Дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүсийг нэрлэж баршгүй. Шинжлэх ухааны агуу нээлт хийсэн эрдэмтдээс эхлээд түүхэнд тодорсон томоохон эзэнт гүрнийг байгуулсан эзэн хаад, жанжид гээд тоо томшгүй. Харин түүхэнд үйлс бүтээлээ үлдээсэн эмэгтэйчүүдийг “эмэгтэйчүүд” хэмээн үндсэн түүхийн зэргэлдээх, дагалдах өнцөг болгосоор ирсэн нь олонтоо. 

Суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын эгч дүүгээсээ ч илүү сод билэг авьяастай байсан гэдэг ч тухайн үед сонгодог хөгжмийн замналыг, тэр дундаа хөгжмийн зохиолчийн замналыг эмэгтэйчүүд дагах боломжгүй байсанд л эцэг нь Моцартыг түлхүү дэмжиж, Европоор аялан тоглож явсан ч гэдэг. Түүгээр ч зогсохгүй их сэтгэгч Сократын багш эмэгтэй хүн байсан гэдэг бөгөөд хожим эмэгтэйчүүд багш, гүн ухаантан байх нь зохимжгүй хэмээн өрнө дахинд үзэх болсноор энэ түүхийг үгүй хийсэн ч хэмээдэг. Үнэндээ түүхэнд төрсөн, хийж бүтээсэн бүхий л гайхамшигтай эмэгтэйчүүд түүхийн үндсэн талбараас хашигдан гадна нь бичигдсээр ирсэн нь өдгөө ч мэр сэр. Мөн түүхэн дэх эмэгтэйчүүд рүү довтлох нь эрчүүд рүү довтлохоос ч илүү түгээмэл. Бүр “Бүгд л Клеопатрагийн муу муухайг гайхдаг хэр нь хэн ч Цезарийн завхралыг дурддаггүй” гэх хошигнол ч гарсан нь бий. 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ удаа Монгол болон Дэлхийн 10 бахдам түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. Тэгэхдээ түүхэнд төдийлөн тод дурсагдаагүй, чимээгүй түүхээ мөнхөлсөн эрхмүүдийн түүхээс хуваалцахыг зорьсон юм. 

Уншигч танд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.


МОНГОЛ

1. Онц гал сөнөөгч

1959 он. Шинэ онын эхний өдөр. 12 настай, дөрөвдүгээр ангийн нэгэн жаахан охин гэрээсээ гарч яваад айлын тооноор утаа олгойдохтой яг таарчээ. Тэр хар хурдаараа гүйж очоод гэрийн хаалгыг нь чагнавал дотор хүүхдүүд уйлах нь тун тодхон сонсогдож байлаа. Охин ямар аюул эрсдэл тохиолдож болохыг огт бодолгүй, эрсхэн хаалгыг онгойлгон орвол айлын шинэ жилийн гацуур модноос гал авалцаж эргэн тойрон юу юугүй галд автаж байх нь тэр. Тэгэхэд охин нэг нэг насны зөрүүтэй гурван хүүхдийн нэгийг нь тэвэрч нөгөө хоёрыг нь гараасаа хөтөлсөөр амийг нь аварсан түүхтэй. Энэ охины нэрийг Дуламсүрэнгийн Чулуунхүү гэдэг бөгөөд Монголын анхны “Онц гал сөнөөгч эмэгтэй” болсон нэгэн юм. Гэхдээ энэ бол бүр хожмын явдал билээ.

Охины энэхүү баатарлаг үйлсийг үнэлж БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Ж.Самбуу дарга сурагч охин Чулуунхүүд “Шударга журам” медалийг өөрийн биеэр гардуулж өгсөн байна. Энэ явдлаас хойш 22 жилийн дараа Д.Чулуунхүү галын байгууллагад ажилд оржээ.


Онц гал сөнөөгч Д.Чулуунхүү

Түүний өөрийнх нь дурсан ярьснаар амьдралынх нь хамгийн их бахархалтай үйл явдал бол ЗХУ-ын анхны сансрын нисэгч эмэгтэйтэй захидлаар харилцсан нь хэмээсэн байдаг. Тэрхүү эрхэм сансрын нисгэгчийн түүхийг ч мөн бид энэ нийтлэлдээ өгүүлэх болно.


