Наадмын амралт залган аймаг сумдын 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед "шувууны сүүдэр шиг дайраад өнгөрдөг" дэндүү богинохон зуны сараа таашааж авахаар хөдөөгийн зүг хүлгийн жолоо залах гэж байна уу? Хэрэв төлөвлөгөөгөө бүрэн гаргаж амжаагүй байгаа бол Unread редакцын зүгээс монгол орноор аялах 10 үзэсгэлэнт газрыг санал болгож байна.
Хэрэв та машинаар явах бол техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, бензин тос, илүү дугуй зэрэг хэрэгцээтэй эд зүйлсээ бэлтгээрэй. Мөн аялах газрынхаа онцлогоос хамаарч майхан сав, дулаан хувцас, эм тан зэрэг ахуйн эд зүйлсээ авахаа мартуузай.
Түүнчлэн "Ирлээ, Явлаа, Цэвэр" дүрмийг баримталж, хариуцлагатай аялна гэдэгт итгэлтэй байна.
1. Сэлэнгэ, Сайханы хөтөл

Сэлэнгэ аймгийн заавал үзэх газрын нэг бол яах аргагүй Сайханы хөтөл. Сүхбаатар хотоос 10-аад км зайд орших тус байгалийн үзэсгэлэнт газраас Орхон, Сэлэнгийн бэлчир, Оросын хилийг харах боломжтой.
Байгалийн үзэмжээр тогтохгүй энд сайн эрс цуглаж байсан гэх түүхтэй агуй, хөшөө дурсгал бий. Цаашлаад энд 60 метр урттай дүүжин гүүр байдаг тул ирсэн аялагчид 20,000 төгрөг төлөн хамгаалалтын хэрэгсэл зүүж, гүүрээр гарах боломжтой.
маршрут

2. Булган, Харгал нуур

Хэрэв та хүн хөл багатай, байгалийн үзэсгэлэнт газар хайж байвал Булган аймгийн Тэшиг сумд байдаг Харгал нуурыг зориорой. Тунгалаг устай, загас жараахай элбэгтэй, зундаа хун, галуу, ангир тэргүүт усны шувуу ирдэг тус нуур нь Булган аймгийн хамгийн том нуур юм.
Нам гүм, чимээ анир багатай тул нуурын эрэгт майхнаа бариад, нарны гэрэлд шижиртэн гялалзах усны мандлыг ажин суухад нэн таатай. Нуураас сумын төв холгүй учир нутгийнхан ирж, морь унах үйлчилгээ үзүүлдэг.
Маршрут

Анхаарах зүйл
- Бороотой үед шороон замаар явахад амаргүй
- Гар утасны сүлжээ барихгүй
- Нийтийн бие засах газар тун хомс, мөн хог хаях цэгтэй ч хогоо аль болох уутлаад авч явахыг зөвлөе
3. Хөвсгөл, Жанхай

Монголын хамгийн алдартай аялал жуулчлалын бүсийн нэг болох Хөвсгөл, тэр дундаа Хөвсгөл нуурыг ойроос харж, эрэгт нь тухлах боломжтой Жанхайг аяллын жагсаалтдаа дурдахгүй байхын аргагүй. Монгол орны цэнгэг усны нөөцийн 70 хувийг дангаар бүрдүүлдэг Хөвсгөл нуурын өмнө Жанхайн даваа байх бөгөөд давааг даваад амралтын газрууд олноороо байдаг. Жанхайн аялал жуулчлалын бүсэд очсоноор та моторт завиар аялах, Хүслийн хадан дээр очих боломжтой.
Маршрут


4. Баян-Өлгий, Алтай Таван богд

Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймгийн нутагт орших, монгол орны хамгийн өндөр цэг Алтай Таван богд уулыг зорих жуулчдын тоо нэмэгдэж буй. Алтай Таван богд уул нь тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумын заагт оршдог, төрийн тахилгат хайрхан юм.
Аялагчид Баян-Өлгий аймагт очоод Алтай Таван богд ууланд очихын сацуу казак түмний уламжлалт хоолыг идэх, гар урлал, бэлэг дурсгалын зүйлс сонирхох, бүргэдтэй зураг даруулах, цаашлаад Толбо нуур, Ерөнхийлөгчийн овоо, Потаниний мөсөн гол, Сүүн гол, Бага түргэний хүрхрээ зэрэг газруудыг үзэх боломжтой.
Маршрут





Анхаарах зүйл
- Дулаан хувцас авч явах
- Хол замд бензин тосоо дүүргэж явах
- Чулуутай замаар машинаа болгоомжтой жолоодох
- Уул овоонд хог тарихгүй байхад анхаараарай
5. Увс, Хяргас нуур

Хувцас загварын тренд шиг аялал жуулчлалд ч мөн “тренд” газар гэж бий. Таван жилийн өмнө Увс аймаг, тэр дундаа Хяргас нуурын Хэцүү хад орчим тренд болж байсныг та санаж байгаа болов уу. Тухайн үед цахим орчин үзэсгэлэнт Хяргас нуурын зургаар дүүрч, хөлтэй болгон Увсыг зорих шиг л болсон. Юунд тийнхүү “шуурсныг” гагцхүү биеэр очиж, байгалийн тогтцыг харсан хүн л ойлгох биз ээ.
маршрут

Анхаарах зүйл
Хэцүү хадны орчим буудаллахад элс ихтэй тул майхан босгоход бага зэрэг хүндрэлтэй. Гэсэн ч санаа зоволтгүй, нуурын ойр орчмоор амралтууд бий.
6. Дундговь, Их газрын чулуу

