эрт үеийн ажлын байрууд нь залуучуудад тогтвортой байдал, сурч хөгжих боломж болон цалин хөлсний өсөлт, ахиц дэвшил хангалттай олгож чадахгүй байгаагаас үүдэн тэд богино хугацааны гэрээ, албан бус хөдөлмөр эрхлэлтийн хооронд байнга сэлгэгдэх байдалтай байгаа ажээ.
8. 40%
Их дээд сургууль төгссөн залуучууд сургуулиа төгссөнөөс хойш 12 сарын дотор ажлын байр олох боломж нь боловсролын түвшин доогуур залуустай харьцуулахад статистик ач холбогдол бүхий 40%-иар өндөр байна. Судалгааны үр дүнгээс харахад дээд боловсролтой болон МСҮТ төгсөгчид 6 сарын дотор ажилд орох магадлал нь зөвхөн бүрэн дунд боловсролтой залуусаас хоёр дахин илүү байдаг. Боловсрол нь хөдөлмөрийн зах зээлд анхлан нэвтрэх хурдад чухал нөлөө үзүүлдэг ч эдгээр ажлын байр залуусын хүлээлтэд нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байдаг.
9. 19 сар
Зөвхөн бүрэн дунд буюу ахлах сургуулийн боловсролтой залуучууд анхны ажлын байраа олоход дунджаар 19 сарын хугацааг зарцуулдаг байна. Энэ нь их дээд сургууль төгсөгчид анхны ажлаа дунджаар 9 сарын дотор олдог хугацаатай харьцуулахад хоёр дахин урт хугацаа. Бүрэн дунд сургууль төгссөн залуусын 30%-иас бага хувь нь сургуулиа төгссөнөөс хойш нэг жилийн дотор ажилд орж чаддаг. Харин бүрэн дунд буюу ахлах сургуулийн боловсролтой залуучууд хөдөлмөрийн зах зээлд илүү орой хөл тавихаас гадна тогтворгүй хөдөлмөр эрхлэх эрсдэлд өндөр байдаг гэнэ.

10. 12% - 28%
Монгол Улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй ижил боловсрол эзэмшсэн хэдий ч дунджаар 12%-ийн цалингийн зөрүүтэй буюу бага цалин авдаг. Энэ зөрүү хамгийн өндөр орлоготой хэсэгт 28% болж улам өргөждөг байна.
Өөрөөр хэлбэл залуу ажилтнуудын хувьд анхны ажлын байранд хүйсээс хамааралтай цалингийн зөрүү их байгаа юм. Энэ тоо эмэгтэйчүүд боловсролоо дээшлүүлсээр байгаа хэдий ч хөдөлмөрийн зах зээлийн бүтцийн согог болон ажлын байран дээрх ялгаварлан гадуурхалтаас үүдэн ажлаа шударгаар үнэлүүлж чадахгүй байгааг харуулж байгаа болов уу.
Сэтгэгдэл бичих