2. Анхны эмэгтэй жолооч нарын нэг 

Тэр бусад охидын адил даруухан байхаас илүүтэй гүйж харайх, хөвгүүдтэй уралдаж ана мана үзэх дуртай охин. Үргэлж “хөвгүүдийн” зүйлс рүү зориглон орно. Тиймдээ ч үргэлж “эрэгтэй хүүхэд шиг” гэж зэмлүүлнэ.

Охин сургуулиа (цэргийн) төгсөхдөө ердөө 17 настай байлаа. Гэхдээ тэр давхар жолоочийн мэргэжилтэй болоод авсан байв. Тухайн үед машин барина гэдэг өнөөдрийнх шиг энгийн л зүйл огт биш, цөөхөн хүний эзэмшдэг нандин ур чадвар байжээ. Учир нь тэр үед машин гэдэг тун ховор. Харин энэ ховор мэргэжлийг анхлан эзэмшсэн цөөн эмэгтэйчүүдийн нэг нь бидний түүхийг нь өгүүлж буй Гочоогийн Содном.


зургийг: Улбар паблишинг

Г.Содном зүгээр ч нэг машин жолоодсонгүй. Харин эмэгтэйчүүд ч жолоо атгаж, амьдралынхаа зүг чигийг өөрсдөө удирдах эрхтэй гэдгийг харуулж, хожмын олон эмэгтэйчүүдэд зам гаргаж өгсөн нэгэн. Өдгөө хэн ч гайхаж сүйд болохгүй энгийн л зүйлийг “энгийн л зүйл” болоход анхлагчдын хичээл зүтгэл, үүрэг оролцоо нэн их байдгийг мартаж болохгүй. Түүний жолоогоо мушгин гаргасан зам одоо ч тов тодхон зурайсаар.

3. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар оёдолчин 

Дэлхий дахиныг донсолгож асан Хоёрдугаар дайн ид дундаа өрнөсөн 1943 онд малчин ард Цэвэгийнд нэгэн бүсгүй үр мэндэлсэн нь хожмын Хөдөлмөрийн баатар Амгалан байв.




Ц.Амгалан нэг хүний 42 жил 4 сард хийх ажлыг ердөө 21 жилд бүтээж чадсан гайхамшигтай хөдөлмөрч, ёстой л “Зууны 100 эмэгтэй” ботид тодорхойлсончлон “Цагийг гүйцсэн” нэгэн байжээ. Тэрбээр III таван жилд зургаан жил 10 сар, IV таван жилд есөн жил зургаан сар, V таван жилд 10 жил гурван сарын ажил хийсэн байдаг бөгөөд нэг хүний зургаан жил, есөн жил, арван жил хийх бүтээмжийг Ц.Амгалан ийнхүү тав, таван жилд багтаан гүйцэлдүүлсэн (гэхдээ огт оромдож, тооны араас хөөцөлдсөнгүй) түүхтэй. Тиймдээ ч тэрээр III, IV, V таван жилийн гавшгайч цол тэмдгээр шагнуулж байсан байдаг. Түүний “Цагийг гүйцсэн” гайхалтай хөдөлмөрч зан өдгөө ч гайхагдсаар буй.

4. МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн номын санч 

Хүмүүний ухаарах, сурч танин мэдэх бүхий л үйлсийн ундарга ном, номын сан байдаг. Тиймдээ ч аливаа улс үндэстний төв номын сан гэдэг тухайн улсын оюуны их сан хөмрөг юм. Чухам манай улсын оюуны их сан хөмрөг болсон Төв номын сангийн захирлын албан тушаалыг хашиж, монгол номыг анх удаа Дэлхийн хамгийн том номын мэдээллийн сан ISBN-д бүртгүүлсэн Олон улсын номын санчдын холбооны бие даасан гишүүн эрхэм бол Найдангийн Цагаач.