Хэрэв та байгалийн өвөрмөц тогтоц бүхий нам гүм орчинтой газарт говийн нарыг үзэхийг хүсвэл Дундговь аймгийн Их газрын чулууг зорихыг зөвлөе. Хойш урагшаа чиглэлтэй 30 орчим км үргэлжилсэн, нийт 600 шахам ам дөрвөлжин км талбайг хамарсан энэ газар нь монгол орны боржингийн бүсийн хамгийн том хэсэгт тооцогддог. Тус бүс нутагт нийт 40 гаруй агуй бүртгэгдсэн ба агуйнууд хоорондоо ойр байрладаг тул явган аялал хийхэд тохиромжтой.
маршрут

7. Дорнод, Буйр нуур

Монгол орны зүүн хязгаарт орших цэнгэг устай хамгийн том нууруудын нэг бол Буйр нуур. Нуурын ус бага минералжсан, бага зэргийн суурилаг шинжтэй, байгалийн эрдэс бодисоор баялаг. Тиймдээ ч Буйр нуурт 900 гаруй тонн загасны нөөц бий хэмээн 2021 онд тооцсон. Буйр нуур нь байгалийн үзэмжээс гадна эртний Хөлөн, Буйрын домог, XIII зууны тариалангийн суурин газар байсан зэрэг түүх, домгоороо алдартай.


Анхаарах зүйл
- Ид амралт зугаалгын үеэр их хүнтэй тул амралтын газар, буудлуудад урьдчилан захиалга өгөх нь зүйтэй
- Хилийн бүс тул бичиг баримт, иргэний үнэмлэх, зөвшөөрөл шаардагдаж магадгүй
8. Өмнөговь, Хонгорын элс

Монголын говийн хамгийн сүрлэг, нүд алдам үзэсгэлэнт байгалийн тогтоц бол Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумын нутагт орших Хонгорын их элсэн манхан юм. Хамгийн өндөр оргилыг нь “Дуут манхан” хэмээнэ. Энэ өндөр элсэн манханд авирч гарвал эргэн тойрон хад уул, ногоон баянбүрд, элсэн толгодын шаргал хөндий гээд нүд унагаам гайхалтай дүр төрхийг харах боломжтой.
маршрут



Анхаарах зүйл
- Элсэн шуургатай үед ойр орчмыг харахад хүндрэлтэй тул замаа сайн тогтоох хэрэгтэй
- Майхант аялал хийхээр бол салхи багатай өдөр сонгох нь зүйтэй
- Салхитай өдөр манхан руу авирахгүй байх
9. Өвөрхангай, Хүйсийн найман нуур

Нэгэнт аялсных уул, нурууд, ой, нуур гээд бүгдийг нь нэг дор нүдээр үзэж, мэдэрмээр байвал ийш зориорой. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн энэхүү газрын тогтоц нь байгалийн хосгүй бүтээл гэгддэг. Түүнчлэн морин аялал хийхэд хамгийн тохиромжтой газар хэмээгддэг. Учир нь уул, ус, нуур, ой, хадат тайга бүхнийг нэг дор үзэх боломжтой. Сөнөсөн галт уулын тогоо болох Урт жалга, Довын тогоо, Ар битүүгийн тогоо, Ногоон нуурын тогоо зэргийг үзэж болно. Мөн аньс, мэхээр, самар, нохойн хошуу, бамбай, арц гэх мэт ховор жимс, ургамал ихтэй.
маршрут


Анхаарах зүйл
- Уул нуруудаар мориор аялахад бага зэрэг хүйтэн тул дулаан хувцас, борооны цув, сайн ултай зузаан гутал зайлшгүй хэрэгтэй.
- Аялал жуулчлалын байгууллагуудын зохион байгуулдаг аялалд урьдчилан бүртгүүлэх нь илүү найдвартай, аюулгүй болов уу.
10. Баянхонгор, Оюу, Номин нуур
Оюу номин өнгөтэй онцгой нэгэн нуур газар хөдлөлтөөс үүссэн байдгийг та мэдэх үү? Баянхонгор гэхээр Шаргалжуутын халуун рашаан, Цагаан агуй, Бичигт хад гээд дурсгалт газрууд явж өгнө. Тэгвэл Баянхонгор аймгийн Жинст суманд орших Оюу, Номин нууруудыг зоривол геологийн гайхамшигт тогтоц бүхий өвөрмөц, үзэсгэлэнтэй газрыг үзэх боломжтой. Энэ бүс нутагт 1957 оны 12-р сарын 4-нд Монголын түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт (8.3–8.5 магнитудтай) болж, дэлхийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн ховор үзэгдлийн үр дүнд бий болсон юм.
Маршрут

Анхаарах зүйл
- Хэдийгээр энэ нь байгалийн гамшгаас үүдсэн нуур боловч шинжлэх ухааны хувьд хосгүй үнэ цэнтэй үзмэр тул хүндэтгэлтэй хандаж хад чулуу нураахгүй байх хэрэгтэй
- Ойролцоох амралтын газраасаа нуур хүртэл 5-7 км нийлээд 14 км бартаат өгсүүр замыг нийт 8 цаг алхаж туулдаг тул бага насны хүүхдээ үлдээх

Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 2025.08.10 103.168.34.151
Гоё нийтлэл байна. Очиж амжаагүй газар хоёр үлджээ. Байгалд ээльэй, хог хаялгүй, цэвэрч, хариуцлагатай аялцгаагаарай.