Шинэ он айсуй. Энэ үед хүн бүр өнгөрсөн жилээ дүгнэж, юу хийж бүтээснээ эргэцүүлж, ирэх жилийнхээ зорилгыг тодорхойлохыг эрмэлздэг. Шинэ онд цоо шинэ хүн болохоос эхлээд жингээ барих, хэл сурах, ажил хичээлдээ ахиц гаргах зэрэг олон зорилго тавьдаг ч тэдгээрийг биелүүлэх нь тийм ч амар биш. АНУ-ын судалгаагаар шинэ зорилго тавьсан хүмүүсийн ердөө 9 хувь нь зорилгодоо хүрдэг бол 43 хувь нь эхний сард л зорилгоосоо ухардаг аж. Тэгвэл энэ удаагийнхаа нийтлэлдээ санхүүгээ хэмнэхэд тань туслах хэн бүхний хэрэгжүүлж чадах хэр нь тэр бүр бидний хэрэгжүүлдэггүй 10 үйлдлийг хүргэж байна.
1. Алхах
Өнөөдөр Улаанбаатарчуудын хувьд нэгэнт дасал болсон толгойны өвчин бол мэдээж эцэс төгсгөлгүй түгжрэл билээ. Хэдхэн минутын зайд хэдэн цаг түгжирч ажил, амьдралынхаа цаг хугацаагаа алдах, түүндээ бухимдах, мөн түгжрэлээс үүдэн тээврийн хэрэгсэл хоорондын зай ч уртсах зэрэг нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод амьдрахын нэгэн томоохон даваа гэж хэлж болно. Тэгвэл шинэ он гарах хүртэлх нэг сарын хугацаанд зайлшгүй шаардлагагүй бол машингүй зорчих, ойрхон зайд алхах дадлыг суулгах сорилт өөртөө тавиарай. Мөн алхахдаа утааны эсрэг маскаа зүүхээ битгий мартаарай.
2. Хоолны төлөвлөгөө гаргах
Нүүдэлчдийн нэгэн сонирхолтой онцлог байдаг нь их хэмжээний орлого, зарлагыг л анхаарч үзэхээс бусад бага хэмжээний буюу бидний хэлж заншсанаар ойр зуурын зардлыг нэг их тоодоггүй. Үнэхээр ч бид өдөр тутам 24 цагийн дэлгүүрүүд болох CU, GS25 зэргээр үйлчлүүлэхдээ хэчнээн их зардал гаргаж буйгаа нарийвчлан тооцдоггүй шүү дээ. Тэгвэл долоо долоо хоногоор өдөр бүр чухам ямар хоол идэхээ тодорхойлон тэмдэглэж, тэгэхдээ аль болох эрүүл зөв хооллохыг зорих 30 хоногийг эхлүүлээрэй.
3. Даатгалд хамрагдах
Тээврийн хэрэгслийн даатгал, эрүүл мэндийн даатгал, орон сууцны даатгал зэрэг даатгалд хамрагдах нь олон эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач тустай. Жишээ нь, эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр жагсаалт, хөнгөлөх хэмжээ байдаг бөгөөд эрүүл мэндийн даатгалаараа уг жагсаалтад багтсан эмээс хөнгөлөлттэй үнээр худалдан боломжтой байдаг.
4. "Cashback" буюу буцаан олголттой үйлчилгээг сонгох
"Cashback" буюу буцаан олголттой үйлчилгээ дэлхий дахинд маш өргөн хүрээнд байдаг бөгөөд өдгөө манайд ч мөн элбэг болж байна. Энэ төрлийн үйлчилгээг сонгох нь таны санхүүг хэмнэхийн зэрэгцээ “санхүүгээ хэмнэх” дадал, сэтгэлгээг суулгах ашиг тустай байдаг. Сонирхуулахад, Toki аппаар Юнителийн нэгж, дата авахад 20 хувийн буцаан олголттой байгаа юм байна. Энэхүү урамшууллын хугацаа нь энэ оны арван хоёрдугаар 31 хүртэл бөгөөд буцаан олголт нь ирэх оны эхний өдөр таны Toki дансанд орох юм. Иймээс та ирэх сард буцаан олголттой үйлчилгээг сонгож санхүүгээ удирдах дадлыг өөртөө суулгаарай.