Н.Цагаач нөхөр Л.Түдэвийн хамт

Тэрээр Австрали, Америк, Герман, Орос, Польш, Турк, Унгар, Хятад, Япон зэрэг олон оронд болсон номын санчдын Олон улсын хурал, зөвлөгөөнд оролцож үг хэлж, өгүүлэл нийтлүүлж явсан нэгэн бөгөөд манай номын санчдын анхны тэргүүнээр сонгогдон ажилласан эрхэм билээ. Мөн Н.Цагаач Монголын номын сангууд дэлхий дахины адил мөрдөх тодорхой ангилалтай байх ёстойг онцлон олон улсад хэрэглэгдэж буй Дьюгийн аравтын ангиллыг сонгож хэрэгжүүлсэн түүхтэй. Түүний амьдралтай холбоотой нэгэн сонирхолтой баримт хуваалцахад тэрээр Л.Түдэв гуайтай хамтдаа хоёр жарны нүүр үзсэн гэргий нь юм.


5. БНМАУ-ын анхны Ардын багш 

1926 он. Их зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг тэргүүтэй Монголын XX зууны утга зохиолын сод билэг эрхмүүдтэй хамт ердөө 15 настай нэгэн охин Герман улсад суралцахаар ирсэн байлаа. Түүнийг Гунгаажавын Батсүх гэдэг бөгөөд хожмоо БНМАУ-ын анхны Ардын багш болсон нэгэн юм.


Ардын багш Г.Батсүх

Өнгөрсөн зууны эхний хагасын сүүлчээр манай улс ерөнхий боловсрол болон их дээд боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгээ боловсруулахдаа тухайн үеийн ЗХУ-ын бүтээлүүдээс орчуулж байсан байдаг. Харин тэдгээр орчуулгуудыг монгол хэл, монгол хүүхдийн сэтгэлгээнд буулгахад ойртуулах редакторын ажлыг Г.Батсүх багш гүйцэтгэж байсан түүхтэй. Тэрээр 1930-1931 онуудад БНМАУ-ын Ардын Гэгээрлийн Яаманд бичээч, 1931-1937 онуудад 1-р дунд сургууль, 1941-1942 онуудад Шинэ Хүчний Дээд сургууль, 1942-1947 онуудад Багшийн сургуульд багш, 1947-1956 онуудад Ардын Гэгээрлийн Яаманд Заах аргын хэлтсийн дарга, 1956-1967 онуудад Улсын Багшийн Дээд Сургуулийн багш, 1967-1969 онуудад Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Сонгодог Бүжгийн Дунд Сургуульд монгол сурагчдын хүмүүжүүлэгч багш, 1969 оноос УБДС-ийн Газар зүйн тэнхимийн багш, эрхлэгчээр ажиллаж явсан бөгөөд 1936 онд Монгол Ардын Хувьсгалт Намын (МАХН) гишүүнээр элсэж Улсын Бага Хурлын гишүүн, МАХН-ын XIII, XVIII их хурлын төлөөлөгч, Монголын Багш нарын III, IV, V хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан бахдам түүхийн эзэн билээ.


ДЭЛХИЙ

6. уяман өвчний анхны үр дүнтэй эмчилгээг зохиосон нэгэн

1892 онд Нью-Йорк хотод хожим өөрийнхөө амьдралыг хими, анагаах ухааны шинэ эхлэлд зориулахыг шийдэх нэгэн охин төржээ. Түүний нэрийг Алис Бэлл гэдэг байв. Багаасаа химийн шинжлэх ухаанд амжилт гаргах хүсэлтэй байсан тэрээр Хавайн Их Сургуулийн хими, фармацевтикийн тэнхимд суралцаж, эрдэм шинжилгээний ажлаа амжилттай давж гарч байсан байдаг. Харин түүний хамгийн том нээлт нь уяман өвчний эмчилгээг шинэ шатанд хүргэсэн “Бэллийн бөмбөгний арга” байлаа. Тус өвчин нь тухайн үед эмчилгээгүй байсан бөгөөд олон хүнийг амьдрал, амь насыг шийдэж байсан тэр үед Алис хөнгөн цагаан хийцтэй нэгдлийг ашиглан анхны үр дүнтэй эмчилгээний аргыг бүтээж чадсан нь түүхэнд түүний нэрийг мөнхлөн үлдээсэн юм.


зургийг:ChemistryViews

Харамсалтай нь, Алис ердөө 24 насандаа хорвоог орхисон юм. Гэсэн хэдий ч түүний хийсэн судалгаа, ангаах ухаанд үнэлж баршгүй хувь нэмэр болсон энэ бүтээл нь олон хүний амьдрал, амь насыг авраад төдийгүй, дэлхий дахины эрүүл мэндийн салбарт шинэ үүд хаалгыг нээсэн билээ. Хорвоод тэрээр ахархан хугацаанд амьдарсан ч гэлээ түүний үйлс өдгөө ч олон хүний гэр бүл, амьдралд гэрлээ тусгасаар буй.


7. Дэлхийн дээврийг эзэлсэн нэгэн

1939 онд Японы Мияги мужид төрсөн Жунко Табей, уулын оргилд гарах хүсэл тэмүүлэлтэй охин байв. Хүүхэд наснаасаа эхлэн уул хаданд гарах дуртай байсан тэрээр зөвхөн өөрийн хүсэл мөрөөдлийнхөө хүчээр боломжгүйг боломжтой болгох, үгүйг бий болгох зорилгод бүрэн сэтгэл шулуудсан байлаа. Ингээд Жунко 35 насандаа дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд авирсан анхны эмэгтэй уулчин болж, дэлхийн хамгийн дээд оргилд аялж, олон мянган хүмүүсийн зүрхэнд гал асаах шинэ түүх бичиж өгсөн юм. Түүний энэ амжилт дэлхийн бүх уулчдад урам зориг өгсөн бахдам түүх болж үлдсэн билээ.


зургийг: Jo Bradshaww

Гэхдээ түүний замнал зөвхөн Эверестээр төгссөнгүй. Жунко Тебэй олон жил олон улсын уулархаг бүс нутгаар явж уулсаас ухаарсан амьдралын ухаанаа дэлхий дахинд ном (Honouring High Places: The Mountain Life of Junko Tabei) болгон хуваалцсан нь олон хүний сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Дэлхийд тэр зөвхөн уулчдын баатар биш, өөрийн зорилгоо биелүүлсэн эмэгтэйн бэлгэдэл болж үлдсэн билээ. Тэрээр 2016 онд хорвоог орхисон ч, түүний үйлс одоо ч уулчдын зүрхэнд урам зоригийн галыг асаасаар буй.


8. Эмэгтэйчүүдийн ажлын нөхцөлийг сайжруулахын төлөө тууштай тэмцсэн нэгэн

1878 онд Лиллиан Гилбрет хэмээх охин Калифорнийн нарлаг хотод мэндэлжээ. Түүний ирээдүй зөвхөн гэрийн ажлаар хязгаарлагдах ёсгүй гэж охин багаасаа л мэддэг байв. Хүмүүс хэрхэн ажиллаж, бас ядарч сульдаж, бүтээмж нь хэрхэн өөрчлөгдөж буйг ойлгохыг хүссэн тэрээр ажлын байрны сэтгэл зүйг судлах адармаатай басхүү сонирхолтой замыг сонгосон байна. Лиллиан эрдэм номын замд тууштай явж, сэтгэл зүйч, инженер болж, эрэгтэйчүүд давамгайлсан салбарт эмэгтэй хүний байр суурийг бэхжүүлэхийн төлөө нэгэн насаа зориулсан юм.