5. Долоо хоногт тогтсон нэг өдөр юунд ч зарлага гаргахгүй байх
“No-spend day” буюу долоо хоног бүрийн тогтмол нэг өдөр юунд ч зарлага гаргахгүй байх дадлыг 2024 оны сүүлчийн 30 хоногт суулгах сорилт өмнөө тавиарай. Тэрхүү өдрөө тухайн долоо хоногийнхоо ч юм уу эсвэл өнгөрөгч долоо хоногийнхоо нийт зардлаа тооцоход зориулж болох бөгөөд энэ нь сарын сүүлээр нийт сарынхаа зарлагын тооцоо гаргахад дөхөм болгож өгнө.
6. Хуучин зүйлсээ зарах
Өөрт цаашид хэрэглэгдэхгүй ном, хувцас зэрэг зүйлсээ зарах нь мөн санхүүд тань эерэг нөлөөтэй. Өнөө цагт “минималист” амьдрах хэв маяг улам бүр эрчийг авч буй бөгөөд бидний өдөр тутмын амьдрал ч “минималист” байхыг шаардах болж. Тиймээс нэгэнт өөрөө ахин хэрэглэхгүй ном, сурах бичиг, хувцсаа “хайрлахгүй” зарж сурах нь энэ цаг үед нэгэн төрлийн чадвар болоод буй гэлтэй.
7. Хөнгөлөлтийн картууд цуглуулах
Өдөр тутам бидэнд хамгийн их ирдэг асуулт бол яахын аргагүй “танд CU (GS25) аппликейшн байгаа юу?” билээ. Дан ганц тэдгээр дэлгүүрүүд бус, мөн Номин, E-mart, Интерном зэрэг бүхий л худалдааны байгууллагууд өөрсдийн гишүүнчлэл, хөнгөлөлтийн картын үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгодог. Тэдгээрийг цуглуулан өдөр тутмынхаа худалдан авалтаасаа мөнгө хэмнэх боломжтойг санууштай.
8. “Subscription”-ээ хянах
Өдгөө Netflix, Hulu, Disney зэрэг олон стриминг үйлчилгээ үзүүлдэг платформ манайд нэгэнт нэвтэрсэн бөгөөд бид нэгэн зэрэг хэд хэдэн энэ төрлийн платформын хэрэглэгчид болоод байна. Гэтэл өнөөгийн цаг, завгүй нийгэмд тэр бүр олон цуврал нэгэн зэрэг үзэх боломж олдох нь ховор. Тиймээс та өөртөө энэ оны сүүлийн дөрвөн долоо хоногт энэ төрлийн платформын хэрэглээгээ танах зорилтыг дэвшүүлж болох юм.
9. Кофегоо гэртээ чанах
Бидний өдөр тутмын амьдралыг кофегүй төсөөлөх боломжгүй болжээ. Ажил, амьдралын хэрэгцээ, шаардлагаар кофешоп хэсэхээс эхлээд “кофегүй амьдрал” үгүй болсон гэж хэлж болно. Бидний зарим нь бүр гадуур явахдаа кофе зайлшгүй худалдан авдаг дадалтай ч болсон байж мэднэ. Харин бид өдөр тутмынхаа кофенд хэчнээн их зарлага гаргаж буйгаа тооцохгүй нь тооцохоосоо олон. Иймд ирэх сараа “гэрийн кофе”- ны сар болгож гэртээ кофегоо бэлддэг дадлыг өөртөө суулгахыг зориорой.
10. Дахивар хаягдлаа тушаагаад мөнгө авах
Нийслэл Улаанбаатар хотын хүрээнд “Дахивар хүлээн авах цэг”-үүдийг байрлуулсан бөгөөд та өөрийн дахивар хог хаягдлаа тухайн цэгүүдэд аваачиж тушаагаад мөнгө авах нь байгаль орчинд ээлтэйгээс гадна санхүүд ч “хөөрхөн” ашигтай билээ. Нийслэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бараг цор ганц дахивар хүлээн авах цэг гэж хэлж болохуйц "Төвшин сайхан төв"-ийг онцлууштай. Тиймээс он солигдох хүртэлх таван долоо хоног орчмын хугацааг энэхүү дадалд зориулахыг зөвлөж байна.
Эцэст нь та эрүүл мэнддээ тустай, зөв амьдрах хэв маягтайн зэрэгцээ санхүүдээ ч хэмнэлттэй энгийн дадлуудыг өөртөө суулгаснаар ирэх ондоо төлөвлөх олон зорилго, зорилтуудаа биелүүлэх нь лавтай. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл бичих