Түүний түүхэнд үлдээсэн жинхэнэ хувьсгал эмэгтэйчүүдийн ажлын нөхцөлийг сайжруулахын төлөө хийсэн тэмцэл байлаа. Тэрээр ажлын орчинд сэтгэл зүйн таатай орчин хэрхэн бүтээмж нэмэгдүүлдгийг батлан харуулж, олон байгууллагад шинэлэг өөрчлөлт авчирч чаджээ. Лиллиан зөвхөн судалгаа хийгээд зогсохгүй, өөрөө ч мөн энэ бүх бэрхшээлийг даван туулсан нэгэн байсан тул бусад олон эмэгтэйчүүдийн төлөө зогсолтгүй тэмцсээр байв. Тэр 1972 онд бурхан болсон ч, түүний эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөлд авч ирсэн өөрчлөлт өнөөг хүртэл олон сая хүний ажил амьдралд үр өгөөжөө өгсөөр байгаа билээ.


9. Сансрын нисгэгч

1937 онд Зөвлөлтийн жижиг тосгонд нэгэн охин мэндэлжээ. Түүнийг Валентина Терешкова гэдэг байв. Хүүхэд насандаа ээжийнхээ оёдлын машины хажууд сууж, аавыгаа Дэлхийн II дайнд алдсан тэрээр жирийн нэгэн ажилчин гэр бүлээс гаралтай ч түүний мөрөөдөл зах хязгааргүй өргөн уудам байсан юм. Охин шүхрээр үсрэх спортод дурлаж, тэнгэрт хөөрөх бүрдээ улам өндөрт гарахыг мөрөөддөг байлаа.



Түүний энэ хүсэл тэр энгийн нэгэн охиныг сансрын нисгэгч болох замд хөтөлсөн юм. Ингээд Валентина 1963 онд Восток-6 хөлгөөр сансарт ниссэн анхны эмэгтэй болж, хүн төрөлхтний түүхэнд шинэ хуудас нээв. “Би энд бүсгүй хүн байна гэж бодох сөхөөгүй, харин зөвхөн сансрын нисгэгч байлаа” хэмээн хожим дурсан ярьсан нь хойчийн олон охидод урам зориг болон үлджээ. Хожим түүнд жирийн нэгэн монгол охин Д.Чулуунхүүгээс захидал ирсэн түүхтэй.


зургийг: dumatv.ru

Түүний нислэг зөвхөн нэг эмэгтэйн амжилт байсангүй. Харин дэлхийн олон охид, эмэгтэйчүүдийг мөрөөдлөө биелүүлэх зоригтой байхад урамшуулсан үйл явдал байсан юм. Валентина өнөөдөр ч сансрын нисгэгчдийн түүхэнд мартагдашгүй од болон гялалзсаар байна.


10. Диснейд нэрээ мөнхөлсөн нэгэн

Ретта Скотт багаасаа л цаас, харандаа хоёрыг салшгүй нөхдөө хэмээн үзэж, зурсан дүрүүдээ амилуулахыг мөрөөддөг нэгэн байв. Байгаль, амьтдын хөдөлгөөн, тэдний сүр хүчийг гайхалтай нарийн мэдэрч цаасанд буулгадаг тэрээр урлагийн авьяасаа даган, анимейшний ертөнцөд хөл тавихыг хүсжээ.


зургийг: D23

Ретта Диснейн студид хөл тавих үед аниматоруудын ертөнцөд эрчүүд давамгайлж байв. Гэвч түүний үзэг, харандаанаас төрсөн дүрүүд, ялангуяа алдарт “Bambi” (1942) киноны ширүүн, сүрлэг нохдын анимейшн нь түүнийг энгийн нэгэн зураач биш гэдгийг харуулсан юм. Ингээд түүний нэр Диснейн киноны титр дээр гарсан анхны эмэгтэй аниматор болон түүхэнд бичигдэв.




Гэвч Ретта зөвхөн нэрээ түүхэнд үлдээхийг хүссэнгүй. Тэр өөрийн хойч үеийн эмэгтэй уран бүтээлчдэд шинэ хаалга нээж “эмэгтэй хүн анимейшнд байр сууриа олох боломжгүй” гэх ягшмал, хуучны хандлагыг эрс няцааж чадсан билээ. Тэр 1990 онд хорвоог орхисон ч, түүний бий болгосон дүрүүд, үлдээсэн мөр өнөөг хүртэл дэлхийн улс бүрийн хүүхдийн дотор амьдарсаар буй.